Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2022/00368

 

“С в” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2021/03313 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 20 дугаар магадлалтай,

“С в” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“К” ХХК-д холбогдох,

76,155,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т болон өмгөөлөгч А.Ө нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэчулуун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч С в ХХК нь хариуцагч К ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний төлбөрт 76,155,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. 

2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2021/03313 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг үндэслэн хариуцагч К ХХК-иас 76,155,000.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С в ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 538,725.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 538,725.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.   

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 20 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2021/03313 дугаартай шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч С в ХХК, хариуцагч К ХХК-д холбогдуулан 76,155,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч талын давж заалдах гомдлыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 538,725 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэсэн байна.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т болон өмгөөлөгч А.Ө нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...“С в” ХХК /РД: 5149274/-ийн нэхэмжлэлтэй К” ХХК-д холбогдох “Худалдах, худалдан авах гэрээ”-ний үүрэгт нийт 76,155,000 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий иргэний хэргийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2021.12.24-ний өдөр хянан хэлэлцээд гаргасан 00020 тоот магадлалыг нэхэмжлэгч “С в” ХХК нь эс зөвшөөрч дор дурдсан үндэслэлээр, хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн тухай. Гомдол гаргагч буюу “С в” ХХК-ийн хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д “Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн” заасан үндэслэлээр энэхүү гомдлоо гаргаж байна. Тодруулбал, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх талуудын хоорондын маргааныг 2021.12.24-ний өдөр хянан хэлэлцээд гаргасан 00020 тоот магадлалдаа “Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг “...тооцоо нийлсэн актад 76,155,000 төгрөг төлөх хугацааг тухайлан тохироогүй байх тул Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.2 дахь хэсэгт заасан зохицуулалт үйлчилнэ” гэж дүгнэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан гэж үзэхээр байна” гэж дурджээ. Өөрөөр тайлбарлавал, анхан болон давж заалдах шатны шүүхийн хувьд хуулийг зөрүүтэй хэрэглэсэн. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 03313 тоот шийдвэртээ: “Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд хэлэлцүүлсэн зохигчдын 2017.01.26-ны өдрийн тооцоо нийлсэн актыг Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ” гэж заасны дагуу тоолоход 2020.01.26-ны өдөр дууссан мэт харагдаж байна. Гэвч талууд уг тооцоо нийлсэн актад 76,155,000 төгрөгийг төлөх хугацааг тухайлан тохироогүй байх тул Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.2-т Үүрэг гүйцэтгэх хугацаа тогтоогоогүй буюу болзол тавиагүй, үүргийн шинж чанараас шалтгаалан түүнийг тодорхойлох боломжгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг хэдийд ч шаардах эрхтэй, үүрэг гүйцэтгэгч нэн даруй гүйцэтгэх үүрэгтэй байна гэж заасан зохицуулалт үйлчилнэ. Өөрөөр хэлбэл, энэ тохиолдолд зохигчид 76,155,000 төгрөгийг төлөх хугацааг гэрээгээр тохироогү тул үүрэг гүйцэтгүүлэгч буюу нэхэмжлэгч С в ХХК нь үүргийг хэдийд ч хариуцагч К ХХК-иас нэхэмжлэх эрхтэй бөгөөд Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.3-т Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол үүргийн шинж чанараас шалтгаалан үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг шаардсанаас арав хоногийн дотор үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэх үүрэгтэй гэж зааснаар хариуцагч 76,155,000 төгрөгийг шаардсан өдрөөс хойш 10 хоногийн дотор төлөх үүрэг хүлээнэ” гэж дурдсан. Харин давж заалдах шатны шүүх магадлалдаа: “Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор гаргасан “Тооцооны үлдэгдлийн баталгаа” гэх баримтад ...2015.06.25-ны өдрөөс 2017.01.26-ны өдрийг дуустал хугацаанд өгч авалцсан зүйлээ 2 байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн нийлж үзэхэд 76,155,000 төгрөгийн өрийг данс буюу бэлнээр нэхэмжлэн авахаар тохиролцов гэжээ. Талууд үүссэн өр төлбөрийн талаар тооцоо нийлсэн уг өдрөөр өрийг төлөх баталгаа гаргажээ. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт “тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж, 79.7 дахь хэсэгт дээр дурдсан хугацаанаас эхлэн хөөн хэлэлцэх хугацаа дахин шинээр эхлэн тоолно гэж заасан. Дээрх тооцоо нийлсэн баримтад заагдсан 2017.01.26-ны өдрөөс хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж, мөн өдрөөс хойш шинээр хугацаа тоолохоор Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх 3 жилийн хугацаа 2020.01.26-ны өдөр дууссан байна” гэж дүгнэсэн. Дээрхээс харахад анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн байх ба гомдол гаргагчийн зүгээс давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарласан, мөн хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байна гэж үзэж байна. Тухайлбал: Нэгдүгээрт, давж заалдах шатны шүүх: “Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор гаргасан “Тооцооны үлдэгдлийн баталгаа” гэх баримтад ...2015.06.25-ны өдрөөс 2017.01.26-ны өдрийг дуустал хугацаанд өгч авалцсан зүйлээ 2 байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн нийлж үзэхэд 76,155,000 төгрөгийн өрийг данс буюу бэлнээр нэхэмжлэн авахаар тохиролцов” гэжээ. Талууд үүссэн өр төлбөрийн талаар тооцоо нийлсэн уг өдрөөр өрийг төлөх баталгаа гаргажээ” гэж дүгнэсэн. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс гаргаж өгсөн “тооцооны үлдэгдлийн баталгаа” нь Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д тусгагдсан баталгаа гаргах тухай бус харин талууд бетон зуурмаг нийлүүлэх гэрээгээр 2015-2017 оны хооронд өгч авалцсан бетоны хэмжээ, үнийн дүнг нийлж, тооцоо нийлсэн акт юм. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д “...баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана” гэсэн заалтын баталгаа гаргах гэдэг нь хариуцагч өөрөө гэрээний үүргээ хүлээн зөвшөөрч, нэг талын санал гаргах хэлбэрээр илэрхийлж буй хүсэл зоригийн илэрхийлэл юм. Гэтэл нэхэмжлэгчээс гаргаж өгсөн тооцооны үлдэгдлийн баталгаа нь санхүүгийн баримт буюу өгч, авалцсан зүйлсээ санхүүгийн хувьд нийлсэн акт юм. Өөрөөр тайлбарлавал, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “Анхан шатны баримт гэж ажил, гүйлгээ гарсныг нотолж бүрдүүлдэг гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт болон бусад нотолгоог хэлнэ” гэж заасны дагуу тооцооны үлдэгдлийн баталгаа нь талуудын хооронд байгуулагдсан бетон зуурмаг нийлүүлэх гэрээний дагуу өгч, авалцсан зүйлсийн тоо, хэмжээ, үнийн дүнг талууд хоорондоо нийлж буй санхүүгийн анхан шатны баримт, акт юм. Гэтэл давж заалдах шатны шүүх энэ тохиолдолд хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийг буруу тайлбарлан хэрэглэж, хуулийг анхан шатны шүүхээс зөрүүтэй хэрэглэсэн байна. Хоёрдугаарт, давж заалдах шатны шүүх магадлалдаа 79.7 дахь хэсэгт дээр дурдсан хугацаанаас эхлэн хөөн хэлэлцэх хугацаа тасалдах бөгөөд өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно гэж заасан. Дээрх тооцоо нийлсэн баримтад заагдсан 2017.01.26-ны өдрөөс хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж, мөн өдрөөс хойш шинээр хугацаа тоолохоор Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх 3 жилийн хугацаа 2020.01.26-ны өдөр дууссан байна” гэж дүгнэсэн. Давж заалдах шатны шүүх шаардах эрх тасалдаж, түүнээс хойш буюу 2017.01.26-ны өдрөөс эхлэн нэхэмжлэгчийг шаардах эрхтэй байсан гэж үзэж, хөөн хэлэлцэх хугацаа 2020.01.26-ны өдөр дууссан гэж үзсэн. Гэтэл 79 дүгээр зүйлийн 79.7 дахь заалтыг хэрэглэхийн тулд 79.1 дэх зохицуулалт энэ тохиолдолд хэрэглэгдэх үү гэдгийг эхлэн зөв тогтоох ёстой байсан. Давж заалдах шатны шүүх нь энэ асуудалд хуулийг анхан шатны шүүхээс зөрүүтэйгээр, буруу тайлбарлан хэрэглэсэн. Учир нь нэхэмжлэгчээс гаргаж өгсөн “Тооцооны үлдэгдлийн баталгаа” нь Иргэний хуулийн 79 дүгээр зүйлд дурдагдсан баталгаа бус харин санхүүгийн анхан шатны баримт буюу тооцоо нийлсэн акт юм. Иймд энэ тохиолдолд Иргэний хуулийн 79.1 дэх зохицуулалт хэрэглэгдэхгүй тул 79.7 дахь зохицуулалт мөн хэрэглэгдэхгүй гэсэн үг юм. Учир нь хөөн хэлэлцэх хугацаа тасалдах тухай ойлголт энэхүү маргаанд хэрэглэгдэхгүй байсан. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д “Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана” гэж заасан. Энэхүү зохицуулалтад 1/ үүрэг хүлээсэн этгээд буюу К” ХХК нь нэхэмжлэгчид баталгаа гаргасан байх; 2/ баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байх тухай тусгасан. Гэтэл Нэхэмжлэгч “С в” ХХК-иас шүүхэд гаргаж өгсөн Тооцооны үлдэгдлийн баталгаанд “...Нэхэмжлэгчийн нэрийн өмнөөс Ерөнхий нягтлан бодогч ажилтай Дашдорж овогтой Эрдэнэбулгантай тус хоёр байгууллагын хооронд 2015.06.25-ны өдрөөс 2017.01.26-ны өдрийг дуустал хугацаанд өгч авалцсан зүйлээ хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн нийлж үзэхэд К ХХК нь 76,155,000 төгрөгийн өртэй гарсныг харилцан батлав. Энэхүү өрийн үлдэгдлийг данс буюу бэлнээр тооцооны хэлбэрээр нэхэмжлэн авахаар тохиролцов” гэж тусгагдсан. Үүнээс харахад нэгдүгээрт, үүрэг хүлээсэн этгээд буюу “К” ХХК нь нэхэмжлэгчид баталгаа гаргаагүй байх ба харин талууд нэг бүрчлэн тооцоо нийлж, өртэй гарсныг харилцан баталсан байна. Хоёрдугаарт, баталгаа гаргасан бус харин өртэй болохыг харилцан тооцоо нийлж, данс эсхүл бэлнээр нэхэмжлэн авах тухай тохиролцсон байна. Иймд энэхүү тооцооны үлдэгдлийн баталгаа нь Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д заасан баталгаа гаргаж буй илэрхийлэл бус харин тооцоо нийлсэн акт болохыг тодорхой илтгэж байна. Гэтэл давж заалдах шатны шүүх магадлалдаа тус нотлох баримтыг баталгаа гэж дүгнэн, шийдвэрлэсэн нь буруу байна. Мөн нэхэмжлэгч С в” ХХК болон хариуцагч “К” ХХК-ийн хооронд хийгдсэн Тооцоо нийлсэн акт-д 76,155,000 төгрөгийг төлөх хугацааг тодорхойлж, хэзээ төлөх эсэхийг тодорхой заагаагүй. Харин талуудын гэрээний харилцаанд 76,155,000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэл байгаа гэдгийг талууд тооцоо нийлсэн актад тусгасан. Иймд шаардах эрх хэзээ үүссэнийг тогтоохын тулд тусгайгаас ерөнхий рүү шилжих аргыг хэрэглэх ёстой. Иргэний хуулийн ерөнхий ангийн зохицуулалт болох 208 дугаар зүйлийн 208.2-т “Үүрэг гүйцэтгэх хугацаа тогтоогоогүй буюу болзол тавиагүй, үүргийн шинж чанараас шалтгаалан түүнийг тодорхойлох боломжгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг хэдийд ч шаардах эрхтэй, үүрэг гүйцэтгэгч нэн даруй гүйцэтгэх үүрэгтэй байна гэж заасан зохицуулалт энэхүү маргаанд хэрэглэгдэх ёстой байсан. Анхан шатны шүүх тус зохицуулалтыг зөв тайлбарлан, хэрэглэсэн. Учир нь үүрэг гүйцэтгэх хугацааг хууль, гэрээгээр тодорхойлдог. Гэтэл нэхэмжлэгч болон хариуцагч нар гэрээг амаар байгуулсан, тооцоо нийлсэн актад үүрэг гүйцэтгэх хугацааг тодорхой заагаагүй юм. Иймд гэрээг бус харин Иргэний хуульд заасан зохицуулалтыг хэрэглэнэ. Иргэний хуулийн тусгай ангид үүрэг гүйцэтгэх хугацааг тодорхойлсон нарийвчилсан хэм хэмжээ байхгүй тул ерөнхий ангийн зохицуулалт буюу Иргэний хуулийн 208 дугаар зүйлийг хэрэглэх юм. Иймд анхан шатны шүүх хэрэглэх ёстой хуулийн заалтыг зөв хэрэглэсэн байхад давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, хуулийг зөрүүтэй хэрэглэсэн байна. Нэхэмжлэгч компанийн хувьд бетон зуурмаг нийлүүлэх гэрээний дагуу бетон зуурмаг нийлүүлсэн боловч давж заалдах шатны шүүхийн хуулийг буруу тайлбарлан, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсний улмаас нэхэмжлэгчид санхүүгийн томоохон алдагдал үүсч, хохирч байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасны дагуу Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.12.24-ний өдрийн 00020 дугаартай магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

5. Магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын гаргасан хяналтын гомдлыг Хяналтын шатны шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 001/ШХТ2022/00218 дугаар тогтоол гаргажээ.

ХЯНАВАЛ:

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв. 

7. Нэхэмжлэгч С в ХХК нь хариуцагч К ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний төлбөрт 76,155,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ...991 м.куб бетон зуурмаг хүлээн аваагүй учир нэхэмжилсэн үнийг хүлээн зөвшөөрөхгүй, ...нэхэмжлэлийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж маргажээ. 

8. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх ...нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хугацааг хэтрүүлсэн... гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байна.

9. Хоёр шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 75 дугаар зүйлийн 75.2-т заасныг зөрүүтэй тайлбарлан хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн байх ба хяналтын шатны шүүхээс анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, маргаанд хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан гэж дүгнэлээ.

10. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгчС вХХК нь К ХХК-тай бетон зуурмаг нийлүүлэх гэрээг амаар байгуулж, 2015 оны 6 дугаар сараас бетон зуурмаг нийлүүлсэн байх бөгөөд гэрээний дагуу нэхэмжлэгч нь 129,125,000 төгрөгийн үнэ бүхий 911 м3 бетон зуурмаг бэлтгэн нийлүүлсэн, хариуцагч нь үнээс 52,970,000 төгрөгийг төлсөн. Улмаар гэрээний талууд 2017.01.26-ны өдөр тооцоо нийлж акт үйлдэн, 2015.06.25-ны өдрөөс 2017.01.26-ны өдрийг дуусталх хугацааны өглөг, авлагын үлдэгдлийг 76,155,000 төгрөг болохыг баталж, өрийн үлдэгдлийг данс буюу бэлнээр нэхэмжлэн авахаар тохиролцсон байна.

11. Талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, .../-ийг/ худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар нэхэмжлэгч “С вХХК нь биет байдлын доголдолгүй бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэх, хариуцагч “К” ХХК нь үнийг төлөх үүргийг хүлээсэн байх ба гэрээний дагуу, тооцоо нийлсэн акт болон бусад баримтаар хариуцагч нь нийлүүлсэн бетон зуурмагийн үлдэгдэл төлбөрт 76,155,000 төгрөгийг төлөх үүрэгтэй нь тогтоогджээ. /хх-ийн 10-12 тал/

12. Хариуцагчаас ...нэхэмжлэгчийн зүгээс манай компанитай аман тохиролцоо хийсэн зүйл огт байхгүй байж, 2021.06.21-ний өдөр үүргийн гүйцэтгэлийг шаардах тухай албан бичиг ирсэн. ...Бид авсан зүйлийнхээ төлбөрийг төлсөн, мөн 2015 оны үйл баримтын шаардах эрх, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, өөрөөр хэлбэл гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах 3 жилийн хугацаа дууссан...” гэж маргасан байна.

13. Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна”, 75 дугаар зүйлийн 75.2-т “Энэ хуульд өөрөөр заагаагүй бол дараахь тохиолдолд хөөн хэлэлцэх тусгай хугацаа үйлчилнэ: 75.2.1. гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил;...” гэж тус тус заасан.

Анхан шатны шүүх хуулийн дээрх зохицуулалтыг маргаанд зөв тайлбарлан хэрэглэж, ...зохигчийн 2017.01.26-ны өдрийн тооцоо нийлсэн актаар зуурмагийн үлдэгдэл 76,155,000 төгрөгийг төлөх хугацааг тухайлан тохироогүй тул Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.2-т Үүрэг гүйцэтгэх хугацаа тогтоогоогүй буюу болзол тавиагүй, үүргийн шинж чанараас шалтгаалан түүнийг тодорхойлох боломжгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг хэдийд ч шаардах эрхтэй, үүрэг гүйцэтгэгч нэн даруй гүйцэтгэх үүрэгтэй байна” гэж зааснаар нэхэмжлэгч С в ХХК нь үүргийг хэдийд ч хариуцагчаас шаардах эрхтэй, харин хариуцагч нь мөн зүйлийн 208.3-т заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг шаардсан өдрөөс хойш 10 хоногийн дотор төлөх үүрэг хүлээнэ гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

Тодруулбал, хэргийн баримтаар нэхэмжлэгч нь үлдэгдэл төлбөрийн 76,155,000 төгрөгийг төлөхийг шаардаж 2021.06.21-ний өдөр хариуцагчид шаардлага хүргүүлсэн нь тогтоогдсон, анхан шатны шүүх ...хуульд зааснаар хариуцагч нь төлбөрийг шаардсанаас хойш 10 хоногийн дотор буюу 2021.07.01-ний өдрийн дотор гүйцэтгэх ёстой байсан, энэ өдрөөс хугацааг тоолоход хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болоогүй гэж дүгнэн, нэхэмжилсэн төлбөрийн 76,155,000 төгрөгийг хариуцагч “К” ХХК-аас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

14. Харин давж заалдах шатны шүүх ...тооцоо нийлсэн баримтад заагдсан 2017.01.26-ны өдрөөс хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж, мөн өдрөөс хойш шинээр хугацаа тоолоход Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх 3 жилийн хугацаа 2020.01.26-ны өдөр дууссан, өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч “С в” ХХК нь анхан шатны шүүхэд 2021.08.27-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хугацааг хэтрүүлсэн гэсэн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 167 дугаар зүйлийн 167.4-т заасныг зөрчсөн, Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.3-т заасан зохицуулалтыг хэрэглээгүй нь буруу байна.

15. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын ...давж заалдах шатны шүүх маргаанд хуулийг буруу тайлбарлан, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсний улмаас нэхэмжлэгчид санхүүгийн томоохон алдагдал үүсч, хохирч байна. ...магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү... гэсэн хяналтын гомдол үндэслэлтэй гэж үзлээ.

16. Дээр дурдсан үндэслэлээр магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 00020 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2021/03313 дугаар шийдвэрийг хэвээр үлдээн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 538,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Г.БАНЗРАГЧ

                           ШҮҮГЧИД                                                       П.ЗОЛЗАЯА

                                                                                                    Б.МӨНХТУЯА

                                                                                                    С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                    Х.ЭРДЭНЭСУВД