Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 203/МА2021/00039

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

*******т

хариуцагдах иргэний хэргийн тухай

******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 143/ШШ2021/00296 дугаар шийдвэртэй,

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

*******т хариуцагдах,

Гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 3712892389 гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч шүүгч Н.Насанжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, нарийн бичгийн дарга О.Очмаа нар оролцов.

Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай ******* ХХК нь захиалагч ******* аймгийн Засаг даргын Тамгын газраас зарласан ******* аймгийн ******* хотхоны барилгыг Нийслэлийн Х******* дүүрэгт барих барилгын ажлын тендерт шалгарч уг ажлыг гүйцэтгэхээр болж *******тай 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр дугаартай ******* хотхоныг байгуулах ажлыг зохион байгуулах тухай гэрээ байгуулсан.

Гэрээний 1.11 дэх хэсэгт зааснаар Ажлыг захиалагч болон захиалагчийн хяналт хийх эрх бүхий байгууллагаас баталгаажуулсан ажлын гүйцэтгэлээр санхүүжүүлэхээр тохирч, явцын ажлын баталгаажсан гүйцэтгэлийг үндэслэн тухай бүр 15 хувийг төлөх үүрэг захиалагч хүлээж гэрээний 1.12 дахь хэсэгт зааснаар захиалагч нь баталгаажсан ажлын гүйцэтгэл болон ашиглагч байгууллагын хүлээн авсан акт зэргийг үндэслэн гүйцэтгэгчийн дансанд санхүүжилтийг төлсөн баталгаагаар гүйцэтгэгч тал ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэхээр тохиролцсон.

Бид 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар Барилга угсралтын ажлаа 50 хувийн гүйцэтгэлтэй болгож, захиалагч талаар хүлээн зөвшөөрүүлсэн. Барилгын ажлын гүйцэтгэл 50 хувьд хүрсний дараа захиалагч тал 1441484882 төгрөгийн санхүүжилтээс 903014805 төгрөгийг дутуу шилжүүлсэн. Барилгын ажлын гүйцэтгэл 65 хувьд хүрсний дараа өмнөх дутуу санхүүжилтээс гадна 1441484882 төгрөгийн санхүүжилтийг захиалагч тал манай компанид шилжүүлэх үүрэгтэй боловч одоо болтол нийтдээ 2344499687 төгрөгийн санхүүжилтийг захиалагч тал бидэнд шилжүүлээгүйгээс гүйцэтгэгч тал буюу манай компани барилгын ажлыг цааш үргэлжлүүлэх боломжгүй болоод зогсохгүй санхүүгийн хүнд байдалд орж, үйл ажиллагаа явуулах боломжгүй болоод байна.

Гэрээний 2.1 дэх хэсэгт Талуудын аль нэг нь гэрээний үүргээ бүрэн буюу зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд нөгөө тал үүргээ биелүүлэх тодорхой хугацаа зааж, шаардлага тавих бөгөөд үүнийг зөрчсөний улмаас гарсан бодит хохирлыг буруутай тал бүрэн төлж барагдуулна гэж заасан. Манай компанийн зүгээс төлбөр төлөх гэрээний үүргээ биелүүлэхийг захиалагч талаас биечлэн уулзах, албан бичгээр хандах зэргээр байнга шаардсан.

Гэрээний 4.2 дахь хэсэгт зааснаар гэрээний үүргийг биелүүлэхэд саад болох нөхцөл байдал үүссэн талаар захиалагчийн зүгээс манайд бичгээр мэдэгдэж байгаагүй болохыг онцлон тэмдэглэе.

Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1-д зааснаар захиалагч 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр барилгын ажлын гүйцэтгэл 50 хувь, 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр ажлын гүйцэтгэл 65 хувьтай болохыг тус тус хүлээн зөвшөөрч хүлээн авсан тул /Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.2-т Ажлыг тодорхой хэсгээр, үе шаттайгаар гүйцэтгэхээр тохиролцож, ажлын хөлсийг хэсэг тус бүрээр тогтоосон бол тухайн хэсгийн үр дүнг хүлээлгэн өгөх үед зохих хөлсийг төлнө/, гэрээний 6.11-д зааснаар төлбөрийн мэдэгдэл гарснаас хойш ажлын 5 хоногийн дотор багтаж төлбөрийг хийх ёстой.

Иймд 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс хойш ажлын 5 хоногт багтаан 903014805 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш ажлын 5 өдөрт багтаан 1441484882 төгрөгийн санхүүжилтийг тус тус манай талд шилжүүлэх үүрэгтэй байсан.

Захиалагч талын үүргээ биелүүлээгүйгээс манай компанид банк болон бусдаас зээлсэн зээлийн хүү, харуул хамгаалалт болон бусад ажилчдын зардал зэргээр бодит 196142868 төгрөгийн хохирол учраад байна.

Ажлын гүйцэтгэл 50 хувьтай хүлээлгэн өгсний дараах захиалагчаас дутуу шилжүүлсэн санхүүжилт болох 903014805 төгрөг болон ажлын гүйцэтгэл 65 хувьтай болсны дараах төлбөл зохих санхүүжилт 1441484882 төгрөг, нийт 2344499687 төгрөгийг шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл алдангийн /гэрээний 6.15/ хамт гаргуулж өгнө үү.

Захиалагч төлбөр төлөх үүргээ гэрээний 2.1 дэх заалтыг зохих ёсоор биелүүлээгүйн улмаас бидэнд учирсан бодит хохирол 196142868 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэлийн шаардлага болох нийт 2344499687 төгрөгийг хариуцагч талаас хүлээн зөвшөөрч байгаа юм байна. Хариуцагч үүргээ гүйцэтгэсэн бол одоо аль хэдийн ашиглалтад орсон байх ёстой барилга. Гэтэл одоо болтол ашиглалтад ороогүйгээс болоод байнгын харуул хамгаалалттай байлгаж цалин гардаг. Үйл ажиллагаа нь зогссон ч гэсэн бид Гамшгийн тухай хуулиар ажилчдаа халж болохгүй учраас байнгын цалингаа тавиад, нийгмийн даатгалын шимтгэл төлдөг. Уг барилгыг барихаар бид ******* ХХК-с болон бусад хувь хүмүүсээс зээл авч, хүүг нь сар бүр төлж байгаа. Энэ нийт 196142868 төгрөгийг 2021 оны 05 дугаар сарыг дуусгавар болох хүртэл хугацаагаар урьдчилан тооцож шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Энэ бол манай компанид учирсан бодит хохирол. Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.1 дэх хэсэгт заасны дагуу бид энэ хохирлоо төлүүлэх эрхтэй гэж үзэж байна.

Алдангийн хувьд гэрээний 6.15 дахь хэсэгт зохицуулсан. Хоёрдугаарт гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн эрсдэлийг хэрхэх талаар гэрээний 4 дүгээр зүйлд зохицуулсан байгаа. Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлээс болсон бол энэ тухайгаа манайд мэдэгдэх ёстой байсан. Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл тохиолдох юм бол алдангийг нэхэмжлэхгүй гэсэн заалт гэрээнд огт байхгүй.

Тиймээс алдангийг тооцохгүй байх нөхцөл тогтоогдохгүй байна. Ядаж Аймгийн төсөвт мөнгө орж ирээгүй гэдгийг нотлох дансны хуулгаа ч нотлох баримтаар өгөөгүй. Иймээс манайх Иргэний хууль болон гэрээнд заасны дагуу гэрээний төлбөр болон хохирол, алдангиа авах эрхтэй гэж үзэж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Захиалагч буюу аймгийн Засаг даргын Тамгын газрын зүгээс ******* хотхоныг байгуулах ажлыг зохион байгуулах ажил-ыг захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу санхүүжүүлэх үйл ажиллагаа тасалдсан нь захиалагч байгууллагаас үл шалтгаалж байгаа бөгөөд дээр дурдсанчлан цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж буй нь нийтэд илэрхий үйл баримт тул нэхэмжилж байгаа алданги, хохирлыг захиалагч байгууллага хариуцах үндэслэлгүй юм.

Захиалагчийн зүгээс цаашид санхүүгийн эх үүсвэр хэрхэн бүрдэхээс шалтгаалан уг төслийн ажлыг гэрээний дагуу санхүүжүүлэх бөгөөд шүүхийн замаар нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 346 дугаар зүйлийн 346.2 дахь хэсэгт зааснаар ******* аймгийн Засаг даргын Тамгын газраас 2796007089 төгрөгийг гаргуулан ******* ХХК-д олгож, ******* ХХК-ийн илүү нэхэмжилсэн 916885300 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4000000 төгрөгийг орон нутгийн төсөвт хэвээр үлдээж, ******* ХХК-с улсын тэмдэгтийн хураамжид 14722411 төгрөгийг нөхөн гаргуулж орон нутгийн төсвийн орлогод оруулж, хариуцагчаас ******* аймгийн Засаг даргын Тамгын газраас улсын тэмдэгтийн хураамжид 14137 985 төгрөгийг гаргуулж ******* ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* давж заалдах гомдолдоо: ...нэхэмжлэлд дурдаад байгаа нөхцөл байдлууд нь зөвхөн захиалагчийн бус эрх бүхий байгууллага болох аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын шийдвэрээс шалтгаалсан талаар тайлбар, нотлох баримтаа шүүхэд хүргүүлсэн байхад захиалагч хугацаа хэтрүүлсэн гэж үзэж 903014805 төгрөгийн алданги болох 451507402 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2 дахь заалтыг буруу тайлбарласнаас гадна ажил гүйцэтгэх гэрээний алдангитай холбоотой зохицуулалтыг зохих ёсоор үнэлээгүйтэй холбоотой гэж үзэж байна.

Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу хариуцагч байгууллагаас гаргаж өгсөн баримтууд нь нотлох баримтын шаардлага хангасан байхад анхан шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцээнд оролцож байгаа төрийн байгууллага нь өөрийн шүүхэд гаргавал зохих бичмэл нотлох баримтыг өөрөө баталгаажуулсан нь эрх тэгш байх зарчимд нийцэхгүй байна хэмээн хуулийг буруу тайлбарлаж, хариуцагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж байна.

Төрийн байгууллага өөрөө хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулахыг хуулиар зөвшөөрсөн, нөгөө талын сонгосон аргаар баримтыг нотлох баримтын шаардлага хангуулна гэсэн хуулийн зохицуулалт байхгүй.

Иймд дээрх байдлаар хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримтууд болох талуудын хооронд байгуулсан гэрээ, бусад нотлох баримтыг үнэлээгүй, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй анхан шатны шүүхийн шийдвэрийн 451 507402 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******т холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд олгогдвол гэрээний дагуу шилжүүлээгүй ажлын хөлс 2,344,499,687 төгрөг, хохирол 196,142,868 төгрөг нийт 2,540,642,555 төгрөгийг, мөн шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэлх алдангийг гаргуулахаар нэхэмжилж, нэхэмжлэлээ ӨМАОНӨГ/20190113 дугаартай, ******* хотхоныг зохион байгуулах ажлын гэрээнд үндэслэжээ. /хэргийн 01-02 дугаар хуудас/

Хариуцагч ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө төлөөлж оролцох эрхээ тус тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.*******т итгэмжлэлээр шилжүүлж, итгэмжлэлд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх, үүргийг хэрэгжүүлэхийг заажээ. /хэргийн 60 дугаар хуудас/

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* нь гэрээний дагуу санхүүжүүлэх үйл ажиллагаа тасалдсан нь захиалагч байгууллагаас үл шалтгаалж, дэлхий нийтийг хамарч тархаад буй цар тахлаас шалтгаалсан тул алданги, хохирлыг хариуцахгүй гэж маргаж, үндэслэлээ 2020 онд дутуу шилжүүлсэн 903,014,805 төгрөг болон 65%-ийн гүйцэтгэл дээр шилжүүлэх 1,441,484,882 төгрөгийг хүлээн зөвшөөрнө гэж тайлбарласан байна. /хэргийн 69-70, 131, 184 дүгээр хуудас/

Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрсөн хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар бүхэлд нь хянах үүргийн дагуу хянаж үзвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуулиар тогтоосон журмын дагуу явагдаагүй, шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна. Үүнд:

Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1-д мөнгө төлүүлэхээр шаардсан нэхэмжлэлд нэхэмжилж байгаа мөнгөний дүнгээр, хэд хэдэн шаардлага гарсан тохиолдолд нийлбэр дүнгээр нэхэмжлэлийн үнийг тодорхойлохоор заасан бөгөөд мөнгөн дүн тодорхой биш, түүнд тохирох улсын тэмдэгтийн хураамж бүрэн төлөгдөөгүй байх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2 дахь хэсэгт заасан шаардлага хангаагүй гэж үзэх үндэслэл болно.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 5 дугаар зүйлийн 5.1.1-т зааснаар шүүхээс эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлсэний төлөө нэхэмжлэгчээс төлөх мөнгөн хөрөнгө болох тэмдэгтийн хураамжийг урьдчилан төлүүлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгтэй нийцнэ.

Нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх, хойшлуулах хүсэлтийг шүүх хангаж шийдвэрлэсэн тохиолдолд эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдах нөхцөл үүснэ.

Гэтэл нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид 4000000 төгрөг төлж, үлдэгдэл төлбөр төлөх хугацааг захиалагч санхүүжилтээ бидэнд олгох хүртэл хугацаагаар хойшлуулж өгөхийг хүсэж нэхэмжлэлийн хамт шүүхэд 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр ирүүлсэн хүсэлтийг шүүх шийдвэрлээгүй байна. /хэргийн 04, 05 дугаар хуудас/

Иймд нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамж төлөх хугацааг хойшлуулах эсэх асуудлыг шийдвэрлээгүй, алданги гаргуулах шаардлагын үнийн дүн тодорхойгүй нь нэхэмжлэлийн хүлээн авахаас татгалзах үндэслэл бий болж байхад нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-д заасныг зөрчсөн зөрчил болно. /хэргийн 57 дугаар хуудас/

2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 143/ШЗ2021/01113 дугаартай шүүгчийн захирамжаар 2,540,642,555 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн боловч 3,712,892,389 төгрөг гаргуулах шаардлагатай хэргийг хэлэлцэж шийдвэрлэсэн нь шүүх хуралдааны тэмдэглэл, шүүхийн шийдвэрээр тогтоогдож байна. /хэргийн 120,183-196 дугаар хуудас/

Шүүхээс маргаан бүхий хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэр гаргасан өдөр буюу 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 143/ШЗ2021/01176 дугаартай шүүгчийн захирамжаар гэрээний үүргийн гүйцэтгэл, алданги, хохиролд 3,712,892,389 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамж төлөх хугацааг хойшлуулах тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгожээ. /хэргийн 182 дугаар хуудас/

Шүүгчийн дээрх захирамжийн тодорхойлох хэсэгт бичигдсэн нэхэмжлэгчийн гаргасан гэх хүсэлтийн агуулга нь өмнөх буюу нэхэмжлэлийн хамт ирүүлсэн хүсэлтийн агуулгатай адил боловч шүүх 3,712,892,389 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамжийг хойшлуулах асуудлыг шийдвэрлэсэн тул өмнөх буюу 7 дугаар сарын 02-ны өдөр гаргасан хүсэлтийг 10 дугаар сарын 06-ны өдөр шийдвэрлэсэн гэж үзэх боломжгүй.

Хэрэгт нэхэмжлэлийн үнийн дүнг ихэсгэж 3,712,892,389 төгрөг болгосон шаардлага, ихэсгэсэн шаардлагын хэмжээнд улсын тэмдэгтийн хураамж төлөхийг хойшлуулах эсэх тухай хүсэлт авагдаагүй байх тул шүүхийг хэргийн оролцогчоос гаргаагүй асуудлаар шийдвэр гаргасан гэж үзэхээр байна. /хэргийн 182 дугаар зүйл/

Мөн шүүх нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагыг хариуцагчид гардуулаагүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид хэргийн материал танилцуулаагүй, түүнчлэн иргэний хэрэг үүсгэж, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлээгүй 3,712,892,389 төгрөг гаргуулах хэргийг шийдвэрлэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулаагүйгээс мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 25.1.2-т заасан хэргийн оролцогчийн эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзалтай танилцаж тайлбар өгөх эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.

143/ТМ2021/00315 дугаартай анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд шүүх хуралдааныг нээхдээ ажлын хөлс 2,344,499,687 төгрөг, 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх алданги 50 хувиар тооцоход 1,172,249,840 төгрөг, хохирол 196,142,862 төгрөг нийт 3,712,892,389 төгрөг гаргуулах тухай хэргийг хэлэлцэх тухай шүүхээс мэдэгдсэн нь тусгагдсан боловч хэрэгт 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх алданги 50 хувиар тооцож 1,172,249,840 төгрөг гаргуулахаар шаардсан баримт авагдаагүй байна. /хэргийн 183 дугаар хуудас/

Мөн шүүх маргааныг шийдвэрлэхдээ алданги, хохирол гаргуулах шаардах эрхийг зохицуулсан хуулийн холбогдох зүйл, хэсгийг баримтлаагүйгээс гадна нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хохиролд нэхэмжилсэн 196,000,000 төгрөгийг барилгын санхүүжилт орж ирээгүй тул 500,000,000 төгрөгийг *******наас зээлсэн зээлийн хүүд төлөгдөх дүн гэж тайлбарласан тайлбарын үндэслэл зэрэгт дүгнэлт хийгээгүй байна. /хэргийн 188 дугаар хуудас/

Гэвч хэргийг давж заалдах журмаар хэлэлцэх явцад хэргийн оролцогч нараас ... нэхэмжлэгч нь алданги 1,172,249,840 төгрөг, санхүүжилт олгогдоогүйгээс учирсан хохиролд 196,142,868 төгрөг гаргуулах шаардлагаас татгалзаж, хариуцагч нь гүйцэтгэлийн санхүүжилт болох 2,344,799,687 төгрөгийг 100 хувь 2020 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч энэхүү эвлэрлийн гэрээг байгуулж байна гэсэн зохигчдын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар гарын үсгээ зурсан эвлэрлийн гэрээг ирүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулиар тогтоосон журмын дагуу явуулаагүй зөрчлийн талаар гомдолгүй гэж тайлбарласан тул дээрх нөхцөл байдлуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсэгт заасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болгоогүй боловч цаашид анхаарахыг магадлалд заах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч нь 3,712,892,389 төгрөгний үнийн дүнтэй мөнгө гаргуулах шаардлагаас 1,368,092,702 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь үлдэх хэсэг 2,344,799,687 төгрөгийг 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч эвлэрэн хэлэлцсэн эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар зохигч эвлэрэн хэлэлцсэнг баталж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Давж заалдах шатны шүүх хуралдаан дээр талууд эвлэрэхдээ эвлэрсэн хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг хариуцахаар тохиролцсоны дагуу нэхэмжлэгч нь анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид 3,712,892,389 төгрөгний дүнд тохирох 18,722,411 төгрөг төлөхөөс 4,000,000 төгрөг төлж, 14,722,411 төгрөг төлөөгүй байгаа тул энэ дүнгээр нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.2, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нөхөн төлүүлж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4000,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 11,881,948 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй гэж заасан.

Давж заалдах гомдол нь мэдүүлэх эрхээ хэрэгжүүлж буй нэг хэлбэр тул хариуцагч ******* аймгийн Засаг даргын тамгын газар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар урьдчилан төлөх тэмдэгтийн хураамжаас Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар чөлөөлөгдөнө гэж үзэх нь дээрх хуулиудын зохицуулалтад нийцэх байтал хариуцагч нь гомдол гаргахдаа шүүхийн шийдвэрийн зөвшөөрөхгүй байгаа хэсэгт ногдох хэмжээний тэмдэгтийн хураамж төлсөн байна.

Иймд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-т энэ хуульд чөлөөлөхөөр заасан үйлчилгээнээс хураасан үндэслэлээр хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,415,490 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 143/ШШ2021/00296 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч ******* ХХК нь 3,712,892,389 төгрөгний үнийн дүнтэй мөнгө гаргуулах шаардлагаас 1,368,092,702 төгрөгөөс татгалзаж, хариуцагч ******* нь 2,344,799,687 төгрөгийг 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн дотор ******* ХХК-д төлж барагдуулна гэж эвлэрэн хэлэлцсэнг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.2, 58 дугаар зүйлийн 58.2, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 14,722,411 төгрөг гаргуулж улсын орлогод оруулахаар, урьдчилан төлсөн 4,000,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* аймгийн Засаг даргын Тамгын газраас улсын тэмдэгтийн хураамжид 11,881,948 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгохоор шийдвэрлэсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү магадлалыг хариуцагч ******* нь эвлэрлийн дагуу сайн дураар эс биелүүлбэл албадан гүйцэтгэхийг зохигчдод тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар хариуцагч ******* аймгийн Засаг даргын Тамгын газраас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,415,490 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, мөн тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ               Н.НАСАНЖАРГАЛ

        ШҮҮГЧИД               Х.ГЭРЭЛМАА

                                        Ц.ОТГОНЦЭЦЭГ