Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 143/ШШ2021/00296

 

Өмнөговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Р.Уранчимэг даргалж тус шүүхийн танхимд хийж,

 Нэхэмжлэгч: М ХХК

 Хариуцагч: Ө З Т Г

Гэрээний үүргийн гүйцэтгэл буюу ажлын хөлс 2 344 499 687 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх алданги 50 хувиар тооцоход 1 172 249 840 төгрөг, хохирол 196 142 862 төгрөг, нийт 3 712 892 389 гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******, нарийн бичгийн дарга М.Номинчулуу нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай******* ХХК нь захиалагч Өмнөговь аймгийн ******* даргын Тамгын газраас зарласан Өмнөговь аймгийн*******ы барилгыг нийслэлийн******* дүүрэгт барих барилгын ажлын тендерт шалгарч уг ажлыг гүйцэтгэхээр болсон. Улмаар Өмнөговь аймгийн ******* даргын Тамгын газартай дугаартай*******ыг байгуулах ажлыг зохион байгуулах тухай гэрээ байгуулсан. Гэрээний 1.11 дэх хэсэгт зааснаар Ажлыг захиалагч болон захиалагчийн хяналт хийх эрх бүхий байгууллагаас баталгаажуулсан ажлын гүйцэтгэлээр санхүүжүүлэхээр тохирч, явцын ажлын баталгаажсан гүйцэтгэлийг үндэслэн тухай бүр 15 хувийг төлөх үүрэг захиалагч хүлээсэн. Мөн гэрээний 1.12 дахь хэсэгт зааснаар захиалагч нь баталгаажсан ажлын гүйцэтгэл болон ашиглагч байгууллагын хүлээн авсан акт зэргийг үндэслэн гүйцэтгэгчийн дансанд санхүүжилтийг төлсөн баталгаагаар гүйцэтгэгч тал ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэхээр тохиролцсон. Бид 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар Барилга угсралтын ажлаа 50 хувийн гүйцэтгэлтэй болгож, захиалагч талаар хүлээн зөвшөөрүүлсэн. Барилгын ажлын гүйцэтгэл 50 хувьд хүрсний дараа захиалагч тал 1 441 484 882 төгрөгийн санхүүжилтээс 903 014 805 төгрөгийг дутуу шилжүүлсэн. Барилгын ажлын гүйцэтгэл 65 хувьд хүрсний дараа өмнөх дутуу санхүүжилтээс гадна 1 441 484 882 төгрөгийн санхүүжилтийг захиалагч тал манай компанид шилжүүлэх үүрэгтэй боловч одоо болтол шилжүүлээгүй байна.

Нийтдээ 2 344 499 687 төгрөгийн санхүүжилтийг захиалагч тал бидэнд шилжүүлээгүйгээс гүйцэтгэгч тал буюу манай компани барилгын ажлыг цааш үргэлжлүүлэх боломжгүй болоод зогсохгүй санхүүгийн хүнд байдалд орж, үйл ажиллагаа явуулах боломжгүй болоод байна. Энэ хугацаанд банкны зээлийн хүү, барилгын харуул хамгаалалтын зардал, ажилчдын цалин хөлс зэргийг ч төлж чадахгүй дампуурахад хүрээд байна.

Гэрээний 2.1 дэх хэсэгт Талуудын аль нэг нь гэрээний үүргээ бүрэн буюу зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд нөгөө тал үүргээ биелүүлэх тодорхой хугацаа зааж, шаардлага тавих бөгөөд үүнийг зөрчсөний улмаас гарсан бодит хохирлыг буруутай тал бүрэн төлж барагдуулна гэж заасан. Манай компанийн зүгээс төлбөр төлөх гэрээний үүргээ биелүүлэхийг захиалагч талаас биечлэн уулзах, албан бичгээр хандах зэргээр байнга шаардсан.

Гэрээний 4.2 дахь хэсэгт зааснаар гэрээний үүргийг биелүүлэхэд саад болох нөхцөл байдал үүссэн талаар захиалагчийн зүгээс манайд бичгээр мэдэгдэж байгаагүй болохыг онцлон тэмдэглэе,

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ, 343.2-т Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна, 351 дүгээр зүйлийн 351.1-д Захиалагч дараах үүрэг хүлээнэ, 351.1.1-д гэрээнд заасан хугацаанд, эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх, 352 дугаар зүйлийн 352.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр талууд хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүйгээс учирсан хохирлыг нөхөн төлүүлэхэд энэ хуульд заасан нийтлэг журам үйлчилнэ, 352.5-д Ажил гүйцэтгэгч дараах шаардлага гаргах эрхтэй, 352.5.1-д гүйцэтгэсэн ажлын үр дүнг захиалагч хүлээж аваагүй буюу ажил гүйцэтгэхэд зайлшгүй шаардагдах үйлдэл хийх энэ хуулийн 351.1-д заасан үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирлоо нөхөн төлүүлэх гэж тус тус заасан.

Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1-д зааснаар захиалагч 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр өдөр барилгын ажлын гүйцэтгэл 50 хувь, 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр ажлын гүйцэтгэл 65 хувьтай болохыг тус тус хүлээн зөвшөөрч хүлээн авсан тул /Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.2-т Ажлыг тодорхой хэсгээр, үе шаттайгаар гүйцэтгэхээр тохиролцож, ажлын хөлсийг хэсэг тус бүрээр тогтоосон бол тухайн хэсгийн үр дүнг хүлээлгэн өгөх үед зохих хөлсийг төлнө/, гэрээний 6.11-д зааснаар төлбөрийн мэдэгдэл гарснаас хойш ажлын 5 хоногийн дотор багтаж төлбөрийг хийх ёстой.

Иймд 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс хойш ажлын 5 хоногт багтаан 903 014 805 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш ажлын 5 өдөрт багтаан 1 441 484 882 төгрөгийн санхүүжилтийг тус тус манай талд шилжүүлэх үүрэгтэй байсан.

Захиалагч талын үүргээ биелүүлээгүйгээс манай компанид банк болон бусдаас зээлсэн зээлийн хүү, харуул хамгаалалт болон бусад ажилчдын зардал зэргээр бодит 196 142 868 төгрөгийн хохирол учраад байна.

Ажлын гүйцэтгэл 50 хувьтай хүлээлгэн өгсний дараах захиалагчаас дутуу шилжүүлсэн санхүүжилт болох 903 014 805 төгрөг болон ажлын гүйцэтгэл 65 хувьтай болсны дараах төлбөл зохих санхүүжилт 1 441 484 882 төгрөг, нийт 2 344 499 687 төгрөгийг шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл алдангийн /гэрээний 6.15/ хамт гаргуулж өгнө үү.

Захиалагч төлбөр төлөх үүргээ гэрээний 2.1 дэх заалт зохих ёсоор биелүүлээгүйн улмаас бидэнд учирсан бодит хохирол 196 142 868 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага болох нийт 2 344 499 687 төгрөгийг хариуцагч талаас хүлээн зөвшөөрч байгаа юм байна. Иймээс хохирол буюу алдангитай холбоотой тайлбараа хэлье. Хариуцагч тал мөнгөн төлбөрийн үүргээ гүйцэтгээгүйгээс болоод манайхаас барьсан барилгаа байнгын харуул хамгаалалттай байлгадаг. Хэрэв хариуцагч үүргээ гүйцэтгэсэн бол одоо аль хэдийн ашиглалтад орсон байх ёстой барилга. Гэтэл одоо болтол ашиглалтад ороогүйгээс болоод байнгын харуул хамгаалалттай байлгаж цалин гардаг. Үйл ажиллагаа нь зогссон ч гэсэн бид гамшгийн тухай хуулиар ажилчдаа халж болохгүй учраас байнгын цалингаа тавиад, нийгмийн даатгалын шимтгэл төлдөг. Мөн энэ барилгыг барихаар бид******* ХХК-с болон бусад хувь хүмүүсээс зээл авсан байдаг. Энэ зээлүүдийн хүүг бид сар бүр төлж байгаа. Энэ нийт мөнгийг 2021 оны 05 дугаар сарын дуусгавар болох хүртэл хугацаагаар урьдчилан тооцож шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ нь 196 142 868 төгрөг болж байгаа. Энэ бол манай компанид учирсан бодит хохирол. Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.1 дэх хэсэгт заасны дагуу бид энэ хохирлоо төлүүлэх эрхтэй гэж үзэж байгаа. Алдангийн хувьд гэрээний 6.15 дахь хэсэгт зохицуулсан байдаг. Гол нөхцөл нь бусад холбогдох байгууллагын шийдвэрээс шалтгаалан бусад тохиолдолд шилжүүлээгүй бол гэж заасан байгаа. Тэгэхээр яам болон өөр ямар нэгэн холбогдох байгууллагаас гэрээний үүргийг төлүүлэхгүй байх шийдвэр гараагүй. Гэрээ байгуулсан тал маань үүргээ гүйцэтгэхгүй байгаа. Яг ямар эрх бүхий албан тушаалтны шийдвэр гарсан нь тодорхойгүй байгаа. Мөн хариу тайлбар дээрээ цар тахлаас болоод санхүүжилт өгөх үүргээ гүйцэтгээгүй гэдэг. Үүнийгээ бол нотлоогүй, мөнгө орж ирсэн ч өөр зүйлд зарцуулсан тухайгаа хариу тайлбар дээрээ бичсэн байдаг. Хоёрдугаарт гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн эрсдэлийг хэрхэх талаар гэрээний 4 дүгээр зүйлд зохицуулсан байгаа. Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлээс болсон бол энэ тухайгаа манайд мэдэгдэх ёстой байсан. Манай албан бичигт ямар нэгэн хариу өгдөггүй, гэрээний үүргээ яагаад гүйцэтгэдэггүй талаар тайлбар өгөхгүй байсаар өдийг хүрсэн. Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл тохиолдох юм бол алдангийг нэхэмжлэхгүй гэсэн заалт гэрээнд огт байхгүй байгаа. Тиймээс алдангийг тооцохгүй байх нөхцөл тогтоогдохгүй байна. Ядаж Аймгийн төсөвт мөнгө орж ирээгүй гэдгийг нотлох дансны хуулгаа ч нотлох баримтаар өгөөгүй байна. Иймээс манайх Иргэний хууль болон гэрээнд заасны дагуу гэрээний төлбөр болон хохирол, алдангиа авах эрхтэй гэж үзэж байна гэв. Хариуцагч маань болохоор ямар ч шалтгаалаагүй зүйл байна гэж байна. Танайх гэрээний үүргээ буюу 2 344 000 000 төгрөгөө шилжүүлэх үүргээ гүйцэтгэхэд чинь ямар байгууллагын ямар шийдвэр саад болсон юм бэ? Иргэдийн хурлаас төсвийг нь батлаад өгсөн байна. Хамгийн сүүлд өгсөн нотлох баримт дээр бол 2021 оны төсөв дээр 5 тэрбум төгрөг гээд тусгаад өгсөн байна. Энэ шийдвэрийнхээ дагуу орж ирсэн төсөв хөтөлбөрийн мөнгөнөөсөө шилжүүлэх ёстой. Огт мөнгө орж ирээгүй гэсэн тайлбар өгөөгүй, харин орж ирсэн төсөв мөнгийг өөр төсөв хөтөлбөрүүдийг санхүүжүүлсэн гээд байгаа. Иргэдийн хурал төсвийг батлаад өгсөн өгсөн байхад шийдвэрийн гүйцэтгэх эрхийнхээ хүрээнд яагаад үүргээ биелүүлээгүй юм бэ? гэдэг асуудал байна. Иргэдийн хурал та нарт төлөвлөгөөг баталж өгөөгүй байсан бол иргэдийн хурал баталж өгөөгүй байсан учраас бид шилжүүлээгүй юм гэж тайлбар хэлэх нь зөв байсан. Иргэдийн хурал нь батлаад өгсөн байхад аль төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх, аль үүргээ гүйцэтгүүлэх сонголт нь та нарт байсан байна. Энэ бол цэвэр 100 хувь танай хүсэл зоригоос шалтгаалаад биелэгдээгүй үүрэг байна. Гэрээний үүргийг цаг тухайд нь гүйцэтгэж чадахгүй ч гэсэн тухайн нөхцөл байдалд бидний та бүхэнд удаа дараа явуулсан асуумж бичигт яагаад шилжүүлэхгүй байгаа тухайгаа, ямар шалтгаанаар өгч чадахгүй байгаагаа тайлбарласан бол алданги хохирлыг шүүхэд нэхэмжлэхгүй байсан. Хохирол дээр бол банк санхүүгийн байгууллага, банктай холбоотой гэрээ нь бид нарт хамаагүй гэж байна. Хэрвээ танайх үүргээ гүйцэтгэсэн байсан бол ийм үр их хэмжээний мөнгийг төлөхгүй байх байсан. Харуул хамгаалалт гаргаад, ажилчдын цалин хөлс өгөөд байх шаардлагагүй байсан. Танай буруутай үйл ажиллагаанаас болж энэ хохирол учирсан. Иргэний хуульд бол үүргээ гүйцэтгээгүй бол үүссэн хохирлыг нөхөн төлнө гэсэн байгаа. Нотлох баримтаар өгсөн байгаа зээлийн гэрээний зорилго нь бол оюутны байр, орон сууц барих нь тодорхой байгаа. Банк хүртэл төсвийн байгууллагатай гэрээ хийсэн юм байна, найдвартай гээд энэ зээлийг бидэнд өгсөн. Ингээд энэ зээлийн хүүг бол өөрсдийн үйл ажиллагаанаас төлж байгаа болохоор энэ нь учирч байгаа бодит хохирол байгаа юм. 2019 оны 12 дугаар сарын 20-нд баталгаажуулалт хийгдсэн ба авч чадаагүй байгаа мөнгийг л нотлох баримтын хавтас хэрэгт өгсөн байгаа. Маргахгүй байгаа гүйцэтгэл бол 2019 оны 12 дугаар сарын 20-ны гүйцэтгэл, 2020 оны 04 дүгээр сарын 14-ний гүйцэтгэл, 2020 оны 06 дугаар сарын 15-ны гүйцэтгэлүүд дээр маргахгүй байгаа. Энэ огноо хүртэл 35 хувийн гүйцэтгэлтэй бөгөөд санхүүжилт хугацаандаа орж байгаа юм. Үүнээс хойш 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 50 хувийн гүйцэтгэлтэй болоод баталгаажуулсан. Энэ 15 хувийн санхүүжилт болох 1 441 484 882 төгрөг авах байснаас орж ирсэн мөнгө нь 538 470 077 төгрөг орж ирсэн бөгөөд 903 014 850 үлдсэн дутуу орж ирсэн. Ингээд 50 хувиас дээш барилгын ажил явагдаж дараагийн 15 хувийн гүйцэтгэл нь 2021 оны 01 дүгээр сарын 15-нд баталгаажиж нийт 65 хувийн гүйцэтгэлтэй болсон. Үүнд ногдох 1 441 484 882 төгрөгийг нэхэмжилж байгаа гэв. Ингээд 2 344 499 687 төгрөг болж байгаа. Нэмээд хохирол 196 000 000 төгрөг нэхэмжилж байгаа. 2 344 000 000 сая төгрөгийг өгөх нь захиалагчийн гэрээний дагуу гүйцэтгэх үүрэг бөгөөд яаж ямар төсөв, төслөөс гаргах нь захиалагчийн асуудал юм. Алданги тооцоод ирэхээр алдангийн заалт дээр холбогдох байгууллагын шийдвэрээс болж мөнгөн төлбөрийг өгөөгүй бол манайд алданги тооцохгүй гэж гэж байгаа юм байна. Гэвч манай санхүүжилтийг өгөхгүй гэсэн холбогдох байгууллагын шийдвэр байхгүй, харин ч манай төсөвт нь суулгаад баталчихсан байгаа учраас алданги тооцох эрхтэй гэж маргаж байна. Танай байгууллагаас алданги тооцох эрхийг бол алдсан. Яагаад гэвэл захиалагчийн буруугаас гүйцэтгэлийг хүлээлгэн өгөх хугацаа нь дуусан учир манай талд алданги тооцохгүй юм. Гэрээний үүрэг гүйцэтгээгүйгээс хохирлыг нэхэмжилж байгаа ба нотлох баримтаар хохирлыг нотолж байгаа гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Өмнөговь аймгийн ******* даргын Тамгын газраас******* ХХК-тай 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр*******ыг байгуулах ажлыг зохион байгуулах ажлын дугаартай, 9 609 899 208 төгрөгийн үнийн-/н бүхий ажил гүйцэтгэх гэрээг байгуулан санхүүжилтийг ажлыг гүйцэтгэлийг үндэслэн улс, орон нутгийн төсөвт суулгах замаар үе шаттай санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн.

Аймгийн ******* даргын Тамгын газар нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлын гүйцэтгэлийг үндэслэн 2019 онд 490 000 000 төгрөгийг, 2020 онд 3 490 000 000 төгрөгийг, нийт 3 980 000 000 төгрөг буюу нийт санхүүжилтийн 41 хувийг гүйцэтгэгч байгууллагад олгосон.

Захиалагчаас тухайн гэрээт ажлын 2021 онд шаардлагатай санхүүжилтийг улс, орон нутгийн төсөвт тусгуулах саналаа төсөв батлах шат шатны байгууллагад дараа илэрхийлж байсан ч дэлхий нийтийг хамарч тархаад буй Короновируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын улмаас улс, орон нутгийн эдийн засаг агшиж, төлөвлөсөн санхүүжилтүүд тасарч байгаагаас шалтгаалан эрх бүхий байгууллагаас тухайн ажлыг санхүүжүүлэх төсвийг батлаагүй, харин Өмнөговь аймгийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 2/6 дугаар тогтоолоор батлагдсан Өмнөговь аймгийг 2021 онд хөгжүүлэх жилийн төлөвлөгөө-ний 49 дэх заалтад хэрэгжүүлэхээр төлөвлөж, шаардагдах 2 тэрбум төгрөгийг төсөл хөтөлбөр, бусад зардлаас санхүүжүүлэхээр тусгасан ч төвлөрсөн төсөл, хөтөлбөрийн бага хэмжээний санхүүжилт нь 2020-2021 он дамжин хэрэгжиж байгаа төслүүдийн санхүүжилтэд зарцуулагдан, дээрх гэрээт ажлыг санхүүжүүлэх хэмжээний санхүүгийн эх үүсвэр бий болоогүй байх тул гүйцэтгэлээр санхүүжүүлэх боломжгүй нөхцөл үүссэн юм.

Захиалагч буюу аймгийн ******* даргын Тамгын газрын зүгээс*******ыг байгуулах ажлыг зохион байгуулах ажил-ыг захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу санхүүжүүлэх үйл ажиллагаа тасалдсан нь захиалагч байгууллагаас үл шалтгаалж байгаа бөгөөд дээр дурдсанчлан цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж буй нь нийтэд илэрхий үйл баримт тул нэхэмжилж байгаа алданги, хохирлыг захиалагч байгууллага хариуцах үндэслэлгүй юм.

Захиалагчийн зүгээс цаашид санхүүгийн эх үүсвэр хэрхэн бүрдэхээс шалтгаалан уг төслийн ажлыг гэрээний дагуу санхүүжүүлэх бөгөөд шүүхийн замаар нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бидний хооронд 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 201901113 дугаартай*******ыг байгуулах ажлыг зохион байгуулах тухай гэрээ байгуулагдсан нь үнэн. Гэрээний нийт үнийн дүн 9 609 899 208 төгрөгийн томоохон үнийн дүнтэй гэрээ байгуулагдсан. Тухайн үед төсөлд ажлыг эхлүүлэх гэдэг байдлаар 490 000 000 төгрөг энэ ажил дээр суугдсан байсан. Гэрээ байгуулагдахаас авхуулаад санхүүжилт болон гүйцэтгэлийг он дамжаад удаан хугацаанд үргэлжлэх юм байна гэдгийг нэхэмжлэгч талаас болон манай талаас хэн хэн нь мэдсэн. Мэдэж гэрээнд гарын үсэг зурсан. Санхүүжилтийг нэг дор санхүүжүүлэх боломжгүй учраас 1.12 гэдэг заалт дээр оруулж өгсөн юм. Зөвхөн танай нэхэмжилж байгаа 2020 онд дутуу шилжүүлсэн 903 014 805 төгрөгийг хүлээн зөвшөөрнө. Мөн 65% гүйцэтгэл дээр шилжүүлэх 1 441 484 882 төгрөгийг мөн хүлээн зөвшөөрнө. Гэрээний үлдэгдэл дүн буюу 5 тэрбум төгрөгийн төлбөрийг ч хүлээн зөвшөөрнө. Гэхдээ энэ ажил бол томоохон хэмжээний санхүүжилт шаардах төсөл бөгөөд өнөөдөр улс орон нутгийн төсөв цаг үетэйгээ холбогдуулаад ямар байгаа билээ? үүнээс шалтгаалаад он дамжих байдлаар санхүүжүүлнэ. Орон нутгийн төсвийг Иргэдийн төлөөлөгчдийн хуралд жил бүр саналаа явуулсны үндсэн дээр баталдаг. 2021 оны төсвийг батлахад мөн манай зүгээс бүхэлд нь санхүүжүүлэх саналаа явуулсан ч Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 2 тэрбум төгрөгөөр л санхүүжүүлье гэдэг тогтоол гарсан. Үүнийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн. Энэ жилийн төлөвлөгөө гэдгийг Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 02/06 дугаартай тогтоолоор баталсан ба тухайн тогтоолын 2 дугаар заалт дээр төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэр бүрдүүлэн, хэрэгжилтийг хангаж ажиллахыг ******* дарга*******ид даалгасан байгаа. Үүгээр юу хэлэх гээд байгаа гэхээр Өмнөговь аймгийн ******* даргын Тамгын газар тухайн гэрээг хэрэгжүүлэхийн тулд хийх ёстой үйлдлээ хийж байсан байна гэдгийг нотолж байгаа. Ямар ч байсан саналаа бол Иргэдийн төлөөлөгчдийн хуралд тавьсан юм байна, Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь танаад баталсан юм байна гэдэг нь харагдана. Гэрээний хугацаа хэтрүүлсэн эсэх дээр тайлбар өгье. Манай зүгээс гэрээний үнийн дүнг зөвшөөрч байгаа. Алдангийг бол зөвшөөрөхгүй байгаа. Учир нь Өмнөговь аймгийн ******* даргын Тамгын газар бол Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрийн хэрэгжилтийг хангах байгууллага, өөрөөсөө төсөв мөнгө гаргаад хийх боломжгүй байгууллага. Гэрээний нэг тал Өмнөговь аймгийн ******* даргын Тамгын газар мөн боловч мөнгийг Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар баталж, зарцуулалт хийгдээд явдаг. Мянга бид нар санал оруулаад Иргэдийн төлөөлөгчдийн хурал шийдвэр гаргахгүй бол санхүүжилтийг өгье гээд өгөх мөнгө байхгүй. Тиймээс манайх бол гэрээний үүргээ биелүүлэхийн тулд шаардлагатай үйлдлийг хийгээд байсан тул захиалагчийн буруутай ажиллагаанаас шалтгаалсан гэдэг үндэслэл үгүйсгэгдэнэ. Үүнээсээ шалтгаалаад алданги шаардах үндэслэлгүй болно. Тодруулж хэлэхэд нэхэмжлэгчийн зүгээс бусад банк санхүүгийн байгууллагатай гэрээ байгуулсан гэдэг. Энд зээлийн гэрээнд бол Өмнөговь аймгийн ******* даргын Тамгын газар оролцоогүй. Цэвэр******* ХХК өөрөө банк санхүүгийн байгууллагатай гэрээ байгуулсан. Тиймээс манай зүгээс алдангийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй. Би аймгийн ******* даргыг итгэмжлэлийн үндсэн дээр төлөөлж байгаа. Одоо нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа 2 тэрбум төгрөгийн санхүүжилт шийдэх хэмжээний мөнгө хүрэхгүй, бага хэмжээний санхүүжилт орж ирж байна. Үүнийг Санхүү төрийн сангийн хэлтсээс надад мэдээлсэн. Гэрчийг асуулгах хүсэлт гаргаад асуулгасан байгаа. Санхүү төрийн сангийн хэлтсийн эрх бүхий албан тушаалтан аймгийн хэмжээнд хэдий хэр төсөв мөнгө орж ирсэн, хэрхэн зарцуулсныг мэдэж байгаа. Иймээс гэрч Очгэрэл гэдэг хүнээс гэрчийн мэдүүлэг авхуулаад, мэдүүлэг дээрээ төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх мөнгө орж ирээгүй гэж бичсэн байна. Энэ мэдүүлгийг нотлох баримтаар шинжлэн судлуулна. 2019 онд бол тодорхой хэмжээний санхүүжилтийг иргэдийн төлөөлөгчдийн хурал төсөвт суулгаад, санхүүжилтийг бол олгосон. Хурлаас төлөвлөсөн санхүүжилтийг бол Тамгын газар нь нэг ч төгрөг авч үлдээгүй, авах боломж ч байхгүй. Ингээд 41%-ийн санхүүжилтийг олгочихоод байгаа. Алданги тайлбарлаж байгааг нь сонсохоор иргэдийн хурлын төсөв чинь төлөвлөгөөнд оруулаад өгсөн байхад өгөөгүй гэж нэхээд байгаа. Үүний алданги гэж нэхээд байна. Алдангийг 2 000 000 000 төгрөгтэй холбоотой алданги байх ёстой юм. Хугацааг нь харахад 2021 онд хамааралгүй болж байна. Үндсэндээ 2019 болон 2020 оны санхүүжилтэй холбоотой алданги. ******* даргын Тамгын газраас болохоор 2020 оны төсөвт суусан бүх мөнгийг өгсөн. Алданги тооцоод байгаа хугацаа нь Аймгийн ******* даргын тамгын газраас шууд шалтгаалаагүй, эрх бүхийн байгууллагуудаас хамаарч байгаа юм. Харин манай талаас юу нотлох гэж байгаа вэ? гэвэл жил болгон танай санхүүжилтийг аль болох бүрэн хэмжээгээр нь иргэдийн төлөөлөгчийн хурлаар батлуулах гээд яваад байсныгаа баримт авчирч нотлоод байна. Тодорхой хэмжээний таналт хийгээд 2 тэрбум төгрөгийг төлөвлөгөөнд тусгаад байгаа. Өнөөдрийн байдлаар төсөв хөтөлбөрөөс санхүүжилт орж ирээгүй байна. Гэхдээ өнөөдөр төсвийн жил дуусаагүй байгаа гэдгийг анхаарч үзэх хэрэгтэй. Энэ хугацаанд 2 000 000 000 төгрөгийг олгохыг үгүйсгэхгүй. Мөн хугацаа хэтрүүлсэн эсэх дээр нэхэмжилж байгаа нийт мөнгө 2 344 499 687 төгрөгийг олгохгүй байгаа үйлдэл нь үүрэг гүйцэтгүүлэгч буюу Аймгийн ******* даргын Тамгын газраас шалтгаалаагүй. Яагаад гэвэл Аймгийн ******* даргын Тамгын газарт нөхцөл байдлаас байдлаас болоод санхүүжилт орохгүй байгаа бөгөөд төслийг санхүүжүүлнэ гэх сэтгэл байгаа боловч мөнгө байхгүй, хангалттай хэмжээгээр тавьж өгөхгүй байна. Иргэний хуулийн 223 дэх зүйлийн 223.2 хэсэгт үүрэг гүйцэтгэгчийг үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүй буюу хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ. Аймгийн ******* дарга тамгын газар дээр үйлдэл хийх ёстой иргэдийн төлөөлөгчийн хурал санхүүжилтийг 100 хувь тусгуулж олгуулах байсан. Үүнийгээ харин бид бүхэн хийгээгүй байсан бол хугацаа хэтрүүлсэн болох юм. Иргэдийн төлөөлөгчдийн хурал тодорхой хэмжээгээр санхүүжүүлсэн болохоор хугацаа хэтрүүлсэн гэдэг үндэслэл болохгүй, алдангиас 100 хувь чөлөөлөгдөх боломжтой гэж үзэж байгаа.

Дээрээс нь нэхэмжлэгч талаас тайлбарласан гэрээний 6.15 дэх хэсэгтэй маргахгүй. Харин 2 дугаар догол мөр байх ёстой хэсэг дээр Төрийн захиргааны болон бусад холбогдох байгууллагын шийдвэрээс шалтгаалснаас бусад тохиолдолд шилжүүлээгүй бол гэрээний үнийн дүнгийн 0,5 хувийн алданги тооцно гэж байгаа. Иргэдийн төлөөлөгчийн хурал шийдсэн зүйлийг бүгдийг нь олгосон. 100% шийдээгүй нь бусад байгууллагаас хамаарч байгаа биз дээ. Танайхаас ч, манайхаас ч хамаараагүй. Гуравдагч хөндлөнгийн зүйлээс болж үүссэн байгаа шүү дээ. Үүнийг анхаараач ээ. Ингээд алданги төлөх үндэслэлгүй гэж үзэж байгаа. Хохирол дээр 196 000 000 төгрөг нэхэмжилсэн. Сая нотлох баримт шинжлэн судлахад гэрээ байгуулсан талуудыг дахиж судлуулсан. Үүн дээр бол ******* даргын тамгын газар бол баталгаа, батлан даалт гаргах үүрэгтэйгээр энэ гэрээнд оролцоогүй байдаг. Мөн гэрээний зориулалтыг гэрээндээ заасан атлаа зээлсэн мөнгийг юунд зарцуулсан бэ? гэдгийг нотолсон жагсаалт байхгүй. Хоёр байгууллагын хооронд харилцан үүрэг хүлээж хийсэн гэрээ байгаа учраас Аймгийн тамгын газар үүрэг хүлээхгүй гэж үзэж байгаа. Дээрээс нь шүүгч тодруулж асууж байсан. 2021 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 50 хувийг гүйцэтгэл гаргаад 903 000 000 төгрөгийг аймгийн ******* даргын тамгын газар дутуу шилжүүлээд үүргээ биелүүлэхгүй нөхцөл үүсээд байхад 4 сарын дараа 2021 оны 01 дүгээр сард дахиад 15 хувийн гүйцэтгэлийг яагаад гаргаж байгаа юм бэ? яагаад зүгээр зогсоож болоогүй юм бэ? гэж асуусан. Үүн дээр бол манайх дараах байр суурьтай байна. Өнөөдөр орон нутгийн төсөв мөнгө хэцүү байгааг бүгд л мэдэж байсан шүү дээ. Утсан харилцаагаар байнга холбогдож ярьж байсан. Энэ 65 хувийн гүйцэтгэл гаргасан нь танай өөрийн зохион байгуулалтын асуудал байна шүү дээ. Зүгээр гүйцэтгэлийг зогсоохгүй яасан юм бэ? Үүнээс шалтгаалсан алданги хохирлыг манайх хариуцахгүй боломжгүй. Мөн 126 000 000 сая төгрөгийн задаргаа байхгүй, юунд зарцуулсныг мэдэгдэхгүй байна. Хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй учраас манайх алданги төлөх үндэслэлгүй. Төсвийг бол тухайн жилд олгож байсан бүх төсвийг олгож байсныг нэхэмжлэгч тал бол харин сайн мэдэж байгаа. Одоо харин 2022 оны төсөв дээр бол Аймаг засаг даргын тамгын газраас 100 хувь тусгаж өгнө үү гэсэн саналыг дахиад өгнө. Одоо илэрхийлчихье. Одоо 12 дугаар сарын 05-нд дахин төсвийн санал гаргаж хүргүүлнэ ийм нөхцөл байдалтай байна гэв.

 ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Мэнд констракшн ХХК нь гэрээний үүргийн гүйцэтгэл буюу ажлын хөлс 2 344 499 687 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх алданги 50 хувиар тооцоход 1 172 249 840 төгрөг, хохирол 196 142 862 төгрөг, нийт 3 712 892 389 төгрөг гаргуулахыг хүсч байх ба хариуцагч тал 2 344 499 687 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, алданги хохирол төлөх үндэслэлгүй гэж маргадаг.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохиролцсон хөлс төлөх үүрэг тус тус хүлээнэ гэж, мөн хуулийн 345 дугаар зүйлийн 345.1-д Гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхдээ ажил гүйцэтгэгч төсөв зохиож болно гэжээ.

Талууд өөрсдийн хүсэл зоригоо илэрхийлэн харилцан тохиролцож 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр дугаартай "Оюутны хотхоныг байгуулах ажлыг зохион байгуулах" тухай гэрээ байгуулж, улмаар******* ХХК нь Улаанбаатар хотын******* дүүрэгт барих барилгын ажлын тендерт шалгарч 9 609 899 208 /есөн тэрбум зургаан зуун есөн сая найман зуун ерэн есөн мянга хоёр зуун найман мянга/ төгрөгөөр гүйцэтгэхээр болжээ. Ингэснээр талуудын хооронд иргэний хуулийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн харилцаа үүссэн байна.

Мэнд констракшн ХХК нь Өмнөговь аймгийн ******* даргын тамгын газартай 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр дугаартай "Оюутны хотхоныг байгуулах ажлыг зохион байгуулах" тухай гэрээ байгуулж, Улаанбаатар хотын******* дүүрэгт 9 609 899 208 /есөн тэрбум зургаан зуун есөн сая найман зуун ерэн есөн мянга хоёр зуун найман мянга/ төгрөгийн өртөгтэйгээр оюутны хотхоны барилга барихаар болж захиалагч тал Өмнөговь аймгийн ******* даргын тамгын газар 2019 онд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын зардлаас 490 000 000 /дөрвөн зуун ерэн сая/ төгрөгийг, 2020 онд улс, орон нутгийн төсөв болон төсөл хөтөлбөрийн зардлаас 9 119 899 208 /есөн тэрбум нэг зуун арван есөн сая найман зуун ерэн есөн мянга хоёр зуун найм/ төгрөгийн санхүүжилт хийхээр гэрээний үнээ тодорхойлж, 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаатайгаар хийж гүйцэтгэхээр тохиролцсон болох нь талуудын хооронд байгуулагдсан ӨМАОНӨГ/201901113 дугаартай гэрээгээр нотлогдож байна.

Зохигчидын хооронд гэрээний үүргийн харилцаа үүссэн, дуусгавар болсон, ажлын хөлсний хэмжээ, хугацаа тооцсон аргын талаар маргаагүй ба алданги тооцсон үндэслэл тохиролцоо болон хохирлын талаар маргадаг.

Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.2-т Ажлыг тодорхой хэсгээр, үе шаттайгаар гүйцэтгэхээр тохиролцож, ажлын хөлсийг хэсэг тус бүрээр тогтоосон бол тухайн хэсгийн үр дүнг хүлээлгэн өгөх үед зохих хөлсийг төлнө гэжээ.

Гэрээний 1.11-д Ажлыг захиалагч болон захиалагчийн хяналт хийх эрх бүхий байгууллагаас баталгаажуулсан ажлын гүйцэтгэлээр санхүүжүүлнэ гэж, Захиалагч нь аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас баталгаажуулсан ажлын гүйцэтгэлийг үндэслэн гэрээний үнийн дүнгийн 5 хувийг, явцын баталгаажсан гүйцэтгэлийг үндэслэн 15 хувийг, явцын баталгаажсан гүйцэтгэлийг үндэслэн 15 хувийг, явцын баталгаажсан гүйцэтгэлийг үндэслэн 15 хувийг, явцын баталгаажсан гүйцэтгэлийг үндэслэн 15 хувийг, явцын баталгаажсан гүйцэтгэлийг үндэслэн 15 хувийг, явцын баталгаажсан гүйцэтгэлийг үндэслэн 15 хувийг, ашиглалтад хүлээн авсан улсын комиссын актыг үндэслэн 5 хувийг тус тус төлөх үүрэг хариуцлага хүлээж байна гэжээ.

Ийнхүү ажлыг захиалагч болон захиалагчийн хяналт хийх эрх бүхий байгууллагаас баталгаажуулсан ажлын гүйцэтгэлээр санхүүжүүлэхээр тохирсон байх ба 2019 оны 12 дугаар сарын 20-ны гүйцэтгэл, 2020 оны 04 дүгээр сарын 14-ний гүйцэтгэл, 2020 оны 06 дугаар сарын 15-ны гүйцэтгэл, нийт 35 хувийн гүйцэтгэлийг тус тус баталгаажуулсаны үндсэн дээр санхүүжүүлэлт хугацаандаа орж байсан болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх ба талууд энэ талаар маргаагүй.

Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1-д захиалагч нь гэрээнд заасан хугацаанд, эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх үүрэгтэй гэжээ.

Захиалагч нь 2020 оны санхүүжилтыг орон нутгийн төсөв болон төсөл хөтөлбөрийн зардлаас гаргахаар гэрээгээр тохиролцсон байх ба гүйцэтгэгч тал ажлын 15 хувийг гүйцэтгэн гүйцэтгэлийг 50 хувьд хүргэснийг захиалагч тал 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр баталгаажуулсан, гүйцэтгэгч тал ажлын 15 хувийг гүйцэтгэн гүйцэтгэлийг 65 хувьд хүргэснийг захиалагч тал 2021 оны 01 дүгээр сарын 15-нд баталгаажуулсан байх тул гүйцэтгэгч тал гэрээний үнэ болох 903 014 805 төгрөг болон 1 441 484 882 төгрөг нийт 2 344 499 687 төгрөгийг шаардах эрхтэй байна.

Гэрээний 1.12-д Захиалагч нь баталгаажсан ажлын гүйцэтгэл болон ашиглагч байгууллагын хүлээн авсан акт зэргийг үндэслэн гүйцэтгэгчийн дансанд санхүүжилтыг шилжүүлэх бөгөөд санхүүжилтыг төлсөн баталгаагаар гүйцэтгэгч тал ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэнэ гэжээ.

Гэрээний 1.3-т 2020 оны улс, орон нутгийн төсөв болон төсөл хөтөлбөрийн зардлаас 9 119 899 208 төгрөгийг санхүүжүүлэхээр тохиролцсон байх ба гүйцэтгэгч талаас ажлын 15 хувийг гүйцэтгэн гүйцэтгэлийг 50 хувьд хүргэснийг захиалагч тал 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр баталгаажуулж 538 470 077 төгрөгийг төлсөн болох нь талуудын тайлбар, гэрч Б.Очгэрэлийн мэдүүлгээр нотлогддог бөгөөд захиалагч тал ажлын гүйцэтгэлийг баталгаажуулсан атлаа ажлын хөлсөө бүрэн гүйцэд төлөлгүй үүргээ зохих ёсоор биелүүлэгүй байна. Гүйцэтгэгчийн дансанд шилжүүлсэн санхүүжилтээр гүйцэтгэгч тал ажлаа үргэлжлүүлсэнийг гэрээ зөрчсөн гэж үзэх боломжгүй байна.

Захиалагч тал 2020 оны ажлын хөлсийг орон нутгийн төсөв болон төсөл хөтөлбөрийн зардлаас төлөхөөр тохиролцсон байх ба 903 014 805 төгрөгийг төлөөгүй болох нь талуудын тайлбараар нотлогддог.

Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2-т "Үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ" гэж, мөн хуулийн 232.6-д "хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ" гэжээ.

Гэрээний 6.15-д ...Захиалагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авсанаас хойш ажлын тав хоногийн дотор төлбөрийг Төрийн захиргааны төв байгууллага болон бусад холбогдох байгууллагын шийдвэрээс шалтгаалснаас бусад тохиолдолд шилжүүлээгүй бол хоног тутамд гэрээний үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож гүйцэтгэгч талд төлнө гэжээ.

903 014 805 төгрөгний ажлын хөлсийг төлөөгүй нь Төрийн захиргааны төв байгууллага болон бусад холбогдох байгууллагын шийдвэрээс шалтгаалсан гэдэг нь нотлогдохгүй байх тул захиалагч талыг гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн гэж үзэн гүйцэтгэгч тал алданги тооцон шаардах эрхтэй байна.

903 014 805 төгрөгөнд ногдох алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр тооцож 451 507 402 төгрөгийг захиалагч талаас гаргуулах үндэслэлтэй байна.

Харин гүйцэтгэгч тал ажлын 15 хувийг гүйцэтгэн гүйцэтгэлийг 65 хувьд хүргэснийг захиалагч тал 2021 оны 01 дүгээр сарын 15-нд баталгаажуулсан байх бөгөөд 2021 оны санхүүжилт нь Өмнөговь аймгийг 2021 онд хөгжүүлэх жилийн төлөвлөгөөнд тусгагдан Өмнөговь аймгийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэгдэн батлагдсан болох нь Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн ажлын албанаас ирүүлсэн албан бичгээр нотлогдож байх ба энэ нь холбогдох байгууллагын шийдвэрээс шалтгаалсан байх тул алданги тооцох үндэслэлгүй гэж үзэв.

Нэхэмжлэгч нь хариуцагчийг үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас санхүүгийн хүнд байдалд орж банкны зээлийн хүү, барилгын харуул хамгаалалтын зардал, ажилчдын цалин хөлс зэрэгт 196 142 868 төгрөгийн бодит хохирол учирсан гэжээ.

Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр талууд хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүйгээс учирсан хохирлыг нөхөн төлүүлэхэд энэ хуульд заасан нийтлэг журам үйлчилнэ гэж, мөн хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэжээ.

Захиалагч тал хөлс төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогддог бөгөөд гүйцэтгэгч тал учирсан хохирлоо арилгуулахыг шаардах эрхтэй байна.

Гэрээний 2.1-д Талуудын аль нэг нь гэрээний үүргээ бүрэн буюу зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд нөгөө тал үүргээ биелүүлэх тодорхой хугацаа зааж шаардлага тавих бөгөөд үүнийг зөрчсөний улмаас гарсан бодит хохирлыг буруутай тал бүрэн төлж барагдуулна гэж, мөн гэрээний 4.2-д Гэрээний үүргийг биелүүлэхэд саад болох нөхцөл байдал үүссэн, дууссан тухай талууд нэн даруй нэг нэгэндээ бичгээр мэдэгдэнэ гэжээ.

Гүйцэтгэгч тал үүргээ биелүүлэх тодорой хугацаа зааж, шаардлага тавьж байсанаа баримтаар нотлоогүй, банк болон иргэдээс зээл авч байсан боловч түүнийгээ барилгын ажил болон барилгын харуул хамгаалалтын зардал, ажилчдын цалин хөлсөнд зарцуулсан гэдгээ баримтаар нотлохгүй байх тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иймд дээрхи байдлыг үндэслэн 903 014 805 төгрөг, алданги 451 507 402 төгрөг, 1 441 484 882 төгрөг нийт 2 796 007 089 төгрөг гаргуулахаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө..., мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын хуулбар үнэн гэсэн тэмдэг дарж баталгаажуулна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******ын гаргаж өгсөн Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 8/1 дугаартай тогтоол, 2019 онд сумдын төсөвт олгох санхүүгийн дэмжлэг,сумдаас аймгийн төсөвт төвлөрүүлэх хөрөнгийн тооцоолол, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2019 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ, Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 9/6 дугаартай тогтоол, тусгай зориулалтын шилжүүлгээр 2020 онд санхүүжих сум, байгууллагуудын зардал, 2020 онд сумдын төсөвт олгох санхүүгийн дэмжлэг, сумдаас аймгийн төсөвт төвлөрүүлэх хөрөнгийн тооцоолол, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2020 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ, орон нутгийн төсвийн байгаль хамгаалах чиглэлийн хөрөнгөөр 2020 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2020 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2020 онд хэрэгжүүлэх төсөл арга хэмжээ, орон нутгийн төсвийн хөрөнгөөр 2020 онд хэрэгжих хөтөлбөр, төсөл, арга хэмжээ, орон нутгийн хөгжлийн сангийн 2020 оны хуваарилалт /аймаг, сум/, замын сангийн хөрөнгөөр 2020 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, төсвийн захирагч нарын 2020 онд хэрэгжүүлэх хөтөлбөр, хүрэх үр дүн, төсвийн захирагч нарын 2020 онд хэрэгжүүлэх хөтөлбөр, хүрэх үр дүн, Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 2/6 дугаартай тогтоол, Өмнөговь аймгийн 2021 онд хөгжүүлэх жилийн төлөвлөгөө зэрэг баримтууд нь хавтаст хэргийн 71-112, 132-160, 162-176 хуудсанд авагдсан нотлох баримтууд нь хуулбар хувь байх ба төрийн байгууллага өөрийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлдэг. Мөн хуулийн 6.4-д Зохигч ...нотлох баримт гаргах...-д тэгш эрхтэй оролцоно гэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцээнд оролцож байгаа төрийн байгууллага нь өөрийн шүүхэд гаргавал зохих бичмэл нотлох баримтыг өөрөө баталгаажуулсан нь эрх тэгш байх зарчимд нийцэхгүй байна.

Иймд хавтаст хэргийн 71-112, 132-160, 162-176 хуудсанд авагдсан нотлох баримтуудыг шүүх шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 346 дугаар зүйлийн 346.2 дахь хэсэгт зааснаар Өмнөговь аймгийн ******* даргын Тамгын газраас 2 796 007 089 төгрөгийг гаргуулан******* ХХК-д олгосугай.

2.******* ХХК-ийн илүү нэхэмжилсэн 916 885 300 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч******* ХХК-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 000 000 төгрөгийг орон нутгийн төсөвт хэвээр үлдээж,******* ХХК-с улсын тэмдэгтийн хураамжид 14 722 411 төгрөгийг нөхөн гаргуулж орон нутгийн төсвийн орлогод оруулж, хариуцагчаас Өмнөговь аймгийн ******* даргын Тамгын газраас улсын тэмдэгтийн хураамжид 14 137 985 төгрөгийг гаргуулж******* ХХК-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.УРАНЧИМЭГ