Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 86

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж, шүүгч Г.Гэрэлт-Од, шүүгч Б.Ихтамир нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг ,

Иргэдийн төлөөлөгч Ж.Шинэхүү,

Улсын яллагч  Б.Сүрмандах,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.О-, түүний өмгөөлөгч Б.Чинбаатар,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Туяа

Шүүгдэгч Б.Э- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Э-д холбогдох эрүүгийн 1918000000543 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1969 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2 гэмт хэрэгт холбогдох үедээ хамтран амьдрагчийн хамтаар Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин баг Хөтөл хорооллын задгайд айлын баригдаж байгаад дутуу орхисон барилгын хашаанд сахиул ажилтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй,  Б.Э-

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Б.Б.Э- нь 2019 оны 11 дүгээр сарын 22-ноос 2019 оны 11 дүгээр сарын 23-нд шилжих шөнө өөрийн гэртээ архи уун согтуурч, улмаар хамт архи уусан Ж.Ж.Д-тэй маргалдан түүний цээжин тус газар хутгаар нэг удаа хутгалж алсан гэх гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлаад  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүгдэгч Б.Б.Э- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учир одоо дахин мэдүүлэг өгөхгүй” гэв.

     Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.М.О- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Манай ах Баян-Өлгий аймгийн Баяннуур суманд төрсөн. Бид нар Хэнтий аймагт аж төрж байгаад, 1984 онд манай эх, ах, дүү бид дөрөв Дарханд нүүж ирээд, ээжийн хамаатан н.Я- хашаанд буусан. Манай ээж цементийн үйлдвэрт ажиллаж байгаад 1989 онд нас барж, тухайн үед манай ах талийгаач 16 настай байхдаа ажилд орж, 8 настай эгч н.О-, 6 настай намайг тэжээх гэж ажил хийж, эгч бид хоёрын төлөө амьдарсан хүн. Манай ах ар гэрийн гачигдлын улмаас цэргийн алба хаагаагүй. Хэнтий аймгийн 12 дугаар дунд сургуульд 4 дүгээр анги хүртлээ сурсан, эгч бид хоёрын төлөө явсаар байгаад гэр бүлтэй болж чадаагүй. Нас барахаасаа өмнө эгч бид хоёртой хамт амьдардаг байсан. Манай эгчийн 2 хүүхдийг өөрийн хүүхэд мэт асарч амьдардаг байсан. 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өглөө манай үүдэнд дээр цагдаа ирж н.Ж.Д-гийн гэр мөн үү, нас барсан байна гэж манай эхнэрийг хаалга онгойлгож өгөхөд хэлсэн гэсэн. Тухайн үед би ажилдаа явсан байсан учир гэртээ байгаагүй, манай эгч цагдаатай хамт очиж над руу энэ талаар утсаар хэлсэн. Би өөрөө улирлын ажилтай, өвөл ажилгүй болсон үед буюу 11 дүгээр сард ийм хэрэг болсон. Манай эгч уушги муутай ажил хийх боломжгүй тул гэртээ байдаг. Манай талийгаач ах эгчийн 2 хүүхдийг асран халамжилдаг байсан. Шүүгдэгчийн талаас хохирол төлбөрт 2 сая төгрөг гаргасан, сүүлд 380,000 төгрөгөөр хүний гар цайлгах юм авч баримтыг нь цагдаад өгөөд, шүүгдэгчээс авсан. Талийгаачийн ард үлдсэн 2009 оны 02 дугаар сарын 04-ний өдөр төрсөн хүүхдүүдэд миний ахын сардаа олж байсан орлогыг шүүгдэгчээс гаргуулж, тэтгэмж олгуулж өгнө үү. Шүүгдэгчийн ар гэрийнхэн нь буяны ажилд нь оролцож дэм болсон, охин нь ирсэн боловч талийгаачийн ард үлдсэн гурван хүүхэдтэй уулзаагүй, буяны ажилд 2 сая хүрэхгүй мөнгө гаргасанд нь гомдолтой байна” гэв.

Эрүүгийн 1918000000543 дугаартай хэргээс:

            Шүүгдэгч Б.Б.Э-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Миний хийсэн хэрэг тодорхой. Ж.Д-г би өөрийн амьдарч байсан монгол гэртээ маргалдаж байгаад цээжин тус газарт нь нэг удаа хутгалж амь насыг нь хохироосон нь үнэн. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна.” гэх мэдүүлэг /хх 162/,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.М.О-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Дарханы цагдаагаас манай гэрт ирж Ж.Д- гэх хүнийг таних уу гэхэд “ миний төрсөн ах байгаа юм гэхэд" энэ хүн нас барсан байна та бүхэн цагдаа дээр ирж уулзаарай гэж хэлэхэд анх мэдсэн юм. Ах минь эхнэр хүүхэдгүй ганц бие хүн байсан. Төрсөн ганц ахыгаа гэнэтийн байдлаар алдсан их харамсаж гомдож байна.” гэх мэдүүлэг /хх 34/,

 

Гэрч Х.Б- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Б.Э- бид хоёр 1 жил гарангийн өмнө танилцаад эр эмийн харьцаатай байж байгаад 2019 оны 10 дугаар сарын 20-ноос хамтран амьдарч байна. 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Б.Э- бид хоёр гэртээ байж байтал орой харанхуй бүрэнхий болж байтал Г- гаднаас 1 литрийн хэмжээтэй Түмний хишиг нэртэй архи авч орж ирсэн. Тэгээд бид 3 хувааж уугаад би нилээн муудаад хэвтлээ гээд орон дээр гараад хэвтээд унтчихсан. Намайг унтахад Б.Э-, Г- 2 архи дуусчихсан суугаад үлдсэн. Унтаж байтал миний шээс хүрээд гараараа тэмтэрч гэрлээ асаасан. Миний хажууд Б.Э- унтаж байсан. Тэгээд би шээх гээд Энжаргалын араас босоод гутлаа углах гэтэл Б.Э-ын ангийн Д- /Д-/ манай гэрт плитканы хажууд газар хувцастайгаа хэвтэж байсан би Д- нүдрүү харахад нүд нь анивчихгүй байсан тэгээд би Б.Э-д хэлэхэд Б.Э- босож ирээд хөлнөөс нь татахад хөдлөхгүй байсан. Тэгээд Ганааг /Гантөмөр/ бас дуудаад хүн өнгөрчихсөн байна гээд цагдаа, эмнэлэг дуудсан.” гэх мэдүүлэг /хх 41/,

 

Гэрч А.Г- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...С- гэдэг хүний дэлгүүрээс 0.75 литрийн Түмний хишиг нэртэй архийг Б-, Ж- бид 3 хувааж уусан. Ингээд 18 цагийн үед Б- тасраад хоймрын орон дээрээ унтаад өгсөн. Ж- бид хоёрыг байж байхад гаднаас Д.- халамцуу орж ирээд Д.- Ж- 2 хоорондоо юм ярилцаад байсан. Ж-тай Д.- хэсэг зуур юм ярьж байгаад хоорондоо маргалдаад эхэлсэн. Тэр хоёрыг маргалдаад байхаар нь би “больцгоо” гэж хэлээд айлд байж маргалдаж байгаа хүмүүсийн дундуур ороод яах вэ дээ, нэг ангийн 2, хоорондоо их сайн найзууд учраас өөрсдөө учраа олно биз гэж бодоод унтаад өгсөн. Уусан архиндаа согтоод унтсан тул тухайн үед юу болсныг санахгүй байна.  Шөнө юм уу бараг үүрээр Б- намайг татаж сэрээсэн ба “хүн өнгөрчихсөн байна” гэхээр нь босоод харахад Д.- ширээний цаана газарт атиралдсан хэвтэж байсан. Тэгээд Ж- босож ирээд Д.-гийн зүүн хөлнөөс татаж үзчихээд өнгөрчихсөн байна гэсэн. Тэгээд Б-гийн утсаар цагдаа, эмнэлэг дуудахад эмч ирж үзчихээд өнгөрсөн байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх 62/,

 

Гэрч Э.Б- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Анх цагдаагийн газраас надруу яриад аав чинь гэмт хэрэгт холбогдсон учраас цагдан хорих гэж байна гэж над руу ярьсан. Ингээд аавыг цагдан хоригдсоны дараа эргэлтээр аавтайгаа уулзаж болсон зүйлийн талаар асуухад “аав нь согтуудаа хүн хутгалчихсан” гэж хэлээд уйлаад байсан” гэх мэдүүлэг /хх 72/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  2019 оны 12 дугаар сарын 16-ны 5865 дугаартай Криминалистикийн шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт:

 

1.Шинжилгээнд ирүүлсэн Б.Б.Э-ын өмсөж байсан гэх хөх өнгийн футболкны баруун мөрний хэсэгт 20мм хэмжээтэй гэмтэл, талийгаач Ж.Ж.Д-гийн өмсөж байсан гэх 3 ширхэг цамц, 1 ширхэг футболкны цээж хэсгүүдэд 14мм хэмжээтэй гэмтлүүд үүссэн байна. Шинжилгээнд ирүүлсэн бусад хувцаснууд болон эд зүйлсэд гэмтэл үүсээгүй байна.

 

2.Шинжилгээнд ирүүлсэн Б.Б.Э-ын өмсөж байсан гэх хөх өнгийн футболкинд үүссэн дээрх гэмтэл нь татагдан чангаагдах хүчний 1 удаагийн үйлчлэлээр шинээр үүссэн урагдалт, талийгаач Ж.Ж.Д-гийн өмсөж байсан гэх 3 ширхэг цамц, 1 ширхэг футболконд үүссэн дээрх гэмтлүүд нь хурц иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр шинээр үүссэн зүсэгдэлтүүд байна.

 

3.Шинжилгээнд ирүүлсэн талийгаач Ж.Ж.Д-гийн өмсөж байсан гэх 3 ширхэг цамц, 1 ширхэг футболкинд үүссэн дээрх зүсэгдэлтүүд нь харьцуулах загвараар ирүүлсэн хутгануудаар үүсгэгдсэн байж болно. Харин уг зүсэгдэлтүүд нь аль хутгаар үүсгэгдсэн эсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй /хх 89-93/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 121 дугаартай шинжээчийн

Шүүх эмнэлэгийн шинжилгээний онош: Цээжний зүүн өмнө хэсгийн, цээжний зүүн хөндийд нэвтэрч үнхэлцэг хальс зүрхний баруун ховдлын хөндий рүү нэвтэрсэн шарх. Цээжний хөндийн /360мл/, бага үнхэлцгийн хөндийн /233мл/ цусан хураа. Хүндрэл: гэмтлийн шок, цочмог хурц дотуур цус алдалт.

Дүгнэлт:

1.Талийгаачийн биед үндсэн оношид бичигдсэн гэмтэл тогтоогдлоо.

2.Талийгаачийн биед учирсан дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй багажийн нэг удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Ж.Ж.Д-гийн биед учирсан гэмтэл  нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд шууд аюултай хүнд зэргийн гэмтэл болно.

4.Талийгаач нь цээжний хөндийд нэвтэрч, үнхэлцгийн хөндийд цусан хураа үүсгэсэн шархны улмаас зүрхний агших чадвар алдагдаж нас баржээ.

5.Талийгаачийн биед элэгний хатуурал өвчин илэрсэн ба энэ нь үхэлд нөлөөлөөгүй. Талийгаачийн цусанд 1.3 промилли спирт илэрсэн ба энэ нь хөнгөн зэргийн согтолтыг харуулна.

6.Талийгаачийн цусны бүлэг ВIII8 Rh-/+/ байна /хх 97-98/,

                       

Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн магадлагаа №102/19:

1.2.Яллагдагч Б.Б.Э- нь одоогоор үзлэгийн үед сэтгэцийн хувьд эрүүл болно.

 

3.Яллагдагч  Б.Б.Э- нь сэтгэцийн хувьд болж өнгөрсөн үйл явдлыг бодитоор тусган авч, мөрдөн шалгах ажиллагааны явцад болсон үйл явдлыг үнэн зөвөөр мэдүүлэх чадвартай, сэтгэцийн хувьд эрүүл, хэрэг хариуцах чадвартай болно.

 

4.Яллагдагч Б.Б.Э- нь сэтгэцийн хувьд одоогоор эрүүл учир хэрэг хариуцах чадвартай болно.

 

5.Яллагдагч Б.Б.Э- нь сэтгэцийн хувьд эрүүл учир түүнд албадан эмчилгээ  шаардлагагүй болно /хх 128/,

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 03/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 04-10/,

Хэргийн газрын схем зураг /хх 11/,

Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 12-14/,

Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 52-54/,

Цогцосонд гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 103-105/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 105 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 116-118/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 6619 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 135-137/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 148-152/,

Шүүгдэгч Б.Б.Э-ын иргэний үнэмлэхийн хуулбар, эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас, газар эзэмших болон өмчилсөн эсэх лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа, эд хөрөнгийн лавлагаа /хх 171-181/, арилжааны банкуудад харилцах болон хадгаламжийн данстай эсэх тодорхойлолт /хх 186-193/,

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /хх 197-198/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх бүрэлдэхүүн үнэлсэн болно.

            Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Б.Б.Э- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 11 дүгээр сарын 22-23-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сум, Малчин баг, Хөтөл хорооллын задгайд өөрийн гэртээ хохирогч  Ж.Ж.Д-тэй үл ялих зүйлээр маргалдан түүний цээжин тус газар хутгаар нэг удаа хутгалсан, хутга цээжний хөндийд нэвтэрч, үнхэлцгийн хөндийд цусан хураа үүсгэсэн шархны улмаас зүрхний агших чадвар алдагдаж амь хохирсон үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараахь нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

 

Гэрч Х.Б-...“ Б.Э-ын ангийн Д.- /Д-/ манай гэрт плитканы хажууд газар хувцастайгаа хэвтэж байсан би Д.-гийн нүдрүү харахад нүд нь анивчихгүй байсан тэгээд би Б.Э-д хэлэхэд Б.Э- босож ирээд хөлнөөс нь татахад хөдлөхгүй байсан.” гэх мэдүүлгээр /хх 41/,

 

Гэрч А.Г-...” Ж-тай Д.- хэсэг зуур юм ярьж байгаад хоорондоо маргалдаад эхэлсэн. Тэр хоёрыг маргалдаад байхаар нь би “больцгоо” гэж хэлээд айлд байж маргалдаж байгаа хүмүүсийн дундуур ороод яах вэ дээ, нэг ангийн 2, хоорондоо их сайн найзууд учраас өөрсдөө учраа олно биз гэж бодоод унтаад өгсөн. Уусан архиндаа согтоод унтсан тул тухайн үед юу болсныг санахгүй байна.  Шөнө юм уу бараг үүрээр Б- намайг татаж сэрээсэн ба “хүн өнгөрчихсөн байна” гэхээр нь босоод харахад Д.- ширээний цаана газарт атиралдсан хэвтэж байсан.” гэх мэдүүлгээр /хх 62/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 121 дугаартай шинжээчийн дүгнэлтийн 4.Талийгаач нь цээжний хөндийд нэвтэрч, үнхэлцгийн хөндийд цусан хураа үүсгэсэн шархны улмаас зүрхний агших чадвар алдагдаж нас баржээ. /хх 97-98/,/,

 

Шүүгдэгч Б.Б.Э- нь хохирогч Ж.Ж.Д-г санаатайгаар хутгалж алсан үйлдэл нь “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэргийн  шинжтэй байна.

 

Хүнийг санаатай алах гэмт хэрэг нь субьектив шинжийн хувьд хүний амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийх, сэдэл зорилгын хувьд хор уршгийг хүсэж үйлдэгддэг гэмт хэрэг юм.

 

Хэрэг учралын үед амь хохирогч, шүүгдэгч нарын хооронд маргалдсанаас өөрөөр цохиж зодсон гэх үйлдэл гараагүй, шүүгдэгч өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч шүүгдэгч Ж.Шинэхүү гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт гаргасан болно.

Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Б.Б.Э-ыг хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Б.Э- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэлтэй маргаагүй болно.

 

Хохирол, хор уршгийн талаарх дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

 

Амь хохирогч Ж.Ж.Д-гийн оршуулгатай холбоотой  1.599 350 төгрөгийн зардлыг шүүгдэгчийн ар гэрийн зүгээс гаргаж буяны үйл гүйцэтгэсэн, зан үйлтэй холбоотой хоног хураахад зарцуулсан 387.700 төгрөгийн зардал нэхэмжилснийг төлж барагдуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.М.О- “Талийгаачийн ард үлдсэн 2009 оны 02 дугаар сарын 04-ний өдөр төрсөн О.Ц-, 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн төрсөн О.Т-, 2004 оны 05 дугаар сарын 18-ны өдөр төрсөн О.Ж- нарын хүүхдүүдэд миний ахын сардаа олж байсан орлогыг шүүгдэгчээс гаргуулж, тэтгэмж олгуулж өгнө үү” гэх хүсэлт гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзлээ. Учир нь.

 

Амь хохирогч Б.Б.Э-ыг хөдөлмөр эрхэлж цалин хөлс, түүнтэй адилтгах орлого олж байсныг нотолсон нотлох баримт хэрэгт авагдаагүй, насанд хүрээгүй О.--, О.Т-, О.Ж- нар нь амь хохирогчийн дүү  М.Оюунцэцэгийн хүүхдүүд байх ба амь хохирогч Ж.Ж.Д-г хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоосон тухай эрх бүхий байгууллагын шийдвэргүй байх тул тэднийг тэжээн тэтгэгчээ алдсан гэж үзэх үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иймд  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.М.О-ийн “О.Ц-, О.Т-, О.Ж-нарт тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох” тухай иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Б.Э-ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй болон шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Б.Э-ын энэ хэрэгт 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан, 2019 оны 11 дүгээр сарын 24-ны өдрөөс эхлэн цагдан хоригдсон 90 хоногийг Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагдан хоригдсон хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй. 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цагаан өнгийн даавуу 2 ширхэг, хар өнгийн иштэй хутга 1 ширхэг, Түмний хишиг нэртэй архины шил 1 ширхэг, амь хохирогч Ж.Ж.Д-гийн өмсөж явсан гэх хөх өнгийн цамц 1 ширхэг, хар өнгийн цамц 1 ширхэг, ягаан өнгийн захтай фудболк 1 ширхэг, саарал эрээн өнгийн цамц 1 ширхэг, шар өнгийн гутал 1 хос, шүүгдэгч Б.Б.Э-ын өмсөж явсан гэх цэнхэр өнгийн фудболк 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, 9 ширхэг гарын мөр бүхий баримт /хх 109/-ыг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б.Э-ыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б.Э-ыг 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.  

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б.Э-д оногдуулсан 10 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Б.Б.Э-ын цагдан хоригдсон 90 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 9 ширхэг гарын мөр бүхий баримтыг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, цагаан өнгийн даавуу 2 ширхэг, цамц 3 ширхэг, футболк 2 ширхэг, гутал 1 хос, хутга 1 ширхэг, “Түмний хишиг” нэртэй архины шил 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дархан-Уул аймаг дахь Анхан шатны шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.

 

6.Шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1-д зааснаар хохирогч М.М.О-ийн О.Ж-, О.Т-, О.- нарт тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

8.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б.Э-д урд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          З.ТӨМӨРХҮҮ

 

                       ШҮҮГЧ                         Г.ГЭРЭЛТ-ОД

 

                       ШҮҮГЧ                         Б.ИХТАМИР