Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2022/00024

 

 

 

 

 

2021 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2022/00024

 

Н.Д-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШШ2021/02614 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Н.Д-гийн хариуцагч Б.М-, Б.У- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 21 200 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.У-, Б.М- нар нь 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдөр П.Б-гаас 3 000 000 төгрөг авсан боловч зээлээ төлөхгүй байсан. Уг зээлийг зуучилж өгсөн учир надаас зээлийг П.Б- шаардсан ба би аргагүйн эрхэнд өмнөөс нь зээлийг төлсөн. Хариуцагч нар П.Б-гаас зээлсэн 3 000 000 төгрөг дээр нэмж надаас 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр гэрээ хийж 2 000 000 төгрөг зээлж нийт 5 000 000 төгрөгийг 10 хувийн хүүтэйгээр зээлийн гэрээ хийсэн. Б.У-, Б.М- нар зээлийн 2 сарын хүүд 1 000 000 төгрөгийг өгсөн. Түүнээс хойш 2019 оны 9 дүгээр сарын 26-наас хойш 10 сарын хүү 5 000 000 төгрөг болон үндсэн зээл 5 000 000 төгрөг, алданги 5 000 000, нийт 15 000 000 төгрөг болно.

Мөн дахин 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр зээлийн гэрээ хийж 2 000 000 төгрөгийг зээлж авсан ч нэг сарын хүү 200 000 төгрөгийг төлөөд өөр төлбөр хийгээгүй өдийг хүрлээ. Иймд 11 сарын хүү 2 200 000 төгрөг, зээл 2 000 000 төгрөг, алданги 2 000 000 төгрөг, нийт 6 200 000 төгрөг, нийт 21 200 000 төгрөгийг гаргуулна гэжээ.

 

Хариуцагч тал шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Учир нь өмнө 2019 оны 6 дугаар сарын 20 болон 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн зээлүүдэд маргаан үүсч шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлсэн. Энэ нэхэмжлэл дээр дахин өөр зээлүүдтэй хамтатган оруулж ирсэн байна. Энэ талаар өмнөх шүүхийн шийдвэрт П.Б-гаас авсан зээлийн хүү гэж нэхэмжилж байсан. Нэхэмжлэгч хариуцагч нар 2019 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 5 000 000 төгрөг, 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 2 000 000 төгрөгийн зээлийн гэрээтэй. Нэхэмжлэгч 5 000 000 төгрөгийг хариуцагч нарт шилжүүлсэн зүйлгүй тул төлөхгүй. Харин 2018 оны 1 дүгээр сард зээлийн гэрээ хийж 5 000 000 төгрөгийг зээлсэн ба үүнийг төлж чадаагүй байж байгаад 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 4 000 000 төгрөгийг зээлсэн. Уг зээлийн гэрээнээс хойш зээл аваагүй. Хариуцагч нар 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 200 000 төгрөг, 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр 300 000 төгрөг, 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдөр 200 000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 400 000 төгрөг, 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 400 000 төгрөг гээд сар бүр төлсөөр нийт 14 129 000 төгрөг төлсөн. Нэхэмжлэгчийн зээлсэн гэх мөнгө нь Б.У-ийн дансаар огт орж ирээгүй. Өмнөх шүүх хуралдаанд яригдсан мөнгө л одоо яригдаж байгаа болохоос өмнө нь зээл авсан зүйлгүй. Хариуцагч нар нэхэмжлэгчээс авсан мөнгөө буцаад хүүнд нь төлсөөр байгаад амьдрал нь улам дордож байна. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.3-т заасныг баримтлан хариуцагч Б.У-ээс 9 150 000 төгрөг, хариуцагч Б.М-аас 4 850 000 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Н.Д-д олгож, нэхэмжлэлээс 7 200 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 262 950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.У-ээс 161 350 төгрөг, хариуцагч Б.М-аас 92 550 төгрөг тус тус нөхөн гаргуулж нэхэмжлэгч Н.Д-д олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч Б.М-, Б.У- нар давж заалдах гомдолдоо:

1. Анхан шатны шүүх 2020 оны 535 дугаартай шүүхийн шийдвэрээр энэ асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн байхад хэрэг үүсгэж шийдвэрлэсэнд гомдолтой. П.Б-гаас авсан 4 000 000 төгрөгийг түрүүчийн 535 дугаартай иргэний хэрэгт шийдвэрлэсэн бөгөөд шүүхийн шийдвэрээ авахаар очиход Н.Д- нь дахин бөөн мөнгө нэхэмжилсэн байсан.

2. Б.У- нь Н.Д-гээс сарын 10 хувийн хүүтэй мөнгө гэрээ хийж өөрийн дансаар цувуулж 11 000 000 төгрөг авсан. Н.Д-гийн дансанд цувуулсаар 12 100 000 төгрөг төлсөн. Ингэхдээ Н.Д- нь биднээс авсан мөнгөө дандаа хүүд тооцож анх авсан үндсэн зээлээс хасаагүйгээс ийм явдал үүсэж, хэсэг хугацааны дараа өөрөө шинэ гэрээ хийгээд ирж гарын үсэг зуруулдаг байсан. Бид хүнээс мөнгө авсан улсууд юу ч хэлж чадахгүй гарын үсэг зурдаг байсан. Би тухайн үед сард 3-4 удаа энэ хүний дансанд 200 000-500 000 төгрөг хүртэл мөнгийг байнга хийдэг байсан боловч сүүлдээ үнэхээр өндөр хүүд дарагдаж төлж дийлэхээ больсон. Н.Д-гээс учирлаж, гүйж, хүүгээ багасгаж өгөхийг олон удаа хүссэн ч хүлээж аваагүй. Ер нь энэ хүн Дэнжийн 1000, Хүчит шонхор захын наймаачдад байнга өндөр хүүтэй мөнгө зээлдүүлээд албаар олон сарын дараа шүүхэд өгч, маш их хүү, алданги нэхэж хамаг юмыг нь шавхдаг маш аюултай хүн гэдгийг нь сүүлд өөрийнх нь маш ойрын хүнээс сонсоод их айж байсан. Байнга ажил дээр ирж мөнгө нэхээд аргаа барахдаа өөрийн хүсэлтээр тэтгэвэрт суусан. Энэ хүнд хэцүү цаг үед энэ хүний дахин дахин нэхэмжилж байгаа энэ их хүү, алдангийг үнэхээр төлж дийлэхгүй байна.

Бид энэ хүнээс авсан үндсэн мөнгөө төлсөн гэж үзэж байгаа. Жич: Н.Д-гийн данс руу Б.У-, Б.М- нарын данснаас шилжүүлсэн бүх мөнгөн дүнг Хаан банкны дансны хуулгаар баталгаажуулж хэрэгт хавсаргасан байгаа. Одоо харин энэ өндөр хүү, алдангийг ядаж банкны хүүгээр тооцож төлүүлж өгнө үү. Бид огт юу ч төлөхгүй гээгүй. Зөвхөн аль болох хүү, алдангийг нь багасгаад шат дараалалтайгаар хуулийн дагуу цувуулж төлөх гэсэн хүсэлтийг хүлээн авна уу гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой байна.

 

Нэхэмжлэгч Н.Д- нь хариуцагч Б.М-, Б.У- нарт холбогдуулан

2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээгээр зээл 5 000 000 төгрөг, хүү 5 000 000 төгрөг, алданги 5 000 000 төгрөг, нийт 15 000 000 төгрөг, мөн 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээгээр зээл 2 000 000 төгрөг, хүү 2 200 000 төгрөг, алданги 1 800 000 нийт 6 000 000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх1/

 

Нэхэмжлэгч нь дээрх хоёр зээлийн гэрээгээр нийт 21 200 000 төгрөг шаардсан гэж нэхэмжлэлээ тодорхойлжээ. Хэрэгт хоёр удаагийн зээлийн гэрээ бичгээр авагдсан./хх5-6/

 

Эхний буюу 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээгээр талууд зээлийн хэмжээг 5 000 000 төгрөг гэж тодорхойлсон бөгөөд нэг жилийн хугацаатай, 10 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлбэл хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар анз тооцохоор тохиролцжээ.Уг зээлийн гэрээнд Б.М-, Б.У- нар гарын үсэг зурсан талаар зохигчид маргаангүй. /хх 5/

 

Энэ зээлийн гэрээгээр тооцсон 5 000 000 төгрөгийн анзын хэмжээг анхан шатны шүүхээс бууруулж 500 000 төгрөгөөр тогтоосныг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаагүй байна.

 

Дээрх 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээний 3 000 000 төгрөг нь хариуцагч нарын өмнөөс П.Б-д төлж өгсөн мөнгөн хөрөнгө болохыг нэхэмжлэгч тайлбарласан, уг тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй./хх1/

 

Хэдийгээр гэрээнд бэлнээр 5 000 000 төгрөг авсан талаар Б.У- гараар бичилт хийсэн боловч зээлийн гэрээ байгуулагдсан 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр зээлийн мөнгөн хөрөнгийг хариуцагч нар бодитойгоор өмчлөлдөө шилжүүлэн аваагүй гэж маргасан. Зээлдэгч зээлийг шилжүүлэн аваагүй гэж маргасан тохиолдолд шүүх Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасныг дүгнэх ёстой юм. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно.

 

Зээлийн гэрээ байгуулагдсан өдөр зээлийг бодитойгоор шилжүүлээгүй тул хариуцагч хүү тооцох эрхгүй. Учир нь хүү гэдэг нь зээлийг ашигласны хариу төлбөр, зээлийн үр шим юм. Гэрээнд заагдсан хугацаанд бодитой ашиглуулаагүй мөнгөнөөс үр шим тооцох үндэслэлгүй тул хүү гэх 5 000 000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй.

 

Зээлийн буцаан төлөлтөд 900 000 төгрөг төлсөн талаар анхан шатны шүүхээс дүгнэснийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаагүй. Иймд 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээний үүрэг үндсэн зээл 4 100 000 төгрөг, анз 500 000 төгрөг, нийт 4 600 000 төгрөгийг хариуцагч Б.М-, Б.У- нараас гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгчийн 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээнд зээлдэгч Б.У- гарын үсэг зурсан./хх6/ Уг гэрээгээр 2 000 000 төгрөгийг Б.У- Хаан банк дахь өөрийн 5014135244 тоот дансаар шилжүүлэн авсан үйл баримтын талаар маргахгүй байна. /хх21/ Иймд уг гэрээний зээлд 2 000 000 төгрөг, хүүд 280 000 төгрөг, анз 200 000 төгрөг, нийт 2 480 000 төгрөгийг Б.У-ээс гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үндэслэлгүй нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээний хувьд Б.М- хамтран хариуцагч биш гэж анхан шатны шүүхийн шийдвэрт дүгнэснийг талууд хүлээн зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаагүй.

 

Хэрэгт Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 17-ний өдрийн 101/ШШ2021/00535 тоот шийдвэр авагдсан./хх 28/ Уг шүүхийн шийдвэрээс үзэхэд талуудын хоорондын энэхүү маргааныг өмнө нь шүүх шийдвэрлэсэн гэх үндэслэл тогтоогдоогүй тул энэ талаарх хариуцагч нарын давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэсэгчлэн хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШШ2021/02614 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 9 150 000 төгрөг гэснийг 2 480 000 төгрөг, хариуцагч Б.М- /ЦГ66121572/-аас 4 850 000 төгрөгийг гэснийг хариуцагч Б.М-, Б.У- нараас 4 600 000 төгрөгийг, 7 200 000 төгрөг гэснийг 14 120 000 төгрөг гэж,

шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын 161 350 төгрөг гэснийг 54 630 төгрөг, хариуцагч Б.М-аас 92 550 төгрөг гэснийг хариуцагч Б.М-, Б.У- нараас 88 550 төгрөгийг гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Б.У-ээс төлсөн 161 350 төгрөг, хариуцагч Б.М-аас төлсөн 92 550 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Ш.ОЮУНХАНД