Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 2020/ШЦТ/197

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2020/0162/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энхзул,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх,

Хохирогч Б.Д,

Хохирогчийн өмгөөлөгч З.Энхтуяа,

Шүүгдэгч Ө.Эы өмгөөлөгч Д.Оюунчимэг,

Шүүгдэгч Ц.Бийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа,

Шүүгдэгч Ө.Э, Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ө.Э, Б овогт Ц.Б нарт холбогдох эрүүгийн 1918008100161 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1.Монгол Улсын иргэн, Б овогт Ө.Э /РД: ..... суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, “.....................” ХХК-нд захирал ажилтай, ам бүл 5, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй,

 

2.Монгол Улсын иргэн, Б овогт Ц.Б /РД: /, ...суманд төрсөн, 26 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “.....................” ХХК-нд  нягтлан бодогч, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйчаар ажиллаж байгаад жирэмсний амралттай байгаа, ам бүл 2, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Ө.Э нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүрэг буюу Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3 дахь хэсэгт заасан “хөдөлмөр эрхлэлтийн явцад гарч болзошгүй осол, бэртэл, өвчлөлөөс ажилтныг хамгаалах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх”, 28.1.4 дэх хэсэгт заасан “ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх”, 28.1.6 дахь хэсэгт заасан “ажлын байрны онцлогт нийцсэн дүрэм, заавар журам баталж мөрдүүлэх”, 9 дүгээр зүйлийн 9.1.3 дахь хэсэгт заасан “машин механизм, тоног төхөөрөмжийг суурилуулах, их засварын дараа ашиглалтад оруулахдаа мэргэжлийн хяналтын байгууллагаар хянуулж зөвшөөрөл гэрчилгээ авсан байх”, Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасан “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуй нэгж, байгууллагын захирал /эзэн/ ажил олгогч шууд хариуцна” гэх заалтуудыг,

шүүгдэгч Ц.Б нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүрэг буюу Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.4 дэх хэсэгт заасан “хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтын хэрэгцээг тодорхойлох, төлөвлөх, хөтөлбөр боловсруулах, сургалт зохион байгуулах, үр дүнг тооцох, тайлагнах”, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.2, 17.3 дугаар зүйлд заасан “...үйлдвэрлэлийн хортой, аюултай хүчин зүйлийн үйлчлэл бүхий болон тэдгээртэй адилтгах эрсдэлтэй ажлын байранд зохих сургалтад хамрагдаж, дадлага хийж, шалгалтад тэнцсэн иргэнийг ажиллуулна” 28 дугаар зүйлийн 28.1.8 дахь хэсэгт заасан “Аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх” гэх заалтуудыг тус тус биелүүлж ажиллаагүйн улмаас 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “.....................” ХХК-ийн ажлын талбайд Б.Д нь ажил үүргээ гүйцэтгэж байхдаа осолд орж эрүүл мэндэд нь зүүн гарын 2 болон 3 дугаар хуруу үеийн угаар бяцарч хугарч тасарсан, судас мэдрэл тасарсан, хуруу тайрах мэс ажилбар хийгдсэн байдал бүхий хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:

 

-Шүүгдэгч Ө.Эы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн өглөө би ажилчдаа ажлын талбайд буулгаад түлш авахаар дотогшоо орсон. Тэгтэл 10:00 цагийн үед Ц.Б над руу залгаад “Б.Дн гар дээр Ү.Г чулуу унагаагаад эмнэлэг явж байна” гэж хэлсэн.

...Б.Дд 2019 оны 11 дүгээр сарын цалин 449000 төгрөг, Ц.Биар дамжуулж хувиасаа 200000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 320000 төгрөг өгсөн. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхад нь 100000 төгрөг өгсөн, мөн эмнэлэгт хэвтэж байхад нь өдөр болгон эргэж байсан. Эмнэлгээс гараад ажилчид руу залган “байгууллагаас Хова гэх автомашин өг” гэж хэлсэн байсан. Өөрөө бол надтай огт уулздаггүй, ярьдаггүй. Миний хувьд тус автомашиныг авч өгөх боломжгүй. 25-аас доош ажилтантай байгууллага нь Хөдөлмөрийн аюулгүй байдлын инженерийг өөр ажилтан давхар хийх боломжтой байдаг. Үүний дагуу Ц.Бийг сургалтад суулган ажиллуулж эхэлсэн. Хөдөлмөрийн аюулгүй байдлын инженер нь өдөр бүр хөдөлмөрийн аюулгүй байдлын зааварчилга өгч, баримт үйлдэн ажлын хувцсаар ажилтныг хангах үүрэгтэй. Би үйл ажиллагаанд нь өдөр тутамд хяналт тавьдаг. 3 жилийн өмнө ажлын байрны эрсдэлийн үнэлгээ хийлгэсэн боловч баримтаа олоогүй. Хөдөлмөрийн аюулгүй байдлын сургалт 1 удаа явуулахад Д нь байгаагүй. Уг хэрэг гарахад байгууллага болон ажилтны хэн хэнийх нь буруутай үйлдэл нөлөөлсөн гэж үзэж байна. Б.Д нь өөр ажил үүрэг гүйцэтгэдэг хүнийг дээрэлхэн өөрийнхөө ажлыг хийлгүүлсэн байна. Ажилтанд хөдөлмөрийн аюулгүй байдлын зааварчилга өгөөгүй нь бидний буруу.” гэх мэдүүлэг,

 

-Шүүгдэгч Ц.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Тухайн үед манай тогооч ажлаасаа гарсан тул би хоол хийгээд байж байсан. Гэтэл Ш.О орж ирээд “Ү.Г нь Б.Дн гар дээр чулуу унагаачихлаа.” гэхээр  нь шууд эмнэлэгт хүргэж өгсөн. Миний хувьд өглөө ажилд гарахад нь зааварчилга өгдөг. Б.Д нь зааварчилгыг байнга үл ойшоож, хариуцлагагүй хандан, хэрүүл маргаан үүсгэж, ёс суртахуунгүй харьцдаг байсан. Тус өглөө Ү.Г, Б.Д хоёр ноцолдоод, хөөцөлдөөд гүйгээд байсан. Тухайн өдөр ажилтнуудад зааварчилга өгөөгүй нь миний буруу. Хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтан нь ажилтанд учрах эрсдэлээс урьдчилан сэргийлж, түүнтэй холбогдуулан заавар, зөвлөмжөөр хангах ёстой. 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр ажилтнуудад зааварчилга өгсөн боловч гарын үсгийг нь зуруулаагүй.” гэх мэдүүлэг,

 

-Хохирогч Б.Дн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2019 оны 5 дугаар сард ажилд орсон ч тухайн үед хөдөлмөрийн гэрээ хийгээгүй. Ц.Б нь ажилдаа бараг ирдэггүй. 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Ш.О намайг “Ү.Гтэй хамт чулуу бутлах хэсэгт ажилла” гэсэн. Ү.Г нь намайг чулуунуудыг шанага руу хий гэсэн ба тухайн үед бутлуурын машин ажиллаж байсан. Тэгээд шанагыг чулуугаар дүүргэхэд Ш.О бутлуурын машинд хийгээд үлдсэнийг нь хийж бай гээд явсан. Тэгээд ажиллаж байхад том чулуу гар дээр унасан. Ийнхүү би Ш.О, Ц.Б нарыг дуудаж эмнэлэг явсан. Надад 420000 төгрөгөөс өөр мөнгө өгөөгүй. Эмнэлэгт өдөр бүр эргэж ирж байсан нь үнэн. 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр надад хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар зааварчилга өгөөгүй. Гомдолтой байна. Улаанбаатар хот руу явж эмчилгээ хийлгэсэн ч төлбөрийн баримтыг манай дүү хог гэж бодоод хаячихсан байсан. Одоо халуун үед гараар ус гүйгээд, зайлшгүй тариа хийлгэдэг. Дахин эмчилгээ хийлгэх, хагалгаанд орох шаардлагатай ч санхүүгийн боломжгүй байгаа. Шөнө болгон маш их өвддөг. Осол гарсан цагаас хойш ажлаа хийж чадаагүй учир дундаж цалингаар бодож 6 сарын цалин болон нөхөн төлбөрт 6944874 төгрөг, эрүүл мэндийн даатгалд төлсөн 196000 төгрөг, хиймэл эрхтэн хийлгэх зардал 45000 ам доллар нэхэмжилнэ. Мөн компани нийгмийн даатгал төлөхгүй байгаа учир нийгмийн даатгалын шимтгэлийг нэхэмжилнэ, гомдолтой байна.” гэх мэдүүлэг,

 

-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 21/,

 

-“Хэрэг учрал болсон гэх газар нь Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Дархан эрдэст шохойн шийр” ХХК-ийн хашаа байх...” гэх хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, схем зураг /1 дүгээр хавтаст хэргийн 22-25/,

 

-Хохирогч Б.Дн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2019 оны 11 дүгээр сарын 14-ний өглөө 09 цаг 30 минутын үед “Дархан эрдэс шийр” ХХК-нд чулуу бутлуур дэр Г, О гэх хүмүүсийн хамтаар ажиллаж эхэлсэн. Тухайн осол болсон өдөр бутлуур дээрээс унасан чулууг бригадын дарга О нь намайг түүгээд ковшийн шанага руу хийх ажил хий гээд ажиллуулж эхэлсэн. Ингээд би тухайн бутлуур дээрээс унасан чулуунуудыг түүгээд ковш руу зөөж хийх ажил хийгээд 2 цаг гаруй ажилласан. Ингэж ажиллаж байхад бутлуур дотор чулуу дүүрч бутлуур нь ажиллахаа байж гацсан. Ингээд О бид 2 бутлуурыг унтраагаад дотор нь байсан чулуунуудыг авсан. Нэг чулуу гацчихаад унахгүй байхаар нь нарийн төмрөөр чулууг унагаагаад бутлуурыг хэвийн ажиллагаатай болгосон. Ингээд О нь бутлуурыг асаагаад “гадуур нь унасан байгаа чулуунуудыг чи түүгээд ковшийн шанага руу хийчих” гэхээр нь би чулуунуудыг түүгээд нэг шанагыг дүүргэчихээд дахиад нэг ковшийн шанага дүүргэхээр чулуу түүж байхад бутлуурын дээр байдаг бункер буюу бутлуур луу орох чулууг тавьдаг тавцан дээрээс том чулуу унаж миний зүүн гарын хурууг гэмтээсэн.

...намайг ослын улмаас эмнэлэгт хэвтэж байхад компанийн хөдөлмөр хамгааллын ажилтан Б ирж тээрмийн операторчин гэх ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зуруулсан. Ер нь бол аюулгүй ажиллагааны зааварчилга өгөхгүй ажилд гаргадаг. Тэгээд хэд хоногийн дараа бүгдийг нь бөөгнүүлж байгаад нэг мөр гарын үсэг зуруулаад байдаг. Тухайн өдөр надад болон хамт ажиллаж байсан хүмүүст аюулгүй ажиллагааны зааварчилга огт өгөөгүй. Мөн надад хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн чиглэлээр ямар ч сургалт орж байгаагүй. Тухайн өдөр нормын төмөр хамгаалалттай гутал, ажлын хувцас, бээлий зэргийг өгсөн. Харин каск буюу малгай, маск, нүдний шил зэргийг өгөөгүй. Би их гомдолтой байна, цаашид хуруугаа эмчлүүлж хагалгаа хийлгэх шаардлагатай байгаа мөнгө төгрөгийг нэхэмжилнэ.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 29-30/,

 

-Иргэний хариуцагч “Дархан эрдэст шохойн шийр” ХХК-ийн захирал Ө.Эы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би уг “Дархан эрдэст шохойн шийр” ХХК-ийн захирлын хувьд манай компанийн ажлын байранд ажилтан Б.Дн биед учирсан хохиролтой холбоотой хуулийн дагуу нэхэмжлэх мөнгө төгрөгийн хохирлыг манай “Дархан эрдэст шохойн шийр” ХХК бүрэн төлж барагдуулна. Манай байгууллагын хөдөлмөр хамгаалал аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан Ц.Б нь ямар нэгэн мөнгө төгрөг Б.Дд гаргуулах асуудал байхгүй. Би өөрөө буюу “Дархан эрдэст шохойн шийр” ХХК хуулийн дагуу төлбөл зохих мөнгө төгрөгийг төлж барагдуулна.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 32/,

 

-Гэрч Д.Гбын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр тээрэм дээр савлагчийн ажил гүйцэтгэсэн. Харин Б.Д нь бутлуур дээр ажилласан. 11 цаг 20 минутын үед ажлаа хийгээд зогсож байхад “Б.Д гараа авчихлаа.” гээд О хэлж байсан. Тухайн өдөр нягтлан бодогч болон хөдөлмөр хамгааллын ажлыг давхар гүйцэтгэдэг эмэгтэй аюулгүй ажиллагааны зааварчилгатай танилцаад гарын үсгээ зураарай гээд зуруулж байсан. Бусад ажилчид зурсан эсэхийг мэдэхгүй байна. Ямар ч байсан надаар бол гарын үсэг зуруулаад зааварчилга өгсөн. Надад болон бусад ажилчдад хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн чиглэлээр сургалтыг компанийн зүгээс болон хөдөлмөр хамгааллын инженер орж байгаагүй.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 38/,

 

-Гэрч А.Яийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр би ажил дээрээ хойд талын тээрэм дээр савлагчийнхаа ажлыг Гантөмөр гээд залуугийн хамтаар хийгээд байж байхад 10 цагийн үед “бутлуур дээр ажиллаж байсан Б.Д чулуунд гараа даруулж гэмтээд явчихсан.” гэсэн яриаг О гэдэг хүнээс сонссон. 2019 он гараад удаагүй байхад хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн чиглэлээр нэг удаа сургалт орсон.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 39/,

 

-Гэрч Б.Бцын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Тухайн өдөр ажилд гарахын өмнө надад бол аюулгүй ажиллагааны зааварчилга өгөөгүй ажилд гаргасан. Тэгээд тухайн осол болсны дараа надад аюулгүй ажиллагааны зааварчилга өгсөн дэвтэр дээр гарын үсгээ зурчих гээд миний гарын үсгийг зуруулсан. Мөн Б.Дн гарын үсэг зурагдаагүй байсан тул О гээд манай ажилтан намайг зурчих гээд байхаар нь Б.Д гээд нэрийг биччихсэн. Бусад ажилчдад аюулгүй ажиллагааны зааварчилга өгсөн байсан эсэхийг би мэдээгүй. Ямар ч байсан надад бол өгөөгүй. Надтай бол ажилд ороход хөдөлмөрийн гэрээ компанийн зүгээс байгуулж байсан. Харин ажлын байрны тодорхойлолт, ажилд томилсон тушаал зэрэг зүйл гарсантай нь би танилцаж байгаагүй. 2018 оны 5 сарын үед хөдөлмөр хамгааллын чиглэлээр надад болон надтай ажилладаг хүмүүст энэ чиглэлээр нэг удаа сургалт орж байсан. Түүнээс хойш бол огт дээрх байдлаар сургалт орж байгаагүй. Энэ осол болохоос өмнө хөдөлмөр хамгааллын инженер Б хааяа нэг хөдөлмөр хамгааллын зааварчилга өгсөн дэвтэр дээр гарын үсэг зуруулдаг байснаас өдөр бүр ажилд гарахын өмнө энэ ажлыг хийж гүйцэтгэхдээ ийм байдлаар ажиллаарай, энэ ажлыг хийхдээ ийм зүйл дээр анхаараарай гэдэг байдлаар анхааруулж зааварчилж хэлдэггүй байсан. Хааяа нэг хүрч ирээд энэ дэвтэр дээр гарын үсэг зураарай гээд гарын үсэг зуруулдаг байсан. Харин энэ ослоос хойш байнга гарын үсэг зуруулж зааварчилгыг Б өгч байгаа.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэрэг 40/,

 

-Гэрч Ш.Оын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Захирал надад урьд өдөр нь ажилчдын томилгоог хэлчихсэн байсан. Б.Дг тухайн өдөр бутлуур дээр буюу чулуу түүх ажилд гаргаарай гэж хэлсэн байсан. Үүний дагуу би 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өглөө түүнийг ажилд гарахаар ирэхэд бутлуур дээр буюу чулуу түүх ажилд Гийн хамтаар ажиллуулсан. Ингээд бутлуурын доор унасан чулуунуудыг Д түүгээд ажиллаж байхад бутлуур гацчихсан. Тэгэхээр нь Д бид 2 Гээс нарийн урт төмрийг нь аваад гацааг нь гаргаж хэвийн ажиллагаанд оруулсан. Тэгээд бутлуурын доор үлдсэн хэдхэн чулууг Д түүгээд үлдсэн. Би тээрэм рүү ачилтын машин оруулахаар тээрмийн операторын ажил хийж байсан Гбтой уулзаад зогсож байхад Д нь “гар гар” гээд гүйгээд ирсэн. Тэгэхээр нь “яасан бэ?” гэж асуухад “Г миний дээрээс чулуу унагаачихлаа” гээд байсан. Түний гарыг харахад зүүн гарын долоовор болон дунд хуруу нь бяцарсан хугарсан бололтой байсан. Надад болон хамт ажиллаж байсан хүмүүст аюулгүй ажиллагааны зааварчилгыг Б нь ажил эхлэхийн өмнө өгсөн. Тухайн өдөр Д нь зааварчилга өгсөн дэвтэр дээр өөрөө гарын үсэг зураагүй байсан. Ингээд гараа гэмтээчихсэн хойгуур нь над руу Б утастаад “Д аюулгүй ажиллагааны зааварчилга өгсөн дэвтэр дээр гарын үсэг зураагүй байна лээ. Дн нэр дээр түүний ах Бцоор гарын үсэг зуруулчхаарай.” гэхээр нь Бцоор Дн гарын үсгийг зуруулчихсан юм. Манай компанийн тогооч 2 сарын өмнө ажлаасаа гарчихсан юм. Тиймээс Б нь өдөр тогоочийн ажлыг давхар хийдэг. Мөн нягтлан бодогчийн ажлыг хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны инженерийн ажил зэргийг давхар гүйцэтгэдэг учир тэр болгон өглөө бүр тогтмол ирж ажилд гарахын өмнө аюулгүй ажиллагааны зааварчилгыг өгөөд байж чаддаггүй. Тэр үедээ бол өдөр цайны цагаараа аюулгүй ажиллагааны зааварчилгыг өгчихдөг. Би хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн чиглэлээр ямар нэгэн сургалтад хамрагдаж байгаагүй. Надад болон бусад ажилчдад дээрх төрлийн сургалтыг орж хамруулж байгаагүй.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 41-42/,

 

-Гэрч Ү.Гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...10 цаг өнгөрч байхад бутлуурын бункер дээр овоолсон чулуунуудын дээр буюу гол хэсэгт байрлаж байсан чулуу бункерын тавцан дээрээс тоног төхөөрөмжийн чичиргээнээс болж унасан. Би яг унах гэж байгааг хараад бункерын оройн хэсгээс доош чулуу түүж байсан Дд “чулуу уналаа холдоорой.” гээд хэлсэн боловч бутлуур буюу тоног төхөөрөмж ажиллаад дуу чимээ ихтэй байсан учир миний орилохыг сонсоогүй байх. Тэгээд би бункерын тэндээс Д руу тойроод гүйгээд очиход бункерээс унасан чулуу түүний гар дээр уначихсан байдалтай байсан. Надад хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн чиглэлээр сургалт орж байгаагүй. Тухай өдөр надад яг аюулгүй ажиллагааны зааварчилга өгөөгүй. Харин осол болсны дараа энэ дэвтэр дээр гарын үсэг зурчих гээд Б надаар гарын үсэг зуруулсан. Б нь зааварчилга өгсөн дэвтэр дээр хааяа нэг зуруулдаг. Гараа гэмтээсэн Д гэх залууд мөн аюулгүй ажиллагааны зааварчилга өгөөгүй гарын үсэг зуруулаагүй байсан ба дараа нь түүний ах Бц гэдэг хүнээр Дн өмнөөс гарын үсэг зуруулж байсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас хэргийн 43/,

 

-Хохирогч Б.Д нь Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн тухай 13314 дугаартай өвчний түүх /1 дүгээр хавтаст хэргийн 48-62/,

 

-“Б.Дн биед зүүн гарын 2 болон 3 дугаар хурууны яс болон судас, зөөлөн эдийн хэлбэр алдагдсан шарх, мэс заслын аргаар 2 болон 3 дугаар хурууны угаар тайрагдсан байдал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.2-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг үлэмж хэмжээгээр тогтонги алдагдуулах тул хүндэвтэр зэргийн гэмтэл болно. Б.Дн бие учирсан гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг 25 хувиар алдагдуулна.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 985 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 64-65/,

 

-Б.Дн зүүн гарын 3, 4 дүгээр хуруунд ил шархтай, хугаралтай гэх Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /1 дүгээр хавтаст хэргийн 66-67/,

 

-“Ажил олгогчийн зүгээс ажилтан Б.Дг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэдлэг олгох сургалтад хамруулаагүй байна. Энэ нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8-д заасан Ажил олгогчийн үүргийг хэрэгжүүлээгүй. Хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлгээс үзэхэд тухайн өдөр аюулгүй ажиллагааны зааварчилга өгөөгүй байна. “.....................” ХХК-ийн ажлын талбайд ашиглаж буй бутлуур нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3 дахь “машин механизм, тоног төхөөрөмжийг суурилуулах, их засварын дараа ашиглалтад оруулахдаа мэргэжлийн хяналтын байгууллагаар хянуулж зөвшөөрөл, гэрчилгээ авсан байх” гэсэн шаардлагыг хангаагүй. “.....................” ХХК-нд ажил үүрэг гүйцэтгэх үед мөрдөх аюулгүй ажиллагааны заавар, дүрэм, журам баталж мөрдүүлээгүй. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн дээрх заалтууд зөрчигдсөний улмаас ажилтны эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан үйлдвэрлэлийн осол гарсан гэж үзэж байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна”, 28 дугаар зүйлийн 28.1.3 дахь “хөдөлмөр эрхлэлтийн явцад гарч болзошгүй осол, бэртэл, өвчлөлөөс ажилтныг хамгаалах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх”  гэсэн ажил олгогчийн үүргийг захирал Ө.Э, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.1 дахь “аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн бодлого, төлөвлөгөөг боловсруулж, шаардлагатай дүрэм, журмыг шинэчлэн баталж хэрэгжүүлэх”, 27.3.4 дэх “хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтын хэрэгцээг тодорхойлох, төлөвлөх, хөтөлбөр боловсруулах, сургалт зохион байгуулах, үр дүнг тооцох, тайлагнах” гэсэн чиг үүргийг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтан Ц.Б нар тус тус хангуулан ажиллах ёстой” гэх 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 19/11 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 72-73/,

 

-Хохирогч Б.Дн гарын рентген зураг /1 дүгээр хавтаст хэргийн 99/,

 

-“Б.Дн биед зүүн гарын 2 болон 3 дугаар хуруу үеийн угаар бяцарч хугарч тасарсан, судас мэдрэл тасарсан, хуруу тайрах мэс ажилбар хийгдсэн гэмтэл учирсан байна. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтын хувь тогтоох хүснэгтийн 91.3-д зааснаар энгийн хөдөлмөрийн чадварыг 25 хүртэл хувиар алдагдуулах тул хүндэвтэр гэмтэлд хамаарна. Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 985 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.” гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 151 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 100-102/,

 

-“...Осолдогч Б.Д нь “.....................” ХХК-ийн ажлын талбайд ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ осолд орсон тул үйлдвэрлэлийн осолд тооцно. Ажил олгогч нь ажлын байранд хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах ажлыг зохион байгуулах, хэрэгжүүлэх, хяналт тавих, аюул эрсдэлийг бууруулах удирдлагын тогтолцоо нэвтрүүлээгүй нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3, 28.1.4, 28.1.6, ажлын талбайд ашиглаж байсан бутлуурыг мэргэжлийн байгууллагаар хянуулж зөвшөөрөл аваагүй байсан нь мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3 дахь заалтуудыг, харин хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан нь үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлийн үйлчлэл бүхий болон тэдгээртэй адилтгах эрсдэлтэй ажлын байранд ажиллаж байгаа ажилтнуудыг хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны сургалтад хамруулж мэдлэг дадлага олгоогүй ажил үүрэг гүйцэтгүүлсэн нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.4, 17 дугаар зүйлийн 17.3 дахь заалтуудыг тус тус зөрчсөн байна. “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн сургалтын зохион байгуулалт, үндсэн дүрэм” MNS4969:2000 стандартын 4.16-д заасны дагуу осолдогч Б.Дд 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр ажилд гарахын өмнө аюулгүй ажиллагааны өдөр тутмын зааварчилга бичгээр өгөөгүй гэж дүгнэж байна...” гэх 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 05-078/09 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 109-112/,

 

-”.....................” ХХК-ийн хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дэвтрийн хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 156/,

 

-Үйлдвэрийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх комисс байгуулах тухай “.....................” ХХК-ийн захирлын 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн тушаал /1 дүгээр хавтаст хэргийн 157/,

 

- Үйлдвэрийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх комиссын акт, хурлын тэмдэглэл, гэрэл зураг /1 дүгээр хавтаст хэргийн 158-164/,

 

-Шүүгдэгч Ц.Бийг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтнаар томилсон тухай “.....................” ХХК-ийн захирлын 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 04 дугаартай тушаал, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт /1 дүгээр хавтаст хэргийн 169-173/,

 

-Хохирогч Б.Дг Тээрмийн операторчин ажилтнаар томилсон тухай “.....................” ХХК-ийн захирлын 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 06 дугаартай тушаал, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, Б.Дн ажилд орохыг хүссэн анкет /1 дүгээр хавтаст хэргийн 175-179/,

 

-”.....................” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, компанийн дүрэм, Ө.Эыг компанийн гүйцэтгэх захирлаар томилсон шийдвэр /1 дүгээр хавтаст хэргийн 180-183/,

 

-”.....................” ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журам, Аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дүрэм /1 дүгээр хавтаст хэргийн 187-196/,

 

-”.....................” ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нийт ажилтны сургалтын тайлан /1 дүгээр хавтаст хэргийн 197-223/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч Ө.Эы хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүрэг буюу Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3 дахь хэсэгт заасан “хөдөлмөр эрхлэлтийн явцад гарч болзошгүй осол, бэртэл, өвчлөлөөс ажилтныг хамгаалах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх”, 28.1.4 дэх хэсэгт заасан “ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх”, 28.1.6 дахь хэсэгт заасан “ажлын байрны онцлогт нийцсэн дүрэм, заавар журам баталж мөрдүүлэх”, 9 дүгээр зүйлийн 9.1.3 дахь хэсэгт заасан “машин механизм, тоног төхөөрөмжийг суурилуулах, их засварын дараа ашиглалтад оруулахдаа мэргэжлийн хяналтын байгууллагаар хянуулж зөвшөөрөл гэрчилгээ авсан байх”, Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасан “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуй нэгж, байгууллагын захирал /эзэн/ ажил олгогч шууд хариуцна” гэх заалтуудыг, шүүгдэгч Ц.Бийн хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүрэг буюу Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.4 дэх хэсэгт заасан “хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтын хэрэгцээг тодорхойлох, төлөвлөх, хөтөлбөр боловсруулах, сургалт зохион байгуулах, үр дүнг тооцох, тайлагнах”, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.2, 17.3 дугаар зүйлд заасан “...үйлдвэрлэлийн хортой, аюултай хүчин зүйлийн үйлчлэл бүхий болон тэдгээртэй адилтгах эрсдэлтэй ажлын байранд зохих сургалтад хамрагдаж, дадлага хийж, шалгалтад тэнцсэн иргэнийг ажиллуулна” 28 дугаар зүйлийн 28.1.8 дахь хэсэгт заасан “Аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх” гэх заалтуудыг тус тус биелүүлж ажиллаагүй үйлдэл нь 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “.....................” ХХК-ийн ажлын талбайд Б.Д нь ажил үүргээ гүйцэтгэж байхдаа осолд орж эрүүл мэндэд нь зүүн гарын 2 болон 3 дугаар хуруу үеийн угаар бяцарч хугарч тасарсан, судас мэдрэл тасарсан, хуруу тайрах мэс ажилбар хийгдсэн байдал бүхий хүндэвтэр хохирол учирсантай шууд шалтгаант холбоотой бөгөөд хэргийн үйл баримт, шүүгдэгч нарын дээрх үйлдэл нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч нарын үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.

 

Иймд шүүгдэгч Ө.Э, Ц.Б нарыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Хохирогч Б.Д нь “осол гарсан цагаас хойш ажлаа хийж чадаагүй учир дундаж цалингаар бодож 6 сарын цалин болон Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлд заасан нөхөн төлбөрт нийт 6944874 төгрөг, эрүүл мэндийн даатгалд төлсөн 196000 төгрөг, хиймэл эрхтэн хийлгэх зардал 45000 ам доллар, нийгмийн даатгалын шимтгэлийг нэхэмжилнэ, гомдолтой байна.” гэх мэдүүлэг шүүхийн хэлэлцүүлэгт өгч байна.

 

“.....................” ХХК нь хэрэг учрал болох үед хохирогч Б.Дг сард хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр буюу 320000 төгрөгийн цалинтай байсан гэсэн цалингийн тодорхойлолт ирүүлжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 144-145/

 

Гэвч хохирогч Б.Дн Худалдаа хөгжлийн банкны 40******* тоот дансанд “.....................” ХХК-ны олгосон цалин гэсэн утгатай орлого 2019 оны 8 дугаар сард 810400 төгрөг, 2019 оны 9 дүгээр сард 504600 төгрөг, 2019 оны 10 дугаар сард 525000 төгрөг, нийт 1840000 төгрөгийн орлого оржээ. /1 дүгээр хавтаст хэргийн 226-228/

 

Иймд 2005 оны 5 дугаар сарын 5-ны өдөр Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-д заасны дагуу тооцож үзэхэд 1840000:3=613333 төгрөгийн дундаж цалинтай байсан гэж үзэхээр байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-т “үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 30 хувь хүртэл алдсан ажилтанд 5 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа олгоно” гэж хуульчилсны дагуу нөхөн төлбөрт иргэний хариуцагч “.....................” ХХК-аас 3066665 төгрөг /613333*5=3066665/, мөн эрүүл мэндийн даатгалын шимтгэлд төлсөн 196000 төгрөг, нийт 3262665 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Дд олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Монгол Улсын Нийгмийн даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1-т “нийгмийн даатгал нь иргэн /цаашид "даатгуулагч" гэх/ болон төр, аж ахуйн нэгж, байгууллагаас зохих журмын дагуу шимтгэл төлж, нийгмийн даатгалын сан бүрдүүлэх, даатгуулагч өндөр наслах, хөдөлмөрийн чадвараа алдах, өвчлөх, ажилгүй болоход өөрт нь, тэрчлэн даатгуулагч нас барахад түүний асрамжид байсан хүмүүст хууль тогтоомжид заасан тэтгэвэр, тэтгэмж, төлбөр өгөх агуулга бүхий нийгэм, эдийн засгийн арга хэмжээ мөн.” гэж хуульчилсан бөгөөд хохирогч Б.Д нь энэхүү шимтгэлийг нэхэмжлэх эрхгүй этгээд байна.

 

Харин иргэний хариуцагч “.....................” ХХК-ийг хуулийн дагуу төлөх нийгмийн даатгалыг төлүүлэх эсэхийг нэхэмжилж, нийгмийн даатгалын санд төвлөрүүлэх нь нийгмийн даатгалын байгууллагын эрх хэмжээний асуудал юм.

 

Хохирогч Б.Д нь ажил олгогч “.....................” ХХК нь нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй байсан учир нийгмийн даатгалын сангаас тэтгэмж авч чадаагүй гэж 6 сарын хугацааны цалин гэж 3681204 төгрөг нэхэмжилж байгаа боловч иргэний хариуцагчийн нийгмийн даатгалын шимтгэл суутган төлөхгүй байгаатай холбоотой маргаан шийдэгдсэний дараа хохирогч нь цалин хөлс, хөдөлмөрийн чадвар түр алдсан хугацааны тэтгэмжтэй холбоотой маргаанаа шийдвэрлүүлэх эрхтэй. Иймд 6 сарын хугацааны цалин гэж 3681204 төгрөг нэхэмжилсэн иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч нар нь завсарлага авсан хугацаанд 3262665 төгрөгийг нөхөн төлсөн байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгч нараас гаргуулах төлбөргүй байна.

 

Хохирогч нь  цаашид зайлшгүй эмчилгээ хийлгэх шаардлагатай болох нь түүнд учирсан гэмтэл, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хохирогч нь цаашид гарах эмчилгээний болон хиймэл эрхтэн хийлгэх зардал, цалин хөлстэй холбоотой маргаан зэргийг холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст  иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдах нь зүйтэй байна.

 

2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Ө.Э, Ц.Б нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байх бөгөөд тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ө.Э нь шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй байгаа байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, шүүгдэгч Ц.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй байгаа байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ө.Эыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Ц.Бд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, мөн нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Ө.Эд оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд сар бүр 200000 төгрөгөөр, шүүгдэгч Ц.Бд оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд сар бүр 100000 төгрөгөөр тус тус хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч Ө.Э, Ц.Б нарт анхааруулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б овогт Ө.Э, Б овогт Ц.Б нарыг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний бие махбодид удаан хугацаагаар эрүүл мэндийг нь сарниулж хөдөлмөрийн чадварын гуравны нэгээс дээшгүйг алдагдуулсан гэмтэл болгоомжгүй учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б овогт Ө.Эыг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Б овогт Ц.Бйг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-т зааснаар шүүгдэгч Ө.Эд оногдуулсан торгох ялын 800000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 сарын хугацаанд сард 200000 төгрөгөөр, шүүгдэгч Ц.Бд оногдуулсан торгох ялын 600000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сарын хугацаанд сард 100000 төгрөгөөр тус тус хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч Ө.Э, Ц.Б нарт үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч Ө.Э, Ц.Б нарт анхааруулсугай.

 

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3, 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хохирогч нь цаашид гарах эмчилгээний болон хиймэл эрхтэн хийлгэх зардал, цалин хөлстэй холбоотой маргаан зэргийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Э, Ц.Б нарт хувийн баталгаа гаргахаар авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Я.ТУУЛ