Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2021/01792

 

2021 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2021/01792

 

 

Ч.Мын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2021/02205 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ч.Мын нэхэмжлэлтэй, хариуцагч П.Л-д холбогдох үндэслэлгүй хөрөнгөжсөн 7,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дагважанцан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхбуян, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.Л- Хүнс хөдөө аж ахуйн яамны хүмүүстэй Хонгконг руу явж махны квот авна гэж 10,000,000 төгрөг авсан.П.Л- нь өөрийгөө тухайн үед Нийслэлийн засаг дарга н.Амарсайханы туслах гэж тайлбарласан. 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 1,100,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Мөн 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 9,800,000 төгрөгийг түүний данс руу шилжүүлсэн. П.Л- нь 3,500,000 төгрөгийг буцааж шилжүүлсэн, үлдэгдэл 6,500,000 төгрөгийг төлөөгүй тул гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхбуян шүүх хуралдаанд тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Талууд махны квот авах, махны квотыг авахад туслахаар тохиролцсон. Бүгд Найрамдах Хятад ард улсаас махны квот олдоогүй. Учир нь Монгол Улсаас авч байгаа махыг лабораторийн шинжилгээнд оруулах талаар Бүгд Найрамдах Хятад Ард улсын компанитай тохиролцож квот олгодог. П.Л- бусдаар дамжуулж махны квотыг авахаар болж зардалд 10,000,000 төгрөг авсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д зааснаар хариуцагч П.Л-гээс 6,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Мд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 500,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 126,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 118,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Хас банк ХХК-ийн орлогын маягтад Б.Энхболдоос орлого гэх гүйлгээний утгаар шилжүүлснийг нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ болгосон. Ч.М дээрх мөнгийг шилжүүлээгүй тул шаардах эрхгүй. Шүүх дээрх үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйл 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж чадаагүй. Мөн Иргэний хуулийн 40 дүгээр зүйл хүсэл зоригийн илэрхийллийг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна хэмээн хуульчилсан. Гэтэл Б.Энхболдоос орлого гэх утгаар шилжүүлснийг Ч.М шилжүүлсэн гэж үзэх боломжгүй. Ч.М П.Л-д мөнгөн шилжүүлсэн болохоо Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нотолж чадаагүй.

Түүнчлэн, шүүх талуудын хооронд үүссэн харилцааг зөв тодорхойлж чадаагүй. Учир нь Ч.М, Б.Энхболд, Л.Түдэвванчиг нар махны квот авах зорилгоор Бүгд Найрамдах Хятад Ард улсаас мах авах компани олж өгөхийг хүссэн. П.Л- дээрх этгээдүүдээс зардлын мөнгө авч Хонгконг улс руу явсан. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 399 дүгээр зүйлд заасан даалгаврын харилцаа буюу зардлын мөнгө өгч Хонконг улсруу махны квот олох, мах худалдан авах этгээдийг олохыг даалгасан. Иймээс зардал мөнгийг П.Л-гээс шаардах эрхгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Ч.М нь хариуцагч П.Л-д холбогдуулан үндэслэлгүй хөрөнгөжсөн 7,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч махны квот олж ирэх замын зардалд 10,000,000 төгрөг авсан тул буцаан төлөх үндэслэлгүй гэж маргажээ.

Хариуцагч П.Л- нь нэхэмжлэгч Ч.Мд махны квот олж ирнэ гэж түүнээс 10,000,000 төгрөг авсан үйл баримтын талаар зохигчид маргаагүй.

Талуудын хооронд махны квот олж ирэх гэх тохиролцооны хүрээнд хэн, ямар үүрэг хүлээсэн, уг харилцаа нь Иргэний хуульд заасан гэрээний, эсхүл нэрлэгдээгүй гэрээний шинжийг агуулсан эсэхийг тодруулахын тулд хууль ёсны үйл ажиллагаа мөн эсэх нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай. Тэдгээрийн хооронд үүссэн маргаанд эрх зүйн дүгнэлт өгөхөд тохиролцооны дагуу хийх үйлдлийн агуулга ач холбогдолтой байж болно.

Түүнчлэн, хариуцагч П.Л- нь нэхэмжлэгч Ч.Мыг мах худалдан авах этгээдтэй холбон зуучлах, эсхүл нэхэмжлэгчийн нэрийн өмнөөс мах худалдан авах этгээдтэй гэрээ байгуулах буюу даалгаврын гэрээний үүрэг үүссэн эсэхийг тодруулах, талуудын хоорондын хэлцэл нь хүчин төгөлдөр эсэх талаар дүгнэлт хийх шаардлагатай.

Анхан шатны шүүх Хариуцагч П.Л- нь махны квот гаргах эрх бүхий этгээд биш бөгөөд шилжүүлсэн мөнгөний үлдэгдэл 6,500,000 төгрөгийг юунд хэрхэн зарцуулсан талаар нотолсон баримтгүй, аман хэлцлийн үр дүн гараагүй байх тул түүнийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзнэ гэж дүгнэжээ. Өөрөөр хэлбэл, махны квот олж ирэх гэх тохиролцооны хүрээнд үүсэх үр дагаврыг тодруулах шаардлагатай байна.

Дээрх нөхцөл байдлыг тодруулж, талуудыг мэтгэлцүүлэх ажиллагааг явуулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлд хамаарч байна. Иймд мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2021/02205 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлсөн 126,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

Д.БАЙГАЛМАА