Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 17

 

Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч С.Отгонцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Ө г” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ө а З дд холбогдох,

“Ө а З д 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн А/1022 дугаартай захирамжийг хүчингүй болгож, 2017 оны 09 дүгээр сараас эхлэн 32 м/кв байрыг түрээсэлж олох байсан орлого 14,000,000 (арван дөрвөн сая) төгрөг, компанийн өмч болох 32 м/кв байрыг зөөж тээвэрлэх явцдаа эвдэж гэмтээсэн хохирол 5,000,000 (таван сая) төгрөгийг гаргуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батхуяг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болдбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Энхбаатар нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Ө г” ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, нэмэгдүүлсэн шаардлага болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батхуяг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай компани нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт Худалдааны төвд байрлалтай худалдаа, үйлчилгээний зориулалтаар 346,8 м2 талбай бүхий газрыг аймгийн Засаг даргын 2012 оны а/342 дугаар захирамжийн дагуу эзэмшдэг. Анх энэ газрыг 1997 оноос 1036 м2 дөрвөлжин газрыг эзэмшиж, зориулалтын дагуу худалдаа үйлчилгээ /Мазаалай худалдааны төв/ явуулж байгаад уг газраас бусдад газар эзэмших эрхийг шилжүүлэн өгсөн, одоо үлдсэн 346,8 м2 газраа эзэмшиж байгаа.

Бусдаар шинээр газар эзэмшээгүй. Манай компани энэ газрыг хорь гаруй жил эзэмшиж байгаа, 2013 оноос тус газар дээрээ 32 м2 түр байр барин “Т ч” ХХК-ийн нэрийн бараа, “Н Ф” ХХК-ийн цэвэр усны борлуулалт, Хөдөлмөрийн бирж ажиллуулах зэрэг үйл ажиллагаануудыг 2016 оны 07 дугаар сар хүртэл явуулж байсан. 2016 оны 09 дүгээр сараас эхлэн тус байрыг иргэн Б.Цэцэгдэлгэртэй тохиролцон хүнсний ногоо, комиссын бараа, цагаан идээ зарж борлуулахаар гэрээ байгуулсан байсан. Гэтэл Ө а З д ямар ч үндэслэлгүй буюу 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэсэн үндэслэлээр А/1022 дугаартай захирамж гарган манай байгууллагын газар эзэмших эрхийг цуцалж манай байгууллагад 19.000.000 төгрөгийн хохирол учруулаад байна. Манай байгууллага нь энэхүү газар эзэмших эрхийг цуцалсан захирамж гарсныг 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр мэдэж, 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр мэдэгдлийг гардан авсан.

Аймгийн Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн А/890 дугаартай захирамж гарч манай компанийн эзэмшил газар дээр үйл ажиллагаа явуулж байсан 32 м2 байрыг нүүлгэн шилжүүлэх шийдвэр гарсан. Үүнээс шалтгаалан бид тус байрыг түрээслүүлэхээр гэрээ байгуулан олох байсан орлого 14.000.000 төгрөгийг алдаж, нүүлгэн шилжүүлэх болон буулгаж эзэнгүй орхисноос манай компанид 5.000.000 орчим төгрөгийн хохирол учирсан. Тухайн байршилд 10 гаруй төрлийн үйл ажиллагаа явуулах эрхтэй байсан. 2015 оны 05 дугаар сарын 15-ны үед Нийгэм хамгааллын яамны сургагч багшийн курс төгсөж, хөдөлмөрийн бирж байгуулж ажиллах зөвшөөрлийг авсан. Хөдөлмөрийн бирж байгуулаад “Т ч”, “Н ф” ХХК-иудтай гэрээ байгуулж, цэвэр ус болон бөөний худалдаа эрхэлж байсан. “Тэгш чанар” ХХК-тай 2015 оны эхээр гэрээ байгуулсан. Тухайн үед хөдөлмөр эрхэлдэггүй хүмүүсийг ажилд зуучилдаг байсан. Хөдөлмөрийн хэлтэстэй гэрээ байгуулж, 2 удаа сургалт зохион байгуулсан. 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл үйл ажиллагааг явуулж байсан. Энэ газар нь нийтийн эзэмшлийн газар биш, зөвшөөрөлгүй газар биш, манай компанийн эзэмшлийн газар байсан. Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэг манай газарт хамаарахгүй гэж үзэж байгаа. Яагаад хамаарахгүй вэ гэхээр мэдэгдэл өгөөгүй, манайх эзэмшиж байсан газар учраас хууль ёсны биш юм. Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол албадан чөлөөлөхийг Алтансүх, Н.Наранбаатар нар зөвшөөрсөн байсан.

Газрын тухай хуулийн 40.1.6-д зааснаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж байдаг. Мэдэгдэлд дурдсан хуулийн заалт биш үндэслэлээр захирамжийг гаргасан. Манайд ирсэн мэдэгдэлд эрчим хүчний газрын болон цэвэр усны ариутгах тухай хуулийн зөрчсөн гэж мэдэгдэл өгсөн. Гэтэл өөр үндэслэлийг захирамждаа дурдсан. 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж байсан нотлох баримтууд байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд зааснаар сонсох ажиллагааны үеэр гарсан саналыг тайлбарлах үүрэгтэй гэж байдаг гэтэл тайлбарлаж өгөөгүй.

Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт зааснаар захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээр хүчин төгөлдөр болно гэж байдаг учраас мэдэгдээгүй гэж үзэж байгаа. Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах, мэдээлэл өгөх үүрэгтэй. Гэтэл мэдээлэл өгөөгүй. 2017 оны 09 дүгээр сард 32 м2 сэндвичен байрыг сарын 500 000 төгрөгөөр түрээслэсэн Ц-тэй гэрээ байгуулсан гэрээнд уг гэрээний хугацаа дууссаны дараа түрээсийн гэрээг дахин сунгаж болно гэж заасан учраас цаашид гэрээ үргэлжилэн сунгагдсан гэж үзэж гэрээ байгуулсан үнийн дүн, хугацаанаас захиргааны шүүхэд хандах хүртэл хугацааг тооцоход 14.000.000 төгрөгийн түрээсийн орлого олох байсан гэж гаргасан. 5.000.000 төгрөгийн хохирол нь тухайн газар дээр байсан байрыг хууль бусаар нүүлгэн шилжүүлснээс эвдрэл гэмтэл үүссэн. Анх энэ түр байрыг нэгэн иргэнтэй гэрээ байгуулж хийлгэсэн. Хохирлоо тооцоод 5.000.000 төгрөг байхад засварлаад цаашид үйл ажиллагаагаа үргэжлүүлэн явуулах боломжтой гэж үзсэн. Ажлын хөлс нь 1.500.000 төгрөг, материал нь 3.500.000 төгрөг болж байгаа. Одоо энэ түр байр манай эхнэрийн дүүгийн хашаанд байгаа, намайг гадаадаас ирэхэд тэнд байсан, хэзээ эвдэрснийг мэдэхгүй, хэдийд хэн, яаж зөөж аваачсныг мэдэхгүй.

Иймд Ө а З д 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн А/890 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоож, 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн А/1022 дугаартай захирамжийг хүчингүй болгож, 2017 оны 09 дүгээр сараас эхлэн 32 м/кв байрыг түрээсэлж олох байсан орлого 14.000.000 төгрөг, 32 м/кв байрыг зөөж тээвэрлэх явцдаа эвдэж гэмтээсэн хохирол 5.000.000 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү...” гэв.

Хариуцагч Ө а З д итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болдбаяр шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ө а З д 2012 оны а/342 дугаар захирамжаар “Ө г” ХХК-ийн хүсэлтийн дагуу тус аймгийн Даланзадгад сумын нутаг дэвсгэрт эзэмшиж байсан газрын хэмжээг нь өөрчлөн 346.8 м2 газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар, 11 жилийн хугацаатай эзэмшүүлж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч компани дээрх захирамжаар газар эзэмшсэнээс хойш шийдвэрт заасан зориулалтын дагуу эзэмшээгүй тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор заасны дагуу аймгийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/1022 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Аймгийн Засаг даргын 2017 оны А/890 дугаар захирамжаар “Даланзадгад сумын нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн газарт зөвшөөрөлгүй байрлаж байгаа 187 пин, контейнерыг нүүлгэн шилжүүлж, газрыг чөлөөлөх шийдвэр гарсны дагуу аймгийн засаг даргын орлогч ахласан ажлын хэсэг байгуулагдсан. Тухайн үед ажлын хэсэг “Ө г” ХХК-ийн газар дээр байсан 32м² зөөврийн сууцыг нүүлгэж Даланзадгад сумын Засаг даргын тамгын газрын баруун хашаанд буулгасан байсан, ямар нэгэн байдлаар эвдэж гэмтээгээгүй.

Тухайн үед зөвшөөрөлтэй байсан нь үнэн. Ажлын хэсгийн төлөвлөгөөнд 2017 оны 09 дүгээр сарын 12-нд захирамж гараад 09 дүгээр сарын 18-22-ны өдрүүдэд нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулна гээд төлөвлөсөн байсан. Тухайн үед газар эзэмших эрхийн гэрчилгээг цуцлаагүй байхад нь зөөврийн сууцыг нүүлгэсэн гэдэгтэй маргахгүй. Гэхдээ зөвшөөрөлтэй газар дээрээс нүүлгэснээрээ захирамж нь бүхлээрээ Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасны дагуу илт хууль бус болох шинжийг хангаагүй. Учир нь нэхэмжлэгч нь тухайн захирамжийн 47.1.4 дэх хэсэг заасан үндэслэлийг хэлдэг. А/890 дугаартай захирамжийг хэн гүйцэтгэх нь тодорхой бус зүйл байхгүй. 47.1.5 дахь хэсэгт заасныг үндэслэсэн нь Засаг дарга газрыг албадан чөлөөлөхтэй харилцааг зохицуулсан. Тодруулбал, Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.4 дэх хэсэгт зааснаар Засаг дарга зөвшөөрөлгүй газар эзэмшиж, ашиглаж байгаа эрхийг таслан зогсоох мэдэгдэл хүргүүлэх, заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол албадан чөлөөлөх зэргээр хуульчилсан байгаа. Түүний бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй гэдэг. Бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй байсан бол өнөөдөр Даланзадгад сумын төвд нийтийн эзэмшлийн талбайд 187 ширхэг пин, амбаар, контейнерууд байрандаа байж байх байсан. Ажлын хэсгийн төлөвлөгөөний дагуу тэдгээрийг эзэн нь авах нь аваад, эзэн нь аваагүйг нь хашаанд тавьсан. Мөн Засаг даргын А/1022 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, олох ёстой байсан орлого 14.000.000 төгрөг, зөөврийн сууцыг нүүлгэн шилжүүлэх үедээ учруулсан хохирлын 5.000.000 төгрөг, нийт 19.000.000 төгрөгийг нэхэмжилдэг.

Иргэн, хуулийн этгээдийн эзэмшлийн газрын гэрээнд аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас байнга хяналт тавьж ажилладаг. 2017 оноос зөвшөөрөлгүйгээр олгогдсон газрыг цуцалсан. “Ө г” ХХК-ийн эзэмшлийн 346.8 м² газрыг зориулалтын дагуу ашиглагдахгүй байна гэсэн саналыг аймгийн Засаг даргад оруулсан байдаг. “Ө г” ХХК-ийн гүйцэтгэх захирал Саранцацрал гэдэг хүнийг дуудан ирүүлж Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас сонсох ажиллагааг хийсэн байдаг. Танай газрыг гэрээнд заасны дагуу 2 жил дараалан ашиглаагүй учраас газар эзэмших эрхийг цуцлах үндэслэл бүрдсэн.

Ө а З дас газар эзэмших эрхийг цуцлах шийдвэр гарах гэж байна. Үүнтэй холбоотойгоор санал, тайлбараа гаргана уу гэсэн сонсох ажиллагааг 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 15 цаг 06 минутад хийсэн. Эзэмшил газраа ашиглаагүй шалтгаан нь анх тэг дөрвөлжин газар байсан. Хүлэг, Маралд өгсөн. Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу сонсох ажиллагааг хийсний дараагаар маргаан бүхий захирамжийг гаргасан. Хохирол, нөхөн төлбөртэй холбоотойгоор 2017 оны 09 дүгээр сараас хойшхи 2020 оны 01 дүгээр сар хүртэлх хугацаанд олох ёстой байсан орлого 14.000.000 төгрөг үүнийг тооцоод үзэхээр нийт 28 сарын хугацаанд сардаа 500.000 төгрөг олох байсан гэж нэхэмжилдэг.

Хэргийн материалд цугларсан баримтаас үзэхэд тогтвортой сар бүр 500.000 төгрөг олдог байсан баримт байхгүй, хийсвэр дүн гаргаж сард 500.000 төрөг гэж үнэлсэн. Нүүлгэн шилжүүлэх үед зөөврийн сууцыг эвдэлсэн гэх баримт байхгүй. 2017 оны 09 дүгээр сарын 18-22-ны өдрүүдэд нүүлгэн шилжүүлсэн зөөврийн сууцыг 2020 оны 01 дүгээр сард нэхэмжилсэн нь ойлгомжгүй байна, одоо энэ зөөврийн сууц Аргалантад айлын хашаанд буюу нэхэмжлэгчийн эзэмшилд байгаа. Уг зөөврийн сууцыг 3 удаа зөөвөрлөсний аль үед нь эвдэрч гэмтсэнийг тогтоох боломжгүй, 5.000.000 төгрөгийн хохирол учирсан гэдэг нь ямар хэмжээний хохирол учирсан, хэн үнэлсэн талаар тодорхойгүй. Шүүхэд гаргаж өгсөн баримтууд нь анх энэ байрыг хийхэд авсан материал, хийлгэсний хөлс төлсөн баримтууд гэж хэлж байна.

Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна... гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Ө г” ХХК нь анх “Ө а З д 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн А/1022 дугаартай захирамжийг хүчингүй болгож, 2017 оны 09 дүгээр сараас эхлэн 32 м/кв байрыг түрээслэж олох байсан орлого 14.000.000 (арван дөрвөн сая) төгрөг, компанийн өмч болох 32 м/кв байрыг зөөж тээвэрлэх явцдаа эвдэж гэмтээсний хохирол 5.000.000 (таван сая) төгрөгийг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс “аймгийн Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн А/890 дугаар захирамжийн хавсралт /зураг 98/-ыг буюу нэхэмжлэгчид холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох”-оор нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн[1] бөгөөд уг шаардлагыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдааны үед тодруулсан.

Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт цуглуулж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн, харьцуулан судлаад дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч талаас “...газар эзэмших эрхтэй байхад бидэнд мэдэгдэлгүй аймгийн Засаг даргын 2017 оны А/890 дугаар захирамж гарч манай эзэмшлийн газар дээр байсан сэндвичен байрыг албадан нүүлгэн шилжүүлсэн нь илт хууль бус, уг газрыг 1997 оноос хойш 20 гаруй жил эзэмшиж байгаа, шалгаж тогтоогоогүй байж бидэнд мэдэгдсэнээс өөр үндэслэлээр буюу 2 жил дараалан ашиглаагүй гэсэн үндэслэлээр газар эзэмших эрхийг хүчингүй болгож байгаа нь холбогдох хууль, хуулиар олгогдсон эрх, ашиг сонирхлыг зөрчсөн, үүнээс үүссэн хохирол, олох байсан орлогоо гаргуулна...” гэх агуулгаар маргаж байна.

Ө а З д 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн А/1022 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч “Ө г” ХХК-д анх Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Засаг даргын 1999 оны 03 дугаар сарын 11-ний өдөр а/23 дугаар захирамжаар мөн сумын нутаг дэвсгэрт барилгын талбайн болон бусад зориулалтаар 1036 ам дөрвөлжин метр газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэж, гэрчилгээ олгож, гэрээ байгуулжээ. Нэхэмжлэгч 2004 оны 08 дугаар сарын 23-ны өдөр “Монгол Улсын Газрын тухай шинэ хуульд нийцүүлэн дахин хэмжилт хийж, гэрчилгээ олгон баталгаажуулж өгнө үү” гэх хүсэлт гаргаснаар Ө а З д 2004 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 244 дүгээр захирамжаар “Ө г” ХХК-д худалдаа, үйлчилгээний зориулалтаар, 870м2 газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байна.

Нэхэмжлэгчийн зүгээс дээрх захирамжаар эзэмшүүлэн 870м2 газарт худалдаа, үйлчилгээний /Мазаалай төв/ зориулалтаар үйл ажиллагаа явуулж байгаад уг газраас 2011 онд С.Бадмаанямбууд 19.8м2, Н.Тэгшжаргалд 163.4м2, 2012 онд Д.Отгонсүрэнд 38.1м2, Ш.Бурмаад 30м2, Д.Цэцэгсүрэнд 30м2, М.Энхтөрд 30м2, Ж.Нямхүүд 188.6м2 газрын эзэмших эрхийг тус тус шилжүүлсэн /худалдаа, үйлчилгээний зориулалтаар үйл ажиллагаа явуулж байгаа/, ингэхдээ Ө а З д 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн а/276, 12 дугаар сарын 09-ний өдрийн а/721, 2012 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн а/342 дугаар захирамжуудаар тухай бүрт нь нэхэмжлэгчийн эзэмших газрын хэмжээг багасган шийдвэрлэж, гэрчилгээ олгож, гэрээ байгуулж байсан ба Даланзадгад сумын нутаг “Гүний ус” ХХК-ийн хойд талд байрших, 346.8м2 газрыг нэхэмжлэгч эзэмшиж байсан болох нь хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримтууд[2], хэргийн оролцогчдын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар зэргээр тогтоогдож байна. Энэ талаар талууд маргаагүй.

Хэрэгт авагдсан баримтуудаас[3] үзэхэд нэхэмжлэгч “Ө г” ХХК нь 1997 онд байгуулагдаж “...төрөлжсөн бус барааны дэлгүүр, ажлын байх түрээслүүлэх, зоогийн газар, гуанз, цайны газрын үйлчилгээ...” зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхтэй хуулийн этгээд байх ба маргаан бүхий 346.8м2 газраа 2013 оноос 2017 оны 06 сар хүртэлх хугацаанд худалдаа, Хөдөлмөрийн яамнаас олгон 2015 оны 15/37 дугаар гэрчилгээ болон Өмнөговь аймгийн Хөдөлмөрийн хэлтэстэй байгуулсан гэрээний дагуу сургалт хийх, ажлын байр түрээслүүлэх /зөөврийн түр байр/ зэрэг үйл ажиллагаа явуулж байжээ.

Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т “газрыг хуульд заасан нөхцөл, журмын дагуу үндсэн зориулалтаар нь үр ашигтай, зохистой эзэмших, ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх”, 40 дүгээр зүйлийн 40.1-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй”, 40.2-т “Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу түүнийг барьцаалсан этгээдэд мэдэгдэнэ”, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно” гэж тус тус заасан.

Маргаан бүхий захиргааны акт болох Ө а З д 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн А/890 дугаар захирамжаар[4] Даланзадгад сумын нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн газарт зөвшөөрөлгүйгээр байрлаж байгаа хавсралтанд заагдсан 187 пин, контейнерыг нүүлгэн шилжүүлж, газрыг чөлөөлүүлэхээр шийдвэрлэн, нүүлгэн шилжүүлэх пин, контейнеруудын эздэд хугацаатай мэдэгдэл хүргүүлж, хяналт тавьж ажиллахыг аймгийн Мэргэжлийн хяналтын газарт үүрэг болгож, мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй тохиолдолд албадан нүүлгэх арга хэмжээ авч ажиллахыг Даланзадгад сумын Засаг дарга, аймгийн Цагдаагийн газарт зөвшөөрч, мөн Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/858 дугаар захирамжаар “газар чөлөөлөх ажлыг зохион байгуулах ажлын хэсэг”-ийг байгуулж, зохион байгуулсан ажлын тайланг 2017 оны 10 дугаар сарын 15-ны дотор Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулахыг Ажлын хэсэгт үүрэг болгосон.

Дээрх захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд аймгийн Засаг даргын 2017 оны А/890 дугаар захирамжид дурдсан газар чөлөөлөх ажлыг зохион байгуулахдаа Даланзадгад сумын төв хэсэгт зөвшөөрөлгүй байрлуулсан гэх нийт 288 ширхэг обьект /пин, контейнер, амбаар г.м/-ыг төвийн суурьшлын хэсгээс гаргасан байх бөгөөд “Ө г” ХХК-ийн эзэмшлийн газар /Даланзадгад сумын 3 дугаар баг, “Гүний ус” ХХК-ийн хойно, “Соёмбо” дэлгүүрийн зүүн талд байрлах/ дээрх 32м2 хэмжээтэй сэндвичен байр /цаашид зөөврийн түр байр гэх/-ыг нэхэмжлэгчид мэдэгдэлгүйгээр албадан нүүлгэн шилжүүлж, улмаар мөн аймгийн Засаг дарга 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн А/1022 дугаар захирамжаар[5] “эзэмшил газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэлээр “Ө г” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Энэ үйл баримт нь нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Ө а З д 2017 оны А/858, А/890 дугаартай захирамж, “Нийтийн эзэмшлийн талбай чөлөөлөлт ба бүтээн байгуулалт” ажлын тайлан, уг тайланд авагдсан фото зураг, шүүхийн үзлэгийн тэмдэглэл, “Аймгийн Засаг даргын дэргэдэх Хот байгуулалтын зөвлөлд танилцуулж, хэлэлцүүлэх асуудлууд”-ын тайлан /2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн/, Ажлын хэсгийн газар чөлөөлөх ажлын хүрээнд хийх ажлын төлөвлөгөө, Өмнөговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2020 оны 208 тоот албан бичгээр ирүүлсэн зураг зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар[6] тогтоогдож байна.

Мөн Өмнөговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 430 тоот албан бичгээр[7] нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн аймгийн Засаг даргын 2012 оны а/342 дугаар захирамж “уг газар дулаан түгээх болон бохир ус зайлуулах шугаман дээр байрлаж байгаа нь Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, Хот суурин ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.8.4 дэх заалтыг зөрчсөн” гэх агуулгаар газар эзэмших гэрчилгээг нь хүчингүй болгох нөхцөл бүрдсэнийг мэдэгдэж, мөн сарын 08-ны өдөр сонсох ажиллагааг явуулсан байх боловч Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно” гэж заасны дагуу захиргааны байгууллагаас маргаан бүхий актыг гаргахдаа хамаарах бодит нөхцөл байдлуудыг шалгаж тогтоосон гэх байдал хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна.

Эдгээрээс үзвэл, маргаан бүхий актад дурьдсан газрыг нэхэмжлэгч компаниас “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэл нь “анх 1999 онд газар эзэмших эрх авсан нэхэмжлэгч нь эзэмшлийн газраа 2017 оны 06 сар хүртэлх хугацаанд худалдаа, үйлчилгээ, хөдөлмөрийн хувийн биржийн үйл ажиллагаа явуулж, сургалт хийх, ажлын байр түрээслүүлэх зэргээр ашиглаж байсан бодит нөхцөл байдал”-аар үгүйсгэгдэж байхын зэрэгцээ түүний газар эзэмших эрх бүхэлдээ бусад этгээдэд шилжээгүй, нэхэмжлэгч нь газраа зориулалтын дагуу эзэмшиж байсан гэдэг нь тогтоогдож байх тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.6-д заасан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бий болоогүй, нэхэмжлэгчид хамааралгүй байна.

Аймгийн Засаг дарга 2017 оны А/1022 дугаар захирамжаараа нэхэмжлэгчид газар эзэмших эрх олгосон эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг хүчингүй болгосон захиргааны үйлдэл байх бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т заасан үндэслэлүүдэд хамааралгүй үндэслэлээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон гэж үзэхээр байна. 

Иймд нь маргаан бүхий акт нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.6-д заасантай нийцээгүй, нэхэмжлэгч “Ө г” ХХК-ийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус акт байх тул мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол..., эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж заасны дагуу Ө а З д 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн А/1022 дугаар захирамжийг хүчингүй болгон, нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангаж шийдвэрлэв.

“Ө а З д 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн А/890 дугаар захирамжийн хавсралт /зураг 98/-ыг буюу нэхэмжлэгчид холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгчийн маргаж буй Ө а З д 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн “Нийтийн эзэмшлийн газрыг чөлөөлөх тухай” А/890 дүгээр захирамжид[8] Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.4, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Даланзадгад сумын нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн газарт зөвшөөрөлгүйгээр байрлаж байгаа хавсралтанд заагдсан 187 пин, контейнерыг нүүлгэн шилжүүлж, газрыг чөлөөлүүлэхээр шийдвэрлэж, уг хөрөнгийн эздэд хугацаатай мэдэгдэл хүргүүлж, хяналт тавьж ажиллахыг аймгийн Мэргэжлийн хяналтын газарт үүрэг болгож, мөн уг мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй тохиолдолд албадан нүүлгэх арга хэмжээ авч ажиллахыг Даланзадгад сумын Засаг даргад болон аймгийн Цагдаагийн газарт зөвшөөрсөн байна.

Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т “Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө”, 57.4-т “Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна” гэж зааснаас үзвэл аймгийн Засаг дарга нь зохих зөвшөөрөлгүйгээр газрыг эзэмшсэн бол уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгч, заасан хугацаанд чөлөөлөөгүй тохиолдолд албадан чөлөөлөх арга хэмжээ авч шийдвэрлэх эрхтэй байхаар хуульчлан зохицуулжээ.

Аймгийн Засаг даргын 2017 оны А/890 дугаар захирамж гарах үед “Ө г” ХХК  /Даланзадгад сумын 3 дугаар баг, “Г у” ХХК-ийн хойно, “С” дэлгүүрийн зүүн талд 32м2 хэмжээтэй зөөврийн түр байр байршиж байсан/ газар эзэмших эрхтэй байсан[9] бөгөөд уг газар дээрх зөөврийн түр байрыг нэхэмжлэгчид мэдэгдэлгүйгээр албадан нүүлгэн  Даланзадгад сумын ЗДТГ-ын баруун талд “Г б” ХХК-ийн хашаанд шилжүүлэн байрлуулсан болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “...аймгийн Засаг даргын захирамжийн дагуу газар чөлөөлүүлэх ажлын хэсэг байгуулагдан, төлөвлөгөө баталсан ч гэсэн цаг хугацааны хувьд төлөвлөгдсөн ажлууд хугацаандаа хийгдээгүй, “Ө г” ХХК-ийн газар дээр байсан зөөврийн түр байрыг нүүлгэсэн, тухайн үед газар эзэмших эрхийн гэрчилгээг нь  цуцлаагүй байхад зөөврийн түр байрыг нь албадан нүүлгэсэн гэдэгтэй маргахгүй” гэсэн тайлбар, ажлын хэсгийн тайлан, шүүхийн үзлэгийн тэмдэглэл зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар[10] тогтоогдож  байхын зэрэгцээ энэ нь дээрх хуульд заалттай нийцээгүй  байна.

Хэдийгээр аймгийн Засаг даргад “газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, хуульд заасан шаардлагыг хангасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах, нутаг дэвсгэрийнхээ газрыг зүй зохистой ашиглах, үр шимийг нь дээшлүүлэх талаарх” бүрэн эрхүүдийг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон Газрын тухай хуулиар олгосон байгаа боловч энэ тохиолдолд Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.4-т заасан нөхцөл байдал үүсээгүй байхад аймгийн Засаг дарга 2017 оны А/890 дугаар захирамжаар нэхэмжлэгчид мэдэгдэлгүйгээр[11] түүний эзэмшлийн газар дээрх зөөврийн түр байрыг албадан нүүлгэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй илт хууль бус захиргааны акт болжээ.

Түүнчлэн, хариуцагчаас маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 15, 24, 27 дүгээр зүйлд зааснаар захиргааны шийдвэр гаргах үйл ажиллагаанд нэхэмжлэгчийг оролцуулж, оролцогчийн эрхийг эдлүүлээгүй, бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, сонсох ажиллагааг явуулаагүй, оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангаагүй зэргээр хууль зөрчсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт[12], талуудын тайлбар мэдүүлгээр тогтоогдож байна.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэхэд Ө а З д 2017 оны А/890 дүгээр захирамж Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй захиргааны акт байх бөгөөд улмаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангаж шийдвэрлэв.

“Ө а З д 2017 оны А/890 дугаар захирамжийн улмаас учирсан гэх 2017 оны 09 дүгээр сараас эхлэн 32 м/кв байрыг түрээслэж олох байсан орлого 14.000.000 (арван дөрвөн сая) төгрөг, компанийн өмч болох 32 м/кв байрыг зөөж тээвэрлэх явцдаа эвдэж гэмтээсний хохирол 5.000.000 (таван сая) төгрөгийг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч талаас “...Ө а З д 2017 оны А/890 дүгээр захирамж гарч манай өмчлөлийн 32 м2 зөөврийн түр байрыг хууль бусаар нүүлгэнээс болж эвдэж гэмтээсэн. Үүний улмаас түрээслүүлэхээр гэрээ байгуулснаас олох байсан орлого 14 сая төгрөг, нүүлгэн шилжүүлснээс болж 5 сая төгрөгийн хохирол учирсан, одоо энэ байрыг ашиглах боломжгүй, Аргалантын 1-4 тоотод манай эхнэрийн хамаатны хашаанд байгаа, намайг гадаадаас ирэхэд энэ хашаанд эвдэрсэн байсан, хэзээ нүүлгэснийг болон Аргалантад хэзээ хэн аваачсныг мэдэхгүй, Б.Цэцэгдэлгэртэй байруулсан гэрээнд гэрээний хугацаа дууссан дараа 2 тал тохиролцож гэрээг сунгаж болно гэж заасан байгаа учраас гэрээ сунгагдсанд үзэж олох байсан орлогоо тооцсон...” гэж тайлбарлаж нотлох баримтаар фото зургууд, 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн зарлагын баримт, иргэн Н.Батжавтай 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ /сендвичэн байрыг барьж угсрах/ болон иргэн Б.Цэцэгдэлгэртэй 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан ажлын байр түрээслүүлэх гэрээ, иргэн С.Мөнхцэцэгтэй 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан түрээслэх, түрээслүүлэх гэрээ зэрэг баримтуудыг[13] ирүүлсэн.

Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...аймгийн Засаг даргын 2017 оны А/890 дугаар захирамжийн дагуу мөн онд ажлын хэсэг нэхэмжлэгчийн эзэмшлийн газар дээр байсан зөөврийн түр байрыг Даланзадгад сумын ЗДТГ-ын баруун хашаанд эвдрэлгүйгээр зөөж байрлуулсан нь үнэн, үүнтэй маргах зүйлгүй. Гэхдээ цаг хугацааны хувьд 2017 оноос хойш нэхээгүй байж 2020 онд нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй, энэ байрыг 3 удаа зөөвөрлөсний алинд нь эвдэрч гэмтсэнийг тогтоох боломжгүй, ямар хэмжээний хохирол учирсан, хэн үнэлсэн нь тодорхойгүй, хийсвэр дүнгээр нэхэж байна, үүнийг хүлээн зөвшөөрөхгүй, Цэцэгдэлгэртэй хийсэн гэрээний хугацаа маргаан бүхий актыг гарахаас өмнө дууссан, гэрээ нь биелэгдсэн...” гэх тайлбарыг гаргасан байна.

Захиргааны ерөнхий хуулийн 101 дугаар зүйлийн 101.2-т “Иргэн, хуулийн этгээд өөрт учирсан хохирлыг хохирол учруулсан захиргааны байгууллагаас нэхэмжилж, тухайн захиргааны байгууллагаас гаргуулна”, 102 дугаар зүйлийн 102.1-т “Захиргааны актад гаргасан гомдолд захиргааны актын улмаас учирсан хохирлыг нэхэмжилж болно” гэж тус тус зааснаас үзэхэд захиргааны байгууллагын хууль бус үйлдлийн улмаас өөрт учирсан хохирлыг арилгуулахаар нэхэмжлэгч шаардах эрхтэй ба хавтаст хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтаар болон хэргийн оролцогчдын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар зэргээр аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг маргаан бүхий 2017 оны А/890 дүгээр захирамжийн дагуу нэхэмжлэгчийн эзэмшлийн газар дээрх 32 м2 зөөврийн түр байрыг албадан нүүлгэн Даланзадгад сумын ЗДТГ-ын баруун хашаанд шилжүүлэн байрлуулсан, үүнээс хойш уг байрыг дахин зөөвөрлөн Аргалантын 1-р гудамжны 04 тоотод хашаанд байрлуулсан байх бөгөөд үүний улмаас уг байр эвдэрч гэмтсэн гэх үйл баримт тогтоогдож байна.

Гэвч нэхэмжлэгч “Ө г” ХХК нь өөрийн дээрх хөрөнгөнд хэдэн төгрөгийн хохирлыг хэн, хэдийд учруулсан, уг хохирлыг арилгахад хэдэн төгрөгийн бодит зардал гаргасан, хэдэн төгрөгийн орлого олох байсан талаараа баримтаар нотлоогүй байх тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

Мөн нэхэмжлэгч нь 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 5,170,000 төгрөгийн барилгын материал худалдан авсан гэх зарлагын баримт, Н.Батжавтай 2015 онд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ, Б.Цэцэгдэлгэртэй 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан ажлын байр түрээслүүлэх гэрээ, С.Мөнхцэцэгтэй 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан түрээслэх, түрээслүүлэх гэрээ зэргийг нотлох баримтаар ирүүлсэн хэдий ч уг барилгын материалыг маргаан бүхий акт гарснаас хойшхи хугацаанд худалдаж авсан болон уг зөөврийн түр байр нь дээрх буруутай аль үйлдлийн улмаас гэмтсэн, ашиглах боломжгүй болсон, бодитоор 14 сая төгрөгийн орлого олох байсан талаар дүгнэх боломжгүй тул нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийг Захиргааны ерөнхий хуулийн 102 дугаар зүйлийн 102.1-т заасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох, үүнтэй холбоотой баримтаа өөрөө цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй гэж үзнэ. Дээрхийг нэгтгээд нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангах үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.2, 106.3.13 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.1.6 дахь хэсэгт заасныг баримтлан “Ө г” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Ө а З д 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн А/890 дүгээр захирамжийн хавсралт /зураг 98/-ыг буюу “Ө г” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоосугай.

2. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 48 дугаар зүйлийн 48.2, 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсэгт зааснаар Ө а З д 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн А/1022 дугаартай захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох “2017 оны 09 дүгээр сараас эхлэн 32 м/кв байрыг түрээслэж олох байсан орлого 14,000,000 (арван дөрвөн сая) төгрөг, компанийн өмч болох 32 м/кв байрыг зөөж тээвэрлэх явцдаа эвдэж гэмтээсний хохирол 5,000,000 (таван сая) төгрөгийг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        С.ОТГОНЦЭЦЭГ


[1] Хэргийн I хавтасны 213 дахь талд

[2] Хэргийн I хавтасны 124-126, 39, 65, 83, 72-79, 88-96, 216, 127, 10 дахь талд

[3] Хэргийн I хавтасны 9, 20-21, 23-34, 106, 162-164, 170-179 дэх талд

[4] Хэргийн I хавтасны 237, 242 дахь талд

[5] Хэргийн I хавтасны 146-147 дахь талд

[6] Хэргийн I хавтасны 192-198, 130-131, 184-187,  II хавтасны 15-20, 23-26, 30 дахь талд болон хэрэгт авагдсан “Нийтийн эзэмшлийн талбай чөлөөлөлт ба бүтээн байгуулалт” ажлын тайлан /нийт 42 хуудас/

[7] Хэргийн I хавтасны 100 дахь талд

[8] Хэргийн I хавтасны 237, 242 дахь талд

[9] Хэргийн I хавтасны 10 дахь талд

[10] Хэргийн II хавтасны 15-17, 18-20, 23-30, 35 дахь талд

[11] Хэргийн I хавтасны 232, Хэргийн II хавтасны 9 дэх талд

[12] Хэргийн II хавтасны 9 дэх талд

[13] Хэргийн I хавтасны 11-19, 106, 180-181, Хэргийн II хавтасны 5-7 дахь талд