Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 101/ШШ2021/03313

 

 

 

 

 

 

 

 

 

            2021        10          21

                                 101/ШШ2021/03313

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

            Нэхэмжлэгч: С.ХХК-ийн гаргасан,

 

            Хариуцагч: К ХХК-д холбогдох,

 

76,155,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т, өмгөөлөгч А.Ө, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мандахтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:


            Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Нэхэмжлэгч “С” ХХК нь хариуцагч “К” ХХК-тай харилцан тохиролцон 2015-2017 оны хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасны дагуу хэд хэдэн удаа бетон зуурмаг нийлүүлэх гэрээг аман хэлбэрээр байгуулсан.

 

Ингээд гэрээний талууд 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр бетон зуурмаг нийлүүлсэн тооцоог тулгаж, тооцооны үлдэгдлийн баталгааг харилцан үйлдсэн. Уг тооцоо нийлсэн актанд тусгагдсанаар хариуцагч “К” ХХК нь манай компанид нийт 76,155,000.00 төгрөгийн өр төлбөртэй болохыг харилцан зөвшөөрч, хариуцагч К ХХК-ийн эрх бүхий төлөөлөгч гарын үсэг зурж, тамга тэмдгээр баталгаажуулсан юм.

 

Гэхдээ төлбөрийг шатахуун түгээх станцын ажил нь жигдрэх үеэр төлнө гэж аман байдлаар тохирч, гэрээний төлбөрийг хэзээ төлөх вэ гэдгийг зохигчид харилцан тохиролцоогүй, төлбөр тооцооны үлдэгдлийн баталгаанд хугацааг заагаагүй.

 

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.2-т заасны дагуу гэрээний үүрэг гүйцэтгэх хугацааг тодорхой бус хугацаагаар тохиролцсон. Иймээс тооцооны үлдэгдлийн баталгааны бичигт өр төлбөрийг хэдий хугацааны дотор төлж барагдуулахыг харилцан тохироогүйгээс шалтгаалан нэхэмжлэгч “С” ХХК нь хариуцагч “К” ХХК-ийн хүсэлтийг үндэслэн үүргээ сайн дураар биелүүлэхэд нь боломжит хугацааг олгосоор өдийг хүрсэн. Мөн хариуцагч талд мөнгөн төлбөрийн үүргийг зохих ёсоор гүйцэтгэхийг 2021 оны 06 дугаар сарын 14, 17-ны өдрүүдэд удаа дараа мэдэгдэж байсан боловч хариуцагч нь бодитоор ажил хэрэг болгоогүй, үр дүн гаргаагүй.

 

Иймд, бид 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хариуцагч “К” ХХК-нд үүргийн гүйцэтгэлийг шаардах тухай албан мэдэгдлийг шуудангаар хүргүүлж, тус компанийн захирал Б.Б-ийн  тоот дугаартай гар утсаар холбогдон мэдэгдэж байсан. Уг мэдэгдэлд “.....үүрэг гүйцэтгэх хугацааг хойшлуулах боломжгүй байгааг анхааруулж, Иргэний хуулийн 208 дугаар зуйлийн 208.2-д зааснаар албан мэдэгдлийг хүлээн авсан өдрөөс хойш нэн даруй хугацаанд 76,155,000.00 төгрөгийн үүргээ гүйцэтгэхийг шаардаж байна” гэсэн.

 

Мөн манай компаниас уг мэдэгдлииг хүргүүлсэнтэй холбогдуулан Иргэний хуулийн 43 дугаар зүйлийи 43.1.3-т зааснаар танай компанид албан бичгийн хариу өгөх 3 хоног, үүрэг гүйцэтгэх 5 хоногийн хугацааг тус тус олгож байна. Дээрх хугацааны дотор мэдэгдэлд хариу өгөөгүй, бас 76,155,000.00 төгрөгийг нэхэмжлэгч компанийн “Хаан банк” ХХК-ийн тоот данс руу шилжүүлээгүй нөхцөлд өр төлбөрийг эс үйлдэхүйгээр хүлээн зөвшөөрсөнд тооцож, шүүхээр нэхэмжлэн гаргуулахыг, холбогдох хууль хяналтын байгууллагаар шалгуулахыг албан ёсоор мэдэгдэж байна” гэсэн.

 

Гэтэл хариуцагч нь албан бичигт огт хариу өгөхгүй байхаас гадна гэрээний үндсэн үүргээ ноцтой зөрчсөн хэвээр байна. Талуудын тооцоо нийлсэн үйл баримт дээр нэгжийн үнийг 135,000.00 төгрөгөөр тооцож байсан. Үүнийг хариуцагч “К ХХК-ийн эрх бүхий албан тушаалтан хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж, тамга тэмдэг дарсан. Иргэний хуулийн 243 дугаар зүйлд зааснаар худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх учир бусдын өмчлөлд хөрөнгөө шилжүүлээд өгсөн байгаа тохиолдолд тухай этгээд хэрхэн яаж ашиглах нь өөрийнх нь асуудал юм.

 

Иймд, хариуцагч “К” ХХК-иас бетон зуурмаг нийлүүлэх гэрээний төлбөр болох 76,155,000.00 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Хариуцагч “К” ХХК нь 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдөр барилгын ажил гүйцэтгэх гэрээг М ХХК-тай байгуулж, шатахуун түгээх станцын барилга барих ажлыг гүйцэтгэхдээ нэхэмжлэгч “С” ХХК-иас бетон зуурмаг авч, тухай бүрт нь төлбөрийг төлж байсан юм.

 

Нэхэмжлэгч нь миксер /зуурмагийн/ машинаар зуурмагийг *******,*******т байрлах шатахуун түгээгүүрийн газар руу зөөсөн. Гэрээнд заасны дагуу тухайн барилгын ажлыг хийж гүйцэтгэх Зуунмод суманд байрлах шатахуун түгээх газарт 490.2 метр куб,*******т байрлах талбайд 27.6 метр куб бетон зуурмагийг ашигласан ба төлбөрийг шатахуун түгээх станцын ажил жигдрэх үед төлнө гэж дурдсан байсан.

 

Гэтэл шатахуун түгээх станц нь манай өмч биш, харин “М     ХХК-ийн өмч юм. Мөн нэхэмжлэгчийн зүгээс манай компанитай аман тохиролцоо хийсэн зүйл огт байхгүй байж 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр үүргийн гүйцэтгэлийг шаардах тухай албан бичиг ирсэн. Гэтэл манай тал тооцоо нийлсэн баримтыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь нийт 991 м3 бетон зуурмаг хүлээн аваагүй гэж маргаж байгаа учраас нэгжийн үнийг хүлээн зөвшөөрөхгүй.

 

“К” ХХК нь М ХХК-тай байгуулсан гэрээний дагуу зураг төслийг хийж гүйцэтгэсэн. Манай зүгээс ажлын зургийн дагуу шатахуун түгээгүүрийн газрыг барьж байгуулсан ба түгээх, буулгах, гол талбай, зам талбайд л нэхэмжлэгч талаас бетон зуурмаг авч байсан. Нэхэмжлэгчийн зүгээс 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 2015 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн хооронд хоёр талбайд бетон зуурмаг нийлүүлсэн. 2016 он, 2017 онд юу ч нийлүүлээгүй. Бид авсан зүйлийнхээ төлбөрийг төлсөн.

 

Мөн 2015 оны үйл баримтын шаардах эрх, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл гэрээтэй холбоотой 3 жилийн хугацаа дууссан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад                        

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “С” ХХК-иас хариуцагч “К” ХХК-нд холбогдуулан 76,155,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзвэл тус компаниас хариуцагчид холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсчээ. Шүүх, хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримт, нэхэмжлэгчийн тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

  1. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч “С” ХХК нь хариуцагч “К” ХХК нар 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр тооцоо нийлсэн акт үйлдэж, зохигчид 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэлх хугацааны өглөг, авлагын үлдэгдлийг 76,155,000.00 төгрөг болохыг баталгаажуулсан байна /х.х-ийн 10 хуудас/.

 

Тодруулбал, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгч “С” ХХК нь хариуцагч “К” ХХК-нд 911 метр куб бетон зуурмагийг бэлтгэн нийлүүлсэн бөгөөд гэрээний зүйлийн үнэ нийт 129,125,000.00 төгрөг байснаас хариуцагч нь 52,970,000.00 төгрөгийг төлсөн байна /х.х-ийн 11, 12 хуудас/.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.

 

Тайлбарлавал, худалдагч нь эрхийн болоод биет байдлын доголдолгүй гэрээний зүйлийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлсэн болон худалдан авагч нь үнийг тохирсон хугацаанд бүрэн төлсөн тохиолдолд тэдгээрийг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзнэ.

 

             Гэтэл хариуцагч “К” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа 911 метр куб бус, харин 517.8 метр куб бетон зуурмагийг хүлээн авсан гэж тайлбарлан маргаж байна. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.3-т “Энэ хуулийн 251.3-т зааснаас бусад тохиолдолд худалдагч нь гэрээнд заасан тоо, хэмжээнээс дутуу эд хөрөнгө илгээсэн бол худалдан авагч уг эд хөрөнгийг хүлээн авахаас татгалзах эрхтэй” гэж, мөн Худалдан авагч энэ хуулийн 254.3-т заасан эд хөрөнгийг хүлээн авсан бол худалдагч нь гэрээний үнэд хувь тэнцүүлэн дутуу эд хөрөнгийн үнийг буцааж төлнө” гэж тус тус заажээ.

 

            Өөрөөр хэлбэл, тус хуулийн 251 дүгээр зүйлийн 251.3-т “Үүргийн гүйцэтгэлд ноцтой нөлөө үзүүлэхээргүй бол эд хөрөнгийн зарим хэсгийг дутуу буюу гэрээнд зааснаас өөр барааг бага хэмжээгээр шилжүүлсэн, эсхүл эд хөрөнгийн нэг хэсэг нь доголдолтой байсан ч түүнийг бүхэлд нь доголдолтой гэж үзэхгүй” гэж зааснаар худалдагчийн нийлүүлсэн бетон зуурмаг нь гэрээнд заасан тоо хэмжээндээ хүрээгүй буюу доголдолтой байсан бол худалдан авагч нь гагцхүү хүлээн авсан бетон зуурмагийн хэмжээгээр үнийг нь төлж, нийлүүлээгүй хэсгийн үнийг төлөхөөс татгалзах эрхтэй.

 

Гэвч хариуцагч “К” ХХК нь 517.8 метр куб бетон зуурмагийг хүлээн авсан гэсэн тайлбарынхаа үндэслэлээ баримтаар нотлохгүй байна. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д “Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй” гэж зааснаар худалдан авагч нь нийлүүлсэн бетон зуурмагийг гэрээнд заасан тоо хэмжээнд хүрээгүй гэдгийг нотлох үүрэг, 254.6-д заасны дагуу баталгаат хугацаа тогтоож өгсөн бол тус хугацаанд, хэрэв тогтоож өгөөгүй бол 6 сарын энэ талаар худалдагчид доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай гомдлын шаардлага гаргах эрхтэй бөгөөд тийнхүү гаргаагүй тохиолдолд 254.2-т зааснаар үнийг бууруулахаар шаардаж болно.

 

Гэтэл хариуцагч буюу худалдан авагч компанийн зүгээс талуудын хооронд 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр тооцоо нийлсэн актыг баримтаар үгүйсгээгүй бөгөөд “М” ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу Төв аймаг болон*******т барьсан шатахуун түгээх станцын барилгын ажилд 517.8 метр куб бетон зуурмагийг ашигласан буюу 393.2 метр куб бетон зуурмагийг ашиглах шаардлагагүй болсон гэдгээ баримтаар нотлохгүй байна.

 

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “анхан шатны баримт гэж ажил, гүйлгээ гарсныг нотолж бүрдүүлдэг гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт болон бусад нотолгоог хэлнэ” гэж, мөн 13.5-т “Анхан шатны баримтад түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарснаар уг баримт хүчин төгөлдөр болно. Цахим хэлбэрээр бүрдүүлсэн анхан шатны баримт нь цахим гарын үсгээр баталгаажсан байна” гэж заажээ.

 

Өөрөөр хэлбэл, зохигчдын 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр үйлдсэн энэхүү тооцоо нийлсэн акт нь талуудын хооронд урьд өмнө 129,125,000.00 төгрөгийн үнэтэй ажил үйлчилгээ хийгдсэнийг нотолсон анхан шатны баримтад тооцогдоно.

 

Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1-д “Нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх гэрээг хүчин төгөлдөр гэж тооцоход үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр мэдэгдсэн байвал зохино” гэж заажээ. Тайлбарлавал, энэ хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д “эд хөрөнгө шилжүүснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцно” гэж заасны дагуу зохигчид 911 метр куб бетон зуурмагийг хүлээн авсан баримт үйлдсэн байх тул талуудын хооронд өмнө нь ийм хэмжээний бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн харилцаа байсан гэж үзнэ.

 

Иймд, нэхэмжлэгч нь 129,125,000.00 төгрөгийн үнэтэй 911 метр куб бетон зуурмагийг хариуцагчид нийлүүлсэн байх тул тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хүчин төгөлдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, гэрээний харилцаа үүссэн байна.

 

  1. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж заасан. Өөрөөр хэлбэл, худалдах, худалдан авах гэрээгээр үүрэг хүлээсэн зохигчид үүргийг тогтоосон газар, хугацаандаа гүйцэтгэх ёстой бөгөөд ийнхүү тодорхой хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй тохиолдолд үүргээ зөрчсөнд тооцох ба үүний улмаас нөгөө талдаа учирсан хохирлыг төлөх үүрэг хүлээнэ.

 

Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч “С” ХХК нь 911 метр куб бетон зуурмагийг хариуцагч “К” ХХК-ийн заасан буюу Төв аймаг болон*******т барьсан шатахуун түгээх станцын барилгын талбайд зохих ёсоор хүлээлгэн өгөх үүргээ биелүүлжээ. Тодруулбал, дээр дурдсан хуулийн 207 дугаар зүйлийн 207.1-д “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, үүргийн мөн чанарт харшлахгүй бол үүрэг гүйцэтгэх газрыг дараахь байдлаар тодорхойлно” гээд 207.1.4-т “бусад бүх үүргийг үүрэг гүйцэтгэгчийн оршин суугаа /оршин байгаа/ газар” гэж тус тус зааснаар хариуцагчийн санал болгосон газарт хүлээлгэн өгсөн байна.

 

Гэтэл хариуцагч “К” ХХК нь 911 метр куб бетон зуурмагийг хүлээн авсан атлаа 129,125,000.00 төгрөгөөс 52,970,000.00 төгрөгийг төлсөн боловч үлдэх 76,155,000.00 төгрөгийг төлөөгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Хэдийгээр Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1-д “Хоёр талын гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нэг тал нөгөө талынхаа өмнө үүргээ эхлэн гүйцэтгэхээс бусад тохиолдолд нөгөө тал хариу үүрэг гүйцэтгэхээс өмнө үүргээ гүйцэтгэхээс татгалзаж болно” гэж зааснаар хариуцагч “К” ХХК нь 76,155,000.00 төгрөгийг төлөөгүй үлдэх 393.2 метр куб бетон зуурмагийг нийлүүлээгүй гэсэн үндэслэлээр төлөхөөс татгалзаж болох ч нэхэмжлэгч “С” ХХК-ийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэсэн үйл баримт тогтоогдсонгүй.

 

  1. Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна” гэж зааснаар тус хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар нөгөө талаасаа хүлээсэн үүргээ гүйцэтгэхийг шаардах зарим эрх тодорхой хугацаагаар хязгаарлагддаг.

 

Тодруулан хэлбэл, энэ хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна” гэж зааснаар эдийн болон эдийн бус баялагтай холбоотой эрх зүйн харилцаанд оролцсон этгээд хуульд заасан буюу заагаагүй тодорхой төрлийн гэрээ болон нэрлэгдээгүй аливаа гэрээг холбогдох этгээдтэй байгуулсан бөгөөд тухайн этгээд гэрээний үүргээ зөрчсөнөөс улбаалан зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар буюу иргэний эрх зүйн хамгаалалтыг шүүхийн журмаар хэрэгжүүлэх тохиолдолд уг этгээдэд холбогдуулан шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 /гурав/ жил байх юм.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн зохигчдын 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр тооцоо нийлсэн актыг Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ” гэж заасны дагуу тоолоход 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр дууссан мэт харагдаж байна.

 

Гэвч талууд уг тооцоо нийлсэн актанд 76,155,000.00 төгрөгийг төлөх хугацааг тухайлан тохироогүй байх тул Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.2-т Үүрэг гүйцэтгэх хугацаа тогтоогоогүй буюу болзол тавиагүй, үүргийн шинж чанараас шалтгаалан түүнийг тодорхойлох боломжгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг хэдийд ч шаардах эрхтэй, үүрэг гүйцэтгэгч нэн даруй гүйцэтгэх үүрэгтэй байна” гэж заасан зохицуулалт үйлчилнэ.

 

Өөрөөр хэлбэл, энэ тохиолдолд зохигчид 76,155,000.00 төгрөгийг төлөх хугацааг гэрээгээр тохироогүй тул үүрэг гүйцэтгүүлэгч буюу нэхэмжлэгч нэхэмжлэгч “С” ХХК нь үүргийг хэдийд ч хариуцагч “К” ХХК-иас нэхэмжлэх эрхтэй бөгөөд Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.3-т “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол үүргийн шинж чанараас шалтгаалан үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг шаардсанаас хойш арав хоногийн дотор үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэх үүрэгтэй” гэж зааснаар хариуцагч нь 76,155,000.00 төгрөгийг шаардсан өдрөөс хойш 10 хоногийн дотор төлөх үүрэг хүлээнэ.

 

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч “С” ХХК-иас 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хариуцагч “К” ХХК-нд 76,155,000.00 төгрөгийг төлөх талаар шаардлага хүргүүлсэн байх бөгөөд хуульд зааснаар хариуцагч нь үүргийг 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор гүйцэтгэх ёстой байсан өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тоолоход дуусгавар болоогүй байна.

 

Тодруулбал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д “Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй” гэж заасныг үндэслэн татгалзсан нь үндэслэлгүй байна.  

           

Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд хариуцагчаас 76,155,000.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг үндэслэн хариуцагч “К” ХХК-иас 76,155,000.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “С” ХХК-нд олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 538,725.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 538,725.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Б.МАНДАЛБАЯР