Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 101/ШШ2021/02614

 

 

 

 

 

 

 

2021 09 06 101/ШШ2021/02614   

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, 22-56 тоотодо оршин суух, Намсрайн Даваасүрэнгийн  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 хороолол, 64-99 тоотод оршин суух, Будын Мягмар ,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 хороолол, 64-99 тоотод оршин суух, Батсуурийн Уранчимэг /ХК70051203/ нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 21,200,000 төгрөг гаргуулах шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Даваасүрэн, хариуцагч нарын төлөөлөгч Ё.Ичинхорлоо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Даваасүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Уранчимэг, Б.Мягмар нар нь мөнгөний хэрэгтэй байна гээд 2018.07.26-нд миний найз П.Болормаагаас 3,000,000 төгрөгийг авсан боловч зээлээ төлөхгүй байсан. Би зээлийг зуучилж өгсөн учир надаас зээлийг Болормаа шаардсан ба би аргагүйн эрхэнд өмнөөс нь зээлийг төлсөн. Хариуцагч нар П.Болормаагаас зээлсэн 3,000,000 төгрөг дээрээ нэмж надаас 2019.06.26-нд гэрээ хийж 2,000,000 төгрөг зээлж нийт 5,000,000 төгрөгийг 10 хувийн хүүтэйгээр зээлийн гэрээг хийсэн. Б.Уранчимэг, Б.Мягмар нар зээлийн 2 сарын хүүнд 1,000,000 төгрөгийг өгсөн. Түүнээс хойш 2019.09.26-наас хойш 10 сарын хүү 5,000,000 төгрөг болон үндсэн зээлсэн мөнгө 5,000,000 төгрөг болон алданги 5,000,000 төгрөг болсон ба нийт 15,000,000 төгрөг болно.

Мөн дахин 2019.07.26-нд зээлийн гэрээ хийж 2,000,000 төгрөгийг зээлж авсан ч нэг сарын хүү 200,000 төгрөгийг өгөөд өөрөөр зээл, хүүгээ өгөөгүй өдийг хүрлээ. Иймээс 11 сарын хүү 2,200,000 төгрөг, үндсэн мөнгө 2,000,000 төгрөг, алданги 2,000,000 төгрөг бөгөөд нийт 6,200,000 төгрөг болно. Ингээд нийт 21,200,000 төгрөгийг гаргуулан өгч тусална уу гэв.

Хариуцагч Б.Мягмар, Б.Уранчимэг нар шүүхэд болон төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Учир нь өмнө 2019.06.20 болон 2019.07.26-ны өдрийн зээлүүдэд маргаан үүсгэн шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлсэн боловч энэ нэхэмжлэл дээр дахин өөр зээлүүдтэй хамтатган оруулж ирсэн байна. Энэ талаар өмнөх шүүхийн шийдвэрт Болормаагаас авсан зээлийн хүү гэж нэхэмжилж байсан.

Нэхэмжлэгч хариуцагч нар 2019 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 5,000,000 төгрөг, 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 2,000,000 төгрөгийн зээлийн гэрээтэй юм байна. Нэхэмжлэгч 5,000,000 төгрөгийг хариуцагч нарт шилжүүлсэн зүйлгүй тул төлөхгүй. Харин 2018.01 сард зээлийн гэрээ хийж 5,000,000 төгрөгийг зээлсэн ба үүнийг төлж чадаагүй байж байгаад 2019.04.15-нд 4,000,000 төгрөгийг зээлсэн. Уг зээлийн гэрээнээс хойш зээл тавиагүй.

Хариуцагч нар 2019.01.12-ны өдөр 200,000 төгрөг, 2019.01.25-ны өдөр 300,000 төгрөг, 2019.02.15-ны өдөр 200,000 төгрөг, 2019.05.12-ны өдөр 400,000 төгрөг, 2019.06.20-ны өдөр 400,000 төгрөг гээд сар бүр төлж байгаад нийт 14,129,000 төгрөг төлсөн. Нэхэмжлэгчийн зээлсэн гэх мөнгө нь Б.Уранчимэгийн дансаар огт орж ирээгүй. Өмнөх шүүх хуралдаанд яригдсан мөнгө л одоо яригдаж байгаа болохоос өмнө нь зээл авсан зүйлгүй. Хариуцагч нар нэхэмжлэгчээс авсан мөнгөө буцаад хүүнд нь төлсөөр байгаад амьдрал нь улам дордож байна. Нэхэмжлэгч маш шуналтай байна. Хэрэгт авагдсан баримтаар хэргийг шийдвэрлэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Даваасүрэн, хариуцагч Б.Уранчимэг, Б.Мягмар нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 21,200,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч тус шүүхийн 2021 оны 535 дугаартай шийдвэрээр шийдвэрлэж дууссан гэх тайлбарыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Зохигчийн хооронд байгуулсан зээлийн гэрээний үүргийг нэхэмжлэгч, хариуцагч нараас шаардах эрхтэй эсэх, уг асуудлыг шүүх өмнө нь шийдвэрлэсэн эсэх болон тооцоонд орсон эсэх талаар зохигч шүүх хуралдаанд зөрүүтэй тайлбар гаргасныг талуудын шүүхэд гаргасан бичгийн баримтуудтай харьцуулан шинжлэн судлахад дараах үйл баримт тогтоогдож байна.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь хариуцагч нартай 2019 оны 01 дүгээр сарын 08, 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан зээлийг шаардсан тул энэ хэрэгт хамаагүй, одоо 2019 оны 06 дугаар сарын 26, 08 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээгээр өгсөн мөнгөө шаардаж байна гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласан бөгөөд талууд шаардлага, татгалзлаа нотлон тус шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 535 дугаартай шийдвэр, ХААН банкин дахь нэхэмжлэгчийн 5017005404 тоот, хариуцагч Б.Уранчимэгийн 5014135244 тоот, Б.Мягмарын 5021613790 тоот дансны хуулга, бусад баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргажээ.

Талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа зээлийн харилцаа үүссэн, мөнгө зээлдүүлсэн, зээлсэн талаар маргаагүй ба зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

1.    Нэхэмжлэгч Н.Даваасүрэн, хариуцагч Б.Уранчимэг, Б.Мягмар нар 2019

оны 06 дугаар сарын 26-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, хариуцагч нар 5,000,000 төгрөгийг нэг сарын 10 хувийн хүүтэйгээр 12 сарын хугацаатай зээлжээ. Мөнгийг хариуцагч Б.Уранчимэг бэлнээр хүлээн авсан тухай зээлийн гэрээнд тэмдэглэл үйлджээ. Уг мөнгийг хариуцагч нар зээлсэн, зээлээ хүүгийн хамт бүрэн эргүүлэн төлсөн тухай тайлбарлаж байна. Тус зээлийн гэрээний үүргийг хэрхэн, ямар байдлаар төлж барагдуулсан талаар хариуцагч нар татгалзлаа нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч нар үндсэн зээл 5,000,000 төгрөг, хүү 5,000,000 төгрөгийг, гэрээний хариуцлага алдангийн хамт төлөх үүрэгтэй.

Хариуцагч нар зээлийг 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр зээлсэн боловч эхний хоёр сарын буюу 8, 9 дүгээр сарын хүүнд 1,000,000 төгрөг төлж зээлийн гэрээний үүрэг 2019 оны 10 дугаар сараас эхлэн зөрчигдөж, тус хугацаанаас хойш хариуцагч нар зээлийг төлөөгүй байна. Нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийг 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр буюу гэрээний үүрэг зөрчигдсөнөөс хойш 22 сарын дараа шүүхэд нэхэмжлэл гарган шаарджээ. Өөрөөр хэлбэл хариуцагч нар гэрээний үүргээ зөрчсөнөөр зээлийг төлөх чадваргүй нь тодорхой болсон байхад нэхэмжлэгч зээлийг буцаан төлүүлэхээр шаардлага гаргаагүй, энэ тухай мэдсээр байж үүргийг хойшлуулсан байна. Ийнхүү хойшлуулсан 652 хоногийн алдангийг зөвхөн үндсэн зээлийн дүнгээр гэрээний 3-д заасны дагуу тооцоход 5,000,000х652=16,300,000/ 16,300,000 төгрөг болох ба нэхэмжлэгч хуульд нийцүүлэн зээл, хүүгийн 50 хувиар тооцон 5,000,000 төгрөгийн алданги гаргуулахаар нэхэмжилжээ. Энэ үндэслэлээр алдангийн хэмжээг 90 хувиар багасгаж Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д зааснаар хариуцагч нараас 500,000 төгрөгийн алданги гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

1.    Нэхэмжлэгч Н.Даваасүрэн, хариуцагч Б.Уранчимэг нар 2019 оны 08

дугаар сарын 26-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, хариуцагч 2,000,000 төгрөгийг нэг сарын 10 хувийн хүүтэйгээр 12 сарын хугацаатай зээлжээ. Мөнгийг хариуцагч Б.Уранчимэг ХААН банк дахь өөрийн 5014135244 тоот дансаар шилжүүлэн авсан нь тухайн дансны хуулгаар тогтоогдож байна.

Хариуцагч Б.Мягмарын хувьд тус зээлийг авч ашигласан, зээлийг хамтран хариуцах үүрэгтэй болохыг нэхэмжлэгч шүүхэд нотлоогүй, хэрэгт цугларсан нотлох баримтаар тухайн зээлийг хариуцагч Б.Мягмар хариуцах үүрэгтэй нь тогтоогдоогүй тул Н.Даваасүрэн, Б.Уранчимэг нарын хооронд байгуулсан 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээний үүргийг хариуцагч Б.мягмар хариуцах үүрэггүй, хариуцагч биш байна.

Хариуцагч Б.Уранчимэгийн хувьд тус зээлийг хариуцагч хүүгийн хамт бүрэн эргүүлэн төлсөн тухай тайлбарлаж байна. Тус зээлийн гэрээний үүргийг хэрхэн, ямар байдлаар төлж барагдуулсан талаар хариуцагч татгалзлаа нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч нар үндсэн зээл 2,000,000 төгрөг, хүү 2,200,000 төгрөгийг, гэрээний хариуцлага алдангийн хамт төлөх үүрэгтэй.

Хариуцагч зээлийг 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр зээлсэн боловч эхний нэг сарын буюу 9 дүгээр сарын хүүнд 200,000 төгрөг төлж зээлийн гэрээний үүрэг 2019 оны 10 дугаар сараас эхлэн зөрчигдөж, тус хугацаанаас хойш хариуцагч зээлийг төлөөгүй байна. Нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийг 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр буюу гэрээний үүрэг зөрчигдсөнөөс хойш 21 сарын дараа шүүхэд нэхэмжлэл гарган шаарджээ. Өөрөөр хэлбэл хариуцагч гэрээний үүргээ зөрчсөнөөр зээлийг төлөх чадваргүй нь тодорхой болсон байхад нэхэмжлэгч зээлийг буцаан төлүүлэхээр шаардлага гаргаагүй, энэ тухай мэдсээр байж үүргийг хойшлуулсан байна. Ийнхүү хойшлуулсан 621 хоногийн алдангийг зөвхөн үндсэн зээлийн дүнгээр гэрээний 5-д заасны дагуу тооцоход 2,000,000х621=6,210,000/ 6,210,000 төгрөг болох ба нэхэмжлэгч хуульд нийцүүлэн зээл, хүүгийн 50 хувиар тооцон 2,000,000 төгрөгийн алданги гаргуулахаар нэхэмжилжээ. Энэ үндэслэлээр алдангийн хэмжээг 90 хувиар багасгаж Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д зааснаар хариуцагч нараас 200,000 төгрөгийн алданги гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

3. Хариуцагч нарын зүгээс тус шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 17-ны

өдрийн 535 дугаартай шийдвэрийг иш татан хариуцагч нар нэхэмжлэгчтэй байгуулсан зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой бүх шаардлагыг тус шийдвэрийн дагуу шийдвэрлүүлсэн гэж тайлбарласан үндэслэл муутай байна. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анрхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 535 дугаартай шийдвэрээр зохигчийн хооронд 2019 оны 01 дүгээр сарын 08, 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүргийг дүгнэн шийдвэрлэсэн, тус шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон, хариуцагч нарын нэхэмжлэгчид төлсөн гэж дүгнэн тооцуулсан зээлийн төлбөрийг нэхэмжлэлийн энэ нэхэмжлэлийн шаардлагад хамааруулан шийдвэрлэх үндэслэлгүй байна.

Харин хариуцагч Б.Мягмар ХААН банкин дахь 5021613790 тоот данснаас 2019 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 400,000 төгрөгийг, хариуцагч Б.Уранчимэг мөн 5014135244 тоот дансаараа 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 500,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлсөн бөгөөд эдгээр мөнгөн дүн нь тус шүүхийн 2021 оны 535 дугаартай шийдвэрт тооцогдоогүй тул нэхэмжлэгчид төлөх зээлийн дүнгээс хасч тооцох нь зүйтэй.

4. Хариуцагч нар 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр зээлийн гэрээний

үүрэгт 10,500,000 /10,500,000/2=5,250,000/ төгрөгийг, хариуцагч Б.Уранчимэг 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 4,400,000 төгрөгийг, нийт 14,900,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр байна. Хариуцагч нар дээрх 900,000 төгрөгийг аль гэрээний үүрэгт төлсөн нь тодорхойгүй, зохигч энэ талаар тодорхой тайлбарлаагүй учир хариуцагч нарын хариуцвал зохих зээлийн гэрээний дүнгээс тус тус хасч тооцох нь зүйтэй.

Иймд Иргэний хуулийн 206 дугаар зүйлд зааснаар үүргийн ерөнхий зарчим, мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасны дагуу хариуцагч Б.Уранчимэгээс нийт /5,250,000+4,400,000=9,650,000. 9,650,000-500,000=9,150,000/ 9,150,000 төгрөгийг, хариуцагч Б.Мягмараас нийт /5,250,000-400,000=4,850,000/ 4,850,000 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Н.Даваасүрэнд олгож шийдвэрлэв. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 7,200,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.3-т заасныг баримтлан хариуцагч Б.Уранчимэг ээс 9,150,000 төгрөг, хариуцагч Б.Мягмар /-аас 4,850,000 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Н.Даваасүрэн -д олгож, нэхэмжлэлээс 7,200,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 262,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Уранчимэгээс 161,350 төгрөг, хариуцагч Б.Мягмараас 92,550 төгрөг тус тус нөхөн гаргуулж нэхэмжлэгч Н.Даваасүрэнд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ