Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Уртнасангийн Бадамсүрэн |
Хэргийн индекс | 128/2017/0357/З |
Дугаар | 128/ШШ2017/0599 |
Огноо | 2017-08-08 |
Маргааны төрөл | Татвар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 08 сарын 08 өдөр
Дугаар 128/ШШ2017/0599
2017 оны 08 сарын 08 өдөр | Дугаар 128/ШШ2017/0599 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Н Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Чингэлтэй дүүргийн татварын улсын байцаагч Ц.Б, Сүхбаатар дүүргийн татварын улсын байцаагч Б.Э нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Татварын ерөнхий газрын даргын А/37 тоот тушаал албан хүсэлтийн дагуу шалгалт хийсэн Чингэлтэй дүүргийн Татварын улсын байцаагч Ц.Б, Сүхбаатар дүүргийн татварын улсын байцаагч Б.Э нарын шалган тогтоосон 2014 оны 04 сарын 24-ний өдрийн 360004007 дугаартай татварын хяналт шалгалтын актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Ж, хариуцагч Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.О нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Н Э” ХХК-ийн захирал Б.У шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
"...Татварын хяналт шалгалт хийх томилолт Татварын ерөнхий газрын даргын тушаал А/37 тоот албан хүсэлтийн дагуу шалгалт хийсэн Чингэлтэй дүүргийн татварын улсын байцаагч Ц.Б, Сүхбаатар дүүргийн татварын улсын байцаагч Б.Э нар шалган тогтоосон 2014 оны 04 сарын 24-ний 360004007 дугаартай татварын хяналт шалгалтын актыг хүчингүй болгуулах тухай гэжээ.
Манай компани нь Баянгол дүүргийн Татварын хэлтэстэй харьцдаг. Барилгын угсралт, засал чимэглэлийн ажлыг гүйцэтгэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн. 2011 онд “М М” ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр, Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо иргэн У.Б*******ын оффис тавилгын дэлгүүрийн барилгын ажилд мөн туслан гүйцэтгэгчээр, 2012 онд мөн ерөнхий гүйцэтгэгч болох “М М” ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр, мөн онд Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарны хороолол орон сууцны барилгын 7а, 7б блокын угсралтын ажилд мөн туслан гүйцэтгэгчээр, 2012-2013 онд Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороонд “Ж Г Г” ХХК-ийн захиалгаар баригдсан Гэгээнтэн цогцолбор орон сууцны барилгын №4 блокын төмөр бетон цутгалтын ажил, 2, 3 дугаар блокын дээврийн хашлага хийц, салхивчны яндан цутгалтын ажилд туслан гүйцэтгэгчээр, Сэлэнэ аймгийн Мандал сум дахь Цагдаагийн конторын барилгын засвар, "Б” ХХК-ийн барилгын дотор эасал чимэглэлийн ажилд гүйцэтгэгчээр ажилласан бөгөөд барилгын ажилд гүйцэтгэгчээр ажиллах компаний хувьд барилгын материал нийлүүлэх болон туслан гүйцэтгэлд тухайн чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг компаниудтай тус ажилд шаардагдах бараа материалын болон ажлын хөлсний гэрээг байгуулсаны үндсэн дээр дээрхи барилгын ажлуудыг гүйцэтгэсэн болно.
2011 оноос нягтлан бодогч З.Таар санхүүгийн үйл ажиллагаагаа хөтлүүлж түүний ажиллуулдаг “Г” ХХК-тай санхүүгийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулан санхүүгийн тайлан балансыг хуулийн дагуу гаргуулах болсон. З.Т нь санхүүгийн ажлыг гүйцэтгэх явцдаа, гэрээний дагуу цалин хөлс, мөн татвар төлнө гэж удаа дараалан бэлэн мөнгө авдаг байсан. Татварын хяналт шалгалт ороход бүх зүйл хууль номын дагуу явагдаж байгаа гэж хэлдэг байсан боловч өөрийн ажиллуулдаг байсан компаниудын нэр дээр хуурамч баримт бүрдүүлэн тайланд оруулдаг байсан нь Эрүүгийн Цагдаагийн газрын ЭЗГХТ тасагт шалгагдан эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж тогтоогдсон байдаг. Тус газарт шалгагдаж байх үед нь татварын шалгалт орж хуурамч нэмэгдсэн өртгийн албан татварын падаан ашигласан хэмээн их хэмжээний акт төлбөр тавигдсан ба 3.******* нь тэр үед эмнэлэгт ухаангүй байснаар ирж чадаагүй учир татварт ямар нэгэн тайлбар өгч чадаагүйгээр тус актыг захирал Б.У хүлээн авсан.
Дээрхи татварын хяналт шалгалтаар илэрсэн зөрчил болох нэмэгдсэн өртгийн албан татварын падаанууд нь 3.*******ын өөрийнх нь К ХХК, Б ХХК, О ХХК, Т ХХК, Ж ХХК,
П ХХК, Г ХХК, Б ХХК, Ө ХХК, Х ХХК, Х ХХК, Х ХХК, Х******* ******* орд ХХК зэрэг компаниудад Татварын албанаас олгогдсон падаанууд байсан бөгөөд тэдгээр компаниудад манай компаниас төлсөн барилгын материал худалдан авалтын үнэ болон тэдгээр компаниар гүйцэтгүүлсэн ажлын хөлсөнд төлсөн үнийн дүн дээр Татварын хяналт шалгалтаар нэмэгдсэн өртгийн падаантай холбоотой акт төлбөр төлөх давхар хариуцлага оногдож байгаа ба Баянгол дүүргийн Татварын албанаас их хэмжээний нэмэгдсэн өртгийн албан татварын өр тавигдсан акт төлбөр үНдэслэлтэй эсэх, маргаантай бол Нийслэлийн татварын газрын маргаан таслах зөвлөлд хандах ямар нэгэн бодит боломжийг татвар төлөгчид олгоогүй санхүүгийн тайлан хариуцан гаргасан хүн нь татварын өр төлбөр тавигдахад биечлэн ирж тайлбар гаргаагүйгээр өр төлбөр тавигдаж, компани удаа дараалан шүүхэд дуудагдаж, банкин дахь харилцах дансаа хаалгаснаар цаашид үргэлжлүүлэн ажиллах боломжгүй болж шүүхийн шатанд шилжиж, компанийН үйл ажиллагаа зогсоод байгаа болно.
Нэмэгдсэн өртгийн албан татварын падааны борлуулагч тал нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн дагуу татварын өрийг хариуцдаг бөгөөд дээрхи нэр бүхий компаниудын хариуцлагыг манай компани хариуцах нь барилгын ажил бодитоор гүйцэтгэсэн манай компанид давхар хариуцлага оногдуулаад байгаа явдал болоод байгаа билээ.
З.Т-ын эрүүл мэндийн байдал сайжрахаар татварын актанд тайлбар гаргана гэж хүлээхийн зэрэгцээ эрүүгийн хэрэг үйлдсэн этгээд уг гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо барагдуулах ёстой гэж хүлээж байтал Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай ардчилсан парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хууль гарч тус хуулиар З.Т өршөөгдсөн зэрэг нөхцөл байдлуудаас хэсэг хугацаа алдсан явдал бий. Ийм учраас шинэ нягтлан авч акт баримтуудтайгаа танилцуулсаны үндсэн дээр актанд тайлбар гаргах боломж бий болсон юм. Гэтэл хөөн хэлэлцэх хугацаа дууссан байсан тул Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд хандаж байж гомдол гаргах хугацаагаа сэргээлгэн Татварын ерөнхий газрын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан болно. Уг зөвлөл 2017 оны 02 дугаар сар 17-нд 13 дугаар тогтоол гаргаснаар 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр тус компанид хүлээлгэн өгсөн. З.Т эрүүгийн хэрэг үйлдсэн нь прокурорын тогтоолоор тогтоогдсон байхад тус компаниар татварын мөнгө төлүүлэх гэж акт үйлдсэн явдлыг эс зөвшөөрч 2014 оны 04 сарын 24-ний өдрийн 360004007 тоот Татварын хяналт шалгалтын актыг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч татварын улсын байцаагч Ц.Б нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
...Татварын ерөнхий газрын даргын 2014 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн А/37 тоот тушаалаар байгуулагдсан НӨАТ-ын хий бичилттэй падаан ашиглан төсөвт төлөх татвараа бууруулсан байж болзошгүй байгууллагуудын НӨАТ-ын ногдуулалтад хэсэгчилсэн шалгалт хийх ажлын хэсэг байгуулагдсан ба “Н Э” ХХК-ийн 2009 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 31-ийг дуусталх хугацааны нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалтын байдалд хэсэгчилсэн шалгалтыг Чингэлтэй дүүргийн татварын улсын байцаагч Ц.Б, Сүхбаатар дүүргийн татварын улсын байцаагч Б.Э нар хийж гүйцэтгэсэн.
Татварын албаны хөндлөнгийн мэдээллээр “Н Э” ХХК 2010, 2011,2012, 2013 онуудад К ХХК, О ХХК, Б ХХК, Ө ХХК зэрэг 27 компаниас хуурамч бичилттэй нийт 3,015,900,000.54 төгрөгийн дүн бүхий нэмэгдсэн өртгийн албан татварын падаануудыг бичүүлэн авч төсөвт төлөх татвараа 301,590,000.05 төгрөгөөр бууруулсан гэсэн мэдээлэл байсан. Дээрх мэдээллүүдийн дагуу шалган үзэхэд 2010 онд К ХХК-иас авсан 4,545,454.60 төгрөгийн дүн бүхий 0007930462 тоот падаан нь тайлан баланс гаргах, санхүүийн асуудлыг хариуцан ажиллах төлбөр байна. 2013 онд Б XXК, Б ХХК, Ө ХХК, П ХХК, Х ХХК, И ХХК, Х ХХК, Х ХХК, Х ХХК зэрэг компаниудаас авсан падаануудыг татварын албанаас хуурамч бичилттэй гэж анхааруулсан учир 2014 оны 01 дүгээр сард 2013 оны 12 дугаар сарын Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд 11 падааны 483,181,818.18 төгрөгний дүнгээр залруулга хийсэн байна.
Харин дээрх 27 компанийн 2010 онд бичиж өгсөн 1/нэг/ падаан, 2011 онд бичиж өгсөн 13 /арван гурван/ падаан, 2012 онд бичиж өгсөн 30 /гуч/ падаан нийт 2,528,172,727.76 төгрөгийн дүн бүхий 43 ширхэг нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг хуурамчаар бичиж өгсөн гэдэг нь харилцагч байгууллагууд нь хуулийн байгууллагаар шалгагдан тогтоогдсон байна. Эдгээр компанийн захирал зэрэг хүмүүстэй “Н Э” ХХК-ийн зүгээс биечлэн уулзаж байгаагүй ба дээрх падаанууд нь тайлан балансыг хариуцан ажиллаж байсан компанийн нягтлан З.Т-ын бүрдүүлсэн нэмэгдсэн өртгийн албан татварын падаан гэсэн тайлбарыг захирал Б.У******* өгсөн. Энэхүү зөрчлөөс 2013 оны 04 дүгээр сард О ХХК-иас бичүүлэн авсан 9,090,909.1 төгрөгийн дүн бүхий 0013576947 тоот падаан, 2013 оны 06 дугаар сард Э ХХК-иас бичүүлэн авсан 20,363,636.40 төгрөгийн дүн бүхий 0013854088 тоот падаан, 2013 оны 08 дугаар сард Б ХХК-аас бичүүлэн авсан 63,818,181.80 төгрөгийн дүн бүхий 0012303498 тоот падаан нийт З ширхэг 93,272.727.30 төгрөгийн дүн бүхий падаануудыг залруулахаар хүсэлт гаргасан байна.
Залруулаагүй үлдсэн 2,434,900,000.60 төгрөгийн зөрчилд ногдох 243,490,000.00 төгрөгний дүн бүхий нэмэгдсэн өртгийн албан татварыг Н******* нь төсөвт төлөх татвараас хасч тооцон албан татвараа бууруулсан. Харин уг хий бичилттэй нэмэгдсэн өртгийн албан татварын падаануудыг бичиж өгсөн компаниуд нь бусдыг албан татвараа бууруулахад нь бичиг баримтаа ашиглан боломж олгосон байна. Эцсийн дүнд Н******* нь төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараа 243,490,000.00 төгрөгөөр бууруулсан байна. Дээрх хий бичилттэй падаан бичиж өгсөн компаниуд нь ямар ч үйл ажиллагаа явуулдаггүй мөртлөө байгуулагдаад хэдхэн сарын дотор хэдэн тэрбумын дүн бүхий падаануудыг компаниудад бичиж өгсөн ба зөвхөн энэ зорилгоор байгуулсан компаниуд байсан.
Ингээд 2,434,900,000.60 төгрөгийн зөрчлийг компанийн захирал Б.У******* хүлээн зөвшөөрсөн учраас Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуралдааны 71 дүгээр тэмдэглэлд: Төсвийн орлогыг бүрдүүлэх зайлшгүй шаардлагыг харгалзан нэмэгдсэн өртгийн албан татварын өр төлбөртэй холбоотой асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэгдсэн болон энэ чиглэлээр хэрэг бүртгэх байгууллагад шалгагдаж байгаа хэрэг, зөрчлийг татварын өр төлбөрөө бүрэн барагдуулсан тохиолдолд хуульд заасан үндэслэлээр эрүүгийн хэргийг үүсгэхээс татгалзах, хэргийг хэрэгсэхгүй болгох арга хэмжээ авах чиглэлийг хууль хяналтын болон татварын байгууллагад өгч ажиллахыг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Сангийн сайд Ч.Улаан нарт даалгав гэсэнд үндэслэн гарсан Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалтын удирдлага, арга зүйн газрын 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 7/3171 тоот албан бичиг болон Монгол Улсын Компанийн тухай хуулийн 95 дугаар зүйлийн 95.4-д Компанийн гүйцэтгэх удирдлага тухайн комнанийн нягтлан бодох бүртгэл санхүүгийн тайлангийн үнэн зөвийг хариуцна гэж заасныг баримтлан Монгол Улсын татварын ерөнхий хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д Татварын хууль тогтоомж нь Үндсэн хууль, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ. Мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.8-д "Татварын хуульд заасан хугацаанд төлөөгүй татвар болон нөхөн ногдуулсан татвар, алданги, торгуулийг энэ хууль болон тухайн төрлийн татварын хуулиар тогтоосон журмаар төлүүлнэ. гэж тус тус заасны дагуу хий бичилттэй падаан ашиглан төсөвт төлөх татвараа бууруулсан зөрчилд Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлд 74.1: дараахь үйлдэл, эс үйлдэхгүйгээр татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан татвар төлөгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол татварын алба, татварын улсын байцаагч татварын төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна. 74.1.4: тоо хэмжээ, үнийг нь нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд багасгаж тусгах, эсхүл ийнхүү багасгахын тулд зардал болон бусад хасагдах зүйлийг өсгөх, 74.3: Энэ хуулийн 74.1, 74.2-т заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхээргүй байна гэж заасныг үндэслэн 243,490,000.10 төгрөгийн нөхөн татвар, 73,047,000.20 төгрөгний торгууль, 66.576.873.20 төгрөгийн алданги нийт 383,113,873.40 төгрөгийн төлбөр ногдуулсан гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ба******* шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
...Татварын хяналт шалгалт хийх томилолт буюу А/37 тоот тушаалын дагуу Чингэлтэй дүүргийн татварын улсын байцаагч Ц.Б, Сүхбаатар дүүргийн татварын улсын байцаагч Б.Э нарын хийсэн хяналт шалгалтаар манай компанид 2014 оны 04 сарын 24-ний өдөр 383000000 /гурван зуун наян гурван сая/ төгрөгийн төлбөр гарсан байдаг. Хяналт шалгалтын акт, төлбөрийг хүчингүй болгуулахаар 2017 оны 03 сарын 22-нд Захиргааны хэргийн шүүхэд хандсан байгаа. Нэхэмжлэлийн утга нь 2017 онд “Н Э” ХХК-нь Г ХХК-тай санхүүгийн ажил гүйцэтгэх гэрээгээр ажиллаж байсан. Тэр үед би биш, нягтлан бодогчоор З.Т ажилладаг байсан ба З.Т дээр эрүүгийн хэрэг үүсгэгдээд шалгагдаж байсан өөрөө эмнэлэгт ухаангүй байсан юм байна лээ. Тухайн үед нягтлан бодогч нь байхгүй байсан гэдэг үндэслэлээр л хандаад байгаа. Татварын албанаас бидэнд тайлбар, мэдүүлэг өгөх боломж олгоогүй. Тэр үед баталгаатай барилгын ажлуудыг гүйцэтгэж байсан. Түүнийгээ нэхэмжлэл дээрээ тусгачихсан байгаа. 2011-2013 онд барилгын ажил гүйцэтгээд явдаг байсан. Санхүүгийн тайлан тооцоон дээр захирал нь ерөөсөө оролцдоггүй байсан. Г ХХК-нь татварын хяналт шалгалттай холбоотой асуудлыг бүрэн хариуцна, ямар нэг өр төлбөрт оруулахгүй гэсэн зүйлийг гэрээн дээрээ тусгаж өгсөн байдаг. Тэрний дагуу нэхэмжлэл гаргасан байгаа. Энэ нэхэмжлэл хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг шалтгаанаар маш их хугацаа алдсан. Тэр хооронд нь эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасаг дээр З.Т шалгагдаад буруутай гэдэг нь тогтоогдсон. Тэр хүний буруутай үйл ажиллагаа дахин манай компани дээр давтагдаж, гурван зуун наян саяын төлбөр гарч байгаа дээр л бид нэхэмжлээд явж байгаа гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Ж шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
... Татварын шалгалт ирснийг бид үгүйсгэдэггүй. Яагаад гэвэл, хийх ёстой хууль зүйн дагуу явагдсан. Харин татварын шалгалт хийгээд түүний дараа захирал болон нягтлан бодогчоос тайлбар авах ёстой. Гэтэл энэ үед З.Т нь захирал Б.У*******аас маш их хэмжээний мөнгийг татварт тушааж байна гэдэг байдлаар авсан. Гэхдээ энэ хоёрын хооронд данс тооцоо хийж бүртгэл оруулаагүйгээс болж энэ акт тавигдсан учиртай. З.Т тухайн акт тавигдаж байгаа шалгалт дээр мэргэжлийн тайлбар өгөх ёстой байдаг. Б.У*******ын хувьд мэргэжлийн тайлбар өгөх боломжгүй компанийн ерөнхий үйл ажиллагааны хүрээнд л тайлбар өгнө. Харин З.Т тэр тайлбарыг өгөх боломжгүй байсан, учир нь эмнэлэгт ухаангүй байсан. З.Т-ын хувьд татварын хуурамч баримт үүсгэсэн, хэд хэдэн компани байгуулсан гэх мэт үндэслэлүүдээр эрүүгийн хэрэг үүсгэсэн. Үүнээс болоод сэтгэл зүйн шоконд ороод биеийн эрүүл мэндийн байдал хүнд нөхцөлд байсан. Энэ үед Б.У тайлбар өгсөн байдаг гэхдээ тэр нь мэргэжлийн биш байсан. Өөрөөр хэлбэл, тайлбарыг хангалттай өгч чадаагүй. Энд гэм буруугийн асуудал яригдаад байна. Эрүүгийн гэмт хэрэгт холбогдсон З.Т 47 хуулийн этгээд шинээр байгуулж эрүүгийн хэрэг үйлдсэн байна гэдгийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн тогтоосон. Нэгэнт энэ хүн эрүүгийн хэрэг үйлдээд гэм буруутай нь тогтоогдсон тохиолдолд энэ татварын асуудлыг хэн төлөх нь жич асуудал болно. Гэтэл яасан гэхээр Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан гарсан өршөөлийн хуулиар өршөөгдчихсөн. Ийм байдлаас болоод Н*******-нь гурван зуун наян хэдэн сая төгрөгийн өрөнд орчихсон ийм асуудал байгаа юм. Хэрэв З.Т үнэхээр мэргэжлийн хувьд энэ хүнд зөвлөгөө өгөөд явж байсан бол өнөөдөр ийм асуудал гарахгүй энэ байцаагч нар ийм акт тавихгүй. Бусдын ашигласан хөрөнгийг Н******* төлөх болчихоод байгаад өөрөөр хэлбэл, З.Т хэдэн төгрөгийг нь төлөх ёстой юм, Н*******-нь хэдийг нь төлөх ёстой юм гэдгийг ялгаж салгахгүйгээр энэ актыг тавьсан нь өөрөө учир дутагдалтай байгаа учир үүнийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байгаа юм гэв.
Хариуцагч татварын улсын байцаагч Ц.Б шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
... 2014 оны 03 сарын 19-ний өдрийн Татварын ерөнхий газар даргын тушаалаар байгуулагдсан хий бичилттэй Нэмэгдсэн өртгийн албан татварын хууль зөрчин төсөвт төлөх, нэмэгдсэн өртгийн албан татвараа бууруулсан компаниудад шалгалт хийх ажлын хэсэгт орж бид Н Э ХХК-ийг шалгаад нийт 2434900000 /хоёр тэрбум дөрвөн зуун гучин дөрвөн сая есөн зуун мянган төгрөг/-ийн зөрчилд 243492000 /хоёр зуун дөчин гурван сая дөрвөн зуун ерөн хоёр мянган/ төгрөгийн нөхөн татвар, 73047000 /далан гурван сая дөчин долоон мянган/ төгрөгийн торгууль, 66576000 /жаран зургаан сая таван зуун далан зургаан мянган/ төгрөгийн алданги нийтдээ 383113000 /гурван зуун наян гурван сая нэг зуун арван гурван мянган/ төгрөгийн төлбөр ноогдуулсан байгаа. Энэ шалгалтыг хийх болсон үндэслэл нь Засгийн газрын 2013 оны 12 сарын 15-ны өдрийн хуралдаанаар тухайн үед төсөв хүндрэлтэй байсан учраас өөрсдөө энэ асуудлаа хүлээн зөвшөөрвөл энэ компаниудад акт бич гэсэн чиглэлийг Сангийн яам болон Цагдаагийн байгууллагад өгсөн.
Н Э ХХК-нь барилгын ажил хийдэг. Энэ компанийн санхүү татварын асуудлыг З.Т нэлээн дээр үеэс хариуцаж ажилладаг байсан. З.Т нь Г******* ХХК-д татварын тайлан гаргуулдаг гэхдээ зөвхөн ганцаараа биш өчнөөн олон нягтлан бодогч нарыг авч ажиллуулдаг. Н*******-ийн тайланг энэ хүн өөрөө биечилж хийгээгүй, З.Тын нэр дээр байгаа энэ олон компаниуд бүгд З.Тын компаниуд биш үүнийг хаа сайгүй байгаа эрх зүйн чадамжгүй хүмүүсийг олоод эдгээр хүмүүст 20.000 төгрөг өгөөд нэг өдрийн дотор нэг дүүрэг дээр 5, 6 нь компани байгуулж байсан. Нөгөө компани нь ерөөсөө нэг улирал болоход бараг Эрдэнэтийн үйлдвэрийн хэмжээний борлуулалт хийсэн тайлан орж ирсэн. Энэ чиглэлээрээ бүр улайрчихсан байсан. Өөрөө шалгагдаж байхдаа хүртэл татварын албаас нэмэгдсэн өртгийн албан татварын падаан авах гээд хөөцөлдөөд яваад байдаг байсан. Өөрт нь цагдаагийн газраас хэрэг үүсгэчихсэн байхад ингээд яваад байдаг хүмүүс байсан. Энэ хүний компаниудаас ганцхан Г******* ХХК санхүүгийн тайлан гаргаж өгдөг, бусад нь гаргаж өгдөггүй өгөх ч боломжгүй. Яагаад гэхээр маш
богинохон хугацаанд асар их борлуулалт хийгдсэн.
Б.У З.Т-аас хамгийн бага хэмжээгээр татвар төлөх ямар боломж байна гэхээр боломж байгаа гэж хэлсэн. Мөнгө өгсөн гэж хэлээд байна, энэ мөнгө чинь зөвхөн татвар төлнө гэсэн яриа биш тухайн шалгалтын үед бид Б.У*******тай уулзаж байсан. Энэ хүн чинь надаас бага татвар төлнө гэж хэлээд энэ төлөх татварын 2-4 хувийг надаас авч байсан гэж хэлж байсан. Тиймээс энэ мөнгө бол татварт тушаагдах мөнгө биш ерөнхийдөө энэ хоёр хүн ашиг сонирхол нэгтэй байсан учраас тохиролцож шийдсэн асуудал. Хэн нэг нь мэдээгүй болсон зүйл байхгүй. Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.3-т төлөх татвараа бууруулахын тулд хасагдах зүйл гэсэн заалт байгаа. Тэгэхээр компаниуд ийм байдалд орсон гэхээр эд нар чинь зуун айл гэх мэт хамгийн хямдхан газраас барилгын материалыг аваад буюу хямдхан зарж байгаа шалтгаан дээр нь нэмэгдсэн өртөгийн албан татварыг нэмэхгүй зарж байгаа материалыг аваад хийчхэнгүүт борлуулалт нь тусгагдаад ирэхээр улсад төлөх ёстой татвар нь их гарчихаж байгаа. Энэ компани барилгын ажлыг хийсэн үү гэхээр хийсэн гэхдээ улсад төлөх ёстой татварыг бууруулахын тулд эдний компаний зүгээс З.Таар бичүүлж авсан. Эндээс харахад улсад төлөөгүй мөнгийг хэн төлөөгүй гэдэг нь ойлгомжтой.
З.Т улсад төлөх ёстой хүн биш эдний компани улсад төлөх ёстой мөнгөө бууруулахын тулд Г ХХК-ийг ашигласан. З.Т-ын хувьд бичиг баримт ашиглан бусад хүмүүст татвар төлөхөөс зайлсхийх боломж олгосон. З.Т тэр үйлдэлдээ эрүүгийн хуулиар хариуцлага хүлээгээд явсан. Эдний компанийн зүгээс цагдаагийн газраас бичигдээд ирчихсэн. Тухайн үед акт бичихгүй байж болох байсан. Акт бичихгүй гэвэл цагдаа дээр очоод шалгуулаад яаж ч шийдвэрлэгдэх юм тэрүүгээрээ явна. Угаасаа өндөр дүнтэй болохоор дүгнэлт бичээд цагдаад очих ёстой. Засгийн газрын шийдвэрээр өөрсдөө зөвшөөрөх юм бол акт бичье гэсэн өөрсдөө зөвшөөрсөн учраас акт бичсэн, тухайн үед зарим нь цагдаагийн газраар шалгуулахаар явсан. Тэгэхээр уг татварыг энэ компани төлөх нь гарцаагүй.
Компанийн тухай хуулийн 95 дугаар зүйлийн 95.4-т компанийн гүйцэтгэх удирдлага тухайн компанийн нягтлан бодох бүртгэл санхүүгийн тайлангийн үнэн зөвийг хариуцна гэж байгаа. Тэгэхээр тухайн үед ирүүлсэн нотолгоогоор ерөөсөө л Б.У******* захирал байсан. Тэгэхээр хууль бус падааныг ашиглаад 243490000 /хоёр зуун дөчин гурван сая дөрвөн зуун ерөн мянган/ төгрөгийн төлөх ёстой татварыг энэ компани төлөх ёстой. Тухайн үед энэ компани акт дээр маргаж байсан бол манай маргаан таслах зөвлөлд хандах бүрэн боломжтой байсан. Яг гардаж хийсэн хүн нь З.Тын эхнэр байсан. Тухайн үед яг тайланг гаргаж байсан хүн юм. Тэгэхээр тухайн үед тайлбар хийх боломжгүй энэ актыг тулгаж бичсэн гэж байна. Бичихгүй байж болох байсан тэгвэл энэ компани цагдаад очиж шалгагдах байсан. Тайланг өгөх хүмүүс тэр үед ч байсан хэсэг хугацааны дараа ч байж байсан гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь Татварын ерөнхий газрын даргын А/37 тоот тушаал албан хүсэлтийн дагуу шалгалт хийсэн Чингэлтэй дүүргийн Татварын улсын байцаагч Ц.Б, Сүхбаатар дүүргийн татварын улсын байцаагч Б.Э нарын шалган тогтоосон 2014 оны 04 сарын 24-ний өдрийн 360004007 дугаартай татварын хяналт шалгалтын актыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба тэрээр, нягтлан бодогчоор ажиллаж байсан З.Т нь татварын улсын байцаагчийн актад хариу тайлбар өгөх боломжгүй эмнэлэгт ухаангүй байсан, татварын улсын байцаагчийн актанд үндэслэл бүхий мэргэжлийн хүнээр буюу ажиллаж байсан нягтлан бодогчоор тайлбар өгүүлэх боломжоор хангаагүй, компаний захирал нь санхүүгийн тайлан тооцоотой холбоотой асуудалд оролцдоггүй байсан, нягтлан бодогчоор ажиллаж байсан З.Тын буруутай үйл ажиллагааг манай компани дээр дахин давтаж татварын өр төлбөр тавьж байгаа нь үндэслэлгүй хэмээн маргаж байна.
Хариуцагч нь ... татвар төлөгч нь татвараа үнэн зөв тодорхойлж төлөх үүрэгтэй, “Н Э” ХХК нь нөхөн татвар ногдуулсан актыг хүлээн зөвшөөрсөн, захирал нь гарын үсэг зурж хүлээн авсан, тулгаж акт бичсэн зүйл байхгүй өөрсдөө хүлээн зөвшөөрч бичүүлсэн, компанийн удирдлага тухайн компанийхаа нягтлан бодох санхүүгийн үнэн зөвийг хариуцах үүрэгтэй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь няцааж байна.
Барилга угсралтын ажил, барилгын засал чимэглэлийн ажил эрхэлдэг Н*******-ийн санхүүгийн үйл ажиллагаанд Татварын ерөнхий газрын даргын 2014 оны 03 сарын 17-ны өдрийн Шалгалтын ажлын хэсэг байгуулах тухай А/37 дугаартай тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг шалгалт хийжээ. Уг шалгалтын зорилго нь нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилттэй падаан ашиглан 2009-2013 оны нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд худалдан авсан бараа, ажил үйлчилгээний хасагдах дүнд оруулан тооцож төлбөл зохих татварыг бууруулсан буцаан авах татварын дүнг өсгөсөн, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн хасагдах зардалд оруулан татвар ногдох орлогыг бууруулан улсын төсөвт төлөгдөх татварыг саатуулж буй татвар төлөгчдийн ногдох татварыг төлүүлэх, тайланг засварлуулах, шалгалтаар илэрсэн зөрчилд хариуцлага хүлээлгэх байжээ.
Баянгол дүүргийн Татварын хэлтэстэй харьцдаг, улсын бүртгэлийн 9011135019 тоот гэрчилгээтэй,******* регистрийн дугаартай “Н Э” ХХК-ийн 2009 оноос 2013 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд холбогдох албан тушаалтны дээр дурдсан шийдвэрийн дагуу хэсэгчилсэн шалгалтыг 2014 оны 3 сарын 19-ний өдрөөс 2014 оны 4 сарын 24-ний өдрийн хооронд хариуцагч болох Татварын улсын байцаагч Ц.Б, Б.Э нар хийж гүйцэтгэжээ.
Хариуцагчийн зүгээс хяналт шалгалтаар нийт 2,434,900,000,56 төгрөгийн зөрчил илэрсэн гэж үзэж, уг зөрчилд Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.2, 17.3-д заасныг үндэслэн 243,490,000,10 төгрөгийн нөхөн татвар, 73,047,000,10 төгрөгийн торгууль, 66,576,873,20 төгрөгийн алданги, 00 төгрөгийн хүү нийт 383,113,873,40 төгрөгийн төлбөрийг холбогдох дансанд актыг гардуулсан өдрөөс хойш 15 хүртэл хоногийн дотор төлүүлэх акт тогтоожээ. Маргаан бүхий захирааны акт болох татварын улсын байцаагчийн 360004007 дугаартай актыг нэхэмжлэгч “Н Э” ХХК-ийн захирал Б.У******* 2014 оны 4 сарын 24-ний өдөр гарын үсэг зурж хүлээн авчээ.
Тэгэхээр татварын албаны татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам зөрчсөн буюу татварын хяналт шалгалтын харьяалал, татварын хяналт шалгалтын томилолт, татварын улсын байцаагчийн үйлдэх баримт бичиг эсхүл татварын улсын байцаагчид нь хяналт шалгалт хийх ёсгүй байсан, буруу, зөв байсан талаар, уг хяналт шалгалтын актаар тавигдсан төлбөрийн хүлээн зөвшөөрөөгүй дүн юу болох талаар маргахгүй байна, харин актыг тавихдаа мэргэжлийн хүнээр тайлбар өгүүлэх, тайлбар гаргах эрхийг хангаагүй, компаний нягтлан бодогчоор ажиллаж байсан З.Т-ын буруутай үйл ажиллагааны улмаас компанид учирсан хохирлыг дахин давтан компаниар төлүүлэхээр акт тогтоож байгаа нь буруу гэж маргаанаа зүйлээ тодорхойлж байна.
Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэл гаргагчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар болон хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед шүүх хуралдаанд оролцогчдоос гаргасан тайлбар бичгийн бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь үнэлж дүгнээд дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ. Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагад хамаарах татварын улсын байцаагчийн актаар тогтоосон төлбөрийн үнийн дүнгийн зохих хэсгээс татгалзаж, татгалзлаа бичгээр гаргаж шүүх хуралдаан дээр дэмжсэн тайлбар гаргасан тул нэхэмжлэлийн үнийн дүнд хамаарах хэсгийн татгалзлыг баталж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнчлэн маргааны үйл баримтанд үнэлэлт дүгнэлт өгч, холбогдох хуулийг хэрэглэн татварын хууль тогтоомжийн дагуу эрх бүхий улсын байцаагчийн актаар ногдуулсан захиргааны хариуцлагаас чөлөөлөх асуудлыг мөн шийдвэрлэв.
Маргаан бүхий захиргааны акт болох татварын улсын байцаагчийн 2014 оны 4 сарын 24-ний өдрийн 36004007 дугаартай актаар “Н Э” ХХК-ийн 2009-2013 оны нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийж, 2,434,900,000,60 төгрөгийн зөрчил илрүүлэн нийт 383,113,873,40 төгрөгийн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэжээ.
Татварын улсын байцаагчийн маргаан бүхий актаар шалган тогтоосон зөрчил буюу “Н Э” ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд авагдсан нэр бүхий 19 компанийн нийт 2,434,900,000,60 төгрөгийн 43 ширхэг падаан хий бичилттэй болох нь Мөрдөн байцаах газраас сэжигтэн З.Т-ыг байцаасан 2014 оны 6 сарын 2-ны өдрийн тэмдэглэл, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 3 сарын 24-ний өдрийн З.Т-т холбогдох дугаар бүхий эрүүгийн хэрэгт шинжилгээ хийсэн тухай 050 дугаар шинжээчийн дүгнэлт, Прокурорын тогтоолоор батлагдаж, уг баримтууд хавтаст хэрэгт нотлох баримтаар бүрэн авагдсан байна. Түүнчлэн “Н Э” ХХК-ийн захирал Б.У-ын татварын хяналт шалгалтын явцад өгсөн 2014 оны 3 сарын 21, 25-ны өдрийн ярилцлагын тэмдэглэл, татварын улсын байцаагчийн актыг танилцуулж гардуулсан тухай тэмдэглэлээс үзэхэд зөрчил гарсныг хүлээн зөвшөөрч, өөрийн санхүүгийн мэдлэг дутмаг байснаа, компанийн захирлын хувьд компанийн явуулж байгаа үйл ажиллагаанд оролцож мэдэж ирсэн гэдгээ илэрхийлжээ.
Хэдийгээр татварын хяналт шалгалтыг явуулж байх үед нэхэмжлэгч “Н Э” ХХК-ийн нягтлан бодогч буюу уг компанийг санхүүгийн хувьд өр төлбөрт оруулахгүй ажиллах талаар санхүүгийн ажил гүйцэтгэх гэрээ хийн ажиллаж байсан З.Т нь биеийн эрүүл мэндийн шалтгааны улмаас эмнэлэгт хэвтсэн, түүнчлэн түүний буруутай үйл ажиллагаа байсныг холбогдох байгууллагууд тогтоосон боловч энэ байдал нь татвар төлөгч аж ахуйн нэгж болох “Н Э” ХХК-ийн Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д заасан татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүргийг чөлөөлөх, хөнгөлөх нөхцөл болохгүй болно.
Мөн нэхэмжлэгчийн З.Т нь татварт мөнгө төлнө хэмээн мөнгө авдаг байсан, түүний буруутай үйл ажиллагаанаас болж компани санхүүгийн алдагдалд орсон, түүнд хариуцлага хүлээлгэсэн байхад татварын өр төлбөрийг дахин манай компани хариуцахгүй гэх агуулгатай тайлбарыг мөн хүлээн авах боломжгүй байна. Учир нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-д Аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага болон ерөнхий нягтлан бодогч санхүүгийн тайланд гарын үсэг зурж, тамга /тэмдэг/ дарж баталгаажуулах бөгөөд гүйцэтгэх удирдлага санхүүгийн тайлангийн үнэн зөвийг хариуцна, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-д: Анхан шатны баримтад түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын үсэг зурж, тамга тэмдэг дарснаар уг баримт хүчин төгөлдөр болно, 13.6-д: Анхан шатны баримтын үнэн зөвийг түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн, шалгаж хүлээн авсан ажилтан хариуцна гэж зааснаас гадна маргаан бүхий үйл баримтаас үзэхэд нягтлан бодогч З.Тын буруутай үйл ажиллагаа байсан нь зөвхөн хувь хүн болох түүний хувьд хамаатай гэж үзэх үндэслэлгүй юм. Энэ талаарх Компанийн тухай хуулийн 95 дугаар зүйлийн 95.4-д: Компанийн гүйцэтгэх удирдлага тухайн компанийн нягтлан бодох бүртгэл санхүүгийн тайлангийн үнэн зөвийг хариуцна гэх заалтыг ишилсэн хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Маргаан бүхий захиргааны акт нь тухайн үед мөрдөгдөж байсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Татварын ерөнхий хуулийг зөрчсөн, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн болох нь тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, эрх бүхий татварын улсын байцаагч нараас Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар татвар ногдох орлого, түүний тоо хэмжээ, үнийг нь ... татварын тайланд багасгаж тусгах зэргээр хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулсан, мөн хуулийн 74.2, 74.3-д заасны дагуу торгууль, алданги төлүүлэхээр шийдвэрлэсэнийг нэхэмжлэлийн шаардлагад дурдсан үндэслэлээр хүчингүй болгох хууль зүйн
үндэслэлгүй байна гэж дүгнэв.
Нэхэмжлэгч нь Чингэлтэй дүүргийн Татварын улсын байцаагч Ц.Б, Сүхбаатар дүүргийн татварын улсын байцаагч Б.Э нарын шалган тогтоосон 2014 оны 04 сарын 24-ний өдрийн 360004007 дугаартай татварын хяналт шалгалтын актыг хүчингүй болгуулах гэх агуулгаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон ба нэхэмжлэгч нь шүүх хурлаас өмнө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ... 2011 оны 12 сарын 12-ны өдрийн 009319687 дугаарын нэмэгдсэн өртгийн албан татварын падаан дагалдах баримтын хамт олдоогүй тул тус падааны дүн болох 11,600,000 төгрөгийн дүнгээс татгалзаж байна гэж ирүүлсэн уг татгалзлыг шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдаан дээр дэмжиж тайлбарласан, итгэмжлэлд нэхэмжлэлээс бүрэн болон хэсэгчлэн татгалзах эрхийг олгосныг харгалзан уг татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.
Хэрэгт 2014 оны 12 сарын 11-ний өдрийн Дүүргийн Иргэний Хэргийн Анхан шатны 2 дугаар шүүхийн 102/ШШ2014/06097 дугаартай шүүгчийн захирамж нотлох баримтаар авагдсан ба уг захирамжаар Баянгол дүүргийн Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй, “Н Э” ХХК-д холбогдох татварын төлбөр, алдангид 347,113,800 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Гэвч уг хугацаанаас хойш буюу 2016 оны 5 сарын 10-ны өдөр тус шүүхийн шүүгчийн хөөн хэлэлцэх хугацаа сэргээх тухай 3843 дугаар захирамжаар “Н Э” ХХК-ийн татварын улсын байцаагчийн 2014 оны 360004007 дугаар актын талаар Татварын маргаан таслах зөвлөлөөр хянуулахаар гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээж шийдвэрлэсэн байна. Улмаар захиргааны журмаар урьдчилан шийдвэрлүүлэх хуульд заасан шаардлагыг биелүүлж, шүүхэд нэхэмжлэлээ гаргасан, шүүх нэгэнт үүсгэгдсэн захиргааны хэргийг дээр дурдсан иргэний шүүгчийн захирамжийн үйлчлэл хүчин төгөлдөр буюу нэхэмжлэлд заасан үйл баримтын талаар хүчин төгөлдөр шийдвэр байгаа гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзахгүйгээр эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй.
Ингэснээр нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр уг нэхэмжлэгч компанитай адилхан нөхцөл байдал үүсгэсэн компаниудын нэгэн адил нэхэмжлэгчид тэгш боломжийг олгох нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.
Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент
байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулиар хуулийн үйлчлэх хугацааг 2015 оны 07 сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө бол, хэрэгжиж эхлэх хугацааг 2015 оны 8 сарын 11-ний өдөр байхаар хуульчилжээ. Нэхэмжлэгч “Н Э” ХХК-ийн 2009-2013 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалтыг явуулж, эрх бүхий улсын байцаагч акт үйлдэж, холбогдох хариуцлагыг хүлээлгэсэн байх тул энэ хуулийн үйлчлэлд хамаарч байна.
Тодруулбал, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д: ... захиргааны шийтгэлээс чөлөөлөх ...-ээр, 4 дүгээр зүйлийн 4.3-д: хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан ... өршөөн хэлтрүүлэх-ээр, 10 дугаар зүйлийн 10.1-д: ...2015 оны 07 сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө захиргааны зөрчил гаргасан ... бол хамаарахаар, мөн зүйлийн 10.2-д: ... өршөөлд хамруулах үндэслэл нь 2015 оны 07 сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө ... төрийн эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэл ногдуулах шийдвэр зэргээр тогтоогдсон байх-аар тус тус зохицуулагдсан тул уг хууль хэрэгжиж эхлэхээс өмнө нэгэнт төлөгдсөн татвар төлөгчийн /нэхэмжлэгчийн/ алданги, торгууль буюу захиргааны шийтгэлийн хэлбэрт хамаарах хэсгийг хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлгүй, харин нэхэмжлэгчийн уг хууль хэрэгжиж эхэлснээс хойш төлөөгүй, дутуу төлөгдсөн гэж үзэх захиргааны шийтгэлийн хэсэгт хамаарах алданги, торгуулийн холбогдох мөнгөн дүнг өршөөн хэлтрүүлэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаан дээр гаргасан татварын өр төлбөрөөс алданги, торгуулийг Өршөөлийн хуулийн дагуу чөлөөлөөд үлдсэнийг манайх төлөх байдлаар эвлэрэн хэлэлцэх талаарх тайлбар, хариуцагчийн “Н Э” ХХК Өршөөлийн хуулийн дагуу харьяа татварын албандаа бичгээр хүсэлтээ гаргаад торгууль, алдангийн төлбөрөөс чөлөөлүүлэх бүрэн боломжтой гэх тайлбарыг харгалзан маргаан бүхий асуудлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эрх тэгш байх, шүүхээс хууль хэрэглэх, шударга ёсны зарчмуудыг үнэлж, нэхэмжлэгч “Н Э” ХХК-д ногдуулсан татварын өр төлбөрөөс 73,047,000,10 төгрөгийн торгууль, 66,576,873,20 төгрөгийн алдангийн төлбөр болох нийт 139,623,873 төгрөгийн төлбөр төлөх хариуцлагаас өршөөн хэлтрүүлж шийдвэрлэлээ.
Хариуцагч захиргааны байгууллагаас холбогдох хуульд заасны дагуу явуулсан
хяналт шалгалттай маргаагүй, төлбөрийн дүн дээр маргаагүй тул энэ талаарх баримтад ямар нэгэн эрх зүйн дүгнэлт өгөхгүйгээр буюу зөвхөн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэснийг тэмдэглэж байна.
Шүүхээс эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхтэй холбоотой үйлчилгээ үзүүлсний төлөө хэргийн оролцогчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэх бөгөөд улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилах асуудлыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлд зохицуулсанаар мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д: нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж заасныг хэрэглэж, нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5, 109 дүгээр зүйлийн 109.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Н Э” ХХК 2011 оны 12 сарын 12-ны өдрийн 009319687 дугаарын падаанд хамаарах дүн болох 11,600,0 /арван нэгэн сая зургаан зуу/ мянган төгрөгийн дүнгээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Н Э” ХХК-ийн Татварын улсын байцаагчийн 2014 оны 4 сарын 24-ний өдрийн Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай 360004007 дугаартай актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.2, 10.3-т заасныг баримтлан эрх бүхий Татварын улсын байцаагчийн 2014 оны 4 сарын 24-ний өдрийн 360004007 дугаартай актаар “Н Э” ХХК-д ногдуулсан татварын 73,047,000,10 төгрөгийн торгууль, 66,576,873,20 төгрөгийн алданги, 00 төгрөгийн хүүний төлбөр болох нийт 139623873 төгрөгийн төлбөр төлөх хариуцлагаас өршөөн хэлтрүүлсүгэй.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2,
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 108.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нар нь дээрх хууль, зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ У.Б