Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 01

 

       Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Оюунгэрэл даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

    Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 3-р багт оршин суух, иргэн Тайж овгийн Намсрайн Ариунаагийн нэхэмжлэлтэй,

        Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын Ахлах 3-р сургуулийн Үнэлгээний хороонд холбогдох,

     “Улаангом сумын ахлах 3-р сургуулийн 2016 оны 10 дугаар сарын 04, 18-ны өдрүүдийн “иргэн Б.Энхбаярын тендерийг сонгон шалгаруулсан” тухай Үнэлгээний хорооны хурлын шийдвэрийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Ариунаа, хариуцагч Улаангом сумын ахлах 3-р сургуулийн Үнэлгээний хорооны дарга Ч.Цэвээн, гуравдагч этгээд Б.Энхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Жаргалсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

      Нэхэмжлэгч Н.Ариунаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ахлах 3-р сургууль нь 2016.09.12 өдөр зарласан цайны газар түрээслэх тендэрт миний бие Ариунаа нь тус тендерийн материалыг 20.000 төгрөгөөр авч оролцсон ба 2016 оны 09.19-ний өдөр тендерийг 11 цагт нээсэн. Уг тендерийг нээхдээ тендерийн хууль дүрмийг ноцтой зөрчиж, тендерт оролцож байгаа хүмүүсийг /миний бие оролцуулаагүй /нээсэн ба уг тендэрт 3-р сургуулийн биеийн тамирын багш Бадамхатан өөрийн дүү Энхбаярын нэрээр оролцсон. Энэ сургуулийн багш тендэрт оролцож байхад уг сургуулийн багш Буянтыг тендер ахлуулсан.

       Уг тендер орохдоо хурлын протокол үйлдээгүй надтай хамт 3 хүн тендерт оролцсон ба нөгөө 2 хүнээс үнийн санал ирээгүй нилээд бичиг баримт дутуу би үнийн санал оруулсан бүх бичиг баримтыг  гүйцээж тендерт оролцсон. Долоон хоногийн дараа тендерийн хариу ирэхдээ

  1. Ажилчдын эрүүл мэндийн үзлэг дутуу,
  2. Стандарт хэмжилзүйн зөвшөөрөл дутуу гэсэн 2 заалт заасан хариу ирүүлж дараагийн тендерт дээрх асуудлыг анхаарч оролцоно уу гэсэн хариу ирсэн. Энэ бол шалтаг шалтгаан.

      2-р тендер 2016 оны 09 дүгээр сарын 30-нд болсон тендерт дахин оролцсон ба 13 зүйлд заасны дагуу үг үсгийн алдаагүй баримтаа бүрдүүлж оролцсон. Нийт 94 хуудас баримт, гарын үсэг зурж би өөрийн биеэр тендер задалж байхад хэл ам хийж байгаад оролцсон. Тендерийн комисс орж ирж суудлаа эзэлж хүмүүсээ танилцуулж ахлаж байгаа хүний нэр танилцууулаагүй байхад орон нутгийн өмчийн ажилтан М.Нямдорж тендерийн материал задалж хууль бус зүйлээ дахин явуулж улмаар баримттай сайн танилцаагүй байхдаа Энхбаярыг дэмжиж байна гээд сууж байсан. Ингээд 09.30 ны тендер хүсэлт гаргаж шинээр комисс гаргуулсан. Үүнд:

  1. Цэвээн –ахлах 99458037
  2. Таня- менежер
  3. Аззаяа-эмч 96454488
  4. Нямдорж –орон нутгын өмчийн газар
  5. Соёлмаа – орон нутгын өмчийн газар
  6. Амараа – нийгмийн ажилтан
  7. Батням – боловсролын газрын дараах хүмүүс томилогдон ажилласан.

     2016.09.30-ны орой 16 цагийн үед 2 хүнээс өөрийгөө шалгарсан гэдгээ мэдсэн. Ингээд 7 хоногийн дараа хариу авахад дараах хариу өгсөн. Би стандарт хэмжилзүйн төвөөс ажил явуулах дүгнэлт авах гээд очсон боловч намайг ирвэл өгч болохгүй гэж захиад явсан байсан. Энэ бүх үйлдлийг захирал Батбилэг, ня-бо Нэргүй 2 хийж байгаа. Нэргүй нь удаа дараагийн тендерт иймэрхүү байдлаар оролцож төрийн албан хаагчийн ёс зүйгүй байдал гаргаж явдаг. Одоо нийт  1000 хүүхэд 100 багш ажилчдын эрх ашгийг зөрчиж 48 хоног энэ тендерийн үйл ажиллагааг үргэлжлүүлж тэр сургуулийн багш ажилчид буцалсан усгүй сууж байна. Миний бие нь 1-р шатны сонгон шалгаруулалтанд надад заасан 2 заалтыг шалтгаан биш, шалтаг гэж үзэж байна. Иймд Улаангом сумын ахлах 3-р сургуулийн 9 сарын 30-ны өдрийн үнэлгээний хорооны хурлын шийдвэрийг хүчингүй болгож, тендерт ялагч Н.Ариунаа надтай гэрээ байгуулахыг үнэлгээний хороонд даалгуулж өгнө үү ” гэжээ.

       Хариуцагч Увс аймгийн Улаангом сумын ахлах 3-р сургуулийн Үнэлгээний хорооны дарга Ч.Цэвээн шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Ахлах 3-р сургуулийн цайны газар түрээслэх сонгон шалгаруулалттай холбоотой нэхэмжлэлийг 2016.11.21-ний өдөр үнэлгээний хорооны дарга миний бие шүүхээс хүлээн авч 2016.11.25-ны өдөр тайлбарыг хүргүүлж байна. /тушаалыг хавсаргав/

Тайлбар 1

       Ахлах 3-р сургууль нь цайны газар түрээслэх сонгон шалгаруулалтыг 2016.09.12-ны өдрийн А/06 тоот захирлын тушаалаар үнэлгээний хороог дараах бүрэлдэхүүнтэйгээр томилогдон сонгон шалгаруулалт хийсэн. Үүнд: Үнэлгээний хорооны дарга Т.Буянт /биеийн тамирын багш, нарийн бичгийн дарга М.Нэргүй /нягтлан бодогч/, Гишүүд М.Нямдорж /ОНӨГ-ын худалдан авах ажиллагааны албаны мэргэжилтэн/, Р.Соёлмаа /ИТХ-ын мэргэжилтэн/, А.Аззаяа /сургуулийн эмч/ /Энэ талаарх шийдвэр, дүгнэлтийг тухайн үнэлгээний хорооны гишүүдээс авч хавсаргав/

Тайлбар2

      Өмнөх үнэлгээний хороо сонгон шалгаруулалтыг 2016.09.30-ны өдрийн 10.00 цагаас өмнө материалыг хүлээн авч 2016.09.30-ны 11.00 нээхээр зар өгч сонгон шалгаруулалт хийх байсан. /зарын баримтыг хавсаргав/.

     Сургуулийн захиралд иргэн Н.Ариунаа 2016.09.30-ны өдрийн 10.10 минутад үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг өөрчилж өгөх хүсэлт гаргасан байна. /хүсэлтийг хавсаргав/

      Иргэн Н.Ариунаагийн хүсэлтийн дагуу 2016.09.30-ны А/09 тоот тушаалаар дараах бүрэлдэхүүнтэй үнэлгээний хороог байгуулсан./тушаал хавсаргав./ Үүнд:

Үнэлгээний хорооны дарга                        Ч.Цэвээн /Сургалтын менежер/

Нарийн бичгийн дарга                    Д.Амараа /Нийгмийн ажилтан/

Гишүүд                                             Д.Таня /Сургалтын менежер/

                                                          М.Нямдорж /ОНӨГ-ын мэргэжилтэн/

                                                          Р.Соёлмаа /ИТХ-ын мэргэжилтэн/

                                                          А.Аззаяа /Сургуулийн эмч/

      Үнэлгээний гишүүдэд мэдэгдэж 5 гишүүнтэй Н.Ариунааг байлцуулан гишүүн М.Нямдорж материалын битүүмжийг нээсэн байсан. 11.25 минутад захирлын тушаалыг миний бие авч танилцуулан хурлаа эхэлсэн.

       Гишүүн бүрээр ашиг сонирхлын зөрчилтэй эсэх хуудсыг өгч баталгаажуулалт хийлгэсэн

       Хурлын үеэр иргэн Н.Ариунаа үнэлгээний хороонд хүсэлт гаргасан. /хавсаргав/

     Сонгон шалгаруулалт хийхэд баримтлах 13 шаардлага, шалгуур үзүүлэлтийг гишүүн бүрт тараан өгсөн.

    Гишүүн тус бүрдээ үнэлгээ хийж дүгнэлт гаргасан. Дүгнэлтийг нэгтгэн танилцуулахад иргэн Б.Энхбаяр 4 хүний санал, Н.Ариунаа 3 саналаар дэмжигдсэн байсан боловч гишүүдээс тавигдах шаардлагаа хангасан иргэнийг сонгох нь зүйтэй гэсэн санал гарсны үндсэн дээр дахин хэлэлцээд 13 тавигдах шаардлагыг хангасан иргэн Н.Ариунааг дэмжсэн дүгнэлт гаргаж гарын үсгээр баталгаажуулан захиралд эрх олгох санал хүргүүлсэн. /хурлын протокол, гишүүдийн дүгнэлт, эрх олгох саналыг хавсаргав/

        Үнэлгээний хорооны гаргасан шийдвэртэй сургуулийн захирал танилцан 2016.10.03-ны өдрийн №161 тоот албан бичгийг үнэлгэний хороонд ирүүлсэн /албан тоотыг хавсаргав/

     Үнэлгээний хороо 2016.10.04-ний өдөр дахин хуралдаж гишүүн бүр үнэлгээний хуудсаар гаргасан дүгнэлтээ үндэслэн 4:3 харьцаагаар иргэн Б.Энхбаярыг дэмжсэн шийдвэрийг гаргаж, гэрээ байгуулах саналын хамт хүргүүлсэн. /хурлын протокол, эрх олгох санал хавсаргав. № 2 хуралд Р.Соёлмаа хөдөө ажлаар явсан тул ирээгүй./

       Захирлын 2016.10.07-ны №162, 163, 164 албан тоотоор сонгон шалгаруулалтын талаарх мэдээллийг оролцогч 3 иргэнд хүргүүлсэн.

     2016.10.14-ний өдөр Увс аймгийн орон нутгийн өмчийн газраас №23 тоот албан бичиг сургуулийн захиралд ирсний дагуу сургуулийн захирал үнэлгээний хороонд 2016.10.18-ны өдрийн №167 тоот албан бичгийг ирүүлсэн. /албан бичгийг хавсаргав/

      Үнэлгээний хороо албан бичгийн дагуу 2016.10.18-ны 16.15 цагт дахин хуралдсан боловч гишүүд өөрийн гаргасан дүгнэлтээ л баталсан шийдвэрийг гаргасан тул олонхийн 4:3 саналаар иргэн Б.Энхбаярыг сонгож сургуулийн захиралд гэрээ байгуулах эрх олгох санал хүргүүлсэн. /№3 хуралдаанд гишүүн М.Нямдорж УБ хот руу ажлаар явсан тул ирээгүй. Протокол, гэрээ байгуулах эрх олгох саналыг хавсаргав/

    Гуравдагч этгээд Б.Энхбаяр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Б.Энхбаяр миний бие ахлах 3-р сургуулийн тендерийн бичиг баримтыг 20000 төгрөгөөр авч оролцсон. Тендер нээх үед би Улаангомд байгаагүй хөдөө ажлаар явж байсан. Нэлээн хэд хоногийн дараа надад бичгээр хариу ирсэн. Хариу ирэхдээ тендерийн бичиг баримтанд мкв-ийн үнийн санал ирүүлээгүй гэж бичсэн байсан. Бусад оролцогч нар мөн адил зарим бичиг баримтууд дутуу байсан тэгээд тендерийг хүчингүй болгосон гэж байсан. Тэгээд 2 дахь удаагаа тендер зарлагдахад тендерийн бичиг баримтыг үнэгүй өгсөн. Бид ирсэн бичгийн дагуу мкв-ын түрээсийн үнийн саналаа бичээд тендерт оролцсон. Надад өөр бичиг баримт дутуу гэсэн бичиг ирээгүй. Би энэ тендерт оролцохдоо ямар нэгэн хүнтэй хамтарч оролцоогүй, би энэ тендерийн хороонд ямар хүн ажиллаж байгааг мэдээгүй, миний хамаатан садан энэ сургуульд ажилладаггүй, Бадамхатан бид хоёрт хамаатан садны ямар нэгэн холбоо сүлбээ байхгүй. Бид найз нөхдийн холбоотой хүмүүс. Тендерт миний бие ялсан, гэрээ байгуулах санал гэж ахлах 3-р сургуулиас бичиг ирсний дагуу 2016 оны 10-р сарын 25-ны өдөр 3 талт гэрээ байгуулагдсан. Гэрээнд 2016 оны 11 сарын 1-ээс ажиллаж эхлэхээр гэрээ байгуулагдсан. Бид сурагчдын амралттай сар байсан тул 2016 оны 11 сарын 16-аас ажиллаад, үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа. Би энэ тендерийг шударга зөв явагдсан гэж үзэж байгаа. Би энэ тендерт оролцож ялснаар ямар нэгэн багш сурагчийн эрх ашгийг зөрчсөн зүйлгүй үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна” гэжээ.

      Нэхэмжлэгч Н.Ариунаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би 9 дүгээр сарын 12-ны өдөр зурагтаар анх мэдээлэл авч гуравдугаар арван жилийн тендерт оролцсон. Эхний тендерт бүх бичиг баримтаа бүрдүүлж аваад өглөө очиход намайг тендерт оруулахгүй гэж хэлсэн. Тэгээд гадаа хүлээгээд сууж байтал өдөр болж, би гайхаад асуухад тендер зарлагдаад дууслаа гэдэг хариу өгсөн. Эхний тендерийн хариу гарахад бид нар бүгд тэнцээгүй гэсэн хариу авсан. Хариугаа авсны дараа нягтлан Нэргүйтэй очиж уулзсан. Уулзаад Нэргүйг би протоколоо аваад ирнэ үү  гэж хэлэхэд эхний тендер дээр протокол үйлдээгүй гэдэг хариу өгсөн. Хоёр дахь тендерт зохих ёсоор 94 хуудас бичиг баримт бүрдүүлээд тендерт ордог журмынхаа дагуу дахиж очиж өгсөн. Тендер задлах өдөр би өөрөө оролцоно гэж хэлэхэд дахин надад татгалзсан хариу хэлсэн. Тэгээд би захиралд нь хүсэлт гаргаж, тендерийн хорооны хүмүүсийн гишүүдийг өөрчилж, өөрийн биеэр тендерт оролцсон. Орой би улаан загалмайн дэлгүүр дээр яваад ороход миний таних хэдэн хүмүүс надад баяр хүргэж тендерт тэнцсэн талаар хэлсэн. Тэгээд би тендерийн хорооны гишүүдтэй ярьж тэнцсэнээ баталгаажуулж авч, хариугаа очиж авахаар очсон. Ахлах гуравдугаар сургууль дээр очиж тэнцсэн хариугаа авах гэтэл намайг тэнцээгүй та ялагдсан гэж хэлсэн. Би иргэн хүний хувьд гомдолтой, миний эрх зөрчигдөж  байна гэж сургуулийн хороонд гомдол хэлсэн. Би сургуулийн менежер Танятай уулзахад албан ёсоор таныг шалгаруулахад манай хорооны гишүүд анхны өгсөн саналаа дэмжиж байна гэж хэлсэн. Иймд миний эрх зөрчигдсөн учраас би захиргааны хэргийн шүүхэд хандсан” гэжээ.

      Хариуцагч Улаангом сумын ахлах 3-р сургуулийн үнэлгээний хорооны дарга Н.Цэвээн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Миний бие Ахлах гуравдугаар сургуульд сургуулийн менежер ажилтай. Манай сургуулийн хувьд үнэлгээний хороо өөр үнэлгээний хороо 2016 оны 9 дүгээр сарын 12-нд байгуулагдсан байсныг бид нар ч мэдээгүй байсан. Тэгээд 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 10 цаг 10 минутын  үед сургалтын менежерүүдийг захирал дуудаж байна гэсний дагуу очиж уулзахад захирал бид нарт бүх удирдлагууд үнэлгээний хороонд орно гэж хэлсэн. Би үнэлгээний хорооны даргаар томилогдсоноо хурал орох тэр үед мэдсэн. Би өөрөө эрх үүргийн дагуу орж, хуулийн дагуу 13 шаардлагыг тавьж ажилласан. Б.Энхбаяр 4:3 харьцаагаар сонгон шалгаруулалтанд тэнцэж гарч ирсэн. Дээрх 13 шаардлагыг иргэн Н.Ариунаа бүгдийг нь хангасан, харин Б.Энхбаяр 13 шаардлагын 3 шаардлагыг нь хангаагүй байна гэсэн санал гишүүдээс гарч ирсний дагуу дахин хэлэлцээд бид нар иргэн Н.Ариунааг дэмжинэ гэсэн саналыг нь нэгтгэсэн. Тухайн өдөр мэргэжилтэн Нямдорж ажилтай гээд чөлөө аваад явсан байсан, харин үлдсэн 6 гишүүн хуралдаж дүнгээ нэгтгэсэн. Бүгдээрээ гарын үсгээ зурж санал нэгтэйгээр захиралд эрх олгох саналаа явуулсан. Захирал өмнөх дүгнэлт нь хүн бүрийн дүгнэлтийг харахад 4:3 харьцаатай байна, дахиад яагаад Н.Ариунаа гэсэн дүгнэлт гарсан юм бэ, дахин үнэлгээний хороо хуралдан уу, нэг шийдвэрт хүргэж өгнө үү гэсэн хариу бичиг өгсөн. Үүний дагуу бид нар дахин хуралдаж Н.Ариунаа гэдэг санал дээр нэгдээд гарсан гишүүд өмнөх бичгээр гаргаж өгсөн саналдаа нэг байна гээд шийдвэрийг хүн бүр гаргаж 4:3 харьцаагаар Н.Энхбаярыг дэмжээд захиралд эрх олгох санал хүргүүлсэн” гэжээ.

        Гуравдагч этгээд Б.Энхбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эхнийх сонгон шалгаруулалт хоёр шаардлага хангаагүй гээд буцсан. Хоёр дахь тендерийн хариу гарч байхад би аймагт байгаагүй, 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр намайг эвлэрлийн гурван тал гэрээ байгуулаарай гэж бичиг сургуулийн захиргаанаас ирсэн учраас би ажил үйлчилгээгээ явуулж эхэлсэн” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

       Иргэн Н.Ариунаа шүүхэд хандан “Улаангом сумын Ахлах 3-р сургуулийн Үнэлгээний хорооны хурлын 2016 оны 10 дугаар сарын 04, 18-ний өдрүүдийн иргэн “Б.Энхбаярын тендерийг сонгон шалгаруулсан тухай” шийдвэрүүдийг хүчингүй болгуулахыг хүсэж нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

          Шүүхээс хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдээс гаргасан тайлбар, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед хэргийн оролцогчдоос гаргасан нэмэлт тайлбар, бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь үнэлээд дараах хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

         2016 оны 09 сарын 12-ны өдрийн Улаангом сумын Ахлах 3 дугаар сургуулийн захирлын тушаалаар тус сургуулийн цайны газрыг түрээслүүлэх сонгон шалгаруулалтын /тендерийн/  Үнэлгээний хороог байгуулж, уг сонгон шалгаруулалтын ажлыг 09 дүгээр сард багтаан явуулахыг үнэлгээний хорооны дарга болон гишүүдэд даалгасан байна.

         Улаангом сумын Ахлах 3 дугаар сургуулийн сонгон шалгаруулалтын Үнэлгээний хороо 2016 оны 09 сарын 19-ны өдөр 11 цагт “цайны газар түрээслүүлэх” сонгон шалгаруулалтын ажиллагааг    нээж, сонгон шалгаруулалтанд оролцсон 3 иргэний тендерийг хянан үзээд тендерийн баримт бичгийн шаардлага хангаагүй гэх үндэслэлээр бүх тендерээс татгалзаж холбогдох иргэдэд хариу хүргүүлсэн байна. Үнэлгээний хороо цайны газар түрээслүүлэх сонгон шалгаруулалтыг дахин 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр явуулахаар зарыг нийтэд мэдээлсэн байна. Энэхүү зар мэдээний дагуу тус сонгон шалгаруулалтанд урьд нь оролцсон 3 иргэн дахин материалаа бүрдүүлэн оролцжээ. 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр сонгон шалгаруулалтны оролцогч иргэн Б.Ариунаагийн өргөдөл , хүсэлтийг үндэслэн Улаангом сумын Ахлах 3 дугаар сургуулийн захирал А/09 тоот захирамж гарган “цайны газар түрээслүүлэх” сонгон шалгаруулалтын Үнэлгээний хороог 7 хүний бүрэлдхүүнтэйгээр шинэчлэн байгуулсан байна.

        Шинэчлэн байгуулагдсан сонгон шалгаруулалтын үнэлгээний хороо 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн “цайны газар түрээслүүлэх” сонгон шалгаруулалтын ажиллагааг нээж,  иргэдээс ирүүлсэн тендерийн баримт бичгийг хянан үзэхдээ зар мэдээ буюу тендерийн урилгад  тавигдсан 13 шаардлагыг хангасан эсэхийг шалгаад “иргэн Б.Ариунааг тендерийн баримт бичгийн  шаардлагыг хамгийн сайн хангасан” гэж үзээд түүний тендерийг сонгон шалгаруулж, үнэлээд  Б.Ариунаатай гэрээ байгуулах саналыг сургуулийн захиралдаа хүргүүлжээ. Тус өдрийн Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлээс үзэхэд гуравдагч этгээд Б.Энхбаярыг ажлын байрны дүгнэлт байхгүй, сүүлийн 3 жилийн туршлагыг баримтаар баталгаажуулаагүй, эд хөрөнгийн гэрчилгээгүй гэдэг тендерийн шаардлага хангаагүй гэж үзэн түүний тендерийг үнэлээгүй байна.

      Улаангом сумын Ахлах 3 дугаар сургуулийн захирал Үнэлгээний хорооны Б.Ариунаатай гэрээ байгуулах тухай дээрх саналыг “гишүүн бүрийн үнэлгээний хуудсаар гаргаж нэгтгэсэн саналтай зөрж байгаа тул хүлээн авах боломжгүй” гэсэн учраас Үнэлгээний хороо 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр дахин хуралдаж, иргэн Б.Энхбаярын сонгон шалгаруулалтын баримт бичгийг /тендерийг/ шалгаруулж, түүнтэй гэрээ байгуулах саналыг сургуулийн захиралдаа хүргүүлсэн байна. Ийнхүү шийдвэр гаргахдаа өмнөх 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн иргэн Б.Ариунаагийн тендерийг сонгон шалгаруулсан шийдвэрээ хүчингүй болгоогүй байна.

        Үнэлгээний хорооны 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн шийдвэрийн талаар сургуулийн захирал сонгон шалгаруулалтанд оролцсон бүх хүмүүст мэдэгдсэн байгаа бөгөөд  иргэн  Б.Ариунаа тус шийдвэрийг эс зөвшөөрч Увс аймгийн Орон нутгийн өмчийн газарт хандан гомдол гаргажээ. Орон нутгийн өмчийн газрын дарга Ахлах 3 дугаар сургуулийн захиралд хандан сонгон шалгаруулалтыг явуулсан ажлын хэсэг сонгон шалгаруулалтын баримт бичгийг дахин хянан үзэж, хуулийн дагуу шийдвэр гаргахыг хүссэний улмаас сургуулийн захирал Үнэлгээний хорооноос иргэн Б.Ариунаагийн гомдлын дагуу дахин сонгон шалгаруулалтын дүнг нягтлахыг хүссэн байна. Үүний дагуу Үнэлгээний хороо 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр дахин хуралдаж, өмнөх 2016 оны 10 дугаар 04-ны өдрийн хурлын шийдвэрээ дэмжжээ.     

         Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа,ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт:- “Тендер нээсний дараа тендер тус бүр нь дараах шаардлага хангасан эсэхийг хянан үзнэ. нэгдүгээрт: энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасныг үндэслэн захиалагчийн тогтоосон чадавхийн шаардлага хоёрдугаарт: техникийн тодорхойлолт гуравдугаарт: тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл” гэжээ. Мөн хуулийн 27.3, 27.4 дэх  хэсгүүдэд “...энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ, 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж татгалзана” , 28 дугаар зүйлийн 28.1-д “...шаардлагад нийцсэн гэж үзсэн бүх тендерт үнэлгээ” гэж заажээ.

      Ахлах 3 дугаар сургуулийн захиргаа тендер шалгаруулалт явуулах тухай зар мэдээнд тендер шалгаруулалтанд тавигдах 13 шаардлагыг тусгаж өгсөн байна. Үүнийг захиалагч байгууллага Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14-16 дугаар зүйлд заасантай нийцүүлэн тендерт оролцогчдийн ерөнхий, санхүүгийн, техникийн чадавхи болон ажлын туршлагын талаарх үзүүлэлт, шаардлагуудыг тодорхойлж өгсөн байна гэж үзэхээр байна.

        Тендер оролцогчдод тавигдсан эдгээр чадавхийн талаарх 13 үзүүлэлт, шаардлагуудыг нэхэмжлэгч Б.Ариунаагийн тендер бүрэн хангасан болох нь мөн гуравдагч этгээд Б.Энхбаяр дээрхи шаардлагуудаас “сүүлийн 3 жилийн ажлын туршлагыг илэрхийлсэн баримт ирүүлсэн байх, ажлын байрны дүгнэлттэй байх /МХБ-ийн дүгнэлт тухайн ажиллаж байсан газрынхаа/, эд хөрөнгийн баталгаа, төлбөрийн чадвартай байх” гэсэн 3 шаардлагыг хангаагүй болох нь 2016 оны 09 дүгээр 30-ны өдрийн Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл, хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, тендер шалгаруулалтанд оролцогчдын баримт  бичгүүд зэргээр тус тус тогтоогдож байна.

       Үнэлгээний хороо 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр бүх тендерийг хянан үзээд  захиалагчаас тогтоосон шалгуур үзүүлэлтийг хамгийн сайн хангасан Б.Ариунаагийн тендерийг шалгаруулан үнэлж, гэрээ байгуулах саналыг сургуулийн захиралд хүргүүлсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 28 дугаар зүйлийн 28.1, 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсгүүдэд заасныг зөв хэрэгжүүлж, хуульд нийцсэн шийдвэрийг гаргасан байна гэж шүүх үзлээ.

      Түүнчлэн  Ахлах 3 дугаар сургуулийн захирлын Б.Ариунаатай гэрээ байгуулахаас татгалзсан татгалзал хуульзүйн үндэслэлгүй байгаа бөгөөд мөн 2016 оны 10 дугаар сарын 04,18-ний өдрүүдийн гуравдагч этгээд Б.Энхбаярын тендерийг сонгон шалгаруулсан Үнэлгээний хорооны хурлын шийдвэрүүд хуульд нийцээгүй гаржээ. Хариуцагч шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байна.

      Иймээс шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Улаангом сумын Ахлах 3-р сургуулийн Үнэлгээний хорооны 2016 оны 10 дугаар сарын 04, 18-ний өдрүүдийн Б.Энхбаярын тендерийг сонгон шалгаруулсан тухай Үнэлгээний хорооны хурлын шийдвэрүүд шийдвэрүүдийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэлээ. Шүүх дээрх шийдвэрүүдийг хүчингүй болгож байгаа учраас  2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн “нэхэмжлэгч Б.Ариунаагийн тендерийг шалгаруулсан” Үнэлгээний хорооны хурлын шийдвэр хүчин төгөлдөр үйлчлэх юм.

         Захиргааны шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

       1.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 28 дугаар зүйлийн 28.1, 29 дүгээр зүйлийн 29.1 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Ариунаагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж, Улаангом сумын ахлах 3-р сургуулийн Үнэлгээний хорооны хурлын 2016 оны 10 дугаар сарын 04,18-ны өдрүүдийн “Б.Энхбаярын тендерийг сонгон шалгарууласан тухай” шийдвэрүүдийг  тус тус хүчингүй болгосугай.

       2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийн төлбөрийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч /Увс аймгийн Улаангом сумын ахлах 3-р сургуулиас/ 70200 төгрөг  гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 113 дугаар зүйлийн 113.2-д зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Т.ОЮУНГЭРЭЛ