Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 181/ШШ2018/01368

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 181/ШШ2018/01368

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Д.Уранчимэг тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

нэхэмжлэгч: с.т 

хариуцагч: С.Зт 

ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлтэд 342 980 806 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 4-р сарын 04-ий өдөр хүлээн авч 2018 оны 4 сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Халхсүрэн овогт Гантулгын *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Тайж овогт Жамбалжавын *******, Боржигон овогт Лувсандагвын *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бишдарь нарыг оролцуулав.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгчийг төлөөлөн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжин шүүх хуралдаанд тайлбарлахдаа: с.т ХХК нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газартай хог тээвэрлэх талаар харилцан тохиролцож 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Хог тээвэрлэх гэрээ, 2015 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Хог хаягдлын үйлчилгээ нийлүүлэх гэрээ, 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Хог тээвэрлэх түр гэрээ 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Хог тээвэрлэх түр гэрээ тус тус байгуулсан.

Гэрээнд тохирсноор Сүхбаатар дүүргийн 1, 2, 14, 15, 17-р хорооны буюу 1-р бүсийн нийтийн эзэмшлийн зам гудамж, зам талбай, оршуулгын газрын хог хаягдлыг цуглуулах, цэвэрлэх, ачиж тээвэрлэх, айл өрх, аж ахуйн нэгж, албан байгууллагын хог хаягдлыг цуглуулж, ачиж тээвэрлэх, тухайн бүсийн нутаг дэвсгэр дэх ил задгай болон эзэнгүй үүсмэл хогийн цэгүүдийг бүрэн цэвэрлэж төвлөрсөн хогийн цэгт хүргэж хариуцсан бүсийг хаягдалгүй цэвэр байлгах үүргийг хүлээж, уг ажлын хөлсийг Захиалагч болох Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газар төлөх үүрэг хүлээсэн. Манай бйгууллага гэрээгээр тохиролцсон ажлаа тухай бүрт нь хийж гүйцэтгэсэн ба захиалагч байгууллага санхүүжилтээ дутуу хийж, төлбөрийн үлдэгдэл бий болгон үүнийгээ төлөхгүй байгаа юм.

2014 оны 01 дүгээр сараас 12 дугаар саруудад 271 622 593 төгрөгийн ажлын хөлс төлөхөөс 135 725 757 төгрөгийн санхүүжилт хийж, 135 896 836 төгрөгийн үлдэгдэлтэй, 2015 оны 1-р сараас 12-р саруудад 167 403681 төгрөгийн хөлс төлөхөөс 82 830 121 төгрөгийн санхүүжилт хийж, 84 573 698 төгрөгийн үлдэгдэлтэй, 2016 оны 01-11 дүгээр саруудад 251 684 083 төгрөгийн хөлс төлөхөөс 172 493 000 төгрөгийн санхүүжилт хийж, 79 191 083 төгрөгийн үлдэгдэлтэй, 2017 оны 1 дүгээр сараас 3 дугаар саруудад 82 202 889 төгрөгийн хөлс төлөхөөс 38 883 700 төгрөгийн санхүүжилт хийж 43 319 189 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа ба нийт төлөгдөөгүй ажлын хөлс 342 980 806 төгрөг ба энэ нь с.т ХХК болон тус Засаг даргын тамгын газрын хамтран гарын үсэг зурж, тооцоо нийлж, баталгаажуусан актуудаар нотлогдоно.

Захиалагч байгууллага ажлын хөлсөө төлөх үүргээ биелүүлэхгүй байгаагаас манай байгууллагад санхүүгийн хүндрэл үүсч, ажлаа зохих ёсоор гүйцэтгэхэд хүндрэл үүсгэж байна.

Манай байгууллагаас Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газарт 2017 оны 07 дугаар сарын 03 өдөр 92 тоот, 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 174 тоот албан бичгүүдээр тус тус ажил гүйцэтгэх гэрээний дагуу хөлсөө төлөхийг шаардсан боловч одоог хүртэл төлөөгүй байгаа тул ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлтэд 342 980 806 төгрөг гаргуулж өгнө үү.

Хариуцагч тал байгуулагдсан гэрээнүүдэд маргаагүй. 2017 оны 1-3 сарын 43 319 198 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн. Мөн ажлын гүйцэтгэл хүлээн авсан сар бүрийн нэгтгэл баримтыг зөвшөөрсөн. Харин санхүүжилт хүрэлцэхгүй гэсэн болохоос гүйцэтгэлүүдийг хүлээн зөвшөөрч байна. Дүүргийн хог мөн биш эсэх талаар хуульд зааснаар өөрөө нотлох үүрэгтэй, нотлоогүй. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.6.-д зааснаар бид байгуулсан гэрээнд заасан ажлаа бүрэн гүйцэтгэсэн төлбөрөө л шаардсан. Нийслэлээс санхүүжилт авах эсэх нь хариуцагчийн асуудал. 2014 онд Захирагчийн ажлын албанаас санхүүжилт олгож байсан гэдэг, Хас банкны дансны хуулгаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газраас олгосон байгаа нь нотлогдож байна. Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагчийг төлөөлөн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэлийн хариу тайлбараа дэмжин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: с.т ХХК-ийн ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлтэд 342 980 806 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

2013, 2014 онд Улаанбаатар хотод хогны асуудал хурц байсан тул тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2013 оны 9 сарын 15-ны өдрийн 12/45 тогтоол гарч нэр бүхий 6 байгууллагатай хог тээвэрлэх гэрээ байгуулсан.

Нэхэмжлэгч с.т ХХК-тай дүүргийн Засаг даргын тамгын газар нийтийн эзэмшил, айл өрх, аж ахуйн нэгж байгуулагын хог хаягдлын төлбөр тооцоо болон хог тээвэрлэлтэд гарах аливаа харилцааг зохицулахаар 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 13 дугаартай Хог тээвэрлэх, 2015 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Хог хаягдлын үйлчилгээ нийлүүлэх, 2016 оны 1 сарын 18-ны өдрийн 13 дугаар Хог хаягдлын үйлчилгээ нийлүүлэх, 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 29 дугаар, 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 75 дугаар Хог тээвэрлэх түр гэрээг тус тус байгуулсан.

2014-2016 оны гэрээнд маргахгүй. 2015 онд хотын ерөнхий менежерийн загвараар байгуулсан гэрээний дагуу сар бүр ажлыг хүлээлцэж дүүргийн Засаг даргын тамгын газар санхүүжилт хийж байсан. Гэрээний хугацаанд сар болгон журамд заасны дагуу хянан баталгаажуулж, аж ахуйн нэгж, айл өрхөөс төвлөрсөн хог хаягдлын үйлчилгээний хураамжийн орлогыг ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу тухай бүр гүйцэтгэгч талд бүрэн шилжүүлсэн.

2013 онд хог тээвэрлэх тариптай холбоотой гэрээт компаниудаас удаа дараа гомдол ирсэн тул арилгах үүднээс 86-р тогтоол баталсан. Нэмэлт санхүүжилтийг Нийслэлийн төсвөөс олгохоор заасны дагуу олгож байсан, энэ үед асуудал багатай байсан. 2015 оноос дүүрэг олгодог болсон. Дүүргийн төсөвт татаац маягаар суулгах болж, Нийслэлийн Засаг даргын тамгын газар санхүү төрийн сангийн хэлтэс захиргаа аж ахуйн хэлтэс чиглүүлдэг. Дүүрэг гэрээгээр хүлээсэн ажил үйлчилгээний онцлог байдлыг харгалзан, гүйцэтгэгч талын үйл ажиллагааг дэмжих зорилгоор өөрийн төсвөөс нэмэлт санхүүжилтийг батлагдсан төсвийн хүрээнд тухай бүр олгож байсан. Үүнийг нэхэмжлэгч тал нэхэмжлэл дээрээ хүлээн зөвшөөрсөн.

2014 оны 1 сард 18 сая төгрөг гэх мэт өгсөн. Нийслэлээс хангалттай төсөв өгдөггүйгээс дүүрэг хүндрэлтэй болдог. Дүүргийн төсөв хангалтгүйгээс энэ байдал гарсан. 86-р тогтоол дотор хог тээврийн хөлсийг бодох аргачлал байдаг. Зөвхөн Сүхбаатар дүүргийн нутагт тээвэрлэсэн хогны хөлсийг л өгөх ёстой. Яг манай хог мөн үү гэдэг учир дутагдалтай. Дүүргээс зохион байгуулснаар хогийн машиныг хог ачиж байх процессыг хорооны дарга буюу хорооны хэсгийн ахлагч нар хяналт тавьдаг. Энэ ажил хариуцсан ажилтнууд хариуцлагагүй хандах, мөн олон аж ахуйн нэгж байрласан барилгуудад нэг л хуулийн этгээд хогны мөнгө төлөх зэргээр алдагдал гарах шалтгаан байдаг.

2018 оны 6 сарын 6-ны өдрийн 18/01 Төлбөр барагдуулах гэрээ байгуулсан. 2017 оны 1-3 сарын 43 319 198 төгрөгийг үл маргах журмаар олгоно гэсэн тул 43 319 198 төгрөгийг зөвшөөрнө.

Иймд нэхэмжлэлийн шаардлага болох ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлтэд 342 980 806 төгрөгийг манай байгууллагаас нэхэмжилснийг хүлээн авах боломжгүй гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хуулийн шаардлага хангасан нотлох баримтууд болон талуудын тайлбарыг нэг бүрчлэн шинжлэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч с.т ХХК нь хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газарт хопбогдуулан Хог тээвэрлэх болон хог хаягдлын үйлчилгээ нийлүүлэх гэрээний үүргийн гүйцэтгэл буюу 2014, 2015, 2016, 2017 оны нэмэлт санхүүжилтийн үлдэгдэл төлбөр болох 342 980 806 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл шуухэд гаргасан ба итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд нэхэмжлэлээ бүрэн дэмжиж оролцов.

Хариуцагч Сухбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрыг төлөөлөн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь гэрээнүүдийн дагуу орж ирсэн хог хаягдлын үйлчилгээний хураамжийн орлогыг тухай бүр шилжүүлсэн, нэмэлт санхүүжилтийг батлагдсан төсвийн хүрээнд олгосон, дүүргийн төсөв хангалтгүйгээс ийм байдал бий болсон, 2017 оны 1-3 сарын 43 319 198 төгрөгийг гэрээний дагуу зөвшөөрнө, үлдэх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж маргаж байна.

Зохигчдын хооронд 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 13 тоот "Хог тээвэрлэх гэрээ", 2015 оны 8 дугаар сарын 01-ний өдөр "Хог хаягдлын үйлчилгээ нийлүүлэх гэрээ", 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр "Хог хаягдлын үйлчилгээ нийлүүлэх гэрээ", 2017 оны 1 сарын 10-ны өдөр 29 тоот "Хог тээвэрлэх түр гэрээ", 2017 оны 3 сарын 1-ний өдөр 75 тоот "Хог тээвэрлэх түр гэрээ" /хх 8-30 тал/ тус тус байгуулагджээ.

Эдгээр гэрээ Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1. Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан ажил гүйцэтгэх гэрээний агуулга шинж бүхий талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хуулийн хүчин төгөлдөр хэлцэл байна.

Гэрээний дагуу нэхэмжлэгч "с.т" ХХК нь Сүхбаатар дүүргийн 1, 2, 14, 15, 17-р хорооны буюу 1-р бүсийн нийтийн эзэмшлийн зам гудамж, зам талбай, оршуулгын газрын хог хаягдлыг цуглуулах, цэвэрлэх, ачиж тээвэрлэх, айл өрх, аж ахуйн нэгж, албан байгууллагын хог хаягдлыг цуглуулж, ачиж тээвэрлэх, тухайн бүсийн нутаг дэвсгэр дэх ил задгай болон эзэнгүй үүсмэл хогийн цэгүүдийг бүрэн цэвэрлэж төвлөрсөн хогийн цэгт хүргэж хариуцсан бүсийг хаягдалгүй цэвэр байлгах үүрэг хүлээсэн, хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газар нь нэхэмжлэгчийн ажлын гүйцэтгэлд хяналт тавих, гэрээг дүгнэж, үйлчилгээг санхүүжүүлэх үүрэг хүлээжээ.

Нэхэмжлэгч шаардлагаа нотолж, нотаритаар гэрчлэгдсэн 2006 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр бүртгэгдсэн Улсын бүртгэлийн 9011231056 дугаар гэрчилгээний хуулбар, 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 13 дугаартай Хог тээвэрлэх гэрээ, 2015 оны 08 дугаар сарын 01, 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Хог хаягдлын үйлчилгээ нийлүүлэх гэрээ, 2017 оны 01 дүгээр сарын 20, 2017 оны 03 дугаар сарын 01-ний ны өдрийн 29, 75 дугаартай Хог тээвэрлэх түр гэрээ-ний хуулбарууд, с.т ХХК-ний 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Гэр хорооллын нэмэлт санхүүжилтйн тооцоо, с.т ХХК-ний нотаритаар гэрчлэгдсэн,2014-2017 онуудын хог тээвэрлэлтийн гүйцэтгэлийн нэгтгэлүүдийн хуулбар, нотариатаар гэрчлэгдсэн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 174 дугаар Сүхбаатар дүүргийн Тамгын газрын дарга Н.Энхболдод хүсэлт гаргах тухай, 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 92 дугаартай Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаад хүсэлт гаргах тухай албан бичгүүд, 2015 оны 01 дүгээр сарын 19, 2016 оны 01 дүгээр сарын 18, 2017 оны 01 дүгээр сарын 23, 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрүүдийн Гэр хорооллын нэмэлт санхүүжилтийн тооцоо нийлсэн акт-ууд, с.т ХХК-ийн Хас банкны 5000540305 дугаартай дансны хуулга баримтуудыг бичмэл баримтын шаардлага ханган тус тус ирүүлсэн нь үнэлэх үндэстэй.

Хариуцагч талын хүсэлтээр гэрч Б.Мөнхзул, С.Аригуун нараас мэдүүлэг авсныг үнэлэв.

Хариуцагч тал нэхэмжлэгчээс шаардлагаа нотлож ирүүлсэн с.т ХХК-тай байгуулсан гэрээнүүд болон ажлын гүйцэтгэлийн нэгтгэл /хх 33-67, 83-85 тал/ баримтууд, нэхэмжлэлээр шаардаж буй гэрээнд заасан гүйцэтгэсэн ажлын төлөгдөөгүй үлдсэн хөлс гэж шаардаж буй тооцоолол /хх 31-32, 69 тал/ дүнд маргаагүй, хүлээн зөвшөөрч байх тул хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газар нь нэхэмжлэгч с.т компанийн гүйцэтгэсэн ажлыг хүлээн авсан, гүйцэтгэсэн ажлын хэмжээ, олгогдсон болон дутуу олгосон гэх ажлын хөлсний тооцооллоор нэхэмжлэгчийг гэрээт ажлыг бүрэн гүйцэтгэж ажлын үр дүнг захиалагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газарт хүлээлгэн өгөх үүргээ биелүүлсэн байна гэж үзэх үндэслэл болно.

Хариуцагч тал хийж гүйцэтгэсэн ажил болох ачиж тээвэрлэсэн хог зөвхөн тус дүүргийнх мөн эсэхэд, мөн нийслэлээс батлаж өгсөн төсөв хүрэлцэхгүй тус дүүргийн санхүү хүндрэлтэй байдлаас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж маргаж, 2017 оны үлдэгдэл хөлс 43 319 198 төгрөгийг гэрээний дагуу төлөхийг зөвшөөрч байна.

Талуудын тохиролцсон гэрээгээр, хог хаягдлын үйлчилгээний хураамжийг дүүргийн татварын хэлтэс дээр төвлөрүүлж, дүүргийн төсвөөс олгож байгаа нэмэлт санхүүжилтийг хариуцсан гэр хорооны айл өрх, хүн амын тоо, хог хаягдал үүсэх хэмжээ, хогийн цэг хүртэлх зай, тээвэрлэсэн хогны жин зэргийг харгалзан нийслэлээс гаргасан аргачлалын дагуу тооцож захиалагч талын холбогдох албан тушаалтнуудын баталгаажуулсан үнийн дүнгээр, бүсийн хог ачиж цуглуулах, тээвэрлэх үйлчилгээг санхүүжүүлэх үүргийг тус дүүргийн Засаг даргын тамгын газар хүлээжээ.

Нэхэмжлэгч 2014 онд 135 896 836 төгрөг, 2015 онд 84 573 698 төгрөг, 2016 онд 79 191 083 төгрөг, 2017 онд 1 дүгээр сараас 3 дугаар саруудад 43 319 189 төгрөгийн тус тус ажлын хөлс төлөгдөөгүй, 2014 оноос 2017 оны 3 дугаар сарыг дуустал хугацаанд нийтдээ 772 913 384 төгрөгийн ажил гүйцэтгэсэн боловч хариуцагчийн зүгээс нийт 429 932 578 төгрөгийн санхүүжилт хийсэн, одоо 342 980 806 төгрөгийн ажлын хөлсийг дутуу олгосон гэх нэхэмжлэлийн шаардлага болон нотолгоо болгож ирүүлсэн 2 тал баталгаажуулсан 2014-2017 онуудад тухай бүр хийсэн тээвэрлэлтийн гүйцэтгэлийн нэгтгэлүүд, гэр хорооллын нэмэлт санхүүжилтийн тооцоо нийлсэн актууд, с.т ХХК-ийн Хас банкны 5000540305 дугаартай дансны хуулга /хх 112-155 тал/-ыг хариуцагч баримтаар үгүйсгээгүй байна.

Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1.-д захиалагч гэрээнд заасан хугацаанд, эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх үүрэг хүлээсэн ба нэхэмжлэгч гэрээгээр тохиролцсон ажлыг зохих журмаар хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн тул төлөгдөөгүй ажлын хөлсөө хариуцагчаас шаардах эрхтэй болох нь хуулийн энэ зохицуулалтад нийцнэ.

Дүүргийн Засаг дарга нь Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2., 9.4.3., 9.4.8., 9.4.9.-д тус тус зааснаар энгийн хог хаягдлыг цэвэрлэх, цуглуулах, тээвэрлэх үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж, байгууллагыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу сонгон шалгаруулж, гэрээ байгуулах, нутаг дэвсгэрт хамаарах олон улсын, улсын, орон нутгийн чанартай авто замын байгууламж болон авто зам дагуух хог хаягдлыг цэвэрлэх, цуглуулах, тээвэрлэх үйл ажиллагааг энэ хуулийн дагуу зохион байгуулах, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хог хаягдлын үйлчилгээний хураамжийн төлөлтөд хяналт тавих, хог хаягдлын үйлчилгээний хураамжийн төвлөрүүлэлтийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх бүрэн эрхийг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас баталсан хог хаягдлыг ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, устгах журмын дагуу хэрэгжүүлдэг байна.

Хог хаягдлын үйлчилгээ нийлүүлэх дээрх гэрээнд зааснаар хог тээврийн нэмэлт санхүүжилтийн гүйцэтгэлийг Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 86 дугаар тогтоолоор батлагдсан журмын дагуу олгох үүргийг хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газар хүлээсэн байна.

Уг журамд тухайн дүүргийн айл өрхийн хог хаягдлын үйлчилгээний хураамжийн орлого хог хаягдлын үйлчилгээг санхүүжүүлэхэд хүрэлцэхгүй байгаа тохиолдолд нийслэлийн төсвөөс нэмэлт санхүүжилт олгож, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба дүүргээс ирүүлсэн ажлын гүйцэтгэлийг хянаж, баталгаажуулсан, нэмэлт санхүүжилтийг дүүргийн төрийн санд шилжүүлж, дүүргийн санхүү, төрийн сангийн асуудал хариуцсан нэгж баталгаажсан гүйцэтгэлийн дагуу санхүүжилтийг хог хаягдлын үйлчилгээний байгууллагад олгохоор зохицуулсан нь хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрыг Иргэний хуулийн 343 дугаар зуйлийн 343 1.-д заасан гүйцэтгэсэн ажпын хөлсийг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

Хог хаягдлын үйлчилгээний хураамжийг дүүрэгтээ төвлөрүүлэх, дүүргийн гэр хорооны айл өрх, хүн амын тоо, хог хаягдал үүсэх хэмжээ, хогийн цэг хүртэлх зай, тээвэрлэсэн хогны жин зэрэгт хяналт тавьж, нийслэлээс гаргасан аргачлалын дагуу үнийн дүнг тооцож баталгаажуулах, төсвөөс нэмэлт санхүүжилт авах, уг санхүүжилтээрээ хариуцсан бүсийн хог ачиж цуглуулах, тээвэрлэх үйлчилгээг санхүүжүүлэх үүрэг дүүргийн Засаг даргын тамгын газар хүлээсэн учир ачиж тээвэрлэсэн хог харьяа дүүргийнх мөн эсэх, төсөв хүрэлцэх эсэх асуудлаар нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй.

Нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүрэг болох гэрээнд заасан ажлаа гүйцэтгэсэн, хариуцагч гэрээнд тохирсноор тухай бүр ажлын гүйцэтгэлийг хугацаанд нь хяналт тавьж, тээвэрлэлтийн гүйцэтгэлийн нэгтгэл баримтаар бүрэн хүлээн авсан, харин хүлээн авсан гүйцэтгэлийн хөлсийг дутуу өгсөн болох нь талуудын мэтгэлцээнээр нотлогдож байна.

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1.-д үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэйг заасан ба 219.6.-д зааснаар гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүргийн мөн чанарт харшлахгүй бол үүргийн зүйлийг өөр этгээдээс хүлээн авах ёстой байсан үүрэг гүйцэтгэгч түүнийгээ авч чадаагүйгээс үүрэг биелээгүй бол үүнээс үүдэн гарах хариуцлагыг өөрөө хүлээх учиртай. Нийслэлийн төсвөөс нэмэлт санхүүжилт орж ирээгүй, эсхүл дутуу ирсэн бол энэ талаар хариуцагч зохих журмын дагуу шаардлага гаргах эрхтэй болно.

Иймд дээр дурдсан үндэслэлуүдээр нэхэмжлэгч с.т ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хариуцагч Сүхбаатар дуүргийн Засаг даргын тамгын газраас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гуйцэтгэлд 342 980 806 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд нийцүүлэн талуудад хариуцуулсан болно.

Иргэний хэрэг шүухэд хянан щийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д заасныг баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хариуцагч Сухбаатар дуургийн Засаг даргын тамгын газраас 342 980 806 /гурван зуун дөчин хоёр сая есөн зуун наян мянга найман зуун зургаа/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч с.т ХХК-ид олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зуйлийн 60.1.-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 4 сарын 4-ний өдөр урьдчилан төлсөн 1 872 860 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Сухбаатар дуургийн Засаг даргын тамгын газраас 1 872 860 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч с.т ХХК-ид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон зохигчид тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар шийдвэр хүчинтэй болсноос 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ