Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
Хэргийн индекс | 159/2016/0022/з |
Дугаар | 221/МА2017/0101 |
Огноо | 2017-02-01 |
Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 221/МА2017/0101
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч Ц.Цогт, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгч Д.*******ийг оролцуулан Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 28 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******ын гаргасан давж заалдах гомдлоор Д.*******ийн нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгч Д.******* 2016 оны9 дүгээр сарын 14-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:
“...миний өндөр насны тэтгэврийг шинэчлэн тогтоохыг Сэлэнгэ аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст даалгах”-ыг хүсчээ.
Хоёр. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 28 дугаар шийдвэрээр:
“...Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.*******ийн өндөр насны тэтгэврийг шинэчлэн тогтоохыг Сэлэнгэ аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст даалгаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.*******д олгох”-оор шийдвэрлэжээ.
Гурав. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.******* дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
“...Сэлэнгэ аймгийн Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтсийг хариуцагчаар татан Д.*******ийн нэхэмжлэлтэй тэтгэврийг дахин шинэчлэн тогтоолгохыг даалгуулах тухай захиргааны хэргийн анхан шатны шүүх хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.*******ийн өндөр насны тэтгэврийг шинэчлэн тогтоохыг Сэлэнгэ аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст даалгах шийдвэр гарсан.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 4-т “Даатгуулагчийн 1995 оноос өмнөх үеийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого нь архивын баримтаар нотлогдох боломжгүй тохиолдолд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг харгалзан нийгмийн даатгалын болон хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүдийн хамтран баталсан ажил мэргэжлийн жишиг цалинг үндэслэн тэтгэвэр тогтоолгох сарын дундаж хөдөлмөрийн хөлсийг тодорхойлж болно” гэж заасан байдаг.
Энэ заалтын хүрээнд Хүн амын хөгжил, Нийгмийн хамгааллын сайд, Хөдөлмөрийн сайдын хамтарсан 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн “Тэтгэвэр тогтоолгоход баримтлах ажил, мэргэжлийн жишиг цалингийн хэмжээ батлах тухай” А/49, А/105 дугаар тушаалууд гарсан.
Уг тушаалаар жишиг цалингийн хэмжээ, хэрэгжиж эхлэх хугацаа баримтлах журмыг тусгаж өгсөн.
Уг журмын 2.2-т “Авч байгаа тэтгэврийг нь тогтоохдоо хөдөлмөрийн хөлсийг үндэслэн тогтоолгосон бол тухайн тэтгэвэр авагчийн тэтгэврийг ажил, мэргэжлийн жишиг цалинг хэрэглэн өөрчлөн тогтоохгүй” гэж заасан.
Д.******* анх тэтгэврээ тогтоолгохдоо 2000 оны 10 дугаар сараас 2005 оны 10 cap хүртэлх хугацааны 60 сарын цалингаа сонгон тэтгэврээ тогтоолгосон тул ажил, мэргэжлийн жишиг цалингаар тэтгэврийг өөрчлөн тогтоох боломжгүй болно.
Манай байгууллага нь тэтгэвэр тогтоохдоо Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйл, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2010 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 163 дугаар тушаалын 3.1.10, 3.1.11, 3.1.12, Хүн амын хөгжил, Нийгмийн хамгааллын сайд, Хөдөлмөрийн сайдын хамтарсан 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн A/49, А/105 тушаалуудыг үндэслэн тэтгэвэр авагчийн 5 жилийн цалинг тодорхойлон тэтгэвэр тогтоож байна.
Д.******* нь Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 303 дугаар шийдвэрээр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 жилийн 2 дугаар сургуулийн хичээлийн эрхлэгчээр ажиллаж байхдаа сард 800-850 төгрөгийн цалин авч байсан хэмээн тогтоолгосон.
Манай хэрэглэж байгаа хуульд шүүхээр цалин тогтоолгох тухай заалт байхгүй бөгөөд Д.*******ийг тэтгэврийн хувьд шүүхээр тогтоолгосон цалин болон жишиг цалинг хэрэглэн тогтоох боломжгүй бөгөөд 1995 оноос хойших цалингаар тэтгэврийг дахин шинэчлэн тогтоож бодох боломжтой. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр Д.*******ийн тэтгэврийг дахин шинэчлэн тогтоохыг даалгасан боловч ямар цалингаар тогтоохын тодорхой тусгаж өгөөгүй.
Иймд Д.*******ийн тэтгэврийг шүүхээр тогтоосон цалин болон ажил мэргэжлийн жишиг цалингаар тогтоох боломжгүй тул Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 сарын 21-ний өдрийн 28 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1/-д заасны дагуу нэхэмжлэгч Д.*******ийн тэтгэврийг түүний сонгосон 2000 оны 10 дугаар сараас 2005 оны 10 дугаар сарыг дуустал хугацааны дараалсан 60 сарын дундаж цалин хөлснөөс тооцож тогтоосон, түүнчлэн тэтгэвэр тогтоолгосноос хойш ажилласан жилийг оролцуулан шимтгэл төлсөн хугацааг 46 жил, 10 сар, 10 өдрөөр тооцож, зохих нэмэгдэл олгогдсон болох нь түүний нийгмийн даатгалын шимтгэл төлсөн жилийн тодорхойлолтоор тогтоогдож байна.
Харин Улсын Их Хурлаас баталсан дээрх хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар уг хуулийн 22 дугаар зүйлд “22.4.Даатгуулагчийн 1995 оноос өмнөх үеийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого нь архивын баримтаар нотлогдох боломжгүй тохиолдолд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг харгалзан нийгмийн даатгалын болон хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүдийн хамтран баталсан ажил, мэргэжлийн жишиг цалинд үндэслэн тэтгэвэр тогтоолгох сарын дундаж хөдөлмөрийн хөлсийг тодорхойлж болно” гэсэн заалтыг нэмсэнтэй холбогдуулан Хүн амын хөгжил, Нийгмийн хамгааллын сайд, Хөдөлмөрийн сайдын хамтарсан 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн А/49, А/105 тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Ажил, мэргэжлийн жишиг цалинг үндэслэн тэтгэвэр тогтоолгох сарын дундаж хөдөлмөрийн хөлсийг тодорхойлоход баримтлах журам”-ын 2.3-т “Авч байгаа тэтгэврийг нь тогтоохдоо хөдөлмөрийн хөлсийг үндэслэн тэтгэвэр тогтоолгосон бол тухайн тэтгэвэр авагчийн тэтгэврийг ажил, мэргэжлийн жишиг цалинг хэрэглэн өөрчлөн тогтоохгүй” гэж журамлажээ.
Нэхэмжлэгч Д.*******ийн тухайд уг журмын 2.1.1-д заасны дагуу цалин хөлсний баримт нь архивын сан хөмрөгт байхгүй, олдохгүй байснаас шалтгаалан тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгоогүй, 2.1.2-т заасны дагуу 1995 оноос өмнө авч байсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоо сонгон хуулийн дагуу тэтгэврээ тогтоолгох хүсэлт гаргасан боловч тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний хэмжээ нь архивын баримтаар нотлогдохгүй байгаа нөхцөл байдал үүсээгүй, өөрөөр хэлбэл 1995 оноос өмнөх бус харин 2000-2005 онд авч байсан хөдөлмөрийн хөлснөөс тооцож тэтгэвэр тогтоогдсон байх тул уг тэтгэврийг ажил, мэргэжлийн жишиг цалинд үндэслэн өөрчлөн тогтоох боломжгүй юм.
Тэр тусмаа ажил, мэргэжлийн жишиг цалинд үндэслэж тэтгэврийг өөрчлөн тогтоох тохиолдолд Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 303 дугаар шийдвэрийг бус харин хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан жишиг цалингийн хэмжээг харгалзан тооцохоор байна.
Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийг 1986 оны 4 дүгээр сарын 7-ны өдрөөс 1990 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 жилийн сургуулийн хичээлийн эрхлэгчээр ажиллаж байхдаа сард 800-850 төгрөгийн цалин авч байсан болохыг тогтоосон нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1/-д заасан “авч байгаа тэтгэврийг нь тогтооход баримталсан шимтгэл төлсөн хугацаа, хөдөлмөрийн хөлсний хэмжээ өөрчлөгдөх үндэслэлтэй болсон нь тогтоогдож тэтгэвэр авагч хүсэлтээ гаргасан”, эсхүл 2/-т заасан “авч байгаа тэтгэврийг нь тогтооход баримталсан хөдөлмөрийн хөлсний хэмжээг дүйцүүлэн тооцох итгэлцүүрийг Засгийн газраас шинэчлэн тогтоосонтой уялдуулан хөдөлмөрийн хөлсний хэмжээ өөрчлөгдөх үндэслэлтэй болсон нь тогтоогдож тэтгэвэр авагч хүсэлтээ гаргасан бол зөвхөн нэг удаа” тэтгэврийн хэмжээг өөрчлөн тогтоох зохицуулалтын дагуу өмнө тогтоогдсон тэтгэврээ шинэчлэн тогтоолгох үндэслэл болохгүй.
Гэтэл нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй хуулийн эдгээр заалтыг анхан шатны шүүхээс буруу тайлбарлан хэрэглэж, дээрх шүүхийн шийдвэрийг үндэслэн тэтгэврийг шинэчлэн тогтоохыг даалгах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.
Түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан эсэхээс үл хамааран Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д “Тэтгэвэр, тэтгэмжийн талаар гаргасан нэхэмжлэлийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх”-өөр заасан байхад нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олголгүйгээр хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.
Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 28 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Д.*******ийн өндөр насны тэтгэврийг шинэчлэн тогтоохыг Сэлэнгэ аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст даалгах шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******ын гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгож, уг зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Ц.ЦОГТ
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН