Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 71

 

Д.С-, Д.У-

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Ц.Туяа, Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдаанд:          

Прокурор                                      Д.Энхтуяа

Шүүгдэгч                                       Д.С-

Нарийн бичгийн дарга                 Г.Чойном нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 606 дугаар шүүгчийн захирамжтай, Д-ын С-, Д-ын У- нарт холбогдох, 1918007940127 дугаартай эрүүгийн  хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

М- Улсын иргэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, ********** регистрийн дугаартай, М- овогт Д-ын С-.

М- Улсын иргэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, ********** регистрийн дугаартай, О- бодонч овогт Д-ын У-.

Шүүгдэгч Д.С- нь 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Дархан-Уул аймаг, Дархан сум, Өргөө баг, 21 дүгээр хороолол, 7 дугаар байрны гадна гэр бүлийн хардалтын улмаас иргэн Д.У-ийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Д.У- нь мөрдөн шалгах ажиллагааны үед 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хохирогчоор тогтоогдож үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж хувийн баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 606 дугаар шүүгчийн захирамжаар:

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2, 1.3.т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д заасан хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М- овогт Д-ын С-, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1.д заасан хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О- бодонч овогт Д-ын У- нарт холбогдох эрүүгийн 1918007940127 дугаартай хэргийг Дархан-Уул аймгийн Прокурорын газарт буцааж,

-Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Д.С-, Д.У- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

-Хэрэгт хураан авсан, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор эсэргүүцэлдээ:

Шүүхийн шинжилгээний алба нь 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 01 дугаартай 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргахдаа прокурорт мэдэгдээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг зөрчсөн тул нэмэлт ажиллагааг явуулах шаардлагатай гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь дахин бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргахдаа прокурор шинжээч томилсон тогтоолыг Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албанд хүргүүлсэн. Шинжилгээний алба 2 шинжээчийн бүрэлдэхүүнтэй байдаг тул тухайн байгууллагад ажилладаггүй тусгай мэдлэг бүхий эмч нарыг оролцуулж шинжилгээ хийлгэсэн. Мөн шинжээчийн гаргасан дүгнэлтийг болон хэргийг бүхэлд нь хянаж прокурор шийдвэр гаргаж байсан. Шинжээчийн дүгнэлт гаргахад оролцуулсан тусгай мэдлэг бүхий мэргэжилтний тапаар мэдэгдээгүй гэж үзэх үндэслэлгүй, энэ талаар бичгийн баримт заавал үйлдэж хэрэгт хавсаргах тухай хуулийн зохицуулалт байхгүй байна.

2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн шинжээч томилсон мөрдөгчийн тогтоолд “Шинжээчийн мэдэлд шинжээч томилж, шинжилгээ хийлгэх 2 хувь тогтоолыг хүргүүлэв“ гэж шинжилгээний объектын тапаар огт дурдаагүй байтал Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 969 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “өөрийн биеэр ирж үзүүлэв. Амбулаторын карт, яаралтай тусламжийн хуудастай ирэв” гэж бичсэн нь зөрчилдөж байх бөгөөд мөрдөгч нь шинжээч томилох шийдвэрт шинжилгээний объектын талаарх мэдээлэл, шинжилгээ хийх хугацааг тусгаагүй байгаа үндэслэлээр нэмэлт ажиллагааг хийлгэхээр буцаасан нь үндэслэлгүй байна.

Мөрдөгчийн тогтоолд “анх үзсэн эмчийн тодорхойлолт, шинжээч томилсон тогтоолын хамт хүргүүлэв” гэж бичигдсэн ба шинжээч эмч хохирогчийн биед үзлэг хийж, түүний авчирсан эмнэлэгт үзүүлсэн Амбулаторын карт, яаралтай тусламжийн хуудас зэрэг баримтуудад тулгуурлан дүгнэлт гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.7.1 дугаар зүйлийн 3, 27.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчөөгүй.

2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 969 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн биед учирсан гэмтлийг Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1.д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн гэмтэл гэж дүгнэсэн үндэслэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдаагүй, хохирогчид эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал, эмнэл зүйн шинж үүсээгуй, харин биеийн гадаргуугийн 1 хувиас илүү цус хуралт тогтоогдсон тул хөнгөн зэргийн гэмтэл учирсан гэж дүгнэлт гаргаж шинжээч энэ талаараа мэдүүлэг өгсөн байна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжинд заасан үндэслэлүүд нь хэргийн бодит байдалд нийцээгүй, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг цаг хугацааны хүвьд зөв үнэлж дүгнээгүй, хэргийн шийдвэрлэлтэд хэрхэн нөлөөлөх талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.

Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Д.Энхтуяа дүгнэлтдээ:

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг, хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Д.С- тайлбартаа:

Шүүх эмнэлгийн дүгнэлт дахин гаргаж өгөх хүсэлтийг одоо хүртэл гаргаж байгаа. Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч Д.С-, Д.У- нарт холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3.т заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Тус аймгийн прокуророос шүүгдэгч Д.С-г 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Дархан-Уул аймаг, Дархан сум, Өргөө баг, 21 дүгээр хороолол, 7 дугаар байрны гадна гэр бүлийн хардалтын улмаас иргэн Д.У-ийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д заасан гэмт хэрэгт, шүүгдэгч Д.У-ийг мөрдөн шалгах ажиллагааны үед 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хохирогчоор тогтоогдож үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж хувийн баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1.д заасан хэрэгт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ. 

Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд уг хэрэгт Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний алба 2020-01-07-ны өдөр 1 дугаартай 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргахдаа тухайн байгууллагад ажилладаггүй Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасгийн эрхлэгч эмч Д.Энхбаатарыг шинжээчдийн бүрэлдэхүүнд оролцуулахдаа Шүүхийн шинжилгээний байгууллага нь шинжээч томилсон прокурорт мэдэгдэхгүйгээр дүгнэлт гаргасан нь хууль зөрчсөн, мөрдөгч нь шинжээч томилох шийдвэрт шинжилгээний объектын талаарх мэдээлэл, шинжилгээ хийх хугацааг заагаагүй, мөн хохирогч Д.У-ийн биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 болон 2.4.2.т заасны алинд нь хамаарахыг сайтар тодруулах шаардлагатай гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлтэй.

Мөн хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд мөрдөн байцаалтын шатанд прокурор нь хохирогч Д.У-ийн биед гэмтэл учирсан эсэхийг тогтоолгох “дахин шинжилгээ” хийлгэхээр Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч нарыг томилсон “Дахин шинжилгээ хийлгэх тухай” тогтоолыг 2019 оны 12 сарын 20-ны өдөр үйлдэж, хавтаст хэргийн материалаас шаардлагатай нотлох баримтыг хуулбарлан шилжүүлэхээр  шинжээч эмч нарт шилжүүлжээ.

Гэтэл шинжилгээ хийлгэхэд шаардлагатай холбогдох баримтуудыг прокурорын тогтоолоор томилсон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч нарт явуулахгүйгээр Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний алба шинжилгээ хийж, шинжээчдийн багийн бүрэлдэхүүнд тухайн байгууллагад ажилладаггүй хүнийг шинжээчээр оролцуулж, ийнхүү оролцуулах талаар шинжилгээ хийлгэх тогтоол гаргасан прокурорт мэдэгдээгүй, улмаар томилогдсон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч нараар дахин дүгнэлт гаргуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.3 дугаар зүйлийн 4.т заасан...Энэ зүйлийн 3.т заасан тохиолдолд тухайн хүнийг шинжээчээр оролцуулах тухай шүүхийн шинжилгээний байгууллага нь шинжээч томилсон шүүх, прокурор, мөрдөгчид мэдэгдэнэ..., мөн хуулийн 27.4 дүгээр зүйлийн 2.т заасан ...Шүүх, прокурор, мөрдөгч энэ зүйлийн 1.т заасан хүнийг шинжээчээр томилох тохиолдолд тусгай, мэдлэг, мэргэжил, чадварыг нотолсон баримт бичиг, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл байгаа эсэхийг шалгаж, тухайн хүн шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулна...гэснийг тус тус зөрчсөн, түүнчлэн прокурор нь шинжээч томилсон тогтоолдоо шинжилгээ хийх хугацаа, шинжилгээний объектын талаарх мэдээллийг тусгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 3.т заасныг зөрчсөн байна.

Мөн хохирогч Д.У-ийн биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 болон 2.4.2.т заасны алинд нь хамаарахыг эргэлзээгүй тогтоох шаардлагатай, энэ талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэлтэй тул хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 606 дугаар захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн  дотор шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  

                                ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Б.МАНЛАЙБААТАР

                                                                   ШҮҮГЧИД                         Ц.ТУЯА

                                                                                                             Ц.АМАРЖАРГАЛ