Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2021/01599

 

2021 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2021/01599

 

 

Гбанк ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Ч.Цэнд, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШШ2021/02616 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Гбанк ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.Г-, Ц.О-, Г.Ч-, Г.З- нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 112 870 418,20 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Отгонтөгс, хариуцагч Б.Г-, хариуцагч Ц.О-, Г.Ч-, өмгөөлөгч Ц.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Г-, Ц.О- нар 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Голомт банктэй ЗГ4605017929 дугаартай Орон сууцны зээлийн гэрээ байгуулж, 90 700 000 төгрөгийн орон сууцны зээлийн гэрээг жилийн 15,6 хувийн хүүтэй 180 сарын хугацаатай зээлж авсан болно. ЗГ4605017929 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар баталгаа болгож, 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдөр БГ4605017929 дугаарт Ипотекийн гэрээгээр иргэн Б.Г-, Ц.О-, Г.З-, Г.Ж, Г.Ч-, Г.М нарын 6 иргэний өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2204040004, 000177423 дугаартай Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Кристал таун /13311/, 803 дугаар байрны 1206 тоот хаягт байршилтай 140,66 м.кв талбай бүхий 5 өрөө орон сууцыг барьцаалсан. Зээлдэгч Б.Г-, Ц.О- нар ЗГ4605017929 дугаартай зээлийн гэрээний хавсралт №1-д заасны дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийг хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөхгүй байсаар, ЗГ4605017929 тоот орон сууцны зээл 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар үндсэн зээл 74 947 704,29 төгрөг, хүү 37 327 669 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 596 054,22 төгрөгийг нийт 1143 хоногийн хугацаа хэтрэлттэй байна. Иймд Орон сууцны зээлийн гэрээний 4.1.1-д заасныг үндэслэн Гбанк өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийг төлүүлэхээр хариуцагч Б.Г-, Ц.О- нараас 112 870 418,20 төгрөг гаргуулах шаардлага гаргасан. Хариуцагч тал зээлийн гэрээний үүргийг сайн дураар биелүүлэхгүй бол ЗГ4605017929 тоот зээлийн үүргийн гүйцэтгэлийг БГ4605017929 дугаарт ипотекийн гэрээнд заасан иргэн Б.Г-, Ц.О-, Г.З-, Г.Ж, Г.Ч-, Г.М нарын 6 иргэний өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2204040004, 000177423 дугаартай Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Кристал таун /13311/, 803 дугаар байрны 1206 тоот хаягт байршилтай, 140.66 м.кв талбай бүхий 5 өрөө орон сууцыг хууль тогтоомжид заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Г- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Бид төлбөр төлсөн. Гэхдээ үлдэх төлбөр байгааг хүлээн зөвшөөрнө. Аливаа банк өөрсдийн уян хатан байдлыг харуулах ёстой. Бид 90 000 000 төгрөг зээлчихээд тус мөнгөө төлсөн ба дээр нь биднээс 100 000 000 төгрөг төлүүлэхээр нэхэмжлээд байна. Гэрээнд 37 сараас дээш хугацаанд төлбөрөө төлсөн бол хүү бууруулах заалттай. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч Ц.О- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 90 700 000 төгрөг зээлж 100 000 000 гаруй төгрөг төлсөн. Манай нөхөр ажилгүй болоод би төлбөрөө төлж чадаагүй. Бид гэрээнд гарын үсэг зурсан болохоос хүүхдүүд гарын үсэг зураагүй тул хамт хариуцах ёсгүй. Дэлхий дахинд цар тахал гараад бид ажилгүй болсон. Ажилтай байсан бол төлөөд байх байсан тул уях хатан хандана уу гэжээ.

Хариуцагч Г.Ч- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 112 000 000 төгрөгийг эхний 5 сард 1 000 000 төгрөгөөр төлөөд үлдсэн мөнгийг нь 4 сард хувааж төлөх боломжтой гэжээ.

Хариуцагч Г.З- шүүхэд тайлбар гараагүй. 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Г-, Ц.О- нараас 112,870,418.20 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Гбанк ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Г-, Ц.О- нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хариуцагч Б.Г-, Ц.О-, Г.З-, Г.Ч- нарын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Кристал таун /13311/, 803 дугаар байрны 1206 тоотод оршин байх 140,66 м.кв талбай бүхий, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204040004 дугаартай, 5 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулж шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 71.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 854 753 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч хариуцагч Б.Г-, Ц.О-, Г.З-, Г.Ч- нараас 854 753 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Гбанк ХХК-д оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Б.Г-, Ц.О- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхэд миний бие шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох хүсэлт гаргасан. Миний өмгөөлөгч Ц.М нь эхнэр Т.С, хүү М.Т, М. Э нар нь 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Ковид өвчнөөр өвчилсөн, туслах А.О нь 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Ковид өвчнөөр өвчилж, өмгөөлөгч Ц.М нь нэгдүгээр хавьтал болсон тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан бөгөөд шүүхээс өмгөөлөгчийн хүсэлтийг хангаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3.12, 34.3.10-т тус тус заасныг зөрчин өмгөөлөгчийн шүүх хуралдаанд оролцох эрхээр хангаагүй. Мөн эрх, үүрэг, нөлөөлөлтэй танилцуулаагүй. Мөн миний өмгөөлөгч Б.Нандин-Эрдэнэд шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох боломжоор хангаагүй байна. Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 183 дугаар тогтоолыг баримтлаагүй байна. Шийдвэрийн үндэслэх хэсэгт "...хэрэгт нотлох баримтаар авагдсан хүүгийн тооцооллын хүснэгтээр хариуцагч нар үндсэн зээлд 15 752 295,71 төгрөг, хүүд 78 176 947,59 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 101 698,50 төгрөг, нийт 94 030 941,8 төгрөг төлжээ. Хариуцагч нар шүүх хуралдаанд бид зээлээс 100 000 000 төгрөг төлчихөөд нэмээд 100 гаруй сая төгрөг төлөх болчихоод байхад эвлэрэх хугацаа, нэхэмжлэлийн дүнгээс бууруулахгүй, уян хатан хандахгүй байгааг хүлээн зөвшөөрөхгүй, гэрээнд 37 сараас дээш хугацаанд төлбөрөө төлсөн бол хүү бууруулах заалтыг хэрэгжүүлээгүй байна гэх тайлбарыг гаргасан бөгөөд зохигчийн хооронд байгуулсан зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасан хэмжээгээр зээл, хүү тооцсоныг үндэслэл бүхий байдлаар үгүйсгэж маргаагүй, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй тухай татгалзлаа нотлох баримтыг шүүхэд гаргаагүй байна" гэжээ. Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 183 дугаар Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай тогтоолын 8 дахь хэсэгт Банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооноос иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн хугацааг зээлдэгчийн хүсэлтийг харгалзан нэмэгдүүлсэн хүү, торгууль, алданги тооцохгүйгээр зээлдэгчид ямар нэгэн дарамт үүсгэхгүй байхаар төлбөрийн чадварт нь нийцүүлэн гэрээнд өөрчлөлт оруулах зохицуулалтын арга хэмжээг 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд авч хэрэгжүүлэхийг Монголбанк (Б.Лхагвасүрэн), Санхүүгийн зохицуулах хороо (ДБаярсайхан)-д тус тус зөвлөсүгэй гэж заасан бөгөөд шүүхээс дээрх нийтэд илэрхий үйл баримтыг үнэлээгүй, нөгөө талаар Засгийн газрын тогтоолыг хэрэглээгүй, хүү, алданги, нэмэгдүүлсэн хүүг тооцсон байна. Монгол банкны 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хэрэгжилтийг хангах тухай Монгол банкны Ерөнхийлөгчийн тушаалыг баримтлаагүй. Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.7 дахь хэсэгт Төрөөс хэрэгжүүлж байгаа орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн үлдэгдэл хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр энэ хуулийн 18.1-д заасан хугацаа хүртэл хойшлуулах, мөн хугацаагаар зээлийн гэрээний хугацааг сунгах асуудлыг Засгийн газартай хамтран хэрэгжүүлнэ гэж заасныг тус тус хэрэглээгүй байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх зохигчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагад нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч Гбанк ХХК, хариуцагч Б.Г-, Ц.О-, Г.Ч-, Г.З- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 112 870 418,20 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн захирамжаар хариуцагч талын нэхэмжлэгчтэй эвлэрэн хэлэлцэх хүсэлтийг хангаж, хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 09 цагт хэлэлцүүлэхээр товыг тогтоож, шүүх хуралдааныг хойшлуулж, шүүх хуралдааны товыг хариуцагч нарт мэдэгдсэн боловч өмгөөлөгч Ж.Нандин-Эрдэнэд мэдэгдээгүй хэргийг хянан шийдвэрлэсэн. /хх-ийн 115-117/

 

Хариуцагч Б.Г- өмгөөлөгч Ц.М-ын хуулийн фирмийнхэн бүгд Ковид-19 туссан талаарх баримтаа хавсаргаж өгсөн тул хойшлуулах... тухай хүсэлтийг гаргасан ба шүүгчийн 2021 оны 101/ШЗ2021/14262 дугаар захирамжаар хангахгүй орхиж шийдвэрлэхдээ ...хариуцагчийн өмгөөлөгч Б.Н хүрэлцэн ирээгүй, хариуцагч тал шүүх хуралдааны тов мэдсэн нь өмгөөлөгч товыг мэдсэн гэж үзнэ... гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

Шүүх хуралдааны товыг мэдэгдэх үүргийг шүүх хүлээдэг бөгөөд хэргийн оролцогчоор дамжуулан шүүх хуралдааны товыг мэдэгдэх, хэргийн оролцогчид мэдэгдсэнийг түүний өмгөөлөгчид тов хүргэсэнд тооцох үндэслэл болохгүй юм. Шүүх хуралдааны тов мэдэгдэх журам, арга хэлбэр, мэдэгдэх хуудасны талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2, 77 дугаар зүйлд зохицуулсан. Зохигч шүүх хуралдааны товыг лавлах үүрэгтэй талаарх зохицуулалт нь шүүх хуралдааны товыг зохих ёсоор мэдэгдэх, үүргээс түүнийг чөлөөлөхгүй.

 

Мөн шүүгчийн захирамжид ...өмгөөлөгч Ц.М-ыг сонгон авч оролцуулж байгаа гэх боловч энэ талаарх баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч Ц.М оролцоогүй... гэсэн дүгнэлт хийж, хариуцагч талын өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэжээ. /хх-ийн 133/

 

Гэтэл хариуцагч Б.Г- шүүх хуралдаанд өмгөөлөгч Ц.М-ын хуулийн фирмийнхэн бүгд Ковид-19 туссан талаарх баримтаа хавсаргаж өгсөн, шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох хүсэлтэй талаар тайлбарласныг шүүх хуралдаанд өмгөөлөгч Ц.М-ыг оролцуулах хүсэлт гэж үзэхээр байхад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.-д Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох өмгөөлөгчийн төлөөлөх эрх нь эрх зүйн туслалцаа авч байгаа талын хүсэлтээр тодорхойлогдоно гэж заасныг шүүх зөрчсөн, улмаар өмгөөлөгч Ц.М-ын гаргасан Ковид-19 халдварын улмаас тусгаарлагдаж, шүүх хуралдаанд оролцох боломжгүй, хүндэтгэн үзэх шалтгаантай гэх цахим шуудангаар ирүүлсэн хүсэлт, түүнд холбогдох баримтыг үнэлж шийдвэрлээгүй нь буруу байна.

 

Иймд шүүх хуралдаан хэзээ хаана болохыг зохигчийн өмгөөлөгчид хуульд заасан журмын дагуу мэдэгдээгүй, шүүх хуралдаанд ирээгүй нь хүндэтгэн үзэх /өвчлөх, хорио цээрийн дэглэмд орох/ шалтгаантайг мэдэгдсээр байхад хүсэлтийг авч хэлэлцээгүй хэргийг хянан шийдвэрлэсэн нь анхан шатны шүүхийн шийдвэрийг шууд хүчингүй болгох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2-т заасан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн үндэслэлд хамаарч байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж хариуцагч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШШ2021/02616 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 722 303 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

Н.БАТЗОРИГ