Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2022/00074

 

 

 

 

 

2022 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2022/00074

 

 

 

Л.С-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2021/03346 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Л.С-ийн хариуцагч Ц ХХК-д холбогдуулан гаргасан орон сууц худалдан авах гэрээний үүрэгт шилжүүлсэн 53,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.З, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1.   Нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

1.1 Нэхэмжлэлийн шаардлага: орон сууц худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний үүрэгт шилжүүлсэн 33,000,000 төгрөг буцаан гаргуулах,

1.2 Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Л.С нь найз Ц ХХК-ийн захирал Н.Б-тай 2012 оны 5 дугаар сард уулзахад манай компани Баянзүрх дүүрэгт хотхон барина хөрөнгө хэрэгтэй гэж хэлсэн. Бэлэн мөнгө байхгүй тул дүү н.Б-ийн байрыг барьцаанд тавьж 30,000,000 төгрөгийг Капитал банкнаас зээлсэн, уг мөнгийг Ц ХХК эгүүлэн төлөхөөр тохиролцсон. Мөнгө төлөх болоход Н.Бнь компани төлөх боломжгүй болчихлоо, барилгын ажил эд дундаа явж байна гэсэн. Н.Б-тай ярилцаад Л.С 33,519,940 төгрөгийг төлж, Цагаан хуаран хотхоны орон сууцнаас 1 м.кв бүрийг нь 800,000 төгрөгөөр бодож 2 өрөө орон сууцны үнээс 33,519,000 төгрөгийг хасаж тооцохоор болсон. 2017 оны 2 дугаар сард Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Цагаан хуаран хотхоны 88а байр, 99 тоотод байрлах 54 м.кв 2 өрөө орон сууцыг Л.С-ийн эзэмшилд хүлээлгэж өгсөн. Гэтэл компани хөөж гаргасан. Намайг гадаадад байхад хариуцагч эхнэр н.Д-д төлсөн мөнгө дээрээ нэмээд 20,000,000 төгрөг шилжүүлчихвэл 2 өрөө байрны төлбөр дууссан гэж үзэж гэрчилгээг гаргаж өгье гээд гэрээнд гарын үсэг зуруулсан боловч гэрээний хувийг өгөөгүй. Эхнэр 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хариуцагч компанийн эзэмшлийн Хаан банкны данс руу 20,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Компанитай уулзахад Н.Бүүрэг гүйцэтгэгчтэй уулзаж хэлсэн, та компанид тусалсан гэж хэлдэг байсан.

30,000,000 төгрөгийг Н.БЦ ХХК-ийн үйл ажиллагаанд зориулж авсан. Уг мөнгийг 2012 оны 5 дугаар сарын 24-ний өдөр өгсөн нь дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогдоно. Тухайн үед Н.Бнь захирал байсан нь улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдоно. 2011 онд Н.Баярсайхан, н.Одхүү нар компанийн захирал байсан. Зээл аваад газрыг чөлөөл гэсэн ТУЗ-ийн шийдвэр гарсан тул 120,000,000 төгрөг босгосон гэж гэрч Н.Бмэдүүлдэг. Н.Бөөрийн нэр дээр 30,000,000 төгрөг, н.Б ч мөн 30,000,000 төгрөгийн зээлийг Капитал банкнаас авсан. Компани хүү төлж байсан нь н.Ц-ын гэрчийн мэдүүлэг, мөн баримтаар нотлогддог. 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр, 2012 оны 6 дугаар сарын 25-ны өдөр, 2012 оны 8 дугаар сарын 08-ны өдөр, 2012 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр, 2012 оны 9 дүгээр сарын 25-ны өдрүүдэд буюу нэг өдөр, адил үнийн дүнгээр, адилхан теллер дээр мөнгө шилжүүлсэн нь компаниас хүүг төлж байснаар харагддаг. Г.Д гэрчийн мэдүүлэг өгч бүх шаардах эрх Л.Сд байгааг хэлдэг. Хариуцагч Д-ыг ирэхэд Л.С-ийн эхнэр үү, энд гарын үсгээ зурчих гэж хэлсэн. 20,000,000 төгрөгийн гүйлгээний утгад С-с гэж бичсэн. Тус мөнгийг Г.Д шилжүүлсэн. Л.С шаардах эрхтэй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад н.Анхбаярт маргаан бүхий орон сууцыг шилжүүлж, гэрчилгээ олгосон нь тогтоогдсон тул нэхэмжлэгч нь орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлагаа өөрчилсөн. Хариуцагч гэрээнээс татгалзсан тул уг орон сууцыг худалдаж авахаар шилжүүлсэн 53,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч 33,000,000 төгрөгийг 2012 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн гэрээгээр шаардсан гэж тодорхойлсон. 20,000,000 төгрөгийг 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр байрны урьдчилгаанд төлсөн нийт 53,000,000 төгрөгийг нэхэмжилжээ. Энэ нь үндэслэлгүй. Дансны хуулгыг харахаар Б, Бнарт банкнаас 2 зээл олгосон. Энэ 2 хүний хэнийх нь авсан зээл нь тус компанид орсон гэж үзээд байна вэ, Б 2012 оны 5 дугаар сарын 24-ний өдөр, 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Бтус тус Капитал банкнаас шуурхай зээл авсан байна. Эдгээр хүмүүс зээл авсан нь баримтаар нотлогдсон болохоос манайд орсон нь нотлогдохгүй байна. Иргэн өөрөө зээл аваад түүнийгээ хаасан үйл баримт л тогтоогдсоноос манайх руу хэрхэн шилжүүлсэн нь тодорхойгүй. 2012 онд зээл авсан байтал 2017 оны 2 дугаар сарын 8-ны өдөр Д Ц ХХК-тай зээлээр худалдан авах гэрээ хийсэн. 5 жилийн дараа байр авах гэж мөнгө шилжүүлсэн гэсэн нь хугацааны хувьд таарахгүй байна. Компанийн хувьцаа эзэмшигчид хувьд нь мөнгө зээлүүлснээ компаниас нэхжээ. 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Капитал банкнаас Н.Б-д 30,000,000 төгрөг орсон нь уг мөнгийг Боос зээлсэн нь нотлогдохгүй байна. Гэрч Н.Биргэнийхээ хувиар зээл аваад, хүмүүсээс газар авсан гэж мэдүүлсэн. Д, С нар худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. Д нөхрөө төлөөлж гэрээ хийсэн гэж хэлсэн. Маргаан бүхий байрыг Л.С эхнэрээрээ дамжуулж 2017 оны 8 дугаар сарын 2-ны өдөр 326/4 тоот гэрээг Ц ХХК-тай Д нь байгуулсан. 4 жил 8 сар Д гэрээний үүргийг биелүүлэлгүй оршин суусаар өнөөг хүрлээ. Гэхдээ манайхтай гэрээ хийсэн хүн л шаардлага гаргаж, эрх, үүрэг эдэлнэ. 2017 оны 2 дугаар сарын 8-ны өдөр гэрээгээр уг мөнгийг шаардсан. Гэрээний дагуу Д шаардлага гаргах ёстой. Гэр бүлийн хэн нэг нь мөнгө шилжүүлсэн нь ач холбогдолгүй. Гүйлгээний утга нь чухал. Шаардах эрхтэй этгээд нь Г.Д тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Ц ХХК /5190452/-иас 53,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Л.С /УХ63052874/-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 495,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг үндэслэлтэй дүгнэж шийдвэрлээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн бөгөөд хэргийн үйл баримт тодорхой болоогүй байхад хэргийг шийдвэрлэснээр хэрэг хянан шийвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн.

4/а/. Маргаж буй мөнгийг компани хэрхэн захиран зарцуулсныг өөрөөр хэлбэл Н.Бнь хувьдаа авсан уу, компани авсан уу гэх байдлыг нотлох зорилгоор Цагаан хуаран хотхоны газруудын хувийн хэргийг нотлох баримтаар шүүхэд гаргуулан тухайн цаг үед уг мөнгөөр газар худалдаж авсан эсэхийг нотлох гэсэн боловч шүүх хангаагүй. Н.Бшүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ тухайн газрыг чөлөөлөхийн тулд Л.Сгээс мөнгө зээлж, уг мөнгийг компани төлнө тухайн үед компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан гэж мэдүүлсэн. Мөн тухайн үеийн удирдлагууд хэлэлцээд шийдвэрлэсэн. Хариуцагч компанийн тухайн үеийн гүйцэтгэх захирал П.Гбайсан болох нь гэрчийн мэдүүлэг болон Улсын бүртгэлийн газраас ирсэн хуулийн этгээдийн лавлагаагаар тогтоогдсон тул гүйцэтгэх захирал П.Г-ийг гэрчээр асуулгахаар 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүсэлт гаргасан боловч 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн шүүгчийн захирамжаар хүсэлтийг хангаагүй. Нотлох баримт хангалттай цуглараагүй, маргааны үйл баримт тодорхой болоогүй байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй гэж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Учир нь гэрч асуулгах, хариуцагч компанийн гаргаж өгөөгүй нотлох баримтыг нэхэмжлэгч цуглуулах боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар шүүхээр бүрдүүлэх хүсэлт удаа дараа гаргахад хангалгүйгээр нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй гэж хэргийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

4/б/. Хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотлох зорилгоор Н.Б-ны гараар бичиж нотариатаар баталгаажуулж өгсөн тайлбар /1хх-14, 15 дахь тал/, Г.Бийн гараар бичиж өгсөн тайлбар /1хх-16-17 дахь тал/, нягтлан бодогчоор ажиллаж байсан иргэн П.Ц-ын өөрийн гараар бичиж өгсөн тайлбар /1хх-20 дахь тал/, Улсын бүртгэлийн Ерөнхий газраас ирсэн хариуцагч компанийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа ...2008 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хариуцагч компанийг Н.Бүүсгэн байгуулсан, 2011 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, 2012 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд компанийн гүйцэтгэх захирлаар П.Гажиллаж байсан... мөн гэрч Н.Баярсайхан, Г.Б, Г.Д нарын мэдүүлэг, Хаан банкны 20,000,000 төгрөгийг шилжүүлсэн дансны хуулга гүйлгээний утга, Капитрон банкны эрх хүлээн авагчийн гаргаж өгсөн тодорхойлолт 30,000,000 төгрөгийн зээлийг дуусгасан баримтууд хэрэгт байдаг. Эдгээр баримтыг шүүх харьцуулан судалж хэрэгт ач холбогдолтой талаас нь үнэлээгүйгээс болж шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй.

4/в/. Хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчиж хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3-т зааснаар шүүгчээс татгалзан гарах хүсэлт шүүхэд гаргаж хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд хууль зүйн үндэслэлээ хэлсэн боловч эрхийг зөрчсөн. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч удаа дараа шүүхэд нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэлээ нотлох зорилгоор өөрийн цуглуулах боломжгүй нотлох баримт буюу төрийн байгууллагаас нотлох баримт гаргуулах, гэрч асуулгах хүсэлтүүдийг шүүхэд гаргаж байсан. Үүнд хэргийн 1 дүгээр хавтасны 218 дугаар хуудаст авагдсан гэрч асуулгах хүсэлт, 239 дүгээр хуудаст авагдсан Баянзүрх дүүргийн газрын албаны газар зохион байгуулалтын албанаас газрын түүхчилсэн лавлагаа гаргуулах хүсэлт, хариуцагч компаний гүйцэтгэх удирдлагад хүргүүлсэн хүсэлтийг хариуцагч компаниас гаргуулах хүсэлт, хэргийн 2 дугаар хавтаст авагдсан 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШЗ2021/18086 дугаар захирамжаар шийдвэрлэсэн байдаг. Гэтэл шүүх дээрх хүсэлтийг удаа дараа хэрэгт ач холбогдолгүй гэж үзэж хүсэлтийг хангахгүй орхидог байсан нь шүүгчийг хэргийг шударгаар шийдвэрлэж чадахгүй, хэргийн шүүх хэт нэг талыг барьж байгаагаас эргэлзээ төрсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3-т заасан үндэслэлээр шүүгчээс татгалзах хүсэлт гаргасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3-т заасан үндэслэл бий болсон хууль зүйн үндэслэлээр шүүгчээс татгалзсан байхад татгалзалыг тухайн шүүгч өөрөө шийдвэрлэх эрх хуулиар олгогдоогүй, харин татгалзалыг хүлээн авах эсэхийг шийдвэрлэхээр хуульд заасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.6 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрлээгүй. Шүүгчээс татгалзан гаргах хүсэлтийг хууль бусаар хүлээн аваагүй нь хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчиж, хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын хариу тайлбарын агуулга: 2012 онд иргэн Г.Б, Н.Бнарын авсан зээлийг хувийн дансаар авч, өөрийн нэр дээр газар худалдан авсныг Ц ХХК-аас банкны 30,000,000 төгрөг гаргуулахаар 2021 онд шаардаж байгаа нь үндэслэлгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй тул хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.

 

2.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

3.Нэхэмжлэгч Л.С нь хариуцагч Ц ХХК-д холбогдуулан орон сууц худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний үүрэгт шилжүүлсэн 53,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

4.4/а/. 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс иргэн Н.Б-ныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран хариуцагчаар татан оролцуулах тухай хүсэлт гаргажээ. Анхан шатны шүүх Н.Б-ныг ямар үндэслэлээр хамтран хариуцагчаар татан оролцуулах үндэслэл нь тодорхой бус, хариуцагчид холбогдох нэхэмжлэлийн шаардлагатай хэрхэн тооцогдох агуулгатайг хүсэлтдээ илэрхийлээгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ. Энэ талаар нэхэмжлэгч гомдол гаргаагүй хэргийг боловч хянан шийдвэрэхэд ач холбогдолтой болно.

/1 дүгээр хавтасны хх-90-94 дэх тал/

 

Учир нь талуудын хоорондын маргааны зүйлд хамааралтай худалдах худалдан авах гэрээний хариу төлбөр төлөгдсөн эсэхтэй холбоотой хариу төлбөрт тооцогдох газрын талаар нэхэмжлэгч болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцсон Г.Б нар тайлбарлаж байхад уг газрыг тухайн үед Ц ХХК-ийг төлөөлөх ажилтан байсан Н.Б-ны нэр дээр шилжүүлсэн эсэх, тухайн газар нь гэрээний төлбөрт тооцогдох үндэслэлд хамаарах эсэх талаар шүүх дүгнэлт өгөх шаардлагатай.

 

Нэхэмжлэгчийн тайлбарлаж буй хариуцагч нь тодорхой газрыг худалдан авахад зориулж банкнаас зээлж авсан мөнгийг шилжүүлэн өгснөөр худалдан авсан гэх газрын лавлагаа буюу уг газар нь хэнээс хэнд шилжиж байсан үйл баримт хэрэгт ач холбогдолтой.

 

5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс маргааны үйл баримтад хамааралтай газрын түүхчилсэн лавлагаа гаргуулах нотлох баримт бүрдүүлэх тухай хэргийн оролцогчийн хүсэлтийг шүүх үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан хэргийн оролцогчийн өөрөө бүрдүүлэх боломжгүй нотлох баримтаа шүүхийн журмаар бүрдүүлэх эрх нь зөрчигдсөн гэж үзнэ.

6.4/б/. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбар, гэрч нарын мэдүүлэг зэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дэх хэсэгт зааснаар тал бүрээс нь бодитойгоор харьцуулж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлэхгүйгээр нэхэмжлэгч Л.С-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ. Энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

 

7.4/в/. 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд шүүх хуралдааны эхэнд шүүх хуралдаан даргалагчаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлд заасан үндэслэлээр татгалзан гаргах хүсэлт бий эсэх-ийг асуухад зохигчид татгалзал байхгүй гэж хариулсан болох нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байх бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэхтэй холбоотой хүсэлт гаргасныг шүүхээс хангахгүй орхиж шийдвэрлэсэнтэй холбоотойгоор тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3-т заасан уг хэргийг шударгаар шийдвэрлэж чадахгүй гэж үзэж шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлт гаргасныг шүүх хуульд заасан үндэслэлд хамаарахгүй асуудлаар шүүгчийг татгалзан гаргах нь мөн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2 дахь хэсэгт заасан тул шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг үндэслэл бүхий хүсэлт гэж үзэхгүй гэж дүгнэж дээрх хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэн шүүх хуралдааныг үргэлжүүлэн явуулсаныг буруутгах боломжгүй юм.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлд заасан шүүгчийг татгалзан гаргах үндэслэл гэдэгт шударгаар хэргийг шийдвэрлэж чадахгүй гэсэн үндэслэл бүхий эргэлзээ нь шүүгчийн хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахтай холбоотой болон шийдвэр гаргах зэрэг үйл ажиллагаатай шууд холбогдохгүй. Иймд шүүгч шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан нь хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг шийдвэрлэсэн үндэслэлд хамаарахгүй тул энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Дээрх үндэслэлээр шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хэргийн оролцогчийн эрхийг хангаагүйг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг ханган, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2021/03346 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 422,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ