Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 02639

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, шүүгч З.Баярмаа, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ш.О нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.А- холбогдох,

Тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүд 196,463,700 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Алтанзаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэнгүүн, иргэдийн төлөөлөгч Б.Оюунтүлхүүр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.     

                                                         

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ш.О миний бие Э.Бат-Эрдэнэтэй 2013 онд танилцаад 2014 оноос хамтран амьдарч эхэлсэн. 2015 оны 6 дугаар сарын 08-нд охин Б.Мөнх-Эрдэнэ төосөн. 2016 оны 12 дугаар  сарын 01-ны өдөр нөхөр маань бусдын гарт зуурдаар нас барсан. Энэ үед би 1 сартай жирэмсэн үлдэж 2017 оны 07 дугаар сарын 8-нд хүү Б.Мөнх-Алдрыг төрүүлсэн.

Нөхөр Э.Бат-Эрдэнийг нас барснаас хойш бид 3 сард тэжээгчээ алдсаны тэтгэмж 155,000 төгрөг 140,000 төгрөг байснаа 2018 оны 4 дүгээр сард 155,000 болж нэмэгдснээс өөр ямар нэгэн мөнгөн орлоггүй болсон бөгөөд энэ мөнгө бидний амьжиргаанд хүрэлцдэггүй. Учир нь бид өөрсдийн гэх орон гэргүй айлаас айл дамжин амьдарч байгаа бөгөөд нялх хүүхэдтэй учир живх, сүүнээс эхлээд зардал маш их гардаг. Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Б.Аыг нөхрийн минь үхэлд буруутайг тогтоож, тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн юм. Гэм хор учруулсны төлбөрийг нас барсан хохирогчийн асрамжинд байсан буюу нас барсны дараа төрсөн хүүхэд тус тус авах эрхтэй тул миний охин Б.Мөнх-Энэрэл, хүү Б.Мөнх-Алдарыг 18 нас хүртэл тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг талийгаач нөхрийн минь ссард авч байсан дундаж цлин хөлснөөс тооцож Б.Ааас сар бүр гаргуулахаар нэхэмжилж байна.

Талийгаач нөхрийн минь сард авч байсан дундаж цалин хөлсийг тооцолохдоо Э.Бат-Эрдэний  нийгмийн даатгалын дэвтрийн сүүлийн 3 сарын цалингийн дунджаар буюу 2014 оны 05 дугаар сард 1,369,636 төгрөг, 2014 оны 6 дугаар сард 990,314 төгрөг, 2014 оны 7 дугаар сард 952,350 төгрөгийг нэмээд 3,312,300 төгрөг болж байна. Үүнийг 3 хуваахад дундаж цалин нь 1,104,100 төгрөг болж байгаа тул үүнээс сард Нийгмийн даатгалын сангаас авч буй тэжээгчээ алдсаны тэтгэмж болон 155,000 төгрөгийг хасч тооцоход зөрүү 949,100 төгрөг болно. 949,100 төгрөгийг 2 хуваахад хүүхэд тус бүрт 474,550 төгрөг болж байна.

Талийгаач нөхрийг минь нас барахад охин Б.Мөнх-Энэрэл 1 нас 6 сартай, хүү Б.Мөнх-Алдар төрөөгүй байсан. Хүүхдүүдийг 18 нас хүртэл тэжээгчээ алдсаны тэтгэмж авна гэж тооцоход охин Б.Мөнх-Энэрэл 198 сард /16 жил 6 сар/ 93,960,900 төгрөг, хүү Б.Мөнх-Алдар 216 сард /18 жил/ 102,502,800 төгрөг нийт 196,463,700 төгрөгийг хариуцагч Б.Ааас тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүд гаргуулж өгнө үү гэв.

 

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хоёр хүүхдээ насанд хүртэлх тэтгэмжийг нэг удаа бөөн авах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Талийгаачийн 2014 онд төлж байсан цалин хөлс орлогоос дундаж цалин хөлсийг тооцсон байдаг. Түүнээс хойш талийгаачийг байнгын цалин хөлс орлоготой байсныг нотлох баримт байхгүй. Хавтаст хэрэгт “Дако” ХХК-иас цалингийн тодорхойлолтыг гаргаж өгсөн боловч холбогдох бусад нотлох баримт болох нийгмийн даатгал болон ХАОАТ төлсөн зэргээр ажиллаж байсныг нотолж чадаагүй. Талийгаачийн байнгын орлоготой байсныг нотолж чадаагүй тул дундаж цалин хөлсийг тодорхойлох боломжгүй. Иймд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр 240,000 төгрөгөөр тооцож, тэжээгчээ алдсаны тэтгэмжийг олгох саналыг гаргаж байна. Нэхэмжлэгч талаас хэрэг хянан шийдвэрлэх хугацаанд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн. “Сод констракшн” ХХК болон н.Мягмар нарын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ, байранд нь засвар хийсэн талаарх тодорхойлолт зэрэг талийгаач Д.Бат-Эрдэнэтэй холбогдолгүй нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна. Нэхэмжлэгч талын шүүхэд гаргаж өгсөн баримтуудаар талийгаачийн байнгын ажилтай байсан нь нотлогдохгүй байна. Байнгын ажил эрхэлдэг байсныг тухайн байгууллагын тодорхойлолт, цалингийн тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтэр зэрэг баримтуудаар тогтоогддог. 2018 оны 4 дүгээр сараас 09-ний өдөр “Сэлэнгэ Эстимэйт” ХХК-иар хийлгэсэн үнэлгээний тайланг шүүхэд гаргаж өгсөн. Хүний амь нас, эрүүл мэндийн хохирлын үнэлгээний тайлантай танилцахад Д.Бат-Эрдэнийн нас, цаашид амьдрах хугацаа зэргийг тусгаж магадлалын онолоор дээрх үнэлгээг гаргасан гэж ойлгосон. Талийгаач нь 38-39 жил амьдрах боломжтой гэсэн хэт өндөр үнэлгээг энэ хэргийг шийдвэрлэхэд хэт өрөөсгөл дүгнэлт гарсан байна юм. Иргэний хуульд тэжээгчээ алдсаны тэтгэмжийг хэрхэн тогтоохыг заасан байна. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Хуулийн дагуу Б.А нь гэм хор учруулсан үйлдэлдээ үүрэг хүлээх ёстой. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тэжээгчээ алдсаны тэтгэмжийг хасч тооцож төлөхөд татгалзах зүйлгүй гэв.

 

Шүүх хуралдаанд зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

      ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.О нь хариуцагч Б.Ад холбогдуулан тэжээгчээ алдсаны тэтгэврийн зөрүүд 196,463,700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж, хариуцагч сар бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцож төлөхийг зөвшөөрч, 18 нас хүртэл нь нэг удаа олгохыг зөвшөөрөхгүй түүнчлэн оршуулгын зардлаас гадна 10,000,000 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгсэл өгснийг уг шаардлагаас хасаж тооцуулна гэж маргасан.

Хариуцагч Б.А согтуугаар 2016 оны 12 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг байрлах “Топаз” нэртэй зочид буудлын урд талын зам дээр “хариугаа авна” гэх ялимгүй зүйлээр шалтаглан Э.Бат-Эрдэний толгойруу цохиж гавал тархины гэмтэл учруулан алсан гэмт хэрг үйлдсэн гэм буруутай болох нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 262 дугаартай шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөх 729 дугаартай магадлал, нас барсны гэрчилгээ зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 49-52, 54-59 дахь талд/

Уг шийтгэх тогтоолоор Б.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнийг алсан гэм буруутайд тооцож, 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Оийн “тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү” нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээн шийдвэрлэсэн байх ба гэм буруугийн талаар хариуцагч маргаагүй.

 

Нэхэмжлэгч Ш.О нь талийгаач Э.Бат-Эрдэнэтэй 2014 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд гэрлэлтээ бүртгүүлэлгүй хамтын амьдралтай байсан ба тэдний дундаас 2015 оны 6 дугаар сарын 08-ны өдөр охин Б.Мөнх-Энэрэл, 2017 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хүү Б.Мөнх-Алдар нар төрсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 2033 дугаартай шийдвэр, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг бичгийн баримтаар тогтоогдож байна. /х.х-ийн 6, 53 дахь талд/

Тэдгээрийн дундаас төрсөн охин Б.Мөнх-Энэрэл одоо 3 нас 2 сар, хүү Б.Мөнх-Алдар 1 нас 1 сартай ажээ.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт зааснаар Нийгмийн даатгалын сангаас тэжээгчээ алдсаны тэтгэвэрт сар бүр 155,000 төгрөг олгогдож байгаа болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байна. /х.х-ийн 48 дахь талд/

Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.2 дэх хэсэгт “Гэм хор учруулсны төлбөрийг нас барсан хохирогчийн асрамжид байсан буюу нас барах үед түүнээс тэтгэвэр авах эрхтэй байсан хөдөлмөрийн чадваргүй этгээд, хохирогчийг нас барсны дараа төрсөн хүүхэд тус тус, түүнчлэн нас барагчийн найман нас хүрээгүй хүүхэд, дүү, ачийг асран хүмүүжүүлж байгаа байнгын цалин хөлс орлогогүй эцэг, эх, нөхөр /эхнэр/-ийн аль нэг нь авах эрхтэй” гэж зохицуулснаар нэхэмжлэгч Ш.О нь гэм буруутай этгээдээс гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... талийгаач Э.Бат-Эрдэнийн 2014 оны 5, 6, 7 дугаар сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээ 1,104,100 төгрөгөөс сард Нийгмийн даатгалын сангаас тэжээгчээ алдсаны тэтгэвэрт олгож буй 155,000 төгрөгийг хасч үлдэх 949,100 төгрөгийг гэр бүлийн насанд хүрээгүй хоёр гишүүдэд хуваан нэг хүүхдэд 474,550 төгрөгийг 18 насанд хүртэл нь гаргуулна” гэж тодорхойлсон. 

Хариуцагч талийгаач байнгын цалин хөлс орлоготой байсан нь баримтаар тогтоогдохгүй байгаа тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 240,000 төгрөгөөс Нийгмийн даатгалын сангаас олгож буй 155,000 төгрөгийг хасч, нэг хүүхдэд сар 85,000 төгрөгийг төлнө гэж тайлбарласан.

Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508. 3 дахь хэсэгт “Төлбөр гаргуулах хэмжээг тогтоохдоо нас барагчид өөрт нь болон түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадвартай бөгөөд төлбөр авах эрхгүй этгээдэд оногдох хэсгийг хасаад нас барагчийн сарын цалин хөлс, орлогын дунджаар тогтооно. Түүнчлэн төлбөр авагч тус бүрт тогтоосон төлбөрийн хэмжээнээс тэжээгчээ алдсаны тэтгэврийг хасна” гэж заасан.

Өөрөөр хэлбэл, хуульд зааснаар тогтмол цалин хөлс авдаггүй бол түүний бусад орлого санхүүгийн эх үүсвэрийг тодорхойлох боломжтой тохиолдолд уг орлогын дунджаас нас барагчид өөрт нь мөн хөдөлмөрийн чадвартай төлбөр авах эрхгүй этгээдэд оногдох хэсгийг хасч нас барагчтай хамт амьдарч түүний асрамжид байсан 16 насанд хүрээгүй хүүхэд болон нас барсны дараа төрсөн хүүхдэд оногдох хэсгийг гаргуулах журамтай байна.

Талийгаач Э.Бат-Эрдэнэ 2014 оны 7 дугаар сараас хойш тогтмол цалин хөлс авч байгаагүй байх боловч 2015 оны 5 дугаар сараас 2016 оны 12 дугаар сарыг хүртэл хугацаанд тэрээр хувиараа хөдөлмөр эрхэлж байнгын бус орлого олж байсан болох нь хэрэгт авагдсан Хаан банкин дахь дансны хуулга, гэрч Э.Эрдэнтулгын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. /х.х-ийн 9-47 дахь талд/

Уг орлогын үнийн дүнгийн дундажийг тооцолоход 1,171,027 төгрөг гарч байх тул тодорхой орлогогүй этгээдтэй харьцуулж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тэжээгчээ алдсаны тэтгэврийн зөрүүг хасаж эрх зүйн байдлыг дордуулах нь хууль зүйн хувьд шудрага байх зарчимд нийцэхгүй.

Иргэний хуулийн 509 дүгээр зүйлийн 509.1 дэх хэсэгт “Хохирогч нас барсан буюу хөдөлмөрийн чадвараа алдсантай холбогдсон төлбөрийг сар тутам төлнө” гэж заасан.

Төлбөрийг сар бүр төлж байгаа нь нэг талаас хохирогч сар бүр тодорхой хэмжээгээр тэжээн тэтгүүлэх, байнгын орлогын эх үүсвэртэй байх, хохирогчид сар бүр олгодог тэтгэвэр тэтгэмжийн хэмжээ өөрчлөгдөх зэрэгтэй холбоотой, нөгөө талаас хариуцагчийн төлбөрийг төлөх боломж зэрэгтэй холбоотой байхаас гадна мөнгөний ханшны өөрчлөлт зэргээс үндэслэн хууль тогтоогч “сар тутам төлнө” гэж хугацааг тодорхой байдлаар зохицуулжээ.

Энэ утгаараа, шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон үндэслэлээр тэжээгчээ алдсаны тэтгэврийн зөрүүг нэг удаа нэгтгэн олгох хууль зүйн үндэслэлгүй юм.

Талийгаачийн байнгын бус орлогын дүнгийн дундаж нь хэрэгт авагдсан баримтаар 1,171,027 төгрөг гарч байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа тооцоолсон 1,104,100 төгрөгийг шүүх үндэслэл бүхий гэж үзэж тус үнийн дүнгээс тэжээгчээ алдсаны тэтгэврийн зөрүүг дараах байдлаар тооцоолох нь зүйтэй гэж үзэв.

Дундаж цалин хөлс болох 1,104,100 төгрөгийг талийгаач болон хөдөлмөрийн чадвартай эхнэр, насанд хүрээгүй хоёр хүүхэд нийт дөрөвт хуваахад /1,104,100:4/=276,025 төгрөг нэг гишүүнд ноогдох бөгөөд насанд хүрээгүй хоёр хүүхдэд ноогдох 552,050 төгрөгөөс сар бүр тухайн үед батлагдсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн хэмжээг хасаж, үлдэх хэсгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэв.

Хариуцагч Б.Аын эцэг Б.Баттөр болон нэхэмжлэгч Ш.О нарын хооронд тодорхой хүсэл зориг илэрхийлж хийсэн “Баталгаа гаргах” тухай хэлцлийн дагуу шилжүүлсэн 11-45 УНЛ улсын дугаартай “Kiа sportage” маркийн тээврийн хэрэгсэлийг шинжээчийн үнэлсэн үнэлгээ болох 10,000,000 төгрөгөөр тооцон тэжээгчээ алдсаны тэтгэврээс хасуулах тухай хариуцагчийн татгалзалыг үндэслэлгүй гэж үзсэн болно.

Учир нь, шүүх зохигчдын хооронд үүссэн харилцаа, нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийн хүрээнд эрх зүйн дүгнэлт хийсэн тул нэхэмжлэгчид хөрөнгө шилжүүлсэн этгээд болон тэдгээрийн хооронд үүссэн аливаа харилцаанд эрх зүйн дүгнэлт хийгээгүй тул харилцан тооцох үүрэг гэж үзэх боломжгүй болохыг дурдав.

Нэхэмжлэгч тэжээгчээ алдсаны тэтгэврийн зөрүү болон нэг удаа нийтэд нь 196,463,700 төгрөг гаргуулах шаардлага гаргаснаас нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу тэжээгчээ алдсаны тэтгэвэрийн зөрүү гаргуулах хэсгийг хангаж, нийтэд нь 196,463,700 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

                                                                                                               ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 508.4.1, 509 дүгээр зүйлийн 509.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Ааас 2015 оны 6 дугаар сарын 08-ны өдөр төрсөн охин Б.Мөнх-Энэрэл, 2017 оны 7 дугаар сарын 08-ны өдөр төрсөн хүү Б.Мөнх-Алдар нарыг 16 нас хүртэл, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь хүүхэд тус бүрт 276,025 төгрөг нийт 552,050 төгрөгөөс тухайн үед нийгмийн даатгалын сангаас олгож байгаа тэжээгчээ алдсаны тэтгэвэрийг хасч, үлдэх хэсгийг сар бүр гаргуулж нэхэмжлэгч Ш.От олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас нэг удаа нийт 196,463,700 төгрөг гаргуулах шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ш.О нь улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс хуулийн дагуу чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Б.Ааас 91,183 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Л.ЭНХЖАРГАЛ

 

 

                        ШҮҮГЧ                                                                       Б.МАНДАЛБАЯР

 

 

З.БАЯРМАА