Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2022/00069

 

“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Г.Даваадорж, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2021/03248 дугаар шийдвэртэй,

 “Л” ХХК-д холбогдох хохиролд 59,204,388 төгрөг гаргуулах тухай С” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“С” ХХК-д холбогдох 29,500,006 төгрөг гаргуулах тухай “Л” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлтэй,

иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Лхагвахүү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтүвшин, хариуцагчийн өмгөөлөгч Б.Ану-Үжин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулгад:  Манай компани нь “Л” ХХК-тай 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулсан. Тус гэрээгээр “Л” ХХК нь Нидерланд улсаас манай компанийн худалдан авсан 24,000 кг төл сонгиныг хүлээн авч тээврийг зохион байгуулах, бид гэрээгээр тохиролцсон хөлсийг төлөх үүрэг хүлээсэн байсан.

Ийнхүү тээвэрлэгч “Л” ХХК нь 2020 оны 03 дугаар сарьн 30-ны өдөр Нидерланд улсын “Топ онион” компаниас сонгиныг ачин авчирж, 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр манайд хүлээлгэн өгсөн. Бид ачааг хүлээн авахад ихэнх сонгино нь маш их хэмжээгээр соёолж, үнэр орж муудсан байдалтай, цаашид тариалалтын шаардлагад нийцэхгүй болсон байсан.

 Талуудын байгуулсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.10-д зааснаар зуучлагч тээвэрлэлтийн явцад ачаа бараанд өөрийн буруугаас учруулсан эвдрэл гэмтлээс шалтгаалсан хохирол болон нэмэлт зардлыг эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг үндэслэн бүрэн хариуцаж барагдуулна гэж тусгасан. “Л” ХХК-ийн гэрээний үндсэн үүрэг 24,000 кг сонгиныг бүрэн бүтэн тээвэрлэх  ба уг компани нь сонгиныг заасан хугацаанд авчирч өгсөн боловч эвдрэл гэмтэлгүй, бүрэн бүтэн хүлээлгэж өгөх үүргээ зөрчсөн тул Иргэний хуулийн 393 дугаар зүйлийн 393.1-т зааснаар хариуцлагыг хүлээх ёстой. 

Тээвэрлэлтийн улмаас 10,560 кг сонгино муудсан болох нь Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимын 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн үзлэгийн тэмдэглэгээгээр нотлогдоно. Тус үзлэгээр тээвэрт ачилтын горим алдсаны улмаас 10,560 кг сонгино муудсан, цаашдаа худалдаа болон хүнсний хэрэгцээ хангахгүй болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

Тээвэрлэгч нь Иргэний хуулийн 388.1.1-т зааснаар ачааны тоо хэмжээ, мөн 388.1.2-т зааснаар ачааны сав баглаа байдлыг шалгаж авах үүрэгтэй. Тухайн сонгино тээвэрлэлтийн явцад муудаагүй гэдгийг нотлох баримтыг хариуцагч нь гаргаж өгөөгүй, барааг гэмтэлгүй буюу доголдолгүй бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн гэдгээ нотолж чаддаггүй. Иймээс манай компани Иргэний хуулийн 219.1-т зааснаар учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй.

 Топ онион компаниас ирүүлсэн албан бичиг дээр барааг хэвийн, чанарын шаардлага хангасан гэж бичигдсэн байгаа.

 “С” ХХК нь Тод онион компанид нийт 88,863,782.00 төгрөг төлснийг кг сонгинодоо хуваахаар 1 кг сонгины үнэ 3,702.66 төгрөг гэж болж байх ба үнэр орж муудсан 10,560 кг сонгины төлбөрт 39,100,064.25 төгрөг, тээвэрт 7,965,461.20 төгрөг, гааль болон НӨАТ-т холбогдох төлбөрт 11,882,699 төгрөг, бусад зардалд 256,113 төгрөг нийт 59,204,338 төгрөгийг нэхэмжилж байна.

Манай компанитай байгуулсан гэрээний дагуу ямар ч хариуцлагыг тус компани хүлээгээгүй тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв. 

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон сөрөг нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулгад: “С”ХХК нь 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Нидерланд Улсаас 24,000 кг бүхий төл сонгино тээвэрлүүлэх саналыг манай компанид ирүүлсэн. Бидний зүгээс үйлчлүүлэгчийн хүсэлтийн дагуу энгийн чингэлэг болон салхилууртай чингэлэгт тээвэрлэх гэсэн хоёр төрлийн үнийн санал хүргүүлсэн бөгөөд нэхэмжлэгч “С” ХХК-ийн менежер н.Оюун-Эрдэнэ нь 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр дан төмөр замаар, салхилууртай чингэлэгт 30-35 хоногийн хугацаанд 5,500 еврогийн хөлстэйгээр тээвэрлэх үнийн саналыг баталгаажуулсан болно. 

“С” ХХК нь тээвэрлүүлэх бүтээгдэхүүнийг түргэн муудах шинж чанар, онцлогийг маш сайн мэдэж байгаа бөгөөд энэ тухайгаа “Монголын төмөр зам” ТӨХК, мөн ОХУ-ын төмөр зам, Беларус Улсын төмөр замд тус тус “тээвэрлэлтийн явцад үүсэх эрсдэлийг өөрсдөө бүрэн хариуцна” гэдгээ баталгаажуулж албан бичгээр хүргүүлсэн. Энэ нь талуудын хооронд хийгдсэн тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээний 2.1.11 болон 5.4.3 дахь заалтыг хангах эрх зүйн үндэслэлгүй болгосон.

2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 0000200 тоот бичигт  10,560 кг төл сонгино нь тээвэрлэлт, ачилтын горим алдагдсанаас муудан, их хэмжээгээр соёолсон, үнэр орж ялзарсныг тодорхойлсон байдаг. Энэ баримтыг гаргасан процессын талаар Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас ирүүлсэн 3 бичлэгт үзлэг хийхэд хэдэн кг сонгиныг ялзарсан гэж ялгаж байгаа болон тэдгээрийг ачилтаас эсхүл тээвэрлэлтийн ямар горимыг хэрхэн зөрчиж муудсан болохыг тогтоож байгаа нь тодорхой бус байна. Энд тээвэрлэлтийн явцад гэж тодорхойлсноос биш тээвэрлэлтээс үүдэн хохирол учирсан гэдгийг тодорхойлоогүй, хохирлын шалтгааныг нотлох баримт байхгүй. Түүнчлэн үйлдвэрээс гологдол бүтээгдэхүүн гарсан байх боломжтой гэж үзэж байна. Учир нь бид 2020 оны 4 болон 5 дугаар сард Нидерланд Улсаас Монгол Улс хүртэл 10 чингэлгийн тээврийг зохион байгуулсан ба нэхэмжлэгч “С” ХХК-ийн захиалгын хувьд хамгийн сүүлд ачигдаж ирсэн чингэлэг байсан. Гэтэл бусад төл сонгины тээвэрт асуудал үүсээгүй, үйлчлүүлэгч нараас ямар нэгэн гомдол, нэхэмжлэл гаргаагүй.

“Хаандаатгал” ХХК-д хандсан, гадаад ачаа тээврийн даатгалын гэрээний татгалзах нөхцөлийн 14.4.12.2.3-т зааснаар даатгалын зүйлийн хадгалалт, тээвэрлэлтийн горим алдагдах, зөрчих, хугацаа хэтрэх, үйлдвэрийн гэмтэл, гологдолд нөхөн төлбөр шийдвэрлэхээс татгалзсан, энэ нөхцөлүүдтэй нэхэмжлэгч танилцсан тул дахин маргах үндэслэлгүй.

Ачилтыг Топ онион компани гүйцэтгэсэн. Ачааг “Монголын төмөр зам” ТӨХК, Оросын холбооны улсын төмөр зам, Беларусь улсын төмөр зам, Голланд улсын төмөр зам тус тус тээвэрлэсэн. Манай компани тээвэр зуучийн үүрэг хүлээсэн, замд гарсан бүх зардлыг төлж Дархан-уул аймгийн гаалийн агуулахад сонгиныг 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр авчирсан.  

“С” ХХК-иас тээвэрт дагалдуулсан үнийн дүнгийн нэхэмжлэх болох гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэгт 1 кг төл сонгино нь 1.167 еврогийн үнэтэй байна. Гэрээний 2.1.13 болон гэрээний 1 дүгээр хавсралд 8 дах хүснэгтийн дагуу хохирлын үнэлгээг гаалийн бүрдүүлэлт хийсэн барааны нэхэмжлэхээр тооцно гэж заасан тул нэхэмжлэлд дурдсан 1 кг төл сонгиныг 3702.66 төгрөгөөр худалдаж авсан гэсэн үнийг хүлээн зөвшөөрөхгүй. 

Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журмын 5.30-д зааснаар гэмтсэн бараанд холбогдох татвар, хураамжийг төлөхгүй байх боломжтой. Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны F хүснэгтэд Тодотгох тоо хэмжээг

(-)10,560 кг гэж бичсэн байгаа нь уг төл сонгинод ногдох гаалийн болон бусад татварыг хорогдуулан тооцсон байна.

“С” ХХК нь тээврийн зардал төлсөн гэж 7,965,461.20 төгрөгийг нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байна. Манай компаниар тээврийг зохион байгуулж, төлбөрийг төлүүлэх гэрээ хийсэн бол тээврийн хөлсийг өөр этгээдэд төлөх үндэслэлгүй. 

Иймд нэхэмжлэлийн хүлээн зөвшөөрөхгүй.

Тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээгээр Нидерланд Улсаас 24,000 кг сонгино тээвэрлэх захиалгат ажлыг зохих хугацаанд нь хийж гүйцэтгэж, 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдөр барааг хүлээлгэж өгсөн. Ачааг хүлээн авснаас хойш 5 сарын хугацаа өнгөрсөн байхад нэхэмжлэгч “С” ХХК нь тээврийн хөлсийг төлөөгүй. Талуудын байгуулсан гэрээний 4.1-т зааснаар тээврийн төлбөрийг төлөх үүрэгтэй байсан.

Иймд тээврийн хөлс болох 5,845 еврог алдангийн хамт гаргуулна.  2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар еврогийн ханш 3,364.7 төгрөг байх тул тээврийн хөлс 19,666,671.00 төгрөг, алданги 2,922.5 евро буюу 9,833,335.00 төгрөг, нийт 29,500,006.00 төгрөгийг “С” ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.

 

Шүүх: Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 393 дугаар зүйлийн 393.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д тус тус заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч “С” ХХК-ийн гаргасан хариуцагч “Л” ХХК-нд холбогдох 59,204,388 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 413 дугаар зүйлийн 413.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгч “С” ХХК-иас 23,132,312 төгрөгийг гаргуулж хариуцагч “Л” ХХК-нд олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 6,367,694 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 480,060 төгрөг, хариуцагчийн төлсөн 305,455 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 273,612 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч байна. “С” ХХК болон “Л” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн Тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээний 5.3-т тээвэрлэгдэж ирсэн ачаанд эвдрэл, гэмтэл, дутагдал илэрсэн талаар үйлчлүүлэгч хохирол барагдуулах тухай албан хүсэлт болон хохирлыг баталгаажуулсан хөндлөнгийн байгууллагын дүгнэлт зэрэг нотлох баримтыг хавсаргана гэж заасан байдаг.

Тээвэрлэгдэж ирсэн 24,000 кг сонгины 10,560 кг сонгино нь 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдөр хүлээж авах үед үнэр орсон, их хэмжээгээр соёолсон, ялзарсан, шүүс гоожсон байдалтай ирсэн талаар ажилтан Д.Одгэрэлийн гарын үсэгтэй баримт болон Монголын Үндэсний худалдаа, Аж үйлдвэрийн тэнхимийн 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн үзлэгийн гэрчилгээгээр тогтоогддог. Уг үзлэгт 24,000 кг хүнсний ногоо болох сонгино нь тээвэрлэлт, ачилтын горим алдагдсанаас үүдэн 10,560 кг нь тээвэрлэлтийн явцад шүүс гоожиж муудан, их хэмжээгээр соёолсон, үнэр орж ялзарсан, худалдааны болон хүнсний хэрэгцээ хангахгүй болохыг тодорхойлов гэсэн байдаг. Гэтэл шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчийн гаргаж өгсөн баримтыг дүгнээгүй.

Гэрээний 2.1.10-т заасан үүргээ “Л” ХХК нь зөрчсөн. “Л” ХХК нь тухайн сонгиныг заасан хугацаанд “С” ХХК-д авч ирж өгсөн боловч тухайн сонгиныг эвдрэл гэмтэлгүй, бүрэн бүтэн хүлээлгэн өгөх үүргээ зөрчсөн тул Иргэний хуулийн 393 дугаар зүйлийн 393.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцах үүрэгтэй.

Тээвэрлэгч нь ачааны тоо хэмжээ, гадаад байдал, сав баглаа боодлыг шалгах үүрэгтэй. Мөн тухайн бараа материалыг тээвэрлэлтийн явцад муудаагүй болохыг нотолсон нотлох баримт хэрэгт авагдаагүй.

Үүрэг гүйцэтгүүлэгчийн эрх зөрчигдөх явдлын үндсэн нэг шалтгаан нь үүргийн зөрчил юм. “Л” ХХК нь 24000 кг сонгиныг бүрэн бүтэн, эвдрэл гэмтэлгүй тээвэрлэх үндсэн үүргийг гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүйн төлөө өөрөө хариуцлага хүлээх ёстой. Иймд “Л” ХХК нь “Сэлэнгэ тариа” ХХК-д учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй.

Хариуцагч Л ХХК нь хохирол учирсан гэдэгт маргаж байгаа тохиолдолд тээвэрлэгч нь “С” ХХК-д ачааг бүрэн бүтэн, гэмтэл доголдолгүй хүлээлгэн өгсөн гэдгийг нотлох үүрэгтэй. Хариуцагч “Л” ХХК нь шүүхэд гаргаж өгсөн хариу тайлбартаа тухайн 24,000 кг сонгиныг тээвэрлээгүй зуучилсан гэж тайлбарладаг. Гэтэл “Л” ХХК нь 24,000 кг сонгиныг тээвэрлэсэн болох нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаар “Л” ХХК нь үнэхээр сонгиныг тээвэрлээгүй гэж тайлбарлаж байхад сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох тээврийн хөлс гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Анхан шатны шүүх сонгиныг хариуцагч “Л” ХХК нь тээвэрлээгүй, харин “Монголын төмөр зам” ТӨХК-иар тээвэрлүүлсэн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна гэсэн атлаа хариуцагчийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хэргийг тал бүрээс үнэн зөв бодитойгоор шийдвэрлээгүй болох нь харагдаж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үйлчлүүлэгч өөрийгөө төлөөлж тээвэр зохион байгуулах эрхийг өгч бид нар өмнөөс нь төлбөр тооцоог хийж явуулсан. Энэ ачаа барааг ачихад нь илгээгч ачиж байгаа. Гэрээний 2.2.2-т “үйлчлүүлэгч ачааг тээвэрлэлтийн шаардлага хангасан сав баглаа боодолтой хүлээлгэж өгнө. Илгээгчийн битүүмжилсэн сав баглаа боодол, лацтай чингэлэг доторх ачаа барааны өрөлт, хураалт, бэхэлгээ чанараас үүдэн гарах аливаа хохирлыг үйлчлүүлэгч хариуцна” гэж заасан. Илгээгч, хүлээн авагч нь худалдааны нэг тал юм. Тээвэрлэгч нь тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулдаг. Манайд энэ тусгай зөвшөөрөл, өөрийн гэсэн вагон, онгоц байхгүй. Үйлчлүүлэгчийг төлөөлж тээврийг зохион байгуулдаг. Иймд давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлын хүрээнд хянан хэлэлцэв. Нэхэмжлэгчийн гаргасан гомдол үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч “С” ХХК-иас хариуцагч “Л” ХХК-нд холбогдуулан тээвэрлэлтийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс учирсан хохиролд 59,204,388  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч  тээвэр зуучлалын гэрээний төлбөрт 29,500,006.00 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 “С” ХХК болон “Л” ХХК-ийн хооронд 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр  тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэх тухай гэрээ байгуулагдсан байна. 

   “С” ХХК нь Нидерланд улс дахь Топ онион компаниас 24,000 кг төл сонгино худалдан авсан, уг сонгиныг Нидерланд улсаас Монгол Улс руу тээвэрлэх ажлыг “Л” ХХК  2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулсан үйл баримтын талаар талууд маргаагүй.

“С” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг талуудын хооронд байгуулагдсан тээвэрлэлтийн гэрээний үүргийг “Л” ХХК зөрчснөөс хохирол учирсан гэж тайлбарласан бол хариуцагч нь тээвэр зуучийн үйл ажиллагаа явуулсан тул хариуцахгүй гэж маргасан.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 1.1-д “Зуучлагч нь Үйлчлүүлэгчийг төлөөлөн улс хоорондын болон орон нутгийн ачаа тээврийг зохион байгуулах, Үйлчлүүлэгч нь гэрээнд заасны дагуу зохих төлбөрийг төлөхтэй холбогдон гарах талуудын харилцааг зохицуулахад энэхүү гэрээний зорилго оршино” гэж,

2.1.10-т “ Зуучлагч Тээвэрлэлтийн явцад ачаа бараанд өөрийн буруугаас учруулсан эвдрэл гэмтлээс шалтгаалсан хохирол болон нэмэлт зардлыг эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг үндэслэн хариуцан барагдуулах ба тээвэрлэгчийн, агентын, илгээгчийн шууд бурууутай үйл ажиллагаанаас үүдэн гарсан аливаа хохирлыг Зуучлагч хариуцахгүй” гэж,

 2.1.11-д “Тээвэрлэлтийн явцад ачааны аюулгүй байдлыг хангах талаар Үйлчлүүлэгчийн өмнөөс холбогдох тээврийн байгууллагуудтай хамтран ажиллаж, аливаа эвдрэл гэмтэл, дутагдал гарсан тохиолдолд тээвэрлэгч байгууллагаас хуанлийн 14 хоногт акт, тодорхойлолт гаргуулж өгнө” гэж тус тус талууд харилцан тохиролцсоныг тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасан зуучлалын гэрээг байгуулагдсан гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 Зам тээвэр, хөгжлийн яамнаас хариуцагч “Л” ХХК-нд 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр төмөр замын тээвэр зуучлалын үйл ажиллагаа эрхлэх гэрчилгээ олгогдсон, энэ зөвшөөрлийн хүрээнд “С” ХХК-тай тээвэр зуучийн гэрээ байгуулагдсан байна.

Тээвэрлэлтийн үйл ажиллагааг олон улсын төмөр замын байгууллагууд гүйцэтгэсэн байна.

  Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимын Экспорт, импортын барааны үзлэг шалгалтын 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 0000860 тоот үзлэгийн гэрчилгээнд 24,000 кг төл сонгины тээвэрлэлт, ачилтын горим алдагдсанаас 10,560 кг сонгино тээвэрлэлтийн явцад шүүс гоожиж муудсанаас их хэмжээгээр соёолсон, үнэр орж ялзарсан, худалдааны болон хүнсний хэрэгцээг хангахгүй болохыг тодорхойлсон,   шүүхээс 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр сиди-д бичигдсэн 11 гэрэл зураг, 5 видео бичлэгт үзлэг хийсэн, уг үзлэгийн тэмдэглэлд муудсан сонгины хэмжээг заагаагүй гэх үйл баримтууд тогтоогдсон боловч талуудын хооронд Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт заасан тээвэрлэлтийн гэрээ байгуулагдаагүй тул тээвэрлэлтийн гэрээний үүргийн зөрчилтэй холбоотой хохирлыг нэхэмжлэгч шаардах эрхгүй гэж анхан шатны шүүх дүгнэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ. /хх 13-18, 201, 202, 208 дах тал/

 Нэхэмжлэгчээс Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт зааснаар тээвэр зуучлалын гэрээний хөлс 18,505,850.00 төгрөг, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дах хэсэгт зааснаар алдангид 4,626,462.00 төгрөг, нийт 23,132,312 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгохоор анхан шатны шүүх зөв шийдвэрлэсэн, алдангийн талаар хийсэн дүгнэлт хуульд нийцсэн. Гэхдээ нэхэмжлэгчийн үндсэн шаардах эрхийг тээвэр зуучлалын гэрээний хөлс гэж буруу тодорхойлж, оновчгүй дүгнэсэн байдалд зохигч гомдол гаргаагүй тул талуудын зарчмыг баримтлан давж заалдах шатны шүүхээс дүгнэлтийг залруулах шаардлагагүй гэж үзэв .

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2021/03248 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 453,972 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Н.БАТЗОРИГ

 

                                          ШҮҮГЧИД                                 Г.ДАВААДОРЖ

 

                                                                                            Э.ЗОЛЗАЯА