Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 101/ШШ2021/02616

 

 

 

 

 

 

 

2021 09 06 101/ШШ2021/02616   

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******ны төв байр, Д.Сүхбаатарын талбай 5, Ш/Х-22 хаягт оршин байрлах ******* ХХК-ийн  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Кристал таун 803 байр 1206 тоотод оршин суух, Бэгзсүрэнгийн******* 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Кристал таун 803 байр 1206 тоотод оршин суух, Цэгмидийн Отгонцэцэг 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Кристал таун 803 байр 1206 тоотод оршин суух, Гантулгын Чинзориг 

Хариуцагч: Сүхбаатар аймаг, Баяндэлгэр сум, 1 баг Талын элч ХХК-ийн байранд оршин суух, Гантулгын Зууннаст  нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 112,870,418.20 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Отгонтөгс, хариуцагч Б.Гантулга, Ц.Отгонцэцэг, Г.Чинзориг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон төлөөлөгч О.Отгонтөгс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Иргэн Б.Гантулга, Ц.Отгонцэцэг нар 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдөр *******тэй ЗГ4605017929 дугаартай Орон сууцны зээлийн гэрээ байгуулж, 90,700,000 төгрөгийн орон сууцны зээлийн гэрээг жилийн 15,6 хувийн хүүтэй 180 сарын хугацаатай зээлж авсан болно. ЗГ4605017929 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар баталгаа болгож, 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдөр БГ4605017929 дугаарт Ипотекийн гэрээгээр иргэн Б.Гантулга, Ц.Отгонцэцэг, Г.Зууннаст, Г.Жавхлантөгс, Г.Чинзориг, Г.Маралгоо нарын 6 иргэний өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2204040004, 000177423 дугаартай Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Кристал таун /13311/, 803 дугаар байрны 1206 тоот хаягт байршилтай 140,66 м.кв талбай бүхий 5 өрөө орон сууцыг барьцаалсан.

Гэрээний үүргийн зөрчил: Зээлдэгч Б.Гантулга, Ц.Отгонцэцэг нар ЗГ4605017929 дугаартай зээлийн гэрээний хавсралт №1 дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийг хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөхгүй байсаар, ЗГ4605017929 тоот орон сууцны зээл 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар үндсэн зээл 74,947,704.29 төгрөг, хүү 37,327,669 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 596,054.22 төгрөгийг нийт 1143 хоногийн хугацаа хэтрэлттэй байна. Иймд Орон сууцны зээлийн гэрээний 4.1.1-д заасныг үндэслэн ******* өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийг төлүүлэхээр хариуцагч Б.Гантулга, Ц.Отгонцэцэг нараас 112,870,418.20 төгрөг гаргуулах шаардлага гаргасан. Хариуцагч тал зээлийн гэрээний үүргийг сайн дураар биелүүлэхгүй бол ЗГ4605017929 тоот зээлийн үүргийн гүйцэтгэлийг БГ4605017929 дугаарт Ипотекийн гэрээнд заасан иргэн Б.Гантулга, Ц.Отгонцэцэг, Г.Зууннаст, Г.Жавхлантөгс, Г.Чинзориг, Г.Маралгоо нарын 6 иргэний өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2204040004, 000177423 дугаартай Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Кристал таун /13311/, 803 дугаар байрны 1206 тоот хаягт байршилтай, 140.66 м.кв талбай бүхий 5 өрөө орон сууцыг хууль тогтоомжид заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

Хариуцагч Б.Гантулга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би өмгөөлөгчгүй оролцож байгаа учраас харамсалтай байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Бид төлбөр төлсөн. Гэхдээ үлдэх төлбөр байгааг хүлээн зөвшөөрнө. Аливаа банк өөрсдийн уян хатан байдлыг харуулах ёстой. Ингэж хатуурхвал хүмүүс банкыг хүлээн зөвшөөрөхгүй. Бид 90,000,000 төгрөг зээлчихээд тус мөнгөө төлсөн ба дээр нь биднээс 100,000,000 төгрөг төлүүлэхээр нэхэмжлээд байна. Гэрээнд 37 сараас дээш хугацаанд төлбөрөө төлсөн бол хүү бууруулах заалттай. Нийт үнийн дүнгээсээ 10,000,000 төгрөгийг хасах юм бол эвлэрэхэд татгалзах зүйлгүй, 9 сарын хугацааг нь зөвшөөрч байгаа гэв.

Хариуцагч Ц.Отгонцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 90,700,000 төгрөг зээлж 100,000,000 гаруй төгрөг төлсөн. Манай нөхөр ажилгүй болоод би төлбөрөө төлж чадаагүй. Бид гэрээнд гарын үсэг зурсан болохоос хүүхдүүд гарын үсэг зураагүй тул хамт хариуцах ёстой юм уу. Дэлхий дахинд цар тахал гараад бид ажилгүй болсон. Ажилтай байсан бол төлөөд байх байсан тул уях хатан хандана уу гэв.

Хариуцагч Г.Чинзориг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 112,000,000 төгрөгийг эхний 5 сард 1,000,000 төгрөгөөр төлөөд үлдсэн мөнгийг нь 4 сард хувааж төлөх боломжтой гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК, хариуцагч Б.Гантулга, Ц.Отгонцэцэг, Г.Чинзориг, Г.Зууннаст нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 112,870,418.20 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч тал зээлийн дүнгээс 10,000,000 төгрөг хасуулах, зээл төлөх уян хатан хугацаа олгох шаардлагатай тухай тайлбар гарган нэхэмжлэлээс татгалзжээ.

Нэхэмжлэгч ******* ХХК, хариуцагч Б.Гантулга, Ц.Отгонцэцэг нар 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ЗГ4605017929 тоот Орон сууцны зээлийн гэрээ байгуулж, хариуцагч нар 90,700,000 төгрөгийг, нэг сарын 1.3 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатайгээр зээлжээ. Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банк, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-т Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно гэж заасан ба зээлийн гэрээ байгуулсан өдөр хариуцагч Б.Гантулгын тус банкин дахь 4605017929 тоот дансанд 90,700,000 төгрөгийг нэхэмжлэгч шилжүүлж гэрээний үүргээ биелүүлэн зээл олгожээ.

Талууд мөн өдөр БГ4605017929 тоот Ипотекийн гэрээгээр хариуцагч Б.Гантулга, Ц.Отгонцэцэг, Г.Чинзориг, Г.Зууннаст нарын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Кристал таун /13311/, 803 дугаар байрны 1206 тоотод оршин байх, 140.66 м.кв талбай бүхий, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204040004 дугаартай, 5 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан барьцааны гэрээг байгуулж, талууд гарын үсэг зуржээ.

Зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2-т зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан, мөн талуудын хооронд байгуулсан барьцааны гэрээ Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.3нийцсэн, гэрээ хүчин төгөлдөр байна.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан хүүгийн тооцооллын хүснэгтээр хариуцагч нар үндсэн зээлд 15,752,295.71 төгрөг, хүүнд 78,176,947,59 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 101,698.50 төгрөг, нийт 94,030,941.8 төгрөг төлжээ. Хариуцагч нар шүүх хуралдаанд, бид зээлээс 100 сая төгрөг төлчихөөд нэмээд 100 гаруй төгрөг төлөх болчихоод байхад эвлэрэх хугацаа, нэхэмжлэлийн дүнгээс бууруулахгүй уян хатан хандахгүй байгааг зөвшөөрөхгүй, гэрээнд 37 сараас дээш хугацаанд төлбөрөө төлсөн бол хүү бууруулах заалтыг хэрэгжүүлэхгүй байна гэх тайлбарыг гаргасан бөгөөд зохигчийн хооронд байгуулсан зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасан хэмжээгээр зээл, хүүг тооцсоныг үндэслэл бүхий байдлаар үгүйсгэж маргаагүй, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй тухай татгалзлаа нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй байна.

Хариуцагч Б.Гантулга, Ц.Отгонцэцэг нарын хувьд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасны дагуу зээлдэгч бөгөөд мөн хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д зааснаар зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч болно. Иргэний хуулийн 206, 208 дугаар зүйлд зааснаар хариуцагч нар гэрээгээр хүлээсэн үүргээ зохих хугацаанд нь шударгаар биелүүлэх үүрэгтэй, зээлдэгч, барьцаалуулагч нар гэрээний үүргийг биелүүлээгүй нь үүргийг хангуулахаар нэхэмжлэл гаргах гаргах эрхийг бий болгох учир нэхэмжлэгч мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-т зааснаар хариуцагч нараас зээлийн гэрээний үүргийг гүйцэтгүүлэхээр шаардах эрхтэй.

Хариуцагч нар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй үндэслэлээр нэхэмжлэгч урт хугацаатай зээлийн гэрээний үүрэгт 112,870,418.20 төгрөгийг хариуцагч нараас нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д нийцэх тул хариуцагч Б.Гантулга, Ц.Отгонцэцэг нараас дээрх мөнгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага гаргасан.

Шүүх нэхэмжлэгчийн мөнгөн төлбөр гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн ба нэхэмжлэгч, хариуцагч Б.Гантулга, Ц.Отгонцэцэг нарын хооронд байгуулсан барьцааны гэрээ хүчин төгөлдөр учир хариуцагч Б.Гантулга, Ц.Отгонцэцэг нар шүүхийн шийдвэрийг сайн дураа биелүүлээгүй бол хариуцагч Б.Гантулга, Ц.Отгонцэцэг, Г.Зууннаст, Г.Чинзориг нарын өмчлөлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д нийцнэ.

Хариуцагч Б.Гантулга, Ц.Отгонцэцэг нар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй явдал нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2-т заасны дагуу нэхэмжлэгч үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс хангуулахаар шаардах эрхийг үүсгэх ба энэ нь барьцааны зүйлийн өмчлөгч, хариуцагч Б.Гантулга, Ц.Отгонцэцэг, Г.Зууннаст, Г.Чинзориг нарт шууд чиглэдэг учир хариуцагч нар нэхэмжлэгчийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хариуцах үүрэгтэй. Иймд барьцаа хөрөнгө болох хариуцагч хариуцагч Б.Гантулга, Ц.Отгонцэцэг, Г.Зууннаст, Г.Чинзориг нарын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Кристал таун /13311/, 803 дугаар байрны 1206 тоотод оршин байх, 140.66 м.кв талбай бүхий, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204040004 дугаартай, 5 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулах замаар зээлийг төлүүлэхийг хүссэн нэхэмжлэгчийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Тус шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн шүүх хуралдааны товыг хариуцагч Г.Зууннастад хүргэсэн ба 2021.08.03-ны өдөр хүлээн авсан боловч хүндэтгэх шалтгаангүйгээр шүүх хуралд хүрэлцэн ирээгүй тул эзгүйд нь хэргийг хянан хэлэлцэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Гантулга  Ц.Отгонцэцэг  нараас 112,870,418.20 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Б.Гантулга, Ц.Отгонцэцэг нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хариуцагч Б.Гантулга, Ц.Отгонцэцэг, Г.Зууннаст , Г.Чинзориг  нарын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Кристал таун /13311/, 803 дугаар байрны 1206 тоотод оршин байх 140.66 м.кв талбай бүхий, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204040004 дугаартай, 5 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулж шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 71.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 854,753 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч хариуцагч Б.Гантулга, Ц.Отгонцэцэг, Г.Зууннаст, Г.Чинзориг нараас 854,753 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ