Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 2132

 

 

 

 

 

 

 

   2021         07          20                                       101/ШШ2021/02132             

       

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар байрны 3 тоотод оршин суух Нгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-3, өөрийн байранд байрлах Нт холбогдох,

Тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн, гадаадад зорчих эрхийг тус тус түдгэлзүүлсэн, банкны данс битүүмжилсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч З, хариуцагчийн төлөөлөгч М, нарийн бичгийн дарга С нар оролцов.                         

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон өмгөөлөгч З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Н 2015 оноос хойш 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд И Эм Жи Ар ХХК-ийн 60 хувийн хувьцааг хууль ёсоор эзэмшиж байгаад 2020 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр тус компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр иргэн н.Болорчимэгт уг хувьцааг худалдсан. Улмаар н.Болорчимэг нь Улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу бүртгүүлэхтэй холбоотой асуудлаар улсын бүртгэлийн байгууллагад хандсан боловч И Эм Жи Ар ХХК-ийн гүйцэтгэх удирдлага бусдад өр төлбөртэй байгаа учраас хувьцаа эзэмшигчийн мэдээллийг шилжүүлэхгүй гэдэг үндэслэлээр тухайн үед нь  шилжүүлж амжаагүй. Ингээд уг компанийн хувьцааг эрх шилжүүлэх гэрээний дагуу шилжүүлсний дараа 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 50-55 УБМ дугаартай Ланд крузер маркийн нэхэмжлэгчийн хувийн автомашиныг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас битүүмжилсэн. Улмаар 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 159 тогтоолын дагуу мөнгөн хадгаламж болон банкны данс дахь зарлагын хөдөлгөөнийг хязгаарлаж, 2020 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 4390 дугаартай тогтоолоор нэхэмжлэгчийн гадаадад зорчих эрхийг тус тус Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас түдгэлзүүлсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т энэ хуулийн 6.2.6-д зааснаас бусад тохиолдолд гүйцэтгэх баримт бичиггүйгээр иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг хориглоно гэж заасан байгаа. Улмаар иргэн Нгийн нэр дээр ямар нэгэн шүүхийн шийдвэр болон гүйцэтгэх баримт бичиг гараагүй байхад компанийн хувьцаа эзэмшигч гэдэг байдлаар хувийн эд хөрөнгийн эрхэд халдаж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль бус үндэслэлээр явуулсан гэж үзэж байгаа. Иймд 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 5055 улсын дугаартай Ланд крузер-200 маркийн автомашин болон данс дахь зарлагын хөдөлгөөнийг битүүмжилсэн болон гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагчийн төлөөлөгч М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай зүгээс нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 1531 дүгээр шийдвэрээр И Эм Жи Ар ХХК-аас 50,000,000 төгрөг гаргуулан Б.Тулгад олгохоор шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу тус компани дээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан. Төлбөр төлөгч хуулийн этгээдийн өмчлөл болон эзэмшилд ямар нэгэн эд хөрөнгө тогтоогдоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйл, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу хувьцаа эзэмшигч Нгийн арилжааны банкин дахь дансыг битүүмжилж, эд хөрөнгийн эрхийн түдгэлзүүлсэн. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2-т зааснаар гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн ажиллагаа явагдсан. И Эм Жи Ар ХХК нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй байгаад түүнийгээ худалдан тухайн төлбөрөөс нэхэмжлэгч 800 сая төгрөг, Ц.Мөнхдэлгэр 200 сая төгрөг авсан гэж Ц.Мөнхдэлгэр шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хэлж байсан. Дээрх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь

 

Нэхэмжлэгч Н, хариуцагч Нт холбогдуулан хариуцагчийн зүгээс 2020 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн албан бичгээр нэхэмжлэгчийн өмчлөлийн 50-55 УБН улсын дугаартай Toyota land cruiser 200 маркийн автомашины шилжилт хөдөлгөөнийг, 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 4390 дугаартай тогтоолоор нэхэмжлэгчийн гадаадад зорчих эрхийг тус тус түдгэлзүүлснийг, 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2080572/159 дугаартай тогтоолоор нэхэмжлэгчийн арилжааны банкууд дахь дансийг 50,280,000 төгрөгийн хэмжээгээр битүүмжилснийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлээс бүхэлд нь татгалзаж, төлбөр төлөгч И Эм Жи Ар ХХК нь шүүхийн шийдвэрийг биелүүлэх төлбөрийн чадваргүй нь тогтоогдсон, тиймээс хувьцаа эзэмшигчийн хөрөнгөөс төлбөрийг төлүүлэх ажиллагааны явцад дээрх ажиллагааг явуулсан гэх тайлбарыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 1531 дугаартай захирамжаар хариуцагч И Эм Жи Ар ХХК, нэхэмжлэгч Г.Тулгын нэхэмжилсэн 50,000,000 төгрөгийг 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Хариуцагч үүргээ биелүүлээгүй үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, төлбөр төлөгч И Эм Жи Ар ХХК-ийн 40 хувийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал Ц.Мөнхдэлгэр төлбөр төлөгчийг төлөөлөн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцжээ. Талуудын тайлбар, хэрэгт цугларсан баримтаар төлбөр төлөгч И Эм Жи Ар ХХК нь шүүхийн шийдвэрийг биелүүлэх хөрөнгөгүй нь төлбөр төлөгчийн мэдүүлэг, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад цуглуулсан хэргийн 33-36, 39-44, 47-63 талд авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Н нь төлбөр төлөгч И Эм Жи Ар ХХК-ийн 60 хувийн энгийн хувьцааг эзэмшдэг болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна. Нэхэмжлэгч нь тус компани дахь өөрийн эзэмшлийн 60 хувийн хувьцаагаа иргэн Ц.Болорчимэгт 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр худалдсан гэж хувьцаа худалдах тухай шийдвэр, гэрээг тус тус шүүхэд нотлох баримтаар гаргасан хэдий ч улсын бүртгэлд өөрчлөлт хийгдээгүй байна. Компанийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1, 45.2-т зааснаар компани нь үнэт цаас эзэмшигчдийн бүртгэлийг хөтөлж, түүнийг хадгалах ажлыг зохион байгуулах үүрэгтэйгээс гадна энэхүү үүргээ мэргэжлийн байгууллага буюу үнэт цаасны хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж болохоор хуульчилсан. Нэхэмжлэгч  нь И Эм Жи Ар ХХК-ийн 60 хувийн энгийн хувьцаагаа бусдад худалдаж зохих журмын дагуу бүртгэл хийлгэснийг шүүхэд нотлоогүй бөгөөд энэ тохиолдолд И Эм Жи Ар ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэл дэх бүртгэлийн мэдээллийг үнэн зөв гэж үзнэ.

Иймд төлбөр төлөгч И Эм Жи Ар ХХК-ийн бусдын өмнө хүлээх үүрэг, хариуцлагыг нэхэмжлэгч нь өөрийн эзэмшлийн 60 хувийн хувьцааны хэмжээгээр хязгаарлагдмал хэмжээнд хүлээх бөгөөд иргэн Ц.Болорчимэгт тус үүрэг хамаарахгүй. Түүнчлэн Ц.Болорчимэг нь И Эм Жи Ар ХХК-ийн 60 хувийн хувьцаа эзэмшигчийн бүрэн эрхийг бодитой хэрэгжүүлдэг болох нь баримтаар тогтоогдоогүй.

Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцохыг мэдэгдэн дуудах ирүүлэх ажиллагаа явуулсан, нэхэмжлэгч төлөөлөгчөөрөө дамжуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцсон талаар талууд маргаагүй бөгөөд хэрэгт 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр дээрх ажиллагаа явагдсан нь нотлогдсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудыг тодорхойлсон ба нэхэмжлэгч нь төлбөр төлөгч, төлбөр авагч бус гуравдагч этгээд байх бөгөөд мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.5-д зааснаар өөрийн эрх хөндөгдсөн асуудлаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцох эрхтэй ба ийнхүү оролцсон, хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцох процессийн эрхийг зөрчсөн гэж үзэхээргүй байна.

Хариуцагч тал Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4-т “Төлбөр төлөгчийн нийт хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд тухайн хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах эсэх асуудлыг үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгийн хариуцлагын харилцааг зохицуулсан хууль тогтоомжид заасан журмын дагуу шийдвэрлэнэ” гэж заасны дагуу төлбөр төлөгч И Эм Жи Ар ХХК-ийн 60 хувийн хувьцаа эзэмшигч Н, 40 хувийн хувьцаа эзэмшигч Ц.Мөнхдэлгэр нарын эд хөрөнгөөс төлбөрийг гаргуулахаар тодорхой ажиллагаа явуулсан гэх тайлбарыг шүүхэд гаргасныг буруутгахгүй. Төлбөр төлөгч хуулийн этгээдийн эд хөрөнгө нь төлбөрийг барагдуулахад хүрэлцэхгүй бол хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэх, төлбөрийг бүрэн барагдуулахтай холбоотой ажиллагааг явуулах зорилгоор шийдвэр гүйцэтгэгчээс хэрэгжүүлэх арга хэмжээг хуульд тухайлан зохицуулсан ба хувьцаа эзэмшигчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулж болохыг хуулиар зөвшөөрчээ.

Хариуцагч дээрх ажиллагааны хүрээнд төлбөр төлөгч биш этгээдийн эд хөрөнгө, гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн ба энэ тохиолдолд гагцхүү уг ажиллагаанд талуудын эрх тэгш байх, оролцооны эрхийг хангах, хувьцаа эзэмшигчийн хариуцвал зохих төлбөрийн хувь хэмжээг зөв тогтоох, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг тодорхой дэс дарааллын дагуу хуульд нийцүүлэн явуулсан байх шаардлагатай.

Хариуцагч 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн албан бичгээр нэхэмжлэгчийн өмчлөлийн 50-55 УБН улсын дугаартай Toyota land cruiser 200 маркийн тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг түдгэлзүүлэх ажиллагааг, мөн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 4390 дугаартай тогтоолоор нэхэмжлэгчийн гадаадад зорчих эрхийг тус тус түдгэлзүүлсэн нь шүүхийн шийдвэрийг биелүүлэх, хувьцаа эзэмшигчийн эзэмшиж буй хувьцааны хэмжээгээр төлбөрийг барагдуулахтай холбоотой ажиллагааны хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д заасанчлан иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээг мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.8, 44.2.15-д заасан тодорхой ажиллагааг явуулсан гэж үзнэ.

Төлбөр төлөгч биш бөгөөд хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигчийн эд хөрөнгөөс зохих төлбөрийг гаргуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4-т заасны дагуу тодорхой ажиллагаа явуулах нөхцөлд төлбөр төлөгч И Эм Жи Ар ХХК нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон 50,000,000 төгрөгийг төлөх хөрөнгөгүй, эсхүл хөрөнгө нь хүрэлцэхгүй болохыг хариуцагч урьдчилан тогтоосон байх шаардлагатай ба энэ ажиллагаа хийгджээ. Компанийн хувьцаа эзэмшигчийн хувийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах ажиллагааг явуулахдаа төлбөр төлөгч хуулийн этгээдийн өр төлбөрийг хувьцаа эзэмшигч хариуцан барагдуулах үүрэгтэй эсэхийг зохих хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу шалгах шаардлагатай.

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар иргэний эрх зүйн харилцааны бие даасан оролцогч бөгөөд мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасан хуулийн этгээд буюу төлбөр төлөгч И Эм Жи Ар ХХК-ийн бусдын өмнө хүлээсэн үүрэг 50,000,000 төгрөгийг шууд хариуцан төлөх үүрэггүй. Учир нь И Эм Жи Ар ХХК нь иргэний эрх зүйн харилцааны нэг оролцогчийн хувьд өөрийн нэрийн өмнөөс явуулсан үйл ажиллагаа, үүргийг өөрөө хүлээх бөгөөд үйл ажиллагаанаасаа бий болсон хариуцлага, эрсдлийг гагцхүү өөрийн өмчлөлийн эд хөрөнгөөр хариуцна. Энэ талаар Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 9.3-т Компани нь хувьцаа эзэмшигчийн хүлээх үүргийг хариуцахгүй, хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй болохыг хуульчилж хувьцаа эзэмшигч нь гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааны хэмжээгээр хязгаарлагдмал хариуцлага хүлээх тул төлбөр төлөгч И Эм Жи Ар ХХК-ийн бусдад төлөх төлбөрийг хувьцаа эзэмшигч нарт шууд халдааж болохгүй.

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2080572/159 дугаартай тогтоолоор нэхэмжлэгч Нгийн арилжааны банкууд дахь дансийг 50,280,000 төгрөгийн хэмжээгээр битүүмжилж, битүүмжлэгдсэн дансаас 50,280,000 төгрөгийг Төрийн банк дахь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 106000059575 тоот дансанд шилжүүлэхийг мэдэгдсэн нь, төлбөр төлөгч И Эм Жи Ар ХХК-ийн бусдад төлөх 50,000,000 төгрөгийн төлбөрийг ямар үндэслэлээр нэхэмжлэгч Нд бүрэн хариуцуулахаар дээрх ажиллагааг явуулсан үндэслэлээ хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд тодорхой тайлбарлаж чадаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар татгалзлаа нотлоогүй байна.

Хуулийн этгээдийн өр төлбөрийг хариуцах хувьцаа эзэмшигчийн үүрэг нь Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, 9.5-д зааснаар эзэмшиж байгаа хувьцааныхаа хэмжээгээр хязгаарлагдмал хариуцлага хүлээх болон хуулийн этгээдийн бүх өр төлбөрийг өөрийн хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр шууд хариуцах хариуцлагын хоёр зарчим үйлчилдэг. Гэтэл хариуцагч нь нэхэмжлэгчийн арилжааны банкууд дахь дансыг битүүмжлэн улмаар төлбөр төлөгч И Эм Жи Ар ХХК-ийн бусдад төлөх 50,000,000 төгрөг, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал 280,000 төгрөг, нийт 50,280,000 төгрөгийг зөвхөн Нгээс төлүүлэхээр шууд заасан, арилжааны банкуудад үүрэг болгосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4-т заасныг буруу ойлгон хэрэгжүүлсэн, Компанийн тухай хуулийн 9 зүгээр зүйлийн 9.2, 9.3, 9.5-д зааснаар хувьцаа эзэмшигчийн хүлээх хариуцлагын хэмжээг тодорхойлохтой холбоотой урьдчилан тогтоосон байвал зохих ажиллагааг явуулаагүй, нэхэмжлэгч уг төлбөрийг бүрэн хариуцах ёстойг тогтоогоогүй байна. Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд, Н, түүний төлөөлөгч нарт И Эм Жи Ар ХХК-ийн төлбөрийг бүрэн хариуцахгүй тухай тайлан, тооцоо, баримтаа ирүүлэхийг мэдэгдсэн ч ирүүлээгүй учраас төлбөрийг 60 хувийн хувьцааны хэмжээгээр хариуцах үүргээ нотлоогүй, бүрэн хариуцуулах үндэстэй гэж үзсэн гэх тайлбар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 7 дугаар зүйлийн 7.2-т нийцэхгүй байна. Шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөрийг төлбөр төлөгч бус этгээдийн эд хөрөнгөөс гаргуулахаар халдаж байгаа үед юуны урьд тухайн этгээд шүүхийн шийдвэргүйгээр өр төлбөрийг хариуцах үүрэгтэй болохыг тайлбарлах, улмаар төлбөрийг ямар үндэслэлээр, ямар хэмжээгээр хариуцах ёстойг төрийн нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулж буй шийдвэр гүйцэтгэх байгууллага өөрөө тодорхойлж тогтоох, явуулж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үндэслэлээ өөрөө нотолсон байх ёстой.

Ямарваа шалтгаан, нотолгоогүйгээр явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуульд нийцсэн эсэхийг иргэнд хариуцуулах, түүний үр дагаврыг иргэн хариуцах үндэсгүй.

Иймд хариуцагчийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2080572/159 дугаартай тогтоолоор нэхэмжлэгч Нгийн арилжааны банкууд дахь дансийг 50,280,000 төгрөгийн хэмжээгээр битүүмжилж, битүүмжлэгдсэн дансаас 50,280,000 төгрөгийг Төрийн банк дахь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 106000059575 тоот дансанд шилжүүлэхийг мэдэгдсэн тогтоол, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож шийдвэрлэв.

Харин хариуцагчийн 2020 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн албан бичгээр нэхэмжлэгчийн өмчлөлийн 50-55 УБН улсын дугаартай Toyota land cruiser 200 маркийн автомашины шилжилт хөдөлгөөнийг, 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 4390 дугаартай тогтоолоор нэхэмжлэгчийн гадаадад зорчих эрхийг тус тус түдгэлзүүлснийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4-т заасан ажиллагааны хүрээнд авсан урьдчилсан арга хэмжээ гэж үзэхээр тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Хариуцагч нь нэхэмжлэгчийн эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг хязгаарлан, гадаадад зорчих эрхийг нь түдгэлзүүлсэн нь төлбөр төлөгч И Эм Жи Ар ХХК-ийн 60 хувийн хувьцаа эзэмшигч бөгөөд хуулийн этгээдийн өр төлбөрийг хариуцах үүрэг нь хуулиар үүссэн этгээдийн нь хувьд иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах ажиллагааны хүрээнд мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан урьдчилсан тодорхой ажиллагаа явуулсан байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4-т заасан ажиллагааны хүрээнд төлбөр төлөгч хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулж болохоор заасны дагуу Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан хувьцаа эзэмшигчийн хариуцлага нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хамаарах эсэх, хувьцаа эзэмшигч төлбөрийг хариуцах эсэх, хариуцах үүрэгтэй бол ямар хэмжээгээр хариуцах ёстойг шийдвэр гүйцэтгэх байгууллага өөрөө тодорхойлж, тогтоон хөдөлбөргүй нотолсон байх шаардлагатай. Энэ үүрэг нь хариуцагчийн үзэмж, дур зоргын үйл ажиллагаа байж болохгүй. Хариуцагч, нэхэмжлэгчид холбогдуулан уг арга хэмжээг авахдаа төлбөр төлөгч шүүхийн шийдвэрийг биелүүлэх эд хөрөнгөгүйг тогтоосон, шүүхийн шийдвэрийг биелүүлэх ажиллагааны хүрээнд явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д нийцнэ.

Хариуцагч, нэхэмжлэгчийг төлбөр төлөгч И Эм Жи Ар ХХК-ийн шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бусдад төлөх төлбөрийг төлөх үндэслэлтэй гэж үзэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2-т заасны дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг баталгаажуулах арга хэмжээ авахдаа Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, 9.5-д зааснаар нэхэмжлэгчийн И Эм Жи Ар ХХК-д оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь түүний хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс зааглагдсан байхыг уг арга хэмжээ авахаас өмнө тогтоосон байх албагүй. Урьдчилсан арга хэмжээг авсны дараа төлбөр гаргуулах эсэхтэй холбоотой бусад ажиллагааг хуульд нийцүүлэн тодорхой дэс дарааллын дагуу явуулж нэхэмжлэгч нь төлбөр төлөгчийн төлбөрийг хариуцах үндэслэлтэй эсэх, эсхүл эзэмшиж буй хувьцааны хэмжээгээр хязгаарлагдмал хүрээнд болон бүрэн хариуцах эсэхийг тогтоох боломжтой.

Нэхэмжлэгчийн хувьд төлбөр төлөгч И Эм Жи Ар ХХК-ийн хувьцаа эзэмшигч биш болсон гэх тайлбар нь улсын бүртгэлээр үгүйсгэгдсэн, нэхэмжлэгчийг И Эм Жи Ар ХХК-ийн төлбөрийг хариуцвал зохих этгээд гэж тодорхойлон иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг баталгаажуулах урьдчилсан арга хэмжээ авсныг хуульд нийцээгүй гэж үзэхгүй тул нэхэмжлэгчийн, хариуцагчийн 2020 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн албан бичгээр нэхэмжлэгчийн өмчлөлийн 50-55 УБН улсын дугаартай Toyota land cruiser 200 маркийн автомашины шилжилт хөдөлгөөнийг, 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 4390 дугаартай тогтоолоор нэхэмжлэгчийн гадаадад зорчих эрхийг тус тус түдгэлзүүлснийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 93 дугаар зүйлийн 93.4-т заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2080572/159 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, нэхэмжлэлээс хариуцагчийн 2020 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн нэхэмжлэгч Нгийн өмчлөлийн 50-55 УБН улсын дугаартай Toyota land cruiser 200 маркийн тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг түдгэлзүүлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 4390 дугаартай тогтоолоор нэхэмжлэгч Нгийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн тогтоолыг хүчингүй болгуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаартги зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 140,400 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Э.ЭНЭБИШ