Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 101/ШШ2021/02595

 

 

 

 

 

 

2021 09 03

101/ШШ2021/02595

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Монгол улсын иргэн ............... регистрийн дугаартай, .....................оршин суух..............овогт ........................... нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол улсын иргэн ............................ регистрийн дугаартай, ................................... оршин суух ..............................,

Хариуцагч: Монгол улсын иргэн ............................... регистрийн дугаартай, ....................тоотод оршин суух ........................ нарт холбогдох,

Хариуцагч Ж.А-с 600,000 төгрөг, хариуцагч Б.О-с 67,300,000 төгрөг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагч Б.О-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О-, хариуцагч Ж.А-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Н миний бие Ж.А-ын өмчлөлийн*******,******* 2017 оны 11 сарын 13-ны өдөр зээлээр худалдан авахаар тохиролцсон бөгөөд ийнхүү зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулахдаа Д.Н миний бие Ариунболдын эхнэр Б.О-эй гэрээ байгуулсан билээ. Тухайн үед А нь ажил ихтэй байна эхнэртэй гэрээ байгуулахад асуудалгүй гэж хэлж байсан юм. Гэрээнд заасны дагуу cap бүр 2,500,000 төгрөг миний бие А болон эхнэр О нарын данс руу шилжүүлж нийтдээ 67,900,000 төгрөг төлсөн байсан. Үлдэгдэл төлбөрийг манай нөхөр Д бүрэн төлж дуусгасан байсан ингээд миний бие байрыг өөрийн нэр дээр шилжүүлэн авах гэтэл Ж.А Б.О нар нь Р. А гэх хүнд манай байрыг худалдсан байсан юм. Бидний байгуулсан зээлийн гэрээний 3.4 дэх хэсэгт зааснаар байрны төлбөрийг төлж дуусгасны дараа байрны ордерыг Д.Н миний биед шилжүүлэхээр заасан байдаг юм. Иймд Ж.А болон Б.Онарын Р.А-ай байгуулсан*******, 16-р хороолол Саруул тэнгэр хотхон 47-р байрны 56 тоот 3 өрөө орон сууцыг худалдсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэрээнд тооцож, байрны өмчлөгчөөр Л.Ннамайг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Д.Н миний бие Ж.А, Б.О нарт холбогдуулан*******лол, Саруул тэнгэр 1 хотхоны 47-р байрны 56 тоот 66,58 м.кв талбайтай 3 өрөө байрыг Р.А-д худалдсан худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж тухайн байрны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргасан билээ. Би 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Зээлээр худалдах худалдан авах тухай гэрээ байгуулж*******лол Саруул тэнгэр 1 хотхоны 47-р байрны 56 тоот байрыг худалдан авахаар гэрээ байгуулсан билээ. Бидний хооронд байгуулсан гэрээний дагуу би О-ийн нөхөр А-ын 5021117769 тоот ХААН банкны данс руу 2017.09.24-ны өдөр 600,000 төгрөг Б О-ийн 5077010060 тоот ХААН банкны дансанд 2017.10.02-ны өдрөөс 2019.11.24-ны өдрийн хооронд нийт 67,300,000 төгрөг шилжүүлсэн байна. Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг нотариатаар батлуулж Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар бүртгүүлснээр хүчин төгөлдөр болдог тул бидний хооронд байгуулсан зээлээр худалдах худалдан авах гэрээ нь хуульд заасан шаардлага хангаагүй тул хүчин төгөлдөр гэрээ гэж үзэх боломжгүй байгаа юм. Нэгэнт гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх боломжтой байгаа тул Д.Н миний бие ИХШХШТХ-н 26 дугаар зүйлийн 26.2 дах хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна. Иймд Зээлээр худалдах худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн нийт 67,900,000 төгрөгөөс Ж.А-с 600,000 төгрөгийг Б.О-с 67,300,000 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ж.А-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус бөгөөд ямар гэрээний үндсэн дээр шаардаж байгааг ойлгохгүй байна. Хариуцагч Ж.А, Д.Н нар нь ямар нэгэн гэрээ байгуулаагүй. Нэхэмжлэгчээс хариуцагч Ж.А руу 600,000 төгрөг шилжүүлсэн мөнгө нь түрээсийн мөнгө байдаг. 2017 оны 11-р сарын 13-ны өдөр онд байгуулагдсан гэрээнээс өмнө буюу 2017 оны 11-р сарын 13-ны өдөр оны 09-р сарын 24-ний өдрийн 600,000 төгрөгийг Д.Н-с Ж.А-д руу шилжүүлсэн байдаг. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бус гэсэн тайлбарыг бичсэн байдаг. Тэгэхээр хүчин төгөлдөр бус гэрээний үндсэн дээр шаардах эрх үүсэх эсэх тал дээр асуудал гарч байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагын Ж.А-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.О-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу 67,300,000 төгрөгийг шаардаж байна гэсэн байдаг. Энэ шаардлага нь тодорхой бус байна. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэг, мөн хуулийн 281 дүгээр зүйлд заасны дагуу талуудын чөлөөт байдал дээр үндэслэж байгуулсан атлаа энэ гэрээний гол нөхцөл нь 67 м.кв талбайтай орон сууцыг 90,000,000 төгрөгөөр тооцож байрыг Д.Н-с авна гэсэн утга бүхий гэрээ байдаг. Д.Н нь маргаан бүхий байрны өмчлөгч биш бөгөөд хамтран өмчлөгч ч биш юм. Ж.А-ын нэр дээр байдаг. Д.Н- нь Б.О-тэй гэрээ байгуулаагүй, байрны үнийг Д.Н-с аваагүй. Хэрэв зээлийн гэрээ байгуулчхаад зээлийн төлбөрөө өгөхгүй байна гэж нэхэмжилж байгаа бол Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасны дагуу зээлдүүлэгч зээлдэгчид эд хөрөнгийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг шилжүүлэн өгөх шаардлагатай байдаг. Гэтэл үүнтэй холбоотой нотлох баримт байхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байна. Хариуцагчаар татагдаж байсан Р.А- нь 3 өрөө байрыг түрээсэлж сууж байсан гэж тайлбарладаг. Тиймээс Б.О-т холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Н нь хариуцагч Ж.А, Б.О, Р.А нарт холбогдуулан Ж.А, Б.О нарын Р.А-ай байгуулсан Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол Саруул тэнгэр хотхон 47 дугаар байрны 56 тоот орон сууцыг худалдсан худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, уг орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Р.А-д холбогдох шаардлагаас татгалзаж, хариуцагч Ж.А-с 600,000 төгрөг, хариуцагч Б.О-с 67,300,000 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн.

Нэхэмжлэгч хариуцагч Б.О, Ж.А нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг ... Б.О-тэй байгуулсан 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Зээлийн гэрээгээр үл хөдлөх хөрөнгийг зээлээр худалдах-худалдан авахаар тохиролцсон боловч уг гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүйгээс гадна Б.О-ийн өмчлөлд бүртгэлгүй улмаас өмчлөгч нь бусдад худалдсан тул уг гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, гэрээний дагуу хариуцагч Ж.А-д төлсөн 600,000 төгрөг, хариуцагч Б.О-т төлсөн 67,300,000 төгрөгийг тус тус гаргуулна гэж тодорхойлсон.

Хариуцагч Ж.А-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч татгалзлын үндэслэлээ ... Д.Н-тэй орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулаагүй, орон сууцаа хөлсөлсний хөлс 600,000 төгрөгийг хүлээн авсан тул хүлээн зөвшөөрөхгүй гэж, хариуцагч Б.О-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч татгалзлын үндэслэлээ ... 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсон шийдвэр байхгүй тул уг гэрээ хүчин төгөлдөр бөгөөд уг гэрээгээр орон сууц худалдаагүй, орон сууц хөлсөлсний төлбөрт 67,300,000 төгрөгийг авсан тул хүлээн зөвшөөрөхгүй гэж тус тус тайлбарлан маргасан.

Нэг талаас Д.Ннөгөө талаас Б.О нарын хооронд 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Зээлийн гэрээ байгуулж, гэрээгээр зээлдүүлэгч буюу Б.О нь Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хорооллын Саруул тэнгэр 47 дугаар байрны 56 тоот гурван өрөө орон сууцыг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэх, зээлдэгч буюу Д.Н нь орон сууцны төлбөр 90,450,000 төгрөгийг 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд сар бүрийн 25-ны өдөр хэсэгчлэн төлж байхаар харилцан тохиролцсон болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан тус гэрээний хуулбар зэрэг бичгийн баримтаар тус тус тогтоогдож байна. /х.х-ийн 4-5 дахь талд/

Хэдийгээр, уг гэрээг талууд зээлийн гэрээ гэж нэрлэсэн байх боловч гэрээний агуулга, талуудын хүсэл зоригийн илэрхийлэл нь нэг талаас орон сууцыг өмчлөлд шилжүүлэх үүрэг, нөгөө талаас орон сууцны үнийг зээлээр төлөх үүргийг харилцан хүлээх агуулга илэрхийлсэн байх тул тус агуулга нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах-худалдан авах гэрээний агуулгад нийцнэ.

Гэрээ, хэлцэл талуудын ашиг сонирхлыг хангахын тулд хүчин төгөлдөр байх шаардлагатай бөгөөд хүчин төгөлдөр болоход тавигдах шалгуур нь субъект, агуулга, хэлбэр болон субьектив талын шинжүүд байна.

Тус гэрээ нь агуулгын хувьд хууль зөрчөөгүй, субьектив талын шинж буюу тухайн хэлцэл байгуулах үеийн талуудын дотоод хүсэл зорилго, гадагш илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэл хоёр нийцээгүй гэж үзэх үндэслэлгүй байх тул уг гэрээг агуулга болон субьектив шинжийн хувьд хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэлгүй байна.

Харин, нэхэмжлэгч тус гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй, худалдагч тал өмчлөгч биш байсан гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон тул гэрээ нь хэлбэр болон субъектийн хувьд хүчин төгөлдөр эсэхэд дүгнэлт өгөх нь зүйтэй байна.

Хэлцэл хэлбэрийн хувьд хүчин төгөлдөр бус байх нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн ... харин субъектийн шинжийн хувьд хүчин төгөлдөр бус байх нь мөн хуулийн 56.1.5, 56.1.6, 56.1.7, 56.1.8 дахь хэсэгт ... хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн, 56.1.9 дугаар зүйлд тус тус зохицуулжээ.

Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

Үл хөдлөх хөрөнгийн хувьд Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг эрхээ шилжүүлж байгаа болон уг эрхийг олж авч байгаа этгээдийн хэн нь ч гаргах эрхтэй гэж, мөн зүйлийн 109.2-т Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх бөгөөд хэрэв талуудын аль нэг нь төлөөлөгчөөр дамжуулан уг харилцаанд оролцож байвал төлөөлөгч болон түүний итгэмжлэлийг дээрх баримт бичигт тэмдэглэх буюу хавсаргана гэж заасан.

Зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-р Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хорооллын Саруул тэнгэр 47 дугаар байрны 56 тоот гурван өрөө орон сууцыг Ж.А нь Р.А-д 30,000,000 төгрөгөөр худалдаж, 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Р.Алимаад 000768609 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон болох нь тогтоогдож байна. /х.х-ийн 60-61 дэх талд/

Дурдсан үйл баримтаас үзэхэд хариуцагч Б.О нь орон сууцны өмчлөгч бус атлаа өмчлөгчийн зөвшөөрөлгүй Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хорооллын Саруул тэнгэр 47 дугаар байрны 56 тоот гурван өрөө сууцыг нэхэмжлэгч Д.Н-т зээлээр худалдахаар байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт зааснаар хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байх бөгөөд мөн зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл хийсэн талууд уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй.

Нэхэмжлэгч Д.Н нь 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд хариуцагч Б.О-ийн дансанд байр гэсэн утгаар 67,300,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байхаас гадна хариуцагч Б.О  нь 67,300,000 төгрөгийг хүлээн авсантай маргахгүй байна. /х.х-ийн 7-38 дахь талд/

Хариуцагч Б.О  нь 67,300,000 төгрөгийг худалдах-худалдан авах гэрээний дагуу хүлээж аваагүй, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хорооллын Саруул тэнгэр 47 дугаар байрны 56 тоот гурван өрөө сууцыг хөлсөлсний төлбөрт тооцож авсан гэж тайлбарлаж байх боловч Д.Н Б.О  нарын хооронд орон сууц хөлслөх гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагчийн уг татгалзал үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл, хариуцагч татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно.

Иймд хүчин төгөлдөр бус хэлцлийн дагуу шилжүүлэн авсан 67,300,000 төгрөгийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Н  нь хариуцагч Б.О-ээс шаардах эрхтэй байна.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө шаардах эрхтэй гэж заасан.

Хариуцагч Ж.А-с шаардсан 600,000 төгрөгийн хувьд нэхэмжлэгч тус 600,000 төгрөгийг орон сууц зээлээр худалдан авах гэрээ байгуулахаас өмнө түрээсийн төлбөрт тооцон шилжүүлсэн гэж тайлбарлаж байх тул хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврын хүрээнд хариуцагч Ж.А-оос 600,000 төгрөгийг шаардах эрхтэй гэж үзэхгүйгээс гадна хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Д.Н  нь 2017 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 600,000 төгрөгийг хариуцагч Ж.А ын дансанд түрээс Нямка гэсэн утгаар шилжүүлсэн болох нь тогтоогдож байх тул хариуцагч Ж.А ыг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Д.Н  Б.О  нарын хооронд байгуулагдсан 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Зээлийн гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, хариуцагч Б.О-ээс 67,300,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Н-т олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас Ж.А-д холбогдох 600,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5, 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Д.Н , Б.О нарын хооронд байгуулагдсан 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Зээлийн гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, хариуцагч Б.О ээс 67,300,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Н т олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас Ж.Ар д холбогдох 600,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч нь хариуцагч Р.А д холбогдох шаардлагаасаа татгалзсан болохыг дурдсугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 680,400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.О-с 494,450 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Н-т олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ