Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 100

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга В.Орхон хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Л.Цэндсүрэн,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ариунтөгс,

шүүгдэгч Ө.Алтансувд, түүний өмгөөлөгч Д.Цэрэнханд нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хаад боржигин овогт Өлзийдоржийн Алтансувдад холбогдох эрүүгийн 201626030745 дугаартай хэргийг 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

                                  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол улсын иргэн, 1983 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, асаргаа сувилгааны арга зүйч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэгт эрчимт эмчилгээний сувилагчаар ажиллаж байсан, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Арцатын 12-475 тоотод бүртгэлтэй боловч Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 10 дугаар гудамжны 232 тоотод түр амьдарч байгаа, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Хаад боржигин овогт Өлзийдоржийн Алтансувд /РД:ВЮ83090521/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч Ө.Алтансувд нь 2016 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасгийн сувилагчаар ажиллаж байхдаа тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 1 сар 15 хоногтой А.Ирмүүний эмчилгээний хуудсан дээрх аскорбины хүчил, кокорбоксилаза тариануудыг 0.9 хувийн натрихлоридын уусмалаар найруулж, өвчтөнд тарих ёстой атал 7.5 хувийн калихлоридын уусмалаар найруулан судсаар нь хийж, Монгол улсын MNS 4621:2008 стандартыг зөрчиж, өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас А.Ирмүүн нь эмийг хүчтэй харшил урвалын шоконд орж гэнэт нас барсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч нарын гаргасан мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нарын гаргасан мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ө.Алтансувд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхээ: 2016 оны 05 дугаар сарын 14-ний өдөр амь хохирогч А.Ирмүүнд эмчилгээ хийхдээ витамин С-г 0.9 процентын натри хлоридоор найруулж судсаар тариаг хийсэн. Би эмчийн бичсэн эмчилгээний хуудасны дагуу 1 грамм Витамин С-г 0.9 процентыг 4 граммын уусмалаар найруулж судсаар хийсэн. Тухайн тариаг хийхэд талийгаач хүүхдийн царай хөхөрсөн байхаар нь би хүчилтөрөгчийг залгаад эмчээ дуудаад ирэхэд талийгаач хүүхдийн царай нь гайгүй болсон байсан. Тэгээд эмч ирээд “ямар тариа хийж байгаа юм бэ” гэхэд нь “Кокор хийсэн” гэсэн чинь “зүрхний цохилт нь удаан байгаа тул адреналин тариагаа хийчих” гэхээр нь 0.1 адреналиныг 10 граммаар 0.9 процентоор шингэлж судсаар хийсэн. Сүүлд нь кокороо 0.9 процентоор найруулж судсаар хийсэн гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ариунтөгс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2016 оны 05 дугаар сарын 14-ний өглөө 08.50 минутын үед эмнэлгийн гадна очоод хүүхдийн өрөөний цонхоор харахад эмч, сувилагч нар нааш цааш яваад бужигналдаж манай хүүд эмч, сувилагч нар хиймэл амьсгал хийж байсан. Намайг хүүхдийн өрөөнд ороход 08.55 цаг болж байсан. Манай хүүд зүүлгэсэн амьсгалын аппарат нь томдсон байсан ба уг аппаратыг зүүлгэсэн боловч доогуураа гуурс нь аппаратнаасаа салгаастай байсан. Тэр үед Цэндсүрэн сувилагч гаднаас 2 удаа тариа авчирч хүүд хийсэн. Хүүгийн биеийн байдлыг харахад аль хэдийн зүрхний үйл ажиллагаа нь зогссон шинжтэй царай нь хөхөрчихсөн байсан. Түүний дараагаар эмч, сувилагч нар бөөнөөрөө 2 удаа гарч, орж тариа хийсэн Дараа нь мөрдөн байцаагч нар ирэхэд тэргэнцэр дээр кали хлорид байгааг би харсан. Мөрдөн байцаагч нар эмч нарын өөрсдийнх нь хийсэн тариануудыг бариулж байгаад тэмдэглэл үйлдсэн. Хүүхдийн өрөөний хажууд сэхээн амьдруулах тасаг байхад яагаад манай хүүг тэр өрөө рүү оруулаагүйд гайхаж байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд оршуулгын зардлыг Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн удирдлагаас болон Алтансувд нар бүрэн төлж барагдуулсан гэв.

 

Мөн хавтаст хэргээс:

Шүүгдэгч Ө.Алтансувд мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ: 2016 оны 05 дугаар сарын 14-ний өглөө 08.30 минутын үед Цэндсүрэн сувилагчаас ажил хүлээж аваад, эхлээд тусгаарлах 1 дүгээр өрөө рүү орж А.Ирмүүний эмчилгээний хуудсан дээрх бичигдсэн эмчилгээний дагуу натри хлорид 0.9 процентыг 5 граммыг аваад 1 грамм витамин С-тэй хольж найруулсан, мөн Кокор тариаг 2 грамм 0.9 процентын натри хлоридоор шингэлээд 1 граммыг нь 10 грамм 0.9 проценттой натри хлоридоор найруулж бэлтгэж тавиад, эхлээд витамин С тариаг А.Ирмүүний зүүн хөлөнд суулгасан уян зүүнд хийсэн, тариаг хийхээс өмнө ээжид нь “за миний хүү гээд хүүгийнхээ духан дээр үнсээд хүүгээ сэрээчих” гэж хэлсэн. Тэгээд тариаг хийж дуусахад 1 грамм дутуу байхад хүүхэд уйлахаар нь би тариагаа хийж дуусгаад уян зүүгээ таглаад ээжийг нь “өвөр дээрээ хүүгээ аваад суучих” гэж хэлсэн. Хүүхэд уйлж эхлэнгүүт царай нь хөхрөөд ирэхээр нь би ээжийнх нь өвөр дээрээс авч хүчилтөрөгчийн аппаратыг залгаад эмч нарын өрөө рүү явж эмчийг дуудсан. Удалгүй Сайнбаяр, Нарангэрэл эмч хоёр хүүхдийн өрөөнд орж ирээд чагнаж үзсэн, энэ үед хүүхэд гайгүй болж байсан. Миний тариурт бэлдсэн кокор тариаг Нарангэрэл эмч “наадах чинь юу юм бэ” гэж асуухад нь би “кокор” гэж хэлсэн чинь “наад кокороо хий” гэхээр нь “Кокор тариаг уян зүүнд нь хийгээд эхний 2-3 грамм шахагдаж байхад хүүхэд дахиад уйлаад царай нь хөхрөөд ирсэн чинь Нарангэрэл эмч “наад тариагаа болиод Адреналин тариаг 0.1 мм-ыг 10гр 0.9 проценттой натри хлоридоор шингэлж судсаар нь хий” гэсэн. Би яаралтайгаас Адреналин тариаг авчраад найруулаад хүүхдэд хийсэн. Нарангэрэл эмч дахиад “Кокор тариагаа хийчих” гэж хэлэхээр нь би “Кокор тариаг уян зүүнд хийгээд 2-3 граммыг шахаж байтал хүүхэд дахиад уйлаад царай нь хөхрөөд ирсэн чинь Нарангэрэл эмч “одоо наадахаа болиод адреналин тариагаа дахиад давт” гэж хэлсэн. Би эхний Адреналин тарианаас 1 граммыг авчихаад үлдснийг нь тарианы тэргэнцэр дээр тавьж байгаад асгачихсан учраас дахиад яаралтай руу явж Адреналин тариаг 1 ампулыг авчирсан. Би яаралтай руу явж байхдаа Цэндсүрэн сувилагчийг дуудаад адреналин тариаг 0.1 мм-ыг 10 гр 0.9 проценттой натри хлоридоор шингэлж судсаар нь хийсэн. Сайнбаяр эмч “тэлэгч хүүдий маск аваад ир” гэхээр нь би эрчимт эмчилгээний тасгаас авчраад өрөөнд ороход Сайнбаяр эмч хүүхдийг чагнаад, Нарангэрэл эмч массаж хийхэд хүүхдийн цэр салст нь гарч байсан. Намайг “цэр соруулагч аппарат аваад ир” гэсний дагуу би авчраад өөрөө хүүхдийн цэрийг соруулахад “хүүхэд ер нь найдваргүй болчихлоо, өнгөрчихлөө” гэж хэлээд гараад явцгаасан. Удалгүй цагдаа нар ирсэн. Би витамин С, Кокор тариануудыг 0.9 проценттой натри хлорид тариагаар найруулсан, витамин С тариаг 5 грамм 0.9 проценттой натри хлоридоор, кокор тариаг 5 грамм 0.9 проценттой натри хлоридоор найруулсан. Цэндсүрэн сувилагчаас ээлж хүлээж авахад тарианы тэргэнцэр дээр ил тариа байхгүй байсан, шургуулганд нь 7.5 проценттой кали хлорид байсан. Намайг тариа хийх үед хүүхэд гүйцэт сэрээгүй, унтаа байдалтай байхаар нь өлгийнийх нь дээд талын бүсийг тайлаад 2 гарыг нь гаргаад тариаг хийсэн. Би витамин С, кокор тариануудыг 1 савтай шингэнээр найруулсан. Адреналин тариаг 1 минутын зайтай 2 удаа, 3-4 минутын зайтай 3 дахь тунг Цэндсүрэн сувилагч хүүхдэд хийсэн. Тэргэнцэр дээрхи тариануудад Нарангэрэл эмч, Сайнбаяр эмч, Цэндсүрэн сувилагч бид дөрөв хүрсэн. Намайг Адреналин тарианы тунг 2 дахь удаагаа найруулах гэж байхад Кали хлорид тариаг тарианы тэргэнцэр дээр ил байхыг хараагүй. Намайг Адреналин тариаг аваад ирэхэд Нарангэрэл эмч хүүхдэд зүрхний массаж, харин Цэндсүрэн сувилагч Кордамин тариаг хүүхдэд хийсэн гээд 3 граммтай тариур бариад зогсож байсан. Мөн намайг Адреналин тариаг 2 дахь удаагаа тунг 1 мм-ыг авч 10 грамм 0.9 проценттой натри хлоридоор шингэлж хүүхдийн уян зүүнд судсаар хий гэхээр нь хийсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 166-168-р хуудас/,

...Би Кали хлорид уусмалаар тариануудыг найруулж хүүхдэд хийгээгүй. Харин натри хлоридоор тариануудыг найруулж хийсэн. Талийгаач А.Ирмүүнд хийсэн аскорбины хүчил, кокорбокбилаза тариануудыг би өөрөө найруулсан. Эдгээр тариануудыг найруулахад надаас өөр эмч, сувилагч байгаагүй. 5-7 дахь өдрүүдийн эмчилгээнд орох тариа, тариуруудыг хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүст өөрт нь өгчихдөг юм, би зөвхөн 0.9 процентын натри хлоридыг аваад орсон. Учир нь 0.9 процентын натри хлорид дутуу байсан. Талийгаач А.Ирмүүний хэвтэн эмчлүүлж байсан тасагт ороход саван доторх тарианууд дунд 7.5 хувийн кали хлоридын уусмал байгаагүй. Харин дараа нь тэргэнцэр дээр ил байхыг харсан. Би хэн авчирч тавьсныг мэдэхгүй байна. Цэндсүрэн сувилагчаас асуухад “урд шөнө яаралтай тусламжаар ирсэн хүнд кали хлоридын уусмалыг 10 грамм-ыг 0.9 процентын натри хлоридоор шингэлж хийсэн” гэж хэлсэн. Би талийгаачид 7.5 хувийн Кали хлоридыг хийгээгүй, хүүхдэд эмчийн зааврын дагуу холимог шингэн буюу натри хлорид, кулкоз тариан дотор 2-3 граммыг хийж шингэлж хийсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 170-172-р хуудас/,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ариунтөгс мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2016 оны 05 дугаар сарын 14-ний өглөөний 08 цаг 55 минутанд би эхнэр, хүү хоёртой цай, хоол хийгээд эмнэлэг дээр очтол өрөөнд эмч, сувилагч нар нийлээд 5 хүн зогсож байсан. Намайг өрөө рүү ороход манай хүүгийн зүрх нь зогсчихсон, ямар ч амьсгаагүй, ухаангүй болчихсон байсан. Би “юу болоо вэ” гээд эхнэрээсээ асуухад “хүүд цагийн тариаг нь эрт хийхэд хүү ухаангүй болоод амьсгалахгүй байна” гэж уйлаад хэлсэн. Нарангэрэл эмч нь манай хүүд 2 эрхий хуруугаараа цээжин дээр нь хиймэл амьсгал хийж байсан. Цэндсүрэн гэдэг сувилагч нь манай хүүгийн аман дээр том хүний хиймэл амьсгал хийдэг маск тавиад базаж байсан. Нөгөө 3 эмч, сувилагч нар нь зэрэг манай хүүгийн хоёр гар, нэг хөлөнд нь буюу 3 мөчинд тариа зэрэг хийж байсан. Сүүлдээ үлдсэн нэг хөлөнд нь тариа хийсэн. Намайг орж ирснээс хойш 15 минутын дараа нөгөө том хүнд хиймэл амьсгал хийдэг маскийг хүүхдийн жижиг маскаар сольж, хиймэл амьсгал хийж эхэлсэн. Хүчилтөрөгчийн аппарат нь манай хүүд залгаатай байсан боловч доогуураа гуурс нь аппаратнаасаа салгаатай байсан. Тэгээд ухаан оролгүй нас барсан. Манай хүү 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, төрөхдөө ямар нэгэн хүндрэлгүй, эрүүл саруул төрсөн. Эм тарианы харшилгүй Яармагийн эмнэлэгт 2016 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хатгаа оноштойгоор хэвтсэн. Би хүүгийнхээ өрөө рүү 08 цаг 55 минутанд ороход миний хүүгийн зүрх нь зогсчихсон сэхээн амьдруулах үйл ажиллагааг эмч нар хийж байсан. Эмч нар бөөнөөрөө гараад явсны дараа 3 эмч өрөө рүү орох гэхэд нь би оруулаагүй, сүүлд нь Нарангэрэл эмч орж ирчихээд гараад явсан. Цагдаа нар ирээд үзлэг хийгээд, эм тариануудыг хурааж авсан. Харин ширээн дээр хурааж аваагүй жижиг ууттай, цэнхэр бичигтэй тариа үлдсэн. Мөрдөн байцаагч залуу Алтансувд сувилагчаас “энэ тариаг хийсэн үү” гэж асуухад Алтансувд “хийгээгүй” гэхээр нь хурааж авалгүй үлдээсэн юм. Би юмыг яаж мэдхэв гээд тарианы нэрийг хартал 7.5 гэсэн тоотой Кали хлорид тариа байсан. Би маш их гомдолтой байна. Одоог хүртэл сувилагч буруугаа хүлээж эхнэр, бид хоёроос уучлалт гуйгаагүй. Би оршуулгын зардалд гаргасан бүх зардал болох 2.472.500 төгрөгийг нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 48-53-р хуудас/,

 

Гэрч М.Нямсүрэн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: А.Ирмүүн нь 2016 оны 05 дугаар сарын 08-ны орой 22 цагийн үед манай эмнэлэгт ирж хэвтсэн. Халдварт өвчин судлалын эмнэлэгт улаан бурхан өвчний хатгаагаар 6 хоног эмчлэгдэж гараад, гэртээ 4 хоноод буцаж ханиалгаад, халуураад, амьсгаадаад манай эмнэлэгт хүргэгдэж ирсэн. Талийгаач хүү улаан бурхан өвчнөөр өвчлөөд удаагүй байсан учраас тусгаарлах өрөөнд хэвтүүлсэн. 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр эмчлэгч эмчээр хүүхдийг хүлээж аваад үзэх үед биеийн байдал хүндэвтэр, ухаантай, орчиндоо харьцаатай, цээж хонхолзсон, уушиг ширүүн шуугисан амьсгаатай, нойтон хэржигнүүртэй, уушигны хатгаа өвчний шинжтэй байсан. Өндөгний цус, биохими, цээжний зураг авах шинжилгээгээр уушигны хатгаа онош тогтоогдсон. 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүүхдийн биеийн байдал тогтворжиж, шинээр хийгдэж байгаа эмчилгээ үр дүнгээ өгч, биеийн байдал наашлах төлөвтэй болж ирсэн ба тухайн өдрийн 17 цагийн үед Нарангэрэл эмчид хүүхдийг хүлээлгэж өгсөн. Талийгаач А.Ирмүүнд витамин С, кокорбокилаза тариануудыг 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 12 цагийн зайтай хийж эхэлсэн. Дээрх хоёр тариаг хүүхдэд хийж эхэлсэн анхны өдрөөс харшил, урвал илрээгүй, тариаг хийснээс хойш биеийн байдал сайжирч байсан. Талийгаач хүүхдэд амьсгал, зүрх судасны талаас дутагдлын шинж байгаагүй. Эмчилгээний хуудсанд кали хлорид гэдэг тариа бичигдээгүй байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 54-56-р хуудас/,

 

Гэрч Б.Цэндсүрэн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2016 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Алтансувд намайг “Цэндээ” гэж орилоод дуудаад байхаар нь би хүүхдийн өрөөнд ороход Нарангэрэл эмч намайг “Кордамин тариаг 0.1 мл-ээр хий” гэхээр нь би хүүхдийн булчинд тариаг хийсэн. Дараа нь “Адреналин тариаг 0.1 мл-ээр 10 гр натри хлоридаар шингэлж судсаар нь хий” гэхээр нь би хүлээн авахаас Адреналин тариа 1 ампулыг авчраад тэргэнцэр дээрээс натри хлорид гээд 100 граммын флоконтой шингэнийг аваад хартал натри хлорид биш кали хлорид байсан. Би Алтансувдаас “натри хлорид чинь хаана байна” гэж асуутал “наана чинь байгаа” гэхээр нь тэргэнцэр дээр натри хлоридыг хайгаад олоогүй учраас хүлээн авах руу гүйгээд шинэ натри хлорид авчирч задлаад адреналиныг найруулж хүүхдэд судсаар хийсэн. Би урд өдрийн 20 цагийн үед хүлээн авах дээр яаралтайгаар ирсэн элэгний өвчтэй хүнд Кали хлорид тариаг Нацагмаа эмчийн заавраар хүлээн авахаас 100 граммын флоконтой шинэ Кали хлорид задлаад 10 граммыг нь авч 250 гр натри хлоридаар шингэлж өвчтөнд дуслаар хийсэн. Би Алтансувд сувилагчтай ээлж солигдох үед тэргэнцэр дээр натри хлорид байхгүй байсан ба миний урд шөнө нь хэрэглэсэн натри хлорид дуусчихсан байсан. Харин кали хлорид тариа 90 гр үлдсэн байсныг тэргэнцэрийн шургуулганд хийгээд Алтансувдад тэргэнцэрээ өгсөн. Би Алтансувдад тэргэнцэрийг хүлээлгэж өгөхдөө кали хлоридыг тэргэнцэрийн шургуулганд далд хийж өгсөн. Кали хлорид тариаг өмнөх өдөр нь 20 цагийн үед хийсэн учраас өглөө нь би устгаагүй, тарианаас 10 граммыг аваад 90 грамм буюу их хэмжээтэй үлдсэн учраас Алтансувдын ээлжин дээр кали хлорид тариаг хийх шаардлага гарч магадгүй гэж бодоод устгаагүй. Өвчтнүүдэд эмчилгээ яг тэдэн цагт хийх ёстой гэсэн зүйл байхгүй. Тухайн өвчтөнд тариаг хэдэн цагийн зайтай хэдэн цагт хийх ёстойг эмч эмчилгээний хуудсан дээр бичиж өгсний дагуу хийгддэг. 12 цагт хийх ёстой тариаг 12 цагтаа л хийх ёстой...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 57-62-р хуудас/,

 

Гэрч Л.Сайнбаяр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2016 оны 05 дугаар сарын 14-ний өдөр би жижүүрээс буух гээд эмч нарын өрөөнд мэдээгээ бичээд сууж байтал Алтансувд сувилагч “Сайнаа эмчээ” гээд намайг дуудсан. Нарангэрэл эмч бид 2 хамт хүүхдийн тусгаарлах өрөө рүү ортол хүүхэд ээжийнхээ өвөр дээр царай нь хөхөрчихсөн байсан. Алтансувд сувилагч “витамин С тариаг хийсэн чинь хөхөрчихлөө” гэж хэлсэн. Би чагнуураар зүрхийг нь чагнаж үзэхэд зүрхний цохилт сонсогдохгүй байхаар нь би хүүхдийг ээжийнх нь өвөр дээр байхад нь хүүхдэд амьсгал дэмжих зүрхний массаж 10 секунт орчим хийхэд хүүхэд уйлаад амьсгалж эхэлсэн. Зүрхний цохилт нь хэвийн болж эхэлсэн. Тэгээд Нарангэрэл эмч бид 2 юу болсон талаар сувилагч, хүүхдийн ээж хоёртой ярилцаж байгаад одоо зүрхний цохилт хэвийн болсон юм чинь тариурт байсан кокор тариагаа хийчих гээд Алтансувд сувилагчид хэлэхэд сувилагч тариаг хүүхдийн уян зүүгээр шахсан. Кокор тариа талдаа орж байхад хүүхэд уйлаад царай нь дахиад хөхрөөд ирсэн. Нарангэрэл эмч хүүхдийг ээжийнх нь өвөр дээрээс нь аваад орон дээр тавиад Алтансувд сувилагчийг “адреналин 0.1-ээр хийчих” гэж хэлээд өөрөө зүрхэн дээр нь массаж хийсэн. Би амьсгал, дэмжигч хүүдий маскаар хүүхдэд хийх зааврын дагуу амьсгалыг нь дэмжиж байсан. Тэгээд хүүхдийн зүрх буцаж цохилохгүй байсан учраас сэхээн амьдруулалтыг зогсоосон. Нарангэрэл эмч тарианы тэргэнцэр дээр 7.5 проценттой кали хлорид тариа байхаар нь авч гараад Ганчимэг эмч бид гурав Цэндсүрэн сувилагчаас “7.5 проценттой кали хлорид тариа ямар учиртай тэргэнцэр дээр гараад ирсэн бэ” гэж асуухад “урд шөнө том хүн хүлээн авах дээр ирээд кали хлоридыг хийсэн юм. Гэхдээ ийм жаахан үлдээгүй дээ” гэж Цэндсүрэн сувилагч хэлэхээр нь бид гурав Алтансувд сувилагчаас “энэ ямар учиртай юм бэ, чи тариануудаа энүүгээр найруулаагүй биз дээ, натри хлорид чинь хаана байсан юм бэ, Цэндсүрэн натри хлорид байхгүй байна гээд гарч гүйгээд шинээр авчраа биз дээ” гээд кали хлоридыг харуулсан чинь Алтансувд сувилагч би сүүлийн тариаг найруулсан байх, натри хлорид цонхон дээр байсан гэж хэлсэн. Өөр зүйл яриагүй дуугүй зогсоод байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 65-69-р хуудас/,

 

Гэрч Ч.Мөнгөнтуяа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 3.800 гр хүүтэй болсон. Хүү маань эрүүл саруул, хэвийн төрсөн. Гэртээ гарснаас хойш хэвийн бойжиж байсан. 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр бие дээгүүр нь юм туураад халуураад байхаар нь түргэн дуудаж үзүүлэхэд “халуурсан” байна гээд явсан, бид нар “Кор байж магадгүй” гээд өөрсдөө Халдварын эмнэлэгт очоод үзүүлтэл “хэвт” гээд тэр өдрөө шууд хэвтүүлсэн. Халдварын эмнэлэгт 6 хоног эмчлэгдээд 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр гарсан. 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс хүү маань ханиалгаж эхэлсэн, 2016 оны 05 дугаар сарын 07-ны өдөр ханиалга нь ихсээд халуураад, түргэн дуудаж Яармагийн Нэгдсэн эмнэлэгт хэвтсэн. 5 хоногийн хугацаанд манай хүүд эмчилгээ хэвийн хийгдэж байсан. 2016 оны 05 дугаар сарын 14-ний өглөө сувилагч Алтансувд 08 цаг 30 минутанд витамин С тариаг хийсэн. Тариа хийхээс өмнө миний хүү унтаж байсан болохоор би сувилагчид “хүүгээ сэрээх үү” гэж хэлэхэд “тайван унтаж байгаа юм чинь зүгээр” гээд тариаг шууд хийсэн. Мөн тариа хийхээс өмнө “12 цагт хийх тариаг яагаад одоо хийж байгаа юм бэ” гэж асуухад “зүгээрээ, нярайгаас эхлээд тариагаа тойроод хийж байна” гэж хэлсэн. Витамин С тариаг хийж дуусангуут миний хүү сэрээд уйлсан, уйлангуутаа чимээгүй болоод царай нь хөхрөөд сонин болчихоор нь би “эмчээ дуудаач ээ” гэхэд сувилагч гараад эмчээ дуудсан. Нарангэрэл эмч эхлээд ганцаараа орж ирээд манай хүүг чагнаж үзээд шууд зүрхний массаж хийсэн. Араас нь дахиад нэг эмч орж ирээд манай хүүг чагнаж үзээд байсан. Удалгүй манай хүүхэд уйлаад зүрх нь цохилоод хэвэндээ орсон. Энэ үед Алтансувд сувилагчийн бэлдчихсэн байсан тариаг Нарангэрэл эмч асуутал сувилагч “кокор” гэж хариулсан. Нарангэрэл эмч “наадахаа хийчих” гээд миний хүүгийн уян зүү рүү кокор тариаг хийгээд эхний 2-3 граммыг шахаж байхад хүүгийн царай дахиад хөхрөөд зүрх нь зогсчихсон. Эмч тариаг гүйцэт хийлгэлгүй “боль” гэж болиулаад “Адреналин тариа аваад ир” гэж сувилагчид хэлэхэд сувилагч гараад нэг ампултай тариа авчирч найруулаад хийгээд байсан. Эмч болохоор манай хүүхдэд зүрхний массаж хийгээд байсан. Энэ үед манай нөхөр гаднаас орж ирээд бид хоёр хараад зогсож байсан. Дахиад адреналин тариа тарьсан, бас өөр тариаг нөгөө хөлөнд нь болон гарынх нь булчинд өөр сувилагч тарьсан боловч миний хүү буцаж сэргээгүй. Хүүд маань урд өдрүүдэд витамин С тариа, кокор тариануудыг хийж байхад хүндрэл ерөөсөө болоогүй. Манай хүү хэвийн байсан. Мөн өмнө нь яг цагаараа тариаг тарьж байсан, сувилагч 11 цагт өрөөнд орж ирээд тариагаа найруулаад яг цагтаа тарьдаг байсан. Цагаасаа өмнө тариа хийж байгаагүй. Хоёр эмч орж ирээд массаж хийгээд миний хүү эргээд хэвийн байдалдаа орсон. Алтансувд сувилагчийн найруулаад бэлдчихсэн байсан кокор тариаг 2-3 граммыг шахаж байхад буцаад хүүгийн минь царай хөхрөөд уйлахаа болиод зүрх нь зогссон. Алтансувд сувилагч тариануудыг найруулахдаа манай өрөөнд, миний хажууд найруулсан. Тариа найруулахдаа ганцаараа байсан, би тариануудыг найруулсан шингэний савыг анзаарч хараагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 75-78-р хуудас/,

 

Гэрч Г.Цэцэгсүрэн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Чанарын албаны хурал дээр А.Ирмүүн нас барсан асуудлаар ярьж, нас барсан шалтгааныг нь тухайн өдөрт жижүүрт гарсан эмч, сувилагч нараас асуусан. Кали хлорид тарианы талаар эхлээд яриагүй, хурлын сүүлд тарианы тэргэнцэр дээр эм, тариаг бүгдийг нь цэвэрлэж, дараагийн сувилагчид хүлээлгэж өгсөн талаар асуухад Алтансувд сувилагч тэргэнцэрийн шургуулганд кали хлорид байсан гэж хэлсэн. Цэндсүрэн сувилагчаас асуухад урд өдөр нь хүнд өвчтэй хүн ирээд Нацагмаа эмчийн заавраар хийсэн ба үлдэгдэл кали хлорид тариаг тэргэнцэрийн шургуулганд хийгээд Алтансувдад ээлжээ өгсөн гэж хурал дээр ярьсан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 87-88-р хуудас/,

            Гэрч Д.Нарангэрэл мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2016 оны 05 дугаар сарын 14-ний өглөө 07.30 минутын үед А.Ирмүүний өрөөнд орж үзлэг хийхэд биеийнх нь байдал хэвийн байсан. Би өрөөндөө орж мэдээгээ бичээд сууж байтал 5 орчим минутын дараа Алтансувд сувилагч сандарсан байдалтай эмч нарын өрөөгөөр шагайгаад “Сайнбаяр эмчээ” гэж дуудаад буцаад яваад өгсөн. Дараа нь Сайнбаяр эмч бид хоёр очтол хүүхдийн царай хөхөрчихсөн, сувилагч хүчилтөрөгч залгасан байсан. Сайнбаяр эмч бид хоёр зэрэг зүрхийг нь чагнаад үзтэл зүрх нь зогсчихсон байсан, хүүхдийн уян зүүнд 10 гр-ын тариуртай тариаг холбочихсон, тарианы тэргэнцэр дээр хийж дууссан бололтой 5 гр-ын хоосон тариур бас тавьчихсан байсан. Би сувилагчаас ямар учиртайг асуухад “витамин С тариа хийсэн” гэсэн. Энэ үед Сайнбаяр эмч хүүхдэд зүрхний массаж хийж, би зүрхийг нь чагнаж байсан. 5-6 удаа массаж хийхэд хүүхдийн зүрх цохилж эхэлсэн. Тэгээд би Алтансувд сувилагчийг “адреналин тариа авчраад 0.1 мл-ыг 10 гр натри хлоридоор шингэлж бэлд” гэж хэлээд хүүхдийн зүрхний цохилтыг чагнаад үзтэл 86-90 удаа бүдгэвтэр, хэвийн хэмжээнээсээ цөөн цохилж байсан учир адреналин тариаг шууд хийж болохгүй байсан. 10 гр-ын тариурт бэлдчихсэн байсан тариаг сувилагчаас “энэ юун тариа вэ” гэж асуухад “25 мл кокорыг 10 гр натри хлоридоор найруулсан” гэхээр нь Сайнбаяр эмч бид хоёр ярилцаж байгаад “кокор тариаг хийчих” гэж сувилагчид хэлсэн. Сувилагч тариаг хүүхдийн уян зүүгээр шахаад 5-6 гр-ыг хийж байтал хүүхдийн царай хөхрөөд зүрх нь буцаад зогсчихоор нь кокорыг гүйцэт шахуулж дуусгалгүйгээр шууд салгуулаад “адреналин тариаг 0.1 мл-ыг хий” гэж хэлсэн. Би энэ үед хүүхдэд зүрхний массаж хийж, Сайнбаяр эмч тэлэгч хүүдий маскаар амьсгалыг нь дэмжиж байсан. Тэгээд зүрх нь цохилохгүй байхаар нь 5 минут орчмын дараа Алтансувд сувилагчид “адреналин тарианы 2 дахь тунг 0.1 мл-ээр 10 гр натри хлоридоор шингэлж хий” гэж хэлээд би өөрөө зүрхний массаж хийсэн. Тэгээд зүрх нь орж ирэхгүй байсан учраас Цэндсүрэн “адреналин тарианы 3 дахь тунг 0.1 мл-ээр 10 гр натри хлоридоор шингэлж хий” гэхэд Цэндсүрэн тарианы тэргэнцэр дээр байсан 100 гр ууттай шингэнийг авч харчихаад буцаад тэргэнцэр дээр тавиад Алтансувдаас “натри хлорид чинь хаана байна” гэхэд “наана чинь байгаа” гэж хэлсэн. Цэндсүрэн ямар нэгэн юм хэлэлгүйгээр дуугүй гүйж гараад 100 гр-тай натри хлорид авчраад адреналинтай хольж хүүхдэд хийж байхыг би харсан. Сэхээн амьдруулалт 30 минут үргэлжлэхэд хүүхдийн зүрх сэргээгүй. Тэгээд Цэндсүрэнгийн аваад буцааж тавьсан 100 гр-тай ууттай шингэн нь 7.5 проценттой Кали хлорид байхаар нь би авч гараад хүүхдийн өвчний түүхэн дээр бичигдсэн эмчилгээтэй тулгаж үзтэл Кали хлорид тариа хүүхдийн эмчилгээнд байхгүй байхаар нь би Цэндсүрэн сувилагч дээр очоод “Кали хлорид тариа хүүхдийн эмчилгээнд бичигдээгүй байна ш дээ, яагаад тарианы тэргэнцэр дээр байгаа юм бэ” гэж асуутал энэ тэргэнцэрийг хүлээн авахын яаралтай тусламжинд хэрэглэдэг юм, урд шөнө хүлээн авахын яаралтай тусламж дээр элэгний өвчтэй хүн ирээд “Нацагмаа эмч 10гр Кали хлорид дусалтай надаар хийлгүүлсэн юм, гэхдээ кали хлорид үүнээс их байсандаа би 10 гр-ыг нь авч хийгээд үлдснийг нь би тэргэнцэрийн шургуулганд хийчихсэн байсан наад Алтансувд чинь тариа найруулчихсан юм биш биз дээ” гэж хэлэхээр нь Алтансувд сувилагчаас “тарианы тэргэнцэр дээр яагаад Кали хлорид байгаа юм бэ” гэхэд Алтансувд дуугүй зогсож байгаад “сүүлийн Адреналин тариаг найруулчихсан байх” гээд сулхан хэлсэн. Алтансувдын Кали хлоридоор Адреналин тариаг найруулсан байхаа гэж хэлэхэд нь би хүүхдэд хийсэн Витамин С, Кокор тариануудыг найруулаад хүүхдийн зүрх зогсчихсон юм биш байгаа даа гэж дотроо бодоод Сайнбаяр, Ганчимэг эмч хоёртой ярилцаад энэ тариаг буцааж талийгаач хүүхдийн өрөөнд оруулж тавиад шалгуулсан дээр юм байна гээд тариаг өрөөнд оруулах гээд очтол хүүхдийн аав нь өрөөнд оруулахгүй байсан. Би 15 минутын дараа Кали хлорид тариаг эмчийн хувцасныхаа халаасанд хийгээд өрөөнд орж зогсоход аав нь намайг гар гэж хэлэхгүй, дуугарахгүй байхаар нь би тариаг халааснаасаа гаргаад тарианы тэргэнцэр дээр тавьчихаад гараад явсан. 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 13 цагт манай эмнэлгийн Чанарын багийн хурал дээр Ирмүүн нас барсан асуудлаар хуралдсан, уг хурал дээр Алтансувд сувилагч Кали хлорид тариаг цагдаа нар хурааж авч яваагүй байхаар нь би тэр тариаг аваад устгачихсан гэж хэлсэн. Тэр хуралд оролцсон бүх хүмүүс Алтансувд сувилагчийн хэлэхийг сонссон. Кали хлорид тариа нь кали нөхнө, булчингийн ашиглалтыг сайжруулна. Хэрэв калийн ихсэлт явагдвал зүрхний ашгих ажиллагаа дарангуйлж зүрх зогсоно. Кали хлоридыг тариагаар хэрэглэх тохиолдолд натри хлоридоор 10 дахин шингэлж заавал дуслаар хийнэ. Тариагаар шахаж хийж болохгүй. Кокорбокилаза тариаг хийсний дараа Адреналин тариа хийж болно. Кокор тариаг талийгаачид 1 удаа хийхдээ дуусгаагүй. Учир нь 5-6 грамм шахагдаад хүүхдийн царай хөхрөөд зүрх нь зогсохоор нь тариаг болиулсан. Ийм тохиолдолд хүүхдийг эрчимт эмчилгээний тасалгаа руу шилжүүлж зөөвөрлөх боломж байгаагүй...гэх мэдүүлэг \хх-ийн 1-р хавтас 79-84-р хуудас/,

 

Шинжээч эмч Ж.Ганцэнгэл мөрдөн байцалтанд мэдүүлэхдээ: Адреналин, аскорбины хүчил, кокорбокилаза, тариануудыг 0,9 процентын натри хлоридоор найруулж хийх ёстой. Кали хлоридоор дээрх тариануудыг найруулж судсаар хийж болохгүй. Зөвхөн 0,9 процентын натри хлоридоор найруулж судсаар хийнэ. Кали хлорид тариаг зүрх судасны үйл ажиллагааг дэмжих зорилгоор хийдэг. Гэхдээ 100 мл, 200 мл-ийн натри хлоридод шингэлж дуслаар хийдэг. Адреналин, кордамин, кокорбокилаза тарианууд нь хүний зүрх судасны үйл ажиллагааг дэмжих үйлчилгээтэй. Аскорбины хүчил тариа нь судасны ханыг бэхжүүлэн, биеийн эсэргүүцэл сайжруулах үйлчилгээтэй...гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 1-2-р хуудас/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 937  дугаартай дүгнэлтэнд:

1. А.Ирмүүний бие цогцост үзлэг хийгдсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр дотор эрхтнүүдэд үхэлд хүргэх гэмтэл тогтоогдоогүй.

2. А.Ирмүүн нь эмийн хүчтэй харшил, урвалын шоконд орж гэнэт нас баржээ.

3. Цус нь АВО-н системээр 0 /I/-р бүлэгтэй болно.

4. А.Ирмүүн нь анх хэвтэж эмчлүүлсэн онош зөв тавигдсан бөгөөд уушигны хатгаа өвчний эмчилгээ зохих ёсоор явагдаж байжээ.

5. Үхэлд шууд хүргэх архаг өвчин тогтоогдохгүй байна.

6. А.Ирмүүний биед нас барахын өмнө хийгдсэн эмийн бодист хүчтэй харшил өгч шокийн байдалд орсон шинж илэрч байна.

7. Тухайн үед хийгдсэн гэх адреналин тариаг хэт өндөр тунгаар хийсэн байна. /хх-ийн 1-р хавтас 94-98-р хуудас/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн 1291 дугаартай дүгнэлтэнд:

1. Хохирогч А.Ирмүүний бие цогцост гэмтэл тогтоогдохүй байна.

2. Хохирогч нь улаан бурхан өвчний дараах хүнд зэргийн уушгины үрэвсэл, гуурсан хоолой бөглөрших хам шинж бүхий өвчтэй байжээ.

3. Хохирогч нь О /I/-р бүлгийн цустай байна.

4. Хохирогч нь эмийн хүчтэй харшил, урвалын шоконд орж нас баржээ.

5. Шинжээч эмч С.Одончимэгийн 2016.06.21-ний 937 дугаартай дүгнэлтэнд талийгаач эмийн хүчтэй харшил, урвалын шоконд орж гэнэт нас барсан гэдэгтэй санал нэг байна. Талийгаач нь адреналин, аскорбины хүчил, кокорбокилаза тариаг 7.5 хувийн калийн хлоридын уусмалаар найруулж судсаар хийсэн нь үхэлд хүргэжээ. /хх-ийн 1-р хавтас 113-116-р хуудас/,

 

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын эм, био бэлдмэлийн хяналтын улсын байцаагч Г.Мөнхбатын дүгнэлтэнд “...Шинжилгээнд илрүүлсэн үл мэдэх шингэнийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа, лабораторийн эмийн хяналтын итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлэхэд 2016-1085 дугаар бүхий шинжилгээний дүнгээр кали болон хлоридын таних урвал өгсөн байна. Шинжилгээнд ирүүлсэн үл мэдэх тариуртай шингэн нь /кокарбоксилаз/ химийн шинжилгээгээр кали болон хлоридын таних урвал өгсөн байна. /хх-ийн 1-р хавтас 137-р хуудас/,

 

Эмийн хяналтын итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүн №2016-1085 “тариуртай үл мэдэх шингэн нь химийн шинжилгээгээр кали болон хлоридын таних урвал өгч байна. /хх-ийн 1-р хавтас 140-р хуудас/,

 

Монгол улсын MNS4621:2008 стандарт /хх-ийн 2-р хавтас 54-59-р хуудас/,

 

           Шүүгдэгч Ө.Алтансувдын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 1-р хавтас 175-р хуудас/,

 

            Шүүгдэгч Ө.Алтансувдын хувийн  байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 2-р хавтас 191-218-р хуудас/ зэрэг болно.

 

           Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар:

 

   Шүүгдэгч Г.Алтансувд нь 2016 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасгийн сувилагчаар ажиллаж байхдаа тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 1 сар 15 хоногтой А.Ирмүүний эмчилгээний хуудсан дээрх аскорбины хүчил, кокорбоксилаза тариануудыг 0.9 хувийн натри хлоридын уусмалаар найруулж, өвчтөнд тарих ёстой байтал 7.5 хувийн кали хлоридын уусмалаар найруулан судсаар нь хийж, Монгол улсын MNS 4621:2008 стандартыг зөрчиж, өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас А.Ирмүүн нь эмийг хүчтэй харшил урвалын шоконд орж нас барсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ариунтөгсийн “...Намайг өрөө рүү нь ороход манай хүүгийн зүрх нь зогсчихсон, ямар ч амьсгаагүй, ухаангүй болчихсон байсан. Би “юу болоо вэ” гээд эхнэрээсээ асуухад “хүүд цагийн тариаг нь эрт хийхэд хүү ухаангүй болоод амьсгалахгүй байна” гэж уйлаад хэлсэн. Нарангэрэл гэдэг эмч нь манай хүүд 2 эрхий хуруугаараа цээжин дээр нь хиймэл амьсгал хийж байсан. Цэндсүрэн гэдэг сувилагч нь манай хүүгийн аман дээр том хүний хиймэл амьсгал хийдэг маск тавиад базаж байсан. Нөгөө 3 эмч, сувилагч нар нь зэрэг манай хүүгийн хоёр гар, нэг хөлөнд нь буюу 3 мөчинд тариа зэрэг хийж байсан. Сүүлдээ үлдсэн нэг хөлөнд нь тариа хийсэн. Намайг орж ирснээс хойш 15 минутын дараа нөгөө том хүнд хиймэл амьсгал хийдэг маскийг хүүхдийн жижиг маскаар сольж, хиймэл амьсгал хийж эхэлсэн. Хүчилтөрөгчийн аппарат нь манай хүүд залгаатай байсан боловч доогуураа гуурс нь аппаратаасаа салгаатай байсан. Ингээд зүрх зогсноос хойш буюу намайг орж ирснээс хойш 20 орчим минутын дараа манай хүүгийн ам руу нь гуурстай сорогч хийгээд соруулсан чинь хүүгийн ам хамраас сүү нь гарч байсан. Тэгээд ухаан оролгүй нас барсан.

...Манай хүү Яармагийн эмнэлэгт 2016 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хатгаа оноштойгоор хэвтсэн. Би хүүгийнхээ өрөө рүү 08 цаг 55 минутанд ороход миний хүүгийн зүрх нь зогсчихсон сэхээн амьдруулах үйл ажиллагааг эмч нар хийгээд байж байсан. Эмч нар бөөнөөрөө гараад явсны дараа 3 эмч өрөө рүү орох гэхэд нь би оруулаагүй, сүүлд нь Нарангэрэл эмч орж ирчихээд гараад явсан. Цагдаа нар ирээд үзлэг хийгээд, эм тариануудыг хурааж авсан. Харин ширээн дээр хурааж аваагүй жижиг ууттай, цэнхэр бичигтэй тариа үлдсэн. Мөрдөн байцаагч Алтансувд сувилагчаас “энэ тариаг хийсэн үү” гэж асуухад Алтансувд “хийгээгүй” гэхээр нь хурааж авалгүй үлдээсэн юм. Би юмыг яаж мэдхэв гээд тарианы нэрийг хартал 7.5 гэсэн тоотой Кали хлорид тариа байсан....гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 48-53-р хуудас/,

... Би 2016 оны 05 дугаар сарын 14-ний өглөө 08.50 минутын үед эмнэлгийн гадна очоод хүүхдийн өрөөний цонхоор харахад эмч, сувилагч нар нааш цааш яваад бужигналдаж манай хүүд эмч, сувилагч нар хиймэл амьсгал хийж байсан. Намайг хүүхдийн өрөөнд ороход 08.55 цаг болж байсан. Манай хүүд зүүлгэсэн амьсгалын аппарат нь томдсон байсан ба уг аппаратыг зүүлгэсэн боловч доогуураа гуурс нь аппаратнаасаа салгаастай байсан. Тэр үед Цэндсүрэн сувилагч гаднаас 2 удаа тариа авчирч хүүд хийсэн. Хүүгийн биеийн байдлыг харахад аль хэдийн зүрхний үйл ажиллагаа нь зогссон шинжтэй царай нь хөхөрчихсөн байсан. Түүний дараагаар эмч, сувилагч нар бөөнөөрөө 2 удаа гарч, орж тариа хийсэн Дараа нь мөрдөн байцаагч нар ирэхэд тэргэнцэр дээр кали хлорид байгааг би харсан. Мөрдөн байцаагч нар эмч нарын өөрсдийнх нь хийсэн тариануудыг бариулж байгаад тэмдэглэл үйлдсэн. Хүүхдийн өрөөний хажууд сэхээн амьдруулах тасаг байхад яагаад манай хүүг тэр өрөө рүү оруулаагүйд гайхаж байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд оршуулгын зардлыг Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн удирдлагаас болон Алтансувд нар бүрэн төлж барагдуулсан тул одоо мөнгөн дүнгээр нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

 

Гэрч М.Нямсүрэнгийн “...Халдварт өвчин судлалын эмнэлэгт улаан бурхан өвчний хатгаагаар 6 хоног эмчлэгдэж гараад, гэртээ 4 хоноод буцаж ханиалгаад, халуураад, амьсгаадаад манай эмнэлэгт хүргэгдэж ирсэн. 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр эмчлэгч эмчээр хүүхдийг хүлээж аваад үзэх үед биеийн байдал хүндэвтэр, ухаантай, орчиндоо харьцаатай, цээж хонхолзсон, уушиг ширүүн шуугисан амьсгаатай, нойтон хэржигнүүртэй, уушигны хатгаа өвчний шинжтэй байсан. Өндөгний цус, био хими, цээжний зураг авах шинжилгээгээр уушигны хатгаа онош тогтоогдсон. Талийгаач А.Ирмүүнд витамин С, кокорбокилаза тариануудыг 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 12 цагийн зайтай хийж эхэлсэн анхны өдрөөс харшил, урвал илрээгүй ба үүнээс хойш биеийн байдал нь сайжирч байсан. Талийгаач хүүхдэд амьсгал, зүрх судасны талаас дутагдлын шинж байгаагүй. Эмчилгээний хуудсанд кали хлорид гэдэг тариа бичигдээгүй байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 54-56-р хуудас/,

 

Гэрч Б.Цэндсүрэнгийн “...Хүүхдийн өрөөнд дөнгөж ороход Нарангэрэл эмч намайг “Кордамин тариаг 0.01 мл-ээр хий” гэхээр нь би хүүхдийн булчинд тариаг хийсэн. Дараа нь “Адреналин тариаг 0.1 мл-ээр 10 гр натри хлоридаар шингэлж судсаар нь хий” гэж Нарангэрэл эмчийг хэлэхээр нь би хүлээн авахаас Адреналин тариа 1 ампулыг авчраад тэргэнцэр дээрээс натри хлорид гээд 100 граммын флоконтой шингэнийг аваад хартал натри хлорид биш кали хлорид байсан. Би Алтансувдаас “натри хлорид чинь хаана байна” гэж асуутал “наана чинь байгаа” гэхээр нь тэргэнцэр дээр натри хлорид хайгаад олоогүй учраас хүлээн авах руу гүйгээд шинэ натри хлорид авчирч задлаад адреналиныг найруулж хүүхдэд судсаар хийсэн. Би урд өдрийн 20 цагийн орчим хүлээн авах дээр яаралтайгаар ирсэн элэгний өвчтэй хүнд Кали хлорид тариаг Нацагмаа эмчийн заавраар хүлээн авахаас 100 граммын флоконтой шинэ Кали хлорид задлаад 10 граммыг нь авч 250 гр натри хлоридаар шингэлж өвчтөнд дуслаар хийсэн. Би Алтансувд сувилагчтай ээлж солигдох үед тэргэнцэр дээр натри хлорид байхгүй байсан ба миний урд шөнө нь хэрэглэсэн натри хлорид дуусчихсан байсан, харин кали хлорид тариа 90 гр үлдсэн байсныг тэргэнцэрийн шургуулганд хийгээд Алтансувдад тэргэнцэрээ өгсөн. Би Алтансувдад тэргэнцэрийг хүлээлгэж өгөхдөө кали хлоридыг тэргэнцэрийн шургуулганд далд хийж өгсөн. Кали хлорид тариаг өмнөх өдөр нь 20 цагийн үед хийсэн учраас өглөө нь би устгаагүй, тарианаас 10 граммыг аваад 90 грамм буюу их хэмжээтэй үлдсэн учраас Алтансувдын ээлжин дээр кали хлорид тариаг хийх шаардлага гарч магадгүй гэж бодоод устгаагүй юм. Өвчтнүүдэд эмчилгээ яг тэдэн цагт хийх ёстой гэсэн зүйл байхгүй. Тухайн өвчтөнд тариаг хэдэн цагийн зайтай хэдэн цагт хийх ёстойг эмч эмчилгээний хуудсан дээр бичиж өгсний дагуу хийгддэг. 12 цагт хийх ёстой тариаг 12 цагтаа л хийх ёстой...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 57-62-р хуудас/,

 

Гэрч Л.Сайнбаярын “...Нарангэрэл эмч бид 2 хамт хүүхдийн тусгаарлах өрөө рүү ортол хүүхэд ээжийнхээ өвөр дээр царай нь хөхөрчихсөн байсан. Алтансувд сувилагч “витамин С тариаг хийсэн чинь хөхөрчихлөө” гэж хэлсэн. Би чагнуураар зүрхийг нь чагнаж үзэхэд зүрхний цохилт сонсогдохгүй байхаар нь би хүүхдийг ээжийнх нь өвөр дээр байхад нь хүүхдэд амьсгал дэмжих зүрхний массаж 10 секунт орчим хийхэд хүүхэд уйлаад амьсгалж эхэлсэн. Зүрхний цохилт нь хэвийн болж эхэлсэн. Одоо зүрхний цохилт хэвийн болсон юм чинь тариурт байсан кокор тариагаа хийчих гээд Алтансувд сувилагчид хэлээд сувилагч тариаг хүүхдийн уян зүүгээр шахсан. Кокор тариа талдаа орж байхад хүүхэд уйлаад царай нь дахиад хөхрөөд ирсэн. Нарангэрэл эмч хүүхдийг ээжийнх нь өвөр дээрээс нь аваад орон дээр тавиад Алтансувд сувилагчийг “адреналин 0.1-ээр хийчих” гэж хэлээд өөрөө зүрхэн дээр нь массаж хийсэн. Би амьсгал, дэмжигч хүүдий маскаар хүүхдэд хийх зааврын дагуу амьсгалыг нь дэмжихэд хүүхдийн зүрх буцаж цохилохгүй байсан учраас сэхээн амьдруулалтыг зогсоосон. Нарангэрэл эмч тарианы тэргэнцэр дээр 7.5 проценттой кали хлорид тариа байхаар нь авч гараад Ганчимэг эмч бид гурав Цэндсүрэн сувилагчаас “7.5 проценттой кали хлорид тариа ямар учиртай тэргэнцэр дээр гараад ирсэн бэ” гэж асуухад урд шөнө том хүн хүлээн авах дээр ирээд кали хлоридыг хийсэн юм. Гэхдээ ийм жаахан үлдээгүй дээ” гэж хэлэхээр нь бид гурав Алтансувд сувилагчаас “энэ ямар учиртай юм бэ, чи тариануудаа энүүгээр найруулаагүй биз дээ натри хлорид чинь хаана байна” гээд кали хлоридыг харуулсан чинь Алтансувд сувилагч “би сүүлийн тариаг найруулсан байх, натри хлорид цонхон дээр байсан” гэж хэлсэн. Өөр зүйл яриагүй дуугүй зогсоод байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 65-69-р хуудас/,

 

Гэрч Ч.Мөнгөнтуяагийн “...2016 оны 05 дугаар сарын 07-ны өдөр ханиалга нь ихсээд халуураад, түргэн дуудаж Яармагийн нэгдсэн эмнэлэгт хэвтсэн. 5 хоногийн хугацаанд манай хүүд эмчилгээ хэвийн хийгдэж байсан. 2016 оны 05 дугаар сарын 14-ний өглөө сувилагч Алтансувд 08 цаг 30 минутанд витамин С тариаг хийсэн. Тариа хийхээс өмнө миний хүү унтаж байсан болохоор би сувилагчид “хүүгээ сэрээх үү” гэж хэлэхэд “тайван унтаж байгаа юм чинь зүгээр” гээд тариаг шууд хийсэн. Мөн тариа хийхээс өмнө “12 цагт хийх тариаг яагаад одоо хийж байгаа юм бэ” гэж асуухад “зүгээрээ, нярайгаас эхлээд тариагаа тойроод хийж байна” гэж хэлсэн. Витамин С тариаг хийж дуусангуут миний хүү сэрээд уйлсан, дөнгөж уйлангуутаа чимээгүй болоод царай нь хөхрөөд сонин болчихсон, би “эмчээ дуудаач ээ” гэхэд сувилагч гараад эмчээ дуудсан. Нарангэрэл эмч эхлээд ганцаараа орж ирээд манай хүүг чагнаж үзээд шууд зүрхний массаж хийсэн. Араас нь дахиад нэг эмч орж ирээд манай хүүг чагнаж үзээд байсан. Удалгүй манай хүүхэд уйлаад эргээд зүрх нь цохилоод хэвэндээ орсон. Энэ үед Алтансувд сувилагчийн бэлдчихсэн байсан тариаг Нарангэрэл эмч асуутал сувилагч “кокор” гэж хариулсан. Нарангэрэл эмч “наадахаа хийчих” гээд миний хүүгийн уян зүү рүү кокор тариаг хийгээд дөнгөж эхний 2-3 граммыг шахаж байхад дахиад хүүгийн царай хөхрөөд зүрх нь зогсчихсон. Эмч тариаг гүйцэт хийлгэлгүй “боль” гэж болиулаад “Адреналин тариа аваад ир” гэж сувилагчид хэлэхэд сувилагч гараад нэг ампултай тариа авчирч найруулаад хийгээд байсан, эмч болохоор манай хүүхдэд зүрхний массаж хийгээд байсан. Энэ үед манай нөхөр гаднаас орж ирээд бид хоёр хараад зогсож байсан. Дахиад адреналин тариа тарьсан, бас өөр тариаг нөгөө хөлөнд нь болон гарынх нь булчинд өөр сувилагч тарьсан боловч миний хүү буцаж сэргээгүй. Хүүд маань урд өдрүүдэд витамин С тариа, кокор тариануудыг хийж байхад хүндрэл ерөөсөө болоогүй. Манай хүү хэвийн байсан. Мөн өмнө нь яг цагаараа тарьж байсан, сувилагч 11 цагт өрөөнд орж ирээд тариагаа найруулаад яг цагтаа тарьдаг байсан. Цагаасаа өмнө тариа хийж байгаагүй. Хоёр эмч орж ирээд массаж хийгээд миний хүү эргээд хэвийн байдалдаа орсон. Тэгээд Алтансувд сувилагчийн найруулаад бэлдчихсэн байсан кокор тариаг 2-3 граммыг шахаж байхад буцаад хүүгийн минь царай хөхрөөд уйлахаа болиод зүрх нь зогссон. Алтансувд сувилагч тариануудыг найруулахдаа манай өрөөнд, миний хажууд найруулсан. Тариа найруулахдаа ганцаараа байсан, би тариануудыг найруулсан шингэний савыг анзаарч хараагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 75-78-р хуудас/,

 

            Гэрч Д.Нарангэрэлийн “...Алтансувд сувилагч сандарсан байдалтай эмч нарын өрөөгөөр шагайгаад Сайнбаяр эмчээ гэж дуудаад буцаад яваад өгсөн. Дараа нь Сайнбаяр эмч бид хоёр очтол хүүхдийн царай хөхөрчихсөн, сувилагч хүчилтөрөгч залгасан байсан. Сайнбаяр эмч бид хоёр зэрэг зүрхийг нь чагнаад үзтэл зүрх нь зогсчихсон байсан, хүүхдийн уян зүүнд 10 гр-ын тариуртай тариаг холбочихсон, тарианы тэргэнцэр дээр хийж дууссан бололтой 5 гр-ын хоосон тариур бас тавьчихсан байсан. Би сувилагчаас ямар учиртайг асуухад “витамин С тариа хийсэн” гэсэн. Энэ үед Сайнбаяр эмч хүүхдэд зүрхний массаж хийж байсан, би зүрхийг нь чагнаж байсан. 5-6 удаа массаж хийхэд хүүхдийн зүрх цохилж эхэлсэн. Тэгээд би Алтансувд сувилагчийг “адреналин тариа авчраад 0.1 мл-ыг 10 гр натри хлоридоор шингэлж бэлд” гэж хэлээд хүүхдийн зүрхний цохилтыг чагнаад үзтэл 86-90 удаа бүдгэвтэр, хэвийн хэмжээнээсээ цөөн цохилж байсан учир адреналин тариаг шууд хийж болохгүй байсан. 10 гр-ын тариурт бэлдчихсэн байсан тариаг сувилагчаас “энэ юун тариа вэ” гэж асуухад “25 мл кокорыг 10 гр натри хлоридоор найруулсан байгаа” гэж хэлэхээр нь Сайнбаяр эмч бид хоёр ярилцаж байгаад “кокор тариаг хийчих” гэж сувилагчид хэлсэн. Сувилагч тариаг хүүхдийн уян зүүгээр шахаад 5-6 гр-ыг хийж байтал хүүхдийн царай хөхрөөд зүрх нь буцаад зогсчихоор нь кокорыг гүйцэт шахуулж дуусгалгүйгээр шууд салгуулаад “адреналин тариаг 0.1 мл-ыг хий” гэж хэлсэн. Би энэ үед хүүхдэд зүрхний массаж хийж байсан, Сайнбаяр эмч болохоор өөрөө тэлэгч хүүдий маскаар амьсгалыг нь дэмжиж байсан. Тэгээд зүрх нь цохилохгүй байхаар нь 5 минут орчмын дараа Алтансувд сувилагчид “адреналин тарианы 2 дахь тунг 0.1 мл-ээр 10 гр натри хлоридоор шингэлж хий” гэж хэлээд би өөрөө зүрхний массаж хийсэн. Өрөөнд  Цэндсүрэн сувилагч ороод ирэхээр нь “кордамин тариаг 25 процентын 0.1 мл-аар хүүхдийн булчинд хий” гээд хийлгүүлсэн. Тэгээд зүрх нь орж ирэхгүй байсан учраас Цэндсүрэнд “адреналин тарианы 3 дахь тунг 0.1 мл-ээр 10 гр натри хлоридоор шингэлж хий” гэхэд Цэндсүрэн тарианы тэргэнцэр дээр байсан 100 гр ууттай шингэнийг авч харчихаад буцаад тэргэнцэр дээр тавиад Алтансувдаа натри хлорид чинь хаана байна” гэхэд Алтансувд “наана чинь байгаа” гэж хэлсэн. Цэндсүрэн ямар нэгэн юм хэлэлгүйгээр дуугүй гүйж гараад 100 гр-тай хуванцар савтай натри хлорид авчраад адреналинтай хольж хүүхдэд хийж байхыг би харсан. Сэхээн амьдруулалт 30 минут үргэлжлэхэд хүүхдийн зүрх сэргээгүй. Цэндсүрэнгийн аваад буцааж тавьсан 100 гр-тай ууттай шингэн нь 7.5 проценттой Кали хлорид байхаар нь би авч гараад хүүхдийн өвчний түүхэн дээр бичигдсэн эмчилгээтэй тулгаж үзтэл Кали хлорид тариа хүүхдийн эмчилгээнд байхгүй байхаар нь би Цэндсүрэн сувилагч дээр очоод Кали хлорид тариа хүүхдийн эмчилгээн дээр бичигдээгүй байна ш дээ, яагаад тарианы тэргэнцэр дээр байгаа юм бэ гэж асуутал энэ тэргэнцэрийг хүлээн авахын яаралтай тусламжин дээр хэрэглэдэг юм, урд шөнө хүлээн авахын яаралтай тусламж дээр элэгний өвчтэй хүн ирээд Нацагмаа эмч 10гр Кали хлорид дусалтай надаар хийлгүүлсэн юм. Гэхдээ Кали хлорид үүнээс их байсандаа би 10 гр-ыг нь авч хийгээд үлдснийг нь би тэргэнцэрийн шургуулганд хийчихсэн байсан наад Алтансувд чинь тариа найруулчихсан юм биш биз дээ гэж хэлэхээр нь би Алтансувд сувилагч дээр очоод тарианы тэргэнцэр дээр яагаад Кали хлорид байгаа юм бэ, Цэндсүрэн сувилагчаас асуусан чинь энэ Кали хлоридыг шөнө хэрэглэсэн боловч үүнээс их үлдсэн байсан гэж байна асуутал Алтансувд дуугүй зогсож байгаад сүүлийн Адреналин тариаг найруулчихсан байх гээд сулхан хэлсэн. Алтансувдын Кали хлоридоор Адреналин тариаг найруулсан байхаа гэж хэлэхэд нь би хүүхдэд хийсэн Витамин С, Кокор тариануудыг найруулаад хүүхдийн зүрх зогсчихсон юм биш байгаа даа гэж дотроо бодоод айгаад Сайнбаяр, Ганчимэг эмч хоёртой ярилцаад энэ тариаг буцааж талийгаач хүүхдийн өрөөнд оруулж тавиад шалгуулсан дээр юм байна гээд тариаг өрөөнд оруулах гээд очтол хүүхдийн аав нь өрөөнд оруулахгүй байсан, би 15 минутын дараа Кали хлорид тариаг эмчийн хувцасныхаа халаасанд хийгээд өрөөнд орж зогсоход аав нь намайг гар гэж хэлэхгүй дуугарахгүй байхаар нь би тариаг халааснаасаа гаргаад тарианы тэргэнцэр дээр тавьчихаад гараад явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 79-84-р хуудас/,

 

Шинжээч эмч Ж.Ганцэнгэл мөрдөн байцалтанд мэдүүлэхдээ: Адреналин, аскорбины хүчил, кокорбокилаза, тариануудыг 0,9 процентын натри хлоридоор найруулж хийх ёстой. Кали хлоридоор дээрх тариануудыг найруулж судсаар хийж болохгүй. Зөвхөн 0,9 процентын натри хлоридоор найруулж судсаар хийнэ. Кали хлорид тариаг зүрх судасны үйл ажиллагааг дэмжих зорилгоор хийдэг. Гэхдээ 100 мл, 200 мл-ийн натри хлоридод шингэлж дуслаар хийдэг. Адреналин, кордамин, кокорбокилаза тарианууд нь хүний зүрх судасны үйл ажиллагааг дэмжих үйлчилгээтэй. Аскорбины хүчил тариа нь судасны ханыг бэхжүүлэн, биеийн эсэргүүцэл сайжруулах үйлчилгээтэй...гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 1-2-р хуудас/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хэргийн материалаар хийсэн 1291 дугаартай дүгнэлтэнд:

1.Хохирогч А.Ирмүүний бие цогцост гэмтэл тогтоогдохгүй байна.

2. Хохирогч нь улаан бүрхэн өвчний дараах хүнд зэргийн уушигны үрэвсэл, гуурсан хоолой бөглөрших хам шинж бүхий өвчтэй байжээ.

3. Хохирогч 1-р бүлгийн цустай байна.

4. Хохирогч эмийн хүчтэй харшил, урвалын шоконд орж нас баржээ.

5. Шинжээч эмч С.Одончимэгийн 2016.06.21-ний 937 дугаартай дүгнэлтэнд талийгаач эмийн хүчтэй харшил, урвалын шоконд орж гэнэт нас барсан гэдэгтэй санал нэг байна. Талийгаач нь адреналин, аскорбины хүчил, кокорбокилаза тариаг 7.5 хувийн калийн хлоридын уусмалаар найруулж судсаар хийсэн нь үхэлд хүргэжээ. /хх-ийн 1-р хавтас 113-116-р хуудас/,

 

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын эм, био бэлдмэлийн хяналтын улсын байцаагч Г.Мөнхбатын дүгнэлтэнд “...Шинжилгээнд илрүүлсэн үл мэдэх шингэнийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа, лабораторийн эмийн хяналтын итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлэхэд 2016-1085 дугаар бүхий шинжилгээний дүнгээр кали болон хлоридын таних урвал өгсөн байна. Шинжилгээнд ирүүлсэн үл мэдэх тариуртай шингэн нь /кокарбоксилаз/ химийн шинжилгээгээр кали болон хлоридын таних урвал өгсөн байна. /хх-ийн 1-р хавтас 137-р хуудас/,

 

Эмийн хяналтын итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүн №2016-1085 “тариуртай үл мэдэх шингэн нь химийн шинжилгээгээр кали болон хлоридын таних урвал өгч байна /хх-ийн 1-р хавтас 140-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Цэрэнханд “...Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд түүнчлэн Эрүүгийн хууль болон энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж зааснаар миний үйлчлүүлэгч Ө.Алтансувд энэ гэмт хэргийг үйлдсэн нь эргэлзээтэй байгаа тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн санал гаргаж байгаа боловч хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ө.Алтансувдын гэм буруу нотлогдож байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

 

           Хохирол төлбөрийн талаар:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ариунтөгс нь оршуулгын зардалд 2.472.500 төгрөгийг нэхэмжилсэн ба иргэний хариуцагч Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгээс 1.400.000 төгрөг, шүүгдэгч Ө.Алтансувдаас 1.100.000 төгрөг нийт 2.500.000 төгрөгийг хохирогчид төлсөн болохыг дурдав.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1-т “шүүх анх удаа хүндэвтэр, хүнд гэмт хэрэг үйлдсэн жирэмсэн эмэгтэй, түүнчлэн гурав хүртэлх насны хүүхэдтэй эх буюу ганц бие эсэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлүүлж болно” гэсэн заалт нь төрөөс эх, хүүхдийн эрүүл мэнд, хүүхдийн хэвийн өсөж бойжих эрхийг хангах зорилготой зохицуулалт бөгөөд шүүгдэгч Ө.Алтансувд нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн ба тэрээр одоо жирэмсэн тул түүнд хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Ө.Алтансувд нь гэр бүлийн хүчирхийллийн улмаас насанд хүрээгүй буюу 2009 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн А.Хонгорзул, 2013 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн С.Мөнхзул нарын хамт амьдарч байгаа хувийн байдлыг түүнд ял оногдуулахдаа харгалзан үзсэн болно.

 

Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 5 граммын шприц, аскорбины хүчил гэх тариа, 10 граммын шприц, адреналин гэх тарианы хамт, дексаметазон гэх тариа, 10 граммын шприцын хамт, кальц хлорид гэх тариа шприцын хамт, зифотаксим гэх тариа шприцын хамт, эмийн хуудас 1 ширхэг, линекс гэх нэртэй эм, лаа зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, эрүүл мэндийн дэвтэр 1 ширхэгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ариунтөгст буцаан олгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 295, 296, 297, 301 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Хаад боржигин овогт Өлзийдоржийн Алтансувдыг өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас өвчтөн нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар Ө.Алтансувдыг эмчилгээ хийх албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг 2 /хоёр/ жилээр хасч, 2 жил /хоёр жил/ хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Ө.Алтансувдад оногдуулсан 2 жилийн /хоёр жил/ хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1-т зааснаар Ө.Алтансувдад 2 жилийн /хоёр жил/ хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулж, түүнд хяналт тавихыг Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.2-т зааснаар шүүгдэгч Ө.Алтансувд нь хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийсэн тохиолдолд хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэх тухай захирамж гаргахыг Ө.Алтансувдад танилцуулсугай.

 

6. Шүүгдэгч Ө.Алтансувд нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шүүгдэгч Ө.Алтансувдаас 1.100.000 төгрөг, иргэний хариуцагч Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгээс 1.400.000 төгрөгийг тус тус хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ариунтөгст төлсөн ба шүүгдэгч Ө.Алтансувд, иргэний хариуцагч  нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3, 88.1.7-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 5 граммын шприц, аскорбины хүчил гэх тариа, 10 граммын шприц, адреналин гэх тарианы хамт, дексаметазон гэх тариа, 10 граммын шприцын хамт, кальц хлорид гэх тариа шприцын хамт, зифотаксим гэх тариа шприцын хамт, эмийн хуудас 1 ширхэг, линекс гэх нэртэй эм, лаа зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, эрүүл мэндийн дэвтэр 1 ширхэгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ариунтөгст буцаан олгосугай.

 

9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл, иргэний хариуцагч нь тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт тус тус тогтоолыг гардуулснаас хойш гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд уг тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Алтансувдад авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Х.ОДБАЯР