Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2021/01442

 

 

 

 

 

2021 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2021/01442

 

 

Д.С-гийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2021/01956 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Д.С-гийн хариуцагч ХӨҮТ-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.С-, түүний өмгөөлөгч Б.А-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Я-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д.С- би ХӨҮТ-д нийт 26 жил ажиллаж байгаа бөгөөд хүүхдийн уушигны тасагт 20 жил ажилласан, ажиллах хугацаанд ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй. 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн няраваар ажиллаж байгаа. Захирлын 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Б/17 дугаар тушаалаар ээлжийн амралтаа 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хооронд эдлэхээр болсон. Амралтын хугацаанд буюу 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр БНСУ-ыг зорьсон бөгөөд өөрийн эх орондоо 2020 оны 3 дугаар сарын 08-ны өдөр буцан ирэх онгоцны билет бичүүлсэн байсан.

Гэтэл Монгол Улс өөрийн хилийг 2020 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн тодорхойгүй хугацаагаар ковид-19 вирус гарсантай холбогдуулан хаасан. Үүний дагуу 3 дугаар сарын 08-ны өдрийн билет цуцлагдаж эх орондоо ирэх боломжгүй болсон. Монгол Улсаас БНСУ-руу 2020 оны 4 дүгээр сарын сүүлээс эхлэн тусгай үүргийн нислэгээр иргэдээ татаж авах болсон тухай зарласан ч 5 тусгай шалгуур тавьж түүний дагуу шат дараалалтай иргэдээ нислэгт татаж авсан. Мөн тухайн нислэг үйлдсэн 5 сарын хугацаанд элчин сайдын яаманд хандаж буцах хүсэлтээ удаа дараа өгч байсан, энэ тухайгаа бага эмч н.О-гээр дамжуулан захиргаа хүний нөөцийн албанд хүргүүлсэн. Ингэхдээ захиргаа, хүний нөөцийн албаны дарга н.О-той утсаар ярьж Улсын онцгой комисст албан тоот явуулж өгөхийг хүртэл хүсч байсан. 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр эх орондоо ирээд 21 хоног тусгаарлалтад байгаад ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй, оношлогоогоор эрүүл гарсан тул 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр гэрийн 14 хоногийн тусгаарлалтад шилжсэн. Энэ хугацаанд 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ажилд орох хүсэлтээ захиргаа, хүний нөөцийн албаны дарга н.О-д гаргасан боловч тушаал гараагүй, Улсын онцгой комисст албан бичиг хүргүүлсэн, түүний дагуу шийдвэрлэнэ гэж хэлсэн. Гэтэл ХӨҮТ-ийн захирлын 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/341 дугаартай тушаалын дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40.1.4, төвийн дотоод журмын 8.3.4, хөдөлмөрийн гэрээний 8.2.2, сахилга хариуцлагын гэрээний 1.3, Улсын онцгой комиссын 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 3114 тоот албан бичгийг тус тус үндэслэн хөдөлмөрийг гэрээг цуцалсан байна. ХӨҮТ- нь өнөөдрийн үүсээд байгаа нөхцөл байдал, мөн өмнө нь үүссэн нөхцөл, түүний дагуу авч байсан арга хэмжээ бүрийг мэдэж байсан ч иргэн намайг хохироож үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна. Иймд 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/341 дугаартай тушаал хууль бус болохыг тогтоож, ажил эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д.С- нь 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд ээлжийн амралтаа эдлэхээр болсон бөгөөд тус байгууллагын ажилчид амралтаараа Солонгос улсад зорчин ажилладаг тохиолдлууд байдаг. Д.С-гийн нөхцөл байдлыг ойлгоод ХӨҮТ-ийн удирдлагын зүгээс 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс 4 дүгээр сарын 01-ний өдөр, 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 6 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хугацаагаар цалингүй чөлөө олгосон. Тэрээр улс даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарласан ачаалал ихтэй үед чөлөөний хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлж ажил тасалсан тул 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/341 тоот тушаалаар тус төвийн захирал түүнийг байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээг үндэслэн ажлаас нь чөлөөлсөн. Иймд Д.С-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд уг шаардлагыг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д-ын С-г ХӨҮТ--ийн Хүүхдийн уушигны тасгийн няравын ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Д.С-гийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 10 140 886 төгрөгийг хариуцагч ХӨҮТ--өөс гаргуулан нэхэмжлэгч Д.С-д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 46.4-т зааснаар нэхэмжлэгч Д.С-гийн болон хариуцагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нь бичилт хийхийг хариуцагч ХӨҮТ--ийн ерөнхий захирал болон нягтлан бодогчид үүрэг болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар дээрх нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх бөгөөд хариуцагч ХӨҮТ--өөс 177.204 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Я- давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Д.С-гийн ээлжийн амралтын хугацаа нь 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр дууссан. Улсын онцгой комиссын шийдвэрээр БНСУ-д оршин суугаа Монгол Улсын иргэдийг татан авах захиалгат нислэг 2020 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс үйлдэгдэж эхэлсэн. Улсын онцгой комиссоос ирүүлсэн чиглэлийн дагуу нэн тэргүүнд хүндэтгэн үзэх шалтгаантай хүмүүсийг тэргүүн ээлжинд, бусад нутаг буцах хүсэлттэй иргэдийг өргөдлийн дарааллын дагуу тусгай үүргийн нислэгт хамааруулж байсан. Гэтэл Д.С-д 2020 оны 3 дугаар сараас хойш нутаг буцах хүсэлтээ гаргах боломж нь нээлттэй байсан байхад, 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдөр нутаг буцах хүсэлтээ БНСУ дах Элчин сайдын яаманд бүртгүүлсэн байна. Үүнээс үзэхэд түүнийг яаралтай нутаг буцах хүсэл зорилгогүй байсан гэдэг нь тодорхой харагдаж байна. Шүүх ажил олгогчийн тушаалыг хүчингүй болгоогүй атлаа ажилтныг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг хариуцагчаас нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй байна. Түүнчлэн, шүүхийн шийдвэрээр ХӨҮТ-өөс улсын тэмдэгтийн хураамж 177 204 төгрөгийг гаргахаар шийдвэрлэсэн байна. Энэ нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т Төсвийн байгууллага нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөнө гэж заасан байна. Иймд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх явцад зохигчид эвлэрлийн гэрээ байгуулсан тул эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Нэхэмжлэгч Д.С- нь хариуцагч ХӨҮТ-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д-ын С-г ХӨҮТ--ийн Хүүхдийн уушигны тасгийн няравын ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Д.С-гийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 10 140 886 төгрөгийг хариуцагч ХӨҮТ-өөс гаргуулан нэхэмжлэгч Д.С-д олгохоор шийдвэрлэсэн байна.

 

Дээрх шийдвэрт хариуцагч тал давж заалдах гомдол гаргасныг үндэслэн давж заалдах шатны шүүх хуралдаанд хэргийг хянан хэлэлцэх явцад зохигчид маргаж буй зүйлийн талаар харилцан тохиролцож,

хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч Д.С-г ХӨҮТ-ийн Хүүхдийн уушигны тасгийн няравын албан тушаалд 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн дотор эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 8 000 000 төгрөгийг нэхэмжлэгч Д.С-гийн Хаан банкны 5032185512 тоот дансанд 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө шилжүүлэх, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны буюу 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс ажилд эгүүлэн томилох хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийх, холбогдох төлбөрийг зохих журмын дагуу төлөхөөр, нэхэмжлэгч нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт олгохоор шийдвэрлэсэн 10 140 886 төгрөгийн нэхэмжлэхээс 2 140 886 төгрөгөөс татгалзахаар, уг асуудлаар дахин шүүхэд хандахгүй байх үүргийг тус тус хүлээхээр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээг байгуулжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт зааснаар зохигчид маргаж буй зүйлийн талаар эвлэрэн хэлэлцэх эрхтэй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд уг эрхээ нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэгжүүлэх боломжтой.

 

Талуудын хооронд байгуулсан дээрх эвлэрлийн гэрээ нь хуульд нийцсэн, зохигч талууд болон гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул давж заалдах шатны шүүх хуралдаанаас зохигчдын эвлэрлийг баталж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хариуцагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2021/01956 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, зохигчид эвлэрснийг баталж, Д.С-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч ХӨҮТ-д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч ХӨҮТ- нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар энэ магадлалд зохигч хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

А.ОТГОНЦЭЦЭГ