Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 2119

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ш.О-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2018/02639 дүгээр шийдвэртэй, нэхэмжлэгч Ш.О-ийн хариуцагч Б.А-д холбогдуулан гаргасан тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүд 196 463 700 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ш.О, өмгөөлөгч Ц.Алтанзаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэнгүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Бат-Эрдэнэтэй 2013 онд танилцаж, 2014 оноос хамтран амьдарч эхэлсэн ба бидний дундаас 2015 оны 6 дугаар сарын 08-ны өдөр охин Б.Мөнх-Эрдэнэ төрсөн. 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр нөхөр маань бусдын гарт зуурдаар нас барсан. Энэ үед би 1 сартай жирэмсэн үлдэж 2017 оны 7 дугаар сарын 8-ны өдөр хүү Б.Мөнх-Алдрыг төрүүлсэн. Нөхөр Э.Бат-Эрдэнийг нас барснаас хойш бид 3 сард тэжээгчээ алдсаны тэтгэмж 155 000 төгрөгөөс өөр ямар нэгэн мөнгөн орлогогүй болсон бөгөөд энэ мөнгө бидний амьжиргаанд хүрэлцдэггүй. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Б.А-г нөхрийн минь үхэлд буруутайг тогтоож, тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн. Талийгаач нөхрийн минь сард авч байсан дундаж цалин хөлсийг Э.Бат-Эрдэнийн нийгмийн даатгалын дэвтрийн сүүлийн 3 сарын цалингийн дунджаар тооцож гаргасан мөнгө болох 1 104 100 төгрөгөөс Нийгмийн даатгалын сангаас авч буй тэжээгчээ алдсаны тэтгэмж 155 000 төгрөгийг хасч зөрүү 949 100 төгрөгийг хүүхэд тус бүрт 474 550 төгрөг байхаар тооцсон. Нөхрийг минь нас барахад охин Б.Мөнх-Энэрэл 1 нас 6 сартай, хүү Б.Мөнх-Алдар төрөөгүй байсан. Хүүхдүүдийг 18 нас хүртэл тэжээгчээ алдсаны тэтгэмж авна гэж тооцоход охин Б.Мөнх-Энэрэл 198 сард 93 960 900 төгрөг, хүү Б.Мөнх-Алдар 216 сард 102 502 800 төгрөг болох бөгөөд хариуцагчаас тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүд 196 463 700 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талийгаачийн 2014 онд төлж байсан цалин хөлс орлогоос дундаж цалин хөлсийг тооцсон байдаг. Хэрэгт “Дако” ХХК-иас цалингийн тодорхойлолтыг гаргаж өгсөн боловч холбогдох бусад нотлох баримт болох нийгмийн даатгал болон ХХОАТ төлсөн зэргээр ажиллаж байсныг нотолж чадаагүй. Талийгаачийн байнгын орлоготой байсныг нотолж чадаагүй тул дундаж цалин хөлсийг тодорхойлох боломжгүй. Иймд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр буюу 240 000 төгрөгөөр тооцож, тэжээгчээ алдсаны тэтгэмжийг олгох саналыг гаргаж байна. “Сод констракшн” ХХК болон н.Мягмар нарын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ, байранд нь засвар хийсэн талаарх тодорхойлолт зэрэг баримтуудаар талийгаачийн байнгын ажилтай байсан нь нотлогдохгүй байна. 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн “Сэлэнгэ Эстимэйт” ХХК-ийн үнэлгээний тайлангаар Э.Бат-Эрдэнийн нас, цаашид амьдрах хугацаа зэргийг тусгаж магадлалын онолоор дээрх үнэлгээг гаргасан гэж ойлгосон. Талийгаач нь 38-39 жил амьдрах боломжтой гэсэн хэт өрөөсгөл дүгнэлт гарсан байна. Бидний зүгээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тэжээгчээ алдсаны тэтгэмжийг хасч тооцож төлөхөд татгалзах зүйлгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 508.4.1, 509 дүгээр зүйлийн 509.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагчаас 2015 оны 6 дугаар сарын 08-ны өдөр төрсөн охин Б.Мөнх-Энэрэл, 2017 оны 7 дугаар сарын 08-ны өдөр төрсөн хүү Б.Мөнх-Алдар нарыг 16 нас хүртэл, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь хүүхэд тус бүрт 276 025 төгрөг нийт 552 050 төгрөгөөс тухайн үед нийгмийн даатгалын сангаас олгож байгаа тэжээгчээ алдсаны тэтгэврийг хасч, үлдэх хэсгийг сар бүр гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас нэг удаа нийт 196 463 700 төгрөг гаргуулах шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Б.А-аас 91 183 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Э.Бат-Эрдэнийн Хаан банкин дахь дансны хуулгаас харахад дээврийн ажлын хөлс, төмөр дээврийн үнэ гэх зэрэг төлбөрийн утгатай орлогууд харагддаг. Үүнээс үзэхэд тухайн дансаар ажлын хөлс, материалын төлбөр гэх мэт олон төрлийн гүйлгээ хийгдсэн байдаг. Мөн гэрч Э.Эрдэнэтулга нь талийгаач Э.Бат-Эрдэнэ ажил олдог байсан, 5-6 хүний бүрэлдэхүүнтэй бригад тухайн олсон ажлыг хамтарч хийгээд 2-3 хоногийн дотор дуусгадаг байсан. Эдгээр хүмүүст Э.Бат-Эрдэнэ нь 700 000 - 800 000 төгрөгийг тус бүрт олгоод үлдсэн хувийг нь өөрөө авдаг байсан гэж шүүхийн хэлэлцүүлгийн шатанд мэдүүлж байснаас харахад түүний дансанд орж ирсэн орлогыг бүхэлд нь талийгаач Э.Бат-Эрдэнийн орлого гэж тодорхойлох боломжгүй бөгөөд шүүх Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3 дахь хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Түүнчлэн тухайн үед хорих ял авч хоригдсон Б.А нь талийгаачийн ар гэрийнхэнд дэмжлэг, тэтгэмж өгөх боломжгүй болсон тул өөрийн санаачилгаар талийгаачийн эхнэрт Киа спортэйж маркийн 1145 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг өөрийн эцэг Б.Баттөрөөр дамжуулан шилжүүлсэн байгааг харилцан тооцох үүрэг гэж үзэх боломжгүй хэмээн шүүх бүрэлдэхүүн үзсэнд гомдолтой байна. Энэхүү тээврийн хэрэгслийг нь шүүхийн журмаар шинжээч томилуулан үнэлэхэд 10 000 000 төгрөг болсон ба уг үнийн дүнг Б.А-ыг хорих ангид ял эдэлж байх хугацаанд тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүд тооцуулах саналтай байгааг шүүх шийдвэрлээгүй тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж цалин хөлс, орлогын бодит хэмжээгээр тогтоон өгч тэтгэмжийн зөрүүг тооцож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Ш.О нь хариуцагч Б.А-д холбогдуулан тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүд 196 463 700 төгрөг гаргуулахаар /хх.1, 145/ нэхэмжилснийг хариуцагч зарим хэсгийг зөвшөөрч, 18 нас хүртэл нь нэг удаа олгохыг зөвшөөрөхгүй, оршуулгын зардал болон 10 000 000 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгсэл өгснийг дээрх шаардлагаас хасаж тооцуулна гэж маргажээ.

Хариуцагч Б.А нь 2016 оны 12 дугаар сарын 01-ээс 02-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглан, бусдыг илтэд үл хүндэтгэн, догшин авирлан танхайрч Э.Бат-Эрдэнийн толгойн тус газарт цохиж санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай болох нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 262 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 729 дүгээр магадлал зэргээр тогтоогджээ. /хх.49-52, 54-59/

Дээрх шийтгэх тогтоолын дагуу хохирогчийн хууль ёсны төлөөлөгч буюу Ш.О холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний үндсэн дээр иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээжээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Э.Бат-Эрдэнийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх.8/ дээрх сүүлийн 3 сарын цалингийн дунджаар буюу 2014 оны 5 дугаар сард 1 369 636 төгрөг, 6 дугаар сар 990 314 төгрөг, 7 дугаар сар 990 314 төгрөг, нийт 3 312 300 төгрөгөөс дунджийг тооцож Нийгмийн даатгалын сангаас тэжээгчээ алдсаны тэтгэвэрт олгож буй 155 000 төгрөгийг хасч үлдэх 949 100 төгрөгийг 2 хуваахад хүүхэд тус бүрт 474 550 төгрөг болж байгааг хариуцагчаас гаргуулна...” гэж тодорхойлсон, хариуцагч нь талийгаачийн байнгын орлоготой байсныг нотолж чадаагүй тул дундаж цалин хөлсийг тодорхойлох боломжгүй учраас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 240 000 төгрөгөөс Нийгмийн даатгалын сангаас тэжээгчээ алдсаны тэтгэвэрт олгож буй 155 000 төгрөгийг хасч тэтгэмжийг төлнө гэж тайлбарлажээ.

Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3 дахь хэсэгт “...нас барагчийн сарын цалин хөлс, орлогын дунджаар тогтооно. Түүнчлэн төлбөр авагч бүрт тогтоосон төлбөрийн хэмжээнээс тэжээгчээ алдсаны тэтгэврийг хасна...” гэж заажээ. Э.Бат-Эрдэнэ нь 2015, 2016 онуудад хувиараа хөдөлмөр эрхэлж орлого олж байсан нь гэрч Э.Эрдэнэтулгын “...2014 оноос хойш дүүтэйгээ хамт ажиллаж байгаа, орлого тогтмол биш болохоор нийгмийн даатгал төлдөггүй, цалин хөлсөө данс болон бэлнээр авдаг байсан...” гэх мэдүүлэг /хх234-236/ болон хэрэгт авагдсан Э.Бат-Эрдэнийн Хаан банкны 5133031792 тоот дансны хуулга зэргээр тогтоогджээ. /хх9-47/

Дээрх баримтаар тогтоогдсон талийгаачийн байнгын бус орлогын дүнгийн дунджийг нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад тооцоолсонтой уялдуулан дундаж цалин хөлсийг 1 104 100 төгрөг гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журамд нийцсэн, үндэслэлтэй. Дундаж цалин хөлс болох 1 104 100 төгрөгөөс талийгаач болон хөдөлмөрийн чадвартай этгээд болох түүний эхнэрт ногдох хэсгийг хасч үлдэх хэсэг буюу насанд хүрээгүй 2 хүүхдэд ногдох 552 050 төгрөгөөс сар бүр тухайн үед батлагдсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн хэмжээг хасч, үлдэх хэсгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1, 509 дүгээр зүйлийн 509.1 дэх хэсэгт нийцсэн, нэхэмжлэгчийн нэг удаа нийтэд нь 196 463 700 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр зөв болжээ.

Түүнчлэн, хэргийн 91 дүгээр талд авагдсан “Баталгаа гаргах нь” гэх агуулгатай хэлцлийн дагуу шилжүүлсэн 11-45 УНЛ улсын дугаартай “Киа спортэйж” маркийн тээврийн хэрэгслийг 10 000 000 төгрөгөөр тооцон тэжээгчээ алдсаны тэтгэврээс хасуулах хариуцагчийн татгалзал үндэслэлгүй, харилцан тооцох үүрэг болохгүй гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлт зөв, энэ үндэслэлээр гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхино.

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.   Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2018/02639 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс төлсөн 91 183 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                          ШҮҮГЧИД                                  Ц.ИЧИНХОРЛОО

 

                                                                                             А.ОТГОНЦЭЦЭГ