Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 101/ШШ2021/01956

 

 

 

 

2021 06 23 101/ШШ2021/01956

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 28-р хороо, Хужирбулан 4-р хэсэг, 53-2105 тоотод оршин суух, Даваажавын *******гийн /РД:*******/ нэхэмжлэлтэй

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, Намьяанжүгийн гудамж 32/1 тоот, Халдварт өвчин судлалын үндэсний төвд /РД: 9077901/ холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Алтаншагай,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Энх-Амгалан, Б.Янжинлхам,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Хатантуул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Д.******* би ХӨСҮТ-д нийт 26 жил ажиллаж байгаа бөгөөд хүүхдийн уушигны тасагт 20 жил ажилласан ба тухайн ажиллах хугацаанд ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй. 2018 оны 1 сарын 2-ны өдрөөс эхлэн няраваар ажиллаж байгаа бөгөөд 2020 оны 1 сарын 14-ний өдрийн Б/17 дугаартай ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүгийн тушаалаар ээлжийн амралтаа 2020 оны 1 сарын 16-ны өдрөөс 2020 оны 3 сарын 10-ны хооронд эдлэхээр болсон.

Амралтын хугацаанд буюу 2020 оны 1 сарын 18-ны өдөр БНСУ-ыг зорьсон бөгөөд өөрийн эх орондоо 2020 оны 3 сарын 8-ны өдөр буцан ирэх онгоцны билет бичүүлсэн байсан.

Гэтэл Монгол Улс өөрийн хилийг 2020 оны 2 сарын 24-ний өдрөөс эхлэн тодорхойгүй хугацаагаар ковид-19 вирус гарсантай холбогдуулан хаасан. Үүний дагуу 3 сарын 8-ны билет цуцлагдаж эх орондоо ирэх боломжгүй болсон. Монгол Улсаас БНСУ-руу 2020 оны 4 сарын сүүлээс эхлэн тусгай үүргийн нислэгээр иргэдээ татаж авах болсон тухай зарласан ч 5 тусгай шалгуур тавьж түүний дагуу шат дараалалтай иргэдээ нислэгт татаж авсан.

 

Гэсэн боловч би 5 тусгай шалгуурыг хангахгүй байсан тул 2020 оны 9 сарын 15-ны өдрийн нислэгээр эх орондоо ирсэн. Мөн тухайн нислэг үйлдсэн 5 сарын хугацаанд элчин сайдын яаманд хандаж буцах хүсэлтээ удаа дараа өгч байсан бөгөөд энэ тухайгаа бага эмч н.Одсүрэнгээр дамжуулан захиргаа хүний нөөцийн албанд хүргүүлсэн.

Ингэхдээ захиргаа, хүний нөөцлийн албаны дарга н.Орхонтой утсаар ярьж Улсын онцгой комисст албан тоот явуулж өгөхийг хүртэл хүсч байсан. Ийнхүү 2020 оны 9 сарын 15-ны өдөр эх орондоо ирээд эмнэлгийн хяналтанд 21 хоног байж байгаад ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй, оношлогоогоор эрүүл гарсан тул 2020 оны 10 сарын 6-нд гэрийн 14 хоногийн тусгаарлалтанд шилжсэн.

 

Энэ хугацаанд 2020 оны 10 сарын 12-нд ажилд орох хүсэлтээ захиргаа, хүний нөөцийн албаны дарга н.Орхонд гаргасан боловч тушаал гараагүй, Улсын онцгой комисст албан бичиг хүргүүлсэн, түүний дагуу шийдвэрлэнэ гэж хэлсэн. Тусгаарлалт бүрэн дууссаны дараа 2020 оны 11 сарын 4-нд би өөрийн биеэр Улсын онцгой комиссын хариуг авч захиргаа, хүний нөөцийн албаны даргад өгсөн.

Гэтэл тухайн өдрийн буюу 2020 оны 11 сарын 4-ний өдрийн Б/341 дугаартай ХӨСҮТ-ийн захирлын тушаалын дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40.1.4, төвийн дотоод журмын 8.3.4, хөдөлмөрийн гэрээний 8.2.2, сахилга хариуцлагын гэрээний 1.3, Улсын онцгой комиссын 2020 оны 11 сарын 3-ны өдрийн 3114 тоот албан бичгийг тус тус үндэслэн хөдөлмөрийг гэрээг цуцлах тухай тушаал гаргасан байна.

 

Уг тушаалын 1-р заалтад ээлжийн амралттай байх хугацаандаа Солонгос улсад зорчин ээлжийн амралтын хугацааг хэтрүүлж, Монгол Улсаас БНСУ-д суугаа элчин сайдын яаманд эх орондоо буцах хүсэлтээ 2020 оны 7 сарын 8-ны өдөр гаргаж ... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаан хугацаагаар ажил тасалсан тул 2020 оны 11 сарын 4-ний өдрөөр тасалбар болгосугай, 2-р заалтад 2020 оны 11 сарын 4-ний өдрийн дотор түр хүлээлцэж, тэмдэглэл ирүүлэх тухай заасан байна.

Би өөрийн хариуцлагагүй үйлдлээс болж тухайн үед ажил таслаагүй, Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу БНСУ-д гацсан гэдгийг дурдах нь зүйтэй. Мөн нутаг буцах хүсэлтээ 07 сарын 8-ны өдөр анх удаа гаргаагүй. Учир нь БНСУ-д суух элчин сайдын яам БНСУ-ын хөл хориотой холбоотой иргэдийг хүлээж авахгүйгээр цахимаар авч байсан.

Харин 7 сарын 8-нд гаргасан эх орондоо буцан ирэх хүсэлт маань бичгээр гаргасан хүсэлт гэдгийг дурдах нь зүйтэй. Мөн би эх орондоо 9 сарын 15-ны өдөр ирэхдээ Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу ирсэн бөгөөд өнөөдрийг хүртэл өөрийн эх орондоо ирэх хүсэлтээ гаргасан ч ирж чадалгүй хөл хорионд орсон олон иргэд байна.

Гэтэл*******нь өнөөдрийн үүсээд байгаа нөхцөл байдал, мөн өмнө нь үүссэн түүний дагуу авч байсан арга хэмжээ бүрийг мэдэж байсан ч иргэн намайг хохироож үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна.

 

Иймд 2020 оны 11 сарын 4-ний өдрийн Б/341 дугаартай тушаал хууль бус болохыг тогтоож, ажил эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Халдварт өвчин судлалын үндэсний төв-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Энх-Амгалан шүүхэд гаргасан тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Энх-Амгалан, Б.Янжинлхам нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Нэхэмжлэгч Д.******* нь ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Д.******* нь 2020 оны 1 сарын 16-ны өдрөөс 2020 оны 3 сарын 10-ны хооронд ээлжийн амралтаа эдлэхээр болсон бөгөөд тус байгууллагын ажилчид амралтаараа Солонгос улсад зорчин ажилладаг тохиолдлууд байдаг.

Цар тахлаас үүдэн манай улс хилээ хаах үед тус байгууллагын 3 ажилтан болох Д.*******, н.Мөнхзул, н.Долгорсүрэн нар Солонгос улсад гацсан. Н.Долгорсүрэн эмчилгээ хийлгэсэн, н.Мөнхзул, Д.******* нар амралтаараа ажиллахаар очсон. Н.Мөнхзул Монгол улсад ирэх хүсэлтээ 2020 оны 5 сард гаргасан.

Д.*******гийн тухайд нөхцөл байдлыг ойлгоод Халдварт өвчин судлалын үндэсний төвийн удирдлагын зүгээс 2020 оны 3 сарын 9-ний өдрөөс 4 сарын 1, 4 сарын 1-нээс 6 сарын 2-ны өдрийг хүртэл хугацаагаар цалингүй чөлөө олгосон.

 

Тэрээр улс даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарласан ачаалал ихтэй үед чөлөөний хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлж ажил тасалсан тул 2020 оны 11 сарын 4-ний өдрийн Б/341 тоот тушаалаар тус төвийн захирал түүнийг байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээг үндэслэн ажлаас нь чөлөөлсөн.

 

Иймд Д.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд уг шаардлагыг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.******* нь Халдварт өвчин судлалын үндэсний төв-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ерөнхий захирлын 2020 оны 11 сарын 4-ний өдрийн Б/341 тоот Хөдөлмөрийн гэрээ цуцлах, ээлжийн амралтын тооцоо хийх, ажил хүлээлцэх, ажлын хэсэг томилох тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, Төвийн хөдөлмөрийн дотоод журмын 8.3.4 дэх заалт, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 8.2.2 дахь заалт, сахилга хариуцлагын гэрээний 1.3 дахь заалт, Улсын онцгой комиссын 2020 оны 11 сарын 3-ны өдрийн 3114 дүгээр албан бичиг зэргийг тус тус үндэслэн:

 

-Хүүхдийн уушигны тасгийн нярав Даваажав овогтой ******* нь 2020 оны 1 сарын 16-ны өдрөөс 2020 оны 3 сарын 10-ны өдрийг хүртэл ээлжийн амралттай байх хугацаандаа Солонгос улсад зорчин ээлжийн амралтын хугацааг хэтрүүлж, Монгол улсаас Солонгос улсад суугаа элчин сайдын яаманд эх орондоо буцах тухай хүсэлтээ 2020 оны 7 сарын 8-ны өдөр гаргаж, өндөржүүлсэн бэлэн байдал зарласан ачаалал ихтэй ажиллаж байгаа үед хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаан хугацаагаар ажил тасалсан тул 2020 оны 11 сарын 4-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, Халдварт өвчин судлалын үндэсний төвд 2001 оны 11 сарын 3-ны өөр ажилд орж түүнээс хойш нийт 19 удаа амарсан тул зохих ээлжийн амралтын тооцоог хийж, хөдөлмөрийг гэрээг нь цуцалсугай хэмээн шийдвэрлэжээ.

/ХХ-ийн 4 дүгээр тал/

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж заажээ.

Д.******* нь түүнийг ажлаас чөлөөлсөн тухай тушаалыг гардан авахаар очиход өгөх боломжгүй гэх хариуг ажил олгогч 2020 оны 12 сарын 1-ний өдөр түүнд мэдэгдсэн гэх ба тушаалыг гардан авч 2020 оны 12 сарын 8-ны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд тэрээр ажил олгогчийн санаачилгаар ажлаас халсан гэх гомдлыг шүүхэд гаргахдаа хуульд заасан хугацааг хэтрүүлээгүй байна.

/ХХ-ийн 1-2 дугаар тал/

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т Хөдөлмөрийн гэрээг дараах үндэслэлээр цуцална, 38.1.2-т ажил олгогч санаачилсан,

40 дүгээр зүйлийн 40.1.4-т Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан,

Төвийн хөдөлмөрийн дотоод журмын 8.3-т Ажилтныг ажлаас чөлөөлөх, шийтгэл оногдуулах, 8.3.4-т Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үндэслэлээр төвийн эмч ажилчидтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дараах тохиолдолд ажил олгогчийн санаачлагаар шууд цуцална, Үүнд: ... -Ажилтан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нэг сарын дотор 3 ба түүнээс дээш өдөр ажил тасалсан,

 

Хөдөлмөрийн гэрээний 8.2.2-т /3.2/ Ажилтан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ... ажил тасалсан ... тохиолдолд хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчилд тооцон хөдөлмөрийн гэрээг захиргаа цуцлаж ажлаас хална,

 

Сахилга хариуцлагын гэрээний 1.3-т Урьдчилан мэдэгдэлгүйгээр ажлын байраа удаа дараа орхиж явах, үүрэгт ажлаа хүндэтгэх шалтгаангүйгээр биелүүлэхээс татгалзах, эрх бүхий албан тушаалтнаас чөлөө аваагүй, ямар нэгэн шалтгаангүй ажил таслах,

 

Улсын онцгой комиссын 2020 оны 11 сарын 3-ны өдрийн 3114 тоот албан бичигт Танай төвийн ажилтан Д.******* нь 2020 оны 7 сарын 8-ны өдөр Монгол улсаас Солонгос улсад суугаа элчин сайдын яаманд эх орондоо буцах тухай хүсэлт гаргаснаар 9 сарын 15-ны өдөр захиалгат нислэгээр Weng zhou зочид буудалд 21 хоног тусгаарлагдсан болно. ... гэжээ.

/ХХ-ийн 6-12, 69-101, 116 дугаар тал/

 

 

Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох нэг үндэслэл нь ажил олгогчийн санаачилгаар гэрээг цуцлах зохицуулалт бөгөөд энэ үндэслэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 .1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлана гэсэн байна.

 

Ноцтой зөрчил гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх ашиг, сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байна гэж ойлгох ба гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг нэрлэн заасан байхыг шаарддаг.

 

Хариуцагч Халдварт өвчин судлалын үндэсний төв нь нэхэмжлэгч Д.*******г хүндэтгэн үзэх шалтгаангүй ажил тасалсан буюу хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн хэмээн тайлбарлалаа.

 

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирлын 2020 оны 1 сарын 14-ний өдрийн Б/17 дугаар бүхий тушаалаар нэхэмжлэгч Д.******* нь 2020 оны 1 сарын 16-ны өдрөөс 2020 оны 3 сарын 10-ны өдрийг хүртэл хугацаагаар ээлжийн амралтаа эдэлсэн талаар талууд хэн аль нь тайлбарлаж байна.

 

Коронавируст халдварын цар тахалтай тэмцэх, хариу арга хэмжээг эрчимжүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор явуулсан үйл ажиллагаатай холбоотой Монгол улс хилээ хаан, улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдал, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбоотой ээлжийн амралтаа эхэлмэгц 2020 оны 1 сарын 18-ны өдөр БНСУ-руу хувийн шалтгаанаар зорчсон, тус улсад буй ажилтан Д.*******д ажил олгогч Халдварт өвчин судлалын үндэсний төв 2020 оны 3 сарын 9-ний өдрөөс 2020 оны 6 сарын 2-ны өдрийг хүртэл хугацаанд цалингүй чөлөө олгосон гэж хариуцагч тайлбарлалаа.

Д.******* нь 2020 оны 7 сарын 8-ны өдөр Монгол улсаас БНСУ-д суугаа элчин сайдын яаманд бага насны хүүхэд Б.Номиндалайн хамт бүртгэгдэн нутаг буцах өргөдөл өгсөн иргэдийн нэрсийн жагсаалтны 94-рт багтсан бөгөөд 2020 оны 9 сарын 15-ны өдрийн захиалгат нислэгт багтан уг өдрөө Монгол улсдаа ирсэн болох нь Улсын онцгой комиссын шуурхай штабын 2021 оны 6 сарын 16-ны өдрийн 7448 тоот тодорхойлолтоор тогтоогдож байна.

/ХХ-ийн 103-106 дугаар тал/

 

Нэхэмжлэгч Д.******* нь 2020 оны 9 сарын 15-ны өдөр захиалгат нислэгт багтан Монгол улсдаа ирэн Weng zhou зочид буудалд 21 хоног тусгаарлагдан 2020 оны 10 сарын 6-ны өдөр гэрийн 14 хоногийн тусгаарлалтанд шилжсэн хугацаандаа захиргаа, хүний нөөцийн албаны дарга н.Орхонтой ажилд эргэн орохтой холбоотой асуудлаар харилцсан талаар тайлбарласныг хариуцагч эсэргүүцээгүй.

 

Ажилтныг ажлаас халсан 2020 оны 11 сарын 4-ний өдрийн Б/341 тоот тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, улмаар ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтныг ажлаас халагдсан үндэслэлтэй тохирч байх нь Хөдөлмөрийн тухай хуулинд нийцэх шаардлагатай.

Хариуцагч нь Халдварт өвчин судлалын үндэсний төв нь нэхэмжлэгч Д.*******г 2020 оны 7 сарын 8-ны өдөр эх орондоо буцах хүсэлт гаргаж өндөржүүлсэн бэлэн байдал зарласан ачаалал ихтэй үед хүндэтгэн үзэх шалтгаангүй ажил тасалсан хэмээн ажлаас нь чөлөөлсөн гэх боловч энэ нь баримтаар тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Д.******* нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас эх орондоо буцан ирэх боломжгүй байсан нь дээр дурдсан баримтуудаар тогтоогдож байна.

 

Иймд талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар ажилтанг хүндэтгэн үзэх шалтгаангүй ажил таслан ноцтой зөрчил гаргасан гэхх үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн нь үндэслэлгүй.

 

Иймд нэхэмжлэгч Даваажавын *******г Халдварт өвчин судлалын үндэсний төв-ийн Хүүхдийн уушигны тасгийн няравын ажилд эгүүлэн тогтоон ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж үзэв.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж заасан ба уг олговрыг олгохдоо Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан дундаж цалин хөлс тодорхойлох журамд заасны дагуу тооцох нь зүйтэй.

/ХХ-ийн 57 дугаар тал/

Уг журмын дагуу Д.******* 2020 оны 11 сарын 4-ний өдрөөс хойш 2021 оны 6 сарын 23-ны өдөр хүртэл хугацаанд 10.140.886 төгрөгийн цалин авах байсан тул хариуцагч Халдварт өвчин судлалын үндэсний төв-өөс Д.*******гийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 10.140.886 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.*******д олгох үндэслэлтэй.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 46.4-т зааснаар нэхэмжлэгч Д.*******гийн болон хариуцагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Халдварт өвчин судлалын үндэсний төв-ийн ерөнхий захирал болон нягтлан бодогчид үүрэг болгох нь зүйтэй.

 

Ажил олгогчийн тушаал нь хууль зүйн үндэслэлгүй гарсан хэдий ч ажилтныг ажилд эгүүлэн тогтоох үндэслэлийг бий болгож буй хууль зүйн факт болж байгаа бөгөөд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр цаашид эрх зүйн үр дагавар үүсгэхгүй учир шүүх уг тушаалыг заавал хүчингүй болгох буюу хууль бус гэж дүгнэх шаардлагагүй.

 

Нэхэмжлэгч Д.******* нь ковид-19 цах тахлаас үүдэн өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар хүсэлт гаргасан тул түүний болон талуудын хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т заасны дагуу нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.4-т хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг монгол хэлээр явуулна, гадаад хэлээр бичигдсэн баримтыг орчуулагч, хэлмэрчээр монгол хэл дээр орчуулуулсан байна гэж заасантай нийцээгүй тул хэргийн 13-26 дугаар талд авагдсан онгоцны тийз гэх баримтыг нотлох баримтаар үнэлээгүйг дурдлаа.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Даваажавын *******г Халдварт өвчин судлалын үндэсний төв-ийн Хүүхдийн уушигны тасгийн няравын ажилд эгүүлэн тогтоосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар Д.*******гийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 10.140.886 төгрөгийг хариуцагч Халдварт өвчин судлалын үндэсний төв-өөс гаргуулан нэхэмжлэгч Д.*******д олгосугай.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 46.4-т зааснаар нэхэмжлэгч Д.*******гийн болон хариуцагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нь бичилт хийхийг хариуцагч Халдварт өвчин судлалын үндэсний төв-ийн ерөнхий захирал болон нягтлан бодогчид үүрэг болгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлйин 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар дээрхи нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх бөгөөд хариуцагч Халдварт өвчин судлалын үндэсний төв-өөс 177.204 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН