Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 109

 

“ЦБОН” ХХК-ний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2018/00778/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхжаргал даргалж, шүүгч С.Оюунцэцэг, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 860 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “ЦБОН” ХХК-ний нэхэмжлэлтэй,

Хариуцагч Л.Д-т холбогдох

          “6.500.000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяагийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

          2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Оюунцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Оюунцэцэгээс:

“ЦБОН” ХХК нь Дархан-Уул аймгийн Орхон сумын нутагт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул хийх 94 га газрын зөвшөөрөл авах ажлыг хариуцагч Л.Д-тэй гэрээ байгуулан гүйцэтгүүлэхээр тохирсон. Гэрээний дагуу үйл ажиллагааны зардлыг Л.Д-ийн шаардсан хугацаанд саадгүй төлсөн.  Гэрээний хугацаа дуусаад 2,5 жил өнгөрөхөд тус зөвшөөрөл гаргуулах ажил хийгдээгүй тул 6.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяагаас:

2015 онд “ЦБОН” ХХК төрөөс 94 га уурхайн газар ба тусгай зөвшөөрөл авах өргөдөл гаргасан боловч энэ ажлыг гүйцэтгүүлэхээр Л.Д-т итгэмжлэл олгосон.

Ажлыг гүйцэтгэх хугацаанд 2016 оны 02 дугаар сарын 01-ны өдөр Монгол Улсын засгийн газрын өргөдлийн байнгын хорооноос 02 тоот тогтоолоор тусгай зөвшөөрөл авах үйл ажиллагааг түр хугацаагаар хязгаарлан зогсоосон. 2018 оны хаврын чуулганаар 5 сарын сүүлээр тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгоно, харин өмнө өгсөн өргөдөлтэй Ашигт малтмалын газраас зөвшөөрөгдсөн аж ахуйн нэгжид зохих шатанд тавигдах шаардлагыг хянан тусгай зөвшөөрөл олгох чиглэл өгсөн. “ЦБОН” ХХК-ний үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг аймаг болон яамны хурлын дүгнэлт саналаар дэмжигдсэн. Уг ажлыг Л.Д- хийсэн байх тул гэрээний хариуцлага зөрчиж хууль бус үйлдлээр нэр төрд нь халдаж, үйл ажиллагаа хийгдээгүй гэж гүтгэсэнд гомдолтой байна. Гэрээний үйл ажиллагаа хийгдсэнийг нотлох баримтуудаар нотолж байдаг. Уул уурхайн салбарт баримталж байгаа төрийн бодлогын зохицуулалт шийдвэрийг баримтлахгүй энэ ажлыг гүйцэтгэх боломжгүй байдлыг харгалзан “ЦБОН” ХХК-ний нэхэмжлэлийг хүчингүйд тооцож, Л.Д- тус компаний төлөө ажилласан үйл ажиллагааны зардал, хохирлыг хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн гаргуулж олгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 860 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5-д заасныг тус тус баримтлан хариуцагч Л.Д-ээс 6.000.000 төгрөгийг гаргуулан “ЦБОН” ХХК-д олгож, нэхэмжлэлийн үлдэх 500.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 118.950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Д-ээс улсын тэмдэгтийн хураамж 110.950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “ЦБОН” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяа давж заалдсан гомдолдоо:

            Анхан шатны шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, шүүхийн шийдвэрийн “Үндэслэх” хэсэгт заасан дүгнэлт “Тогтоох” хэсэгт заасан заалттай зөрүүтэй ойлгомжгүй шийдвэрлэсэн гэж үзэж байна. Талуудын маргаж байгаа зүйл нь иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээний зүйл болохгүй, гэрээ байгуулагдсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна. Талуудын хооронд 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ нь хууль зөрчиж хийгдсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлтэй байна гэж дүгнэсэн атлаа “Тогтоох” хэсэгт зохигчдын хооронд хийгдсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцсон заалт оруулаагүй, мөн “Үндэслэх” хэсэгтээ гэрээг ажил гүйцэтгэх гэрээ биш гэж дүгнэсэн атлаа “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтаар Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсгийг баримталж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна. Хариуцагч Л.Д- нь гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл гаргуулахад шаардлагатай бүх ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд уг ажилд 6.000.000 төгрөг зарцуулсан гэдгийг нэхэмжлэгч тал мэдсээр нэхэмжлэл гаргаж байгааг зөвшөөрөхгүй, лиценз нь одоогоор гарах шатандаа явж байгаа гэж тайлбарлаж байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Оюунцэцэг хариу тайлбартаа:

            Хариуцагч Л.Д- нь анх өөрийнх нэр дээр ашигт малтмалын хайгуул хийх зөвшөөрөлтэй 94 га газрынхаа эзэмших эрхийг “ЦБОН” ХХК-ний нэр дээр шилжүүлж өгөхөд зохих хэмжээний зардал ордог гэж хэлээд 6.000.000 төгрөг авсан. Тухайн үед 6.000.000 төгрөг өгсөн, мөн газрын эзэмших эрхийг компанийн нэр дээр шилжүүлж өгнө гэснийг баталгаажуулах зорилгоор ажил гүйцэтгэх гэрээ хийсэн. Гэтэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бодит үйл явдлыг буруу тайлбарлаж “ЦБОН” ХХК-ний нэр дээр ашигт малтмалын лиценз шинээр авч өгөхөөр ажил гүйцэтгэх гэрээ хийсэн гэж тайлбарлаж байна. Хариуцагч Л.Д- гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл гаргуулахад шаардлагатай бүхий л ажлыг хийж гүйцэтгэсэн гэж тайлбарлаж байгаа хэдий ч энэ талаар нотлох баримт ирүүлээгүй байна. Иймд хариуцагчийн гомдол үндэслэлгүй тул, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “ЦБОН” ХХК хариуцагч Л.Д-т холбогдуулж ажил гүйцэтгэх гэрээний үүрэг 6.500.000 гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч Л.Д- гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх талуудын хооронд хийгдсэн гэрээг ажил гүйцэтгэх гэрээ биш хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаад дараах дүгнэлтийг хийлээ.

Хэргийн  27-28 дугаар талд авагдсан гэрээнээс үзвэл талуудын хооронд 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдөр “Ажил гүйцэтгэх гэрээ” нэртэй гэрээ 2 сарын хугацаатай байгуулагджээ.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан бөгөөд гэрээний утга агуулга хуулийн зүйл заалттай нийцэхгүй байна. Хуулийн 343.2-т “ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна” гэж заасан ба энэхүү гэрээний ажлын үр дүн чухам юу байх нь тодорхойгүй байна.

Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Болсон үйл баримтаас үзвэл хариуцагч Л.Д- Дархан-Уул аймгийн Орхон сумын нутагт 94 га газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын лицензийг нэхэмжлэгч “ЦБОН”  ХХК-ний нэр дээр гаргуулахаар харилцан тохиролцсон болох нь талуудын анхан шатны шүүх хуралдаан дээр мэтгэлцсэн мэтгэлцээнээс харагдаж байна.

Талуудын хооронд хийгдсэн ажил гүйцэтгэх гэрээний 1.2-т “хайгуулын тусгай зөвшөөрлийг “ЦБОН” ХХК-ний нэр дээр гаргуулахад шаардлагатай бүх ажлыг хийж гүйцэтгэх” гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээний зүйл болохгүй болно.

Хариуцагч Л.Д- гэрээгээр хүлээсэн ажлыг хийж гүйцэтгэж, бэлэн болгоход нийт 6.000.000 төгрөгийн зардал гарна гэж тооцоолж, нэхэмжлэгчээс 6.000.000 төгрөгийг авсан боловч ямар ажлыг хэрхэн хийж гүйцэтгэсэн эсэх нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна.

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Монгол улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршин байгаа түгээмэл тархацтай ашигт малтмал төрийн өмч байна”, 5.2-т “Төр өмчлөгчийн хувьд энэ хуульд заасан нөхцөл, шаардлага, журмын дагуу түгээмэл тархацтай ашигт малтмал хайх ашиглах эрхийг бусдад олгон эрхтэй”, 6.1-д “Нэг тусгай зөвшөөрлийг нэг хуулийн этгээдэд олгоно” гэж тус тус хуульчилсан байх ба төр өөрийн өмчийг хэн нэгэн дурын иргэний оролцоогүйгээр өөрөө мэдэж захиран зарцуулах эрхтэй байна.

Иймд талуудын хооронд хийгдсэн 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн “Ажил гүйцэтгэх гэрээ” нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцогдоно.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д “Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй” гэж зааснаар хариуцагч Л.Д-ээс 6.000.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “ЦБОН” ХХК-нд олгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болсон байна.

Харин шүүх хууль хэрэглээний алдаа гаргасан буюу Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримталж хэргийг шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ.

Энэ талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдол үндэслэлтэй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж зөвтгөж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 121.000 төгрөгийг төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж хариуцагч Л.Д-т олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 860 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дүгээр заалтын

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5-д заасныг тус тус баримтлан хариуцагч Л.Д-ээс 6.000.000 төгрөг гаргуулан “ЦБОН” ХХК-д олгож, нэхэмжлэлийн үлдэх 500.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэснийг

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5-д заасныг тус тус баримтлан хариуцагч Л.Д-ээс 6.000.000 төгрөг гаргуулан “ЦБОН” ХХК-д олгож, нэхэмжлэлийн үлдэх 500.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 121.000 төгрөгийг Төрийн сангийн орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Л.Д-т олгосугай.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 С.ЭНХЖАРГАЛ

                                                           ШҮҮГЧИД                                  С.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                                              Л.АМАРСАНАА