Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 402

 

Ө.Г-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Д.Мөнхтуяа даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Г.Банзрагч, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Базар, хариуцагч аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэбат нарыг оролцуулан хийж, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 110/ШШ2017/0025 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 221/МА2017/0479 дугаар магадлалтай, Ө.Г-ийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Засаг дарга, аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагч нарт холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Л.Атарцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 110/ШШ2017/0025 дугаар шийдвэрээр: Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52 .1, 8 дугаар зүйлийн 8.1.1, 8.2.3, 10 дугаар зүйлийн 10.9.11,10.12.2, Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, улсын байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 18-01/47 дугаар актын Ө.Г-аар төлүүлэхээр тогтоосон 151910 төгрөгийн төлбөрийн 2014 оны 07, 08 дугаар сард авсан үр дүнгийн урамшлын 86370 төгрөгийг төлүүлэх тухай хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн үлдсэн хэсэг болох 18-01/47 дугаар актын И.Хайрым, М.Кандидат нараар 212217 төгрөгийг төлүүлэх тухай хэсэг, Ө.Г-аар илүү цагаар ажилласны нэмэгдэл хөлс 65540 төгрөгийг төлүүлэх тухай хэсэг, улсын байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 18-01/46, 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 18-05/48, 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 18-05/49 дүгээр актууд, аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/511 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 221/МА2017/0479 дүгээр магадлалаар: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 110/ШШ2017/0025 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ө.Г-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Базар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52.1 дэх заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухай:

Сургуулийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх тухай аймгийн Засаг даргын А/511 дүгээр захирамж хууль ёсны эсэх асуудалд хоёр шатны шүүхээс дүгнэлт хийхэд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дээрх заалтыг буруу тайлбарлаж хэрэглэлээ. Хуулийн дээрх заалтад төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг иргэн, байгууллагын өргөдөл, хүсэлтээр хийхээр заасан. Анхан болон давж заалдах шатны шүүхээс сургуулийн багш нараас хяналт шалгалт хийх тухай өргөдөл ирүүлсэн гэж үзсэн. Гэвч, багш нарын гаргасан гэх өргөдлийг төлөвлөгөөт бус хяналт шалгалтын үндэслэл болгох боломжгүй юм.

Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргах өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт иргэдээс бичгээр гаргасан өргөдөл, гомдолд тавигдах шаардлагыг тогтоосон. Үүнд, өргөдөл, гомдол гаргагч өөрийн овог, нэр, хаягаа бичих талаар заасан. Хуулийн 14.2 дахь заалтад тус шаардлагыг хангаагүй өргөдөл, гомдлыг хянан үзэхгүйгээр, 3 хоногийн дотор буцаах тухай заасан. Багш нарын гаргасан гэх өргөдөлд багш нарын овог, нэр бүрэн бичигдээгүй, хаяг тодорхойгүй байгаа. Иймд тус өргөдөл нь хуульд заасан шаардлагыг хангаагүй өргөдөл учир аймгийн Засаг дарга тус өргөдлийн дагуу хяналт шалгалт явуулах үндэслэлгүй юм.

Түүнчлэн, тус өргөдөлд сургуулийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж өгөхийг хүссэн агуулга тусгагдаагүй байгаа. Өргөдөлд “Иймд сургуулийн ирээдүйг бодолцон, багш сурагчдын эрх ашгийг хамгаалах үүднээс зохих шийдвэр гаргаж өгнө үү” гэж тусгасан нь сургуулийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхийг хүссэн агуулгаар ойлгогдохгүй юм. Иймд аймгийн Засаг дарга нь иргэдийн өргөдлийн үндсэн дээр хяналт шалгалт явуулсан гэж үзэх үндэслэлгүй. Өргөдлийн 2 дахь хуудсанд “Шалгах үндэслэл” гэх агуулга бүхий баримт байх боловч тус баримтыг хожим нөхөж үйлдсэн нь тодорхой ойлгогдоно. Учир нь, тус баримтад багш нарын гарын үсэг зурагдаагүй, багш нарыг гэрчээр асуухад тийм баримтад гарын үсэг зурсан талаар мэдүүлэг өгөөгүй, зөвхөн ганц хуудас баримтад гарын үсэг зурсан талаар мэдүүлэг өгсөн. Мөн өргөдлийн бүртгэлийн картын хуудасны тоо хэсэгт “1” гэж бичигдсэнийг “2” гэж засч, өөрчилсөн нь тус баримтыг нөхөж үйлдсэнийг харуулах юм. Иймд тус өргөдөл нь төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх үндэслэл болохгүй юм.

Иймд аймгийн Засаг даргын захирамж нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52.5 дэх заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52.3, 52.5 дахь заалтуудыг хэрэглээгүй тухай:

Хуулийн дээрх заалтад төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг гагцхүү түүнийг явуулах болсон үндэслэлийн хүрээнд хийх тухай заасан. Иймд иргэдийн өргөдлийн үндсэн дээр хяналт шалгалт хийх бол зөвхөн өргөдөлд дурдсан асуудлаар хяналт шалгалтын хүрээг хязгаарлах ёстой. Хэрэв, өргөдөлд дурдаагүй асуудлаар хяналт шалгалт явуулвал Засаг дарга иргэдийн өргөдлийн үндсэн дээр бус өөрийн санаачилгаар хяналт шалгалт явуулсан хэрэг болно. Аймгийн Засар дарга нь сургуулийн одоогийн захирал болох Еркегүлийн бичиж багш нараар гарын үсэг зуруулсан өргөдлийг үндэслэл болгосон мэтээр харагдуулж, өөрийн санаачилгаар хяналт шалгалт хийсэн байна. Аймгийн Засаг даргын маргаан бүхий захирамжид Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай заалтыг үндэслэл болгоогүй. Мөн захирамжийн 1 дэх хэсэгт “... сургуулийн үйл ажиллагаа, ерөнхий төлөв байдал болон сургуулийн удирдлагын талаар иргэдээс ирсэн санал, гомдлыг судлах, шалгах ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй баталсугай” гэж тусгасан байна. Эндээс харахад хяналт шалгалтын хүрээ нь иргэдийн санал, гомдлыг шалгахаас гадна сургуулийн үйл ажиллагаа, ерөнхий төлөв байдлыг шалгах явдал байсан байна. Өөрөөр хэлбэл, аймгийн Засаг дарга нь хуулийн 52.3 дахь заалтыг зөрчиж, өөрийн санаачилсан асуудлаар хяналт шалгалт хийсэн байна. Маргаан бүхий захирамжийн хавсралтаар хяналт шалгалт явуулах 14 чиглэлийг тогтоосноос нэг чиглэл нь “иргэдийн гомдолд дурдагдсан асуудал” гэж байгаа бол бусад чиглэлүүд нь иргэдийн өргөдөлд дурдагдаагүй, Засаг даргын өөрийн санаачилсан асуудлууд байна. Мөн хавсралтаар батласан чиглэлийн 14-т “бусад асуудлууд” гэж ерөнхийлөн заасан нь Засаг дарга өөрийн санаачилгаар, бүхий л асуудлыг хамарч хяналт шалгалт явуулсныг нотлох юм.

Иймд Засаг дарга нь иргэдээс хяналт шалгалт хийхийг хүсч өргөдөл гаргаагүй асуудлуудаар хяналт шалгалт явуулахаар шийдвэрлэсэн нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52.3, 52.5 дахь заалтуудыг зөрчсөн хэрэг юм.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4.1.7 дахь заалтыг хэрэглээгүй тухай:

Хуулийн 4 дүгээр зүйлээр төрийн хяналт шалгалтад баримтлах зарчмуудыг тогтоосон бөгөөд 4.1.7 дахь хэсэгт төрийн хяналт, шалгалтад “хяналт шалгалтыг давхардуулахгүй байх” буюу өмнө хийгдсэн эрх бүхий байгууллагын дүн, дүгнэлтийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай заасан. Сургуулийн өмнөх 4 жилийн санхүүгийн асуудлаар Аудитын “зөрчилгүй” тухай дүгнэлт гарч байсан. Иймд хуулийн дээрх заалтын дагуу тус асуудлуудаар дахин хяналт шалгалт хийх үндэслэлгүй. Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийн тус заалтыг хэрэглээгүй нь үндэслэлгүй юм. Хуулийн тус заалтыг хэрэглэхгүй байхын тулд өмнөх жилүүдийн аудитын дүгнэлтийг хуульд заасан “эрх бүхий байгууллагын дүгнэлт” биш гэж нотлох ёстой. Гэтэл, анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн зүгээс тийнхүү дүгнэлт, үндэслэл хийгээгүй мөртлөө хуулийн дээрх заалтыг хэрэглэхгүй байгаа нь үндэслэлгүй юм.

Захиргааны ерөнхий хуулийн 4.2.5, 42.2 дахь заалтуудыг хэрэглээгүй тухай:

Захиргааны ерөнхий хуулийн 4.2.5 дахь хэсэгт захиргааны үйл ажиллагаа зорилгодоо нийцсэн байх нь захиргааны үйл ажиллагааны зарчим байх тухай заасан бөгөөд хуулийн 42.2 дахь хэсэгт захиргааны байгууллага сонгох боломжоо зорилгодоо нийцүүлэн хэрэглэх тухай заасан. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52.2 дахь хэсэгт төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийлгэх тухай иргэд, байгууллагын өргөдөл нь үндэслэлтэй гэж үзсэн нөхцөлд хяналт шалгалтыг хийх тухай заасан. Хуулийн тус хэсэгт хяналт шалгалт явуулахыг хүсч буй иргэн, байгууллага нь өөрийн өргөдлийг зохих нотлох баримтын хамт ирүүлэх бөгөөд хяналт шалгалтын байгууллага нь тус өргөдөл, нотлох баримтыг судлан үзэж, хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эсэх тухай шийдвэрлэх агуулгатай юм. Иймд хэрэв иргэдийн ирүүлсэн гомдол үндэслэлгүй гэж үзвэл төрийн хяналт шалгалт явуулах байгууллага нь хяналт шалгалт явуулахаас татгалзах бүрэн эрхтэй юм. Тухайлбал, хяналт шалгалт явуулах үндэслэлтэй, шаардлагатай тухай ямар нэгэн нотлох баримт ирүүлээгүй, эсвэл ирүүлсэн баримтуудыг судлан үзэхэд зөрчилтэй зүйл байхгүй бол хяналт шалгалт явуулахаас татгалзах боломжтой юм. Иймд аймгийн Засаг даргын хяналт шалгалт явуулах тухай шийдвэр нь өөрийн сонгох боломжийн хүрээнд гарсан шийдвэр тул сонгох боломжоо зорилгодоо нийцүүлэн хэрэгжүүлэх учиртай. Түүнчлэн, Захиргааны ерөнхий хуулийн 4.2.5 дахь заалтын дагуу зорилгод нийцсэн байх нь захиргааны үйл ажиллагааны зарчим тул захиргааны бүхий л шийдвэр зорилгод нийцсэн байх ёстой.

Засаг даргын маргаан бүхий захиргааны акт нь “нэхэмжлэгчийг сургуулийн захирлын албан тушаалаас халах” хууль бус зорилгын үндсэн дээр гарсан шийдвэр гэж үзэх дараах үндэслэлүүд байна.

Багш нарын ирүүлсэн гэх өргөдөлд ямар ч хяналт шалгалт явуулахыг хүссэн агуулга байхгүй атал хяналт шалгалт явуулсан. Тус өргөдөл нь хяналт шалгалт явуулах агуулгаар ойлгогдовч өргөдөлд хяналт шалгалт хийх шаардлагатай тухай ямар ч баримт байхгүй атал өргөдлийг хүлээж авснаас хойш 1 хоногийн дотор хяналт шалгалт явуулсан байна. Гэрчийн мэдүүлгүүдээр тогтоогдсон ёсоор сургуулийн ажилтан Еркегүл өргөдөл бичиж, тухай өргөдөл нь ямар агуулгатай болохыг нь багш нарт харуулахгүй (өргөдлийг дундуур нь нугалж) багш нараар гарын үсэг зуруулж, Засаг даргад аваачиж өгсөн бөгөөд тус өргөдөл ямар ч бүртгэлгүйгээр, сургуулийн бүхий л асуудлыг хамарсан, хуульд заасан хугацааг хэтрүүлсэн хяналт шалгалт хийх үндэслэл болсон нь, энэ ажлыг санаачилсан Еркегүл энэхүү шалгалтын дараа сургуулийн захирлын албан тушаалд томилогдсон нь (Еркегүлийг захирлаар томилох тухай саналыг аймгийн Засаг дарга нь Боловсролын сайдад бичгээр хүргүүлсэн байдаг) энэхүү хяналт шалгалт хууль бус зорилгын үндсэн дээр хийгдсэнийг нотлох юм. Түүнчлэн, “сургуулийн хяналт шалгалтыг давхардуулсан”, “бусад асуудлууд гэж ерөнхий байдлаар тодорхойлсон 14 чиглэл бүхий асуудлаар хяналт шалгалт явуулсан”, “шалгалт хийх хугацааг хэтрүүлсэн”, “шалгалтыг бүрэлдэхүүнтэй хийж, шалгалтын үндсэн дээр гарсан актуудыг нэхэмжлэгчид мэдэгдэх ёстой атал “хүлээн зөвшөөрсөн” гэдэг байдлаар гарын үсэг зуруулах гэж бэлдсэн” зэрэг нөхцөл байдлууд хяналт шалгалтыг хууль бус зорилгын үндсэн дээр хийгдсэнийг нотлох юм. Мөн хяналт шалгалтын тайлан гэх зүйлд шалгалтад хамааралгүй, хуулиар зохицуулагдаагүй асуудлууд болох “сургуулийн багш нарын уур амьсгал муу, хичээл заах арга зүй нь хуучин, сургуулийн будаг өнгө муу” гэх зэрэг асуудлуудыг зөрчил мэтээр тусгасан нь үүний нэг нотолгоо гэж үзэж байна.

Анхан болон давж заалдах шатны шүүхүүд маргаан бүхий захиргааны актыг зорилгод нийцсэн эсэх талаас хянаагүй, энэ тухай Захиргааны ерөнхий хуулийн дээрх заалтуудыг хэрэглээгүй нь үндэслэлгүй юм.

Сонсох ажиллагаатай холбоотой Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтуудыг хэрэглээгүй тухай:

Захиргааны ерөнхий хуулийн 4.2.6 дахь хэсэгт бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргах нөхцөлд сонсох ажиллагаа хийх нь захиргааны үйл ажиллагааны зарчим болох тухай заасан. Мөн хуулийн 26, 27 дугаар зүйлүүдэд сонсох ажиллагаа хийх журмуудыг заасан. Захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд өөрийн саналаа тусгуулахаар тайлбар хэлэх нь шийдвэр гаргах ажиллагаанд оролцогчийн эрх юм.

Аймгийн Засаг даргын болон улсын хяналтын байцаагч нарын маргаан бүхий захиргааны актуудыг гаргахдаа хуульд заасан сонсох ажиллагаа хийгээгүй, нэхэмжлэгчийг шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулаагүй байдаг. Иймд тус захиргааны актууд хууль бус юм. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд энэ тухай дүгнэлт хийгээгүй, Захиргааны ерөнхий хуулийн сонсох сонсох ажиллагааны журам тогтоосон болон шийдвэр гаргах ажиллагаанд оролцогчийн эрхийг тодорхойлсон заалтуудыг хэрэглээгүй нь үндэслэлгүй юм. Хэрэв, захиргааны байгууллага сонсох ажиллагаа хийгээгүй нь маргаан бүхий захиргааны актуудыг хүчингүй болгох үндэслэл болохгүй гэдэг байдлаар хуулийг тайлбарлаж хэрэглэвэл сонсох ажиллагаа хийх тухай Захиргааны ерөнхий хуулийн бүхий л заалтууд хэрэгжилтийг нь шаардах боломжгүй, тунхаг төдий зүйл болох болно. Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан ёсоор иргэд зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандах эрхтэй бөгөөд шүүх иргэний зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүрэг хүлээдэг. Иймд нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх болох захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцох эрхийг сэргээн эдлүүлэх ёстой.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5.6, 5.7, 5.9, 52.4 дэх заалтуудыг хэрэглээгүй тухай:

Улсын байцаагчид хяналт шалгалт хийх явцад Төрийн хяналт шалгалтын тухай хуулиар тогтоосон журмуудыг зөрчсөн нь нотлогдсон бөгөөд энэ талаар талууд маргадаггүй. Тухайлбал, хуулийн 5.6 дахь хэсэгт заасан хяналтын хуудасны хувь өгөх, шалгалтын зорилго, бүрэлдэхүүн танилцуулах журам зөрчигдсөн. Хуулийн 5.7 дахь хэсэгт заасан шалгалтын зөвхөн удирдамжийн дагуу хийх журам зөрчигдөж, удирдамжид заасан 5 хоногийн хугацаанаас хэтрүүлж хяналт шалгалтыг хийсэн. Хуулийн 5.9 дэх хэсэгт заасан шалгалтын тэмдэглэлийг шалгуулагч этгээдэд танилцуулах журам зөрчигдсөн талаар мөн талууд маргадаггүй. Хуулийн 52.4 дэх хэсэгт төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг ажлын 10 хоногоос хэтрүүлэхгүй тухай заасан боловч тус хугацааг мөн адил хэтрүүлсэн байдаг. Тухайлбал, анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлийн 6 дахь талд улсын байцаагчид “... нэлээд удаан хугацаанд үргэлжилсэн тал бий”, “ ... заавал хуульд заасан хугацаанд дуусгана гэж байхгүй. Гаргасан зөрчлөөс хамааран хугацааг сунгасан байгаа”, “шалгалт 15 хоног үргэлжилсэн” гэдэг байдлаар тайлбарлаж байсан. Шаардлагатай бол хяналт шалгалтын хугацааг сунгаж болох талаар хуульд заасны дагуу хугацааг сунгасан гэх боловч хуулиар хяналт шалгалтын хугацааг сунгах талаар заагаагүй байдаг.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5.7 дахь хэсэгт хяналт шалгалтыг зөвхөн удирдамжид заасны дагуу хийх талаар заасны дагуу улсын байцаагчид удирдамжид заасан 5 хоногт багтааж шалгалтыг дуусгах ёстой байсан. Өөрөөр хэлбэл, энэ нөхцөлд хуульд заасан ажлын 10 хоног бус удирдамжид тухайлан заасан хугацааг баримтлах юм. Гэвч, улсын байцаагчдын “шалгалтыг хугацааг хэтрүүлсэн ... 15 хоног хийсэн” гэх тайлбаруудаар ажлын 10 хоногийн хугацааг ч хэтрүүлсэн болох нь нотлогддог.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4.1.6 дахь хэсэгт хяналт шалгалтыг гагцхүү хуулиар эрх олгосон хяналт шалгалтын байгууллага, албан тушаалтан хэрэгжүүлэх тухай заасан журам мөн адил зөрчигдсөн. Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийн тус заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Анхан болон давж заалдах шатны шүүх энэ талаар “ төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5.5 дахь хэсэгт мэргэжлийн байгууллагыг татан оролцуулж болно гэж заасны дагуу бусад этгээдийг шалгалтад оролцуулж болно” гэдэг байдлаар тайлбарласан байна. Гэвч, хуулийн дээрх заалтуудыг дагуу хяналт шалгалтыг зөвхөн улсын байцаагчид хэрэгжүүлэх бөгөөд ингэхдээ мэргэжлийн байгууллагаас туслалцаа авах байдлаар тайлбарлах юм. Гэтэл, аймгийн Засаг даргын “хяналт шалгалтын ажлын хэсгийг батлах тухай” захирамжаар улсын байцаагчийн эрхгүй, хяналт шалгалтын бус мэргэжилтэн хяналт шалгалтыг удирдаж ажилласан нь мэргэжлийн байгууллагыг татан оролцуулсан бус хяналт шалгалтыг хэрэгжүүлсэн хэрэг юм. Анх хяналт шалгалтын ажлын хэсгийг батлах үеэс Засаг даргын А\511 дүгээр захирамжаар “ шалгах ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй баталсугай” гэж улсын байцаагчийн эрхгүй ажилтнуудыг оролцуулсан, ажлын хэсгийг ахлуулсныг мэргэжлийн байгууллагыг татан оролцуулсан гэж үзэх үндэслэлгүй юм.

Төсвийн тухай хуулийн 70.5 дахь заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухай:

Улсын байцаагчдын маргаан бүхий актуудад Төсвийн тухай хуулийн 70.5 дахь заалтыг үндэслэл болгосон бөгөөд хуулийн тус заалтад Төсвийн тухай хууль зөрчсөний улмаас хохирол учирсан бол нөхөн төлүүлэх тухай заасан. Гэтэл, нэхэмжлэгч нь Төсвийн тухай хуулийн ямар нэгэн заалтыг зөрчсөн тухай улсын байцаагчид нотолдоггүй. Гагцхүү Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн заалтууд зөрчигдсөн хэмээн маргадаг билээ. Мөн хуулийн тус заалт нь хүчингүй болсон заалт юм. Зөрчил гарсан гэж үзсэн нөхцөлд маргаан бүхий актуудад тусгагдсан үнийн дүнг нэхэмжлэгчээр нөхөн төлүүлэх тухай шийдвэр гаргах эрх улсын байцаагчид олгогдсон болохыг хариуцагчид нотлоогүй билээ.

Төсвийн тухай хуулийн 69.5, Монгол Улсын Засгийн 2015 оны 483 дугаар тогтоолоор баталсан Дотоод аудитын журмын 4.11 дэх заалтыг хэрэглээгүй тухай:

Төсвийн тухай хуулийн дээрх заалтаар дотоод аудитын ажиллах журмыг Засгийн газар батлахаар заасан бөгөөд Засгийн газраас батласан журмын 4.11 дэх хэсэгт төсвийн байгууллагад дотоод аудитын шалгалт хийх бол дээд шатны байгууллагатай зөвшилцсөний үндсэн дээр шийдвэрлэх тухай заасан. Нэхэмжлэгчийн ажиллаж буй сургууль нь лабаратори сургууль учир Боловсролын асуудал хариуцсан яаманд харьяалагддаг, яамнаас захирлыг нь томилдог сургууль. Иймд журмын дагуу тус сургуульд хяналт шалгалт хийх бол Боловсролын асуудал хариуцсан яамтай зөвшилцсөний үндсэн дээр шийдвэрлэх атал тус журам зөрчигдсөн.

Улсын байцаагчийн 18-01\46 дугаар актыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагын хувьд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.12.2 дахь заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухай:

Улсын байцаагчийн дээрх актаар нэхэмжлэгч томилсон этгээдийн шийдвэргүйгээр нь үр дүнгийн урамшуулал авсан гэж авсан урамшууллыг төлүүлэхээр тогтоосон билээ. Засгийн газрын 2013 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 393 дүгээр тогтоолын 2.5 дахь хэсэгт үр дүнгийн урамшууллыг сургуулийн захирлын хувьд томилсон этгээдийн шийдвэрээр авах тухай заасан журам зөрчигдсөн нь үнэн. Гэхдээ нэхэмжлэгч нь тус журмын 2.2 дахь хэсэгт заасны дагуу үр дүнгийн урамшуулал авах нөхцөлийг хангаж байгаа. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.12.2 дахь заалтад хууль бусаар олсон орлогыг улсын орлого болгох, учруулсан хохирлыг арилгах тухай заасан. Нэхэмжлэгч нь үр дүнгийн урамшуулал авах нөхцөлийг хангаагүй мөртлөө урамшуулал авсан бол хуулийн дээрх заалтын дагуу хохирол төлүүлэх боломжтой. Томилсон этгээдийн шийдвэр байхгүй ч нэхэмжлэгч нь урамшуулал авах нөхцөлийг хангаж буй тохиолдолд түүнийг улсад хохирол учруулсан гэж үзэхгүй юм. Анхан болон давж заалдах шатны шүүх энэ талаар Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.12.2 дахь заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Улсын байцаагчийн 18-05\49 дүгээр актыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагын хувьд хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй тухай:

Улсын байцаагчийн дээрх актаар Өлгий сумын Засаг дарга Хабайгаар 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр давхар захирамж гаргуулан 8 сарын турш 1 468 104 төгрөг илүү авсан гэж үзэж, тус төлбөрийг нэхэмжлэгчээр төлүүлэхээр тогтоосон. Нэхэмжлэгч нь Өлгий сумын Засаг даргын захирамжийн дагуу ур чадварын нэмэгдэл авч байсанд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй юм. Улсын байцаагчийн актад “Өлгий сумын Засаг даргын захирамж гаргуулан илүү мөнгө авсан” гэх боловч нэхэмжлэгч нь тус албан тушаалтанд хууль бусаар нөлөөлөх замаар гаргуулж авсан зүйл байхгүй. Энэ тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 4.2.8 дахь хэсэгт заасан “хууль ёсны итгэлийг хамгаалах” зарчмийн дагуу нэхэмжлэгчийн итгэл хамгаалагдах учиртай. Нэхэмжлэгч нь Өлгий сумын Засаг даргад хууль бусаар нөлөөлөх замаар тус шийдвэрийг гаргуулаагүй тул тус шийдвэрийг хууль ёсны гэж үзэж байсан түүний итгэл хамгаалагдах ёстой. Иймд тус захирамжийн дагуу авсан ур чадварын нэмэгдлийг хууль бусаар олсон орлого гэж үзэх, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.12.2 дахь заалтын дагуу шийдвэрлэх үндэслэлгүй юм.

Улсын байцаагчийн 18-05\48 дугаар актыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагын хувьд:

Улсын байцаагчийн дээрх актаар нэхэмжлэгч нь хүүхдийн баярыг санхүүжүүлсэн гэж хариуцагч акт тогтоосон. Гэвч энэ нь, хүүхдийн баярыг санхүүжүүлсэн бус хүүхдийн баярын арга хэмжээний үеэр сургуулийн хүүхдүүдэд хоол өгөхтэй холбоотой зардал байсан. Хавтаст хэргийн 125 дахь талд буй баримтад улсын байцаагч Ербол нь энэ талаар “ ... тухайн мөнгийг хүүхдийн хоолонд зарцуулсан гэх анхан шатны баримт байхгүй. Хоол тараасан бол хүүхдийн нэрстэй баталгаажуулсан баримт байх ёстой” гэдэг байдлаар тайлбарласан байна. Гэтэл шүүх, энэ талаар тодруулж, нотлох баримтыг бүрэн цуглуулахгүйгээр тус мөнгөөр хүүхдийн баярыг санхүүжүүлсэн мэтээр дүгнэсэн байна. Мөн энэ талаар анхан шатны шүүх нь “төсвийн хэмнэлтийг БСШУС болон Сангийн сайдын хамтарсан тушаалаар баталсан журмын дагуу зарцуулах байсан” гэж дүгнэсэн нь хууль бус юм.

Нэхэмжлэгч нь илүү цагийн цалин авахдаа засвартай баримтаар авсан гэх асуудлын хувьд тухайн баримтууд нь цалин бодох үед цалин бодох үед бус хожим засварлагдсан байх боломжтой. Мөн хэдийгээр засвартай байгаа боловч нэхэмжлэгч нь илүү цаг ажиллахгүйгээр буюу үндэслэлгүйгээр илүү цагийн хөлс авсан болох нь нотлогдоогүй. Хэрэв илүү цаг ажиллаагүй мөртлөө цалин хөлс авсан бол төсөвт хохирол учруулсан хэмээн тухайн төлбөрийг төлүүлэх үндэслэлтэй билээ. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.12.2 дахь хэсэгт иргэний хууль бусаар олсон орлого, учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэх талаар заасан. Хуулийн тус заалтын дагуу шийдвэр гаргахын тулд хууль бусаар орлого олж, төсөвт хохирол учруулсан байх шаардлагатай бөгөөд энэ улсын байцаагчид тухайн асуудлыг холбогдох хууль тогтоомж буюу нарийвчилсан хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэх ёстой. Гэтэл, нэхэмжлэгч нь илүү цаг ажиллаагүй болох нь нотлогдоогүй. Мөн улсын байцаагчид тус асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлээгүй. Энэ тухай Төсвийн тухай хуулийн 70.5 дахь заалтыг баримталсан байх боловч тус заалт нь хүчингүй болсон заалт юм.

Давж заалдах шатны шүүхийн магадлалын 12 дахь талд “ нэхэмжлэгч нь улсын байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 18-05\48 дугаар актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын хувьд шүүхийн шийдвэрийн тус хэсэгт давж заалдах гомдол гаргаагүй байх тул энэ асуудлаар дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзлээ” хэмээн дүгнэсэн байна. Нэхэмжлэгч нь давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо “... нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэж тодорхой тусгасан. Давж заалдах гомдолдоо дээрх актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрч буй үндэслэлээ тайлбарлаж тусгасан байна.. Иймд давж заалдах шатны шүүхийн тус дүгнэлт нь үндэслэлгүй дүгнэлт байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхийг хүсч байна.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн зарим шаардлагын талаар буруу дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл муутай болжээ. 

 

Нэхэмжлэгч Ө.Гүлжазира нь Баян-Өлгий аймгийн  Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/511 дүгээр захирамж, мөн аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 18-01/46, 10 дугаар сарын 07-ны өдрийн 18-01/47 дугаар акт, 10 дугаар сарын 11-ний өдрийн 18-05/48, 10 дугаар сарын 11-ний өдрийн 18-05/49 дүгээр актуудыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай дээрх захиргааны актуудын тухайд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр хангах боломжгүй гэж үзлээ.

Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/511 дүгээр захирамжийн тухайд:

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5-ын “г”, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 8.2.3 дахь хэсгүүдэд заасны дагуу аймгийн Засаг дарга нь нутаг дэвсгэрийн боловсролын байгууллагын үйл ажиллагааг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр хянах, шалгалт явуулах эрхтэй болно.

Баян-Өлгий аймгийн дарга 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/511 дүгээр захирамж гаргаж, Өлгий сумын Ерөнхий боловсролын лаборатори 3 дугаар сургуулийн үйл ажиллагаа, ерөнхий төлөв байдлыг судлах, шалгах ажлын хэсэг байгуулж, шалгалтын удирдамж баталсан нь дээрх хуульд нийцсэн, эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан хууль ёсны шийдвэр байна.

Дээрх захирамж нь эрх бүхий албан тушаалтан буюу улсын байцаагчид хяналт шалгалт явуулах бүрэн эрхийг олгосон, захиргааны байгууллагын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагааг зохицуулсан, нэхэмжлэгчид чиглээгүй /дотогшоо үйлчлэл бүхий/, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны актын шинжийг агуулаагүй байхад шүүхүүд тухайн актыг “захиргааны акт” гэж буруу дүгнэж, хүчингүй болгох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь буруу болжээ.

Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/511 дүгээр маргаан бүхий захирамж нь дээр дурдсанаар нэхэмжлэгчид чиглэгдээгүй, захиргааны байгууллагын үйл ажиллагааг зохицуулахад чиглэгдсэн акт байх тул “...Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52.1, 52.3, 52.5, 4 дүгээр зүйлийн 4.1.7, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 42.2  дахь заалтуудыг зөрчсөн байхад шүүхүүд эдгээр хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн...” гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр уг актыг дүгнэх шаардлагагүй, энэ тухай гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

Иймд Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/511 дүгээр захирамж  хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зөв байна.

 -улсын байцаагчийн 2016 оны 18-01/46 дугаар актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын хувьд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2-т заасныг буруу тайлбарласан гэх гомдлын тухайд:

Төрийн албаны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т “Төрийн албан хаагчид ... улирлын ажлын үр дүнгээр болон ... мөнгөн урамшил олгож болно”, 31.3-д “...мөнгөн урамшил олгох журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар, ... тус тус тогтооно”, Засгийн газрын 2013 оны 393 тогтоолоор баталсан “Төрийн өмчийн сургуулийн өмнөх болон бага дунд боловсролын сургалтын байгууллагын багш, бусад албан хаагчид улирлын ажлын үр дүнгийн урамшил олгох журам”-ын 1.2, 2.2, 2.5-д тус тус зааснаар сургалтын байгууллагын эрхлэгч, захирлын улирлын ажлын үр дүнгийн урамшил олгох эсэх асуудлыг тухайн албан тушаалтыг томилсон эрх бүхий албан тушаалтан ажлын үнэлгээг харгалзан шийдвэрлэхээр байна.

Тухайн тохиолдолд эрх бүхий албан тушаалтны буюу Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын шийдвэр гараагүй байхад нэхэмжлэгч Ө.Гүлжазира нь үр дүнгийн урамшилд 983411 төгрөгийг авсан нь дээрх хууль, журмыг зөрчсөн байх тул хариуцагчаас Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2-т зааснаар илүү авсан урамшлыг улсын орлого болгохоор акт тогтоосон нь үндэслэлтэй.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ талаар гаргасан гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

 -улсын байцаагчийн 2016 оны 18-05/48 актын тухайд:

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Сангийн сайдын 2009 оны 560/276  дугаар хамтарсан тушаалаар батлагдсан “Хүүхдийн цэцэрлэгийн хоол, ерөнхий боловсролын сургуулийн үдийн цай, дотуур байрны хүүхдүүдийн хоол, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, коллежид суралцагчдын тэтгэлэгийн зардлын хэмнэлтийг тооцох, төвлөрүүлэх, зарцуулах журам”-ын Хоёр-ын 1, 6-д тус тус зааснаар сургуулийн захирал нь үдийн цайнаас үүссэн зардлын хэмнэлтийг сар бүр батлагдсан хүснэгтийн дагуу тооцож, улирал бүр дүгнэн орон нутгийн боловсрол, соёлын газарт ирүүлэхээр, тухайн улиралд гарсан зардлын хэмнэлтийг дараа улирлын эхний сарын 10-ны дотор, 4 дүгээр улирлын зардлын хэмнэлтийг 12 дугаар сарын 10-ны дотор төвлөрүүлэх дансанд шилжүүлж байхаар, Гурав-ын 4-т зааснаар зардлын хэмнэлтийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны болон Сангийн сайдын хамтарсан тушаалаар зарцуулахаар тус тус зохицуулсан байна.

Дээрх журамд зааснаар үдийн цайнаас зардлын хэмнэлт гарсан тохиолдолд уг хэмнэлтийг шууд зарцуулах эрхгүй байхад захирал Ө.Гүлжазира нь хүүхдийн баяр тэмдэглэх буюу зориулалт бусаар зарцуулахаар 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр тушаал гаргаж, 2001600 төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр “Кукамакти” ХХК-д шилжүүлсэн нь үндэслэлгүй, энэ талаар анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд зөв дүгнэжээ.

-улсын байцаагчийн 2016 оны 18-05/49 дүгээр актын тухайд:

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/102 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтаар Баян-Өлгий аймгийн 3 дугаар сургуулийн захирал Ө.Гүлжазирад 2015 оны 1 дүгээр улирлын ажлын үр дүнгийн урамшлыг 30 хувиар олгохоор шийдвэрлэсэн, харин 45%-иар урамшил олгох талаар ямар нэгэн тушаал гараагүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна.

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын 2010 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 362/112/183 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, зарим албан тушаалтанд ур чадварын нэмэгдэл олгох шалгуур үзүүлэлтийн 4-д “Ур чадварын нэмэгдлийн хэмжээг ур чадварын шалгуур үзүүлэлтийн хангалтын хувь, түвшнээс хамааруулан тухайн албан хаагчийн албан тушаалын сарын цалингийн 10-30 хувь байхаар тогтооно”, 10-д “Ерөнхий боловсролын сургуулийн захиралд ур чадварын нэмэгдэл олгох ... асуудлыг аймгийн Боловсрол, соёлын газрын даргын тушаалаар батлагдсан ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн захирлыг томилсон этгээдийн шийдвэрээр шийдвэрлэнэ” гэж тус тус заажээ.

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Б/103 дугаар тушаалаар Ө.Гүлжазирад 20 хувиар ур чадварын нэмэгдэл олгохоор шийдвэрлэсний дагуу тэрээр ур чадварын нэмэгдэл авч байсан боловч ур чадварын нэмэгдэл олгох эрхгүй этгээд болох Өлгий сумын Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 22 дугаар захирамжаар 25 хувийн ур чадварын нэмэгдлийг давхар авч байсан нь үндэслэлгүй юм.

Иймд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...нэхэмжлэгч нь Өлгий сумын Засаг даргад хууль бусаар нөлөөлөх замаар гаргуулж аваагүй учир Захиргааны ерөнхий хуулийн 4.2.8-д заасан “хууль ёсны итгэл хамгаалах” зарчмын дагуу хамгаалагдах ёстой учир хууль бусаар олсон орлого гэж үзэхгүй...” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй.

-Сонсох ажиллагаатай холбоотой Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтыг хэрэглээгүй гэх гомдлын талаар:

Нэхэмжлэгч нь дээр дурдсанаар маргаан бүхий актуудаар тогтоосон зөрчил гаргасан нэгэнт нь тогтоогдсон, актуудыг түүнд танилцуулсан байх тул Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг хийсэн эсэхээс үл хамаарч тухайн нөхцөл байдлын үр дагавар өөрчлөгдөхгүй тухайн тохиолдолд хариуцагчийг маргаан бүхий захиргааны актуудыг гаргахдаа “сонсох ажиллагаа хийгээгүй” гэж буруутгах боломжгүй юм.

Дээр дурдсанаар Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар сургуулийн 2014-2016 оны санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтаар тус сургуулийн захирал Ө.Гүлжазира нь сургуулийн төсвийг шууд захирагчийн хувьд Төсвийн тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж, улирлын ажлын үр дүнгийн урамшуулал, ур чадварын нэмэгдэл, илүү цагийн нэмэгдлийг хууль зөрчиж, үндэслэлгүйгээр авсан, үдийн цайны мөнгийг зориулалт бусаар ашигласан зэрэг зөрчил гаргасан болох нь тогтоогдсон, энэ талаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн шүүхүүд дэлгэрэнгүй, тодорхой, зөв дүгнэжээ.

Хяналтын шатны шүүх дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн  нэхэмжлэлийн зарим шаардлагын талаар буруу дүгнэсэн алдааг зөвтгөж, шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 110/ШШ2017/0025 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн  давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 221/МА2017/0479 дүгээр магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “..., Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/511 дүгээр захирамжийг” гэснийг хасаж, “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-д заасныг тус тус баримтлан Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/511 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн 2 дахь заалтыг шинээр нэмж, “2”, “3” дахь заалтын дугаарыг “3”, “4” дахь заалт болгон тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн  орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Д.МӨНХТУЯА

ШҮҮГЧ                                                                   Л.АТАРЦЭЦЭГ