Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 1818

 

 

С ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Б.Нармандах, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2018/01368 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч С ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч СБД-ийн ЗДТГ-т  холбогдох

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 342 980 806 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С ХХК нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газартай хог тээвэрлэх талаар харилцан тохиролцож 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Хог тээвэрлэх гэрээ, 2015 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Хог хаягдлын үйлчилгээ нийлүүлэх гэрээ, 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Хог тээвэрлэх түр гэрээ 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Хог тээвэрлэх түр гэрээ тус тус байгуулсан. Гэрээнд тохирсноор Сүхбаатар дүүргийн 1, 2, 14, 15, 17 дугаар хорооны буюу 1-р бүсийн нийтийн эзэмшлийн зам гудамж, зам талбай, оршуулгын газрын хог хаягдлыг цуглуулах, цэвэрлэх, ачиж тээвэрлэх, айл өрх, аж ахуйн нэгж, албан байгууллагын хог хаягдлыг цуглуулж, ачиж тээвэрлэх, тухайн бүсийн нутаг дэвсгэр дэх ил задгай болон эзэнгүй үүсмэл хогийн цэгүүдийг бүрэн цэвэрлэж төвлөрсөн хогийн цэгт хүргэж хариуцсан бүсийг хаягдалгүй цэвэр байлгах үүргийг хүлээж, уг ажлын хөлсийг Захиалагч болох Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газар төлөх үүрэг хүлээсэн. Манай бйгууллага гэрээгээр тохиролцсон ажлаа тухай бүрт нь хийж гүйцэтгэсэн ба захиалагч байгууллага санхүүжилтээ дутуу хийж, төлбөрийн үлдэгдэл бий болгон үүнийгээ төлөхгүй байгаа. 2014 оны 01 дүгээр сараас 12 дугаар саруудад 271 622 593 төгрөгийн ажлын хөлс төлөхөөс 135 725 757 төгрөгийн санхүүжилт хийж, 135 896 836 төгрөгийн үлдэгдэлтэй, 2015 оны 1 дүгээр сараас 12 дугаар саруудад 167 403 681 төгрөгийн хөлс төлөхөөс 82 830 121 төгрөгийн санхүүжилт хийж, 84 573 698 төгрөгийн үлдэгдэлтэй, 2016 оны 01-11 дүгээр саруудад 251 684 083 төгрөгийн хөлс төлөхөөс 172 493 000 төгрөгийн санхүүжилт хийж, 79 191 083 төгрөгийн үлдэгдэлтэй, 2017 оны 1 дүгээр сараас 3 дугаар саруудад 82 202 889 төгрөгийн хөлс төлөхөөс 38 883 700 төгрөгийн санхүүжилт хийж 43 319 189 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа ба нийт төлөгдөөгүй ажлын хөлс 342 980 806 төгрөг ба энэ нь С ХХК болон тус Засаг даргын тамгын газрын хамтран гарын үсэг зурж, тооцоо нийлж, баталгаажуусан актуудаар нотлогдоно. Захиалагч байгууллага ажлын хөлсөө төлөх үүргээ биелүүлэхгүй байгаагаас манай байгууллагад санхүүгийн хүндрэл үүсч, ажлаа зохих ёсоор гүйцэтгэхэд хүндрэл үүсгэж байна. Манай байгууллагаас СБД-ийн ЗДТГ-т  2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 92 тоот, 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 174 тоот албан бичгүүдээр тус тус ажил гүйцэтгэх гэрээний дагуу хөлсөө төлөхийг шаардсан боловч одоог хүртэл төлөөгүй байгаа тул ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлтэд 342 980 806 төгрөг гаргуулж өгнө үү. Хариуцагч тал байгуулагдсан гэрээнүүдэд маргаагүй. 2017 оны 1-3 сарын 43 319 198 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн. Мөн ажлын гүйцэтгэл хүлээн авсан сар бүрийн нэгтгэл баримтыг зөвшөөрсөн. Харин санхүүжилт хүрэлцэхгүй гэсэн болохоос гүйцэтгэлүүдийг хүлээн зөвшөөрч байна. Дүүргийн хог мөн биш эсэх талаар хуульд зааснаар өөрөө нотлох үүрэгтэй, нотлоогүй. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.6-д зааснаар бид байгуулсан гэрээнд заасан ажлаа бүрэн гүйцэтгэсэн төлбөрөө л шаардсан. Нийслэлээс санхүүжилт авах эсэх нь хариуцагчийн асуудал юм. 2014 онд Захирагчийн ажлын албанаас санхүүжилт олгож байсан гэдэг, Хас банкны дансны хуулгаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газраас олгосон байгаа нь нотлогдож байна. Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. 2013, 2014 онд Улаанбаатар хотод хогны асуудал хурц байсан тул тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2013 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 12/45 тогтоол гарч нэр бүхий 6 байгууллагатай хог тээвэрлэх гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч С ХХК-тай дүүргийн Засаг даргын тамгын газар нийтийн эзэмшил, айл өрх, аж ахуйн нэгж байгуулагын хог хаягдлын төлбөр тооцоо болон хог тээвэрлэлтэд гарах аливаа харилцааг зохицулахаар 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 13 дугаартай Хог тээвэрлэх, 2015 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Хог хаягдлын үйлчилгээ нийлүүлэх, 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 13 дугаар Хог хаягдлын үйлчилгээ нийлүүлэх, 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 29 дугаар, 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 75 дугаар Хог тээвэрлэх түр гэрээг тус тус байгуулсан. 2014-2016 оны гэрээнд маргахгүй. 2015 онд хотын ерөнхий менежерийн загвараар байгуулсан гэрээний дагуу сар бүр ажлыг хүлээлцэж дүүргийн Засаг даргын тамгын газар санхүүжилт хийж байсан. Гэрээний хугацаанд сар болгон журамд заасны дагуу хянан баталгаажуулж, аж ахуйн нэгж, айл өрхөөс төвлөрсөн хог хаягдлын үйлчилгээний хураамжийн орлогыг ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу тухай бүр гүйцэтгэгч талд бүрэн шилжүүлсэн. 2013 онд хог тээвэрлэх тарифтай холбоотой гэрээт компаниудаас удаа дараа гомдол ирсэн тул арилгах үүднээс 86 дугаар тогтоол баталсан. Нэмэлт санхүүжилтийг Нийслэлийн төсвөөс олгохоор заасны дагуу олгож байсан, энэ үед асуудал багатай байсан. 2015 оноос дүүрэг олгодог болсон. Дүүргийн төсөвт татаац маягаар суулгах болж, Нийслэлийн Засаг даргын тамгын газар санхүү төрийн сангийн хэлтэс захиргаа аж ахуйн хэлтэс чиглүүлдэг. Дүүрэг гэрээгээр хүлээсэн ажил үйлчилгээний онцлог байдлыг харгалзан, гүйцэтгэгч талын үйл ажиллагааг дэмжих зорилгоор өөрийн төсвөөс нэмэлт санхүүжилтийг батлагдсан төсвийн хүрээнд тухай бүр олгож байсан. Үүнийг нэхэмжлэгч тал нэхэмжлэл дээрээ хүлээн зөвшөөрсөн. 2014 оны 1 сард 18 сая төгрөг гэх мэт өгсөн. Нийслэлээс хангалттай төсөв өгдөггүйгээс дүүрэг хүндрэлтэй болдог. Дүүргийн төсөв хангалтгүйгээс энэ байдал гарсан. 86 дугаар тогтоол дотор хог тээврийн хөлсийг бодох аргачлал байдаг. Зөвхөн Сүхбаатар дүүргийн нутагт тээвэрлэсэн хогны хөлсийг л өгөх ёстой. Яг манай хог мөн үү гэдэг учир дутагдалтай. Дүүргээс зохион байгуулснаар хогийн машиныг хог ачиж байх процессыг хорооны дарга буюу хорооны хэсгийн ахлагч нар хяналт тавьдаг. Энэ ажил хариуцсан ажилтнууд хариуцлагагүй хандах, мөн олон аж ахуйн нэгж байрласан барилгуудад нэг л хуулийн этгээд хогны мөнгө төлөх зэргээр алдагдал гарах шалтгаан байдаг. 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 18/01 Төлбөр барагдуулах гэрээ байгуулсан. 2017 оны 1-3 сарын 43 319 198 төгрөгийг үл маргах журмаар олгоно гэсэн тул 43 319 198 төгрөгийг зөвшөөрнө. Иймд нэхэмжлэлийн шаардлага болох ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлтэд 342 980 806 төгрөгийг манай байгууллагаас нэхэмжилснийг хүлээн авах боломжгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д заасныг баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хариуцагч Сүхбаатар дуургийн Засаг даргын тамгын газраас 342 980 806 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С ХХК-д олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зуйлийн 60.1.-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр урьдчилан төлсөн 1 872 860 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газраас 1 872 860 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх хуулийг буруу хэрэглэж, нэхэмжлэгчээс анх гаргасан нэхэмжлэлийн хүрээнд хэрэг шийдвэрлэсэн. Учир нь хариуцагч нэхэмжлэгчтэй эвлэрч 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 18/01 дүгээр эвлэрч, төлбөр барагдуулах 18/01 дүгээр гэрээ байгуулан 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 75 763 634 төгрөг, 2018 оны  6 дугаар сарын 08-ны өдөр 102 531 764 төгрөгийг тус тус С ХХК-ийн дансанд шилжүүлсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч хариуцагч эвлэрлийн гэрээ байгуулж, төлбөрийг хариуцагчаас барагдуулсаар байхад шүүгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасан хариуцагчийн эрхийг хангаагүй, мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.4-т заасан ажиллагаа явуулаагүй.

Хог тээвэрлэгч байгууллагатай 2014 онд байгуулсан Хог тээвэрлэх гэрээний 4.1, 4.4, 2015, 2016 онд байгуулсан Хог хаягдлын үйлчилгээ нийлүүлэх гэрээний ерөнхий нөхцөлийн 3.1.8, 3.2.2 дахь хэсэгт заасан гэрээний нөхцөлүүд нь нэмэлт санхүүжилтийг нийслэлийн Захирагчийн ажлын албанаас олгох, тухайн нэмэлт санхүүжилтийг дүүргийн Засаг даргын Тамгын газарт ирүүлсэн Хог тээвэрлэгч байгууллагуудын гүйцэтгэлийг НИТХТ-ын 86 дугаар тогтоолоор тооцох аргачлалаар дүүргийн Засаг даргын Тамгын газар тооцож, нэмэлт санхүүжилтыг олгохоор заасан нь шийдвэрийн үндэслэх хэсэгт заагдсан "Нэмэлт санхүүжилтыг нийслэлийн төсвөөс олгохоор заасны дагуу олгож байсан, энэ үед асуудал багатай байсан. 2015 оноос дүүрэг олгодог болсон.... Үүнийг нэхэмжлэгч тал нэхэмжлэл дээрээ хүлээн зөвшөөрсөн" хэсгээр нотлогдож байна. Мөн дүүргийн Засаг даргын Тамгын газрын зүгээс Хог тээвэрлэгч байгууллагад гэрээнд заагдсан Хог тээвэрлэгч байгууллагын санхүүжилт нь айл өрхийн хог хаягдлын хураамж буюу УБЦТС ХК-ийн Сүхбаатар хэрэглэгчдэд үйлчлэх төв, Орон сууцны конторууд Сууц өмчлөгчдийн холбоодоор дамжуулан орсон орлого, тухайн хорооны аж ахуйн нэгж, байгууллагуудын тээвэрлэгч байгууллагуудтай байгуулсан хог тээврийн гэрээний хураамжийг тухай бүр шилжүүлж байсан бөгөөд уг орлогуудыг төвлөрүүлэх үүрэгтэй байгууллага нь үүргээ хангалттай биелүүлээгүйгээс их хэмжээний нэмэлт санхүүжилт шаардагдах нөхцөл үүссэнийг хэрэг хянан шийдвэрлэх явцад нягтлаагүй. Иймд нотлох баримтын хүрээнд хэргийг бүх талаас нь хянан үндэслэлтэй шийдвэр гаргуулах үүднээс хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

            Нэхэмжлэгч “С” ХХК нь хариуцагч СБД-ийн ЗДТГ-т  холбогдуулан хог тээвэрлэх болон хог хаягдлын үйлчилгээ нийлүүлэх гэрээний үүрэгт 2014-2017 оны нэмэлт санхүүжилтийн үлдэгдэл төлбөрт 342 980 806 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 2017 оны 1-3 сарын 43 319 198 төгрөгийг зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

            Талуудын хооронд 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 13 тоот хог тээвэрлэх гэрээ, 2015 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн, 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хог хаягдлын үйлчилгээ нийлүүлэх гэрээ, 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 29 тоот, 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 75 тоот хог тээвэрлэх түр гэрээнүүд тус тус байгуулагдсан болох нь хэргийн 8-30 дугаар талд авагдсан баримтууд болон зохигчдын тайлбараар тогтоогдсон байна.

 

            Дээрх гэрээнүүдийн дагуу нэхэмжлэгч нь Сүхбаатар дүүргийн 1, 2, 14, 15, 17 дугаар хорооны нийтийн эзэмшлийн зам гудамж, зам талбай, оршуулгын газрын хог хаягдлыг цуглуулах, цэвэрлэх, ачиж тээвэрлэх, айл өрх, аж ахуйн нэгж, албан байгууллагын хог хаягдлыг цуглуулж, ачиж тээвэрлэх, тухайн бүсийн нутаг дэвсгэр дэх ил задгай болон эзэнгүй үүсмэл хогийн цэгүүдийг бүрэн цэвэрлэж төвлөрсөн хогийн цэгт хүргэж хариуцсан бүсийг хаягдалгүй цэвэр байлгах үүрэг хүлээсэн, хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газар нь нэхэмжлэгчийн ажлын гүйцэтгэлд хяналт тавих, гэрээг дүгнэж, үйлчилгээг санхүүжүүлэх үүргийг тус тус хүлээжээ.

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцаанд зөв тодорхойлж, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэсэн байна.

 

            Нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж Сүхбаатар дүүргийн 1 дүгээр бүсийг хог хаягдалгүй, цэвэр байлгах үүргээ биелүүлсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон, харин хариуцагч нь үйлчилгээг санхүүжүүлэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс талуудын хооронд маргаан үүсчээ.

 

            Нэхэмжлэгч гэрээгээр тохиролцсон ажлыг зохих журмын дагуу хийж гүйцэтгэж хариуцагчид хүлээлгэн өгсөн тул нэхэмжлэгч төлөгдөөгүй ажлын хөлсийг Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1-д заасны дагуу шаардах эрхтэй.  

 

            Нийслэлийн төсөвөөс нэмэлт санхүүжилт орж ирээгүй, эсхүл дутуу ирсэн бол энэ талаар хариуцагч зохих журмын дагуу шаардлага гаргах эрхтэй талаар хийсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

 

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй тооцооллын алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс зөвтгөх боломжтой.  

 

            Хариуцагч нь 2017 оны 1-3 дугаар сарын 43 319 198 төгрөгийг үл маргах журмаар олгоно гэж нэхэмжлэлийн шаардлагаас 43 319 198 төгрөгийг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд гаргасан байхад шүүх хариуцагчийн гүйцэтгэвэл зохих төлбөрөөс 43 319 198 төгрөгийг хасч тооцохгүйгээр хариуцагчаас 342 980 806 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь буруу байх тул 342 980 806 төгрөгөөс хариуцагчийн зөвшөөрсөн 43 319 198 төгрөгийг хасч тооцон хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газраас 299 661 608 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “С” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 43 319 198 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.  

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт тооцооллын өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2018/01368 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газраас 299 661 608 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “С” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 43 319 198 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “1 872 860” гэснийг “1 656 258” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.ЦОГТСАЙХАН      

           

                             ШҮҮГЧИД                                      Б.НАРМАНДАХ

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ