Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2021/01802

 

 

 

 

 

2021 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2021/01802

 

 

Н.Э ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 101/ШШ2021/02865 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Н.Э ХХК-ийн хариуцагч Ш.Бд холбогдуулан орон сууцны хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, 10 440 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Жавхлан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Алтангадас, хариуцагч Ш.Б, түүний өмгөөлөгч Э.Батбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Н.Э ХХК нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Дүнжингаравын гудамж Санто смарт апартмент орон сууцны 213-р байрны хууль ёсны өмчлөгч юм. Н.Э ХХК нь иргэн Э.Солонготой 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр №90 дугаартай орон сууцны барилгыг худалдах худалдан авах гэрээ байгуулан Э.Солонгод дээрх барилгын 95,9 м.кв хэмжээтэй 202 тоот орон сууцыг худалдсан. Гэтэл Э.Солонго нь гэрээний үүргээ биелүүлээгүй орон сууцны үнийг төлөөгүй тул бид 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 458 тоот, 2021 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 11 тоот гэрээнээс татгалзах тухай мэдэгдэл хүргүүлж Э.Солонготой байгуулсан гэрээг цуцалсан. Улмаар гэрээнээс татгалзсантай холбогдуулан өгсөн авснаа буцаах үр дагавар талуудад үүссэн. Орон сууцаа буцаан авах гэтэл тус 202 тоот сууцад Ш.Б гэгч оршин сууж байсан бөгөөд нэхэмжлэгч нь Ш.Бтай сууцны худалдах болон түрээслэх аливаа гэрээ хэлцэл байгуулаагүй, хүлээн авсан төлбөр мөнгө байхгүй.

Нэхэмжлэгчээс сууцыг чөлөөлж өгөхийг 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн №13, 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн №57, 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн №232 тоот албан бичгүүдээр удаа дараа мэдэгдэж шаардлага гаргасан боловч шаардлагыг биелүүлээгүй. Хариуцагч нь хэдийгээр тус байрыг 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн дотор чөлөөлж өгөх баталгааг гаргасан боловч тус баталгааны хугацаанд өнөөдрийг хүртэл чөлөөлөх үүргээ биелүүлээгүй. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчтай удаа дараа уулзаж, утсаар холбогдож байр чөлөөлж өгөх талаар шаардлага тавьсан боловч үндэслэлгүйгээр элдэв шалтаг тоочсоор, хууль бусаар эзэмшиж, хохироосоор байна. Бид өөрийн өмчлөлийн зүйлээ, бодитоор эзэмшилдээ авсан этгээд Ш.Бгаас шаардахаар хариуцагчаар тодорхойлсон. Э.Солонго нь гэрээний нэг тал ч талуудын хооронд байгуулагдсан гэрээний харилцаа нэг талын санаачилгаар дуусгавар болсон. Үүнээс үүдэх үр дагаврыг Э.Солонгоос шаардах гэтэл сууц бодитоор Э.Солонгын биш Ш.Б гэгчийн эзэмшилд шилжсэн байна. Ш.Бгаас өмчлөлийн хөрөнгөө шаардаж байна. Түүнчлэн, 2021 оны 01 дүгээр сараас хойш компанийн өмчлөлийн орон сууцанд үнэ төлбөргүйгээр амьдарч үндэслэлгүйгээр хөрөнгөжиж байна. Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасны дагуу амьдарсан хугацааны түрээсийн төлбөрийг тухайн орон сууцны жишиг үнэлгээгээр тооцож cap тутамд 1 700 000 төгрөгөөр амьдарсан хугацаанд нийт 10 200 000 төгрөг, ашиглалтын зардалд 240 000 /нэг сард 40000/ төгрөгийн хамт нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш.Б би Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Санто смарт апартмент хотхоны 213 байрны 202 тоот сууцыг худалдан авахаар Э.Солонготой харилцан тохиролцсоны үндсэн дээр 60 000 000 төгрөгийг 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр төлж тус сууцанд амьдарч байна. Орон сууцыг худалдан борлуулсан Э Солонго нь 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Н.Э ХХК-ийн оффисоос гарч ирэн түлхүүр өгөхдөө орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээ авч явсан ба намайг үзэхийг хүсэхэд намын шугамаар өгч байгаа болохоор үзүүлэх боломжгүй гэсэн. Гэтэл энэ өдрөөс хойш даруй 2 cap өнгөрч тавилга сав хийлгэж бүрэн тохижсоны дараа гэнэт 2020 оны 12 сарын 09-ний өдөр Н.Э ХХК-аас байр чөлөөлж өгөх мэдэгдлийг өгч улмаар дүн өвлийн хүйтэнд олон хоногоор тог цахилгаан тасалж, харуул хамгаалалтын ажилтнуудаар дарамтлуулан тайван амьдрах боломжгүй нөхцөл байдал үүссэн ба Н.Э ХХК-аас Э.Солонготой хийсэн гэрээг үзүүлэхийг шаардсан ч мөн зөвшөөрөөгүй. Н.Э ХХК-ийн зүгээс мэдэгдэл ирсэн цагаас Э.Солонготой хөөцөлдөж үнэн учрыг олохоор явсан бөгөөд энэ хооронд Э.Солонготой ярилцсан яриаг Н.Э ХХК-ийн захирал н.Оюунтуяа нэг бүрчлэн мэдэж байдаг, мөн эсрэгээрээ Н.Э ХХК-ийн удирдлагуудтай бидний тохиролцох гэсэн оролдлогыг Э.Солонго мэдэж байдаг зэргээс дүгнэлт хийвэл Э.Солонго, Н.Э ХХК нар зохиомол байдлыг зориудаар бий болгож төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй юм. Нэхэмжлэгч хэдийгээр Э.Солонготой байгуулсан гэрээгээ цуцалсан гэх хэдий ч сууцны төлбөрт тооцож өгсөн 60 000 000 төгрөгийг Э.Солонгоос авч компанийн үйл ажиллагаандаа зарцуулсан. Мөн нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан түрээсийн болон ашиглалтын зардал 10 440 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Тодруулбал,тус сууцны ашиглалт СӨХ-ны нэхэмжлэх ирсэн даруйд тухай бүр төлдөг. Бидний хооронд түрээсийн гэрээний харилцаа огт үүсээгүй байхад түрээсийн төлбөр нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Хариуцагч тал дээрх үндэслэл шалтгааны улмаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тус орон сууцыг худалдах, худалдан авах гэрээний дагуу хууль ёсоор эзэмшилдээ авсан учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй тул нэхэмжлэгч Н.Э ХХК-ийн хариуцагч Ш.Бд холбогдуулан Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 13312 Хүннүгийн гудамж 213 дугаар байрны 202 тоотод орших орон сууцны хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж орон сууцыг хууль бусаар эзэмшсэн хугацааны түрээс болон ашиглалтын зардалд 10 440 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 252 190 төгрөгийг орлогод үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар тодорхойлсон. Хуулийн өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй тухай тус зохицуулалт нь хууль ёсны өмчлөгчийн өмчлөлийн туйлын эрхийг хамгаалсан зохицуулалт юм. Хуулийн урьдчилсан нөхцөл нь нэхэмжлэгч 1/тухайн хөрөнгийн өмчлөгч байх, 2/тэр хөрөнгө нь бусдын эзэмшилд бодитоор байх, 3/эзэмшил нь хууль бус байхыг шаарддаг. Н.Э ХХК нь 202 тоот байрны хууль ёсны өмчлөгч. Гэтэл нэхэмжлэгчтэй худалдах, худалдан авах гэрээг байгуулсан Э.Солонго нь өөрийн өмчлөлд гэрээний зүйлийг шилжүүлэн аваагүй атлаа өөрийн өмч мэтээр бусдад дамнан худалдсан. Хууль ёсны өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр, түүний хүсэл зоригоос гадуур өмчлөлийн зүйл бусад этгээдэд шилжсэн тохиолдолд түүнийг хууль бус эзэмшил гэж үздэг. Ш.Бг тухайн орон сууцыг хууль ёсны дагуу эзэмшиж байгаа, эзэмшлийг хууль ёсны гэх нотлох баримт байхгүй. Ш.Бгийн хувьд хууль ёсны өмчлөгчтэй байгуулсан гэрээ, хэлцэл огт байхгүй, зөвшөөрөлгүйгээр шилжүүлэн авсан байхад шүүх юуг үндэслэж Ш.Бгийн эзэмшлийг хууль ёсны гэж үзсэн нь ойлгомжгүй. Шүүхийн уг дүгнэлт нь Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт хүсэлт зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ гэж заасныг зөрчсөн. Энд хэлцэл нь бичгээр байгуулагдаж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байхыг шаарддаг. Гэтэл Ш.Б нь тухайн үл хөдлөх хөрөнгийг Э.Солонгоос авсан гэх боловч орон сууц худалдах, худалдан авах гэрээ байдаггүй, бүртгэлд хамрагдаагүй. Ш.Б тухайн орон сууцанд нэхэмжлэгч Н.Э ХХК-тай, Э.Солонготой гэрээ байгуулалгүй тухайн үл хөдлөх хөрөнгөд хууль бусаар оршин сууж байгаа нь түүний эзэмшил хууль бус болохыг хангалттай баталж байна. Өмчлөгчийн эрхийг ноцтой зөрчиж байгааг хүлээн зөвшөөрсөнд гомдолтой байна. Иргэний хуулийн 91 дүгээр зүйлд эд хөрөнгө эзэмшигчийг өмчлөгч гэж тооцох тухай зохицуулалтын хязгаарлалт болох мөн хуулийн 91.2.1-д эд хөрөнгийг өмчлөх эрх улсын бүртгэлд үндэслэсэн бол гуравдагч этгээдийг тухайн эд хөрөнгийн өмчлөгч гэж тооцохгүй байх тухай зохицуулалтыг анхан шатны шүүх хэрэглэлгүйгээр, хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Шүүх нэхэмжлэгчийн хүсэл зориг, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг огт ойлгоогүй нь харагдаж байна.Нэхэмжлэгч хэзээ ч Э.Солонготой байгуулсан гэрээний үр дагаврыг хариуцагчаас шаардаж байгаагүй. Харин нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хариуцагч хэрхэн энэ байрыг эзэмшлийг олж авах болсон үндэслэлийг тайлбарлахын тулд анх Н.Э ХХК иргэн Э.Солонготой байгуулсан гэрээг дурдсан байдаг. Э.Солонго нь гэрээний үүргээ зөрчиж, орон сууцны үнийг тогтоосон хугацаанд төлөөгүй тул бид 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 458 тоот, 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 11 тоот гэрээнээс татгалзах тухай мэдэгдэл хүргүүлж, гэрээгээ цуцалсан. Нэхэмжлэгч нь Ш.Бтай тус орон сууцны байрыг худалдах болон түрээслэх аливаа гэрээ хэлцэл байгуулж иргэний эрх зүйн харилцаанд оролцоогүй. Ш.Бгийн энэ үйлдэл нь өмчлөлийн зүйлээ захиран зарцуулахад саад учруулж байна. Гэтэл анхан шатны шүүх хэн хэнээс юуг шаардах эрхтэй, үүсээд буй эрх зүйн харилцааны зааг, ялгаанд үндэслэл бүхий дүгнэлтийг хийсэнгүй. Хэргийг эцэслэн шийдвэрлэхдээ мөн Э.Солонгоос орон сууцны эзэмшлийг буцаан шилжүүлэхийг шаардсан нь тогтоогдохгүй, үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшлийг шилжүүлэхийг иргэн Э.Солонгоос шаардах эрхтэй байхад зөвхөн хариуцагчид холбогдуулан шаардлагаа гаргасан нь хуульд нийцэхгүй гэж дахин дүгнэсэн. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт, мөн хуулийн 171 дүгээр зүйлийн 171.1.2-т энэ хуулийн 171.1-д заасныг зөрчсөн.Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

 

Нэхэмжлэгч Н.Э ХХК нь хариуцагч Ш.Бд холбогдуулан Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Дүнжингаравын гудамжны Санто смарт апартмент 213-р байрны 202 тоот сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, үндэслэлгүй хөрөнгөжсөн /сууцанд амьдарсан хугацааны түрээсийн төлбөрийг тухайн орон сууцны жишиг үнэлгээгээр буюу сар тутамд 1 700 000 төгрөгөөр тооцож 10,200,000 төгрөг, ашиглалтын зардалд 240 000 төгрөг /сард 40 000/ төгрөг нийт 10 440 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх1-2/

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа ... Иргэн Э.Солонготой байгуулсан гэрээнээс татгалзсантай холбогдуулан Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасны дагуу өгсөн авснаа буцаах үр дагавар талуудад үүссэн. Сууцаа авах гэтэл тус 202 тоотод Ш.Б оршин суугаад гарахгүй байгаа. Э.Солонготой байгуулсан гэрээний үр дагаврыг хариуцагчаас шаардаагүй талаар тайлбарлажээ./хх67-68/

 

Н.Э ХХК нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Дүнжингаравын гудамжны Санто смарт апартмент орон сууцны 213 дугаар байрны өмчлөх эрхийн Ү-2204095770 дугаар бүхий улсын бүртгэлийн гэрчилгээнд үндэслэсэн өмчлөгч болох нь тогтоогджээ. /хх7/

 

Тус Н.Э ХХК-ийн Э.Солонготой 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 90 тоот орон сууцны барилгыг худалдах, худалдан авах гэрээ, хавсралтад заасан 11 ширхэг орон сууцны эзэмшлийг Э.Солонгод шилжүүлсэн баримт, гэрээнээс татгалзах тухай мэдэгдлүүд, 202 тоот сууцыг чөлөөлөхийг шаардсан албан бичгүүд зэрэг баримтууд хэрэгт авагджээ. /хх 8-13,16 /

 

Талуудын тайлбараар дээрх маргааны зүйл болох 202 тоот сууцанд Ш.Б амьдарч байгаа үйл баримт тогтоогдсон. /хх46/

 

Хариуцагч Ш.Б нь маргааны зүйл болох 202 тоотыг худалдан авахаар Э.Солонгод 60 000 000 төгрөгийн урьдчилгаа төлж, уг 60 000 000 төгрөг нэхэмжлэгчийн Хаан банк дах 5038086172 тоот дансанд битүүмжлэгдсэн байгаа талаар тайлбарласныг нэхэмжлэгч баримтаар үгүйсгээгүй байна./хх51/

 

Зохигчдын хооронд 202 тоотыг Ш.Б эзэмшиж буй нь хууль ёсны эсэх талаар маргаантай байна. Анхан шатны шүүхээс Нэхэмжлэгч нь Ш.Б тус орон сууцыг өмчлөгчийн зөвшөөрөлгүй, гэрээ хэлцэлгүйгээр хууль бусаар эзэмшиж байгаа гэж тайлбарласан бол хариуцагч нь Э.Солонгоос худалдан авч 60 000 000 төгрөг төлсөн, нэхэмжлэгч уг мөнгийг авч үйл ажиллагаандаа зарцуулсан талаар дүгнэлт хийсэн боловч ... гэрээний талууд болох Н.Э ХХК, иргэн Э.Солонго нар Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 13312 Хүннүгийн гудамж 213 дугаар байрны 202 тоотод орших үл хөдлөх эд хөрөнгийг худалдах-худалдан авах гэрээнээс татгалзсан гэж үзэхээр байна гэж гуравдагч этгээдийн байгуулсан гэрээнд хамаарах асуудлыг үндсэн нэхэмжлэлийн хамт дүгнэж шийдвэрлэжээ.

 

Мөн анхан шатны шүүхээс нэхэмжлэгч компани Э.Солонго нарын хооронд байгуулсан орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээнээс нэхэмжлэгч татгалзсанаар Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдагч нь үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшлийг гэрээний үндсэн дээр худалдан авагч буюу иргэн Э.Солонгод шилжүүлсний нэгэн адил мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээний нөгөө талаас үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшлийг буцаан шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчимд нийцэхгүй. Учир нь шүүхийн шийдвэр нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээгээр хязгаарлагдах бөгөөд хэрэг хянан шийдвэрлэхэд оролцоогүй гуравдагч этгээдийн иргэний эрх зүйн эрх, үүргийг үндсэн нэхэмжлэлийн хамт шийдвэрлэхгүй юм.

 

Хэрэв талууд нэхэмжлэлийн шаардлагын болоод татгалзлын үндэслэлд гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээг зааж байгаа тохиолдолд уг үйл баримт маргаангүй тогтоогдсон байх учиртай.

 

Н.Э ХХК нь Э.Солонготой 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан гэрээнээс бүрэн татгалзсан гэж тайлбарлаж байгаа бол энэ нь тухайн гэрээний талуудын хүсэл зоригийн асуудал бөгөөд гэрээний нэг тал болох Э.Солонго хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй байхад түүний өмнөөс анхан шатны шүүх Э.Солонго гэрээнээс татгалзсан гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дэх хэсэгт шүүхээс гарах шийдвэр маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргаагүй этгээдийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхөөр байвал шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг этгээдийн өөрийнх нь болон зохигчийн хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж болохоор заасан. Хэргийн баримтаар анхан шатны шүүхээс Э.Солонгыг тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах эсэх талаар тодруулсан байдал тогтоогдохгүй байна.

 

Н.Э ХХК, Э.Солонго нар нь 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан гэрээндээ орон сууцны барилга худалдах, худалдан авахаар тохиролцсон байх бөгөөд уг гэрээнээс бүхэлд нь татгалзсан эсэх, эсхүл тодорхой тоот сууцнуудын хувьд татгалзсан, Э.Солонго, Ш.Б нарын хоорондын тохиролцоо, 60 000 000 төгрөг хэний дансанд ямар үндэслэлээр орсон зэрэг үйл баримт энэ хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт зааснаар хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх тодорхой нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг явуулахаар байна. Хариуцагч Ш.Бгийн зүгээс миний орон сууцны төлбөрт тооцож өгсөн 60 000 000 төгрөг нь Э.Солонгоос Н.Э ХХК-д төлсөн 650 000 000 төгрөг дотор багтаж нэхэмжлэгчийн 5038086172 тоот дансанд битүүмжлэгдсэн байх тул энэ талаарх мэдээллийг гаргуулна гэсэн хүсэлт гаргасан нь хэргийн 47 дугаар талд авагджээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.4 дэх хэсэгт зааснаар энэ хуулийн 46.3-т заасан нотлох баримтыг гаргаж өгөхөөс хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр татгалзвал түүнийг албадан гаргуулах бөгөөд хэрэгт ач холбогдолтой баримтыг шүүхээс шаардсан байхад Нийслэлийн Прокурорын байгууллага татгалзсанаар хэргийн нотлох баримт дутуу бүрджээ.

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэг зааснаар өмчлөгч нь хууль бус эзэмшлээс өөрийн хөрөнгийг буцаан шаардах эрхийг хэрэгжүүлэх урьдчилсан нөхцөл нь хариуцагч этгээд буюу эзэмшигч нь 94 дүгээр зүйлд зааснаар тухайн эд юмсыг эзэмших эрхгүй болсон байх ёстой. Иймд тухайн хэргийн эрх зүйн бодит байдлыг тогтоох, эзэмшигч Ш.Б нь Э.Солонгоос олгосон эрхийн дагуу тэнд оршин сууж буй нь шударга эзэмшигч мөн эсэхийг тогтоох шаардлагатай юм.

 

Хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй, давж заалдах шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 101/ШШ2021/02865 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 252 190 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Ш.ОЮУНХАНД