Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 418

 

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Г.Банзрагч, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Буяндэлгэр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Цэрэнжээ, гуравдагч этгээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Нямцэцэг, гуравдагч этгээд “Комтрейд” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бат-Оргил нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 417 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 221/МА2017/0596 дугаар магадлалтай, “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Л.Атарцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 417 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.2.3, 23 дугаар зүйлийн 23.3, 23.3.7, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.14, 13 дугаар зүйлийн 13.1, 16 дугаар зүйлийн 16.6, 16.7-д заасныг тус тус баримтлан нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан нийслэлийн Засаг даргын 2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/828 дугаар захирамжийн “А” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, хууль ёсны дагуу эзэмших эрх бүхий 5 га газрыг “А” ХХК-нд олгохыг даалгах, нийслэлийн Засаг даргын захирамжаар “Комтрэйд” ХХК-д олгосон 8 га газар эзэмших эрхийг хүчингүй болгуулж, тус компанийн “А” ХХК-тай давхцал бүхий хэсгийг арилгуулж “А” ХХК-д ноогдох 5 га газрын гэрээ гэрчилгээг хууль ёсны дагуу гаргаж өгөхийг нийслэлийн Засаг даргад даалгуулах шаардлага бүхий “А” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 221/МА2017/0596 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 417 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Буяндэлгэр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Бугын аманд байрлах 5 га газрыг 1999 оноос хойш төмс хүнсний ногоо тарих зориулалтаар компаниудын эзэмшилд ашигласан. Гэтэл “Комтрейд” ХХК нь бидний эзэмшил газар дээр хашаа хатгаж компанийн үйл ажиллагааг тасалдуулсан.

1. Нийслэлийн Засаг даргын 2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/828 дугаар захирамжийн “А” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхээс “Нэхэмжлэгчийн эзэмших ёстой гэж маргаж буй 5 га газар нь Газрын кадастрын мэдээллийн санд ороогүй байгаагаас шалтгаалан уг газрын байршил нь тодорхой биш, үлдэгдэл 3 га газрыг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр зайлшгүй биелэгдэх зарчмын хүрээнд “А”ХХК нь хариуцагчаас шаардах эрх нээлттэй” гэж дүгнэсэн.

Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Бугын аманд байрлах 5 га газар нь анхнаасаа “А” ХХК-ийн эзэмшилд байгаа газар юм. Энэ талаар өмнөх шүүх хурал дээр нотлох баримтуудаар шинэчлэн судлагдаж тогтоогдсон юм.

Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д зааснаас үзвэл “А" ХХК нь нэгж талбарын дугааргүйгээр газар эзэмшиж байсан гэж үзсэн нь үндэслэлгүй. "А" ХХК нь тус газрыг Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн 000303672 тоот гэрчилгээ байгуулан 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс эзэмшиж байсан.

Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6-д "Иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах” гэсэн зүйл заалтыг үндэслэн 2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/828 дугаар захирамжид Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Бугын аманд байрлах "А” ХХК-д олгосон гэх 2 га газар "К" ХХК-ийн 8 га газар нь бодит байдал дээр кадастрын зураг байхгүй. Үүнээс үзвэл 2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/828 дугаар захирамжийн “А” ХХК "К" ХХК-д холбогдох заалтыг хүчингүйд тооцуулах нь үндэслэлтэй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл "К” ХХК-д олгосон гэх 8 га газар нь "А" ХХК-ийн эзэмшлийн 5 га газарт байгаа юм. Энэ нь шүүхийн шийдвэр хэрэгжээгүйг нотолно.

Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Бугын аман дахь газрыг 1999 оноос хойш төмс хүнсний ногоо тарих зориулалтаар олон иргэд, компаниудын эзэмшилд ашиглуулж байсан “А" ХХК нь төмс ногоо тарих зорилгоор тус газрыг өөрийн эзэмшилдээ ашиглаж байсан нь баримтуудаар тогтоогдсон.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс "А” ХХК нь өөрийн эзэмшлийн гэх 5 га газраа "Вайлд хорс” ХХК-аар газрын кадастрын зургийг гаргуулсан хэдий ч холбогдох төрийн захиргааны байгууллагад хүсэлтээ гаргаж, газрын мэдээллийн санд оруулаагүй, өөрөөр хэлбэл нэгж талбарын дугааргүйгээр газар эзэмших эрх бүрэн хэмжээгээр үүсэх боломжгүй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж заасан байна.

Иймд магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ:

“Нийслэлийн Засаг даргын 2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/828 дугаар захирамжийн “А” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, хууль ёсны дагуу эзэмших эрх бүхий 5 га газрыг “А” ХХК-д олгохыг даалгах, нийслэлийн Засаг даргын захирамжаар “К” ХХК-д олгосон 8 га газар эзэмших эрхийг хүчингүй болгуулж, тус компанийн “А” ХХК-тай давхцал бүхий хэсгийг арилгуулж “А” ХХК-д ноогдох 5 га газрын гэрээ гэрчилгээг хууль ёсны дагуу гаргаж өгөхийг нийслэлийн Засаг даргад даалгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, анх Нийслэлийн Засаг даргын 1999 оны А/221 дүгээр захирамжаар “Цогт учрал“ ХХК-д Хан-Уул дүүргийн нутагт төмс, хүнсний ногооны зориулалтаар олгосон 50000 м.кв газар эзэмших эрхийг тус дүүргийн Засаг даргын 2010 оны 162 дугаар захирамжаар нэхэмжлэгч “А” ХХК-д, мөн Засаг даргын 2010 оны 622 дугаар захирамжаар анх “Эн Эй Кей Өү” компанид амины орон сууцны зориулалтаар 100000 м.кв газар эзэмшүүлснийг 2011 оны 679 дүгээр захирамжаар энэ хэргийн гуравдагч этгээд “К” ХХК-д тус тус шилжүүлэн эзэмшүүлжээ.

Нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын эзэмшиж буй газар нь тодорхой хэмжээгээр давхцан маргаан үүссэний улмаас Нийслэлийн Засаг даргын 2011 оны 679 дүгээр захирамжийн “К” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг хянан, хэргийн нөхцөл  байдлыг тодруулах шаардлагатай гэж үзэж, дахин шинэ акт гартал дээрх 2011 оны 679 дүгээр захирамжийн “К” ХХК-д холбогдох хэсгийг түдгэлзүүлсэн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 171 дүгээр шийдвэр хүчин төгөлдөр байна.

Шүүхийн энэ шийдвэрийг биелүүлэх зорилгоор “А” ХХК-аас 2013 оны 06 дугаар сарын 03-ны өдөр “Комтрейд” ХХК-ийн 10 га газраас 2 га газрыг авах хүсэлтэй, үлдсэн 3 га газраа 14 дүгээр хороондоо багтааж авах хүсэлтэй байна...” гэх агуулгатай албан бичгийг Нийслэлийн өмчийн харилцааны газарт ирүүлснийг үндэслэн маргаан бүхий 2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/828 дугаар захирамжид Хан-Уул дүүргийн Засаг даргын 2010 оны 162 дугаар захирамжийн нэхэмжлэгч “А” ХХК-д, нийслэлийн Засаг даргын 2011 оны 679 дүгээр захирамжийн гуравдагч этгээд “К” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгосныг зааж, эзэмшил газрын хэмжээг “А” ХХК 20000 м.кв, “К” ХХК 80000 м.кв байхаар шинэчлэн тогтоосон нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй болно.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн өөрийнх нь хүсэлтийг үндэслэн маргаан бүхий захирамжаар түүний эзэмших газрын хэмжээг 20000 м.кв байхаар тогтоосон байх тул нэхэмжлэлийн шаардлагын дагуу дээрх захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгчид 5 га газар олгохыг хариуцагчид даалгах боломжгүй байна.

Үүнээс гадна Нийслэлийн Засаг даргын 2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/828 дугаар захирамжийг үндэслэн “А” ХХК-д олгосон “Газар эзэмших гэрчилгээ” болон 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн “...газар эзэмшүүлэх гэрээ”-нд газрын нийт хэмжээг 50000 м.кв гэж захирамжаас зөрүүтэй заасан нь Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3, 23.3.7 дахь хэсэгт “...Засаг даргын шийдвэрийг үндэслэн ...гэрээ байгуулж, гэрчилгээ олгоно” гэж заасантай нийцээгүй байх тул эдгээр гэрээ, гэрчилгээг үндэслэн нэхэмжлэгчийг 5 га газар эзэмших эрхтэй гэж дүгнэх үндэслэлгүй.

Мөн захиргааны байгууллага дээрх алдааг “техникийн алдаа” гэх бөгөөд хуульд нийцүүлэн гэрээ, гэрчилгээг зөвтгөх боломжтой, “...гэрээнд заасан хэмжээгээр газрын төлбөр төлж байсан...” гэх нэхэмжлэгчийн тайлбар нь маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэл биш, харин хохирлын асуудлыг хуульд заасан журмын дагуу шийдвэрлүүлэх эрхтэй юм.

Түүнчлэн хариуцагч нь “ ...”А” ХХК газрын зургаа кадастрын  мэдээллийн санд оруулж, баталгаажуулах үүргээ биелүүлээгүй...” гэж, харин нэхэмжлэгч нь “...дүүргийн Газрын алба Нийслэлийн мэдээллийн санд өгөөгүйгээс давхцал үүссэн ...” гэж тус тус тайлбарласнаас үзвэл “А” ХХК–ийн эзэмшил газрын зураг газрын кадастрын санд байхгүй нь тогтоогджээ.

Иймд Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д ”эдлэн газар” гэж Газрын тухай хуулийн дагуу аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд эзэмшүүлэх, ашиглуулах зорилгоор олгосон газрыг”, 16 дугаар зүйлийн 16.6-д “Газрын улсын бүртгэлийн мэдээллийн үндсэн нэгж нь эдлэн газар байна”, 16.7-д “Эдлэн газар болон нэгж талбар бүр дугаартай байна”, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т ”Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна” гэж тус тус заасан шаардлагыг нэхэмжлэгч хангаагүй гэж үзнэ. 

Дээр дурдсаныг нэгтгэж “... 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс уг газрыг гэрээ, гэрчилгээний үндсэн дээр эзэмшиж ирсэн..., ... нэгж талбарын дугааргүйгээр... гэж шүүх буруу дүгнэсэн...” гэх нэхэмжлэгчийн гомдлыг хангах боломжгүй гэж дүгнэв.

Давж заалдах шатны шүүхийн магадлалын “Хянавал” хэсэгт “Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д..., 16 дугаар зүйлийн 16.6-д..., 16.7-д ...” гэхийг “Газрын тухай” гэж хуулийн нэрийг буруу бичсэнийг тэмдэглэх нь зүйтэй.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, нотлох баримтуудыг зөв дүгнэж, маргаанд хамаарал бүхий Газрын тухай болон Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 сарын 30-ны өдрийн 417 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 221/МА2017/0596 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                      М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                              Л. АТАРЦЭЦЭГ