Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 101/ШШ2021/03333

 

 

 

 

 

 

 

2021 10 22

101/ШШ2021/03333

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Баярмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дорнод аймаг, Баяндун сум, 1 дүгээр баг Түргэн гэх газар оршин суух Чадангууд овгийн Амарын ******* /УХ68080130/ -ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, 12 дугаар хэсэг, Сэлбэ 6 дугаар гудамж, 53 тоот хаягт оршин суух Харчу овогт Биндэръяагийн******* /ВЕ79040510/-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 480,813,150.68 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Отгонбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Очирдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч А.*******той хариуцагч Б.Батсанаа нь 2018 оны 6 сарын 05-ны өдөр 2 жил буюу 24 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар, нэг сарын 1.6 хувийн хүүтэй байхаар харилцан тохиролцсон. Зээлийг гэрээ байгуулсан өдөр бэлнээр хариуцагчид хүлээлгэн өгсөн байдаг. Талууд үндсэн зээл болон зээлийн хүүгийн төлбөрийг төлөх эцсийн хугацааг 2020 оны 6 сарын 05-ны өдөр байхаар харилцан тохиролсон. Зээлдэгчийн зүгээс 2018 оны 10 сарын 05-ны өдөр 64,000,000 төгрөгийг хүүгийн төлбөрт төлсөн.

Зээлийн үндсэн төлбөрөөс 800,000,000 төгрөгийг 2019 оны 7 сарын 09-ний өдөр Улз буянт пропертиз ХХК болон Лидер буянт холдинг ХХК нарын хоорондын тооцоонд оруулан тооцохоор харилцан тохиролцсон. Уг төлбөрийг хариуцагч Б.Батсанаагийн 2018 оны 6 сарын 05-ны өдрийн зээлийн гэрээний үндсэн төлбөрөөс хасаж, үлдэгдэл 200,000,000 төгрөгийг хүүгийн хамт төлөхөөр болсон. Энэ гэрээ компаниудын хооронд байгуулагдаагүй. Энэ гэрээн дээр талууд гарын үсэг зурсан хүчин төгөлдөр гэрээ. Гэрээний доод хэсэгт бичигдсэн гар бичвэрийг бол Б.Батсанаа өөр нэмж бичсэн байх. Тэр бичилт дээр нь зээлдүүлэгчийн зүгээс гарын үсэг зураагүй. Мөн энэ зээлийн талаар 2021 оны 3 сарын 24-ний өдрийн Улз буянт пропертиз ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал дээр яригддаг. Хурлын протколыг эхээр нь өгсөн байгаа. Харин хурлын тэмдэглэл дээр Б.Батсанаа нь гарын үсэг зураагүй, хурлыг орхиод гараад явсан. Тийм болохоор А.******* ч гарын үсэг зураагүй. Гэхдээ энэ хурал дээр яригдсан зүйл бүгд үнэн. Тэмдэглэлийг Амарсанаа гэж хүн бичсэн. Энэ хурал дээр ойлголцоогүй тул хэн аль нь гарын үсэг зураагүй. Мөн Улз групп ХХК-иас компанийн хувиар иргэн Б.Батсанаад огт мөнгө зээлээгүй, зээлийн гэрээний харилцаа үүсгээгүй талаар албан бичиг хийж өгсөн.

Хариуцагчийн зүгээс гэрээгээр хүлээсэн зээлийн төлбөрийг төлөх үүргээ өнөөдрийг хүртэл хугацаанд биелүүлээгүй. Иймд үндсэн зээлд 200,000,000 төгрөг, хүүгийн төлбөрт 180,813,150.68 төгрөг, алданги 100,000,000 төгрөг нийт 480,813,150.68 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон болон шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа:

Б.Батсанаа нь 2018 онд нэхэмжлэгч А.*******ын Улз групп ХХК-тай хамтран Улз буянт пропертиз ХХК-ийг байгуулан Хан-Уул дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт Улз групп орон сууцны төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Б.Батсанаа, Улз групп ХХК нар 2018 оны 01 сарын 05-ны өдөр №01 дугаартай Хувьцаа эзэмшигчдийн гэрээ, Б.Батсанаа, Улз групп ХХК, Улз буянт пропертиз ХХК, Лидер буянт холдинг ХХК нар 2018 оны 02 сарын 28-ны өдөр Хамтран ажиллах гэрээг тус тус байгуулсан байдаг. Улз буянт пропертиз ХХК-ийн хувьцаа эзэмшигчид Төслийг хэрэгжүүлэхээр газрыг 5 тэрбум төгрөгөөр худалдаж авч хөрөнгө оруулсан ба*******гаас гарах 1 тэр бумыг 2018 онд Улз групп ХХК төлсөн. Б.Батсанаа, Улз групп ХХК нарын гаргасан энэхүү газрын төлбөр болох хөрөнгө оруулалт нь Улз буянт пропертиз ХХК-ийн хэрэгжүүлж буй төслөөс олсон ашгаас эргүүлэн төлөгдөнө. Лидер буянт холдинг ХХК нь Б.Батсанаагийн компани бөгөөд зах зээлийн үнээс хямд үнээр орон сууцны төслийн барилгын ажлыг гүйцэтгэхээр тохирч, 1-р ээлжийн барилгын ажлаас өөрсдийн хийх гүйцэтгэлийн ажлаа чанартай хийж гүйцэтгэсэн. Үүнтэй холбоотой Улз буянт пропертиз ХХК нь Лидер буянт холдинг ХХК-д ажлын хөлс төлөх санхүүгийн эх үүсвэргүй байх үед Б.Батсанаа, Улз групп ХХК нар нь газар худалдан авахад оруулсан хөрөнгө оруулалтыг шилжүүлэх замаар шийдвэрлэсэн.

Өөрөөр хэлбэл*******гийн өмнөөс Улз групп ХХК нь 1 тэрбум төгрөгийг төлсөн. Улз буянт пропертиз ХХК-ийн орон сууцны төсөлд хэн хэдэн төгрөг оруулсан, хэн хэнд хэдэн төгрөгийн хөрөнгө хувиарилах, хөрөнгө оруулалтын зарцуулалт хэрхэн хийгдэж байгааг тогтоох ээлжит бус аудит оруулахыг даалгах болон бусад шаардлага бүхий хувьцаа эзэмшигч Б.Батсанаагийн нэхэмжлэлтэй, Улз групп ХХК, Улз буянт пропертиз ХХК, Вип Резиденс ХХК нарт холбогдох иргэний маргаан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байна. Улз групп ХХК-ийн захирал Б.******* нь Улз буянт пропертиз ХХК-н гүйцэтгэх захирал Ц.Оюунчулууныг чөлөөлөхөд нэгдмэл санаатай байх болно гэж Б.Батсанаад амлалт өгсөн тул 2020 оны 06 сард түүний бэлдэж ирсэн 2 хуудас гэрээнд өөрийн санаагаа бичиж өгсөн. Харин 2018 оны 06 сарын 05-ны өдөр уг зориулалт, нөхцөлөөр Б *******оос 1 тэр бум төгрөгийн зээл аваагүй, нэхэмжлэлд хавсаргасан зээлийн гэрээг байгуулаагүй гэж Б.Батсанаа тайлбарлаж байна. Улз буянт пропертиз ХХК-ийн хувьцаа эзэмшигчид, гүйцэтгэх захирал нарын дунд үүссэн маргаан, Улз буянт пропертиз ХХК, манай Лидер буянт холдинг ХХК нарын төлбөрийн маргаан, гүйцэтгэх захирал Ц.Оюунчулууныг Авлигатай тэмцэх газраас шалгасан зэрэг тэдний дунд үүссэн маргаантай асуудлаас болж, үндэслэлгүй төлбөрийн асуудлыг сөхөн шүүхэд хандсан байна.

2018 оны 6 сарын 05-ны өдрийн гэрээн дээр зурагдсан гарын үсэг Б.Батсанаагийн гарын үсэг мөн. Гэхдээ Б.Батсанаа нь тухайн үед зурсан гэрээ нь хоёр хуудас байсан. Агуулга нь А.*******оос мөнгө зээлсэн агуулга бичигдээгүй байсан гэж тайлбарладаг. Энэ гэрээнд нэмэлтээр бичсэн Б.Батсанаагийн гарын үсэгтэй гараар бичсэн хэсэг нь энэ гэрээ А.******* болон Б.Батсанаа нарын хооронд байгуулагдаагүй. Харин Улз групп ХХК-иас хөрөнгө оруулалт хэлбэрээр мөнгө авсан гэдгийг нотолно.

Мөн 2020 оны 4 сарын 23-ны өдрийн үүрэг болгох тухай гэх хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолд Улз групп ХХК-иас Б.Батсанаа нь 1 тэр бум төгрөгийг авсан үүнээс 800,000,000 төгрөгийг хасаж тооцсон үлдэгдэл төлбөрийг төлөх талаар тусгасан байгаа.

Тиймээс хариуцагч Б.Батсанаа нь А.*******той зээлийн гэрээний харилцаанд ороогүй тул түүний нэхэмжилсэн 480,813,150.68 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүхэд болон шүүх хуралдааны үед зохигчдын гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А.******* нь хариуцагч Б.Батсанаад холбогдуулан зээлийн гэрээний дагуу төлөх төлбөрт 480,813,150.68 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч тал бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг талуудын хооронд 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 200,000,000 төгрөг, зээлийн хүүнд 180,813,150.68 төгрөг, алданги 100,000,000 төгрөг, нийт 480,813,150.68 төгрөгийг гаргуулна гэж тодорхойлсон.

Хариуцагчаас дээрх баримтанд зурагдсан гарын үсэг Б.Батсанаагийн гарын үсэг мөн хэдий ч гэрээний эхний хуудас солигдсон, гэрээний талууд нь өөр этгээдүүд гэж маргаж байх бөгөөд 1 тэрбум төгрөгийг Улз групп ХХК-иас хөрөнгө оруулалтын хэлбэрээр авсан. Дурдсан 1 тэрбум төгрөгийн үлдэгдэл төлбөр болох 134,000,000 төгрөгийг Улз групп ХХК-нд төлнө гэж тайлбарлаж байна.

Нэхэмжлэгчийн зээлийн гэрээ байгуулагдсан гэх тайлбарыг хариуцагчаас эс зөвшөөрч маргаж байгаа тул энэ харилцааг зохицуулах Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зохицуулалт, тус гэрээг байгуулсан гэж үзэх үндэслэл, талуудын хүсэл зоригийн илэрхийлэлд дүгнэлт хийх нь зүйтэй байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт, Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж зохицуулсан.

Хариуцагчаас 1 тэрбум төгрөгийг авсан талаар болон нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан компаниуд хоорондын тооцоонд оруулахаар 800,000,000 төгрөгийг хасч тооцсон, 64,000,000 төгрөгийг төлсөн үйл баримтууд дээр маргаагүй.

Харин 1 тэрбум төгрөгийг Улз групп ХХК-иас хөрөнгө оруулалтын хэлбэрээр авсан. Энэ нь 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн Улз буянт пропертиз ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолын 4 дэх хэсэгт Улз групп ХХК-иас хувьцаа эзэмшигч Б.Батсанаагийн авсан 1 тэрбум төгрөгийн зээлээс 800,000,000 төгрөгийг хасч тооцон, үлдэгдэл төлбөрийг Улз Групп ХХК-нд төлж, Улз буянт пропертиз ХХК-ийн Лидер буянт холдинг ХХК-д төлөх өглөгийг 800,000,000 төгрөгөөр бууруулсугай гэж бичигдсэн дээрх хурлын тогтоолоор нотлогдоно гэж тайлбарлаж, иргэн А.*******той зээлийн гэрээ байгуулаагүй гэж маргаж, байна.

Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт зааснаар хэлцэл нь тодорхой зорилго бүхий этгээдийн хүсэл зоригийн илэрхийлэл бөгөөд тус илэрхийлэл нь мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар нөгөө тал хүсэл зоригийн илэрхийллийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болох зохицуулалттай.

Улз буянт пропертиз ХХК-ийн 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл нэгдсэн буюу Улз буянт ХХК болон иргэн Б.Батсанаа нарын хооронд хөрөнгө оруулалтын зориулалтаар хэлцэл байгуулагдсан гэж үзэх үндэслэл болохгүй юм.

Харин энэ баримт нь тодорхой үйл баримтыг нотлох бичгийн баримт бөгөөд энэ маргааны хувьд 1 тэрбум төгрөгийн өглөгөөс 800,000,000 төгрөгийг хассан үйл баримтыг нотлох бичгийн нотлох баримт гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч нь Улз буянт пропертиз ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолд дурдагдсан 800,000,000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжлээгүй бөгөөд тогтоолд дурдсан үндэслэлээр 1 тэрбум төгрөгийн зээлийн төлбөрөөс 800,000,000 төгрөгийг хасч тооцож, үлдэгдэл төлбөр болох 200,000,000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэх тайлбар нь энэ баримтаар нотлогдож байна гэж үзэхээр байна.

Хариуцагчаас энэ гэрээг байгуулаагүй гэх татгалзлын үндэслэл болсон гэрээний эхний хуудас нь өөр агуулгатай байсан гэх тайлбар нь баримтаар нотлогдохгүй байна.

Мөн хариуцагчаас 2018 оны 2 сарын 28-ны өдрийн Улз групп ХХК болон Иргэн Б.Батсанаа, Улз буянт пропертиз ХХК, Лидер буянт пропертиз ХХК нарын хооронд хийгдсэн хамтран ажиллах гэрээний дагуу оруулсан 20 тэрбум төгрөгт нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 1 тэрбум төгрөг багтаж байгаа гэх тайлбарыг гаргаж байна.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан Улз буянт пропертиз ХХК-ийн дүрэм, 2021 оны 1 дүгээр сарын 15-ны Улз буянт пропертиз ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн өдрийн хурлын тогтоол, 2018 оны 2 сарын 28-ны өдрийн хамтран ажиллах гэрээ, 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн гэрээ, 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол зэрэг баримтуудаар хариуцагчийн татгалзлын үндэслэл болсон 20 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын гэрээнд 1 тэрбум төгрөг багтаж байгаа гэж эргэлзээгүй дүгнэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Зохигчдын хооронд байгуулсан гэрээний гарын үсэг зурсан хэсэгт бичмэл байдлаар 2018 оны 6 сарын 05-ны өдөр Улз групп ХХК-иас 1 тэрбум төгрөгийг зээл авав. 2019 оны 7 сарын 09-нд Улз буянт пропертиз ХХК, Лидер буянт холдинг ХХК-ийн ажил гүйцэтгэлийн хөлс болох 800,000,000 төгрөгийг хасч тооцон үлдэгдэл 200,000,000 төгрөгийг хүүгийн хамт Улз буянт ХХК-нд төлөхөөр тохиролцов гэж бичсэн байх бөгөөд хариуцагч Б.Батсанаа гарын үсэг зурсан байна.

Дээрх бичгээр илэрхийлсэн нэг талын хүсэл зоригийн илэрхийлэлийг нөгөө тал хүлээн авсан гэж үзэх үйл баримт тогтоогдохгүй байх тул энэ баримтаар хариуцагчийг Улз групп ХХК-тай хэлцэл байгуулж, үүрэг хүлээсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Дурдсан үндэслэлээр иргэн А.******* болон Б.Батсанаа нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.

Иймд гэрээний дагуу буюу Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэг, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар зээлийн төлбөрийг буцаан төлөх үүрэг зээлдэгч талд, зээлийн төлбөрийг шаардах эрх зээлдүүлэгч талд үүссэн байна.

Нэхэмжлэгчээс зээлийн үлдэгдэл төлбөр 200,000,000 төгрөгийг нэхэмжилсэн. Хариуцагчаас 134,000,000 төгрөгийг Улз групп ХХК-нд төлөх үндэслэлтэй гэж тайлбарладаг.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ, хариуцагч хариу тайлбараа өөрөө нотлох, холбогдох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй.

Хэрэгт авагдсан баримтаар 134,000,000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй гэж үзэх үйл баримт нотлогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариуцагчаас 200,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчээс хүүнд 180,813,150.68 төгрөг гаргуулах шаардлага гаргасан.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно гэж, 282.3 дахь хэсэгт, Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана. гэсэн зохицуулалтад талуудын хүү төлөхөөр тохиролцож бичгээр байгуулсан гэрээ нийцэж байна. Талууд гэрээгээр нэг сарын хүү 1.6 хувь байна. Зээлийн хугацаа 24 сарын хугацаатай байхаар тохиролцсон байна.

Нэхэмжлэгчээс 2018 оны 6 сарын 05-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хугацааны хүүгийн төлбөрт 64,000,000 төгрөгийг авсан гэх тайлбарт хариуцагчийн зүгээс 64,000,000 төгрөгийг төлсөн дээр маргаагүй тул нэхэмжлэгчийн 4 сарын буюу 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх хугацааны хүүгийн төлбөрт /16,000,000х4сар/ 64,000,000 төгрөгийг авсан гэх тайлбар үндэслэлтэй байна.

Гэрээний дагуу 2018 оны 11 сараас 2019 оны 7 сарын 9-ний өдөр хүртлэх хугацаанд хүүгийн төлбөрийг 1 тэрбум төгрөгөөс тооцож 128,000,000 төгрөг, 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрөөс 200,000,000 төгрөгөөс хүүгийн хэмжээг тооцож 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хугацааны хүүгийн төлбөрт /3,200,000х12сар/ 38,400,000 төгрөг нийт 166,400,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Нэхэмжлэгчид алдангид гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувьтай тэнцэх хэмжээгээр тооцож 100,000,000 төгрөг нэхэмжилсэн.

Талууд зээлийг буцаан төлөх хугацааг 2020 оны 66 дугаар сарын 05-ны өдөр байхаар тохиролцож, тодорхой хугацаатай байгуулагдсан гэрээ байх тул гэрээнд заасан хугацаандаа гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэж алданги нэхэмжилснийг буруутгах боломжгүй байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ гэж, 232.4-т Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан.

Зохигчдын хооронд байгуулсан гэрээний 5.2-т талууд гэрээнд заасан хугацаанд үүргээ биелүүлээгүй тохиолдолд буруутай тал нь хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0.2 хувийн алданги төлөхөөр тохиролцсон нь хуульд нийцэж байх тул хариуцагчаас алдангид 100,000,000 төгрөгий гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэг болон 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч Б.Батсанаагаас 466,400,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хүүгийн төлбөр 14,413,150.68 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Батсанаагаас 466,400,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.*******од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 14,413,150.68 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,562,016 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн хариуцагч Б.Батсанаагаас 2,489,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.*******од олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА