Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2022/00075

 

 

 

 

 

2022 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2022/00075

 

 

 

М.Т-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2021/03468 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч М.Т-ийн хариуцагч Ч.М-д холбогдуулан гаргасан 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 16/01 дугаар зээлийн гэрээг дүр үзүүлж хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул үр дагаврыг арилгуулж 13,864,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, хариуцагчийн өмгөөлөгч Л.Д, А.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1.   Нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

1.1 Нэхэмжлэлийн шаардлага: 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 16/01 дугаар зээлийн гэрээг дүр үзүүлж хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул үр дагаврыг арилгуулж 13,864,000 төгрөг гаргуулах,

1.2 Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Манай сургууль иргэн Ч.М-ын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Намьянжүгийн гудамж 14а барилга Фимо байранд 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс үл хөдлөх эд хөрөнгө түрээсийн гэрээ байгуулан сургуулийн үйл ажиллагаагаа явуулж байсан. Гэнэт үл хөдлөх хөрөнгийн татварт жил болгон 6,932,000 төгрөг төлөх хэрэгтэй байна надаас мөнгө зээлсэн байдлаар гэрээ хийчих гэж байнга утсаар ярих болж, хэрэв энэ мөнгийг өгөхгүй бол сургуулийг байлгахгүй эзэн нь гэх байдлаар хандах болсон. Сургууль хичээлийн жилийн элсэлтээ авчихсан, хичээлийн шинэ жил эхэлчихсэн ажиллаж байсан. Сургуулийн үйл ажиллагааг тасалдуулах, барилгын хаалгаа хаачих субъект нь тус барилгын өмчлөгч Ч.М байсан. Аргагүй байдалд орж 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 16/01 тоот зээлийн гэрээг С.М-тай байгуулж түүний хэлсний дагуу зээлдүүлэгч нь Ч.М, зээлдэгч нь М.Т гэх байдлаар гэрээнд гарын үсэг зурсан. Бодит байдал дээр зээлийн гэрээний дагуу М.Т миний бие Ч.Маас нэг ч төгрөг аваагүй, харин 16/01 тоот зээлийн гэрээний 6,932,000 төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр, 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 6,000,000 төгрөг 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 932,000 төгрөг тус тус өгсөн. Ийнхүү гэрээний дагуу нэг ч төгрөгийг аваагүй, харин надаас хүч түрэн дарамт үзүүлэн, хуурч мэхлэн гурван удаагийн гүйлгээгээр нийт 13,864,000 төгрөгийг үндэслэлгүйгээр авсан. Иймд энэхүү 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 16/01 дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, зээлийн гэрээгээр шилжүүлэн авсан 13,864,000 төгрөгийг хариуцагч Ч.Маас гаргуулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2019 онд Нордофф интернэшнл ХХК, Шилдэг Ерөнхий боловсролын сургууль нарын Хэмжишгүй ХХК-д холбогдуулан 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан 01/02 тоот үл хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээ мөн 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 16/01 тоот М , Т нарын хооронд хийгдсэн зээлийн гэрээнүүдийг тус тус хүчингүйд тооцуулж хариуцагч Хэмжишгүй ХХК-с 56,817,118 төгрөгийг гаргуулахаар шүүхэд хандсаны дагуу Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04-р сарын 23-ны өдрийн 01171 дугаартай, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06-р сарын 26-ны өдрийн 1215, Монгол Улсын дээд шүүхийн 2020 оны 11-р сарын 10-ны өдрийн 00779 дугаартай 3 шатны шүүхээр хянан хэлэлцээд эцэслэн шийдвэрлэгдсэн болно. Нэхэмжлэгч иргэн Т нь хариуцагч иргэн Ч.М нарын хооронд байгуулсан 2016 оны 09-р сарын 01-ний өдрийн 16/01 тоот зээлийн гэрээг дахин хүчингүйд тооцуулж миний зүгээс иргэн Тд 6,932,000 төгрөгийг огт өгөөгүй байхад би шүүхэд 1 ч удаа нэхэмжлэл гаргаж байгаагүй. Тгаас нэхэж ч байгаагүй болно. Гэтэл Т нь 13,864,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан мэтээр шүүхэд илт худал нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгч түрээсийн төлбөрт өгсөн гэдгийг нь 2019 оны 04-р сарын 23-ны өдрийн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 01171 дугаартай шийдвэрийн үндэслэх хэсэг болон тогтоох хэсэгт аль алинд нь Иргэний хуулийн 56.1.1 болон 56.1.2 дахь хэсэгт зааснаар дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж дүгнэсэн. Иинхүү дүгнэхдээ Тгийн энэ зээлийн гэрээ нь хуурамч М аас 6,932,000 төгрөг зээлж аваагүй гэсэн мэдүүлэг, 2017-09-29-ны өдрийн Хэмжишгүй ХХК-ны албан бичгээр тогтоогдсон гэж шүүх үзсэн. Мөнгө зээлүүлээгүй байхад зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нь хэр шударга ёсны зарчимд нийцэх вэ. Иргэний хуулийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний мөнгийг хүлээлгэн өгснөөр зээлийн гэрээ байгуулсанд тооцдог. Түрээсийн гэрээнд заасан үл хөдлөх хөрөнгийн татвар нэршлээр авсан 13,864,000 төгрөг нь түрээсийн төлбөрийн бүрдэл хэсэг байсан. 13,684,000 төгрөгийг Баянзүрх дүүргийн үл хөдлөх хөрөнгийн албан татварт төлсөн болохыг баримтаар хавсаргав. Би энэ мөнгийг хувьдаа болон өөртөө нэг ч төгрөгийг аваагүй болно. Иймд нэхэмжилж буй 13,684,000 төгрөгийг мөн 2016 оны 09-р сарын 01-ний өдрийн 16/01 тоот зээлийн гэрээг тус тус хүчингүйд тооцон өмнөх шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэсэн. Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан М.Т, Ч.М нарын хооронд байгуулагдсан 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 16/01 дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэн, хариуцагч Ч.Маас 13,864,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.Тд олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 353,132 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Маас 353,132 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.Тд олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

а/ Шүүх хэрэгт авагдсан үнэлбэл зохих нотлох баримтыг үнэлээгүй, дутуу үнэлж шүүхийн шийдвэр гаргасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсгийг тайлбарласан нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс иргэд хооронд байгуулсан гэж үзсэн болохоос биш хэргийг эцэслэн шийдвэрлээгүй байхад анхан шатны шүүхээс зээлийн гэрээг эцэслэн шийдвэрлэсэн мэт дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн. Иргэд хоорондын зээлийн гэрээ бичгийн хэлбэрээр байгуулагддаг боловч нэхэмжлэгч нь зээлийн мөнгөн хөрөнгийг өгсөн гэдгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нотолж чадахгүй байхад хэт нэг талд шийдвэрлэсэн байна.

б/ Хэрэгт авагдсан тухайн кассын зарлагын баримтад үл хөдлөх эд хөрөнгийн татвар мөн данс Төрийн сангийн данс байх бөгөөд иргэн Ч.М-ын данс байхгүй байхад харьцуулан үзсэн гэж хэт хийсвэрлэж шүүх шийдвэрлэсэн. Хуулийн этгээд Нордофф интернэшнл ХХК-ийн 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр зарлагын баримтаар мөн харьцуулан үзэж нотолж байна хэмээн анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг зөрчиж шийдвэрлэсэн. Учир нь 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 16-01 тоот зээлийн гэрээ байгуулсан бөгөөд энэ цаг хугацаа болон түүнээс хойш 10 хоногийн хугацаанд хариуцагч Ч.М-ын банкны данс болон бэлнээр хүлээлгэн өгсөн баримт байхгүй байх бөгөөд гагцхүү Нордофф интернэшнл XXК-ийн 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр зарлагын баримт 6,932,000 төгрөг, Шилдэг" бүрэн дунд сургуулийн зарлагын баримт 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 6,000,000 төгрөгийг Ч.М-д гэх баримт хавтаст хэрэгт авагдсан боловч дээрх мөнгийг хариуцагч авсан гэх ямар ч гарын үсэг байхгүй, нэхэмжлэгч талын гаргаж өгсөн баримтыг үнэн зөв хэмээн үзсэн үйлдэл нь хууль зөрчиж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Хариуцагч тал дээрх мөнгийг өөрийн өмчлөлд аваагүй гэдгээ өөрийн банкны дансны хуулгыг шүүхэд нотлох баримтаар өгсөн бөгөөд үүнээс өөрөөр мөнгө аваагүй гэдгээ нотлох боломжгүй юм. Анхан шатны шүүхээс үнэхээр зарлагын баримтуудыг үнэлж дүгнэсэн бол Иргэний хуулийн 15 дугаар зүйлд иргэний эрх зүйн бүрэн чадамжтай нь иргэн болон мөн хуулийн 25 дугаар зүйлд заасан хуулийн этгээд нь хоёр өөр ойлголтууд байхад эдгээрийг нэг субъект гэж үзэж байгаа нь ямар ч хуульд байхгүй хуулийг тайлбарлаж хэрэглэсэн байна. Хэрэв нэхэмжлэх эрхтэй бол хуулийн этгээдээр нэхэмжлэл гаргах хууль зүйн үндэслэлтэй байна. Анхан шатны шүүх хуулийн этгээдээс мөнгө өгсөн гэх баримт байхад иргэн М.Т мөнгө авах нь зүйтэй хэмээн шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн бөгөөд хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 13,864,000 төгрөгийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын хариу тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан учраас давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.

 

2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

3. Нэхэмжлэгч М.Т нь хариуцагч Ч.М-д холбогдуулан 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 16/01 дугаар зээлийн гэрээг дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул үр дагаврыг арилгуулж 13,864,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

4. /а/ Анхан шатны шүүх нэхэмжлэгч М.Т, хариуцагч Ч.М нарын хооронд 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж дүгнэсэн атлаа М.Тгаас Ч.М-д зээлийн мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн гэх нөхцөл байдал бодитойгоор нотлогдоогүй байхад 13,864,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ. Учир нь хэргийн 7-8 дахь талд 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн кассын зарлагын ордер, цахим төлбөрийн баримт авагдсан бөгөөд уг баримтуудаас үзэхэд Шилдэг бүрэн дунд сургуулиас 13,864,000 төгрөгийг Ч.М-д шилжүүлсэн байх тул нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд хэн болох, мөнгөн хөрөнгө шилжүүлэхтэй холбоотой эрх зүйн харилцааны талууд тодорхой бус байна.

 

5.Анхан шатны шүүхээс маргааны үйл баримтад хамааралтай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулаагүй, эрх зүйн харилцааны талуудыг зөв тодорхойлохгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна.

 

Дээрх үндэслэлээр шүүх эрх зүйн харилцааны талуудыг зөв тодорхойлоогүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулаагүйг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй тул хариуцагчийн давж заалдах гомдлыг ханган, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2021/03468 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227,270 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурьдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ