Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2021/01420

 

 

 

 

 

2021 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2021/01420

 

                                       Б.Нгийн нэхэмжлэлтэй

                                               иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч А.Отгонцэцэг, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2021/02132 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Нгийн хариуцагч НШШГГт холбогдуулан гаргасан тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн, гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн болон банкны данс битүүмжилсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, тогтоолыг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Пүрэвдорж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Золзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: С.Нямсүрэн 2015 оноос 2020 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд ИЭЖА ХХК-ийн 60 хувийн хувьцааг хууль ёсоор эзэмшиж байгаад 2020 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр тус компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр иргэн н.Болорчимэгт хувьцаагаа худалдсан. Улсын бүртгэлд өөрчлөлт оруулах гэсэн боловч ИЭЖА ХХК-ийн гүйцэтгэх удирдлага бусдад өр төлбөртэй байгаа учраас хувьцаа эзэмшигчийн мэдээллийг шилжүүлэхгүй гэх үндэслэлээр тухайн үед шилжүүлж амжаагүй. Компанийн хувьцааг эрх шилжүүлэх гэрээний дагуу шилжүүлсний дараа 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр ...УБМ дугаартай Ланд крузер маркийн нэхэмжлэгчийн хувийн автомашиныг НШШГГ битүүмжилсэн. 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 159 тогтоолын дагуу мөнгөн хадгаламж болон банкны данс дахь зарлагын хөдөлгөөнийг хязгаарлаж, 2020 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 4390 дугаартай тогтоолоор нэхэмжлэгчийн гадаадад зорчих эрхийг тус тус түдгэлзүүлсэн. С.Ннэр дээр ямар нэгэн шүүхийн шийдвэр болон гүйцэтгэх баримт бичиг гараагүй байхад компанийн хувьцаа эзэмшигчийн хувийн эд хөрөнгийн эрхэд халдаж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль бус үндэслэлээр явуулсан. Иймд 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 5055 улсын дугаартай Ланд крузер-200 маркийн автомашин болон дансан дахь зарлагын хөдөлгөөнийг битүүмжилсэн болон гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 1531 дүгээр шийдвэрээр ИЭЖА ХХК-аас 50 000 000 төгрөг гаргуулж Б.Тулгад олгохоор шийдвэрлэсний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан. Төлбөр төлөгч хуулийн этгээдийн нэр дээр ямар нэгэн эд хөрөнгө тогтоогдоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйл, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу хувьцаа эзэмшигч С.Нарилжааны банкин дахь дансыг битүүмжилж, эд хөрөнгийн эрхийн түдгэлзүүлсэн. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2-т зааснаар гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн ажиллагааг хийсэн. Тус компани нь ашигт малтмалын тусгай зөвшөөрлөө худалдаж нэхэмжлэгч 800 000 000 төгрөг, Ц.М200 000 000 төгрөг авсан талаар Ц.Мшийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хэлсэн.  Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 93 дугаар зүйлийн 93.4-т заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2080572/159 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, нэхэмжлэлээс хариуцагчийн 2020 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн нэхэмжлэгч Б.Нгийн өмчлөлийн ...УБН улсын дугаартай Toyota land cruiser 200 маркийн тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг түдгэлзүүлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 4390 дугаартай тогтоолоор нэхэмжлэгч Б.Нгийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн тогтоолыг хүчингүй болгуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Нд олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Пүрэвдоржийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч байна. Шүүхээс хэрэгт хамааралтай бөгөөд шүүхээр судлан шинжлэгдсэн нотлох баримтаар хэрэгт ач холбогдол бүхий бүх нөхцөл байдлыг тогтоох үүрэгтэй, материаллаг болон процессын хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн, оновчтой, зөв хэрэглэсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн үндэслэл бүхий, хууль ёсны байх хуулийн шаардлага хангагдана. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 12-р зүйлийн 12.1-д Шийдвэр гүйцэтгэгчийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гаргасан шийдвэр нь, тогтоол хэлбэртэй байна гэж, мөн хуулийн 12-р зүйлийн 12.2-т тогтоолд тавигдах шаардлагыг тодорхойлсон. Хариуцагч нь 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 159 дугаартай тогтоолоор нэхэмжлэгчийн мөнгөн хадгаламж болон банкны данс дахь зарлагын хөдөлгөөнийг хязгаарлаж, 2020 оны 10-р сарын 03-ны өдрийн 4390 дугаартай тогтоолоор нэхэмжлэгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн. Гэвч хариуцагч тал нэхэмжлэгчийн өмчлөлд бүртгэлтэй ...УБН улсын дугаартай ланд крузер маркийн тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг түдгэлзүүлэхдээ ямар нэгэн тогтоол гаргаагүй, зөвхөн албан бичгээр түдгэлзүүлэх ажиллагаа явуулж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийг зөрчсөн тул уг ажиллагааг хүчингүй болгох үндэслэлтэй болно. Гэвч Шүүхээс энэ тал дээр ямар нэгэн дүгнэлт хийгээгүй бөгөөд ажиллагааг зөв болсон гэж дүгнэсэн нь буруу болсон. Түүнчлэн нэхэмжлэгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн 2020 оны 10-р сарын 03-ны өдрийн 4390 дугаартай тогтоол нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44-р зүйлийн 44.1-д заасанчлан иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээг мөн хуулийн 44-р зүйлийн 44.2.15-д заасан тодорхой ажиллагааг явуулсан гэж дүгнэсэн. Гэвч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд 59-р зүйлийн 59.1-д заасан гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлдэг 3 үндэслэл бүрдсэн эсэхэд унэлэлт дүгнэлт өгөөгүй шийдвэрлэсэн. 

Нэхэмжлэгч Б.Нгийн хувьд эрэн сурвалжлагдаагүй, шүүхийн шийдвэр
гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөхөөс санаатай зайлсхийсэн, хөрөнгөө нуун
дарагдуулсан үйлдэл
гаргаагүй, гадаад улсад оргон зайлж болзошгүй нөхцөл байхгүй,
шаардлагагүй. Гэтэл хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын
159-р тойргийн шийдвэр гүйцэтгэгч Б.М2020 оны 10-р сарын 29-ний өдөр "...
Б.Н нар гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг тогтоосон хугацаанд
биелүүлээгүй тул түүний гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх саналыг хянаж
шийдвэрлэж өгнө үү" гэсэн санал гаргасныг ахлах шийдвэр гүйцэтгэгч хянаж улмаар
Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч А.Намсаманд Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх
түдгэлзүүлэх тухай тогтоол гаргасан. Нэхэмжлэгч Б.Нгийн
гадаадад зорчих
эрхийг түдгэлзүүлэх тухай
4390 дугаартай тогтоол нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх
тухай хуулийн 59-р зүйлийн 59.1-д заасныг зөрчиж нэхэмжлэгчийн Монгол Улсын
Үндсэн хуулийн 16-р зүйлд заасан улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, түр буюу
байнга оршин суух газраа сонгох, гадаадад явах, оршин суух, эх орондоо буцаж ирэх
эрхийг ноцтойгоор зөрчсөн. Гэвч
анхан шатны шүүхээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх
тухай хуулийн 59.1-д заасан үндэслэл бүрдсэн эсэхэд д
үгнэлт өгөлгүй шийдвэр
гүйцэтгэлийг урьдчилан баталгаажуулах арга хэмжээ тавьсан зөв гэж дүгнэсэн нь
үндэслэлгүй
. Шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.8, 44.2.13, 44.2.15, "Иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээ"-д заасан үйл ажиллагаануүдыг логик алдаатай тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн. Шүүх хариуцагч НШШГГ нь ямар үндэслэлээр ямар хэмжээгээр өөрөө төлбөрийг нэхэмжлэгчид хариуцуулах ёстойг өөрөө тодорхойлоогүй, энэ талаар баримт шүүхэд ирүүлээгүй, нотолгоогүй дээрх явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг нэхэмжлэгч Б.Нд хариуцуулах үндэслэлгүй гэж дүгнэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.13-т заасан ажиллагааг хүчингүй болгосон ч мөн хуулийн 44.2.15-д заасан ажиллагааг урьдчилсан арга хэмжээ гэж тайлбарлан нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд урьдчилсан болон урьдчилсан бус арга хэмжээ гэж байдаггүй.  44.2-т заасан арга хэмжээ нь шийдвэр гүйцэтгэгчийн хэрэгжүүлж болох бүхий л арга хэмжээг агуулсан зохицуулалт. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг бүхэлд хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.

Нэхэмжлэгч Б.Н хариуцагч НШШГГт холбогдуулан тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн, гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн болон банкны данс битүүмжилсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, тогтоолыг тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасан журмын дагуу үнэлж, хэргийг шийдвэрлэсэн байна.

 

ИЭЖА ХХК-аас 50 000 000 төгрөг гаргуулан Г.Т олгохоор шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2020/01531 дугаар захирамж хүчин төгөлдөр болсноор төлбөр төлөгч ИЭЖА ХХК-д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэг үүснэ.

Хариуцагч НШШГГ шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, шүүхийн гүйцэтгэх хуудсыг үндэслэн 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, хуульд заасан ажиллагааг явуулсан боловч эрх бүхий байгууллагуудаас төлбөр төлөгч ИЭЖА ХХК-ийн нэр дээр бүртгэгдсэн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх бүртгэлгүй талаар албан бичиг ирүүлсэн байна. /хх28-31, 40-62/ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4 дэх хэсэгт “Төлбөр төлөгчийн нийт хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд тухайн хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах эсэх асуудлыг үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгийн хариуцлагын харилцааг зохицуулсан хууль тогтоомжид заасан журмын дагуу шийдвэрлэнэ” гэж заасан.

 

Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, 9.5 дах хэсэгт “Хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ”, “Хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцна” гэж заасан.

 

ИЭЖА ХХК-ийн 40 хувийн хувьцааг Ц.М, 60 хувийн хувьцааг Б.Н нар эзэмшдэг, гүйцэтгэх захирлаар Ц.Мулсын бүртгэлд бүртгэлтэй болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдсон. /хх144-145/

 

Нэхэмжлэгч Б.Н өөрийн эзэмшлийн 60 хувийн хувьцааг Ц.Бт худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн гэж тайлбарладаг боловч хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар тус компанийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлагын үндсэн мэдээлэлд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйл,  Компанийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.9 дэх хэсэгт зааснаар өөрчлөлт ороогүй, 60 хувийн хувьцаа эзэмшигчээр Б.Н бүртгэлтэй хэвээр байна. Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгч компанийн эд хөрөнгийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулах үед компанийн 40 хувийн хувьцаа эзэмшигч Ц.М“компани Өмнөговь аймагт хайгуулын лицензтэй байсан, түүнийгээ 1 тэрбум төгрөгөөр 2020 оны 1 сард худалдсан. Би 200 000 000 төгрөг авсан, Б.Н 800 000 000 төгрөг авсан” гэх тайлбарыг өгсөн байх ба нэхэмжлэгч нь уг тайлбарыг няцаасан баримтыг гаргаагүй. /хх38/

 

Иймд төлбөр төлөгч ИЭЖА ХХК-ийн бусдад төлөх төлбөрийг нэхэмжлэгч Б.Н нь компанид эзэмшдэг хувьцааныхаа хэмжээгээр хариуцах үүрэгтэй бөгөөд энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн.

 

Шийдвэр гүйцэтгэгч нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг албадан гүйцэтгэх, эсхүл төлбөр төлөгчийг гүйцэтгэх баримт бичигт заасан шаардлагыг тогтоосон хугацаанд бүрэн гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дах хэсэгт заасан иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээг авах эрхтэй.

 

Хариуцагч нь хуульд заасан дээрх эрхийн хүрээнд 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэгч Б.Нгийн эзэмшлийн ...УБН улсын дугаартай Тоёота ланд крузер 200 маркийн тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг, 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэгчийн гадаадад зорчих эрхийг тус тус түдгэлзүүлэх ажиллагааг явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.8, 44.2.15, 59 дүгээр зүйлийн 59.1.2-т заасантай нийцжээ. 

 

Шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2080572/159 дугаартай тогтоолоор нэхэмжлэгч Б.Нгийн арилжааны банкууд дахь дансыг 50 280 000 төгрөгийн хэмжээгээр битүүмжилж, битүүмжлэгдсэн дансаас 50 280 000 төгрөгийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Төрийн банк дахь  106000059575 тоот дансанд шилжүүлэхийг мэдэгдсэн тогтоол, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож шийдвэрлэсэнд хариуцагч давж заалдах гомдол гаргаагүй байна.

Төлбөр төлөгч хуулийн этгээд болон хувьцаа эзэмшигчийн эд хөрөнгийг олж тогтоох зорилгоор шийдвэр гүйцэтгэгч нэхэмжлэгчийн “тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн”, “гадаадад зорчих эрх”-ийг тус тус түдгэлзүүлсэн байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй.

Хариуцагч нь нэхэмжлэгчийн өмчлөлийн тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг түдгэлзүүлэхийг 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн албан бичгээр Шийдвэр гүйцэтгэх албаны мэдээлэл лавлагаа, дүн шинжилгээний хэлтэст мэдэгдсэн нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгох үндэслэл болохгүй. /хх64/

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2021/02132 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

                       

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ш.ОЮУНХАНД

                                        ШҮҮГЧИД                                А.ОТГОНЦЭЦЭГ

                                                                                         А.МӨНХЗУЛ