Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 101/ШШ2021/03468

 

 

 

 

 

 

2021 10 29

101/ШШ2021/03468

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Монгол Улсын иргэн *******,*******,*******,*******,*******,*******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:*******,*******,*******,*******,р, 13 тоот хаягт оршин суух Боржгон овогт Чулуунбатын Мөнхзулд холбогдох,

2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 16/01 дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэн 13,864,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мөнхцэцэг, хариуцагч Ч.Мөнхзул, хариуцагчийн өмгөөлөгч Л.Даваасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Манай сургууль иргэн Ч.Мөнхзулын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 14-р хороо Намьянжүгийн гудамж 14а барилга Фимо байранд 2016 оны 8 сарын 25-ны өдрөөс Үл хөдлөх эд хөрөнгө түрээсийн гэрээ байгуулан ашиглан сургуулийн үйл ажиллагаагаа эрхлэн явуулж байсан. Түрээслүүлэгч гэнэт үл хөдлөх хөрөнгийн татварт жил болгон 6.932.000 төгрөг төлөх хэрэгтэй байна гэж хэлээд, надаас мөнгө зээлсэн байдлаар гэрээ хийчих гэдэг шаардлагыг тавин над руу байнга утсаар ярих болж, хэрэв энэ мөнгийг өгөхгүй гэвэл танай сургуулийг энэ байранд байлгахгүй би эзэн нь гэх байдлаар хандах болсон. Тэр үед сургууль хичээлийн жилийн элсэлтээ авчихсан, хичээлийн шинэ жил эхэлчихсэн, бид ч шинэ байранд эрч хүч дүүрэн ажиллаж байлаа. Сургуулийн үйл ажиллагааг тасалдуулах, сургуулийн барилгын хаалгаа хаачих хэмжээний шийдвэр гаргах субъект нь тус барилгын өмчлөгч Ч.Мөнхзул байсан бөгөөд миний бие аргагүй байдалд орж 2016 оны 9 сарын 1-ний өдөр 16/01 тоот Зээлийн гэрээ-г С.Мөнхзултай байгуулж түүний хэлсний дагуу зээлдүүлэгч нь Ч.Мөнхзул, зээлдэгч нь М.Туяа гэх байдлаар гэрээнд гарын үсэг зурсан. Бодит байдал дээр зээлийн гэрээний дагуу М.Туяа миний бие Ч.Мөнхзулаас нэг ч төгрөг аваагүй, харин 16/01 тоот зээлийн гэрээний 6.932.000 төгрөгийг 2016 оны 9 сарын 16-ны өдөр, 2017 оны 10 сарын 31-ний өдөр 6.000.000 төгрөг 2017 оны 11 сарын 02-ны өдөр 932.000 төгрөг тус тус өгсөн.

Ийнхүү миний бие 16/01 тоот зээлийн гэрээний дагуу нэг ч төгрөгийг аваагүй, харин надаас хүч түрэн хөрөнгийн эзэн танай сургуулийг би гаргачхаж чадна гэх байдлаар дарамт үзүүлэн, хуурч мэхлэн гурван удаагийн гүйлгээгээр нийт 13 864 000 төгрөгийг үндэслэлгүйгээр авсан. Иймд энэхүү 2016 оны 9 сарын 01-ний өдрийн 16/01 дугаартай Зээлийн гэрээ-г хүчин төгөлдөр бусад тооцож, зээлийн гэрээгээр шилжүүлэн авсан 13 864 000 /арван гурван сая найман зуун жаран дөрвөн мянган/ төгрөгийг хариуцагч Ч.Мөнхзулаас гаргуулж шийдвэрлэж өгнө үү.

Энэхүү гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар 2018 оны 12 сарын 31-ний өдөр тус шүүхэд хандан Нордофф интернэшнл ХХК, Шилдэг бүрэн дунд сургууль нэхэмжлэл гаргасныг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04-р сарын 02-ны өдрийн 101/ШШ2019/01171 дугаартай шийдвэрээр хангаж шийдвэрлэснийг Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06-р сарын 26-ны өдрийн 1215 дугаартай магадлалын 9 дүгээр тал Хянавал хэсгийн 4-т ..иргэд хооронд байгуулагдсан хэлцэл тул компаниудын хооронд үүссэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамаарахгүй юм. Энэ үндэслэлээр нэхэмжлэлийн холбогдох шаардлагыг хангахгүй орхих нь зүйтэй ... гэж үзэн хангаагүй, Улсын дээд шүүхийн 2020 оны 11 сарын 10-ны өдрийн тогтоолоор тус Зээлийн гэрээний талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг мөн зөвтгөсөн. Улмаар хариуцагч дээд шүүхийн ерөнхий шүүгчид хандах хугацаа дууссан. Ийнхүү 2016 оны 9 сарын 01-ний өдрийн 16/01 дугаартай зээлийн гэрээ болон бусад шаардлагатай холбоотой маргааны шүүхийн ажиллагаа дуусгавар болсон тул иргэн М.Туяа миний бие шүүхэд хандан энэхүү нэхэмжлэлээ гаргаж байгаа болно гэв.

 

Хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2019 онд нэхэмжлэгч Нордофф Интернэшнл ХХК, Шилдэг ЕБС нарын хариуцагч Хэмжишгүй ХХК-нд холбогдуулан 2016 оны 08-р сарын 22-ны өдөр байгуулсан 01/02 тоот Үл хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээ мөн 2016-09-01 өдрийн 16/01 тоот Мөнхзул, Туяа нарын хооронд хийгдсэн зээлийн гэрээнүүдийг тус тус хүчингүйд тооцуулж хариуцагч Хэмжишгүй ХХК-с 56,817,118 төгрөгийг гаргуулахаар шүүхэд хандсаны дагуу Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04-р сарын 23-ны өдрийн 01171 дугаартай, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06-р сарын 26-ны өдрийн 1215, Монгол Улсын дээд шүүхийн 2020 оны 11-р сарын 10-ны өдрийн 00779 дугаартай 3 шатны шүүхээр хянан хэлэлцээд эцэслэн шийдвэрлэгдсэн болно.

Өнөөдөр нэхэмжлэгч иргэн Туяа нь хариуцагч иргэн Ч.Мөнхзул нарын хооронд байгуулсан 2016 оны 09-р сарын 01-ний өдрийн 16/01 тоот зээлийн гэрээг дахин хүчингүйд тооцуулж миний зүгээс иргэн Туяад 6,932,000 төгрөгийг огт өгөөгүй байхад би шүүхэд 1 ч удаа нэхэмжлэл гаргаж байгаагүй. Туяагаас нэхэж ч байгаагүй болно. Гэтэл Туяа нь 13,864,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан мэтээр шүүхэд илт худал нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгч тал түрээсийн төлбөрт өгсөн гэдгийг нь 2019 оны 04-р сарын 23-ны өдрийн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 01171 дугаартай шийдвэрийн үндэслэх хэсэг болон тогтоох хэсэгт аль алинд нь Иргэний хуулийн 56.1.1 болон 56.1.2 дахь хэсэгт зааснаар дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж дүгнэсэн. Ингэж дүгнэхдээ Туяагийн энэ зээлийн гэрээ нь хуурамч Мөнхзулаас 6,932,000 төгрөг зээлж аваагүй гэсэн мэдүүлэг, 2017-09-29-ны өдрийн Хэмжишгүй ХХК-ны албан бичгээр тогтоогдсон гэж шүүх үзсэн. Мөнгө зээлж өгөөгүй байхад тэр зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж байгаа үйлдэл нь хэр шударга ёсны зарчимд нийцэх вэ. Иргэний хуулийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний мөнгийг хүлээлгэн өгснөөр зээлийн гэрээ байгуулсанд тооцдог. Түрээсийн гэрээнд заасан үл хөдлөх хөрөнгийн татвар нэршлээр авсан 13,864,000 төгрөг нь түрээсийн төлбөрийн бүрдэл хэсэг байсан. 13,684,000 төгрөгийг Баянзүрх дүүргийн үл хөдлөх хөрөнгийн албан татварт төлсөн болохыг баримтаар хавсаргав. Би энэ мөнгийг хувьдаа болон өөртөө нэг ч төгрөгийг аваагүй болно.

Иймд нэхэмжилж байгаа 13,684,000 төгрөгийг мөн 2016 оны 09-р сарын 01-ний өдрийн 16/01 тоот зээлийн гэрээг тус тус хүчингүйд тооцон өмнөх шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэсэн. Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.Туяа нь хариуцагч Ч.Мөнхзулд холбогдуулан 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэн 13,864,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг ... Ч.Мөнхзулын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 14-р хороо Намъянжүгийн гудамж 14а барилга Фимо байранд түрээсийн гэрээ байгуулан сургуулийн үйл ажиллагаагаа эрхлэн явуулж байсан бөгөөд түрээслүүлэгч үл хөдлөх хөрөнгийн татварт жил болгон 6,932,000 төгрөг төлөх хэрэгтэй байна гэж хэлээд, надаас мөнгө зээлсэн байдлаар гэрээ хийчих гэсэн шаардлагын дагуу үл хөдлөх хөрөнгийн татаварт 13,864,000 төгрөгийг төлсөн бөгөөд уг нэхэмжлэлийг Нордофф интернэшнл ХХК, Шилдэг бүрэн дунд сургууль Хэмжишгүй ХХК-нд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг анхан шатны шүүхээс хангаж шийдвэрлэсэн боловч давж заалдах шатны шүүхээс иргэд хооронд зээлийн гэрээ байгуулагдсан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосныг хяналтын шатны шүүхээс магадлалыг хэвээр үлдээсэн тул иргэний хувиар тус нэхэмжлэлийг гаргаж байгаа гэж тодорхойлсон.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа татгалзлын үндэслэлээ ... Нордофф интернэшнл ХХК, Шилдэг бүрэн дунд сургууль нь уг нэхэмжлэлийг Хэмжишгүй ХХК-нд холбогдуулан гаргасан бөгөөд шүүхээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос гадна 13,864,000 төгрөгийг үл хөдлөх хөрөнгийн татварт гэрээгээр тохиролцсоны дагуу төлсөн тул хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 01171 дугаар шийдвэрээр 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан №01/02 тоот Үл хөдлөх эд хөрөнгө түрээсийн гэрээ 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан 16/01 тоот Зээлийн гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэн, хариуцагч Хэмжишгүй ХХК-аас /15,680,696+13,864,000/ 29,544,696 төгрөгийг гаргуулж Нордофф интернэшнл ХХК, Шилдэг бүрэн дунд сургуулиудад олгож, нэхэмжлэлээс /11,079,722+16,192,700/ 27,272,422 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 1215 дугаар магадлалаар Хэмжишгүй ХХК-аас 15,680,696 төгрөгийг гаргуулж Нордофф интернэшнл ХХК, Шилдэг бүрэн дунд сургуулиудад олгож, нэхэмжлэлээс 41,136,422 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өөрчилснийг Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 00779 тогтоолоор хэвээр үлдээж шийдвэрлэсэн болох нь зохигч талуудын тайлбар хэрэгт авагдсан баримтаар тус тус тогтоогдож байна. /х.х-ийн 9-23 дахь талд/

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 1215 дугаартай магадлалын 9 дэх талын 4 дугаарт Зээлийн гэрээг Ч.Мөнхзул, М.Туяа нар 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр байгуулжээ. Гэрээний зүйл болох 6,932,000 төгрөг нь үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлтэй холбоотой талаар талууд маргаагүй хэдий ч иргэд хооронд байгуулагдсан хэлцэл тул компаниудын хооронд үүсэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамаарахгүй гэж үзэн Нордофф интернэшнл ХХК, Шилдэг бүрэн дунд сургуулийн Хэмжишгүй ХХК-нд холбогдох нэхэмжлэлээс 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, 13,864,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байх бөгөөд уг магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-д Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан.

Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт гэдэгт Нордофф интернэшнл ХХК, Шилдэг бүрэн дунд сургууль, Хэмжишгүй ХХК-ийн хоорондын түрээсийн гэрээний харилцаатай холбоотой маргааныг шийдвэрлэсэн байдал нь хамаарах бөгөөд харин иргэн М.Туяа, Ч.Мөнхзул нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний талаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа гэж үзэхгүй юм.

Иймд нэхэмжлэгч М.Туяагийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 16/01 дугаартай зээлийн гэрээ М.Туяа, Ч.Мөнхзул нарын хооронд байгуулагдсан эсэх уг гэрээ хүчин төгөлдөр бус эсэхэд шүүх хууль зүйн дүгнэлт хийх нь зүйтэй байна.

Хэрэгт авагдсан 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 16/01 дугаартай зээлийн гэрээнд нэг талаас зээлдүүлэгч Ч.Мөнхзул нь зээлдэгч М.Туяад 6,932,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай хүүгүйгээр зээлдүүлэхээр харилцан тохиролцож, гэрээнд оролцогч талууд гарын үсгээ зурсан байна.

Гэрээнд нэхэмжлэгч М.Туяа нь мөнгө зээлдэгч хариуцагч зээлдүүлэгч байхаар тусгагдсан байх боловч гэрээний дагуу зээлдүүлэгч буюу хариуцагч Ч.Мөнхзул нь зээлдэгч М.Туяад мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна

Тус гэрээг Нордофф интернэшнл ХХК, Шилдэг бүрэн дунд сургууль нь Хэмжишгүй ХХК-ийн Баянзүрх дүүргийн 14-р хороо Намъянжүгийн гудамж 14а барилга Фимо байрыг түрээслэн үйл ажиллагаа явуулж байсантай холбоотой үл хөдлөх хөрөнгийн татварыг төлөхөөр дүр үзүүлэн хийсэн гэж нэхэмжлэгч тайлбарласан.

Хэрэгт авагдсан Нордофф интернэшнл ХХК-ийн 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн кассын зарлагын ордероор үл хөдлөх хөрөнгийг татварт 6,932,000 төгрөг, Шилдэг бүрэн дунд сургуулийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн кассын зарлагын ордероор үл хөдлөх хөрөнгийн татварт 6,000,000 төгрөг, Шилдэг бүрэн дунд сургуулиас 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр үл хөдлөх хөрөнгийн татвар нэрээр 932,000 төгрөгийг тус тус Ч.Мөнхзулд хүлээлгэн өгсөн болох нь тогтоогдож байхаас гадна хариуцагч уг мөнгийг хүлээн авсантай маргахгүй байна.

Маргаж буй зээлийн гэрээний дагуу эдгээр мөнгийг хүлээн аваагүй гэж хариуцагч тайлбарлаж байх боловч хэрэгт авагдсан зээлийн гэрээнд тусгагдсан мөнгөн дүн, кассын зарлагын ордер, бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдөл зэргийг харьцуулан үзэхэд 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 16/01 дугаартай зээлийн гэрээний дагуу 13,864,000 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагчид хүлээлгэн өгсөн болох нь тогтоогдож байна. /х.х-ийн 7-8 дахь талд/

Өөрөөр хэлбэл, зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар М.Туяа, Ч.Мөнхзул нар нь зээлийн гэрээний эрх, үүргийг үүсгэх хүсэл зоригийг хэн аль нь илэрхийлээгүй атал зээлдэгч нь зээлдэгчид 13,864,000 төгрөгийг төлсөн байх тул 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 16/01 дугаартай зээлийн гэрээг талууд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт зааснаар дүр үзүүлэн хийсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт дүр үзүүлэн хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байх бөгөөд мөн зүйлийн 56.5-д Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж зохицуулсан.

Хариуцагч нь мөнгийг үл хөдлөх хөрөнгийн татварт тооцож авсан гэж тайлбарлаж байх боловч уг татгалзлаа нотолж ирүүлсэн баримтаар 2016, 2017 онуудад хариуцагч үл хөдлөх хөрөнгийн татварт 13,864,000 төгрөгийг төлсөн болох нь тогтоогдохгүй байна. /х.х-ийн 95-120 дахь талд/

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол хөрөнгө шилжүүлсэн этгээд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд зээлийн гэрээгээр хүлээх эрх, үүрэг үүсээгүй байх тул хариуцагч Ч.Мөнхзулаас 13,864,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.Туяад олгох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүх М.Туяа Ч.Мөнхзул нарын хооронд байгуулсан зээлийн гэрээтэй холбоотой маргааныг буюу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийн хүрээнд хянан шийдвэрлэсэн тул хэрэгт авагдсан Шилдэг бүрэн дунд сургууль, Хэмжишгүй ХХК-ийн албан бичиг зэргийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болохыг дурдав. /х.х-ийн 89-91 дэх талд/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

                                                                                                          ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан М.Туяа, Ч.Мөнхзул нарын хооронд байгуулагдсан 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 16/01 дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэн, хариуцагч Ч.Мөнхзулаас 13,864,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.Туяад олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 353,132 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Мөнхзулаас 353,132 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.Туяад олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ