Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 101/ШШ2021/02832

 

 

 

 

 

 

 

 

 

            2021        09          24

                                 101/ШШ2021/02832

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Г.А-ын гаргасан,

 

Хариуцагч: СХЗГ-т холбогдох,

 

Ажилгүй байсан хугацааны цалин хөлс 23,462,944.00 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, Б.У, нарийн бичгийн дарга Д.Мандахтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасан тайлбартаа:

 

Миний бие Г  аймгийн Засаг даргийн 2017 оны 01 дүгээр сарын     02-ны өдрийн захирамжаар аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн даргын ажил үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдож, 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн захирамжаар төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах шалгалтад тэнцсэн учир тус ажил, албан тушаалд жинхэлэн томилогдсон юм. Би, 2017, 2018 онуудад аймгийн засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ В үнэлгээтэй, Стандарт, хэмжил зүйн газрын даргатай баигуулсан үр дүнгийн гэрээний үүргээ А үнэлгээтэй тус тус биелүүлж, хоёргүй сэтгэлээр төрийн албыг хашиж байсан.

 

Гэтэл байгууллагын нягтлан бодогч 3 удаа солигдсоноос аудитын акт тавигдсаны улмаас намайг аймгийн засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Б/11 тоот захирамжаар Стандарт, хэмжил зүйн хэлтсийн даргын ажлаас халж, улмаар Г  аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд ажилдаа эргэн орох нэхэмжлэл гаргаснаар тус шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн шийдвэрээр намайг Стандарт, хэмжил зүйн хэлтсийн даргын үүрэгт ажилд эгүүлэн тогтоож, шүүх хуралдаанд хүртэлх хугацааны цалингийн нөхөн олговорыг хариуцагчаас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгасан.

 

Гэвч хариуцагч нь шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байсаар миний бие 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Г  аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцогдсон учир ажилд эгүүлэн тогтоолгох тухай шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг өөрийн хүсэлтээр зогсоолгосон.

 

Намайг ажилд минь эгүүлэн тогтоолгохоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас аймгийн засаг дарга болон хариуцагч Стандарт, хэмжил зүйн газарт тус тус албан шаардлага, гүйцэтгэх хуудсыг хүргүүлэх, утсаар ярих зэрэг арга хэмжээг авсан хэдий ч хэрэгжүүлээгүй, мөн би өөрөө 2 удаа Стандарт, хэмжил зүйн газрын дарга Б.Б-тэй уулзахад удахгүй томилно, ажлаа авахад бэлдэж бай гэсэн хариулт өгдөг боловч өдийг хүртэл биелүүлээгүй.

 

Миний буруутай үйл ажиллагаанаас болж би эрүүгийн хэрэгт холбогдоогүй харин нягтлан бодогчийн буруутай үйл ажиллагаанаас төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан асуудал үүссэн. Би, шүүхийн тогтоолд заасан хохирлыг холбогдох байгууллага, иргэдээс гаргуулахаар иргэний журмаар нэхэмжлэл гаргасан, мөн байгууллагын төсвөөс нэг ч төгрөг хувьдаа завшаагүй, хоёргүй сэтгэлээр ажил үүргээ гүйцэтгэж байсан юм.

 

Хариуцагчаар Стандарт, хэмжил зүйн газрыг татах болсон шалтгаан нь шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаанд Стандарчлал техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “Аймаг, нийслэлийн стандартчилал, техникийн зохицуулалтын байгууллагын даргыг Төрийн албаны хуульд заасны дагуу сонгон шалгаруулж аймаг, нийслэлийн Засаг даргатай зөвшилцсөний үндсэн дээр стандартчилал, техникийн зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга томилж чөлөөлнө, мөн Хэмжил зүйн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т Аймаг, нийслэлийн Хэмжил зүйн байгууллагын даргыг Төрийн албаны хуульд заасны дагуу сонгон шалгаруулж аймаг, нийслэлийн засаг даргын саналыг үндэслэн Хэмжил зүйн асуудап хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга томилж, чөлөөлнө” гэж өөрчлөгдөж босоо тогтолцоотой болсноос шалтгаалж байгаа болно.

 

Өөрчлөгдсөн хуулийн дагуу аймгийн засаг дарга Г.А-ыг аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн даргаар томилоход татгалзах зүйлгүй гэсэн саналыг хүргүүлсэн боловч Стандарт, хэмжил зүйн газрын дарга үүргээ биелүүлээгүй өдий хүрсэн болно. Дээрх 2 хууль өөрчлөгдөөгүй байхад хариуцагч Стандарт, хэмжил зүйн даргатай зөвшилцөж аймгийн засаг дарга томилдог, чөлөөлдөг халдаг зохицуулалт урьд өмнө байсан болно.

 

Иймд, миний ажилгүй байсан хугацаа болох 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх 469 хоногийн нөхөх олговор болох 23,462,944.00 төгрөгийг хариуцагч Стандарт, хэмжил зүйн газраас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү” гэв.

Хариуцагчаас тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Г  аймгийн Засаг дарга С.Г 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр захирамжаар нэхэмжлэгч Г.А-ыг Г  аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн даргын үүрэгт ажлаас нь халсан. Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 3-т аймаг, нийслэлийн хэмжилзүйн байгууллагийн даргыг стандартын төв байгууллагын даргатай зөвшилцөж аймаг нийслэлийн, Засаг дарга томилж чөлөөлнө гэж заасны дагуу Г  аймгийн Засаг дарга нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хуулиар аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн даргыг томилж, чөлөөлөх бүрэн эрхтэй байсан.

 

Мөн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр батлагдаж, 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр батлагдсан Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т аймаг, нийслэлийн стандартчилал, техникийн зохицуулалтын байгууллагын даргыг Төрийн төрийн албаны тухай хуульд заасны дагуу сонгон шалгаруулж аймаг нийслэлийн засаг даргатай зөвшилцёөний үндсэн дээр стандартчилал, техникийн зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга томилж, чөлөөлнө гэж заасан нь дээрх хоёр хуулийн зөрчилдөөнтэй зохицуулалтаас үүдэн Г.А шүүхэд нэхэмжлэл гаргаж, гурван шатны шүүх хөдөлмөрийн маргааныг хянан шийдвэрлэсэн байдаг.

 

Нэхэмжлэгч Г.А нь Г  аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн даргын үүрэгт ажилдаа эгүүлэн томилогдох хүсэлт бүхий өргөдлийг 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Стандарт, хэмжил зүйн газарт ирүүлсэн бөгөөд тухайн үед түүний нэхэмжлэлтэй захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эцэслэн шийдвэрлэгдээгүй байсан тул өргөдлийг нь шийдвэрлэх боломжгүй гэдгээ хариу мэдэгдсэн. Үүнээс хойш нэхэмжлэгч нь Стандарт, хэмжил зүйн газарт дээрх асуудлаар дахин хандаагүй ба өнгөрсөн хугацаанд Стандарт, хэмжил зүйн газарт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас ямар нэгэн албан шаардлага болон Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл нэг ч удаа ирээгүй болно.

 

Стандарт, хэмжил зүйн газарт “ажилд эгүүлэн тогтоолгох” тухай хүсэлт ирүүлсэн учир хэрэг эцэслэн шийдвэрлэсэн талаар албан бичгээр тодруулахад 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр “хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй байна” гэх хариуг өгсөн байна.

 

Г  аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн гүйцэтгэх хуудаст төлбөрийн үнийн дүнг бичээгүй, төлбөр төлөгчөөр Г  аймгийн Засаг дарга гэсэн, мөн Г  аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн гүйцэтгэх хуудаст төлбөрийн үнийн дүнг 4,590,861.00 төгрөг, төлбөр төлөгчөөр Г  аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийг гэж тус тус бичигдсэн байна.

 

Түүнчлэн Г  аймаг дахь 20 дугаар тойргийн Шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 20050342/01 тоот “Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл”- ийг Г  аймгийн Засаг даргад хүргүүлсэн бол 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн “Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл”-ийг Г  аймгийн Засаг дарга Ж.Г-д гэж тус тус хүргүүлсэн байгаа нь Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-т заасантай нийцэж байна. Шинэчлэгдэн батлагдсан Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль, Хэмжил зүйн тухай хуулиар аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн даргыг аймгийн Засаг даргатай зөвшилцсөний үндсэн дээр Стандарт, хэмжил зүйн газрын дарга томилж, чөлөөлөхөөр хуульчилсан боловч аймгуудын Стандарт, хэмжил зүйн хэлтсүүд нь бүгд улсын төсвөөс санхүүждэг, тусдаа бие даасан төсөвтэй, нягтлан брдогчтой, хэлтсийн дарга нь байгууллагыхаа төсвийг шууд захиран зарцуулах эрхтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн даргын цалин хөлсийг Стандарт, хэмжил зүйн газраас олгодоггүй болно.

 

Нэхэмжлэгч Г.А-ыг Г  аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн даргын үүрэгт ажлаас халах шийдвэрийг Г  аймгийн Засаг дарга гаргасан тул Г.А-ын ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг Стандарт, хэмжил зүйн газар төлөх үндэслэлгүй юм. Аймгийн хэлтсийн даргыг Стандарт, хэмжил зүйн газрын дарга томилж байгаа, манай байгууллагын зүгээс ямар нэгэн эс үйлдэхүй гаргаагүй.

 

Үүнээс гадна нэхэмжлэгч Г.А-ыг эрүүгийн хэрэгт шалгаж, улмаар түүнд төрийн албанд ажиллах эрхийг 3 жилээр хассан шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон тул урьд өмнө нь эрхлэж байсан ажил, албан тушаалд буцаан томилох боломжгүй юм.

 

Иймд, Стандарт, хэмжил зүйн газар нь хариуцагч биш байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1, 65.1.2-т заасныг тус тус удирдлага болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах шийдвэрийг гаргаж өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.А-оос хариуцагч Стандарт, хэмжил зүйн газарт холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлс 23,462,944.00 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүргийг танилцуулж, тайлбарласан байна.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээс үзвэл хариуцагчид холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4-т зааснаар учруулсан хохирлыг арилгуулахыг хүсчээ. Гэвч шүүх, хэрэгт авагдсан болоод хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

  1. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар     Г  аймгийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн захирамжаар нэхэмжлэгч Г.А-ыг тус аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилоод дараа нь 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн захирамжаар түүнийг тухайн ажил, албан тушаалд жинхэлсэн байна /х.х-ийн 8, 9 хуудас/.

 

Гэтэл Г  аймгийн Засаг дарга нь 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн захирамжаар нэхэмжлэгч Г.А-ыг Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2, 39.1.11, 48 дугаар зүйлийн 48.1.3-д тус тус заасныг үндэслэн үүрэгт ажил, албан тушаалаас нь чөлөөлжээ. Тодруулбал, нэхэмжлэгчийг албаны эрх мэдлээ хэтрүүлэх, албаны бус зорилгод байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл, санхүүгийн эх үүсвэр, мэдээллийн хангамж болон албаны мэдээллийг ашиглан завшсан гэсэн үндэслэлээр төрийн албанаас халсан байна /х.х-ийн 10 хуудас/.

 

Ингээд нэхэмжлэгч нь уг шийдвэрийг үл хүлээн зөвшөөрч Г  аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн шийдвэрээр нэхэмжлэлийг нь хангаж шийдвэрлэсэн бол Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн магадлалаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Гэвч Улсын Дээд Шүүхийн Захиргааны хэргийн танхимын 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн тогтоолоор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн магадлалыг хүчингүй болгож, Г  аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатын шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Г.А-ыг Г  аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн даргын ажил, албан тушаалд буцаан томилжээ /х.х-ийн 11-31 хуудас/.

 

Иймд, зохигчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэсэн зарчмын хүрээнд нэхэмжлэгч Г.А-ыг Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2, 39.1.11-д тус тус заасныг зөрчсөн эсэх талаар маргахгүй бөгөөд Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй” гэж зааснаар нэхэмжлэгчийг урьд өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд нь буцаан томилох учиртай юм.

 

  1. Гэтэл хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар Г  аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн тоот шийтгэх тогтоолоор нэхэмжлэгч Г.А-ыг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоож, улмаар 3 жилийн хугацаагаар тэнсэх ял ногдуулахын сацуу нийтийн албанд томилогдох эрхийг мөн адил 3 жилийн хугацаагаар хассан байна /х.х-ийн 32-66 хуудас/.

 

Өөрөөр хэлбэл, хэдийгээр Г  аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн шийдвэрээр нэхэмжлэгч Г.А-ыг тус аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн даргын ажил, албан тушаалд буцаан томилсныг Улсын Дээд Шүүхийн Захиргааны хэргийн танхимын 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 63 тоот тогтоолоор хэвээр үлдээсэн ч нэхэмжлэгчийн нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн тоот шийтгэх тогтоол гарсан байна /х.хийн 178 хуудас/.

 

Иймд, нэхэмжлэгч Г.А нь Г  аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн даргын ажил, албан тушаалыг цаашид гүйцэтгэх боломжгүй болсон тул дээр дурдсан Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн шийдвэрийг биелүүлэх боломжгүй болжээ.

 

  1. Гэвч  хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар Г  аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн шийтгэх тогтоол гарахаас өмнө тус аймгийн Захиргааны хэргийн анхан шатын шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн захирамжаар нэхэмжлэгчийг урьд өмнө эрхлэж байсан ажил, албан тушаалд буцаан тогтоосон шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн байна /х.х-ийн 68, 69 хуудас/.

 

Уг захирамжийн дагуу Г  аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь тус аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт зааснаар нэхэмжлэгч Г.А-ыг аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн даргын ажил, албан тушаалд буцаан томилох ажиллагааг албадан биелүүлэхээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг эрх бүхий этгээдэд мэдэгдэж байжээ /х.х-ийн 70-74/.

 

Гэтэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “нэхэмжлэгч Г.А-ыг Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн шийтгэх тогтоолоор нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан тул шүүхийн шийдвэрийг биелүүлэх шаардлагагүй байсан” гэж мэтгэлцэж байна.

 

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн захирамжийн дагуу Г  аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр ирүүлсэн албан бичигт дурдсанаар нэхэмжлэгч Г.А-ыг эрүүгийн хэрэгт шалгаж байх хугацаанд тодорхой ажил, албан тушаал эрхлэх эрхийг нь түдгэлзүүлээгүй байна /х.х-ийн 129 хуудас/.

 

            Тодруулбал, нэхэмжлэгч Г.А-од холбогдуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.2-т “тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх” тухай таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй учир нэхэмжлэгч нь ажил үүргээ хэвийн гүйцэтгэх боломжтой байсан байна. Үүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д “Хууль тогтоомжид заасны дагуу эрх бүхий байгууллага шаардсан бол ажилтныг тухайн ажил, албан тушаал эрхлэхийг түдгэлзүүлж, цалин хөлс олгохыг зогсооно” гэж зааснаас авч үзэхэд нэгэнт эрх бүхий байгууллагаас нэхэмжлэгч Г.Аын ажил үүргийг гүйцэтгэхийг түр түдгэлзүүлээгүй тул түүнийг урьд өмнө эрхлэж байсан ажил, албан тушаалд буцаан томилж, цалин хөлсийг нь олгох ёстой байжээ.

 

            Нөгөө талаар Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “.............................Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно....................” гэсэн зарчмыг үндэслэл болговол нэхэмжлэгч Г.А-ыг Г  аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн даргын ажил, албан тушаалд буцаан томилсон тус аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн тоот шийдвэр гарсны дараа буюу хожим нэхэмжлэгчийг нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан тухай аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр гарсан тул нэхэмжлэгчийг энэ хүртэлх хугацаанд гэм буруутайд тооцож үл болох зарчим үйлчилнэ.

 

            Харин нэхэмжлэгч Г.А нь 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Г  аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан хүсэлтдээ тухайн ажил, албан тушаалд буцаан томилогдохоос татгалзсан нь түүнийг нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон учраас тийнхүү хүсэлт гаргасан байна /х.х-ийн 165/

 

  1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Г.А-ын нэхэмжлэлтэй Г  аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт хариуцагч Стандарт, хэмжил зүйн газар нь анхнаасаа оролцоогүй, мөн харьяа шийдвэр гүйцэтгэх газраас энэ талаар бидэнд мэдэгдээгүй тул шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүргийг хүлээхгүй, үүний улмаас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг төлөх ёсгүй” гэж маргасан.

 

Гэтэл шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар Г  аймгийн Засаг даргын орлогч Ж.Г-аас хариуцагч Стандарт, хэмжил зүйн газарт 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүргүүлсэн албан бичгээр нэхэмжлэгч Г.А-ыг тус аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн даргын ажил, албан тушаалд буцаан томилоход татгалзах зүйлгүй гэсэн бол хариуцагч нь 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэгчид өгсөн албан бичигтээ аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн шийдвэрт Улсын Дээд Шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргасан тул нэхэмжлэгчийн өргөдлийг шийдвэрлэх боломжгүй байна гэжээ /х.х-ийн 67, 90 хуулас/.

 

Өөрөөр хэлбэл, энэ тохиолдолд хариуцагч Стандарт, хэмжил зүйн газрыг  нэхэмжлэгч Г.А-ыг Г  аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн даргын ажил, албан тушаалд буцаан томилсон тус аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн шийдвэрийн талаар мэдэж байсан гэж үзэх үндэслэлтэй.

 

  1. Нэхэмжлэгч Г.А-ыг Г  аймгийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн тушаалаар тус аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн даргын ажил, албан тушаалд томилж байх хугацаанд Стандарчилал, тохирлын үнэлгээний тухай хууль болон Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хууль тус тус хүчин төгөлдөр мөрдөгдөж байжээ.

 

Хүчингүй болсон Стандарчилал, тохирлын үнэлгээний тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т “Аймаг, нийслэлийн стандартчиллын байгууллагын даргыг стандартчиллын төв байгууллагын даргатай зөвшилцөж аймаг, нийслэлийн Засаг дарга томилж, чөлөөлнө” гэж, мөн Хэмжлийн нэгмдэл байдлыг хангах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т “Аймаг, нийслэлийн хэмжил зүйн байгууллагын даргыг стандартчиллын төв байгууллагын даргатай зөвшилцөж аймаг, нийслэлийн Засаг дарга томилж, чөлөөлнө” гэж тус тус зааснаар Г  аймгийн Засаг дарга нь Г.А-ыг тус ажил, албан тушаалд томилох, чөлөөлөх эрхтэй байсан.

 

            Гэтэл 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр батлагдаж, 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсан Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “Аймаг, нийслэлийн стандартчилал, техникийн зохицуулалтын байгууллагын даргыг Төрийн албаны тухай хуульд заасны дагуу сонгон шалгаруулж аймаг, нийслэлийн Засаг даргатай зөвшилцсөний үндсэн дээр стандартчилал, техникийн зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга томилж, чөлөөлнө” гэж, мөн 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр батлагдсан Хэмжил зүйн тухай хууль /шинэчлэн найруулсан/-ийн 20 дугаар зүйлийн 20.2-т “Аймаг, нийслэлийн хэмжил зүйн байгууллагын даргыг Төрийн албаны тухай хуульд заасны дагуу сонгон шалгаруулж, аймаг, нийслэлийн Засаг даргын саналыг үндэслэн хэмжил зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга томилж, чөлөөлнө” гэж тус тус зааснаар аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн даргыг төрийн захиргааны төв байгууллах болох хариуцагч Стандарт, хэмжил зүйн газрын дарга нь томилох, чөлөөлөх эрхтэй болсон байна.

 

            Гэтэл Г  аймгийн Засаг дарга нь нэхэмжлэгч Г.А-ыг 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр ажлаас чөлөөлөх тушаал гаргахдаа Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийг зөрчсөн буюу хуулиар олгогдоогүй эрхийг эдэлсэн гэж Улсын Дээд Шүүхийн Захиргааны хэргийн танхимын 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн тогтоолд дурджээ.

 

            Харин нэхэмжлэгч Г.А-ыг ийнхүү ажил, албан тушаалаас чөлөөлж байх цаг хугацаанд Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан боловч нэхэмжлэгчийг урьд өмнө эрхлэж байсан ажил, албан тушаалд буцаан томилох тухай Г  аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн шийдвэр гарахаас өмнө уг хууль хүчингүй болсон байна.

 

            Иймээс нэхэмжлэгч Г.А-ыг Г  аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн даргын албан тушаалд буцаан томилох эрх, үүргийг хариуцагч Стандарт, хэмжил зүйн газрын дарга нь хэрэгжүүлэх учиртай.

 

  1. Хэдийгээр хариуцагч Стандарт, хэмжил зүйн газар нь Г.А-ын нэхэмжлэлтэй Г  аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт анхнаасаа хариуцагчаар оролцоогүй боловч хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчимтай бөгөөд хариуцагч нь Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, мөн Хэмжил зүйн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т тус тус зааснаар Г.А-ыг Г  аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн даргын ажил, албан тушаалд буцаан томилсон шүүхийн шийдвэрийг биелүүлэх ёстой.

 

Тодруулбал, аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн даргыг томилох, чөлөөлөх бүрэн эрхтэй этгээд нь ийнхүү хуулийн өөрчлөлтөөр өөрчлөгдсөн нь нэгэнт хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс татгалзах үндэслэл болохгүй ба Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлд заасан шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянуулах үндэслэлд хамаарахгүй байх тул уг үйл баримтын талаар дахин маргахгүй.

 

Иймд, хариуцагч Стандарт, хэмжил зүйн газар нь нэхэмжлэгч Г.А-ыг Г  аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн даргын ажил, албан тушаалд буцаан томилсон тус аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн шийдвэрийг биелүүлэхээс үндэслэлгүйгээр татгалзсан гэж үзэхээр байна.  

 

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заажээ.

 

Тайлбарлавал, ажил олгогч ажилтныг ажлаас халах тухай хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргаагүй бол ажилтан шүүхэд эрхээ хамгаалуулахаар хандах үндэслэл үүсэхгүй байсан, тухайн эрх зүйн маргааныг эцэслэн шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг ажил олгогч хүндэтгэн биелүүлэх, эсхүл үл зөвшөөрч, гомдол гаргах нь хуульд заасан түүний эрхийн асуудал мөн боловч ийнхүү гомдол гаргаснаас нэхэмжлэгч талд үүсэх үр дагаврыг тэрээр хариуцах нь зүйтэй юм.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “ажилгүй байсан бүх хугацаа” гэдэгт ажилтныг ажлаас халах тухай ажил олгогчийн шийдвэр гарснаас хойш түүнийг ажилд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааг хамруулахаас гадна шүүхийн шийдвэр гарснаас хойш уг шийдвэрийг биелүүлэх хүртэлх хугацаа мөн адил үүнд хамаарна.

 

            Нөгөө талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.3-т “Мэдэгдлийг хүлээн авсан ажил олгогч урьд гаргасан шийдвэрээ хүчингүй болгож, тухайн ажилтныг эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосноор гүйцэтгэх баримт бичгийн шаардлага биелэгдсэнд тооцно гэж зааснаар шүүхийн шийдвэрийг биелэгдсэнд тооцдог тул ажилтны ажилгүй байсан хугацааг түүнийг ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр гарснаар бус, харин шүүхийн шийдвэрийг биелүүлсэн ажил олгогчийн шийдвэр гарч, бодитоор биелэснээр дуусгавар болсонд тооцох журамтай.

 

Гэвч нэхэмжлэгч Г.А-ыг Г  аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн шийтгэх тогтоолоор нийтийн албанд томилогдох эрхийг нь 3 жилийн хугацаагаар хассан тул нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг Г  аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн шийдвэр гарсан өдрөөс хойш шүүхийн шийтгэх тогтоол гарсан өдөр хүртэл хугацаагаар тооцох нь зүйтэй байна.

 

Ингээд нэхэмжлэгч Г.А-ын ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-д зааснаар тодорхойлвол 1 /нэг/ өдрийн цалин хөлс 49,330.70 төгрөг, ажилгүй байсан хугацаа болох 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүртэл ажлын 241 өдрөөр үржүүлэн тооцвол нийт 11,888,530.00 төгрөг болж байх тул үүнийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна /х.х-ийн 6, 7 хуудас/.

 

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д “Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй” гэж зааснаар ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй холбоотой нэхэмжлэлийг тухайн этгээд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор энэ хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5-д заасны дагуу шүүхэд гаргах ёстой.

 

Тодруулбал, Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэгэн үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах хөөн хэлэлцэх хугацаатай байна” гэж, түүнчлэн 75 дугаар зүйлийн 75.1-д “хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа 10 жил байна” гэж заасны дагуу дээр дурдсанаар ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах тухай нэхэмжлэлийг хөдөлмөрийн маргаан таслах комисс бус, харин шүүх харъяалан хянан шийдвэрлэх бөгөөд нэхэмжлэгч нь эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор харъяа шүүхэд гаргах журамтай.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Г.А нь Г  аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргаагүй байх тул тухайн шийтгэх тогтоол нь 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

 

Үүний дараа нэхэмжлэгч нь дээрх шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрсөн тул 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Г  аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт урьд эрхэлж байсан ажил, албан тушаалдаа буцаан томилогдох боломжгүй болсон талаар мэдэгдээд харин шийтгэх тогтоол гарах хүртэлх хугацаанд ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд  23,462,944.00 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг тус шүүхэд 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр гаргажээ.

 

Иймд, нэхэмжлэгч нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байх тул шүүхээс дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд хариуцагчаас 11,888,530.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 11,574,414.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийн 118.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-д тус тус заасныг үндэслэн хариуцагч С газраас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 11,888,530.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.А-од олгож, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас 11,574,414.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хариуцагчаас 205,166.00 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

  

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг үүгээр дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Б.МАНДАЛБАЯР