Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 101/ШШ2021/03248

 

 

 

 

 

 

 

 

 

            2021        10          19

                                 101/ШШ2021/03248

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: С ХХК-ийн гаргасан,

 

Хариуцагч: Л ХХК-нд холбогдох,

 

Тээвэрлэлтийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 59,204,388.00 төгрөг гаргуулах тухай үндсэн болон 29,500,006.00 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Л, хариуцагчийн төлөөлөгч Б.Б, өмгөөлөгч А.Б, нарийн бичгийн дарга Д.Мандахтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Манай компани хариуцагч “Л” ХХК-тай 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулсан. Тус гэрээгээр хариуцагч нь ******* улсаас нэхэмжлэгч “С” ХХК-ийн худалдан авсан 24,000 кг төл сонгиныг хүлээн авч тээврийг зохион байгуулах, бид гэрээгээр тохиролцсон хөлсийг төлөх үүрэг хүлээсэн байсан.

 

Ийнхүү тээвэрлэгч болох хариуцагч нь 2020 оны 03 дугаар сарьн 30-ны өдөр ******* улсын “Т” компаниас сонгиныг ачин авчирж, 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Монгол Улсад хүлээлгэн өгсөн. Гэтэл бид нарыг ачааг хүлээн авахад ихэнх сонгино нь маш их хэмжээгээр соёолж, үнэр орж муудсан байдалтай, цаашид тариалалтын шаардлагад нийцэхгүй болсон байсан.

 

Иймээс манай компани шинжээчийн дүгнэлт гаргуулахаар холбогдох байгууллагад хандсан бөгөөд эрх бүхий төлөөлөгчид Дархан-Уул аймаг дахь Дархан гаалийн баталгаат агуулахад 2020 оын 05 дугаар сарын 08-ны өдөр үзлэг шалгалт хийхэд *******аас нийлүүлэгдсэн хариуцагч “Л” ХХК-ийн тээвэрлэсэн уг 24,000 кг сонгины 10,560 кг нь тээвэрлэлт ачилтын горим алдагдсанаас үүдэн тээвэрлэлтийн явцад шүүс гоожиж муудан, их хэмжээгээр соёолж, үнэр орж ялзарсан гэсэн дүгнэлт гарсан.

 

Бид ******* улсын Т компаниас 1 кг сонгиныг 3,702 төгрөгөөр худалдаж авсан бөгөөд төлбөрийг 2 хувааж эхний шилжүүлгээр 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 59,699,052 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 29,164,730 төгрөгийг тус тус төлсөн. Нэхэмжлэл гаргах үед хоёр дахь төлбөрийг шилжүүлээгүй байсан, валютын ханшийн зөрүүтэй байдлаас үүдэж алдаатай нэхэмжлэл гаргасан байсан. Гэвч одоо хариуцагч “Л” ХХК-иас үнэр орж муудсан 10,560 кг сонгинын төлбөрт 39,100,064.25 төгрөг, тээвэрт 7,965,461.20 төгрөг, гааль болон НӨАТ-т холбогдох төлбөрт 11,882,699 төгрөг, бусад зардалд 256,113 төгрөг нийт 59,204,338 төгрөгийг нэхэмжилж байна.

 

Талуудын байгуулсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.10-д зааснаар зуучлагч тээвэрлэлтийн явцад ачаа бараанд өөрийн буруугаас учруулсан эвдрэл гэмтлээс шалтгаалсан хохирол болон нэмэлт зардлыг эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг үндэслэн бүрэн хариуцаж барагдуулна гэж тусгасан. Манай талаас хариуцагч “Л” ХХК-тай байгуулсан гэрээний гол харилцааны үндсэн үүрэг нь 24,000 кг сонгиныг бүрэн бүтэн тээвэрлэх үүрэгтэй ба хариуцагч нь сонгиныг заасан хугацаанд авчирч өгсөн боловч эвдрэл гэмтэлгүй бүрэн бүтэн хүлээлгэж өгөх үүргээ зөрчсөн тул Иргэний хуулийн 393 дугаар зүйлийн 393.1-т зааснаар хариуцлагыг хүлээх ёстой бөгөөд ачааны гэмтэлд норох, температурын өөрчлөлт, чанар муудах зэрэг орно.

 

Тээвэрлэлтийн улмаас 10,560 кг сонгино муудсан болох нь 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимын үзлэгийн тэмдэглэгээгээр нотлогдож байгаа юм. Тус үзлэгээр тээвэрт ачилтын горим алдсаны улмаас 10,560 кг сонгино муудсан болохыг тогтоосон ба цаашдаа худалдаа болон хүнсний хэрэгцээ хангахгүй болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

 

Харин хариуцагч “Л” ХХК нь шинжээчийн дүгнэлттэй маргадаг гэтэл Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн тахим бол хувийн байгууллага биш тул аль нэг талын эрх ашгийг үл хамгаалдаггүй, хөндлөнгийн хяналт шинжилгээ хийдэг байгууллага болно. Тээвэрлэгч нь Иргэний хуулийн 388.1.1-т зааснаар ачааны тоо хэмжээ, мөн 388.1.2-т зааснаар ачааны сав баглаа байдлыг шалгаж авах үүрэгтэй. Тухайн сонгино тээвэрлэлтийн явцад муудаагүй гэдгийг нотлох баримтыг хариуцагч нь гаргаж өгөөгүй, гэмтэлгүй буюу доголдолгүй бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн гэдгээ нотолж чаддаггүй. Иймээс манай компани Иргэний хуулийн 219.1-т зааснаар учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж үзэж байна.

 

Хариуцагч “Л” ХХК нь бараа материалыг хэвийн тээвэрлэх үүрэг хүлээж, хугацаандаа авчирсан боловч бүрэн бүтэн тээвэрлэх үүргээ зөрчсөн. Тухайн сонгино өөрөө хүнсний чиглэлийн зүйл учраас тээвэрлэлтийн улмаас муудсан гэж хариуцагч нь тайлбарладаг боловч шинжээчийн дүгнэлтээр тээвэрлэлт болон ачилтын горимоос үүдэн сонгино муудсан гэж гарсан. Хариуцагчийн зүгээс шинжээчийн дүгнэлтийг мушгиж тайлбарлаж байна.

 

Гэтэл Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхим нь талуудын эрх ашгаас үл хамааран дүгнэлтээ гаргадаг олон улсын байгууллага, уг байгууллага нь шинжээчийн дүгнэлт гаргахдаа холбогдох хууль тогтоомжийн хүрээнд гаргасан гэж үзэж байна. Мөн хариуцагч нь сонгино өөрөө чанарын шаардлага хангаагүй гэж байна. Гэтэл “Т” компаниас ирүүлсэн албан бичиг дээр хэвийн, чанарын шаардлага хангасан гэж бичэгдсэн ба нийт 24,000 кг сонгины 40 хувь нь муудсан. Үүнтэй холбоотой гаалийн татвар болон бусад зардлаа манайх нэхэмжилсэн ба гаалийн татварт 26,000,000.00 төгрөгийг төлсөн. Үүнээс 40 хувийг учирсан хохирлыг хувь тэнцүүлэн гаргасан бөгөөд нэхэмжлэгч “Сэлэнгэ тариа” ХХК нь “Т” компанид нийт 88,863,782.00 төгрөг төлснийг кг сонгинодоо хуваахаар 1 кг сонгины үнэ 3,702.66 төгрөг гэж болж байна.

 

Хариуцагч “Л” ХХК нь гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн гэж тайлбарладаг. Гэтэл тээвэрлэсэн зүйлийг бүрэн бүтэн хүлээлгэж өгөөгүй учир сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Сонгиныг бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн бол тээвэрлэлтийн төлбөрийг өгөх боломжтой гэж үзэж байна. Иргэний хуулийн 219.1-т зааснаар учирсан хохирлоо шаардах эрхтэй, мөн хуулийн 346.1-т зааснаар ажлыг бүрэн хийж гүйцэтгэснээр хөлсийг бүрэн төлнө.

 

Өөрөөр хэлбэл ажлыг бүрэн гүйцэтгэж, үр дүнг хүлээлгэж өгсний дараа төлбөрийг төлөх боломжтой. Ажил гүйцэтгэгч нь эхлээд үүргээ гүйцэтгэж байж ажлын хөлсийг шаардах тулд Иргэний хуулийн 206.1-т заасан эрх үүргээ биелүүлэх ёстой байсан. Үүргийн гүйцэтгэлийг биелүүлэхийн тулд өөрөөс хамаарах бололцоотой бүхнийг хийж, гэрээнд саад болохуйц зүйлийг хийхгүй байх ёстой байсан. Иргэний хуулийн 208.2-т зааснаар ажлаа эхлээд гүйцэтгэсний дараа төлбөр шаардах эрхтэй гэж үзэж байна.

 

Иймд, тээвэрлэлт ачилтын горим алдагдсанаас үүссэн 59,204,338.00 төгрөгийн хохирлыг хариуцагч “Л” ХХК-иас гаргуулж өгнө үү” гэв.

 

            Хариуцагчаас тус шүүхэд гаргасан хариу тайлбар, сөрөг нэхэмжлэлдээ болон хариуцагчийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:

 

Нэхэмжлэлд дурдсанаар “Т” компаниас 1 кг төл сонгиныг 5,499.18 төгрөгөөр худалдаж авсан гэсэн байна. Тус компаниас тээвэрт дагалдуулсан үнийн дүнгийн нэхэмжлэхээр 1 кг төл сонгино нь 1.167 еврогийн үнэтэй. Бидний байгуулсан тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээний 2.1.13 болон тус гэрээний хавсралт нэгийн 8-р хүснэгтийн дагуу хохирлын үнэлгээг гаалийн бүрдүүлэлт хийсэн барааны нэхэмжлэхээр тооцно. Мөн бид 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр *******,*******,******* гэх газар очиж тариалангийн талбайд хийсэн үзлэгийн үеэр нэхэмжлэгч “С” ХХК-ийн агрономич н.Болорчимэгийн хэлснээр жил бүр төл сонгино тээвэрлүүлдэг ч ургаж, соёолж ирдэг тул нийт татан авалтын 10 хувийг хэвийн хорогдолд тооцдог гэж дурдсан нь хэвийн бус хорогдол ч гарч болзошгүй гэдгийг хүлээн зөвшөөрч байгаагийн илрэл юм.

 

Тэгэхээр нийт 24,000 кг төл сонгины 10 хувь буюу 2,400 кг нь хэвийн хорогдол байх бөгөөд үүнийг экспертийн тодорхойлсон хэмжээ буюу 10,560 кг-аас хасвал бодит учирсан хохирол 8,160 кг ба хохирлын дүнг тээвэрт дагалдсан барааны нэхэмжлэхээр тооцвол 9,522.72 евро байна. Үүнийг нэхэмжлэгч “С” ХХК-ийн нэхэмжлэл гаргасан өдрийн ханшаар тооцвол 31,893,112.00 төгрөг болж байна.

 

Нэхэмжлэгч нь 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр ******* Улсаас 24,000 кг бүхий төл сонгино тээвэрлүүлэхээр саналыг манай компанид ирүүлсэн. Бидний зүгээс үйлчлүүлэгчийн хүсэлтийн дагуу энгийн чингэлэг болон салхилууртай чингэлэгт тээвэрлэх гэсэн хоёр төрлийн үнийн санал хүргүүлсэн бөгөөд нэхэмжлэгч "С" ХХК-ийн менежер н.Оюун-Эрдэнэ нь 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр дан төмөр замаар салхилууртай чингэлэгт 30-35 хоногийн хугацаанд 5,500 еврогийн хөлстэйгээр тээвэрлэх үнийн саналыг баталгаажуулсан. Ингэснээр нэхэмжлэгч буюу хүлээн авагч ямар тээврийн хэрэгслээр хэрхэн тээвэрлэхийг ойлгож хүлээн зөвшөөрсөн юм.

 

Нэхэмжлэгч "С" ХХК-ийн мэргэжлийн байгууллагын хувьд тээвэрлүүлэх бүтээгдэхүүнийг түргэн муудах шинж чанар, онцлогийг маш сайн мэдэж байгаа бөгөөд энэ тухайгаа “Монголын төмөр зам” ТӨХК, мөн ОХУ-ын төмөр зам, Беларус Улсын төмөр замд тус тус тээвэрлэлтийн явцад үүсэх эрсдэлийг өөрсдөө бүрэн хариуцна гэдгээ баталгаажуулж албан бичгээр хүргүүлсэн. Энэ нь талуудын хооронд хийгдсэн тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээний 2.1.11 болон 5.4.3 дахь заалтыг хангах эрх зүйн үндэслэлгүй болгосон.

 

2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимын дүгнэлтэд 10,560 кг төл сонгино нь тээвэрлэлтийн явцад шүүс гоожиж, муудан, их хэмжээгээр соёолсон, үнэр орж ялзарсаныг тодорхойлсон байдаг. Энд тээвэрлэлтийн явцад гэж тодорхойлсноос биш тээвэрлэлтээс үүдэн хохирол учирсан гэдгийг тодорхойлоогүй, хохирлын шалтгааныг нотлох баримт байхгүй. Түүнчлэн үйлдвэрээс гологдол бүтээгдэхүүн гарсан байх боломжтой гэж үзэж байна. Учир нь, бид 2020 оны 4 болон 5 дугаар сард ******* Улсаас Монгол Улс хүртэл 10 чингэлгийн тээврийг зохион байгуулсан ба нэхэмжлэгч “С” ХХК-ийн захиалгын хувьд хамгийн сүүлд ачигдаж ирсэн чингэлэг байсан. Гэтэл бусад төл сонгины тээвэрт асуудал үүсээгүй, үйлчлүүлэгч нараас ямар нэгэн гомдол, нэхэмжлэл гаргаагүй.

 

Манай компани нэхэмжлэгч “С” ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 20/68 тоот хохирлыг нөхөн төлүүлэх тухай албан бичгийг хүлээн авч даатгагч байгууллага болох "Х даатгал" ХХК руу хандсан боловч гадаад ачаа тээврийн даатгалын гэрээний татгалзах нөхцөлийн 14.4.12.2.3-т зааснаар даатгалын зүйлийн хадгалалт, тээвэрлэлтийн горим алдагдах, зөрчих, хугацаа хэтрэх, үйлдвэрийн гэмтэл, гологдолд нөхөн төлбөр шийдвэрлэхээс татгалзсан ба нэхэмжлэгч нь энэхүү гадаад ачаа тээврийн даатгалын гэрээний нөхцөлүүдтэй танилцсан байх тул мөн л дахин маргах үндэслэлгүй юм.

 

Тодруулбал, 24 тонн сонгины талаарх маргаан яригдаж байгаа боловч 10,650 кг нь шаардлага хангаагүй, 13,350 кг нь хэвийн ирсэн. Хэрэв тээвэрлэлтийн буруу байсан бол 24 тонн сонгино бүгд л муудах байсан. Яагаад гэвэл яг адилхан чингэлэг, горимоор тээвэрлэсэн учир бүгд л адилхан байх ёстой байсан. Магадгүй тухайн сонгинын 10,650 кг сонгино нь анхнаасаа биет байдлын доголдолтой байсан, бас ачилтаас шалтгаалсан байж магадгүй.

 

Харин ачилтыг “Т” компани гүйцэтгэсэн ба хариуцагч “Л” ХХК нь ачаагүй. Зохигчдын хооронд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбарлаад байгаа шиг тээвэрлэлтийн үйл явц явагдаагүй. Хамгийн гол нотлох зүйл бол “Монголын төмөр зам" ТӨХК, Оросын холбооны улсын төмөр зам, Беларусь улсын төмөр зам, Голланд улсын төмөр замаар тус тус тээвэрлэсэн. Манай компанийн хувьд ганцхан тээвэр зуучийн үүрэг л хүлээсэн ба замд гарсан бүх зардлыг төлж Дархан-Уул аймгийн гаалийн агуулахад сонгиныг 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдөр авчирсан.

 

Нэхэмжлэгчийн захиалсан салхилууртай чингэлэгт 24 тонн сонгино хэмжээндээ ирсэн, мөн явцын дунд хугацаа саатуулаагүй хэвийн ирсэн. Тухайн сонгино анхнаасаа чанарын шаардлага хангаж байсан уу гэдэг дээр нотлох баримт байхгүй.

 

Харин ч хугацааны хувьд арай богино хугацаанд ирэх боломжтой байхад нэхэмжлэгч нь сэлбэг хамт ачуулна гэх санал тавьж хугацаа алдсан байдаг. Анх нэхэмжлэгчийн ажилтан н.О нь эмзэг бараа шүү, тээвэрлэхдээ анхаараарай гэж байснаас үзэхэд эмзэг бараа учир чанар ямар байх вэ гэдгийг өөрсдөө мэдэж байсан гэдгийг харуулж байна. Сонгино нь өөрөө эрсдэлтэй бараа, энэ талаар шинжээчийн дүгнэлт дээр хугацааны алдалт нөлөөлсөн гэсэн. Гэтэл хэвийн хорогдолтой бараанд яагаад зуучийн үүрэг хүлээсэн “Л” ХХК-ийг буруутгаж байгааг ойлгохгүй байна.

 

Татварын хувьд чанарын шаардлага хангасан бараанд тохирсон хэмжээний татвар төлөх нь зүй ёсны хэрэг, харин чанарын шаардлага хангахгүй байгаа барааг устгуулаад татвар төлөхгүй байх боломжтой байсан. Гэтэл нэхэмжлэгч нь хариуцагчаас чухам ямар татварыг нэхэмжлээд байгаа нь тодорхойгүй байна. Тээврийн зардлын хувьд нэхэмжлэгчээс манайд өгөх ёстой төлбөр, гэтэл яагаад өгөөгүй байж буцаан нэхэмжлээд байна вэ гэдгийг ойлгохгүй байна. Бараа ирсэн талаар гаалийн байгууллага ганцхан нэхэмжлэгчид мэдэгдсэн, хэрэв манай компанид мэдэгдсэн бол очиж шалгах, тодруулах зэргээр ажиллах байсан бөгөөд хэрэгт манай компанийн ажилтан байсан мэт хуурамч баримт бүрдүүлж өгсөн байсан.

 

Ийнхүү бид нэхэмжлэгчтэй байгуулсан тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээгээр ******* Улсаас 24,000 кг сонгино тээвэрлэх захиалгат ажлыг зохих хугацаанд нь хийж гүйцэтгэж, 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдөр хүлээлгэж өгсөн. Ачааг хүлээн авснаас хойш 5 сарын хугацаа өнгөрсөн байхад нэхэмжлэгч “С” ХХК нь тээврийн хөлсийг төлөөгүй. Талуудын байгуулсан гэрээний 4.1-т зааснаар тээврийн төлбөрийг төлөх үүрэгтэй байсан.

 

Иймд, тээврийн хөлс болох 5,845 еврог алдангийн хамт гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан ба 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаарх еврогийн ханш 3,364.7 төгрөг буюу 19,666,671.00 төгрөг, алданги 2,922.5 евро буюу 9,833,335.00 төгрөг, нийт 29,500,006.00 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж өгнө үү, үндсэн нэхэмжлэлийг дээр дурдсан үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад           

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “С” ХХК-иас хариуцагч “Л” ХХК-нд холбогдуулан тээвэрлэлтийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс учирсан хохиролд 59,204,388.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулан тээвэр зуучлалын гэрээний төлбөрт 29,500,006.00 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзвэл хариуцагчид холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4-т зааснаар учруулсан хохирлыг арилгуулахыг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаас үзвэл нэхэмжлэгчид холбогдуулан мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг тус тус хүсчээ.

 

Гэвч шүүх, хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримт, талуудын тайлбарыг тус тус үндэслэн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлээс зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

  1. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч “С” ХХК нь 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хариуцагч “Л” ХХК-тай тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэх тухай гэрээ байгуулжээ. Тодруулбал, тус гэрээгээр хариуцагч нь нэхэмжлэгчийг төлөөлөн түүний гадаад, дотоодоос худалдан авсан бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэн авч ирэхтэй холбоотой улс хоорондын болон орон нутгийн ачаа тээврийн үйл ажиллагааг зохион байгуулах, нэхэмжлэгч нь төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна /х.х-ийн 19-23 хуудас/.

 

Ингээд зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтаар нэхэмжлэгч “С” ХХК нь ******* улс дахь “T” компаниас худалдан авсан 24,000 кг төл сонгиныг  Монгол Улс руу тээвэрлүүлэн авч ирүүлэхээр хариуцагч “Л” ХХК-нд ачаа тээвэрлэх ажлыг зохион байгуулахыг даалгасан байна.

 

Уг захиалгын дагуу хариуцагч “Л” ХХК нь 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд 24,000 кг төл сонгиныг тээвэрлэн авч ирэх үйл ажиллагааг зохион байгуулсан үйл баримтын талаар зохигчид маргаагүй боловч Монгол Улсад ирсэн сонгиноос 10,560 кг сонгино ашиглах боломжгүй болсноос нэхэмжлэгчид учирсан хохирлыг хариуцагч нь хүлээх эсэх талаар маргаж байна.

 

Тодруулбал, зохигчид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Экспорт, импортын барааны үзлэг шалгалтын 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн дүгнэлтэд 24,000 кг төл сонгины тээвэрлэлт, ачилтын горим алдагдсанаас 10,560 кг сонгино тээвэрлэлтийн явцад шүүс гоожиж муудсанаас их хэмжээгээр соёолсон, үнэр орж ялзарсан учраас цаашид ашиглах боломжгүй гэж устгалд оруулсан гэж тайлбарласан /х.х-ийн 208 хуудас/.

 

Тус нөхцөл байдлыг тодруулахаар шүүхээс 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хийсэн үзлэгээр хэсэг сонгино соёолж, чийг цохисон байдалтай болох нь тогтоогдсон бөгөөд ямар учир шалтгааны улмаас ийнхүү тээвэрлэсэн сонгино муудсан талаар 0000860 тоот үзлэгийн гэрчилгээнд “тээвэрлэлт, ачилтын горим алдагдсан” гэжээ /х.х-ийн 13-18, 201, 202 хуудас, 2 ширхэг хуурцаг/.

 

Гэтэл нэхэмжлэгч “С” ХХК нь хариуцагч “Л” ХХК-ийг тээврийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул 24,000 кг төл сонгины 10,560 мг сонгино тээвэрлэлтийн явцад шүүс гоожиж муудсанаас учирсан хохиролд нийт 59,204,388.00 төгрөгийг нэхэмжилж байна гэсэн /х.х-ийн 190, 191 хуудас/.

 

Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-д “Тээвэрлэлтийн гэрээгээр тээвэрлэгч нь зорчигч буюу ачаа, тээшийг тогтоосон газар хүргэх, тээвэрлүүлэгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн 386 дугаар зүйлийн 386.1-д “Ачаа тээвэрлэлтийн гэрээг дагалдах бичгийн хэлбэрээр байгуулна” гэж, түүнчлэн 393 дугаар зүйлийн 393.1-д “Тээвэрлэгч ачааг хүлээн авснаас хойш хүлээлгэн өгөх хүртэлх хугацаанд ачаа алдагдсан, дутсан, гэмтсэн, түүнчлэн тээвэрлэлтийн хугацаа хоцроосны хариуцлагыг бүхэлд нь буюу хэсэгчлэн хариуцна” гэж тус тус заажээ.

 

Тайлбарлавал, ачаа тээвэрлэлтийн гэрээгээр тээвэрлэгч нь тээвэрлүүлэгч этгээдийн дагалдах бичиг баримтын хамт хүлээлгэн өгсөн ачааг түүнтэй тохиролцсон газарт тээвэрлэн хүргэж өгөх үүргийг хүлээх бөгөөд гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас, аль эсхүл ачаа алдагдсан, дутсан, гэмтсэн, түүнчлэн тээвэрлэлтийн хугацаа хоцроосны хариуцлагыг хуульд зааснаас бусад тохиолдолд тээвэрлэгч этгээд хүлээнэ.

 

Гэтэл хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар 24,000 кг төл сонгиныг хариуцагч “Л” ХХК нь тээвэрлээгүй, харин “Монголын төмөр зам” ТӨХК-иар тээвэрлүүлсэн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Иймд, нэхэмжлэгч “С” ХХК болон хариуцагч “Л” ХХК нарын хооронд Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-д заасан тээвэрлэлтийн гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжгүй байна.

 

  1. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар Зам тээвэр, хөгжлийн яамнаас хариуцагч “Л” ХХК-нд 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр төмөр замын тээвэр зуучлалын үйл ажиллагаа эрхлэх гэрчилгээ олгожээ /х.х-ийн 203 хуудас/.

 

Хэдийгээр 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 24,000 кг төл сонгино тээвэрлэгдэж ирсний дараагаар хариуцагчид ийнхүү төмөр замын тээвэр зуучлалын үйл ажиллагаа эрхлэх гэрчилгээг олгосон байх боловч Аж ахуй нэгжийн тусгай зөвшөөлийн тухай хууль, Төмөр замын тээврийн тухай хуульд тус тус зааснаар энэ төрлийн үйл ажиллагааг зайлшгүй тусгай зөвшөөрөлтэй эрхлэхийг хуулиар шаардаагүй бөгөөд Төмөр замын тээврийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.7-д заасан төмөр замын нийтлэг багц дүрмийн хүрээнд Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн А/154 тоот тушаалын дагуу батлагдсан Төмөр замын тээвэр зуучлалын үйл ажиллагааны журмын 2 дугаар зүйлийн 2.1-д зааснаар хариуцагч нь төмөр замын тээвэр зуучлалын үйл ажиллагаа эрхлэх гэрчилгээ авсан байна.

 

Тодруулбал, хариуцагч “Л” ХХК нь төмөр замаар ачаа тээвэрлэхтэй холбоотой харилцаанд тээвэрлэгч, тээвэрлүүлэгч нарыг холбон зуучилдаг үйл ажиллагаа эрхэлдэг этгээд ажээ.

 

Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д “Зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн 413 дугаар зүйлийн 413.1-т “Аж ахуйн үндсэн үйл ажиллагааны хүрээнд худалдах-худалдан авах, даатгал, тээвэр, эд хөрөнгө хөлслөх, эсхүл худалдааны бусад үйл ажиллагаанд зуучлал явуулж байгаа этгээд худалдааны зуучлагчийн эрх эдэлж, үүрэг хүлээнэ” гэж тус тус заасан.

 

  Тайлбарлавал, энгийн зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагч буюу захиалга өгсөн этгээдэд гэрээ байгуулах сонирхолтой бусад этгээдийн талаар мэдэгдэж, тэдгээрийг холбож, улмаар гэрээ байгуулах завшааныг бий болгодог бол, худалдааны зуучлалын гэрээгээр энэ төрлийн үйл ажиллагааг тогтмол явуулж, аж ахуйн үйл ажиллагааныхаа чиглэл болгосон зуучлагч этгээд нь зуучлуулагчийн нэрийн өмнөөс, аль эсхүл өөрийн нэрээр сонирхогч талтай гэрээг байгуулах, мөн гэрээг байгуулагдахад хүргэх үүргийг хүлээдэг байна.

 

Худалдааны зуучлагч этгээдийг тухайн төрлийн үйл ажиллагааг өөрийн ажил мэргэжил болгож, байнгын шинжтэй тогтмол эрхлэн явуулдаг, түүний ажил хэргийн хүрээнд тогтсон харилцаа холбоо, ажлын туршлага зэрэг нь зуучлуулагчаас түүнд хандах сэдэл болдог бөгөөд худалдах, худалдан авах, даатгал, тээвэр, эд хөрөнгө хөлслөх, эсхүл худалдааны бусад үйл ажиллагаанд түүгээр зуучлуулсанаар зуучлуулагч нь ажлаа хөнгөвчлөх, өөрөөс гарах зардлын хэмжээг багасгах, учирч болох эрсдэлийг бага зардлаар даван туулах гэх мэт ач холбогдолтой байдаг ажээ.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримт, мөн шүүхээс 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр, 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр болон 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хийсэн үзлэгээр нэхэмжлэгч “С” ХХК нь хариуцагч “Л” ХХК-нд 24,000 кг төл сонгиныг Монгол Улс руу тээвэрлүүлэн авч ирүүлэхээр хариуцагч “Л” ХХК-нд ачаа тээвэрлэх ажлыг зохион байгуулахтай холбоотой тээвэрт зуучлах тухай саналыг хүргүүлсэн байна /х.х-ийн 135, 136, 162, 163 хуудас/.

 

Дэлгэрүүлэн авч үзвэл хавтаст хэргийн 43-45, 87-90, 121, 122, 130, 141-143, 153-155 дахь талд авагдсан цахим нотлох баримтад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 48 дугаар зүйлийн 48.1-д тус тус зааснаар үзлэг хийж бэхжүүлсэн бөгөөд зохигчид 24,000 кг төл сонгиныг Монгол Улс руу тээвэрлэхтэй холбоотой тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэх талаарх саналыг харилцан бие биедээ цахим хэлбэрээр хүргүүлж байжээ.

 

Ингээд талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтаар хариуцагч “Л” ХХК-иас 2020 оны 13-ны өдөр 24,000 кг төл сонгиныг энгийн чингэлэгээр тээвэрлэхэд 5,100 евро, салхилууртай чингэлэгээр тээвэрлэхэд 5,500 еврогийн зардал гарна гэсэн үнийн саналаас нэхэмжлэгч “С” ХХК нь салхилууртай чингэлэгээр тээвэрлүүлэхээр 5,500 еврогийн үнийн саналыг зөвшөөрсөн байна.

 

Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно” гэж, мөн 43 дугаар зүйлийн 43.1.1-т “хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон бол амаар хийх хэлцлийг хийсэн гэж үзнэ гэж, бас 196 дугаар зүйлийн 196.1-д “Дараахь үндэслэлээр гэрээг байгуулсанд тооцно” гээд 196.1.3-т “гэрээний саналыг хариу ирүүлэх хугацаатайгаар илгээсэн бөгөөд дурдсан хугацаанд нөгөө талаас зөвшөөрсөн хариу авсан” гэж тус тус заажээ.

 

Тодруулбал, нэхэмжлэгч “С” ХХК-ийн ачаа тээвэрт зуучлуулах тухай санал нь хариуцагч “Л” ХХК-нд хүрснээр хүчин төгөлдөр болсон бөгөөд хариуцагчаас энгийн чингэлэгээр тээвэрлэхэд 5,100 евро, салхилууртай чингэлэгээр тээвэрлэхэд 5,500 еврогийн үнийн санал 2020 оны 03 дугаар сарын дуустал хугацаанд хүчинтэй гэснийг нэхэмжлэгч нь хүлээн зөвшөөрсөн байна.

 

Иймд, үүнээс үзвэл зохигчдын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 413 дугаар зүйлийн 413.1-д тус тус зааснаар ачаа тээврийн зуучлалын гэрээ байгуулагдсан байна гэж дүгнэв.

 

  1. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж заасан. Өөрөөр хэлбэл, ачаа тээврийн зуучлалын гэрээгээр үүрэг хүлээсэн зохигчид үүргийг тогтоосон газар, хугацаандаа гүйцэтгэх ёстой бөгөөд ийнхүү тодорхой хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр огт биелүүлээгүй, аль эсхүл зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд үүргээ зөрчсөнд тооцож, үүний улмаас нөгөө талдаа учирсан хохирлыг төлөх үүрэг хүлээнэ.

 

Гэвч ачаа тээврийн зуучлалын гэрээгээр үүрэг хүлээсэн этгээд буюу хариуцагч “Л” ХХК нь 24,000 кг төл сонгиныг Монгол Улс руу өөрөө тээвэрлэх үүрэг хүлээгээгүй ба гагцхүү ******* улсаас авч ирэхтэй холбоотой бүх тээврийн үйл ажиллагааг нэхэмжлэгч “С” ХХК-ийн нэрийн өмнөөс зохих ёсоор зохион байгуулж, зуучлах үүрэг хүлээжээ.

 

Талуудын байгуулсан тээвэр зуучлалын гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.10-д зааснаар зуучлагч нь тээвэрлэлтийн явцад ачаа бараанд өөрийн буруугаас учруулсан эвдрэл гэмтлээс шалтгаалсан хохирол болон нэмэлт зардлыг эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг үндэслэн бүрэн хариуцахаар зохицуулсан байна.

 

Хариуцагч буюу зуучлагчийн уг хариуцлагыг хүлээх үндэслэл нь ачаа тээврийг хугацаанд нь зохион байгуулаагүй, тээврийн хөлсийг төлөөгүйгээс улбаалан тээвэрлэлт замдаа саадсан, тээвэрлэгчийг буруу сонгосон, захиалагч буюу зуучлуулагчийн өмнөөс ачаа тээврийн төрөл, горим, нөхцөлийг бие даан сонгох үүрэгтэй байсан боловч ийнхүү сонгохдоо тээвэрлэх ачааны шинж чанартай нийцүүлэн сонгоогүй, тээвэрлэгдэн ирж буй ачаа бараанд замд тохиолдсон эрсдэлийн талаар нэн даруй мэдээлээгүй гэх зэрэг үүргээ зөрчсөн бол хариуцлага хүлээнэ. 

 

Энэ талаар Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн А/154 тоот тушаалаар батлагдсан Төмөр замаар ачаа тээвэрлэх журмын 2 дугаар зүйлийн 2.1.1-д “төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогч, тээвэр зуучлагч нар нь төмөр замаар ачаа тээвэрлүүлэх захиалгыг орон нутгийн харилцаанд ачаа илгээх өртөөнд, олон улсын харилцаанд тээвэрлэгчийн эрх бүхий байгууллагад ирүүлэх” гэж, мөн 2.2.1-т “илгээгч, тээвэр зуучлагч, ачаа тээвэрлүүлэх захиалгыг орон нутгийн харилцаанд ачаа тээвэрлэх сар эхлэхээс 10 хоногийн өмнө, олон улсын харилцаанд 15 хоногийн өмнө тус тус тээвэрлэгчийн эрх бүхий байгууллагад ирүүлэх” гэж, түүнчлэн 3 дугаар зүйлийн 3.12-т “Ачаа ачих вагон ба чингэлгийн төрлийг илгээгч, тээвэр зуучлагч сонгоно” гэж тус тус заажээ. 

 

            Гэтэл нэхэмжлэгч “С” ХХК-ийн ******* улсаас Монгол Улс руу тээвэрлүүлсэн 24,000 кг төл сонгино тус улсад 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр ирэхдээ 10,560 кг сонгино цаашид ашиглагдах боломжгүйгээр гэмтсэн байх боловч дараах үндэслэлээр хариуцагч “Л” ХХК-ийг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнөөс учирсан хохирол гэж дүгнэх боломжгүй байна. Учир нь,

 

            Нэгдүгээрт, хариуцагч “Л” ХХК нь тус 24,000 кг төл сонгиныг Монгол Улс руу тээвэрлэх үйл ажиллагааг биечлэн гүйцэтгээгүй бөгөөд зөвхөн нэхэмжлэгч “С” ХХК-ийн болоод өөрийн нэрийн өмнөөс Монгол Улсад авч ирэх хүртэл тээвэрлэгч нартай холбож, тээвэрлүүлсэн,

 

            Хоёрдугаарт, нэхэмжлэгч “С” ХХК нь хариуцагч “Л” ХХК-нд ачаа тээвэрт зуучлах үйлчилгээ авах санал хүргүүлэхдээ ачааны шинж байдлын болоод тээвэрлэх нөхцөлийн талаар бүрэн гүйцэт мэдээлэл өгөөгүй, хариуцагчийн санал болгосон салхилууртай чингэлэгээр тээвэрлэхийг хүлээн зөвшөөрсөн,

 

            Гуравдугаарт, нэхэмжлэгч “С” ХХК нь 2005 онд үүсгэн байгуулагдаж, газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн хуулийн этгээд болохынхоо хувьд үр тарианы онцлог шинж чанарын талаар хариуцагч “Л” ХХК-иас илүү мэдээлэлтэй байх учиртай. Гэтэл нэхэмжлэгч компани өөрсдийнхөө он удаан жилийн үйл ажиллагааны туршлагад тулгуурлан түргэн муудаж гэмтдэг ачааг хариуцагчид салхилууртай чингэлэгээс өөр чингэлэгээр тээвэрлүүлэх талаар санал гаргаагүй, даалгавар өгөөгүй,

 

            Дөрөвдүгээрт, нэхэмжлэгч “С” ХХК-иас хариуцагч “Л” ХХК-нд 24,000 кг төл сонгиныг Монгол Улс руу тээвэрлэх үйл ажиллагааг зохион байгуулахдаа тээвэрлэлтийн горимыг бие дааж сонгох үүргийг ногдуулаагүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь тээвэрлэн авч ирэх ачааны шинж чанарыг харгалзаж тээвэрлэх чингэлэгийн төрөл, хэлбэрийг бие даан сонгох үүргийг хүлээгээгүй байна,

 

            Тавдугаарт, нэхэмжлэгч “С” ХХК-ийн тээвэрлүүлсэн 24,000 кг төл сонгино бүгд ижил нөхцөлөөр буюу салхилууртай чингэлэгээр тээвэрлэгдэн ирсэн байтал үүнээс тодорхой хэсэг буюу 10,560 кг сонгино тээвэрлэлтийн явцад шүүс гоожиж муудсанаас их хэмжээгээр соёолсон, үнэр орж ялзарсан байгаа нь хариуцагч “Л” ХХК-ийн гэрээгээр хүлээсэн үйлдэл, эс үйлдэхүйтэй шууд холбоотой болох талаар нэхэмжлэгчийн зүгээс үндэслэл бүхий тайлбарыг нотлох баримтын хамт өгөөгүй,

 

            Зургаадугаарт, нэхэмжлэгч “С” ХХК-ийн 24,000 кг төл сонгиныг Монгол Улс хүртэл тээвэрлүүлсэн харилцаанд хариуцагч “Л” ХХК-иас гадна худалдагч ******* улс дахь “T” компани болон “Монголын төмөр зам” ТӨХК, ОХУ-ын төмөр зам, Беларус улсын төм зам тус тус оролцжээ.

 

            Тодруулбал, хэдийгээр хэрэгт ургамалын эрүүл ахуйн гэрчилгээ авагдсан байх боловч энэ нь 24,000 кг төл сонгиныг эрүүл гэдгийг гэрчилсэн ба харин анхны тээвэрлэгчид хүлээлгэн өгөх үед сонгинд гэмтэл учраагүй байсан гэдгийг нотлохгүй, мөн тээвэрлэхээр ачих, буулгах болон вагон солих зэрэг тээвэрлэлтийн явцад гэмтсэн эсэх үйл баримт тодорхойгүй байна,

 

            Долдугаарт, нэхэмжлэгч “С” ХХК нь 24,000 кг төл сонгиныг тээвэрлэх хугацааг сэлбэг хамт тээвэрлүүлэн гэсэн үндэслэлээр хойшлуулсан байх ба хугацаа хожимдсон эсэхээс үл хамаарч ачаа барааг анхны тээвэрлэгчид хүлээлгэн өгөхөд доголдолгүй байсан гэдгээ баримтаар нотлоогүй, улмаар Монгол Улсад ирэхэд нь хариуцагч “Л” ХХК-нд 10,560 кг сонгино тээвэрлэлтийн явцад шүүс гоожиж муудсанаас их хэмжээгээр соёолсон, үнэр орж ялзарсан талаар нэн даруй мэдэгдээгүй, хариуцагчид шалган нягтлах боломж олгоогүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” гэж, мөн 107 дугаар зүйлийн 107.3-д “Хариуцагч, хариуцагчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргана” гэж тус тус заажээ.

 

Өөрөөр хэлбэл, тухайн хэрэг маргааны талууд нотлох үүргийн хуваарилалтын хувьд өөрт ашигтай тайлбар, татгалзлаа баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч “С” ХХК нь хариуцагч “Л” ХХК-ийг 10,560 кг сонгино тээвэрлэлтийн явцад шүүс гоожиж муудсанаас их хэмжээгээр соёолсон, үнэр орж ялзарсанд буруутай гэдгээ ийнхүү баримтаар нотлохгүй байна.

   

  1. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” гэж заажээ. Гэвч хариуцагч “Л” ХХК-ийг 10,560 кг сонгино тээвэрлэлтийн явцад шүүс гоожиж муудсанаас их хэмжээгээр соёолсон, үнэр орж ялзарсанд буруутай гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул энэхүү компани хариуцлага хүлээхээс чөлөөлөгдөнө.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагч “Л” ХХК нь нэхэмжлэгч “С” ХХК-ийн 10,560 кг сонгино гэмтсэн үйлдэлд холбоотой биш байх тул нэхэмжлэгчид учирсан гэх хохирол болох сонгины үнэ 39,100,064.25 төгрөг, хариуцагчид төлөөгүй ачаа тээврийн зардал 7,965,461.20 төгрөг, гааль болон нэмэгдсэн өртгийн албан татвар 11,882,699.46 төгрөг, бусад зардал 256,113.09 төгрөг, нийт 59,204,388.00 төгрөгийн хохирлыг төлөх үүрэг хүлээхгүй.

 

Харин хариуцагч “Л” ХХК нь нэхэмжлэгч “С” ХХК-тай 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан тээвэр зуучлалын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, нэхэмжлэгчийн ачааг Монгол Улсад тээвэрлэн авч ирэхтэй холбоотой үйл ажиллагааг гүйцэтгэсэн, үүргийн гүйцэтгэл нь доголдолтой гэх буюу 10,560 кг сонгино тээвэрлэлтийн явцад шүүс гоожиж муудсан нь хариуцагчид хамааралтай биш байх тул үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзнэ.

 

Иймд, нэхэмжлэгч “С” ХХК нь Иргэний хуулийн 413 дугаар зүйлийн 413.1-д зааснаар хариуцагч “Л” ХХК-нд тээвэр зуучлалын гэрээгээр тохирсон хөлсийг төлөх үүрэг хүлээнэ.

 

Талууд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа 24,000 кг төл сонгиныг нийт 5,500 евро буюу /2020 оны 11 дүгээр сарын 11-ны өдрийн Монголбанкны еврогийн хаалтын ханш 3,364.70 төгрөг/ 18,505,850.00 төгрөгөөр ачаа тээврийн зуучлалын гэрээний хөлсийг тохирсон талаар маргаагүй. Гэвч хариуцагч “Л” ХХК нь 5,500 евро-оос гадна 345 евро-г нэмж гаргасан гэсэн боловч үүнтэй холбоотой нотлох баримтыг өгөөгүй тул нотлогдсон гэж үзэхгүй.

 

  1. Зохигчдын байгуулсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4-т зааснаар талууд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох алдангийг хэрэглэхээр тохирсон ба тэдгээрийн алдангийн талаарх тохиролцоо нь 232 дугаар зүйлийн 232.1-д “Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ” гэж, түүнчлэн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” тус тус заасантай нийцэж байна.

 

Гэтэл тухайн гэрээнд 18,505,850.00 төгрөгийг хэзээ төлөх талаар тусгайлан хугацаа тохироогүй боловч 4 дүгээр зүйлийн 4.1-д “Үйлчлүүлэгч нь урьдчилан бичгээр харилцан тохиролцсон тээврийн хөлс болон тухайн тээврийг зохион байгуулахад гарсан аливаа нэмэлт зардлыг ачаа эцийн хүрэх өртөө, боотмод ирмэгц ачааг хүлээн авахаас өмнө ачаа тус бүрийн тээврийн хөлс болон нэмэлт зардлын нэхэмжлэхийг үндэслэн төлнө” гэж заажээ.

 

Үүнээс үзвэл талууд тээвэр зуучлалын гэрээний хөлсийг ачааг хүлээн авсан өдөр төлөхөөр тохиролцсон ба 24,000 кг төл сонгино 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Монгол Улсад ирсэн талаар маргаагүй тул нэхэмжлэгч “С” ХХК нь тус өдөр 5,500 евро буюу 18,505,850.00 төгрөгийг хариуцагч “Л” ХХК-нд төлөх ёстой байжээ.

 

Тодруулбал, Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д “Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна” гэж, мөн 198.2-т “Гэрээний аль нэг нөхцөлийн утга нь ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлно” гэж тус тус зааснаар зохигчдын байгуулсан тээвэр зуучлалын гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1, 4.4-т заасан алдангийн талаарх тохиролцоог харьцуулан тайлбарлахад төлбөр төлөх хугацааг ачааг хүлээн авсан өдөр төлөх, хэрэв төлөөгүй тохиолдолд төлөгдөөгүй үүргийн үнийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон байна.

    

Ингээд нэхэмжлэгч нь тээвэр зуучлалын хөлс 5,500 еврог төлөх хугацааг хэтрүүлсэн байх тул гэрээнд зааснаар хариуцагчид алданги төлөх үүрэг хүлээх бөгөөд төлбөл зохих алдангийн хэмжээг тооцоход Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байгаа учраас 2,750 евро буюу /2,750x3,364.70 төгрөг/ 9,252,925.00 төгрөг гэж тогтоов /5,550x0.5%=27.5 /1 өдрийн/ 27.5x189 өдөр=5,197.5 “2020/05/07-ны өдрөөс 2020/11/12-ны өдөр хүртэл 189 өдөр/.

 

Гэвч шүүх зохигчдын хооронд үүссэн үйл баримт, хэргийн нөхцөл байдлыг тус тус харгалзан үзээд нэхэмжлэгч “С” ХХК-ийн төлбөл зохих 9,252,925.00 төгрөгийн алдангиас 50 хувь 4,626,462.00 төгрөгийг хасахаар шийдвэрлэв. Учир нь, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д “Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно” гэж заасан.

 

Өөрөөр хэлбэл, анзын хэмжээ хуулиар тогтоосон 0.5 хувиас их гэсэн үндэслэлээр бус, харин хэргийн нөхцөл байдалтай харьцуулахад их байх тохиолдолд багасгаж болох зохицуулалттай. Хэдийгээр нэхэмжлэгч “С” ХХК болон хариуцагч “Л” ХХК нарын хооронд ачаа тээврийн бус тээвэр зуучлалын гэрээ байгуулагдсан боловч хариуцагчийн зуучлан Монгол Улсад авч ирсэн ачааны зарим хэсэг гэмтэлтэй байсан учраас нэхэмжлэгч нь төлбөр төлөхөөс татгалзсан байна.

 

Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1-д “Хоёр талын гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нэг тал нөгөө талынхаа өмнө үүргээ эхлэн гүйцэтгэхээс бусад тохиолдолд нөгөө тал хариу үүрэг гүйцэтгэхээс өмнө үүргээ гүйцэтгэхээс татгалзаж болно” гэж хоёр талын гэрээний үүрэг гүйцэтгэгч нар нөгөө талынхаа өмнө үүргээ гүйцэтгэхээс тодорхой үндэслэл байгаа тохиолдолд татгалзаж болно.

 

Гэвч нэхэмжлэгч “С” ХХК нь хариуцагч “Л” ХХК-ийн буруутай үйлдлийн улмаас 10,560 кг сонгино тээвэрлэлтийн явцад шүүс гоожиж муудсан гэж 18,505,850.00 төгрөгийг төлөхөөс татгалзсан байх боловч үүнд хариуцагч нь хамааралгүй болох нь шүүхийн шийдвэрээр тогтоож байх тул нэхэмжлэгч нь үндэслэлгүйгээр төлбөр төлөхөөс татгалзаж байсан байна.

 

Мөн зохигчдын гэм буруугийн асуудлыг шүүх тэдгээрийн нэхэмжлэлийг үндэслэн тодорхой хугацааны дараа шийдвэрлэсэн хэдий ч Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7-д “Хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасныг үндэслэн хэргийн нөхцөл байдлыг харгалзан үзээд нэхэмжлэгчээс 4,626,462.00 төгрөгийн алданги гаргуулах нь илүү шударга байна.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т “Гадаад валютын ханшийг тухайн үеийн Монголбанкнаас зарласан албан ёсны ханшаар, эд хөрөнгийн үнийг нотлогдсон хэмжээгээр тус тус тооцно” гэж заажээ.

 

Тодруулбал, Гадаад валютын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Гадаад валют гэж эргэлтэд байгаа төлбөрийн чадвар бүхий нэг буюу хэд хэдэн гадаад улсын мөнгөн тэмдэгт, тэдгээрээр илэрхийлэгдсэн бөгөөд олон улсын төлбөр тооцоонд түгээмэл хэрэглэгддэг үнэт цаас, төлбөрийн хэрэгслийг хэлнэ. ..........” гэж зааснаар гадаад валютыг төгрөгөөр нэхэмжлэх тохиолдолд нэхэмжлэлийн үнийг Монголбанкнаас зарласан албан ёсны ханшаар тодорхойлдог журамтай.

 

Нөгөө талаар нэхэмжлэгч “С” ХХК нь гадаад улсаас бараа бүтээгдэхүүн импортолсон, хариуцагч “Л” ХХК-иас уг ачаа барааг Монгол Улсад тээвэрлэн авчирахтай холбоотой тээвэр зуучлалын үйл ажиллагааны хүрээнд гадаад валютаар төлбөр тооцоог гүйцэтгэсэн байх тул үндсэн төлбөр 5,500 евро, алданги 1,375 еврог тус тус монгол төгрөгт хөрвүүлэн нэхэмжилснийг буруутгах боломжгүй юм.

 

Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс тээвэр зуучлалын гэрээний хөлс 18,505,850.00 төгрөг, алданги 4,626,462.00 төгрөг, нийт 23,132,312.00 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгох нь зүйтэй байна.

  

              Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 393 дугаар зүйлийн 393.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д тус тус заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч “С” ХХК-ийн гаргасан хариуцагч “Л” ХХК-нд холбогдох  59,204,388.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хуулийн 413 дугаар зүйлийн 413.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгч “С” ХХК-иас 23,132,312.00 төгрөгийг гаргуулж хариуцагч “Л” ХХК-нд олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 6,367,694.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 480,060.00 төгрөг, хариуцагчийн төлсөн 305,455.00 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 273,612.00 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.МАНДАЛБАЯР