Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 101/ШШ2021/02883

 

 

 

 

 

 

 

2021 10 28

101/ШШ2021/02883

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, ТВ-5 телевизийн байр, 9 давхарт байрлах Моголноос ХХК -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Энхтайваны өргөн чөлөө 16а, Засгийн газрын IX байранд байрлах Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд холбогдох,

Гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохиролд 812,026,063 төгрөг гаргуулах шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Моголноос ХХК-ийн захирал Ч.Эрдэнэбат, өмгөөлөгч Б.Цэцэнбилэг, хариуцагчийн төлөөлөгч Ш.Мөнхцоож, С.Сугарсумъяа, Б.Эрхэмбаяр, нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Моголноос ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон захирал Ч.Эрдэнэбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Моголноос ХХК нь 2012 онд Монгол хонины ноосноос ноолуур ялгах үйлдвэрийг 2013 онд ноосны ноолуулаар нарийн ээрмэл утас үйлдвэрлэх үйлдвэрийг тус тус ашиглалтад өгсөн. Тухайн үеийн Ерөнхий сайд Н.Алтанхуяг ҮХААЯамны сайд Х.Баттулга нар үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж хөнгөн үйлдвэрийн салбар хөгжих дэвшил гарсан байна гэж үзсэн билээ. Ингээд Засгийн газрын 2012-2016 оны мөрийн хөтөлбөрт үндэсний үйлдвэрлэлээ дэмжих 250 дугаар тогтоолыг гаргаж ЕБС-ийн сурагчдыг дүрэмт хувцасаар хангахаар зорилго тавьсан. Энэхүү зорилтын хүрээнд манай компани 2013 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамтай /зээлдүүлэгч буюу захиалагч/ ХҮГСДХ-1/8 тоот Зээлийн гэрээ гэж нэрлэгдэх гэрээ байгуулж, сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэхэд шаардагдах ноосон даавууны санхүүжилтэнд 11,8 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл /ажлын төсөв/ авсан билээ.

Уг гэрээний үндсэн зорилго нь ЗГ-ын 250-р тогтоолын дагуу Монголоос хонины ноосыг боловсруулан ноосноос ноолуур ялган экспортонд гаргаж, сайн чанарын ноосон даавуу үйлдвэрлүүлэн сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэх төсөл хэрэгжүүлэх байсан бөгөөд тус гэрээний зорилго, 2.2.3, 2.2.5, 2.2.6, 2.2.10, 2.2.14, 3.4, 4.1-т тус тус зааснаар уг төсөлд Моголноос ХХК боловсруулсан хонины ноолуур экспортлон сайн чанарын ноосон даавуу үйлдвэрлүүлэх гэрээнд заасан үүргээ гэрээний хугацаанд нь гүйцэтгэж ажлаа дуусгасан. Яамны эрх бүхий албан тушаалтнуудтай БНСУ-д очин судалгаа хийсний үндсэн дээр даавуу үйлдвэрлэгчийг сонгосон бөгөөд яамнаас өөрийн санхүүжилтээр ажлаа эхлүүлж бай, СДХ-ыг 9 сараас өмнө үйлдвэрлэж амжихгүй гэсний дагуу Моголноос ХХК нь 2013 оны 5 дугаар сарын 08-ны өлдөр Кингтекс ХХК-тай 02 тоот гэрээ байгуулан, урьдчилгаа төлбөр болох 400,000 /дөрвөн зуун мянган ам доллар/-ыг өөрийн хөрөнгийн эх үүсвэрээс шилжүүлж ажлыг эхлүүлсэн. Ийнхүү ажлыг өөрийн зардлаар эхлүүлсэний дараа яамны төсөв санхүүжилт шийдэгдэхгүй байсаар 2013 оны 7 дугаар сарын 24-ний өдөр ХҮГСДХ-1/8 тоот зээлийн гэрээг бичгээр байгуулсан. Гэрээний 1.4-т зээлийн хугацаа 2013 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөс 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр гэж заасан боловч тус яамны төсвийн санхүүжилтийн байдлаас шалтгаалан манайд 2013 оны 7 дугаар сарын 29-ний өдрөөс 2013 оны 8 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл зээлийг хуваан шилжүүлсэн.

Яамны үүрэг ийнхүү хожимдсон, зээл буюу ажлын төсвийг хугацаанд нь бүхэлд нь шилжүүлээгүй, шилжүүлэх үед гадаад валютын ханш огцом өсөн зэргээс шалтгаалан ажлын төсвийн хэмжээ нэмэгдэн, талуудын тохиролцон тодорхойлоогүй хүчин зүйл бий болсон бөгөөд гүйцэтгэгч нь энэ тухай яаманд мэдэгдэж ажлаа цааш нь явуул, шийднэ гэсэн даалгавар авсаны дагуу ажлаа цаг хугацаанд нь гүйцэтгэхээр өөрийн хөрөнгөнөөс санхүүжилт хийж, яаралтай арга хэмжээг авч ажилласан. Ийнхүү гэрээний хэрэгжилтийн явцад төгрөгийн ам.доллартай харьцах ханш огцом буурч, төгрөгийн ханш унаснаар зээлдэгч буюу ажил гүйцэтгэгч 870,914,301 төгрөгийн хохирол хүлээж ажлаа явуулсан бөгөөд 2013 оноос эхлэн хүсэлт, шаардлагаа бичгээр мөн тавьж байсан боловч төрөөс шат шатандаа шийдвэрлэхээр ажиллаж байна гэсээр өнөөдрийг хүрлээ.

Манай компани 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаанд хандан, үүссэн нөхцөл байдлыг тодорхой дурдсан гэрээ дүгнэх ажлын хэсэг томилох тухай хүсэлт тавьсан ба сайдын 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн тушаалаар дээрх төсөлтэй холбоотой гэрээний хэрэгжилтийг дүгнэх ажлын хэсэг байгуулагдсан. ХХААХҮ-ийн сайнд Ч.Улаанд дахин 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр мөн хүсэлт тавьсаныг 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн сайдын зөвлөлийн хурлаар хэлэлцэн тус зөвлөлийн зөвлөмжөөр валютын ханшийн зөрүүгийн асуудлыг яам шийдвэрлэх боломжгүй, шүүхийн байгууллагаар шийдвэрлүүлэх зөвлөмж өгсөн.

ҮХААЯ-тай байгуулсан ХҮГСДХ-1/8 тоот Зээлийн гэрээ-ний дагуу манай компанийн хувьд хүлээсэн үүрэг нь сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэх зориулалттай хонины ноосны даавуу нийлүүлэлт, зээлийн зарцуулалт болон эргэн төлөлтөд тогтмол ажиллагаатай оёдол, оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэл бий болгож зээлийг эргэн төлөх үүрэг хүлээсэн болно. Өөрөөр хэлбэл зээлийн хөрөнгөөр санхүүжүүл байгаа ажил гүйцэтгэх үүрэг гүйцэтгэсэн нь нэг талаас зээлийг төлөх Зээлийн гэрээ-ний харилцаа, нөгөө талаас ажил гүйцэтгэх гэрээний харилцааг давхар агуулсан холимог гэрээг байгуулсан болно. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.5 холимог гэрээ агуулгыг тайлбарлахдаа гэрээний гүйцэтгэлд илүү төсөөтэй тухайн төрлийн гэрээг зохицуулсан хуулийн хэм хэмжээг анхаарна гэж заасан байдаг. Мөн гэрээний удиртгал хэсэгт Иргэний хуулийн 343 дугаар зүйл болон бусад холбогдох заалтыг үндэслэн байгуулсан талаар дурдсан байдаг. Захиалагч тал нь Зээлийн гэрээний 1.4-т зээлийн хугацаа 2013 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөс 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр гэж заасан боловч тус яамны төсвийн санхүүжилтийн байдлаас шалтгаалан манайд 2013 оны 7 дугаар сарын 29-ний өдрөөс 2013 оны 8 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл зээлийг хуваан шилжүүлсэн. Гэтэл гэрээний хавсралтад зааснаар манай компани 2013 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс даавуу нийлүүлэх үүрэг хүлээсэн байдаг. Гэрээнд зааснаар эргэн төлөх эхний хугацааг 7 дугаар сард багтаан 5,896,734,295 төгрөг төлж эхлэх хуваарьтай байсан. захиалагч тал хугацаа хожимдуулан санхүүжилт хийсний улмаас гэрээний хэрэгжилтын явцад төгрөгийн ам.доллартай харьцах ханш огцом буурч, төгрөгийн ханш унаснаар зээлдэгч буюу ажил гүйцэтгэгч 870,914,301 төгрөгийн алдагдал хүлээсэн.

Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.2 Гэрээ байгуулах үед урьдчилан төлөвлөх боломжгүй байснаас төсвийн хэмжээ нэмэгдэхээр байвал ажил гүйцэтгэгч энэ тухай захиалагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй гэж заасны дагуу гүйцэтгэх төсөв нэмэгдэж байгаа талаар захиалагч талд удаа дараа мэдэгдсэн боловч тодорхой арга хэмжээ аваагүй болно. Ийнхүү арга хэмжээг аваагүйн улмаас Моголноос ХХК нь 2013 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Кингтекс ХХК-тай 02 тоот гэрээгээр тохиролцсон хуваарийн дагуу даавууны төлбөрийг шилжүүлж дээрх алдагдлыг хүлээсэн юм. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно гэж заасан байдаг.

Хэргийг хянан хэлэлцэх явцад хохирлын тооцоог шинэчлэн гаргаж ам.долларын ханш өссөн, харилцагч компани руу ам.доллар шилжүүлэх үе буюу 2013 оны 07 дугаар сарын 29-ны өдрөөс эхлэн тооцоход 812,026,063 төгрөгийн хохирлын тооцоо гарч байгаа тул нэхэмжлэлээ 58,888,238 төгрөгөөр багасгаж хариуцагчаас 812,026,063 төгрөг гаргуулахаар нэхэмж байна, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

Хариуцагч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Мөнхцоож, Б.Эрхэмбаяр нар шүүхэд болон Ш.Мөнхцоож, Б.Эрхэмбаяр, С.Сугарсумъяа нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан Оёдол, нэхмэл, сүлжмэлийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, үйлдвэрлэлийг хэмжээг нэмэгдүүлэхэд зээлийн бодлогоор дэмжиж, борлуулалтад нь дэмжлэг үзүүлэх бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2013 онд Монголын Оёдлын нэгдсэн холбоо, Ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо-ноос санаачлан Сурагчийн дүрэмт хувцас кластераар үйлдвэрлэх, Монгол ноосон даавуу үйлдвэрлэх төслүүдийг дэмжихийг хүсч Могол ноос ХХК-ийн зүгээс өөрийн үйлдвэрийг дэмжиж, хөрөнгө оруулалт хүссэн төслөө яаманд ирүүлж, тухайн үедээ үйлдвэрлэлийн салбартаа ямар ч өрсөлдөгчгүй, аливаа сонгон шалгаруулалтгүйгээр шалгарсан байдаг. 2013 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Сурагчийн дүрэмт хувцасны үйлдвэрлэлийг дэмжих тухай 250 дугаар тогтоолоор Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 17 тэрбум төгрөг, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд байршиж байсан ноос, ноолуурын зээлийн эргэн төлөлтөөр хуримтлагдсан хөрөнгийн эх үүсвэрээс 6 тэрбум төгрөг нийт 23 тэрбум төгрөгийн сурагчийн дүрэмт хувцасны үйлдвэрлэл эрхлэгчдэд 2013 онд багтаан эргэн төлөгдөх нөхцөлтэй хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргасан бөгөөд сурагчийн дүрэмт хувцасны захиалга, үйлдвэрлэл, бүтээгдэхүүн нийлүүлэлт зэрэг ажлыг зохион байгуулж, хэрэгжүүлж, хяналт тавьж ажиллахыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд, Хөдөлмөрийн сайд, Боловсрол шинжлэх ухааны сайд нарт /хуучнаар/ даалгасан байдаг.

Ийнхүү дээрх тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2013 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Хөдөлмөрийн яам /хуучнаар/ хооронд байгуулсан ҮХААЯ-20130716-001, ХЯ-9/2013/2 тоот дамжуулан зээлдүүлэх гэрээг үндэслэн Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Могол ноос ХХК-тай дараах 2 төрлийн Зээлийн гэрээг байгуулсан. Үүнд:

1. 2013 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэх ноосон даавуу үйлдвэрлэх санхүүжилтэд зориулж 12,000,000,000 төгрөгийн ХҮГСДХ-1/8 тоот Зээлийн гэрээ

2. 2013 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Сурагчийн дүрэмт хувцасны иж бүрдэл болох хонины ноосон ээрмэл утас үйлдвэрлэх санхүүжилтэд зориулж 183,000,000 төгрөгийн ХҮГСДХ-1/9 тоот Зээлийн гэрээг аливаа хөрөнгийн барьцаагүйгээр 2013 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөс 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл хугацаатай, жилийн 7 хувийн хүүтэй, гэрээ хэрэгжих хугацааны хяналтын зардалд нийт зээлийн 1 хувийг нэмж тооцох үндсэн нөхцөлтэйгээр байгуулсан.

Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны зүгээс Зээлийн гэрээнд заасны дагуу Моголноос ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 405008308 тоот төгрөгийн дансанд даавуу үйлдвэрлэлийн санхүүжилтэд зориулж дараах байдлаар зээлийн санхүүжилтийг шилжүүлсэн. Үүнд:

1. 2013.07.29-ний өдөр 3,454,923,764 төгрөг,

2. 2013.07.31-ний өдөр 7,728,076,236 төгрөг

3. 2013.08.08-ны өдөр 440,000,000 төгрөг,

4. 2013.08.26-ны өдөр 438,170,000 төгрөг нийт 12,061,170,000 төгрөг шилжүүлсэн.

Зээлийн санхүүжилт болох талуудын хооронд байгуулсан Зээлийн гэрээнүүдийн нийт дүн 12,183,000,000 төгрөгийн зээлээс Зээлийн гэрээний 1.3-т заасны дагуу хяналтын зардал болох 1 хувь буюу 121,830,000 төгрөгийг суутгаж 12,061,170,000 төгрөг шилжүүлсэн бөгөөд энэхүү зээлийн төсвийг нэхэмжлэлийн агуулга хэсэгт ажлын төсөв гэж тайлбарлаж уг зээлийг бүрэн хүлээн авсан тухайгаа мөн хяналтын зардалд 1 хувийг суутгуулан дээрх 2 төрлийн гэрээг гүйцэтгэх нийт зээлийг бүрэн хүлээн авсан талаар маргаагүй. Мөн нэхэмжлэгчийн захиалагч хугацаа хожимдуулан санхүүжилт хийсний улмаас гэрээний хэрэгжилтийн явцад төгрөгийн ам.доллартай харьцах ханш огцом буурч, төгрөгийн ханш унаснаар нэхэмжлэгч 870,914,301 төгрөгийн алданги хүлээсэн гэсэн нь үндэслэлгүй. Талууд ХҮГСДХ-1/8 тоот зээлийн гэрээнд сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэхэд шаардагдах даавууны санхүүжилтэд нь зориулж 12,000,000,000 төгрөгийг хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгохоор заасны дагуу хариуцагч нь санхүүжилтийг бүрэн шилжүүлж гэрээний үүргээ биелүүлж ажилласан.

Талууд Зээлийн гэрээгээр ханшийн алдагдал, зөрүүний талаар аль ч талын эрх үүргээр харилцан тохироогүй байна. Гэрээнд заасны дагуу нэхэмжлэгч нь зээлтэй холбоотой гарах эрсдлийн даатгалд даатгуулж, гэрээний үүргээ биелүүлж ажилласан бол төгрөгийн ханшийн уналтаас шалтгаалах 812,026,063 төгрөгийн алдагдалд орохгүй байх боломжтой байсан гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Дээрх гэрээгээр тохирсон заалтуудаас үзэхэд нэхэмжлэлд дурдсаны дагуу зээлийн гэрээгээр захиалагч тал хугацаа хожимдуулан санхүүжилт хийсний улмаас төгрөгийн ам.доллартай харьцах ханш буурсан, ингэснээр нэхэмжлэгч талд хохирол учирсан буюу 812,026,063 төгрөгийн алдагдал хүлээсэн гэж үзэх үндэслэлгүй тул хариуцагч хохирол нэхэмжилсэн төлбөрийг төлөх үндэслэлгүй байна гэж үзэж байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Моголноос ХХК, хариуцагч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд холбогдуулан гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохиролд 870,914,301 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа 58,888,238 төгрөгөөр багасгаж хариуцагчаас 812,026,063 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн.

Хариуцагч нэхэмжлэлээс бүхэлд нь татгалзаж, гэрээний дагуу зээлийг хугацаандаа гүйцэтгэсэн, зээлийн санхүүжилтийг хугацаа хожимдуулан гүйцэтгээгүй гэх тайлбарыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Зохигчийн хооронд 2013 оны 07 дугаар сарын 24-ны өдөр байгуулагдсан ХҮГСДХ-1/8 тоот Зээлийн гэрээ нь сурагчдын дүрэмт хувцасны үйлдвэржилтийн санхүүжилтийг хангах зорилгын хүрээнд байгуулагдаж, тус гэрээний 1.1, 1.3, 1.4-т зааснаар хариуцагч 12,000,000,000 төгрөгийг сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэхэд шаардагдах даавууны санхүүжилтэд зориуулан хөнгөлөлттэй нөхцөлөөр, жилийн 7 хувийн хүүтэй, 4 сарын хугацаатайгаар, мөн өдөр ХҮГСДХ-1/8 тоот Зээлийн гэрээгээр сурагчдын дүрэмт хувцасны иж бүрдэл болох хонины ноосон ээрмэл утас үйлдвэрлэх санхүүжилт-д 183,000,000 төгрөг олгохоор тус тус гэрээ байгуулжээ. Хариуцагч дээрх хоёр зээлийг 2013 оны 07 дугаар сарын 29-ны өдөр 3,454,923,764 төгрөг, 07 дугаар сарын 31-ны өдөр 7,728,076,236 төгрөг, 08 дугаар сарын 02-ны өдөр 440,000,000 төгрөг, 08 дугаар сарын 26-ны өдөр 438,170,000 төгрөг, нийт 12,061,117,000 төгрөгийн санхүүжилтийг 4 удаагийн гүйлгээгээр олгож, нийт санхүүжилтээс 121,830,000 төгрөгийг хяналтын зардалд суутгажээ. Гэрээ байгуулсан, зээл олгогдсон болон түүний хугацаа, суутгал хийгдсэн талаар зохигч маргаагүй.

Дээр нөхцөлөөр зээл олгох болсон шалтгаан, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны үндэс нь Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Засгийн газрын 2013 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 250 дугаартай Сурагчийн дүрэмт хувцасны үндэсний үйлдвэрлэлийг дэмжих тухай тогтоол байсан тухай талууд шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбарласан. Талууд Засгийн мөрийн хөтөлбөр, тогтоолыг хэрэгжүүлэх, Монгол Улс дотооддоо сурагчийн дүрэмт хувцасыг Монгол хонины ноосон даавууны орцтой материалаар үйлдвэрлэдэг болох, чанар, эрүүл ахуйн шаардлага хангасан үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн бий болгохоор зорьж хамтын ажиллагааг хэрэгжүүлжээ. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд дээрх зээлийн гэрээг байгуулан ажилласан байна.

Гэрээний хэрэгжилт, үр дүнгийн талаар зохигч маргаагүй бөгөөд гагцхүү хамтын ажиллагааг хэрэгжүүлэх явцад зээлийн санхүүжилтээр олгосон мөнгөн хөрөнгө нь зах зээлийн нөхцөл, гадаад валютын хомсдолоос шалтгаан нэхэмжлэгч ханшийн зөрүүний улмаас 812,026,063 төгрөгийн алдагдал хүлээснийг гэрээний нөгөө талаас шаардсан байна. Нэхэмжлэгч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа, хариуцагч гэрээний санхүүжилтийг хугацаа хожимдуулан олгосноос шалтгаалж ам.доллар худалдан авах үед төгрөгийн ам.доллартай харьцах ханш унасан, валютын хомсдол үүссэн нь алдагдал хүлээх шалтгаан болсон гэж тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч, хариуцагч талууд агуулгын зөрүүтэй буюу хэн алины тайлбар, үндэслэлийг үгүйсгэсэн тайлбарыг шүүхэд гаргасныг, зохигчийн шаардлага, татгалзлаа нотолж шүүхэд гаргаж хэрэгт нотлох баримтаар авагдсан бичгийн баримтуудыг харьцуулан судлахад хариуцагч, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хариуцах үүрэггүй, гэрээний үүргээ зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй.

Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд хийгдэх ажлын санхүүжилт нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн хэлбэрээр олгогдсон, буцаан төлөгдөх нөхцөлтэй байна. Энэ тохиолдолд талуудын тохиролцоо, харилцан биесийн эсрэг гаргах шаардлага нь зээлийн гэрээгээр тохиролцсон хэмжээ, хязгаарын хүрээнд, гэрээг зохицуулсан хуулийн дагуу шийдвэрлэгдэнэ.

Зохигчийн хооронд байгуулсан 2013 оны 07 дугаар сарын 24-ны өдрийн ХҮГСДХ-1/8 тоот зээлийн гэрээгээр зээлийг төгрөгөөр тооцон олгохоор байгуулсан, гэрээний 2.2.2-т зааснаар Хавсралт 1 нь даавуу нийлүүлэлтийн хуваарь гэж ойлгогдохоор боловч талууд зээл олгох санхүүжилтийн хуваарь гэж тайлбарласан, дурдсан хуваариар хариуцагч зээлийг 2013 оны 07 дугаар сарын 19-ны өдрөөс 09 дүгээр сарын 07-ны өдрийн хооронд 16 удаагийн гүйлгээгээр олгохоор тохиролцсон байна. Хариуцагч зээлийг тус хуваарьт багтаан шилжүүлснээс гадна 2013 оны 07 дугаар сарын 31-ны өдрийн дотор гэхэд нийт зээлийн 92.72 хувь буюу 11,183,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлжээ. Хариуцагчийн зүгээс ханшийн зөрүүний алдагдлыг 2013 оны 07 дугаар сарын 29-ны өдрөөс 12 дугаар сарын 30-ны өдрийн хооронд үүссэн, БНСУ-ын Кингтекс компанитай 2013 оны 05 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан гэрээний дагуу төлбөрийг ам.доллараар тооцон 13 удаагийн шилжүүлэг хийхэд гарсан ханшийн зөрүү гэж тодорхойлсон.

Талуудын хувьд сурагчийн дүрэмт хувцасыг Монгол хонины ноосон даавууны орцтой материалаар дотооддоо үйлдвэрлэж дотоодын хэрэгцээг хангах, тухайн материал, дүрэмт хувцас нь чанар, эрүүл ахуйн шаардлага хангасан, үндэсний үйлдвэрлэлийг дэмжсэн эцсийн бүтээгдэхүүн бий болгохыг зорьж энэ чиглэлээр гарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөр, тогтоолыг хэрэгжүүлэх, ажил хэрэг болгох хамтын ажиллагааг төр, хувийн хэвшлийн оролцоотойгоор хэрэгжүүлэх ажлыг 2012 онд эхлүүлж, 2013 оны хавраас эрчимжүүлжээ. Талууд дээрх үндэсний хэмжээний хөтөлбөрийг цаг алдахгүй хэрэгжүүлэх, нэгэнт хэрэгжих нь тодорхой болсон гэж үзэн харилцан амаар тохиролцсон, уулзалтаар баталгаажуулсны дагуу нэхэмжлэгч сурагчийн дүрэмт хувцасыг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай Монгол хонины ноосон даавуун материалыг үйлдвэрлүүлэхээр БНСУ-ын Кингтекс компанитай гэрээ байгуулан ноосоо экспортод гарган боловсруулж даавуу импортлох ажиллагаагаа 2013 оны 05 дугаар сард эхлүүлж, эхний төлбөр болох 400,000 ам.долларыг 2013 оны 05 дугаар сарын 08-ны өдөр БНСУ-руу шилжүүлжээ.

Дээрхээс дүгнэвэл нэхэмжлэгчийн хувьд хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд төлбөр тооцоог төгрөгөөр бус гадаад валют буюу ам.доллараар гүйцэтгэхийг мэдэж байсан гэж үзэхээр хэдий ч зохигч зээлийн гэрээг төгрөгөөр байгуулсан, түүнчлэн зээлийг ам.доллараар олгохыг хүссэн, энэ талаар санал солилцсон байдал тогтоогдоогүй байна. Өөрөөр хэлбэл талууд зээлийг анхнаасаа төгрөгөөр тооцож олгохоор тохиролцжээ. Хариуцагч зээлийг гэрээний хуваарьт хугацаанаас өмнө нэхэмжлэгчид олгосон нь гэрээний 1.1, 2.2.2-т заасан үүргээ биелүүлээгүй, хугацаа хожимдуулсан гэх үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлдэгч нь гэрээний нөхцөлийн дагуу зээлийг олгох үүрэгтэй ба хариуцагч энэ үүргээ биелүүлжээ. Түүнчлэн үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор буюу зээл олгох болсон үндэслэл, зээлийн зориулалт болон зээлийн санхүүжилтийг гадаад улсад шилжүүлэх зэргээс шалтгаалан төгрөгийн ам.доллартай харьцах ханшийн зөрүүтэй холбоотой эрсдэл, бусад хүчин зүйлийн талаар талууд гэрээгээр тохиролцоогүй байна. Энэ тохиолдолд хариуцагчийн хувьд нэхэмжлэгчид учирсан гадаад төлбөр тооцоотой холбоотой үүсэн алдагдал, эрсдэлийг тус ХҮГСДХ-1/8 тоот зээлийн гэрээний хүрээнд талууд хэлэлцэн шийдвэрлэх зохицуулалт, хариуцагч эрсдлийг хуваалцах үүргийг гэрээгээр хүлээгээгүй байна.

Мөн хэрэгт нотлох баримтаар авагдсан нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч болон Ерөнхий сайдад хандан ханшийн зөрүүний эрсдэлтэй холбоотой хүсэлт, шаардлагын хариуд хариуцагч болон Засгийн газар, Ерөнхий сайдын зүгээс зохих эрсдлийг бууруулах, ханшийн зөрүүний алдагдлыг хариуцах талаар тодорхой амлалт өгч, үүрэг хүлээсэн үйл баримт тогтоогдоогүй байна.

Иймд нэхэмжлэгч Моголноос ХХК-ийн хариуцагч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд холбогдуулан зохигчийн хооронд 2013 оны 07 дугаар сарын 24-ны өдөр байгуулсан ХҮГСДХ-1/8 тоот зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгчид учирсан хохиролд 812,026,063 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас 812,026,063 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Моголноос ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,512,521 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.ажи

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ