Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2021/01788

 

 

2021 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2021/01788

 

 

А.Бын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч А.Мөнхзул, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2021/03333 дугаар шийдвэртэй

А.Бын нэхэмжлэлтэй хариуцагч Б.Бд холбогдох

зээлийн гэрээний үүрэгт 480 813 150.68 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Отгонбаатар, хариуцагчийн итгэмлэгдсэн төлөөлөгч Д.Очирдорж, түүний өмгөөлөгч О.Даваажаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Отгонбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч А.Бтой хариуцагч Б.Б нь 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 1 000 000 000 төгрөгийг /1 тэрбум/, 2 жил буюу 24 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар, нэг сарын 1.6 хувийн хүүтэй байхаар харилцан тохиролцсон. Зээлийн мөнгийг гэрээ байгуулсан өдөр бэлнээр хариуцагчид хүлээлгэн өгсөн байдаг. Талууд үндсэн зээл болон зээлийн хүүгийн төлбөрийг төлөх эцсийн хугацааг 2020 оны 6 дугаар сарын 05-ны өдөр байхаар харилцан тохиролцсон. Зээлдэгчийн зүгээс 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 64 000 000 төгрөгийг хүүгийн төлбөрт төлсөн. Зээлийн үндсэн төлбөрөөс 800 000 000 төгрөгийг 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр У ХХК болон Л ХХК нарын хоорондын тооцоонд оруулан тооцохоор харилцан тохиролцсон. Уг төлбөрийг хариуцагч Б.Бгийн 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн гэрээний үндсэн төлбөрөөс хасаж, үлдэгдэл 200 000 000 төгрөгийг хүүгийн хамт төлөхөөр болсон. Энэ гэрээ компаниудын хооронд байгуулагдаагүй. Энэ гэрээн дээр талууд гарын үсэг зурсан хүчин төгөлдөр гэрээ байна. Гэрээний доод хэсэгт бичигдсэн гар бичвэрийг бол Б.Б өөрөө нэмж бичсэн байх. Тэр бичилт дээр нь зээлдүүлэгчийн зүгээс гарын үсэг зураагүй. Мөн энэ зээлийн талаар 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн У ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал дээр яригддаг. Хурлын протколыг эхээр нь өгсөн байгаа. Харин хурлын тэмдэглэл дээр Б.Б нь гарын үсэг зураагүй, хурлыг орхиод гараад явсан. Тийм болохоор А.Б ч гарын үсэг зураагүй. Энэ хурал дээр ойлголцоогүй тул хэн аль нь гарын үсэг зураагүй. Мөн У ХХК-аас компанийн хувиар иргэн Б.Бд огт мөнгө зээлээгүй, зээлийн гэрээний харилцаа үүсгээгүй талаар албан бичиг хийж өгсөн. Хариуцагчийн зүгээс гэрээгээр хүлээсэн зээлийн төлбөрийг төлөх үүргээ өнөөдрийг хүртэл хугацаанд биелүүлээгүй. Иймд үндсэн зээлд 200 000 000 төгрөг, хүүгийн төлбөрт 180 813 150.68 төгрөг, алданги 100 000 000 төгрөг нийт 480 813 150.68 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Очирдорж шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б нь 2018 онд нэхэмжлэгч А.Бын У ХХК-тай хамтран У ХХК-ийг байгуулан Хан-Уул дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт У орон сууцны төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Б.Б, У ХХК нар 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр №01 дугаартай Хувьцаа эзэмшигчдийн гэрээ, Б.Б, У ХХК, У ХХК, Л ХХК нар 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Хамтран ажиллах гэрээ-г тус тус байгуулсан. У ХХК-ийн хувьцаа эзэмшигчид төслийг хэрэгжүүлэхээр газрыг 5 тэрбум төгрөгөөр худалдан авч хөрөнгө оруулсан ба Бгаас гарах 1 000 000 000 төгрөгийг 2018 онд У ХХК төлсөн. Б.Б, У ХХК нарын гаргасан энэхүү газрын төлбөр болох хөрөнгө оруулалт нь У ХХК-ийн хэрэгжүүлж буй төслөөс олсон ашгаас эргүүлэн төлөгдөнө. Л ХХК нь Б.Бгийн компани бөгөөд зах зээлийн үнээс хямд үнээр орон сууцны төслийн барилгын ажлыг гүйцэтгэхээр тохирч, 1-р ээлжийн барилгын ажлаас өөрсдийн хийх гүйцэтгэлийн ажлаа чанартай хийж гүйцэтгэсэн. Үүнтэй холбоотой У ХХК нь Л ХХК-д ажлын хөлс төлөх санхүүгийн эх үүсвэргүй байх үед Б.Б, У ХХК нар нь газар худалдан авахад оруулсан хөрөнгө оруулалтыг шилжүүлэх замаар шийдвэрлэсэн. У ХХК-ийн захирал А.Б нь У ХХК-н гүйцэтгэх захирал Ц.Оюунчулууныг чөлөөлөхөд нэгдмэл санаатай байх болно гэж Б.Бд амлалт өгсөн тул 2020 оны 6 сард түүний бэлдэж ирсэн 2 хуудас гэрээнд өөрийн санаагаа бичиж өгсөн. Харин 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдөр уг зориулалт, нөхцөлөөр А.Боос 1 000 000 000 төгрөгийн зээл аваагүй, нэхэмжлэлд хавсаргасан зээлийн гэрээг байгуулаагүй гэж Б.Б тайлбарлаж байна. 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн гэрээн дээр зурагдсан гарын үсэг Б.Бгийн гарын үсэг мөн. Гэхдээ Б.Б нь тухайн үед зурсан гэрээ нь хоёр хуудас байсан. Агуулга нь А.Боос мөнгө зээлсэн агуулга бичигдээгүй байсан гэж тайлбарладаг. Энэ гэрээнд нэмэлтээр бичсэн Б.Бгийн гарын үсэгтэй гараар бичсэн хэсэг нь энэ гэрээ А.Б болон Б.Б нарын хооронд байгуулагдаагүй. Харин У ХХК-аас хөрөнгө оруулалт хэлбэрээр мөнгө авсан гэдгийг нотолно. Мөн 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн үүрэг болгох тухай гэх хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолд У ХХК-аас Б.Б нь 1 000 000 000 төгрөгийг авсан үүнээс 800 000 000 төгрөгийг хасаж тооцсон үлдэгдэл төлбөрийг төлөх талаар тусгасан байгаа. Тиймээс хариуцагч Б.Б нь А.Бтой зээлийн гэрээний харилцаанд ороогүй тул түүний нэхэмжилсэн 480 813 150.68 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Бгаас 466 400 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Бод олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 14 413 150.68 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 562 016 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн хариуцагч Б.Бгаас 2 489 950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.Бод олгож шийдвэрлэсэн байна.  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Очирдорж давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Б.Б нь 2018 онд У ХХК-тай хамтран орон сууцны төсөл хэрэгжүүлж, төсөл хэрэгжүүлэх газрыг 5 тэрбум төгрөгөөр худалдан авахаар болж, У ХХК-аас 2,5 тэрбум, Б.Бгийн 2,5 тэрбум төгрөгийг газрын эзэнд шилжүүлэхээр тохирсон байдаг. Нэхэмжлэгч тал энэ үйл баримттай маргадаггүй. Харин Б.Б 1.5 тэрбум төгрөгийг өгч, үлдсэн 1 000 000 000 төгрөгийг У ХХК-аар газрын эзэнд шилжүүлүүлсэн байдаг. У ХХК, Б.Б нар нь 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Хувьцаа эзэмшигчдийн гэрээ, 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Хамтран ажиллах гэрээ-г байгуулан хамтран ажиллаж буй итгэлцлийн хүрээнд У ХХК нь Б.Бгийн нэрийн өмнөөс тухайн төлбөрийг шилжүүлж, хамтарсан У ХХК-ийн үйл ажиллагааны ашгаас эргүүлэн төлөхөөр тохиролцсон. Тухайн 2018 онд У ХХК-аас Б.Бгийн газрын төлбөрийг төлөхдөө тусгайлан зээлийн гэрээ байгуулаагүй боловч Б.Б нь 1 000 000 000 төгрөгийг авснаа зөвшөөрч байдаг тул сүүлд 2020 оны 6 сард У ХХК-ийн захирал А.Б 1 000 000 000 төгрөгийн өглөг, авлагынхаа үлдэгдлийг тооцохоор ирэхдээ 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөр огноолсон гэрээнд гарын үсэг зуруулж, үлдэгдлээ баталгаажуулан гар бичвэр бичүүлсэн. Гарын үсэг зуруулсан гэрээний нэг талыг А.Б мэтээр өөрийгөө бичсэн байсныг У ХХК-ийн захирал гэж ойлгон гарын үсгээ зурж, өмнө нь үүссэн хэлцлийн агуулгаа гараараа бичиж өгсөн. Шүүхээс А.Б гэдэг хувь хүнээс мөнгө авсан мэтээр буруу дүгнэсэн, А.Боос хэрэгт өгсөн зээлийн гэрээнд зааснаар бодитой мөнгө /бэлнээр/ 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хүлээлгэн өгсөн байгаа мэтээр буруу дүгнэсэн. 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдөр, эсвэл 2020 оны 6 сард гэрээнд гарын үсэг зурах үедээ иргэн А.Боос мөнгө хүлээн аваагүй, ийм хүсэл зоригийн илэрхийлэл Б.Бд байгаагүй юм. 2020 оны 6 сард 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн огноотой гэрээнд бичсэн Б.Бгийн 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдөр У ХХК-аас 1 000 000 000 төгрөгийн зээл авав. 2019 оны 7 дугаар сарын 9-ний өдөр У ХХК, Л ХХК-ийн ажил гүйцэтгэлийн хөлс болох 800 000 000 төгрөгийг хасаж тооцон үлдэгдэл 200 000 000 төгрөгийг хүүгийн хамт У ХХК-д төлөхөөр болов гэх гар бичвэр. 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол-ийн 4-т У ХХК-аас хувьцаа эзэмшигч Б.Бгийн авсан 1 000 000 000 төгрөгийн зээлээс 800 000 000 төгрөгийг хасч тооцон, үлдэгдэл төлбөрийг У ХХК-д төлж, У ХХК-ийн Л ХХК-д төлөх өглөгийг 800 000 000 төгрөгөөр бууруулсугай гэх хэсэгт дурдсан агуулга, хүсэл зоригийн илэрхийллээс дүгнэхэд У ХХК нь Б.Бд зээл олгосон гэдэг нь батлагдаж, тухайн тогтоолд А.Б нь У ХХК-ийн төлөөлөгчийн хувьд өмнө нь Б.Бгийн У ХХК-аас зээлсэн хүсэл зоригийн илэрхийллийг хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурж, тогтоолоор баталгаажуулсан нь харагдаж байна. Хэрэв А.Б хувиараа зээл өгсөн байсан бол хурлаар хэлэлцэж, тогтоол гаргахдаа У ХХК-аас зээлээгүй болохыг дурдаж, зөвтгөх бүрэн боломжтой байсан. Б.Б нь У ХХК-аар төлүүлсэн газрын төлбөрөө буцаахдаа компанийн үр ашгаас үүдэлтэй 800 000 000 төгрөгийг компаниудын ажлын гүйцэтгэлийн хөлсөнд тооцуулсан үйл баримт, 64 000 000 төгрөгийг У ХХК-д төлсөн үйл баримт зэрэг үйл баримтад үнэлэлт өгвөл үлдэгдэл 136 000 000 төгрөгийг У ХХК-д төлөх болох нь харагдах юм. Үлдэгдэл 136 000 000 төгрөгийг У ХХК-д төлөх нь үнэн. Үүнийг Б.Б анхнаасаа хүлээн зөвшөөрч ирсэн. Нэхэмжлэгч А.Б нь сүүлд Б.Бгаар гарын үсэг зуруулж, гар бичвэр бичүүлсэн 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн огноотой зээлийн гэрээгээр нэхэмжлэлийн шаардлагаа нотолно хэмээн шүүхэд гаргаж өгсөн. У ХХК-ийн орон сууцны төслийг хэрэгжүүлэхээр хувьцаа эзэмшигчид болох У ХХК, Б.Б нарын дунд өмнө нь үүссэн 1 000 000 000 төгрөгийн авлагын үлдэгдлийг баталгаажуулах үед буюу 2020 оны 6 сард зээлийн гэрээ гэх баримтад зээлдүүлэгч талыг нь иргэн А.Б хэмээн оруулж, Б.Бгаар гарын үсэг зуруулсан харагдана. Б.Б нь тайлбарлахдаа А.Быг У ХХК-ийн захирал учир У ХХК-тай үүссэн өмнөх төлбөрийн үлдэгдлийг баталгаажуулж байна гэж ойлгон гэрээний талыг анзааралгүй гарын үсэг зурсан гэдэг. Харин нэхэмжлэгч талаас энэ гар бичвэрийг гэрээний нэг хэсэг гэж үзэхгүй, Б.Б өөрөө бичиж өгсөн гэж тайлбарладаг боловч гэрээнд бичүүлж, түүнийг эсэргүүцэлгүй, тухайн гар бичвэрийг хүлээн авсан, шүүхэд гаргаж өгсөн зэрэг нь Б.Бгийн бичсэн хүсэл зоригийг үгүйсгэхгүй байгааг харуулна. Гэтэл шүүхээс У ХХК, Б.Б нарын хооронд үүссэн хэлцлийн асуудлыг шууд үндэслэлгүй дүгнэсэн байна. У ХХК, Б.Б нарын хооронд 2018 онд газрын үнэ төлөхтэй холбоотой хэлцэл байгуулагдсан болох нь дээрх Б.Бгийн гар бичвэр, У ХХК-ийн 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол зэргээс тодорхой харагдаж байхад ийнхүү дүгнэх нь буруу юм. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа зээлийн гэрээ байгуулсан өдөр бэлнээр хариуцагчид хүлээлгэн өгсөн байдаг гэдэг атлаа шүүгчийн гэрээн дээрх гар бичмэл нь цаг хугацааны хувьд хэзээ бичигдсэн бэ? гэдэг асуултад Гэрээн дээр гарын үсэг зурах, гар бичмэл бичих хоёр үйл явц нэг дор хийгдсэн гэж хариулж байгаагаас харахад хэргийн үйл баримтын талаар зөрүүтэй, үндэслэлгүй тайлбар гаргаж байгааг харж болно. У ХХК болон Б.Б нарын хооронд байгуулагдсан хэлцэл тул Б.Бгаас У ХХК энэ хэлцлийн үр дагаврыг шаардах эрхтэй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх гэсэн шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч А.Б нь хариуцагч Б.Бд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 480 813 150 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлдээ ...2019 оны 6 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүрэгт хариуцагч Б.Бгаас үндсэн зээлд 200 000 000 төгрөг, хүүгийн төлбөрт 180 813 150 төгрөг, алданги 100 000 000 төгрөг нийт 480 813 150 төгрөгийг гаргуулна гэж, хариуцагч ...1 000 000 000 төгрөгийн үлдэгдэл төлбөр болох 134 000 000 төгрөгийг У ХХК-д төлнө гэж тус тус тайлбарласан байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд зохигчид 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдөр зээлийн гэрээг байгуулж, 1 000 000 000 төгрөгийг сарын 1,6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлдүүлж, нэхэмжлэгч А.Б, хариуцагч Б.Б нар гарын үсэг зурж баталгаажуулсан байна. /хх.6/ Дээрх зээлийн гэрээний дагуу 1 000 000 000 төгрөгийн мөнгөн хөрөнгийг хүлээн авсан болохоо үгүйсгээгүй болно.

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Хэргийн 41 дүгээр талд 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн У ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол-оор Б.Бгийн авсан зээлээс 800 000 000 төгрөгийг хасч тооцон, үлдэгдэл 200 000 000 төгрөг болсон үйл баримт тогтоогдсон байна. /хх.41/ Зээлийн мөнгөнөөс 800 000 000 төгрөгийг хасч тооцсон үнийн дүнгийн талаар зохигчдын хэн аль нь маргаагүй.

Хуульд зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүрэгтэй. Зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолоо ...А.Б, Б.Б нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй. Харин У ХХК-аас хөрөнгө оруулалт хэлбэрээр мөнгө авсан, зээлийн гэрээний доор гараар бичсэн бичиглэлийг үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 200 000 000 төгрөгийг хүүгийн хамт У ХХК-нд төлөхөөр тохиролцсон гэсэн агуулгаар гаргажээ.

Хэргийн 6 дугаар талд авагдсан зээлийн гэрээг нэг талаас иргэн А.Б, нөгөө талаас иргэн Б.Б нар байгуулсан, гэрээний доор ...2018 оны 6 дугаар сарын 05-ны өдөр У ХХК-иас 1 тэрбум төгрөгийн зээл авав. 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр У ХХК, Л ХХК-ийн ажил гүйцэтгэлийн хөлс болох 800 000 000 төгрөгийг хасч тооцон үлдэгдэл 200 000 000 төгрөгийг хүүгийн хамт У ХХК-нд төлөхөөр тохиролцов гэсэн бичиглэл байгаа боловч уг бичиглэлийг үндэслэн дээрх гэрээг У ХХК болон Б.Б нарын хооронд хийгдсэн гэж үзэхгүй юм. Учир нь, зээлийн гэрээ нь иргэд хооронд байгуулагдсан хүчин төгөлдөр гэрээ байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд зээлийн гэрээний үүргийг У ХХК-д төлөх талаарх нотлох баримтаа шүүхэд гаргаагүй байна.

Анхан шатны шүүх дээрх бичиглэлээр илэрхийлсэн нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авсан гэж үзэх үйл баримт тогтоогдоогүй байна гэж үзэж хариуцагч Б.Б У ХХК-тай гэрээ байгуулж, үүрэг хүлээсэн гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэсэн нь буруу биш болжээ.

Хариуцагчаас 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн хүүнд нийт 64 000 000 төгрөг төлсөн үйл баримт тогтоогдож байна.

Анхан шатны шүүх 2018 оны 11 дүгээр сараас 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх хугацаанд хүүгийн төлбөрийг 1 000 000 төгрөгөөс тооцож 128 000 000 төгрөг, 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрөөс 200 000 000 төгрөгөөс хүүгийн хэмжээг тооцож 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хугацааны хүүгийн төлбөрт 38 400 000 төгрөг нийт 166 400 000 төгрөгийг хариуцагч Б.Бгаас гаргуулж нэхэмжлэгч А.Бод олгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэрээний 5.2-т Талууд гэрээнд заасан хугацаанд үүргээ биелүүлээгүй тохиолдолд буруутай тал нь хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0,2 хувийн алданги төлнө гэж заажээ. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан алдангид 100 000 000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй юм.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2021/03333 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн талын төлсөн 2 489 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

Ц.ИЧИНХОРЛОО