Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 101/ШШ2021/03346

 

 

 

 

 

 

 

2021 10 25 101/ШШ2021/03346     

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Твин хаус 31/5 байр 6 тоотод оршин суух, Лувсанванчигийн ******* -ийн

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Цагаан хуаран хотхон 90а байр, 113 тоотод оршин суух, Цагаан хуаран консалтинг ХХК -д холбогдох,

Орон сууц худалдан авах гэрээний үүрэгт шилжүүлсэн 53,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Золжаргал, хариуцагчийн төлөөлөгч Б.Баднайсүрэн, нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон төлөөлөгч Э.Золжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Цагаан хуаран хотхоны 88а байр, 79 тоотод байрлах 50,3 м.кв 2 өрөө орон сууцыг авахад зориулсан 53,000,000 төгрөгийг гаргуулах тухай шаардлага гаргасан. Л.******* нь өөрийн найз Цагаан хуаран консалтинг ХХК-ийн захирал Н.Баярсайхантай 2012 оны 5 дугаар сард уулзахад манай компани Баянзүрх дүүрэгт хотхон барихаар болоод хөрөнгө хэрэгтэй гэж хэлсэн. Тухайн үед надад бэлэн мөнгө байхгүй тул дүү Батдоржийн байрыг барьцаанд тавьж 30,000,000 төгрөгийн зээлийг Капитал банкнаас авсан, тус зээлийг Цагаан хуаран консалтинг ХХК эгүүлэн төлөхөөр тохиролцсон. Тус мөнгийг төлөх болоход Н.Баярсайхан нь компани зээл төлөх боломжгүй болчихлоо, учир нь барилгын ажил эд дундаа явж байна гэж хэлсэн. Ингээд Н.Баярсайхан бид хоёр ярилцаад Л.******* 33,519,940 төгрөгийг төлөхөөр болж Цагаан хуаран орон сууцнаас 1 м.кв бүрийг нь 800,000 төгрөгөөр бодож 2 өрөө орон сууцны үнэ 33,519,000 төгрөгийг хасаж тооцохоор болсон.

Тохиролцсон ёсоор 2017 оны 2 дугаар сард Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Цагаан хуаран хотхоны 88а байр, 99 тоотод байрлах 54 м.кв 2 өрөө орон сууцыг Л.*******гийн эзэмшил, ашиглалтад бүрэн хүлээлгэж өгсөн. Тус байранд амьдарч байхад хариуцагч компани хөөж гаргасан. Намайг гадаадад байхад хариуцагч миний эхнэр Доржхандад тухайн үед төлсөн мөнгө дээрээ нэмээд 20,000,000 төгрөг шилжүүлчих, тэгэх юм бол 2 өрөө байрны төлбөр бүрэн дууссан гэж үзээд гэрчилгээг гаргаж өгье гээд гэрээнд гарын үсэг зуруулсан боловч гэрээний хувийг манай эхнэрт өгөөгүй. Манай эхнэр тухайн үед холбогдож хэлсэн бөгөөд 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хариуцагч компанийн эзэмшлийн Хаан банкны данс руу 20,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Энэ талаар компанийнхантай уулзахад Н.Баярсайхан үүрэг гүйцэтгэгчтэй уулзаж хэлсэн, та компанид тусалсан гэж хэлдэг байсан.

Шилжүүлсэн 30,000,000 төгрөгийг Н.Баярсайхан Цагаан хуаран консалтинг ХХК-ийн үйл ажиллагаанд зориулж авсан. Уг мөнгийг 2012 оны 5 дугаар сарын 24-ний өдөр өгсөн гэдэг нь дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогдоно. Тухайн цаг мөчид Н.Баярсайхан нь захирал байсан гэдэг нь улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдоно. 2011 оны байдлаар Н.Баярсайхан, Одхүү нар компанийн захирал байсан. Зээл аваад газрыг чөлөөл гэсэн ТУЗ-ийн шийдвэр гарсан тул 120,000,000 төгрөг босгосон гэж Н.Баярсайхан гэрчийн мэдүүлэгтээ хэлдэг. Н.Баярсайхан өөрийн нэр дээр 30,000,000 төгрөг, Батдорж ч мөн 30,000,000 төгрөгийн зээлийг Капитал банкнаас авсан. Компанийн зүгээс хүү төлөөд явж байсан нь Цэрэннадмидын гэрчийн мэдүүлэг, мөн баримтаар нотлогддог. 2021 оны 6 дугаар сарын 25, 2012 оны 6 дугаар сарын 25, 2012 оны 8 дугаар сарын 8, 2012 оны 9 дүгээр сарын 4, 2012 оны 9 дүгээр сарын 25-ны өдрүүдэд буюу яг ижил өдрүүдэд, ижил үнийн дүнгээр, ижил теллер дээр мөнгийг шилжүүлсэн байдаг нь компаниас хүүг төлөөд явдаг байснаар харагддаг. Г.Доржханд гэрчийн мэдүүлэг өгч бүх шаардах эрх Л.*******д байгааг хэлдэг. Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1-д Төлөөлүүлэгч нь төлөөлөгч болон түүнтэй хэлцэл хийх гуравдагч этгээдэд төлөөлүүлэх тухайгаа болон төлөөлөгчийн бүрэн эрхийн талаар амаар буюу бичгээр мэдэгдсэнээр төлөөлөгчид бүрэн эрх олгож болно гэж заасан. Хариуцагч Доржхандыг ирэхэд Л.*******гийн эхнэр үү, энд гарын үсгээ зурчих гэж хэлсэн байдаг. 20,000,000 төгрөгийн гүйлгээний утгад Соёлоогоос гэж бичсэн байдаг. Тус мөнгийг Доржханд шилжүүлсэн. Тиймээс Л.******* шаардах эрхтэй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад н.Анхбаяр гэх хүнд маргаан бүхий орон сууцыг шилжүүлж, гэрчилгээ олгосон нь тогтоогдсон тул нэхэмжлэгч нь орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлагаа өөрчилсөн. Иймд хариуцагч гэрээнээс татгалзаж байгаа тул тус байрыг авахаар шилжүүлсэн 53,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн төлөөлөгч Б.Баднайсүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч 33,000,000 төгрөгийг 2012 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн гэрээгээр шаардаж байна гэж тодорхойлоод байгаа. 20,000,000 төгрөгийг 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр байрны урьдчилгаанд төлсөн гээд нийт 53,000,000 төгрөгийг нэхээд байна. Энэ нь үндэслэлгүй. Дансны хуулгыг харахаар Батдорж, Баярсайхан нарт банкнаас 2 зээл олгосон. Энэ 2 хүний хэнийх нь авсан зээл нь манайд орсон гэж үзээд байна вэ, Батдорж 2012 оны 5 дугаар сарын 24-ний өдөр, 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Баярсайхан тус тус Капитал банкнаас шуурхай зээл авсан харагдаж байна. Эдгээр хүмүүс зээл авсан гэдэг нь баримтаар нотлогдоод байгаа болохоос манайд орсон гэдэг нь нотлогдохгүй байна. Иргэн өөрөө зээл аваад түүнийгээ хаасан үйл баримт л тогтоогдоод байгаа буюу манайх руу хэрхэн шилжсэн нь тодорхойгүй. 2012 онд авсан зээл байтал 2017 оны 2 дугаар сарын 8-ны өдөр Доржханд Цагаан хуаран консалтинг ХХК-тай зээлээр худалдан авах гэрээ хийсэн. 5 жилийн дараа байр авах гэж байж мөнгө шилжүүлсэн гэж яриад байгаа нь цаг хугацааны хувьд таарахгүй байна.

Компанийн хувьцаа эзэмшигчид хувьд нь мөнгө зээлүүлчихээд түүнийгээ компаниас нэхээд байна. 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Капитал банкнаас Н.Баярсайханд 30,000,000 төгрөг орсон нь тус мөнгийг Батдоржоос зээлсэн гэдэг нь нотлогдохгүй байна. Гэрч Н.Баярсайхан иргэнийхээ хувиар зээл аваад, хүмүүсээс газар авсан гэдгээ мэдүүлсэн. Доржханд, ******* нар худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. Доржханд нөхрөө төлөөлж гэрээ хийсэн гэдгээ хэлдэг. Маргаан бүхий байрыг Л.******* эхнэрээрээ дамжуулж буюу 2017 оны 8 дугаар сарын 2-ны өдөр 326/4 тоот гэрээг Цагаан хуаран консалтинг ХХК нь Доржхандтай байгуулсан. 4 жил 8 сарын хугацаанд Доржханд гэрээний үүргийг биелүүлээгүй боловч оршин суусаар өнөөг хүрлээ. Гэхдээ манайхтай хэн гэрээ хийсэн, тэр хүн л шаардлага гаргаж, эрх, үүрэг эдэлнэ. 2017 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн гэрээний дагуу манайхаас уг мөнгийг шаардаад байдаг. Уг гэрээний дагуу Доржханд шаардлага гаргах ёстой. Гэр бүлээсээ хэн мөнгө шилжүүлээд байгаа нь ач холбогдолгүй. Гүйлгээний утга нь чухал. Шаардах эрхтэй этгээд нь Г.Доржханд учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л.*******, Цагаан хуаран консалтанг ХХК-д холбогдуулан орон сууц худалдан авах гэрээний үүрэгт шилжүүлсэн /30,000,000+20,000,000/ 50,000,000 төгрөгийг 2012 онд банкинд төлсөн 3,000,000 төгрөгийн хүүгийн хамт буцаан гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгчтэй гэрээ байгуулаагүй, компани мөнгө хүлээн аваагүй гэх тайлбарыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Цагаан хуаран хотхоны 88а байрны 79 тоотод орших 50,3 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, орон сууцыг өмчлөхтэй холбоотой зохих баримт бичгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч, хариуцагчид холбогдуулан гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг өөрчлөн дээрх орон сууцыг хариуцагч өөр этгээдэд худалдсан, гэрээг цуцалсан нь нэхэмжлэгч өмчлөх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон үндэслэлээр худалдан авах зорилгоор төлсөн 53,000,000 төгрөгийг буцаан гаргуулах шаардлага гаргасан.

Талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, бичгийн баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч Цагаан хуаран консалтинг ХХК-ийн захирлаар ажиллаж байсан Н.Баярсайханы хүсэлтээр 2012 оны 05 дугаар сарын 24-ны өдөр 30,000,000 төгрөгийг шилжүүлж, тус компанийн Баянзүрх дүүргийн 14-р хороонд баригдах гэж буй орон сууцны хотхоноос орон сууц худалдан авах зорилгоор урьдчилан шилжүүлсэн гэх тайлбарыг шүүхэд гаргасан. Тус мөнгийг нэхэмжлэгч өөрийн дүү Г.Батдоржийн орон сууцыг барьцаалан Капитал банкнаас зээлж Н.Баярсайханд бэлнээр өгсөн, Н.Баярсайхан нь газар худалдан авахтай холбоотой компанийн үйл ажиллагаанд зарцуулахаар, улмаар тус 30,000,000 төгрөгийг Цагаан хуаран хотхоноос орон сууц худалдан авахад тооцохоор тохиролцсон гэх тайлбарыг шүүхэд гаргажээ.

Хэрэгт Г.Батдоржийн Капитал банкнаас 2021 оны 05 дугаар сарын 24-ны өдөр 30,000,000 төгрөг зээлсэн, зээлийг мөн оны 10 дугаар сарын 10-ны өдөр хаасан 2015013714 тоот дансны хуулга нотлох баримтаар авагдсан. Н.Баярсайхан нь хариуцагчийн нэрийн өмнөөс мөнгийг хүлээн авсан тул Г.Батдоржийн зээлийг өөрийн зээлийн хамт нэг өдөр түүний өмнөөс төлж байсан гэх тайлбарыг шүүх хуралдаанд гаргаж Капитал банкин дахь Н.Баярсайханы 2015013678, Г.Батдоржийн 2015013711 тоот дансны хуулгыг баримтаар гарган 2012 оны 08 дугаар сарын 08, 09 дүгээр сарын 04, 25-ны өдрүүдэд Н.Баярсайхан, Г.Батдорж нарын зээл төлөлтийн талаархи хуулгыг харьцуулан судлуулсан. /хэргийн 21-22, 2-р ХХ-ийн 2-5 дахь тал/

Мөн нэхэмжлэгч 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 20,000,000 төгрөгийг орон сууцны үлдэгдэл төлбөрт тооцон хариуцагчид шилжүүлсэн учир уг мөнгийг шаардах эрхтэй гэж, хариуцагчийн зүгээс хариуцагч болон иргэн Г.Доржханд нарын хооронд 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан 326/4 тоот Орон сууцны захиалгын гэрээний дагуу шилжүүлсэн төлбөр, уг мөнгийг нэхэмжлэгч шаардах эрхгүй гэж тайлбарлажээ. /хэргийн 66-69, 235-236 дахь тал/

Нэхэмжлэгчийн хүсэлтээр Н.Баярсайхан, Г.Батдорж, Г.Доржханд нар шүүхэд гэрчийн мэдүүлэг өгсөн. Гэрч Н.Баярсайхан, Г.Батдорж нар дурдсан 30,000,000 төгрөгийг Цагаан хуаран консалтинг ХХК-ийн барилгын үйл ажиллагаанд буюу Баянзүрх дүүргийн 14-р хороонд баригдах газрыг чөлөөлөхөд зарцуулсан, уг мөнгийг компанийн нэрийн өмнөөс Н.Баярсайхан нь нэхэмжлэгчээс шилжүүлэн авч компанид зарцуулсан, компаниийн зүгээс нэхэмжлэгчид орон сууц олгохоор амаар тохиролцсон, газар чөлөөлөх ажиллагаанд Г.Батдорж оролцож байсан, Н.Баярсайхан тус мөнгөөр өөрийн нэр дээр газрыг шилжүүлэн авч компанидаа шилжүүлсэн, одоогийн удирдлагууд мэдэж байгаа гэх агуулгатай мэдүүлгийг шүүхэд гаргасан. /хэргийн 221-229, 242-245 дахь тал/

Зохигчийн төлөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлага, татгалзалтай холбоотой агуулгын зөрүүтэй тайлбарыг шүүх хуралдаанд гарган, тайлбараа баримтаар нотлон мэтгэлцсэн. Талуудын тайлбарыг хэрэгт авагдсан нотлох баримттай харьцуулан судлахад нэхэмжлэгч 30,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн үйл баримт тогтоогдохгүй, мөн 20,000,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхгүй гэж үзлээ.

Нэхэмжлэгч 53,000,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй гэх боловч 33,000,000 төгрөгийг хариуцагч хүлээн авсан нь бичгийн баримтаар тогтоогдсонгүй. Гэрч Н.Баярсайхан 2011 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 2012 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн хугацаанд хариуцагч Цагаан хуаран консалтинг ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа нэхэмжлэгчээс 30,000,000 төгрөгийг хүлээн авч компанийн үйл ажиллагаанд зарцуулсан гэх боловч уг мөнгийг тухайн үед компанид шилжүүлсэн тухай санхүүгийн баримт, мөн Л.*******, Н.Баярсайхан нарын хооронд хэдэн төгрөгийг, хэзээ, ямар зорилгоор шилжүүлж буйг тусгасан хэлцэл хийгдсэнийг нэхэмжлэгч баримтаар нотлоогүй.

Түүнчлэн нэхэмжлэгч талаас гэрч Н.Баярсайхан нь нэхэмжлэгчийн шилжүүлсэн мөнгөөр газар чөлөөлж, газар худалдан авсныг нотлохоор Баянзүрх дүүргийн газрын албанаас Цагаан хуаран хотхоны газруудын хувийн хэргийг нотлох баримтаар гаргуулахыг хүссэн ба нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд энэ нь нотолгооны ач холбогдолгүй болно. Учир нь гэрч Н.Баярсайхан 30,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс хүлээн авсныг хоорондоо маргаагүй, Цагаан хуаран хотхоны газрыг чөлөөлж өөрийн нэр дээр эзэмших эрхийг олж авсан, хожим компанид газраа шилжүүлсэн тухай шүүхэд гэрчийн мэдүүлэг өгчээ.

Өөрөөр хэлбэл Н.Баярсайхан нь хариуцагчийн гүйцэтгэх удирдлагаар ажиллаж байхдаа 30,000,000 төгрөгийг өөрөө хүлээн авсан талаар маргахгүй хэдий ч уг мөнгийг компанийн үйл ажиллагаанд зарцуулахаар, эсхүл хувьдаа хэрэглэхээр нэхэмжлэгчээс зээлсэн алин болох нь тодорхойгүй, түүнчлэн нэхэмжлэгчээс мөнгө хүлээн авах үедээ хариуцагчийг илэрхийлсэн төлбөрийн баримтыг олгоогүй, мөнгөний үр дагаврыг илтгэсэн хэлцлийг талууд үйлдээгүй нь нэхэмжлэлийн үндэслэлийг үгүйсгэж байна. Нэхэмжлэгч энэ талаархи нэхэмжлэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар шүүхэд нотлоогүй байна.

Гэрч Г.Батдоржийн зээлийг Н.Баярсайхан төлж байсан эсэх нь хэрэгт нотолгооны ач холбогдолгүй ба хариуцагч Цагаан хуаран консалтинг ХХК уг зээлийг Г.Батдоржийн өмнөөс төлж байсан нь Г.Батдоржийн 2015013711 тоот дансны хуулгаар нотлогдоогүй.

Хариуцагч, иргэн Г.Доржханд нар 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 326/4 тоот Орон сууцны захиалгын гэрээ байгуулж орон сууцны үнийг 90,540,000 төгрөг гэж тогтоосон, төлбөрийн нөхцөлд өмнөх тохиролцоо буюу маргаж буй 30,000,000 төгрөгийг оруулан тооцоогүй ба төлбөрийг 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлөхөөр тохиролцжээ. Худалдан авагч Г.Доржханд гэрээний үүргээ биелүүлээгүй үндэслэлээр хариуцагч гэрээнээс татгалзсан талаар гэрч Г.Доржханд, зохигч маргаагүй бөгөөд нэхэмжлэгч тус гэрээг үндэслэн 53,000,000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилсэн. Гэрч Г.Доржханд шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ тус 326/4 тоот гэрээг Л.*******гийн заавраар /очоод гэрээнд гарын үсэг зурчих гэхээр нь/ очиж байгуулсан, гэрээтэй сайн танилцаагүй, намайг Л.*******гийн эхнэр гэдгийг мэдэж байсан гэсэн нь тус гэрээний хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй буюу нэхэмжлэгч тал тус гэрээний агуулга, гэрээний нэг талын хүсэл зоригийн төөрөгдлийн талаар маргаагүй. /хэргийн 221, 230-232 дахь тал/

Тус 326/4 тоот гэрээний нэг тал нь нэхэмжлэгч Л.******* бус иргэн Г.Доржханд байгаа нь нэхэмжлэгч гэрээний тал бус, гэрээний дагуу 20,000,000 төгрөгийг шаардах эрхгүй гэх хариуцагчийн татгалзлыг үндэслэлтэй гэж үзнэ. Нэхэмжлэгч Л.*******, гэрч Г.Доржханд нар эхнэр, нөхрийн харилцаатай нэг гэр бүлийн хүмүүс, 20,000,000 төгрөгийн төлбөрийн баримтад Соёлоо гэсэн утга нь уг мөнгийг нэхэмжлэгч шилжүүлснийг илтгэнэ гэх тайлбарыг нэхэмжлэгч шүүхэд гаргасан нь бусад этгээдийн гэрээний үр дагавар, үүргийг шаардах үндэслэл болохгүй. Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1-д зааснаар мөнгөн төлбөрийн үүргийг гүйцэтгэсэн нь шаардах эрхийг бий болгохгүй юм.

Дээрх үйл баримтаас дүгнэн үзвэл зохигчийн хооронд 2012 онд Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар ирээдүйд бий болох орон сууцыг худалдах-худалдан авах талаар хэлэлцэн тохиролцсон, хэлцэл хийгдсэн гэх үндэслэл баримтаар тогтоогдоогүй, түүнчлэн 2017 онд хариуцагч, Г.Доржханд нарын хооронд байгуулсан 326/4 тоот гэрээний нэг тал нь Г.Доржханд бус нэхэмжлэгч гэж тооцох боломжгүй байна. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Цагаан хуаран хотхоны 88а байрны 79 тоотод орших 50,3 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг худалдах-худалдан авахтай холбоотой гэрээний харилцаа үүссэн гэх, мөн нэхэмжлэгч нь орон сууц худалдан авах зорилгоор хариуцагчид 30,000,000 төгрөг шилжүүлсэн болон 326/4 тоот гэрээний дагуу шилжүүлсэн 20,000,000 төгрөгийг шаардах эрхтэй нь тус тус шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, талуудын тайлбараар нотлогдоогүй учир нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан үндэслэн тогтоогдохгүй байх тул хариуцагч Цагаанхуаран консалтинг ХХК иас 53,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Л.******* -ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 495,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ