Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 860

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Дипломат барилга 507 тоот, ЦБОН ХХК /утас 75554141, 99372202/-ий нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 14 дүгээр баг, 42 дугаар байрны 22 тоотод оршин суух, Их мянган овогт Лхагвасүрэнгийн Дэлгэрцэцэг /регистрийн дугаар ЕЭ68022287, утас 99017657, 88477744/-д холбогдох

 

6,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Оюунцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Банзрагч нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ЦБОН ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...ЦБОН” ХХК цаашдын үйл ажиллагаандаа хэрэглэх зорилгоор Дархан-Уул аймгийн Орхон сумын нутагт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул хийх 94 га газрын зөвшөөрөл авах ажлыг Дархан сумын 4-р багийн иргэн Л.Дэлгэрцэцэгтэй гэрээ байгуулан гүйцэтгүүлэхээр тохирсон юм. “ЦБОН” ХХК гэрээний дагуу үйл ажиллагааны зардлыг Л.Дэлгэрцэцэгийн шаардсан хугацаанд саадгүй төлсөн бөгөөд гэрээний хугацаа дуусаад 2,5 жил өнгөрөхөд тус зөвшөөрөл гаргуулах ажил хийгдээгүй тул иргэн Л.Дэлгэрцэцэгээс гэрээний дагуу олгосон үйл ажиллагааны зардал 6,500,000 / зургаан сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэв.

 

Хариуцагч Л.Дэлгэрцэцэг нь шүүхэд болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...ЦБОН ХХК төрөөс газар авахын тулд тавигдах шаардлага хангах, шийдвэр хүлээх, дүрэм журам баримтлах, бодит байдлыг ухамсарлах, холбогдох гэрээнд заасан хариуцлагыг биелүүлэх, өөрийн үйл ажиллагаанд гарсан бүх зардлыг хариуцах үүрэгтэй. Харин иргэн Л.Дэлгэрцэцэг ЦБОН ХХК-д итгэмжлэгдэн ажилласны хөлс, үйл ажиллагаанд гарсан /тусгай зөвшөөрөл/ бүх зардлыг ЦБОН ХХК-наас гаргуулах эрхтэй. 2015 онд ЦБОН ХХК төрөөс 94 га уурхайн газар ба тусгай зөвшөөрөл авах өргөдөл гаргасан боловч энэ ажлыг гүйцэтгүүлэхээр иргэн Л.Дэлгэрцэцэгт итгэмжлэл олгосон. Энэ ажлыг гүйцэтгэх хугацаанд 2016 оны 02 сарын 01-нд Монгол улсын засгийн газрын өргөдлийн байнгын хорооноос 02 тоот тогтоолоор тусгай зөвшөөрөл авах үйл ажиллагааг түр хугацаагаар хязгаарлан зогсоосон.

Энэ хугацаанд Уул уурхайн сайд 3 удаа, манай аймгийн засаг дарга 2 удаа, хариуцсан хэлтсийн дарга 5 удаа, хариуцсан мэргэжилтэн 6 удаа халагдаж солигдсон үйл ажиллагааг төрийн бодлого зохицуулалт гэж ойлгож байна. Мөн сумын ИТХ-ын дарга, засаг дарга солигдсон. Нэг ажилтан солигдоход ЦБОН ХХК-ийн өмнөөс уулзаж байнга санаа зовж, идэвхтэй ажилласан. Хэдэн хүн хичнээн байгууллагын ажилтантай уулзсаныг, хэдэн хурлаар орсныг огт мэдэхгүй, намайг ойлгохгүй байгаа нь харамсалтай байна. 2018 оны хаврын чуулганаар 5 сарын сүүлээр тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгоно харин өмнө өгсөн өргөдөлтэй Ашигт малтмалын газраас зөвшөөрөгдсөн аж ахуйн нэгжид зохих шатанд тавигдах шаардлагыг хянан тусгай зөвшөөрөл олгох чиглэл өгсөн. Гэвч ЦБОН ХХК-ийн төлөө уйгагүй ажилласаны дүнд аймаг болон Яамны хурлын дүгнэлт саналаар дэмжигдсэн байх тул ЦБОН ХХК надад баярлах ёстой байтал гэрээний хариуцлага зөрчиж хууль бус үйлдлээр миний нэр төрд халдаж гэрээний үйл ажиллагаа хийгдээгүй гэж гүтгэсэнд гомдолтой байна.

Тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл, өргөдөл гаргагчийн албан ёсны тодорхойлолт, гэрчилгээний хуулбар, өргөдөл гаргагчийн булангийн цэгийн солбилцол, хилийг харуулсан стандарт зураг, сансрын зураг, монгол улсад татвар төлөгчийн нотолгоо, хайгуулын ажлын төсөл төлөвлөгөө, аймгийн засаг даргад өгсөн хүсэлт, ашигт малтмалын газарт шүүгдсэн зураг, Дэлгэрцэцэгт олгосон итгэмжлэл, мэргэжлийн боловсон хүчнээр хангасан гэрээ гэх мэт холбогдох баримт бичгээс мэргэжлийн байгууллагын тамга, аймгийн засаг даргын гарын үсэг, ЦБОН ХХК-ийн тамга, гарын үсэг, Геологи Уул уурхайн яамны кадастрын албаны тамга зэрэг үйлдлээр гэрээний үйл ажиллагааг хийгдсэнийг нотолно. Уул уурхайн салбарт баримталж байгаа төрийн бодлогын зохицуулалт шийдвэрийг баримтлахгүй энэ ажлыг гүйцэтгэх боломжгүй байдлыг харгалзан ЦБОН ХХК-ийн нэхэмжлэлийг хүчингүйд тооцож, Л.Дэлгэрцэцэг ЦБОН ХХК-ийн төлөө ажилласан үйл ажиллагааны зардал, хохирлыг хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн гаргуулж иргэн Л.Дэлгэрцэцэгт олгож өгнө үү.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч тал шүүх хуралдаанд “... Л.Дэлгэрцэцэг нь надад Орхон сумын 94,0 га газарт хайгуулын тусгай зөвшөөрөл байгаа, уг тусгай зөвшөөрлийг манай байгууллагын нэр дээр болгож гэрчилгээ гаргаж өгнө гээд бидний хооронд Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Ажлын хөлсөнд 6,000,000 төгрөг гэж тохиролцож уг мөнгийг өгсөн, дараа нь 500,000 төгрөгийг 250,000, 250,000 төгрөгөөр нь төрийн сангийн дансанд тушаа гээд Л.Дэлгэрцэцэг нь дансны дугаар өгч тушаалгасан. Манай байгууллага Л.Дэлгэрцэцэгт нийт 6,500,000 төгрөг өгсөн. Дээрх газрын хайгуулын тусгай зөвшөөрлийг өдий хүртэл гаргаж өгөөгүй, Л.Дэлгэрцэцэг нь гэрээний үүргээ биелүүлээгүй учир түүнээс 6,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэж нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ тодруулж гаргасан.

Хариуцагч тал шүүх хуралдаанд “...нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ нь хуульд нийцээгүй, уг гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй. Л.Дэлгэрцэцэг нь Дархан-Уул аймгийн Орхон сумын 94.0 га газарт хайгуулын тусгай зөвшөөрлийг ЦБОН ХХК-ийн нэр дээр гаргуулахад шаардлагатай бүх ажлыг гүйцэтгэхээр тохиролцож гэрээ байгуулсан ба Л.Дэлгэрцэцэг нь дээрх ажиллагааг хийсэн. ЦБОН ХХК-ийн өгсөн 6,000,000 төгрөгийг өгөх үндэслэлгүй, 500,000 төгрөгийг Л.Дэлгэрцэцэг аваагүй...” гэсэн тайлбарыг гаргаж маргасан болно.

 

Хэрэгт авагдсан баримтаар

Зохигч талуудын хооронд 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдөр “Ажил гүйцэтгэх гэрээ” гэх нэртэй гэрээг бичгээр байгуулан, уг гэрээний 1.2-т “ЦБОН ХХК-нд Дархан-Уул аймгийн Орхон сумын 94.0 га газарт хайгуулын тусгай зөвшөөрлийг ЦБОН ХХК-ийн нэр дээр гаргуулахад шаардлагатай бүх ажлыг гүйцэтгэхээр тохиролцож энэхүү гэрээг байгуулав”,  2.1-т “Гүйцэтгэгч нь захиалагчид Дархан-Уул аймгийн Орхон сумын 94,0 га газарт хайгуулын тусгай зөвшөөрлийн лицензийг бичиг баримтыг бэлэн болтол нь шаардагдах бүх ажлыг хийж гүйцэтгэнэ”, 2.2-т “Гүйцэтгэгчийн хийж буй 94.0 га хайгуулын тусгай зөвшөөрлийн лицензийг гаргуулах ажил нь захиалагчийн өгсөн шаардлагыг бүрэн хангасан байх болно”, 4.1-т “Гүйцэтгэгч нь захиалагчид Дархан-Уул аймгийн Орхон сумын 94.0 га газарт хайгуулын тусгай зөвшөөрлийн лицензийг гаргуулж өгөх ажлыг нийтдээ 6,0 сая /үүнд бүх зардал ороод/ төгрөгөөр гүйцэтгэж лицензийг бэлэн болгох бөгөөд үүнээс эхний шатны бичиг баримт бүрдүүлэхэд шаардагдах 3,0 сая төгрөгийг захиалагчид 2015 оны 05 дугаар сарын 05-нд бэлнээр өгч үлдсэн 3,0 сая төгрөгийг лиценз бэлэн болсон үед саадгүй төлнө” гэж тохиролцож, захиалагч ЦБОН ХХК-ийг төлөөлж менежер ажилтай Ч.Оюунцэцэг, гүйцэтгэгчээр Л.Дэлгэрцэцэг нар тус тус гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 343.2-т “Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна” гэж тус тус заасан боловч талуудын хооронд 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээнд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т заасан гэрээний зүйл болох ажлын үр дүнг тодорхой тусгаагүй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч ЦБОН ХХК нь “байгуулсан гэрээний 4.1-т заасан Орхон сумын 94.0 га газарт хайгуулын тусгай зөвшөөрлийн лицензийг ЦБОН ХХК-ийн нэр дээр гаргаж бэлэн болгох” гэж , хариуцагч тал гэрээний 1.2-т заасан Дархан-Уул аймгийн Орхон сумын 94.0 га газарт хайгуулын тусгай зөвшөөрлийг ЦБОН ХХК-ний нэр дээр гаргуулахад шаардлагатай бүх ажлыг гүйцэтгэх” гэж тус тус тайлбарлаж маргадаг бөгөөд эдгээр нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан Ажил гүйцэтгэх гэрээний зүйл болохгүй болно.

Иймд Зохигч талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэх нэртэй гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т хууль зөрчиж хийгдсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-т “Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу Л.Дэлгэрцэцэгийн ажлын хөлсөнд авсан гэх 6,000,000 төгрөгийг хариуцагчаас буцаан гаргуулж, нэхэмжлэгч ЦБОН ХХК-нд олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч ЦБОН ХХК нь 500,000 төгрөгийг төрийн сангийн дансанд байгууллагынхаа нэрээр тушаасан гэсэн тайлбарыг гаргасан тул дээрх 500,000 төгрөгийг Л.Дэлгэрцэцэгээс гаргуулах үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.

Иймд нэхэмжлэгч ЦБОН ХХК-ний гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас 6,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5-д заасныг тус тус баримтлан хариуцагч Л.Дэлгэрцэцэгээс 6,000,000 төгрөгийг гаргуулан ЦБОН ХХК-д олгож, нэхэмжлэлийн үлдэх 500,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 118,950 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Дэлгэрцэцэгээс улсын тэмдэгтийн хураамж 110,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ЦБОН ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         З.ТУНГАЛАГМАА