Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 2021/ШЦТ/174

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2020/0205/Э/219/2020/0060

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Наранзаяа,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мядагбадам,

Шүүгдэгч, хохирогч Д.У, түүний өмгөөлөгч Ч.Булган,

Шүүгдэгч Д.С, түүний өмгөөлөгч Ө.Өлзиймаа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Д-ын  С, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  О б овогт Д-ын  У нарт холбогдох 1918007940127 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хянан хэлэлцэв.

               

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

  1. Монгол Улсын иргэн, М овогт Д-ын  С /РД: ................./, ................ оны .......... дугаар сарын .............-ний өдөр ................. аймгийн .........  суманд төрсөн, .........  настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ......................  аймаг дахь ............................  ажилтай, ам бүл ........ , .....................-ийн хамт .......................... аймгийн ................ сумын ..........  дугаар баг, ................  дугаар байрны ................ тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй.

 

  1. Монгол Улсын иргэн, О б овогт Д-ын  У /РД: .................. /, ......... оны .......... дугаар сарын ............ -ний өдөр ....................  аймгийн ................  суманд төрсөн, ............. настай, эмэгтэй, дээд боловсролтой, Ус байгууламжийн инженер мэргэжилтэй, “.................. ” ХК-д .................. ажилтай, ам бүл ........ , ....................... ийн хамт ................  аймгийн ................ сумын .................  баг, ......... дүгээр хороолол, ......... дугаар байрны..........  тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч Д.С нь 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр ...........  аймаг ................  сум .............. баг .........  дүгээр хороолол ........ дугаар байрны гадна гэр бүлийн хардалтын улмаас иргэн Д.У-ийг зодож эрүүл мэндэд нь баруун хацар, баруун, зүүн гуя, баруун өвдөг, шилбэ, зүүн шагайнд цус хуралт, зулгаралт, баруун шагай хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Д.У нь мөрдөн шалгах ажиллагааны үед 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хохирогчоор тогтоогдож үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж хувийн баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.С мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.У мэдүүлэхдээ: “...Д.С үгийн зөрөөгүй намайг үснээс татаад доош нь дараад нүүрийг  минь газар дарахаар би нүүрээ хамгаалаад гараараа газар тулсан. Гэтэл  С нь хөлөөрөө миний хөл, гуя руу минь олон удаа өшиглөж, чи миний нөхрийн нүүрийг маажсан гээд миний нүүрийг маажсан. Тэгэхээр нь би Д.С-д хандаж би жирэмсэн шүү гэж хэлэхэд арай ч гэдэс рүү минь өшиглөөгүй. Тэгээд би нөхрийгөө дуудаад маргааш нь цагдаад мэдэгдсэн. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй.” гэв.

 

Эрүүгийн 1918007940127 дугаартай хэргээс:

 

Гэрч Н.Ж-ы мөрдөн байцаалтад 2019 оны 11 дүгээр сарын 14, 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр мэдүүлсэн: ”...Манай эхнэр 2019 оны 11 дүгээр сарын 04-ний орой 14 цагийн орчим миний утас руу залгаад "Цагдаа Ө-ийн эхнэр С гэх эмэгтэй нөхөртэйгөө хардаад зодоод байна. Хүрээд ирээч” гэж дуудсан. Намайг байрны гадна очиход С гэх эмэгтэй, цагдаагийн хоёр албан хаагч байсан. Манай эхнэр У-ийн баруун талын хацар зулгарсан, зүүн хөлийн шилбэ хөхөрсөн гишгэж чадахгүй, толгой өвдөөд шилэн хүзүү хөшсөн байдалтай байсан. Би өөрөө цагдаагийн алба хаагч нарт энэ асуудлыг энүүгээр нь шийдээд асуудал хүндрэх юм бол өргөдөл бичиж өгнө гэж хэлээд цагдаагийн алба хаагч нарыг явуулсан. Манай эхнэр У нь С-д  зодуулахаасаа өмнө шатнаас унах болон өөр бусад байдлаар биедээ гэмтэл шарх авч байгаагүй.” гэх мэдүүлэг[1],

 

Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн яаралтай тусламжийн “...хэсэг газрын үзлэг: нүүр, толгой, хөл, шилбэ, гар хөхөрсөн” гэх хуудас[2],

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 969 дугаартай “...Д.У-ийн биед баруун хацар, баруун, зүүн гуя, баруун өвдөг, шилбэ, зүүн шагайнд цус хуралт, зулгаралт, баруун шагай хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл болно. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Д.У нь 12-13 долоо хоногтой жирэмсэн байна. Д.У нь жирэмсний хяналтад ороогүй байсан бөгөөд өмнө нь ямар нэгэн зовуургүй, умай булчингийн чангаралгүй байсныг харьцуулж үзэх боломжгүй. Урагт нөлөөлсөн эсэхийг тогтоох боломжгүй.” гэх шинжээчийн дүгнэлт[3],

 

Гэрч П.Б-ийн мөрдөн байцаалтад 2020 оны 01 дүгээр сарын 14, 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр тус тус мэдүүлсэн: “...2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр эхнэр С бид хоёр маргалдсан. Тэгсэн эхнэр маань намайг У-тэй хардаж У рүү залгаж яриад Өнгөт хорооллын 7 дугаар байрны гадна уулзъя гэж хэлээд намайг машинд суулгаад хамт явсан. Ингээд 7 дугаар байрны гадаа У гэх эмэгтэйтэй уулзаад тэр хоёр маргалдаад байхаар нь машинаа асаагаад явсан. ...намайг очиход У-ийн хацар нь маажуулсан сорвитой байсан. Тэгэхээр нь юу болсон талаар асуухад танай эхнэр маажсан гэж хэлсэн. Өөр ямар нэгэн шарх харагдаагүй.” гэх мэдүүлэг[4],

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 01 дугаартай “...Д.У-ийн биед баруун хацрын зулгаралт, баруун гуя, зүүн гуя өвдөг, зүүн шагай орчмын цус хуралт, зүүн шилбэний цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Д.У нь дээрх гэмтлийн улмаас 2019.11.07-ны өдөр шинжээч эмчид үзүүлсэн байх ба 1-д заасан гэмтэл нь энэ цаг хугацаанаас 3-5 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Д.У-ийн биед илэрсэн баруун хацрын зулгаралт нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой бөгөөд Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй, хамрагдах талбай бага тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Д.У-ийн биед тогтоогдсон баруун гуя, зүүн өвдөг, зүүн шагай орчмын цус хуралт, зүүн шилбэний цус хуралт, зулгаралт нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой бөгөөд Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Д.У-ийн биед учирсан баруун хацрын зулгаралт, баруун  гуя, зүүн гуя, өвдөг, зүүн шагай орчмын цус хуралт, зүүн шилбэний цус хуралт нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Өмнө гаргасан шүүх эмнэлгийн үзлэгийн 969 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. Д.У нь 20-21 долоо хоногтой жирэмсэн байна. 2020.01.07-ны өдөр дахин үзүүлэх үед “умайд байнга тонус өгч байгаа” гэсэн зовууртай байх ба тонус өгөх буюу умай чангаралтай байх олон шалтгаантай байдаг тул 2019.11.04-ны өдөр гэмтсэнээс үүссэн эсэхийг тогтоох боломжгүй.” гэх шинжээчийн дүгнэлт[5],

 

Гэрч О.Ш-ын мөрдөн байцаалтад 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр мэдүүлсэн: “...2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаад Өнгөт хорооллын 9 дүгээр байрны хажууд маргаан болж байна очоод шалга гэсний дагуу уг газарт очиход С нэг танихгүй эмэгтэйн хамт байрны хажуу талын хогийн цэгийн хажууд доошоо тонгойгоод юм хайгаад байхаар нь юу болсон талаар асуухад С болон хамт байсан эмэгтэй нь “бид хоёр хоорондоо жаахан маргалдсан юм. Одоо учраа оллоо. Цагдаагаар шалгуулах шаардлагагүй. Хэрэв гомдол гаргахаар бол өөрийн биеэр очиж гомдол гаргана” гэж хэлсэн. Тухайн үед намайг очиход У-т зодуулсан гэхээр шинж тэмдэг байгаагүй. Харин гарынх нь бугалга хэсэг улайж бага зэрэг шалбарсан шархтай байсан. Өөр ил харагдах шарх байгаагүй.” гэх мэдүүлэг[6],

 

Гэрч Д.Э-ын мөрдөн байцаалтад 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр мэдүүлсэн: “...Би С, Б нартай хамт ажилладаг. С, У нарын хооронд маргаан болсноос 2-3 хоногийн дараа С надтай уулзаад “Танай найзын эхнэр У-тэй үл ойлголцоод зодолдсон. Энэ асуудлаас болоод У Цагдаагийн газарт өргөдөл өгсөн байна. Та У, Ж нарыг таньдаг юм чинь өргөдлөө авчих гээд гуйгаад өгөөч” гэж хэлэхээр нь “Юу ч гэсэн хэлж ойлгуулаад өгье” гэж хэлсэн. Тэгээд У-тэй холбоо барихад “Цагдаагаар асуудлаа шийдүүлнэ” гэж хэлсэн. Тэгэхээр нь нөхөртэй нь ярихад “Би энэ асуудлын талаар мэдэхгүй. Манай эхнэр өөрөө мэднэ биз” гэж хариулсан. Тэгээд С-тай холбоо барьж юу болсон талаар хэлэхэд “Болохгүй бол хохирлыг нь барагдуулаад өгье” гэж хэлсэн. Ут энэ талаар хэлэхэд “Монетон ээмгээ хаясан, миний нүүрийг маажиж гоо сайханд хохирол учруулсан. Хэрэв буруугаа хүлээгээд надад 5 сая төгрөг өгвөл гомдолгүй гэж мэдүүлэг өгье.” гэж хэлсэн. Тэгэхээр нь С-тай утсаар ярьж “У санал гомдолгүй олохын тулд 5 сая төгрөг бэлнээр өгчих гэж байна” гэж хэлсэн. Тэгээд хэд хоногийн дараа С надтай утсаар яриад “Ахаа би У-ийн нэхээд байгаа мөнгийг нь олсон. Би өөрөө аваачиж өгье гэхээр надтай уулзахгүй байна. Та аваачаад өгчих” гэж гуйсан. Тэгэхээр нь тэр мөнгийг нь Ут өгсөн.” гэх мэдүүлэг[7],

 

Гэрч Д.Ц мөрдөн байцаалтад 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдөр мэдүүлсэн: “...Миний санахаар манай бэр Д.У нь 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс өмнө буюу тухайн цаг хугацаанд юман дээрээс унах болон өөр бусад байдлаар бэртгэж гэмтэж байгаагүй. Би бэртэйгээ өдөр болгон л уулздаг.” гэх мэдүүлэг[8],

 

Капитал зууч ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн “...иргэн Д.Уийн эзэмшлийн монетон өрөөсөн ээмэг /2.2 гр/ 1ш эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг тогтоож, шинжээчийн дүгнэлт хүргүүлэв. Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар 220,000 /Хоёр зуун хорин мянга/ төгрөг байна.” гэх шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт[9],

 

Шинжээч Д.Т-ийн мөрдөн байцаалтад 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр мэдүүлсэн: “...Д.У-ийн биед учирсан зүүн гуя, баруун өвдөг, шилбэ, зүүн шагайд цус хуралт, зулгаралт, баруун шагай хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь газар унах үед үүсэх боломжтой. Мөн хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Яагаад гэвэл биеийн өөр өөр хэсэгт гэмтэл учирсан байна.” гэх мэдүүлэг[10],

 

Д.У-ийн мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр гэрчээр, 2019 оны 12 дугаар сарын 12, 2020 оны 01 дүгээр сарын 14, 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хохирогчоор, 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр яллагдагчаар тус тус мэдүүлсэн: “...2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр гэртээ унтаж байгаад 16 цагийн орчим сэрээд утсаа үзэхэд олон танихгүй дугаараас дуудлага ирсэн байсан. Мөн ..........  дугаараас “Хөөе эхнэр чамайг мэдчихээд байна. Чам руу залгасан уу, мессеж бич” гэсэн мессеж ирсэн байхаар нь гайхаад дугаар андуурсан юм болов уу гээд ............ дугаарын гар утас руу залгахад “Цагдаа Б-н эхнэр байна” гэж хэлэхээр нь “Сайн байна уу” гэж хэлсэн. Гэтэл над руу “Чи миний нөхрийн нүүрийг мааждаг хэн бэ уулзъя. Хаана байна” гэхээр нь “Гэртээ байна” гэж хэлсэн чинь С “Танай гэрийг мэднэ. Гэрийнхээ гадна гараад ир” гэж хэлсэн. Тухайн үед хүүхдээ авах цаг болсон байсан учраас хүүхдээ цэцэрлэгээс нь аваад явж байхад ............. дугаарын утаснаас “Ирчихлээ, чи хаана байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь “Цэцэрлэгийн хашаанд байна. Энд хүрээд ир” гэж хэлсэн чинь С “Үгүй, чи байрныхаа урд хүрээд ир” гэж хэлсэн. Ингээд байрныхаа хажууд ирэхэд С хогийн савны хажууд саарал өнгийн приус 20 маркийн машинаас бууж ирээд “Хөөе” гэж дуудахаар нь яваад очсон чинь “Өлзий энд байна” гэж хэлэхээр нь дөхөж очоод тонгойгоод харсан чинь С намайг үстээд доош нь дарсан. Тэгэхэд нь хоёр хөлөөрөө сөхрөөд доошоо суусан. Тэгсэн С миний зүүн талын хөл рүү олон удаа өшиглөсөн. Мөн толгой руу олон удаа цохисон. Тэр үед би жирэмсэн гэж хэлсэн боловч сонсох сөхөөгүй байсан. Миний биед учирсан баруун хацрын зулгаралт гэмтлийг С учруулсан. Бусад гэмтлийг би өөрөө шатнаас хий гишгээд унахдаа авсан. Миний биед учирсан баруун гуя, зүүн гуя, өвдөг, шилбэ, зүүн шагай орчмын цус хуралт, зүүн шилбэний цус хуралт, зулгаралт гэмтлүүдийг С хөлөөрөө олон удаа өшиглөж газар унагааснаас болж үүссэн. С нь өмнө нь надтай ирж уулзаад хохирлыг чинь барагдуулж өгнө. Ээмэг болон эмчилгээний зардлыг чинь өгнө. Чи урьд өгсөн мэдүүлгээ өөрчлөөд дахин мэдүүлэг өгчих гэж гуйхаар нь үгүй гэж хэлсэн. С нь миний нөхөр болон таньдаг хүмүүсээр дамжуулж гомдолгүй гээд хэлээд мэдүүлгээ өөрчлөөд өг гэж хэлүүлээд байсан тул аргагүйн эрхэнд С-ийн хэлснээр хацрын зулгаралтаас бусад гэмтлийг би өөрөө шатнаас унаж байгаад авсан гэж мэдүүлсэн. Хохирлоо барагдуулж авсан тул гомдол санал байхгүй. С нь надаас уучлал гуйж хохирлыг чинь барагдуулж өгнө. Ажил төрлөөсөө халагдах гээд байна удахгүй тэтгэвэртээ гарах учир ингэж халагдмааргүй байна. Гомдолгүй гэж хэлээд өгөөч. 2 сая төгрөг өгье гэхээр нь 5 сая төгрөг болгоод өгчих тэгвэл хэлснээр чинь мэдүүлгээ өөрчилж өгье гэж хэлсэн. Үүнээс хойш хэд хоногийн дараа Э цагдаа надтай уулзаж С хохирлын мөнгийг чинь өгч байгаа шүү гээд ууттай 5 сая төгрөг өгчхөөд явахаар нь авахгүй гэж хэлсэн боловч Э машинаас буугаад явсан. Тэгэхээр нь Сгийн гар утас руу залгаад мөнгөө аваарай, машинд үлдээсэн алга болбол өөрөө хариуцаарай гэж хэлэхэд урьд нь надаас гуйж байсан шигээ гуйгаад байхаар нь өөрийгөө шатнаас унасан гэж худал мэдүүлсэн. Би С-ийн гуйснаар мэдүүлэг өгсөн.” гэх мэдүүлэг[11],

 

Д.С-ийн мөрдөн байцаалтад 2020 оны 01 дүгээр сарын 13, 2020 оны 03 дугаар сарын 10, 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр гэрчээр, 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр яллагдагчаар тус тус мэдүүлсэн: “...2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр У-тэй холбогдоод Дархан сумын Өргөө баг, 7 дугаар байрны гадна уулзсан. Тухайн үед манай нөхөр машиндаа сууж байсан. Би Ут “Чи эмэгтэй хүн байж ийм эрээ цээргүй байж болдог юм уу” гэж хэлээд нүүрийг нь маажсан. Үл ойлголцлын улмаас нөхрийгөө У-тэй хардаад У-эй маргалдаж нүүрийг нь маажсан. Би У-ийн биеийн өөр хэсэгт хүрээгүй. У бид хоёрыг маргалдаж байхад У-ийн нөхөр Ж ирээд юу болсон талаар асуухаар нь “Би танай эхнэрийг өөрийнхөө нөхөртэй хардаад түлхэж унагаад нүүрийг нь маажчихлаа” гэж үнэнээ хэлсэн. ...У 5 сая төгрөгийн хохирол учирсан. Энэ мөнгийг төлөх юм бол гомдолгүй” гэж хэлсэн. Тэгэхээр нь “2 сая төгрөг өгье” гэж гуйхад  “Үгүй, миний хохирол 5 сая төгрөг. Энэ мөнгийг л авна” гэж хэлсэн учир хэд хоног хүнээс мөнгө гуйж,  зээл аваад 5 сая төгрөг бүрдүүлж Ут өгсөн. 5 сая төгрөг өгөхдөө ямар нэгэн байдлаар мэдүүлгээ өөрчилж өгөөрэй гэж хэлсэн зүйл байхгүй. Би Д.У-ийг нэг удаа түлхэхдээ хацрыг нь маажсан. У нь нүүрэнд учирсан сорвио арилгах ёстой учир мөнгө олж өг гэсний дагуу мөнгийг нь өгсөн. Түүнээс чи мэдүүлгээ өөрчилж өгвөл мөнгө төгрөг өгнө гэж хэлсэн зүйл байхгүй.” гэх мэдүүлэг[12],

 

Шүүгдэгч Д.С, Д.У нарын урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[13] болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь  хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.

 

Шүүгдэгч Д.С, Д.У нарт холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Шүүгдэгч Д.С нь 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр ................  аймаг ............. сум ................  баг ............ дүгээр хороолол ............ дугаар байрны гадна гэр бүлийн хардалтын улмаас иргэн Д.У-иг зодож эрүүл мэндэд нь баруун хацар, баруун, зүүн гуя, баруун өвдөг, шилбэ, зүүн шагайнд цус хуралт, зулгаралт, баруун шагай хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Д.У нь мөрдөн шалгах ажиллагааны үед 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хохирогчоор тогтоогдож үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж хувийн баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг гэмт тус тус үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: Д.С нь  иргэн Д.У-ийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Д.У-ийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 969 дугаартай дүгнэлт, бүрэлдэхүүнтэй шинжээч нарын дүгнэлт, шинжээч эмчийн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч Д.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Д.У нь мөрдөн шалгах ажиллагааны үед 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хохирогчоор тогтоогдож үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Д.У-ийг хохирогчоор тогтоогдон өгсөн мэдүүлэг, гэрч Н.Ж-ны мэдүүлэг, гэрч Д.Ц-ийн мэдүүлэг, гэрч Д.Э-ын мэдүүлэг, яаралтай тусламжийн хуудас, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч Д.У-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах саналтай байна.” гэв.

 

Шүүгдэгч Д.У-ийн өмгөөлөгч Ч.Булган шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Д.У-ийн хувьд тухайн үед зодсон хүний гуйлтаар мэдүүлгээ өөрчилсөн байдаг. Зодуулснаа бол үнэнээр хэлсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй гэж заасан. Д.У нь өөрт учирсан гэмтлийн нэг хэсгийг худал хэлснээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг холбогдсон. Тус хуулийн зүйл анги нь сонгох санкцтай. Д.У-ийн үйлдлийн хэмжээ, нийгэмд учруулсан хор аюулын хэмжээг харгалзан зөрчлийн хуулиар арга хэмжээ авах боломжтой гэж үзэж байна. Мөн Д.У-ийн хувийн байдал зэргийг харгалзан холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, зөрчлийн хуулиар арга хэмжээ авахыг хүсэж байна.” гэв.

 

Шүүгдэгч Д.С-ийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр шүүгдэгч нарын дунд үйл ойлголцол, хэрүүл маргаан болсон үйл баримт тогтоогддог. Оролцогчид болсон үйл баримтын талаар маргаагүй. Харин дээрх маргаан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үү, зөрчлийн хэрэг үү гэдгийг ялгаж тодруулах хэрэгтэй гэж бодож байна. Хавтас хэрэгт авагдсан баримтаар гэмт хэрэг гэдэг нь хангалттай тогтоогдоогүй гэж үзэж байна. Хэрэгт авагдсан удаа дараагийн шинжээчийн дүгнэлтүүдэд хохирогчийн биеийн яг аль хэсэгт учирсан хохирол нь гэмтлийн зэрэг тогтоох журмын хөнгөн зэргийн гэмтэлд хамрагдаж байгаа, яаж тогтоож байгаа нь тодорхой бус байгаа тул маргаж байгаа. Хэргийн бодит байдлыг тогтоохын тулд үйл баримтууд нь эргэлзээгүй тогтоогдсон байх ёстой. Хөнгөн зэргийн гэмтлийг эргэлзээтэй байна гэж үзэж байгаа учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15  дугаар зүйлд заасан гэм буруугүйд тооцох нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзэж байна. Тиймээс шүүгдэгч хохирогчийн өмгөөлөгч Ч.Булганы хэлсэн Зөрчлийн хуулиар арга хэмжээ авахуулах саналыг дэмжиж байна.” гэв.

 

Шүүгдэгч Д.С нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулаагүй, шүүгдэгч Д.У нь худал мэдүүлэх гэмт хэргийг үйлдээгүй гэж тус тус маргаж  байгаа боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн бодит байдлыг нотлох үүрэг хүлээхгүй юм.

Харин дээрх хуульд зааснаар хохирогч, гэрч нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй бөгөөд шүүгдэгч нарын дээрх мэдүүлэг нь мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон бусад нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.

Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах бөгөөд хохирогч Д.У-ийн биед учирсан баруун хацар, баруун, зүүн гуя, баруун өвдөг, шилбэ, зүүн шагайнд цус хуралт, зулгаралт, баруун шагай хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан хөнгөн гэмтлийн шалгуур шинжийг хангаж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Д.С, Д.У нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч Д.С-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг, шүүгдэгч Д.У-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус  хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч шүүгдэгч Д.С-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Д.У-ийг “худал мэдүүлэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор хуульчилжээ.

Шүүгдэгч Д.С нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 5,000,000 төгрөгийг хохирогч Д.Ут төлсөн байх тул түүнээс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ. 

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Монгол Улсын Үндсэн хуулийн хуулийн цэцийн тогтоолоор Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг эцэслэн шийдвэрлэсэн. Шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэрэг нь 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр үйлдэгдсэн бөгөөд хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Тиймээс хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох саналтай байна. Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн болон хураагдсан хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдаж байна.” гэв.

 

Шүүгдэгч Д.У-ийн өмгөөлөгч Ч.Булган шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Улсын яллагчийн саналыг дэмжиж байна.” гэв.

 

Шүүгдэгч Д.С-ийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдсэнээс хойш дараах хугацаа өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй, 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн бол яллагдагчаар татаж болохгүй гэж зааснаар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.”,

мөн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн бол яллагдагчаар татаж болохгүй.” гэж тус тус заажээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 1.10 дугаар зүйлийн 1.1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Монгол овогт Д-ын  С, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  О  б  овогт Д-ын  У нарт холбогдох 1918007940127 дугаартай хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Д.С, Д.У нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч  М  овогт Д-ын  С-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан,

шүүгдэгч О  б  овогт Д-ын  У-ийг мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх заалт, 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М  овогт Д-ын  С, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О  б  овогт Д-ын  У нарт холбогдох 1918007940127 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.С, Д.У нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.ИДЭР

 

 

[1] 1 дэх хавтаст хэргийн 7-8, 67-68 тал

[2] 1 дэх хавтаст хэргийн 11-12 тал

[3] 1 дэх хавтаст хэргийн 13-14 тал

[4] 1 дэх хавтаст хэргийн 31, 64-65 тал

[5] 1 дэх хавтаст хэргийн 36-37 тал

[6] 1 дэх хавтаст хэргийн 70-71 тал

[7] 1 дэх хавтаст хэргийн 76-77 тал

[8] 1 дэх хавтаст хэргийн 81-82 тал

[9] 1 дэх хавтаст хэргийн 85-86 тал

[10] 1 дэх хавтаст хэргийн 91-92 тал

[11] 1 дэх хавтаст хэргийн 5-6, 23, 29, 58-59, 61-62, 137-138  тал

[12] 1 дэх хавтаст хэргийн 30, 73-74, 79-80, 127-129 тал

[13] 1 дэх хавтаст хэргийн 146, 148 тал