Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 68

 

Ц.Б-, Ө.Э- нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс: 166/2020/0162/Э

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Туяа даргалж, шүүгч Ц.Амаржаргал, ерөнхий шүүгч Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдаанд:          

Прокурор                                      Б.Батсүх

Хохирогчийн өмгөөлөгч               З.Энхтуяа

Шүүгдэгчийн өмгөөлөгч               Д.Оюунчимэг

Нарийн бичгийн дарга                 Г.Чойном нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 197 дугаар шийтгэх тогтоолтой, Ө-ийн Э-, Ц-ын Б- нарт холбогдох, 1918008100161 дугаартай эрүүгийн хэргийг хохирогчийн өмгөөлөгч З.Энхтуяагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, урьд нь  2015 онд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2.т зааснаар 03 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, уг ялаас өршөөн хэлтрүүлж байсан, ********** регистрийн дугаартай, Б- Ж- овогт Ө-ийн Э-.,

Монгол Улсын иргэн, урьд ял шийтгэлгүй,  ********** регистрийн дугаартай, Б- овогт Ц-ын Б-.

Шүүгдэгч Ө.Э- нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүрэг буюу Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3 дахь хэсэгт заасан “хөдөлмөр эрхлэлтийн явцад гарч болзошгүй осол, бэртэл, өвчлөлөөс ажилтныг хамгаалах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх”, 18.1.4.д заасан “ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх”, 28.1.6 .д  заасан “ажлын байрны онцлогт нийцсэн дүрэм, заавар журам баталж мөрдүүлэх”, 9 дүгээр зүйлийн 9.1.3 дахь хэсэгт заасан “машин механизм, тоног төхөөрөмжийг суурилуулах, их засварын дараа ашиглалтад оруулахдаа мэргэжлийн хяналтын байгууллагаар хянуулж зөвшөөрөл гэрчилгээ авсан байх”, Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасан “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуй нэгж, байгууллагын захирал /эзэн/ ажил олгогч шууд хариуцна” гэсэн  заалтуудыг,

Шүүгдэгч Ц.Б- нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүрэг буюу Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.4 дэх хэсэгт заасан “хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтын хэрэгцээг тодорхойлох, төлөвлөх, хөтөлбөр боловсруулах, сургалт зохион байгуулах, үр дүнг тооцох, тайлагнах”, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.2, 17.3 дугаар зүйлд заасан “...үйлдвэрлэлийн хортой, аюултай хүчин зүйлийн үйлчлэл бүхий болон тэдгээртэй адилтгах эрсдэлтэй ажлын байранд зохих сургалтад хамрагдаж, дадлага хийж, шалгалтад тэнцсэн иргэнийг ажиллуулна” 28 дугаар зүйлийн 28.1.8 дахь хэсэгт заасан “Аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх” гэх заалтуудыг тус тус биелүүлж ажиллаагүйн улмаас 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Д- Э- Ш- Ш-” ХХК-ийн ажлын талбайд Б.Д- нь ажил үүргээ гүйцэтгэж байхдаа осолд орж эрүүл мэндэд нь зүүн гарын 2 болон 3 дугаар хуруу үеийн угаар бяцарч хугарч тасарсан, судас мэдрэл тасарсан, хуруу тайрах мэс ажилбар хийгдсэн байдал бүхий хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт  тус тус холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 197 дугаар шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Б- Ж- овогт Ө-ийн Э-, Б- овогт Ц-ын Б- нарыг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний бие махбодид удаан хугацаагаар эрүүл мэндийг нь сарниулж хөдөлмөрийн чадварын гуравны нэгээс дээшгүйг алдагдуулсан гэмтэл болгоомжгүй учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1.т зааснаар шүүгдэгч Б- Ж- овогт Ө-ийн Э-ыг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Б- овогт Ц-ын Байгалийг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5., Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-т зааснаар шүүгдэгч Ө.Э-д оногдуулсан торгох ялын 800000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 сарын хугацаанд сард 200.000 төгрөгөөр, шүүгдэгч Ц.Б-д оногдуулсан торгох ялын 600000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сарын хугацаанд сард 100.000 төгрөгөөр тус тус хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч Ө.Э-, Ц.Б- нарт үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч Ө.Э-, Ц.Б- нарт анхааруулж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3, 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хохирогч нь цаашид гарах эмчилгээний болон хиймэл эрхтэн хийлгэх зардал, цалин хөлстэй холбоотой маргаан зэргийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмын дагуу жич нэхэмжпэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжпэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Э-, Ц.Б- нарт хувийн баталгаа гаргахаар авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжпүүлэхээр шийдвэрлэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч З.Энхтуяа давж заалдах гомдолдоо:

Ажил олгогч нь ажлын байранд хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах ажлыг зохион байгуулах, хэрэгжүүлэх, хяналт тавих, аюул эрсдэлийг бууруулах, удирдлагын тогтолцоо нэвтрүүлээгүй нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28.1.3, 28.1.4, 28.1.6, ажлын талбайд ашиглаж байсан бутлуурыг мэргэжпийн байгууллагаар хянуулж зөвшөөрөл аваагүй, байсан нь мөн хуулийн 9.1.3 дахь заалтуудыг зөрчсөн байна. Эрсдэлтэй ажпын байранд ажиллаж байгаа ажилтнуудыг хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны сургалтанд хамруулж мэдлэг дадлага олгоогүй ажил үүрэг гүйцэтгүүлсэн нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27.3.4, 17.3 дахь заалтуудыг зөрчсөн байна.

Осолдогч Б.Д-д 2019 оны 11 сарын 14-ний өдөр ажилд гарахын өмнө аюулгүй ажиллагааны өдөр тутмын зааварчилгаа бичгээр өгөөгүй гэж дүгнэж байна” гэж үзэн шүүгдэгч Ө.Э-, Ц.Б- нарыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзсэн атлаа хохирогч Б.Д-гийн “Д- Э- Ш- Ш- “ ХХК-иас Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1.д “ Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж заасны дагуу Б.Д-гийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр үйлдвэрлэлийн осолд орсноос хойш ажилгүй байсан 6 сарын хугацааны цалин 3.681.204 төгрөгийн нэхэмжлэлийг үндэслэлгүйгээр хэлэлцэхгүй орхисон гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа болно.

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолынхоо “ Тодорхойлох" хэсэгт энэ талаар хийсэн дүгнэлтэндээ: “ ... Иргэний хариуцагч “Д- Э- Ш- Ш-” ХХК-ийг хуулийн дагуу төлөх нийгмийн даатгалыг төлүүлэх эсэхийг нэхэмжилж , нийгмийн даатгалын санд төвлөрүүлэх нь нийгмийн даатгалын байгууллагын эрх хэмжээний асуудал юм. Хохирогч Б.Д- нь ажил олгогч “Д- Э- Ш- Ш-” ХХК нь нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй байсан учир нийгмийн даатгалын сангаас тэтгэмж авч чадаагүй гэж 6 сарын хугацааны цалин 3.681.204 төгрөг нэхэмжилж байгаа боловч иргэний хариуцагчийн нийгмийн даатгалын шимтгэл суутган төлөхгүй байгаатай холбоотой маргаан шийдэгдсэний дараа хохирогч нь цалин хөлс, хөдөлмөрийн чадвар түр алдсан хугацааны тэтгэмжтэй холбоотой маргаанаа шийдвэрлүүлэх эрхтэй.

Иймд 6 сарын цалин гэж 3.681.204 төгрөг нэхэмжилсэн иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж үзлээ” гэсэн дүгнэлт хийсэн нь хохирогчийн эрх зүйн байдлыг хэт дордуулсан хууль бус дүгнэлт хийсэн гэж үзэж байна.

Шүүгдэгч Ө.Э- нь “Д- Э- Ш- Ш-” ХХК-ний захирлын хувьд ажилтнуудынхаа цалингаас нийгмийн даатгалын шимтгэлийг суутган төлөх хуулиар хүлээлгэсэн үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүйгээс тус компанийн ажилтан хохирогч Б.Д- нь хохирсон дээрээ хохирч нийгмийн даатгалын сангаас олгогдох хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмжээ авч чадаагүй, эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссоор орж хөдөлмөрийн чадвар алдсан байдлаа тогтоолгож чадахгүй хохирсны улмаас хэрэг шалгагдах 6 сарын хугацаанд ямар ч цалин орлоггүй хохирсон байхад анхан шатны шүүх үндэслэлгүй дүгнэлт хийж 6 сарын цалин нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисонд маш их гомдолтой байгаа болно.

Шүүгдэгч нар нь хохирогчид учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулаагүй байхад анхан шатны шүүхээс тэдэнд хэт хөнгөн ял шийтгэл оногдуулсан гэж үзэж байгаа тул хэргийг бүхэлд нь хянан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хохирогч Б.Д-гийн ажилгүй байсан 6 сарын хугацааны цалин хөлс болох 3.3.681.204 төгрөгийг “Д- Э- Ш- Ш-” ХХК-иас гаргуулан өгөхийг давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүнээс хүсч байна. Энэхүү хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд гомдол гаргагч З.Энхтуяа миний бие оролцох хүсэлтэй гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч З.Энхтуяа тайлбартаа:

Ял шийтгэлийн асуудалд маргах зүйлгүй. Осол болсноос хойш шийтгэх тогтоол гартал 6 сарын хугацаанд тус компани нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүйн улмаас лист болон групп авч чадаагүй, гэтэл анхан шатны шүүх ойлгомжгүй дүгнэлт хийж миний үйлчлүүлэгчийг хохироосон. Тухайн компанийн буруутай үйлдлээс болж миний үйлчлүүлэгч хохирч байгаад гомдолтой байна. Энэ нь Иргэний хуулийн 405 дугаар зүйлд зааснаар хохирогчид гаргаж хохирол төлбөрийг гаргаж өгөх боломжтой тул хохирлыг гаргаж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Ө.Э-ы өмгөөлөгч Д.Оюунчимэг тайлбартаа:

Хохирогчийн өмгөөлөгчийн хэлээд байгаа хохирлыг иргэний журмаар нэхэмжлэх боломжтой. Энэ асуудлыг заавал эрүүгийн хэргийн шүүхээр шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж байгааг гайхаж байна. Нийгмийн даатгалын талаарх асуудлыг иргэний хуулиараа шийдвэрлүүлэх боломжтой. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Батсүх дүгнэлтдээ:

Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарын үйлдсэн гэм буруутай үйлдэлд тохирсон ял шийтгэлийг оногдуулсан гэж үзэж байна. Хохирогчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолтой танилцлаа. Шүүх хурал дээр хүртэл яригдаж байсан. Цалин олгож байгаа авч байгаа байдал учир дутагдалтай байсан. Шимтгэл төлөөгүй хүн лист, групп авах боломжгүй юм. Анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт гаргасан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Дархан-Уул  аймгийн Прокуророос шүүгдэгч  Ө-ийн Э-, Ц-ын Б- нарыг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний бие махбодид удаан хугацаагаар эрүүл мэндийг нь сарниулж хөдөлмөрийн чадварын гуравны нэгээс дээшгүйг алдагдуулсан   буюу хүндэвтэр гэмтэл болгоомжгүй учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1.т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримт, тухайн үед болсон үйл баримтаас үзвэл “Д- Э- Ш- Ш-”  ХХК  нь Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт   үйл  ажиллагаа явуулдаг бөгөөд 2019 оны 11 дүгээр сарын 14-ний  өдөр  тус компанийн ажлын талбайд Б.Д- нь ажил үүргээ гүйцэтгэж байхдаа осолд орж эрүүл мэндэд нь зүүн гарын 2 болон 3 дугаар хуруу үеийн угаар бяцарч хугарч тасарсан, судас мэдрэл тасарсан, хуруу тайрах мэс ажилбар хийгдсэн байдал бүхий хүндэвтэр хохирол  учирсан  байна.

Энэ үйл баримт нь  шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримт болох  шүүгдэгч нар, гэрч, хохирогчийн мэдүүлэг,  болон  хохирогч Б.Д-гийн Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн тухай 13314 дугаартай өвчний түүх /1-р   х.хийн 48-62/., Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 985 дугаартай :

...Б.Д-н биед зүүн гарын 2 болон 3 дугаар хурууны яс болон судас, зөөлөн эдийн хэлбэр алдагдсан шарх, мэс заслын аргаар 2 болон 3 дугаар хурууны угаар тайрагдсан байдал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой., гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.2.д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг үлэмж хэмжээгээр тогтонги алдагдуулах тул хүндэвтэр зэргийн гэмтэл болно. , Б.Д-н бие учирсан гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг 25 хувиар алдагдуулна..,  гэсэн дүгнэлт  /1-р х.хийн  64-65-р хуудас/,

... Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн  2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 151 дугаартай :

Б.Д-н биед зүүн гарын 2 болон 3 дугаар хуруу үеийн угаар бяцарч хугарч тасарсан, судас мэдрэл тасарсан, хуруу тайрах мэс ажилбар хийгдсэн гэмтэл учирсан байна. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтын хувь тогтоох хүснэгтийн 91.3-д зааснаар энгийн хөдөлмөрийн чадварыг 25 хүртэл хувиар алдагдуулах тул хүндэвтэр гэмтэлд хамаарна. ,Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 985 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна... гэсэн дүгнэлт.,  /1-р х.хийн  100-102-р хуудас/,

...Б.Д-н зүүн гарын 3, 4 дүгээр хуруунд ил шархтай, хугаралтай гэсэн Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /1-р х.хийн 66-67-р хуудас /,  Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн  /шинжээчийн/  Үйлдвэрлэлийн ослын тухай 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 19/11 дугаар   дүгнэлт /1-р х.хийн  72-73-р хуудас/,  мөн  шинжээч нарын  2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 05-078/09 дугаартай дахин  дүгнэлт .,/1-р х.хийн  109-112-р хуудас /  “Д- Э- Ш- Ш-” ХХК-ийн хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дэвтрийн хуулбар /1-р х.хийн   156-р хуудас/, Үйлдвэрийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх комиссын акт, хурлын тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р х.хийн 158-164-р хуудас/, шүүгдэгч Ц.Байгалийг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтнаар томилсон тухай “Д- Э- Ш- Ш-” ХХК-ийн захирлын 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 04 дугаар тушаал, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт /1-р х.хийн  169-173/., хохирогч Б.Д-г Тээрмийн операторчин ажилтнаар томилсон тухай “Д- Э- Ш- Ш-” ХХК-ийн захирлын 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 06 дугаар тушаал, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт,  зэргээр нотлогдож тогтоогдсон байна.

Шүүгдэгч Ө.Э- тус компанийн захирал, шүүгдэгч Ц.Б- нь Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтан бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримт болох эрх бүхий шинжээч, улсын байцаагчийн гаргасан дүгнэлтээр шүүгдэгч Ө.Э- нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүрэг буюу Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3.д хэсэгт заасан ...хөдөлмөр эрхлэлтийн явцад гарч болзошгүй осол, бэртэл, өвчлөлөөс ажилтныг хамгаалах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх..., 18.1.4.д заасан  ...ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх.., 28.1.6 .д  заасан ...ажлын байрны онцлогт нийцсэн дүрэм, заавар журам баталж мөрдүүлэх..., 9 дүгээр зүйлийн 9.1.3.д заасан  ...машин механизм, тоног төхөөрөмжийг суурилуулах, их засварын дараа ашиглалтад оруулахдаа мэргэжлийн хяналтын байгууллагаар хянуулж зөвшөөрөл гэрчилгээ авсан байх..., Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27..1.д заасан ...Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуй нэгж, байгууллагын захирал /эзэн/ ажил олгогч шууд хариуцна... гэсэн  заалтуудыг.,

Шүүгдэгч Ц.Б- нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүрэг буюу Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.4 .д заасан “хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтын хэрэгцээг тодорхойлох, төлөвлөх, хөтөлбөр боловсруулах, сургалт зохион байгуулах, үр дүнг тооцох, тайлагнах.. , мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.2, 17.3 .т  заасан  ...үйлдвэрлэлийн хортой, аюултай хүчин зүйлийн үйлчлэл бүхий болон тэдгээртэй адилтгах эрсдэлтэй ажлын байранд зохих сургалтад хамрагдаж, дадлага хийж, шалгалтад тэнцсэн иргэнийг ажиллуулна..., гэсэн  28 дугаар зүйлийн 28.1.8.д  заасан  ...Аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх... гэсэн заалтуудыг тус тус биелүүлж ажиллаагүйн улмаас 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр тус компанийн ажлын талбайд Б.Д- нь ажил үүргээ гүйцэтгэж байхдаа осолд орж эрүүл мэндэд нь зүүн гарын 2 болон 3 дугаар хуруу үеийн угаар бяцарч хугарч тасарсан, судас мэдрэл тасарсан, хуруу тайрах мэс ажилбар хийгдсэн байдал бүхий хүндэвтэр хохирол  учирсан  гэмт хэрэг үйлдэгджээ.

Өөрөөр хэлбэл ажил олгогч нь ажилтан Б.Д-д ажлын байранд хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах ажлыг зохион байгуулах, хэрэгжүүлэх, хяналт тавих, аюул эрсдэлийг бууруулах, удирдлагын тогтолцоо нэвтрүүлээгүй., машин механизм, тоног төхөөрөмжийг суурилуулах, их засварын дараа ашиглалтад оруулахдаа мэргэжлийн хяналтын байгууллагаар хянуулж зөвшөөрөл гэрчилгээ аваагүй.,  ажпын талбайд ашиглаж байсан бутлуурыг мэргэжлийн байгууллагаар хянуулж зөвшөөрөл аваагүй.,  эрсдэлтэй ажлын байранд ажиллаж байгаа ажилтнуудыг хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны сургалтанд хамруулж мэдлэг, дадлага олголгүйгээр ажил үүрэг гүйцэтгүүлсэн  гэм буруутай байна.  

Шүүгдэгч нарын үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв,  анхан шатны шүүх  гэм буруугийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж,  хуульд заасан ял оногдуулсан бөгөөд хэргийн  мөрдөн шалгах ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдаж, хэрэгт хамаарал бүхий нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  хуульд заасны дагуу бэхжүүлсэн, эд зүйлд үнэлгээ тогтоосон дүгнэлтийг эрх бүхий шинжээч гаргасан, шүүгдэгч, гэрч, хохирогчоос хуулийн дагуу мэдүүлэг авсан, тэдний эрх зөрчигдөөгүй бөгөөд шийтгэх тогтоол гарахад чухал ач холбогдолтой байж болох  нөхцөл  байдлыг шалгаж тогтоожээ.

Харин гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирч    хөдөлмөрийн чадвараа алдсан бол хохирогчийн дутуу авсан цалин хөлс, түүнтэй холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардал.,  мөн  үүний улмаас олгох нөхөн төлбөр., түүнчлэн гэмт хэргийн улмаас хөдөлмөр чадвар алдаж  тахир  дутуу болж  хөдөлмөрийн чадвар алдсанаас эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссоор орж хөдөлмөрийн чадвар алдсан байдлаа тогтоолгож, нийгмийн халамжаас тэтгэвэр, тэтгэмж авах нь тус, тусдаа  ойлголт бөгөөд анхан шатны шүүхийн энэ талаар хийсэн дүгнэлт үндэслэл муутай байна.

Хэрэгт авагдсан нотлох баримт болон хэргийн үйл баримтаас үзвэл хохирогч нь   ажил олгогч  “Д- Э- Ш- Ш- “ ХХК-иас осол гарсан цагаас хойш ажлаа хийж чадаагүй учир дундаж цалингаар бодож 6 сарын цалин болон Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлд заасан нөхөн төлбөрт нийт 6.944.874 төгрөг, эрүүл мэндийн даатгалд төлсөн 196.000 төгрөг, хиймэл эрхтэн хийлгэх зардал 45000 ам доллар, нийгмийн даатгалын шимтгэлийг нэхэмжилжээ.

Үүнээс шүүх хэрэгт авагдсан нотлох баримт буюу хохирогч Б.Д-н Худалдаа хөгжлийн банкны 403172856 тоот дансанд “Д- Э- Ш- Ш-” ХХК-н олгосон цалин гэсэн утгатай орлого 2019 оны 8 дугаар сард 810.400 төгрөг, 2019 оны 9 дүгээр сард 504.600 төгрөг, 2019 оны 10 дугаар сард 525.000 төгрөг, нийт 1.840.000 төгрөгийн орлого орсныг үндэслэн /1-р х.хийн 226-228-р хуудас/ Монгол Улсын Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын  2005 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн   “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-д заасны дагуу заасны дагуу тооцож дундаж цалинг 613.333 төгрөгөөр тогтоосон нь  үндэслэлтэй байна.

/1.840.000:3=613.333төгрөгийн дундаж цалинтай /

Үүний дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1.т заасныг баримтлан “үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 30 хувь хүртэл алдсан ажилтанд 5 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний буюу  “нөхөн төлбөрт”  “Д- Э- Ш- Ш-” ХХК-аас 3.066.665 төгрөг, мөн хохирогчийн эрүүл мэндийн даатгалын шимтгэлд төлсөн 196.000 нийт 3.262.665 төгрөг гаргаж хохирогч Б.Д-д олгохоор шийдвэрлэж бусад нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

/ 613.333 х 5 = 3066665/ + мөн эрүүл мэндийн даатгалын шимтгэлд төлсөн 196.000 + нийт 3.262.665/  /завсарлага авч төлсөн./

Гэтэл хохирогч нь өнөөдрийг хүртэл гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлүүлж чадаагүй, ажил олгогчийн буруугаас эмнэлгийн үйлчилгээ, халамжаас авах тэтгэвэр, тэтгэмжээ авч чадаагүй байгаа нь нотлогдож байгаа учраас дээрх нөхөн олговроос гадна  “Д- Э- Ш- Ш-” ХХК-иас Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1.д заасан  ... Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй... гэснийг үндэслэн Б.Д-гийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр үйлдвэрлэлийн осолд орсноос хойш ажилгүй байсан 6 сарын хугацааны цалин 3.679.204 төгрөг гаргаж хохирогчид олгох нь зүйтэй гэж үзлээ. 

/ 613.333 х 6 = 3.679.998 төгрөг /

Иймд хохирогчийн өмгөөлөгч З.Энхтуяагийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй байх тул хүлээн авч, энэ талаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах боломжтой. 

Харин  ажил олгогч  “Д- Э- Ш- Ш-” ХХК-  нь хуулийн дагуу ажилчдын нийгмийн даатгалын шимтгэлийг “нийгмийн даатгалын сан”-д төвлөрүүлээгүйгээс ажилчдын эрх ашгийг хохироож байгаа тул хохирогч энэ талаарх гомдлоо нийгмийн даатгалын холбогдох дээд байгууллагад гаргаж  зөрчигдсөн эрхээ сэргээлгэсний дараа  нийгмийн халамжаас авах тэтгэвэр, тэтгэмж, мөн хөдөлмөрийн чадвар  алдсан хугацааны тэтгэмжтэй холбоотой асуудлаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэрлүүлэх эрхтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1.,  39.6 дугаар зүйлийн 1.2., 39.9 дүгээр зүйлийн 1.4., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 197 дугаар шийтгэх тогтоолын  тогтоох хэсэгт :

-  Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1.д заасныг баримтлан  “Д- Э- Ш- Ш-” ХХК-аас  2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр үйлдвэрлэлийн осолд орсноос хойш ажилгүй байсан 6 сарын хугацааны цалин 3.679.998 төгрөг гаргаж хохирогч Б.Д-д олгосугай гэсэн заалт нэмж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Хохирогчийн өмгөөлөгч З.Энхтуяагийн давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

3.Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн  дотор шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  

                                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ТУЯА

                                                                  ШҮҮГЧ                                    Ц.АМАРЖАРГАЛ

                                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Б.МАНЛАЙБААТАР