Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 73

 

Б.Э-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс: 166/2020/0066/Э

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Ц.Амаржаргал, Ц.Туяа нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдаанд:          

Прокурор                                      Б.Сүрмандах

Хохирогчийн хууль ёсны

төлөөлөгч                                     М.Оюунгэрэл

Шүүгдэгч                                       Б.Э-

Шүүгдэгчийн өмгөөлөгч               Ж.Туяа

Нарийн бичгийн дарга                 Г.Чойном нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 238 дугаар шийтгэх тогтоолтой, Б-ын Э-д холбогдох, 1918000000543 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Э-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Туяагийн  танилцуулснаар  хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, урьд ял шийтгүүлж байгаагүй, ********** регистрийн дугаартай, Б- овогт Б-ын Э-.

Шүүгдэгч Б.Э- нь 2019 оны 11 дүгээр сарын 22-23-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сум, Малчин баг, Хөтөл хорооллын задгайд өөрийн гэртээ архи уун согтуурч, улмаар хамт архи уусан Ж.Д-тэй маргалдан түүний цээжин тус газар хутгаар нэг удаа хутгалж алсан гэмт хэрэгт холбогджээ.

        Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 238 дугаар шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Б.Э-ыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1.т зааснаар шүүгдэгч Б.Э-ыг 13 /арван гурав/ жил хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4.т зааснаар шүүгдэгч Б.Э-д оногдуулсан 13 жил хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1., 2.т зааснаар шүүгдэгч Б.Э-ын цагдан хоригдсон 206 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 9 ширхэг гарын мөр бүхий баримтыг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, цагаан өнгийн даавуу 2 ширхэг, цамц 3 ширхэг, футболк 2 ширхэг, гутал 1 хос, хутга 1 ширхэг, “Түмний хишиг” нэртэй архины шил 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж,

Шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Э- давж заалдах гомдолдоо:

Миний бие мөрдөн байцаалтанд саад учруулахгүйгээр хэргээ хүлээсэн,  талийгаачийн оршуулгын зардалд 1.987.050 төгрөг төлж барагдуулсан бөгөөд эд материалын тусламж үзүүлсэн. Хийсэн үйлдэлдээ чин сэтгэлээсээ гэмшиж, гэм буруугаа ойлгож ухамсарлаж байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4.т заасныг үндэслэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү. Шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлтэй гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.Э- тайлбартаа:

Миний бие хийсэн үйлдэлдээ чин сэтгэлээсээ гэмшиж, гэм буруугаа ойлгож ухамсарласан, оршуулгын зардал төлж барагдуулсан тул дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж надад оногдуулсан ял шийтгэлээс хасч дэглэмийг өөрчилж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.Э-ын өмгөөлөгч Ж.Туяа тайлбартаа:

Б.Э- хорих ялаас хасаж, дэглэмийг нээлттэй болгож өгнө үү гэж давж заалдах гомдол гаргасан гэв.   

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Оюунгэрэл тайлбартаа:

Б.Э-ын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Түүний үйлдсэн гэмт хэрэгт тохирсон ял шийтгэл оногдуулсан гэж үзэж байгаа. Миний бие маш их гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.   

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Сүрмандах дүгнэлтдээ:

Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэм буруутай үйлдэлд тохирсон ял шийтгэлийг оногдуулсан гэж үзэж байна. Шүүгдэгч нь тухайн үед хохирогчид эмнэлгийн анхны тусламж үзүүлэх бүрэн боломжтой байсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогддог. Хохирогч нь шинжээчийн дүгнэлтээр үүрээр нас барсан байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Дархан-Уул аймгийн Прокуророос шүүгдэгч  Б.Э-ыг 2019 оны 11 дүгээр сарын 22-23-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сум, Малчин баг, Хөтөл хорооллын задгайд өөрийн гэртээ архи уун согтуурч, хамт архи уусан Ж.Д-тэй маргалдан түүний цээжин тус газар хутгаар нэг удаа хутгалж алсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1.т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Э-ыг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг 13 жил хорих ялаар шийтгэж, ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх, түүний цагдан хоригдсон 206 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох, шүүгдэгч нь төлөх төлбөргүй,  битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, холбогдох эд мөрийн баримтыг хуульд заасан үндэслэл, журмын шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Э-ын гэм буруутай үйлдэл нь хэрэгт авагдаж, шийтгэх тогтоолын үндэслэл болсон нотлох баримт болох: 

Гэрч Х.Б-гийн  мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Би Б.Э-тай  танилцаад  2019 оны 10 дугаар сараас  хамтран амьдарч байгаа., 2019 оны 11 дүгээр сарын 22-нд бид хоёр гэртээ байж байтал орой Г-  1 литрийн  “Түмний хишиг” нэртэй архи авч орж ирээд бид гурав хувааж уусан.,  би нилээн муудаад  орон дээр гараад хэвтээд унтчихсан., намайг унтахад Б.Э- Г- 2 архи дуусчихсан суугаад үлдсэн., тэгээд  шээс хүрээд гараараа тэмтэрч гэрлээ асаахад миний хажууд Б.Э- унтаж байсан., тэгээд Б.Э-ын араас босоод гутлаа өмссөн., тэгээд хартал Б.Э-ын ангийн Д- плитканы хажууд газар хувцастайгаа хэвтэж байсан., би түүний нүд рүү харахад нүд нь анивчихгүй байхаар нь Б.Э-ыг сэрээгээд тэр хөлнөөс нь татахад хөдлөхгүй байсан., тэгээд Г-г бас дуудсан., хөдлөхгүй болохоор нь өнгөрчихсөн байна гээд цагдаа, эмнэлэг дуудсан... гэсэн  мэдүүлэг /1-р хх 41-р хуудас/,

Гэрч А.Г-ийн  мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Тэр өдөр С-гийн  дэлгүүрээс 0.75 литрийн “Түмний хишиг”  архи аваад  Б-, Э- бид 3 хувааж уусан бөгөөд Б- тасраад хоймрын орон дээрээ унтсан.,  Гэтэл  гаднаас Д-  халамцуу орж ирээд  тэр хоёр  хоорондоо юм ярилцаад байгаад хоорондоо маргалдаад эхэлсэн.,  би  тэр хоёрыг “больцгоо” гэж хэлээд айлд байж маргалдаж байгаа хүмүүсийн дундуур ороод яах вэ дээ, нэг ангийн хоёр, хоорондоо их сайн найзууд учраас өөрсдөө учраа олно биз гэж бодоод унтаад өгсөн.,

Би согтоод  юу болсныг санахгүй байна., бараг үүрээр Б- намайг татаж сэрээгээд “хүн өнгөрчихсөн байна” гэхээр нь босоод харахад Д- газарт атиралдсан хэвтэж байсан., Э- босож ирээд Д- хөлнөөс татаж үзчихээд өнгөрчихсөн байна гэсэн..,  гэсэн  мэдүүлэг, /1-р хх 62-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн кримналистикийн шинжээчийн  2019 оны 12 дугаар сарын 16-ны 5865 дугаартай:

- Шинжилгээнд ирүүлсэн Э-ын өмсөж байсан гэх хөх өнгийн футболкны баруун мөрний хэсэгт 20мм хэмжээтэй гэмтэл, талийгаач Д- өмсөж байсан гэх 3 ширхэг цамц, 1 ширхэг футболкны цээж хэсгүүдэд 14мм хэмжээтэй гэмтлүүд үүссэн байна., шинжилгээнд ирүүлсэн бусад хувцаснууд болон эд зүйлсэд гэмтэл үүсээгүй.,

- Шинжилгээнд ирүүлсэн Б.Э-ын  өмсөж байсан гэх хөх өнгийн футболкинд үүссэн дээрх гэмтэл нь татагдан чангаагдах хүчний 1 удаагийн үйлчлэлээр шинээр үүссэн урагдалт., талийгаач Д-гийн өмсөж байсан гэх гурван  цамц, нэг  футболконд үүссэн дээрх гэмтлүүд нь хурц иртэй зүйлийн, нэг удаагийн үйлчлэлээр, шинээр үүссэн зүсэгдэлтүүд байна.,  дээрх зүсэгдэлтүүд нь харьцуулах загвараар ирүүлсэн хутгануудаар үүсгэгдсэн байж болно. Харин уг зүсэгдэлтүүд нь аль хутгаар үүсгэгдсэн эсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй ...гэсэн дүгнэлт., /1-р хх 89-93-р хуудас/

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 121 дугаартай:

- Талийгаачийн цээжний зүүн өмнө хэсгийн, цээжний зүүн хөндийд нэвтэрч үнхэлцэг хальс, зүрхний баруун ховдлын хөндий рүү нэвтэрсэн шарх., Цээжний хөндийн /360мл/, бага үнхэлцгийн хөндийн /233мл/ цусан хураа үүссэн.,  гэмтлийн шок, цочмог хурц дотуур цус алдалт үүссэн., талийгаачийн биед үндсэн оношид бичигдсэн гэмтэл тогтоогдсон., энэ гэмтэл нь  хурц ир үзүүртэй багажийн, нэг удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.,  гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11.д зааснаар амь насанд шууд аюултай хүнд зэргийн гэмтэл болно., Талийгаач нь цээжний хөндийд нэвтэрч, үнхэлцгийн хөндийд цусан хураа үүсгэсэн шархны улмаас зүрхний агших чадвар алдагдаж нас баржээ., Талийгаачийн биед элэгний хатуурал өвчин илэрсэн ба энэ нь үхэлд нөлөөлөөгүй., талийгаачийн цусанд 1.3 промилли спирт илэрсэн ба илэрсэн ба энэ нь хөнгөн зэргийн согтолтыг харуулна., Талийгаачийн цусны бүлэг ВIII8 Rh-/+/ байна.., гэсэн дүгнэлт.,  /1-р хх.ийн  97-98-р хуудас /,

-  Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний 105 дугаар дүгнэлт /1-р х.х 116-118-р хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний  6619 дугаар дүгнэлт /1-р хх 135-137/.,  болон хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,  хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл., цогцсонд гадна үзлэг хийсэн тэмдэглэл.,   мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл болон тухайн үед болсон үйл баримт, хэрэг мөрдөн шалгах ажиллагааны үед тогтогдсон хэргийн нөхцөл байдал зэргээр нотлогдож тогтоогджээ.

          Шүүгдэгчийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв,  анхан шатны шүүх  гэм буруугийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, гэмт хэргийн улмаас  учирсан  хор уршиг,   гэмт хэргийн шинж, байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан  төрөл, хэмжээний ял оногдуулсан бөгөөд шүүх Эрүүгийн хуулийн холбогдох заалтыг зөв  тайлбарлан хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шийдвэрлэх тухай хуулийг  зөрчөөгүй байна.

Мөн хэргийн мөрдөн шалгах ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хийж гүйцэтгэсэн, хохирогчийн биед хийсэн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт, эд зүйлд хийсэн дүгнэлт, шүүгдэгч Б.Э-ын сэтгэц, хэрэг хариуцах чадварын талаарх магадлагаа, дүгнэлтүүдийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээчид гаргасан,  шүүгдэгч, гэрч, хохирогчоос хуулийн дагуу мэдүүлэг авчээ.   

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Э-ын гаргасан  ...би  мөрдөн байцаалтанд саад учруулахгүйгээр хэргээ хүлээсэн.,  талийгаачийн оршуулгын зардлыг төлж барагдуулсан., хийсэн үйлдэлдээ чин сэтгэлээсээ гэмшиж, гэм буруугаа ойлгож ухамсарлаж байна., оногдуулсан ялаас хасч өгнө үү... гэсэн давж заалдах гомдлыг  хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж  шүүх бүрэлдэхүүн үзлээ.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 238 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Э-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай

2. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн  дотор шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай

 

 

                               ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Б.МАНЛАЙБААТАР

                                                                  ШҮҮГЧИД                             Ц.АМАРЖАРГАЛ

                                                                                                                Ц.ТУЯА