Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2022/00151

 

 

 

 

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШШ2021/02883 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “М” ХХК-ийн хариуцагчХХАХҮЯ-анд холбогдох, гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохиролд 812,026, 063 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Эрдэнэбат, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цэцэнбилэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Мөнхцоож, С.Сугарсумъяа, хариуцагчийн өмгөөлөгч Б.Эрхэмбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэлийн агуулга: 

          “М” ХХК нь 2013 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамтай /зээлдүүлэгч буюу захиалагч/ ХҮГСДХ-1/8 тоот “Зээлийн гэрээ” байгуулсан. Энэхүү гэрээний дагуу нэхэмжлэгч нь сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэх зориулалттай хонины ноосны даавуу нийлүүлэлт, зээлийн зарцуулалт болон эргэн төлөлтөд тогтмол ажиллагаатай оёдол, оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэл бий болгож зээлийг эргэн төлөх үүрэг хүлээсэн болно. Өөрөөр хэлбэл зээлийн хөрөнгөөр санхүүжүүлж байгаа ажил гүйцэтгэх үүрэг гүйцэтгэсэн нь нэг талаас зээлийг төлөх зээлийн гэрээний харилцаа, нөгөө талаас ажил гүйцэтгэх гэрээний харилцааг давхар агуулсан холимог гэрээ юм. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.5 дахь хэсэгт холимог гэрээний агуулгыг тайлбарлахдаа гэрээний гүйцэтгэлд илүү төсөөтэй тухайн төрлийн гэрээг зохицуулсан хуулийн хэм хэмжээг анхаарна гэж заасан.

          Дээрх гэрээг байгуулахаас өмнө яамны зүгээс “өөрийн санхүүжилтээр ажлаа эхлүүлж бай, сурагчийн дүрэмт хувцсыг 9 дүгээр сараас өмнө үйлдвэрлэж амжихгүй” гэсний дагуу “М” ХХК нь 2013 оны 05 дугаар сарын 08-ны өдөр “Кингтекс” ХХК-тай 02 тоот гэрээ байгуулж, урьдчилгаа төлбөр 400,000 ам.долларыг өөрийн хөрөнгийн эх үүсвэрээс шилжүүлж ажлыг эхлүүлсэн.

          Мөн захиалагч нь зээлийн гэрээний 1.4-т заасан хугацаанд зээл олгох байсан боловч төсвийн санхүүжилтийн байдлаас шалтгаалан 2013 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс мөн оны 08 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд зээлийг хэсэгчлэн шилжүүлсэн. Гэтэл гэрээний хавсралтад зааснаар нэхэмжлэгч нь 2013 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс даавуу нийлүүлэх үүрэг хүлээж, мөн оны 07 дугаар сард багтаан 5,896,734,295 төгрөгийг эргэн төлөх хуваарьтай байсан.

          Ийнхүү захиалагч тал хугацаа хожимдуулан санхүүжилт хийсний улмаас гэрээний хэрэгжилтийн явцад төгрөгийн ам.доллартай харьцах ханш огцом буурч, төгрөгийн ханш унаснаар зээлдэгч буюу ажил гүйцэтгэгч 870,914,301 төгрөгийн алдагдал хүлээсэн. Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.2 дахь хэсэгт заасны дагуу гүйцэтгэх төсөв нэмэгдэж байгаа талаар захиалагч талд 2013 оноос хойш удаа дараа мэдэгдсэн боловч тодорхой арга хэмжээ аваагүйн улмаас тохиролцсон хуваарийн дагуу даавууны төлбөрийг шилжүүлж дээрх алдагдлыг хүлээсэн юм. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт зааснаар гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно гэж заасан байдаг.

          2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөрХХАХҮЯ-ны сайд Ч.Улаанд хандан, үүссэн нөхцөл байдлыг тодорхой дурдсан гэрээ дүгнэх ажлын хэсэг томилох тухай хүсэлт гаргасан ба сайдын 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн тушаалаар дээрх төсөлтэй холбоотой гэрээний хэрэгжилтийг дүгнэх ажлын хэсэг байгуулагдсан. ХХААХҮ-ийн сайнд Ч.Улаанд дахин 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр мөн хүсэлт гаргасныг 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн сайдын зөвлөлийн хурлаар хэлэлцэн тус зөвлөлийн зөвлөмжөөр валютын ханшийн зөрүүгийн асуудлыг яам шийдвэрлэх боломжгүй, шүүхийн байгууллагаар шийдвэрлүүлэх зөвлөмж өгсний дагуу нэхэмжлэл гаргаж байна.

         

          2. Хариуцагч талын хариу тайлбарын агуулга: Нэхэмжлэгчтэй байгуулсан ХҮГСДХ-1/8 тоот зээлийн гэрээний дагуу сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэхэд шаардагдах даавууны санхүүжилтэд нь зориулж 12,000,000,000 төгрөгийн санхүүжилтийг нэхэмжлэгчид бүрэн шилжүүлснээр гэрээний үүргээ биелүүлсэн. Талууд зээлийн гэрээгээр ханшийн алдагдал, зөрүүний талаар аль ч талын эрх, үүргээр харилцан тохиролцоогүй. Гэрээнд заасны дагуу нэхэмжлэгч нь зээлтэй холбоотой гарах эрсдлийн даатгалд даатгуулж, гэрээний үүргээ биелүүлж ажилласан бол төгрөгийн ханшийн уналтаас шалтгаалах 812,026,063 төгрөгийн алдагдалд орохгүй байх боломжтой байсан. Дээрх гэрээгээр тохирсон заалтуудаас үзэхэд нэхэмжлэлд дурдсаны дагуу зээлийн гэрээгээр захиалагч тал хугацаа хожимдуулан санхүүжилт хийсний улмаас төгрөгийн ам.доллартай харьцах ханш буурсан, ингэснээр нэхэмжлэгч талд хохирол учирсан буюу 812,026,063 төгрөгийн алдагдал хүлээсэн гэж үзэх үндэслэлгүй тул хариуцагч хохирол нэхэмжилсэн төлбөрийг төлөх үндэслэлгүй байна.

 

          3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагчХХАХҮЯ-наас 812,026,063 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч М ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,512,521 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэсэн байна.

 

          4. Нэхэмжлэгч талаас гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитой үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

          а. Анхан шатны шүүх зээлийн хавсралт даавуу нийлүүлэх хуваарийг зээл олгох хуваарь гэж буруу ойлгон дүгнэж, хэргийг шийдвэрлэсэн.

          Талуудын байгуулсан 2013 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн ХҮГСДХ-1/8 тоот зээлийн гэрээний хавсралт зээлийн хуваарьт гэрээг байгуулахаас өмнөх он, cap, өдрөөр буюу шүүхийн дээрх шийдвэрт дурдсанаар 2013 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс зээлийг олгож эхлэхээр зааснаас үзэхэд тухайн хуваарь зээл олгох хуваарь бус, даавуу нийлүүлэх хуваарь гэж шууд ойлгогдоно. Гэрээний 2.2.2-т Даавуу нийлүүлэлтийн хуваарийг хавсаргах /хавсралт 1 гэж заасныг “Зээлийн хуваарь” гэж буруу нэрлэснийг шүүгч зээл олгох хуваарь гэж ойлгосон.

          Хэрэгт авагдсан гаалийн мэдүүлэг, тээврийн байгууллагын тодорхойлолтоор 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдөр эхний 30,000 метр даавууг, 2013 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн дотор дараагийн 128,492 метр даавууг оруулж ирсэн нь нотлогдох бөгөөд уг хуваарийн дагуу төлбөр тооцоог хийсэн. Энэ нь зээлдүүлэгчээс зээл олгохын өмнө зээлдэгч нь уулзалтын протоколоор тохиролцсоны дагуу үүрэгт ажлаа гүйцэтгэж байсныг гэрчилнэ.

          “Зээлийн гэрээ”-ний 1.4-т заасны дагуу гэрээний хугацаа нь 2013 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс мөн оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл 4 сарын хугацаатай байсан бөгөөд талууд үндэсний хэмжээний хөтөлбөр, 9 дүгээр сарын 01-ний өдөр сурагчид шинэ дүрэмт хувцастай байх шаардлагыг цаг алдахгүй хэрэгжүүлэх, төсөл нэгэнт хэрэгжих нь тодорхой болсон гэж үзэн харилцан амаар тохиролцож, 2013 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн уулзалтаар протокол үйлдэж баталгаажуулсны дагуу зээлдэгч “М”ХХК-ийг өөрийн эргэлтийн хөрөнгөөр даавууг үйлдвэрлүүлж байх үүргийг ҮХААЯ даавууны санхүүжилт шийдэгдээгүй байхад өгсөн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар болон гэрчийн мэдүүлгээр нотлогдоно.

          б. Анхан шатны шүүх “...хариуцагч зээлийг гэрээний хуваарьт хугацаанаас өмнө нэхэмжлэгчид олгосон нь гэрээний 1.1, 2.2.2-т заасан үүргээ биелүүлээгүй, хугацаа хожимдуулсан гэх үндэслэлгүй байна...” гэсэн нь үндэслэлгүй. Учир нь Засгийн газрын үндэсний хэмжээний хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр урьдчилан гаргасан 2012 оны 120 дугаар тогтоол, 2012-2016 оны мөрийн хөтөлбөрийн 30.2, 30.3, 186.5 дахь заалтууд, БШУЯ, ҮХААЯ-ны сайдын хамтарсан 2013 оны 03 дугаар сарын А/71, А/36, ҮХААЯ-ны А/76, БШУЯ-ны А/179 тоот тушаалууд, ЗГ-ын 2013 оны 07 дугаар сарын 250 дугаар тогтоол, ҮХААЯ, Хөдөлмөрийн яамны 2013 оны 07 дугаар сарын дамжуулан зээлдүүлэх гэрээ бусад холбогдох баримт бичгүүдийн уялдаа холбоо, гэрчийн мэдүүлэгт үнэлэлт дүгнэлт ач холбогдол өгөөгүй. Улсын төсвийн ажлыг тендерт орж ажил гүйцэтгэсэн мэтээр ойлгож шийдвэрлэжээ.

          в. Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд зээлдүүлэгч ҮХААЯ нь тухайн зээлийг 2013 оны 05 дугаар сараас эхэлж олгох ёстой байсан нь тодорхойлогдоно. Гэтэл анхан шатны шүүх ийнхүү шилжүүлсэн ам.доллароор төлбөрийн үүрэг гүйцэтгэхийг мэдэж байсан гэх үндэслэлээр тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн нь хэт явцуу дүгнэлт гэж үзэж байна. 2013 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн уулзалтаар баталгаажсан протоколын дагуу нэхэмжлэгч ’’М” ХХК нь 2013 оны 05 дугаар сард БНСУ-ын “Кингтекс” ХХК-тай гэрээ байгуулан ажиллаж, ХҮГСДХ1/8 тоот зээлийн гэрээгээр хүлээх үүргээ 2013 оны 05 дугаар сараас биелүүлж эхэлсэн нь даавууны төлбөрт 3 удаагийн шилжүүлгээр 605,329 ам.долларыг 2013 оны 06 дугаар сарын 24-ний өдөр гэхэд төлсөн нь гадаад валютын гуйвуулга банкны баримтаар нотлогдох бөгөөд энэ үед валютын ханш тогтвортой харин ч ханш 3 төгрөгөөр уналттай байсан нь хэрэгт авагдсан Монголбанкны ханшийн мэдүүлгээр нотлогдож байгаа болно.

          Зээлийн гэрээний санхүүжилтийг зээлдүүлэгч ҮХААЯ 2013 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс 08 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх хугацаанд олгосон зээлийг даавууны төлбөрт төлөх хугацаанд төгрөгийн ам.доллартай харьцах ханш огцом буурч, төгрөгийн ханш унаснаар зээлдэгч буюу ажил гүйцэтгэгч “М” ХХК нь урьдчилж даавууны үнэд төлсөн 605,329 ам.доллар буюу 812,026,063 төгрөгийг гарган авч чадахгүй хохирч, төр засгийн даалгавартай ажил үүргийг цаг хугацаанд нь гүйцэтгэж, гэрээний үүргээ биелүүлж ажилласан.

          Төгрөгийн ам.доллартай харьцах ханшийн огцом уналт нь “М” ХХК-ийг гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэх боломжгүй хүнд нөхцөл байдал үүссэнийг тодорхойлж, Монгол улсын ХАҮТанхимаас 2014 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 1/335 тоот “Хүнд нөхцөл байдал”-ын гэрчилгээ олгогдсоноор нотлогдоно. Энэ тухай ЗГ болон ҮХААЯ-нд цаг тухайн үед нь бичгээр байнга мэдэгдэж байсны дагуу “Шийдвэрлэхээр ажиллаж байна” гэсэн хариуг амаар илэрхийлдэг байсан ба төсөл хэрэгжих явцад Засгийн Газар гэнэт огцорч ХҮГСДХ-1/8 тоот гэрээний 2.1.7-д заасан “Зээлдэгчийн үйл ажиллагааг хэвийн явуулахад салбар хоорондын уялдаа, нэгдсэн удирдлага, мэдээллээр хангах” гэж заасан үүргийн заалтыг зохих түвшинд хэрэгжүүлээгүй үйлдэл нь зээлдүүлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсны дагуу биелүүлээгүй гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.

          Зээлдэгч гэрээний 1 дүгээр хавсралтад заасны дагуу 2013 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс мөн оны 09 дүгээр сарын 07-ний өдөр даавууг нийлүүлснээр, зээлийн буцаан төлөлт 2013 оны 07 дугаар сараас мөн оны 09 дүгээр сард дуусгахаар гэрээний хавсралтын хуваарийг гаргаж, гарын үсэг зурж баталгаажуулсан. Гэтэл зээлдүүлэгч нь зээлдэгчид гэрээний дагуу шилжүүлэх эхний санхүүжилтийг 2013 оны 07 дугаар сарын 29-ний өдөр буюу хугацаа хожимдуулж гэрээний үүргээ биелүүлсэн нь илэрхий байхад анхан шатны шүүх хариуцагчийг үүргээ биелүүлжээ гэж үзсэн нь үндэслэлгүй.

          г. Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний агуулгыг бүрэн тодорхойлоогүй. “Зээлийн гэрээ”-ний 2.1.2-т заасны дагуу зээлдүүлэгч нь “М” ХХК-ийн даавуу нийлүүлэлт, зээлийн зарцуулалт, эргэн төлөлтөд тогтмол хяналт тавьж ажиллаж байсан. Өөрөөр хэлбэл зээлийн хөрөнгөөр санхүүжүүлж байгаа ажил гүйцэтгэх үүрэг гүйцэтгэсэн нь нэг талаас зээлийг төлөх “Зээлийн гэрээ”-ний харилцаа, нөгөө талаас ажил гүйцэтгэх гэрээний харилцааг давхар агуулсан холимог гэрээ болно.

          Захиалагч тал хугацаа хожимдуулан санхүүжилт хийсний улмаас гэрээний хэрэгжилтийн явцад төгрөгийн ам.доллартай харьцах ханш огцом буурч, төгрөгийн ханш унаснаар зээлдэгч буюу ажил гүйцэтгэгч 870,914,301 төгрөгийн алдагдал хүлээсэн болно. “М” ХХК нь Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.2 дахь хэсэгт заасны дагуу ажил гүйцэтгэх төсөв нэмэгдэж байгаа талаар захиалагч талд удаа дараа мэдэгдсэн боловч тодорхой арга хэмжээг аваагүй болно. Ийнхүү арга хэмжээг аваагүй улмаас "М” ХХК нь 2013 оны 05 дугаар сарын 08-ны өдөр “Кингтекс” ХХК-тай байгуулсан 02 тоот гэрээний үүргийн дагуу нэгэнт үйлдвэрлэгдэн ачигдсан барааг төлбөрөө төлж авахын тулд төлбөрийг шилжүүлснээр алдагдал хүлээсэн.

          “М” ХХК нь гэрээний 4.1-д заасны дагуу үүссэн нөхцөл байдлыг шийдвэрлүүлэхээр МУ-ын Ерөнхий сайд Н.Алтанхуягт 2013 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 481 тоот албан бичиг хүргүүлж, биеэр уулзахад “ханшийн зөрүүний асуудлыг ажлын явцад шийдвэрлэж өгье ажлаа явуулж бай” гэсэн хариуг өгсөн ба харин тухайн үед ам.долларын ханш огцом өссөний улмаас ам.доллар олдохгүй байсан тул Ерөнхий сайд Монгол банкны ерөнхийлөгчтэй утсаар ярьж шийдвэрлэсний дагуу ХХБанкаар дамжуулан “М” ХХК-д 5,2 сая ам.долларыг 2 удаагийн гүйлгээгээр олгосон ханшаар нь даавууны төлбөрт шилжүүлсэн. Ханшийн зөрүүнээс үүссэн алдагдлын тооцоог гаргасан баримт хэрэгт авагдсан болно. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно гэж заасан. Дээрх хуулийн зохицуулалтуудыг хэрэглэхгүй шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагад нийцэхгүй байна.

 

          5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй тул хэвээр үлдээж өгнө үү.

          Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Эрдэнэбат нь өөрөө тус гэрээг байгуулсан бөгөөд уг гэрээтэй холбоотой бүх үйл явцуудыг сайн мэдэж байгаа. Гэрээ байгуулах үед ханшийн мэдээллийг мэдэж байсан. Ам.доллараар гэрээ байгуулах буюу гэрээнд өөрчлөлт оруулах талаар хандаж байгаагүй. Мөн гэрчүүдийн мэдүүлгүүдээр тухайн үед ажиллаж байсан газрын дарга болон ахлах мэргэжилтэн, гэрээ байгуулсан этгээдүүд бүгд гэрчээр оролцож мэдүүлэг өгсөн. Уг гэрчүүдийн мэдүүлгүүдээр ҮХААЯамд ямар нэгэн байдлаар хүсэлт гаргаж байгаагүй болохыг нотолсон. Төсөв мөнгө хүрэхгүй байсан бол тухайн үед гэрээ байгуулахгүй байх боломжтой байсан. Гэтэл 12 тэрбум төгрөгийн зээлийн гэрээ байгуулахыг зөвшөөрч гэрээ байгуулсан тул тухайн үеийн болон цаашид үүсэх нөхцөл байдлуудын талаар мэдэж байсан гэсэн үг юм. Улмаар дээрх зээлийн гэрээний дагуу ҮХААЯамнаас санхүүжилтийг шилжүүлж, ажил гүйцэтгэгдсэн. 2013 оны гэрээтэй холбогдуулж, 2021 онд нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй юм.

 

ХЯНАВАЛ:

 

          Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд энэхүү иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

  1. Нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагчХХАХҮЯ-анд холбогдуулан гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохиролд 870,914,301 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 812,490,579 төгрөг болгон багасгасан байна. /1хх1-4, 2хх175/ Хариуцагч нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч гэрээний үүргээ биелүүлсэн гэх үндэслэл заан маргажээ. /1хх 82-84/

 

  1. 2013 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн ХҮГСДХ-1/8 тоот “Зээлийн гэрээ”-ээр хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэхэд шаардагдах даавууны санхүүжилтийн зориулалтаар 12,000,000,000 төгрөгийг, мөн өдөр байгуулсан ХҮГСДХ-1/9 тоот “Зээлийн гэрээ”-ний дагуу сурагчийн дүрэмт хувцасны сүлжмэл майк, кардиган үйлдвэрлэх хонины ноосон ээрмэл утас үйлдвэрлэх санхүүжилтийн зориулалтаар 183,000,000 төгрөгийг тус тус хөнгөлөлттэй буюу жилийн 7 хувийн хүүтэй, 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүртэлх хугацаагаар, хяналтын зардалд нийт зээлийн 1 хувийг нэмж тооцох нөхцөлтэйгөөр зээлдүүлэхээр, зээлдэгч буюу нөгөө тал нь зээлийн гэрээгээр тохиролцсон хуваарийн дагуу төлбөрийг эргэн төлөхөөр тохиролцсон байна. /1хх 90-94/

 

          3. Дээрх гэрээний дагуу хариуцагч нь нэхэмжлэгчид шилжүүлбэл зохих 12,183,000,000 төгрөгөөс гэрээгээр тохиролцсон хяналтын зардал 1 хувийн үнийн дүн болох 121,830,000 төгрөгийг суутгаж 12,061,117,000 төгрөгийг 2013 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс мөн оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 4 удаагийн гүйлгээгээр хэсэгчлэн шилжүүлсэн үйл баримтын талаар зохигч маргаагүй байна.

 

          Харин уг зээлийн мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгчид зээлийн гэрээ байгуулахаас өмнө өгөх үүрэг хариуцагч хүлээсэн эсэх уг үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан эсэх нь маргааны зүйл болжээ.

 

          Нэхэмжлэгч нь “хариуцагчийг гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа гүйцэтгээгүйн улмаас 2013 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс мөн оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд гадаад валютын ханшийн зөрүү үүсч мөнгөн хөрөнгийн алдагдал, хохирол үүссэн” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлах боловч хариуцагчийн “гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгэсэн” гэх агуулгаар гаргасан татгалзал үндэслэлтэй байна.  

 

          Учир нь Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 250 дугаартай “Сурагчийн дүрэмт хувцасны Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих тухай” тогтоолын 2, 3 дахь заалтыг хэрэгжүүлэх хүрээнд хариуцагч нэхэмжлэгчид зээл олгох үндэслэл болсон байх бөгөөд уг тогтоол гарснаас хойш хугацаанд буюу мөн оны 07 дугаар сарын 24-ний өдөр хөнгөлөлттэй нөхцөлөөр мөнгөн хөрөнгө зээлдэх, зээлдүүлэх талаар талууд харилцан тохиролцсон байна. Нэхэмжлэгчийн мөнгөн хөрөнгийг урьдчилан гадаад улсын худалдагч талд шилжүүлсэн гэх хугацаанаас хойш уг гэрээ байгуулагдсан байх тул аливаа хохирол үүссэн бол энэ нөхцөл байдлыг зээлийн гэрээний агуулгыг тодорхойлохдоо харгалзан үзэх боломжтой байсан. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар талууд гэрээний агуулгаа чөлөөтэй тодорхойлох эрхтэй байсан. Хэрэгт авагдсан зээлийн гэрээнээс өөр хариуцагчаас нэхэмжлэгчид мөнгөн хөрөнгө шилжүүлэх үүрэгтэй байсан гэх баримт байхгүй байна.

 

          Тодруулбал талуудын хооронд 2013 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн ХҮГСДХ-1/8 тоот, ХҮГСДХ-1/9 тоот гэрээнүүдийн дагуу Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний үүргийн харилцаа үүссэн байна. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан бөгөөд хариуцагч нь зээлийн гэрээгээр хүлээсэн мөнгөн хөрөнгө шилжүүлэх үүргээ биелүүлсэн байх тул нэхэмжлэгч нь хохирол шаардах эрхтэй гэж үзэх үндэслэлгүй байна.

 

          4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага болон давж заалдах гомдлын а., б. хэсэгт дурдсан 2013 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн “Хурлын протокол”-ыг үзвэл, тухайн өдрөөр хэлэлцсэн асуудлаар хариуцагч нь нэхэмжлэгчийн өмнө гадаад валютын ханшийн зөрүүний алдагдал үүссэн тохиолдолд мөнгөн хөрөнгийн төлбөр төлөх талаар тохиролцсон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, зээлийн мөнгөн хөрөнгөөр даавуу нийлүүлсэн хуваариар хариуцагчийн зээл олгох хуваарийг гэрээнд зааснаас өөрөөр тохиролцсон гэж эргэлзээгүйгээр дүгнэх боломжгүй.

 

          Түүнчлэн, “анхан шатны шүүх Засгийн газрын үндэсний хэмжээний хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр урьдчилан гаргасан 2012 оны 120 дугаар тогтоол, 2012-2016 оны мөрийн хөтөлбөрийн 30.2, 30.3, 186.5 дахь заалтууд, БШУЯ, ҮХААЯ-ны сайдын хамтарсан 2013 оны 03 дугаар сарын А/71, А/36, ҮХААЯ-ны А/76, БШУЯ-ны А/179 тоот тушаалууд, ЗГ-ын 2013 оны 07 дугаар сарын 250 дугаар тогтоол, ҮХААЯ, Хөдөлмөрийн яамны 2013 оны 07 дугаар сарын дамжуулан зээлдүүлэх гэрээ бусад холбогдох баримт бичгүүдийн уялдаа холбоо, гэрчийн мэдүүлэгт үнэлэлт дүгнэлт ач холбогдол өгөөгүй” гэсэн үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй. Учир нь хариуцагч буюу зээлдэгч тухайн дурдсан эрх бүхий байгууллагуудын шийдвэрийн дагуу нэхэмжлэгчийн гүйцэтгэх гэж буй төслийг төгрөгөөр санхүүжүүлсны төлөө зээлдэгчийн бусдын өмнө ам.доллараар үүрэг гүйцэтгэсэнтэй холбоотой эрсдэлийг өөртөө хүлээх хүсэл зориг илэрхийлсэн гэж үзэхгүй.

 

          5. Иймд анхан шатны шүүхийн “үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор буюу зээл олгох болсон үндэслэл, зээлийн зориулалт болон зээлийн санхүүжилтийг гадаад улсад шилжүүлэх зэргээс шалтгаалан төгрөгийн ам.доллартай харьцах ханшийн зөрүүтэй холбоотой эрсдэл, бусад хүчин зүйлийн талаар талууд гэрээгээр тохиролцоогүй” гэсэн дүгнэлт үндэслэлтэй.

 

          Мөн нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч болон Ерөнхий сайдад Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.2 дахь хэсэгт заасны дагуу хандсан боловч арга хэмжээ аваагүй, Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт зааснаар гэм хорын хохирол шаардаж байгаа талаар гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй. Хариуцагч болон Засгийн газар, Ерөнхий сайдын зүгээс зохих эрсдэлийг бууруулах, ханшийн зөрүүний алдагдлыг хариуцах талаар тодорхой амлалт өгч, үүрэг хүлээсэн үйл баримт тогтоогдоогүй талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

 

          Хариуцагч нь нэхэмжлэгчтэй байгуулсан зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүйгээс гадна тухайн гэрээ болон бусад үйл баримтаар нэхэмжлэгчийн бусадтай хийсэн гадаад валютын ханшийн зөрүү үүсч, мөнгөн хөрөнгийн алдагдал хүлээсэн тохиолдолд хариуцлага хүлээнэ гэсэн нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

 

          Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШШ2021/02883 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр урьдчилан төлсөн 4,218,090 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Ж.ОЮУНТУНГАЛАГ                                                         

 

                                          ШҮҮГЧИД                            Д.ЦОГТСАЙХАН

 

 

                                                                                         Д.НЯМБАЗАР