Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2017/0130

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Халиунбаяр даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгч Н.Ариунаа нарыг оролцуулан хийж, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 01 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлоор, Н.Ариунаагийн нэхэмжлэлтэй, Увс аймгийн Улаангом сумын Ахлах 3 дугаар сургуулийн Үнэлгээний хороонд холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12  дугаар сарын 23-ны өдрийн 01 дүгээр шийдвэрээр: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 28 дугаар зүйлийн 28.1, 29 дүгээр зүйлийн 29.1 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Ариунаагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж, Улаангом сумын ахлах 3 дугаар сургуулийн Үнэлгээний хорооны хурлын 2016 оны 10 дугаар сарын 04, 10 дугаар сарын 18-ны өдрүүдийн “Б.Энхбаярын тендерийг сонгон шалгаруулсан тухай” шийдвэрүүдийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээд давж заалдах гомдолдоо: “Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн иргэн Бууч овогтой Б.Энхбаяр надтай холбогдох Увс аймгийн Улаангом сумын ахлах 3 дугаар сургуулийн цайны газрын тендертэй холбоотой иргэн Н.Ариунаатай давж заалдах нэхэмжлэл гаргаж байна. Б.Энхбаяр миний бие Ахлах 3 дугаар сургуулиас зарласан сургуулийн цайны газар түрээслэх тендерийн материалыг 20.000 төгрөгөөр авч оролцсон. 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр тендерийг 11 цаг 00 минутад нээсэн байсан. Би тендер нээх үед Улаангомд байгаагүй. Тендерт 3 хүн оролцсон ба гурвуулаа тендерийн шаардлага хангаагүй гэсэн бичгийг хэд хоногийн дараа хүлээн авсан. Миний хувьд “метр квадратын түрээсийн үнэ, хоолны үнийн санал бичээгүй байна” гэсэн бичиг ирсэн. Н.Ариунаагийн хувьд 1. Ажилчдын эрүүл мэндийн үзлэг дутуу, 2. Стандарт хэмжил зүйн зөвшөөрөл дутуу байсныг би энэ шүүхийн маргааны дунд мэдсэн.

Тайлбар: 1. Ахлах 3 дугаар сургуулийн биеийн тамирын багш Г.Бадамхатаныг танина. Ах дүү, хамаатан садангийн ямар ч холбоогүй. Би халх, Г.Бадамхатан дөрвөд ястан. Энэ талаар ямар ч ор үндэсгүй зүйл бичсэн байсан. Тендер болж байх үед би хөдөө ажлаар явж байсан тул тендер ахалсан ба оролцсон хүмүүсийг мэдээгүй. Ингээд 1 дүгээр тендерийн асуудал дууссан.

2. 2 дугаар тендерт дахин оролцохдоо тендерийн бичиг баримт үнэгүй өгсөн. Нийт 43 хуудас материал бүрдүүлж, дутуу бичиг баримтыг бүгдийг өгсөн. Н.Ариунаагийн нэхэмжлэлээс харахад стандарт хэмжил зүйн төвийн хоол үйлдвэрлэх зөвшөөрлийн бичиггүй оролцсон гэж Н.Ариунааг ойлгосон. Тэр бичгийг нь энэ сургуулийн захирал Д.Батбилэг, нягтлан бодогч М.Нэргүй нар битгий өг гээд өгүүлээгүй гэж байна лээ. Энэ ярианаас үүдээд би ойлгохдоо Н.Ариунаа нь ямар ч хамаагүй аргаар тендерт ялах бодолтой хүн байна.

Хэнийг ч гүтгэн доромжилж болдог гэж ойлгодог юм шиг байна. Намайг миний “Нүнжиг” нэртэй цайны газрыг хаагдсан, бараг гэр оронгүй, ийм цайны газар байдаг юм уу гэж гүтгэн, гутаан доромжилсон. Энэ дашрамд хэлэхэд Н.Ариунаагийн “Есөн Эрдэнэ” цайны газар миний харснаар хаалгаа бариад 1 жил орчим болж байгаа. Харин миний эзэмшдэг, миний өөрийн хөрөнгө 1 дүгээр 36 айлын 4-30 тоот орон сууцны 2 өрөө байр, “Нүнжиг” цайны газрын өргөтгөл байнга ажиллаж байна. Ахлах 3 дугаар сургуулийн үнэлгээний хорооны дарга Ч.Цэвээн, гишүүн Д.Таня нар нь Н.Ариунаатай үгсэн хуйвалдаж тендерийг будлиантуулж, Н.Ариунаагийн ямар ч үндэслэлгүй нэхэмжлэлийг хүлээн авч тендерийн хорооныхоо гаргасан шийдвэрийг няцааж байгаа нь, мөн тендерийн хорооны гишүүн, нийгмийн ажилтан Д.Амараа гэдэг хүнийг “Н.Ариунаад саналаа өг” гэж дарамталж”байсныг Д.Амараа өөрөө яриад явж байсныг гэрчлэх хүн байна. Намайг тендерт оролцоход 3 бичиг баримт дутуу өгсөн гэж .

1. Сүүлийн 3 жилийн ажлын туршлага, түүний үзүүлсэн, илэрхийлсэн  баримт.

2. Мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт тухайн ажиллаж байсан газрын дүгнэлт.

3. Эд хөрөнгийн баталгаа, төлбөрийн чадвартай байх гэсэн 3 шаардлага хангаагүй гэж үзэж миний шалгарсан тендерийг хүчингүй болгох шийдвэр анхан шатны шүүхээс гарсанд иргэн хүний хувьд би туйлын гомдолтой байна.

1. Би цайны газрынхаа зураг, тоног төхөөрөмжийг зургаар баримтжуулж өгсөн.

2. Стандарт хэмжил, зүйн төвийн хоол үйлдвэрлэлийн зөвшөөрөлтэй бол мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт гаргахаа больсон гэж албаны хүн хэлсэн. Манай байгууллагын чиг үүрэг нь иргэдийн санал гомдлын дагуу хяналт шалгалт хийж ажилладаг болсон гэж мэдэгдсэн болно.

3. Би хувь хүн учраас эхнэр Б.Оюунцэцэг болон өөрийнхөө дансны хуулгаа авч хавсаргасан.

4. Түрээсийн метр квадратын үнэ өндөр 7500, хоолны хямд үнийн саналаар давуу тал үзүүлж тендерт шалгарсан гэж бодож байна. Харин Н.Ариунаа стандарт хэмжил зүйн бичиг буюу хоол үйлдвэрлэх зөвшөөрөл байхгүй гэдгээ шүүх хурал дээр хэлж байсан. Н.Ариунаагийн “Есөн-Эрдэнэ” цайны газар нь ажиллахгүй байгаа тул хоол үйлдвэрлэх зөвшөөрөл олгогдоогүй гэж би ойлгосон. Түүнээс биш нэг сургуулийн захирал, нягтлан бодогч 2 тийм бичиг битгий өг гэснээр тэр бичгийг нь өгдөггүй, тангараг өргөсөн төрийн алба хаагч байхгүй гэж бодож байна. Иймд би тендерт оролцож шалгарснаар ямар буруутайгаа ойлгохоо болилоо. Би энэ тендерт шалгарснаар 2.610.000 /хоёр сая зургаан зуун  арван мянга/ төгрөгийн тоног төхөөрөмж авч засвар үйлчилгээ хийгээд ажиллуулж байна. Хэрэв миний үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргавал буруутай этгээдийг олж тогтоож өгнө үү.

Би тухайн этгээдээр хохирлоо бүрэн гаргуулж авах болно. Хэрэв миний бүрдүүлж өгсөн бичиг баримт дутуу гэж байгаа бол Н.Ариунаа мөн адил дутуу бичиг баримт бүрдүүлсэн гэдгээ Н.Ариунаа шүүх хурал дээр хэлж байсан. Н.Ариунаа нь тендерийн хороонд миний талын 2 хүн байгаа гэж удаа дараа, улаан цагаан хэл ам хийж явсныг гэрчлэх хүмүүс байгаа. Н.Ариунаа 1-2 жилийн хугацаанд Увс дулааны 2 дугаар станц, Увс эрдэм ахлах сургуулийн цайны газар түрээсэлж ажиллуулж байсан байгууллага болон хувь хүмүүстэй зүй бусаар харьцаж, үйл ажиллагаагаа зогсоож байсан туршлагатай нэгэн юм байна лээ. Одоо өөрийнх нь “Есөн-Эрдэнэ” цайны газар хаагдаад жил орчим болж байна. Цайны газар ажиллахгүй байна. Хоол үйлдвэрлэх зөвшөөрөл байхгүй, бичиг баримтаа дутуу бүрдүүлсэн Н.Ариунаагийн талд шийдвэр гарсанд гомдолтой байна. Энэ шийдвэрийг эрс эсэргүүцэж байна. Миний ахлах 3 дугаар сургууль болон орон нутгийн өмчийн газартай байгуулсан гэрээг хүчин төгөлдөр болгох, цаашид гэрээг үргэлжлүүлэн хэвийн ажиллагааг явуулах шийдвэр гаргаж өгөхийг хүсье” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэн Н.Ариунаа шүүхэд хандан “Улаангом сумын Ахлах 3 дугаар сургуулийн Үнэлгээний хорооны хурлын 2016 оны 10 дугаар сарын 04, 10 дугаар сарын 18-ний өдрүүдийн “иргэн Б.Энхбаярын тендерийг сонгон шалгаруулсан тухай” шийдвэрүүдийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын гаргасан тайлбар зэргээс дүгнэвэл анхны сонгон шалгаруулалт 2016 оны 09 дүгээр сарын 19-ны өдөр явагдсан байх бөгөөд оролцсон 3 иргэний ирүүлсэн материалыг хянан үзээд тендерийн баримт бичгийн шаардлага хангаагүй гэх үндэслэлээр бүгдээс нь татгалзжээ. Дээрх асуудлаар хэн алин нь маргаан үүсгээгүй, гомдол гаргаагүй байна.

Үнэлгээний хороо цайны газар түрээслүүлэх сонгон шалгаруулалтыг дахин 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр явуулахаар зарыг нийтэд мэдээлж, тус сонгон шалгаруулалтад урьд нь оролцсон 3 иргэн дахин материалаа бүрдүүлэн оролцжээ.

Шинэчлэн байгуулагдсан сонгон шалгаруулалтын үнэлгээний хороо 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн цайны газар түрээслүүлэх сонгон шалгаруулалтын ажиллагааг нээж, иргэдээс ирүүлсэн тендерийн баримт бичгийг хянан үзэхдээ зар мэдээ буюу тендерийн урилгад тавигдсан 13 шаардлагыг хангасан эсэхийг шалгаад иргэн Б.Ариунааг тендерийн баримт бичгийн шаардлагыг хамгийн сайн хангасан гэж үзэн сонгон шалгаруулж, Б.Ариунаатай гэрээ байгуулах саналыг сургуулийн захиралдаа хүргүүлсэн болох нь тогтоогджээ. Гэтэл Улаангом сумын Ахлах 3 дугаар сургуулийн захирал “Үнэлгээний хорооны Б.Ариунаатай гэрээ байгуулах тухай дээрх саналыг гишүүн бүрийн үнэлгээний хуудсаар гаргаж нэгтгэсэн саналтай зөрж байгаа”  гэсэн шалтгаанаар хүлээн авах боломжгүй гэсэн нь буруу болжээ.

Учир нь Үнэлгээний хороо 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр бүх ирүүлсэн баримт бичгийг хянан үзээд захиалагчаас тогтоосон шалгуур үзүүлэлтийг хамгийн сайн хангасан Б.Ариунаагийн материалыг шалгаруулан үнэлж, гэрээ байгуулах саналыг сургуулийн захиралд хүргүүлсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 28 дугаар зүйлийн 28.1, 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсгүүдэд заасныг зөв хэрэгжүүлж, хуульд нийцсэн шийдвэр байна. Тус өдрийн Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлээс үзэхэд гуравдагч этгээд Б.Энхбаярыг ажлын байрны дүгнэлт байхгүй, сүүлийн 3 жилийн туршлагыг баримтаар баталгаажуулаагүй, эд хөрөнгийн гэрчилгээгүй гэдэг баримт бичгийн шаардлага хангаагүй гэж үзэн түүний ирүүлсэн материалыг үнэлээгүй байхад Үнэлгээний хороо 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр дахин хуралдаж, иргэн Б.Энхбаярын сонгон шалгаруулалтын баримт бичгийг шалгаруулж, түүнтэй гэрээ байгуулах саналыг сургуулийн захиралдаа хүргүүлсэн нь иргэн Б.Ариунаагийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр болжээ.

Үнэлгээний хороо нэгэнт 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн иргэн Б.Ариунаагийн ирүүлсэн материалыг сонгон шалгаруулсан шийдвэрээ хүчингүй болгоогүй тул “нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Улаангом сумын Ахлах 3 дугаар сургуулийн Үнэлгээний хорооны 2016 оны 10 дугаар сарын 04, 10 дугаар сарын 18-ний өдрүүдийн “Б.Энхбаярын тендерийг сонгон шалгаруулсан тухай” Үнэлгээний хорооны хурлын шийдвэрүүдийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэлээ. Шүүх дээрх шийдвэрүүдийг хүчингүй болгож байгаа учраас 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн нэхэмжлэгч Б.Ариунаагийн тендерийг шалгаруулсан Үнэлгээний хорооны хурлын шийдвэр хүчин төгөлдөр үйлчлэх юм” гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Иймд гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэлгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 01 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дугаар зүйлийн 51.1-д заасныг баримтлан гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

            ШҮҮГЧ                                                            Э.ХАЛИУНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.БИЛГҮҮН

            ШҮҮГЧ                                                            Э.ЗОРИГТБААТАР