Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 183/ШШ2021/02205

 

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 10 сарын 14 өдөр                  Дугаар 183/ШШ2021/02205                              Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

           Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүх хуралдаанаар,

 

           Нэхэмжлэгч: ... дүүргийн ... хороо, ... гудамж, ... байрны ... тоотод оршин суух, ... овогт Ч.М /РД:.../-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ... дүүргийн ... хороо, ... тоотод оршин суух, П.Л /РД:.../-д холбогдох,

 

үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 7,000,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ч.Нямжав нар оролцов.

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ч.М  нь П.Лтэй 2019 оны 11 дүгээр сард танилцсан. П.Л нь Монгол улсаас гадаад руу мах экспортолдог 10 гаруй компани байгаа, нэг компани нь миний хамаарал бүхий компани. Би хэд хоногоос Хүнс хөдөө аж ахуйн яамны хүмүүстэй ... руу явах гэж байгаа. ... явж махны квот олж ирнэ надад 10,000,000 төгрөг өгчих гэж гуйсан. Тухайн үед хариуцагч нь Нийслэлийн засаг дарга Амарсайханы туслах байсан гэж тайлбарладаг. 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Циркийн хажуу талд н.М, н.Т нартай уулзаад маргааш ... руу явах гэж байгаа 10,000,000 төгрөг өгчих гэсэн учраас тэр өдрөө 1,100,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Маргааш нь буюу 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр нэхэмжлэгчээс н.М ирж 9,800,000 төгрөгийг аваад хариуцагч П.Лгийн данс руу шилжүүлсэн. Нэхэмжлэгчийн зүгээс 10,000,000 төгрөгийн буцааж шаардахад 3,500,000 төгрөгийг буцааж шилжүүлсэн үлдэгдэл 6,500,000 төгрөгийг төлөөгүй. Махны квот олж өгнө гэдэг байдлаар хууль бусаар, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаад 10,000,000 төгрөгийг авсан. Иймд үлдэгдэл мөнгийг нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Талуудын хооронд махны квот авах, махны квотыг авахад туслах гэсэн асуудал яригдсан. Үүнтэй холбоотойгоор БНХАУ-аас махны квот олдоогүй яагаад гэвэл БНХАУ нь Монгол Улсаас авч байгаа махаа лабораторийн шинжилгээнд оруулаад бүх тохироог Хятадын компанитай хийгээд Монголоос тэр хэмжээгээр нь квот олгодог. Манай хүн өөрийн таньдаг хүнээрээ дамжуулаад махны квотыг авъя гэсэн яриа хийсэн, гэхдээ ... руу яваад цаашаа Шиндаун руу очоод махны квот авъя гэж тайлбарлаад ингэж явахад зардал хэрэгтэй 10,000,000 төгрөг орчим хэрэгтэй гэж хэлэхэд нэхэмжлэгч зардлыг төлнө гэдэг байдлаар хүлээн зөвшөөрч мөнгө шилжүүлсэн. Ажилдаа дэмжлэг үзүүлж зардалд 10,000,000 төгрөг шилжүүлсэн. Одоо энэ мөнгөө нэхэмжилж байгаа нь бидний буруутай үл ажиллагаанаас болоогүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

          Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

 

            Шүүх Ч.Мын гаргасан нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

 

           Нэхэмжлэгч Ч.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...... руу явж махны квот олж ирнэ гээд 10,000,000 төгрөг авсан, үүнээс 3,000,000 төгрөгийг буцааж өгсөн үлдэх 7,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

 

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “...ажилдаа дэмжлэг үзүүлж зардалд 10,000,000 төгрөг шилжүүлсэн” гэж  шүүх хуралдаанд тайлбарлажээ.

 

          Хэрэгт авагдсан ... дүүргийн Прокурорын газрын 2021.03.05-ны өдрийн ...дугаартай хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоолд “...Ч.М нь найз нартайгаа нийлж Хятад улс руу мах гаргах квот авах худалдаа хийхээр тохиролцож, 2019.11.19-ний өдөр 10,000,000 төгрөгийг найз Б.Э, Л.Т нарт бэлнээр өгсөн, дээрх мөнгийг мах импортлох ажлын шугамааар Хятад улс руу явах гэж байсан П.Лд өгсөн байх бөгөөд мах импортлох үнийн санал дээр тохиролцож чадаагүй тул 3,500,000 төгрөгийг буцааж өгсөн үйл баримт тогтоогдсон...” гэжээ.

  Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй бөгөөд 492.1.1-д заасан хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон, 492.1.2-т заасан үүрэг гүйцэтгүүлэгч шаардлага гаргаж болохооргүй үлэмж маргаантай тохиолдол үүссэн байхыг шаарджээ.

“Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хөрөнгө шилжүүлсэн” гэдэг нь хөрөнгийн эзэмшигч өөрийн хөрөнгийг мэдэж, эсхүл андуурч сайн дураар, нөгөө этгээдэд шилжүүлэн өгөх үүрэгтэй гэж ойлгон тухайн эд хөрөнгийг биет байдлаар эзэмших эрхийн хамт шилжүүлсэн байхыг хэлдэг, харин “Буцаан шаардана” гэх ойлголтод хөрөнгийг биет байдлаар, эрхийн хамт шаардахыг хамааруулдаг байна.

Дээрх хуулийн зохицуулалтаас харахад Ч.М нь өөрийн хөрөнгийг бусдад шилжүүлсэн байхыг ойлгох бөгөөд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан тохиолдол үүссэн тохиолдолд хөрөнгө олж авсан этгээд буюу П.Лгээс  шаардах эрхтэй байна.

П.Л, Б.Э, Л.Т нарын гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан Ч.Мын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг баримтаас үзэхэд хариуцагч П.Л 10,000,000 төгрөгийг хүлээн авсан, 3,500,000 төгрөгийг буцааж өгсөн байна.

Хариуцагч П.Л махны квот гаргах эрх бүхий этгээд биш бөгөөд шилжүүлсэн мөнгөний үлдэгдэл 6,500,000 төгрөгийг юунд, хэрхэн зарцуулсан талаар нотолсон баримтгүй, аман хэлцлийн үр дүн гараагүй байх тул түүнийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзнэ, иймд шилжүүлсэн мөнгөний үлдэгдэл 6,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

 

           1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч П.Лгээс 6,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Мд  олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 500,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

           2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 126,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 118,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1... зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

  

                          

ДАРГАЛАГЧ                                       Д.ЭНХЦЭЦЭГ