Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2021/01671

 

 

 

 

 

2021 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2021/01671

 

 

 

хххххххх нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Г.Даваадорж, Ч.Цэнд, нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 101/ШШ2021/02832 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч хххххххх нэхэмжлэлтэй хариуцагч хххххх-т холбогдуулан гаргасан ажилгүй байсан хугацааны дундаж цалин, хөлстэй тэнцэх олговорт 23 462 944 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ууганбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч хххххххх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Говь-Алтай аймгийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/03 тоот захирамжаар аймгийн ххххххх даргын ажил үүргийг түр орлон гүйцэтгэгчээр, 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн Б/41 тоот захирамжаар тус хэлтсийн даргаар томилогдсон. Байгууллагын нягтлан бодогч 3 удаа солигдсоноос аудитын акт тавигдсаны улмаас намайг аймгийн Засаг даргын 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн Б/11 тоот захирамжаар ххххххх даргын ажлаас халсан. Улмаар Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд ажилдаа эргэн орох нэхэмжлэл гаргаснаар тус шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 112/ШШ2019/0024 тоот шийдвэрээр намайг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас аймгийн Засаг дарга болон хариуцагч хххххх-т тус тус албан шаардлага, гүйцэтгэх хуудсыг хүргүүлэх, утсаар ярих зэрэг арга хэмжээг авсан хэдий ч хэрэгжүүлээгүй болно.

Гэвч хариуцагч нь шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байсаар миний бие 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцогдсон учир ажилд эгүүлэн тогтоолгох тухай шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг өөрийн хүсэлтээр зогсоосон. Иймд ажилгүй байсан хугацаа болох 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх 469 хоногийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 23 462 944 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ххххххххн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: хххххххх нэхэмжлэлтэй хөдөлмөрийн маргаан гурван шатны шүүхээр шийдвэрлэгдсэн. Тэрээр Говь-Алтай аймгийн ххххххх даргын үүрэгт ажилдаа эгүүлэн томилогдох хүсэлт бүхий өргөдлийг 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хххххх-т ирүүлсэн. 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эцэслэн шийдвэрлэгдээгүй байсан тул өргөдлийг нь шийдвэрлэх боломжгүй гэдгийг хариу мэдэгдсэн.

Үүнээс хойш нэхэмжлэгч дахин уг асуудлаар манай байгууллагад хандаагүй ба өнгөрсөн хугацаанд хххххх-т Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас ямар нэгэн албан шаардлага болон шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл ирээгүй болно. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 112/ГХ2020/0022 тоот гүйцэтгэх хуудаст төлбөрийн үнийн дүнг бичээгүй, төлбөр төлөгчөөр Говь-Алтай аймгийн Засаг дарга гэсэн, мөн Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 112/ГХ2020/0023 тоот гүйцэтгэх хуудаст төлбөрийн үнийн дүнг 4 590 861 төгрөг, төлбөр төлөгчөөр Говь-Алтай аймгийн ххххххх гэж тус тус бичигдсэн.

Нэхэмжлэгч ххххххххыг Говь-Алтай аймгийн ххххххх даргын үүрэгт ажлаас халах шийдвэрийг Говь-Алтай аймгийн Засаг дарга гаргасан тул хххххххх ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг ххххххх төлөх үндэслэлгүй юм. Аймгийн хэлтсийн даргыг хххххххх томилж байгаа, манай байгууллагын зүгээс ямар нэгэн эс үйлдэхүй гаргаагүй. Түүнчлэн, нэхэмжлэгч ххххххххыг эрүүгийн хэрэгт шалгаж, улмаар түүнд төрийн албанд ажиллах эрхийг 3 жилээр хассан шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон тул урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд буцаан томилох боломжгүй юм. Иймд, хххххх нь хариуцагч биш байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1, 65.1.2-т заасныг тус тус удирдлага болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах шийдвэрийг гаргаж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дах хэсэгт тус тус заасныг үндэслэн хариуцагч хххххх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 11 888 530 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч хххххххход олгож, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас 11 574 414 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагчаас 205 166 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ууганбаяр давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны хоногийг дутуу бодсон байна. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан "Дундаж цалин хөлс тодорхойлох журам"-д нэхэмжлэгчийн нэг өдрийн цалин хөлс 49 330 төгрөгөөр тооцон ажилгүй байсан хугацаа болох 2019 оны 9 сарын 02-ны өдрөөс 2020 оны 12 сарын 21-ний өдөр хүртэл ажлын 241 өдрөөр үржүүлэн тооцвол нийт 11 888 530 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн. Гэтэл 2019 оны 9 сарын 02-ны өдрөөс 2020 оны 12 сарын 21-ний өдөр хүртэл 329 хоног ажлын өдөр буюу ажилгүй байсан хугацааны олговорт 16 229 570 төгрөгийг хариуцагчаас гаргуулах ёстой буюу 4 341 040 төгрөгийг дутуу олгосон гэж үзэж байгаа тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Нэхэмжлэгч хххххххх нь хариуцагч хххххх-т холбогдуулан ажилгүй байсан хугацааны дундаж цалин, хөлстэй тэнцэх олговорт 23 462 944 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

Хэрэгт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр буюу Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 112/ШШ2019/00024 дүгээр шийдвэр, Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 63 дугаар тогтоол зэрэг нотлох баримтууд авагдсан байна. /хх-11-31/

Энэ шүүхийн шийдвэрээр ххххххххыг Говь-Алтай аймгийн ххххххх даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин, хөлстэй тэнцэх олговорт 4 590 861 төгрөгийг аймгийн ххххххх гаргуулж түүнээс зохих журмын дагуу нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутгаж, үлдсэн хэсгийг нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Дээрх шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байх хугацаанд Говь-Алтай аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2020/ШЦТ/105 тоот шийтгэх тогтоолоор ххххххххыг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, уг зүйлд заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаатай тэнсэж, нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан байна. Энэ шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон. /хх-32-66/

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... хариуцагч байгууллага шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх үүргээ зөрчсөн учир Говь-Алтай аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс мөн аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн шийтгэх тогтоол гарах өдрийг хүртэлх хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговор гаргуулна гэж тайлбарлажээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, зохигчдын тайлбар зэргийг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлээд нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийн зөрчил арилаагүй гэж дүгнээд хариуцагч байгууллагаас ажилгүй байсан хугацааны дундаж цалин, хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулахаар шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан журамд нийцсэн байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн дээрх дүгнэлтэд зохигчдын хэн аль нь гомдол гаргаагүй, харин ажилгүй байсан хоногийг шүүх тооцохдоо алдаа гаргасан гэх үндэслэлээр хариуцагч тал давж заалдах гомдол гаргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч хххххххх 1 сарын цалин, хөлсний дундажийг Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан Цалин хөлс тодорхойлох журам-ын 7а-д заасныг баримтлан түүний нийгмийн даатгалын дэвтэрт баталгаажуулсан сүүлийн 3 сарын цалин, хөлсний дунджаар тооцоолж 49 330 төгрөгөөр тодорхойлсон нь зөв байна. Харин ажилгүй байсан хугацааг тоолохдоо тооцооллын алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулан нэхэмжлэгч хххххххх ажилгүй байсан хугацааг 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл 327 хоногоор тооцон нөхөн олговорт 16 130 910 төгрөг гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 101/ШШ2021/02832 дугаар Тогтоох хэсгийн 1 дэх заалтын 11 888 530 гэснийг 16 130 910 гэж, 11 574 414 гэснийг 7 310 034 гэж, 2 дах заалтын 205 166 төгрөгийн гэснийг 238 605 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 84 407 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ  Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Ч.ЦЭНД