Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 101/ШШ2021/02865

 

 

 

 

 

 

 

2021 09 27 101/ШШ2021/02865  

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, 213 байр 16 давхар 1602 тоотод оршин байрлах Нандин-Эрхэм ХХК-ийн  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 18 дугаар хороо, Стадион Оргил удирдлагын академи гудамж, 50г байр 1 орц 901 тоотод оршин суух, Шаравын*******-д холбогдох,

Орон сууцны хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, 10,440,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Цэрэнлхам, М.Жавхлан, хариуцагч Ш.Булганаа, өмгөөлөгч Э.Батбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Нандин-Эрхэм ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон төлөөлөгч Б.Цэрэнлхам, М.Жавхлан нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* ХХК нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Дүнжингаравын гудамж Санто смарт апартмент орон сууцыг 213 байрны хууль ёсны өмчлөгч юм. Нандин-Эрхэм ХХК нь иргэн Э.Солонготой 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр №90 дугаартай Орон сууцны барилгыг худалдах худалдан авах гэрээ байгуулан Э.Солонгод дээрх барилгын 95.9 м.кв хэмжээтэй 202 тоот орон сууцыг худалдсан. Гэтэл Э.Солонго нь гэрээний үүргээ биелүүлээгүй орон сууцны үнийг төлөөгүй тул бид 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 458 тоот, 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 11 тоот гэрээнээс татгалзах тухай мэдэгдэл хүргүүлж Э.Солонготой байгуулсан гэрээг цуцалсан. Улмаар гэрээнээс татгалзсантай холбогдуулан Иргэний хуулийн 205.1-д заасны дагуу өгсөн авснаа буцаах үр дагавар талуудад үүссэн. Ингээд орон сууцаа буцаан авах гэтэл тус 202 тоот орон сууцад иргэн Ш.Булганаа гэгч оршин суусан байсан бөгөөд нэхэмжлэгч компани иргэн Ш.Булганаатай тус орон сууцны байрыг худалдах болон түрээслэх аливаа гэрээ хэлцэл байгуулж иргэний эрх зүйн харилцаанд оролцоогүй. Энэ хүнээс хүлээн авсан төлбөр мөнгө байхгүй.

Нэхэмжлэгч байгууллагаас Иргэний хуулийн 106.1-д заасны дагуу тус орон сууцыг чөлөөлж өгөхийг 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн №13, 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн №57, 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн №232 зэрэг албан бичгүүдээр удаа дараа мэдэгдэж шаардлага гаргасан боловч тус шаардлагыг биелүүлээгүй. Хариуцагч нь хэдийгээр тус байрыг 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн дотор чөлөөлж өгөх баталгааг гаргасан боловч тус баталгааны хугацаанд өнөөдрийг хүртэл байрыг чөлөөлөх үүргээ биелүүлээгүй байна. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчтай удаа дараа уулзаж, утсаар холбогдож байр чөлөөлж өгөх талаар шаардлага тавьсан боловч ундэслэлгүйгээр элдэв шалтаг тоочсоор, хууль бусаар орон сууцыг эзэмшиж, хууль ёсны өмчлөгч манай компанийг хохироосоор байгаа болно. Бид өөрийн өмчлөлөө зүйлээ, бодитоор өөрийн эзэмшилд авсан этгээд болох Ш.Булганаагаас шаардахаар түүнийг хариуцагчаар тодорхойлсон. Э.Солонго нь гэрээний нэг тал ч талуудын хооронд байгуулагдсан гэрээний харилцаа нэг талын санаачилгаар дуусгавар болсон. Үүнээс үүдэх үр дагаврыг Э.Солонгоос шаардах гэтэл орон сууц бодитоор Э.Солонгын биш Ш.Булганаа гэгчийн эзэмшилд шилжсэн байгаа учир Иргэний хуулийн 106 дугаар зүйлд заасны дагуу Ш.Булганаагаас өөрийн өмчлөлийн хөрөнгөө шаардаж байна.

Түүнчлэн 2021 оны 01 дүгээр сараас хойш компанийн өмчлөлийн орон сууцанд үнэ төлбөргүйгээр амьдарч үндэслэлгүйгээр хөрөнгөжиж байна. Иймд Иргэний хуулийн 492.1.1-д заасны дагуу амьдарсан хугацааны түрээсийн төлбөрийг тухайн орон сууцны жишиг үнэлгээгээр тооцож cap тутамд 1,700,000 төгрөг амьдарсан хугацаанд нийт 10,200,000 төгрөг, ашиглалтын зардал 240,000 /нэг сард 40000/ төгрөгийн хамт хариуцагчаас нэхэмжилж байна.

Хариуцагч Ш.Булганаа шүүхэд болон хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Ш.Булганаа би Баянзүрх дуүргийн 26 дугаар хороо, Санто смарт апартмент хотхоны 213 байрны 202 тоот орон сууцыг худалдан авахаар иргэн Э.Солонготой харилцан тохиролцсоны үндсэн дээр 60.000,000 төгрөгийг 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр төлж тус орон сууцанд өөрөө амьдарч байна. Орон сууцыг худалдан борлуулсан Э Солонго нь 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Нандин-Эрхэм ХХК-ийн оффисоос гарч ирэн түлхүүр өгөхдөө Орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээ сугавчилж явсан ба намайг үзэхийг хүсэхэд намын шугамаар өгч байгаа болохоор үзүүлэх боломжгүй гэсэн. Гэтэл энэ өдрөөс хойш даруй 2 cap өнгөрч тавилга сав хийлгэж бүрэн тохижсоны дараа гэнэт 2020 оны 12 сарын 09-нд Нандин-Эрхэм ХХК-иас байр чөлөөлж өгөх мэдэгдлийг өгч улмаар дүн өвлийн хүйтэнд олон хоногоор тог цахилгаан тасалж, харуул хамгаалалтын ажилтнуудаар дарамтлуулан тайван амьдрах боломжгүй нөхцөл байдал үүссэн ба Нандин-Эрхэм ХХК-иас Э.Солонготой хийсэн гэрээг үзүүлэхийг шаардсан ч мөн зөвшөөрөөгүй.

Нандин-Эрхэм ХХК-ийн зүгээс мэдэгдэл ирсэн цагаас Э.Солонготой хөөцөлдөж үнэн учрыг олохоор явсан бөгөөд энэ хооронд Э.Солонготой ярилцсан яриаг Нандин-Эрхэм ХХК-ийн захирал Оюунтуяа нэг бүрчлэн мэдэж байдаг, мөн эсрэгээрээ Нандин-Эрхэм ХХК-ийн удирдлагуудтай бидний тохиролцох гэсэн оролдлогыг Э.Солонго мэдэж байдаг зэргээс дүгнэлт хийвэл Э.Солонго, Нандин-Эрхэм ХХК нар зохиомол байдлыг зориудаар бий болгож теөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй юм. Нэхэмжлэгч хэдийгээр Э.Солонготой байгуулсан гэрээгээ цуцалсан гэх хэдий ч миний орон сууцны төлбөрт тооцож өгсөн 60,000,000 төгрөгийг Э.Солонгоос авч компанийн үйл ажиллагаандаа зарцуулсан байдаг. Мөн нэхэмжлэлийн шаардлагад дурьдагдсан түрээсийн болон ашиглалтын зардап 10,440,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тодруулбал миний бие тус орон сууцны ашиглалт СӨХ-ны нэхэмжлэх ирсэн даруйд тухай бүр төлдөг. Нэхэмжлэгч түрээсийн төлбөр гэж нэхэмжилсэн хэдий ч бидний хооронд түрээсийн гэрээний харилцаа огт үүсээгүй байхад түрээсийн төлбөр нэхэмжилж байгаа нь хууль зүйн үнднслэлгүй юм. Хариуцагч тал дээрхи үндэслэл шалтгааны улмаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тус орон сууцыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан Худалдах, худалдан авах гэрээний дагуу хууль ёсоор эзэмшилдээ авсан учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож хуульд заасны дагуу шийдвэрлэж өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Нандин-Эрхэм ХХК, хариуцагч Ш.Булганаад холбогдуулан Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 13312 Хүннүгийн гудамж 213 дугаар байрны 202 тоотод орших орон сууцны хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж орон сууцыг хууль бусаар эзэмшсэн хугацааны түрээс болон ашиглалтын зардалд 10,440,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч уг орон сууцыг иргэн Э.Солонгоос худалдан авч 60,000,000 төгрөг төлсөн, нэхэмжлэгч уг мөнгийг авч үйл ажиллагаандаа зарцуулсан гэх тайлбарыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Нандин-Эрхэм ХХК маргаж буй Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 13312 Хүннүгийн гудамж 213 дугаар байрны өмчлөгчөөр 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгджээ. Зохигчийн хэн аль нь тус 213 дугаар байр нь ашиглалтад орж хариуцагч нь тус байрны 202 тоотод орших үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж байгаа талаар маргаагүй.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа тус үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь нэхэмжлэгч болохыг тодорхойлж, хариуцагч Ш.Булганаа тус орон сууцанд нэхэмжлэгчийн зөвшөөрөлгүй, гэрээ хэлцэлгүйгээр хууль бусаар эзэмшиж байгаа гэж тайлбарлажээ.

Хэрэгт авагдсан бичгийн баримт, талуудын тайлбараас үзэхэд дараах нөхцөл байдал тогтоогдсон ба хариуцагчийг маргаан бүхий орон сууцыг хууль бусаар эзэмшиж байгаа гэх үйл баримт тогтоогдсонгүй.

Нэхэмжлэгч нь иргэн Э.Солонготой 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гэрээний 1.1-д зааснаар Баянзүрх дүүргийн 26 хороонд баригдаж буй Санто апартмент хотхоны Б блокын 11 ширхэг байрыг худалдагч Нандин-Эрхэм ХХК, худалдан авагч Э.Солонгод хүлээлгэн өгөх худалдан авагч нь үнийг төлөх үүрэг хүлээжээ. Гэрээний дагуу хавсралтад заасан 11 ширхэг орон сууцны эзэмшлийг нэхэмжлэгч, иргэн Э.Солонгод шилжүүлжээ. Нэхэмжлэгчийн зүгээс гэрээний нөгөө тал болох иргэн Э.Солонгод гэрээний үүрэгтэй холбоотойгоор гэрээ цуцлах тухай 458 тоот мэдэгдлийг 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүргүүлж, гэрээний үүргээ биелүүлээгүй нөхцөлд гэрээний 6.2-т зааснаар 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөр тасалбар болгон гэрээнээс татгалзахыг анхааруулсан байна. Мөн нэхэмжлэгч 2021 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн 57, 04 дүгээр сарын 07-ны өдрийн 232 тоот мэдэгдлийг хариуцагчид хүргүүлж гэрээнээс татгалзсантай холбоотойгоор орон сууцыг чөлөөлөх хугацаа олгож байжээ.

Өөрөөр хэлбэл гэрээний талууд болох Нандин-Эрхэм ХХК, иргэн Э.Солонго нар Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 13312 Хүннүгийн гудамж 213 дугаар байрны 202 тоотод орших үл хөдлөх эд хөрөнгийг худалдах-худалдан авх гэрээнээс татгалзсан гэж үзэхээр, тус гэрээнээс татгалзсан үндэслэлээр нэхэмжлэгч, хариуцагчийг орон сууцны хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасан тухай шүүх хуралдаанд тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч болон иргэн Э.Солонго нарын хооронд байгуулсан Орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээнээс нэхэмжлэгч татгалзсанаар Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдагч нь үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшлийг гэрээний үндсэн дээр худалдан авагч буюу иргэн Э.Солонгод шилжүүлсний нэгэн адил мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар гэрээний нөгөө талаас үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшлийг буцаан шаардах эрхтэй. Нэхэмжлэгч талын тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзвэл иргэн Э.Солонгоос орон сууцны эзэмшлийг буцаан шилжүүлэхийг шаардсан нь тогтоогдохгүй, энэ талаархи баримт хэрэгт нотлох баримтаар авагдаагүй.

Нэхэмжлэгч Иргэний хуулийн 106 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчийн өмчлөх эрх зөрчигдсөн үндэслэлээр хариуцагчийг үл хөдлөх эд хөрөнгийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг шаардсан. Тус үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр нэхэмжлэгч улсын бүртгэлд бүртгэгдсэн нь хариуцагчийг маргаан бүхий орон сууцыг хууль бусаар эзэмшиж байгаа гэх хангалттай үндэслэл, хариуцагчийн эзэмшлийг хууль бус гэж үзэх үндэслэл болохгүй юм. Хариуцагч нь тус 202 тоот орон сууцыг өөрт нь худалдсан гэх иргэн Э.Солонготой эрхийн маргаантай, тухайн асуудлыг эрүүгийн журмаар шалгуулж байгаа, нэхэмжлэгч мөн уг эрүүгийн хэрэгт оролцож байгаа талаар дурдаж нэхэмжлэлээс татгалзсан. Зохигчийн маргаж байгаа үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч, иргэн Э.Солонготой эрх зүйн харилцаан үүсгэсний үндсэн дээр эзэмшиж байгаа нь нэхэмжлэгчийн хувьд иргэн Э.Солонготой байгуулсан гэрээг үндэслэж хариуцагчийг тухайн үл хөдлөх эд хөрөнгөөс албадан чөлөөлүүлж, шилжүүлэн өгөхийг шаардах эрхийг бий болгохгүй.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчийн хууль бус эзэмшлээс шүүхийн журмаар чөлөөлүүлэхийг хүсч өмчийн эрх зүйн буюу Иргэний хуулийн 106 дугаар зүйлд заасан агуулгаар тодорхойлсон боловч нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд үүргийн эрх зүйн буюу мөн хуулийн 243 дугаар зүйлийн хүрээнд буюу иргэн Э.Солонготой байгуулсан гэрээнээс татгалзсан талаар тайлбарласан бөгөөд худалдах-худалдан авах гэрээнээс талууд татгалзсан нөхцөлд нэхэмжлэгч нь шилжүүлсэн үл хөддөх эд хөрөнгийн өмчлөл болон эзэмших эрхийг худалдан авагч буюу иргэн Э.Солонгоос шаардах, Э.Солонго нь хөрөнгийг бодитоор буцаан шилжүүлэн өгөх үүрэгтэй.

Нөгөөтэйгүүр иргэн Э.Солонго, хариуцагч нарын хоорондын маргаантай байдал нь хариуцагч тус үл хөдлөх эд хөрөнгийг хууль бусаар эзэмшиж байгаа гэх үндэслэлийг үгүйсгэнэ. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар нэхэмжлэгч үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшлийг шилжүүлэхийг иргэн Э.Солонгоос шаардах эрхтэй байхад зөвхөн хариуцагчид холбогдуулан шаардлагаа гаргасан нь хуульд нийцэхгүй.

Нэхэмжлэгч, хариуцагчаас орон сууцыг хууль бусаар эзэмшсэн хугацааны түрээс болон ашиглалтын зардалд 10,440,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Шүүх нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлагыг хэрэгсэгүй болгон шийдвэрлэсэн учир энэ үндэслэлээр түрээс болон ашиглалтын зардалд 10,440,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.    Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй тул нэхэмжлэгч Нандин-Эрхэм ХХК-ийн хариуцагч Ш.Булганаад холбогдуулан Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 13312 Хүннүгийн гудамж 213 дугаар байрны 202 тоотод орших орон сууцны хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж орон сууцыг хууль бусаар эзэмшсэн хугацааны түрээс болон ашиглалтын зардалд 10,440,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 252,190 төгрөгийг орлогод үлдээсүгэй.

3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ