Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 87

 

 Ө.Алтансувдад холбогдох эрүүгийн

        хэргийн тухай

           Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Гансүх, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: 

прокурор Л.Цэндсүрэн,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ариунтөгс,

шүүгдэгч Ө.Алтансувдын өмгөөлөгч Д.Цэрэнханд,

нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулж,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 09 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч улсын яллагч Г.Мөнхбаярын бичсэн эсэргүүцлээр Ө.Алтансувдад холбогдох эрүүгийн 201626030745 дугаартай хэргийг 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв. 

Хаад боржигин овогт Өлзийдоржийн Алтансувд, 1983 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, асаргаа сувилгааны арга зүйч мэргэжилтэй, Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэгт эрчимт эмчилгээний сувилагч ажилтай, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 11-348 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ВЮ 83090521/,

Ө.Алтансувд нь 2016 оны 5 дугаар сарын 4-ний өдөр Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасгийн сувилагчаар ажиллаж байхдаа тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 1 сар, 15 хоногтой, эрэгтэй, А.Ирмүүний эмчилгээний хуудсан дээрх аскорбины хүчил, кокорбоксилаза тариануудыг 0.9 хувийн натрихлоридын уусмалаар найруулж, өвчтөнд тарих ёстой атал 7.5 хувийн калихлоридын уусмалаар найруулан судсаар хийж, Монгол улсын MNS 4621:2008 стандартыг зөрчиж, өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас А.Ирмүүн нь эмийн хүчтэй харшил урвалын шоконд орж гэнэт нас барсан гэмт хэрэгт холбогджээ.

            Хан-Уул дүүргийн прокурорын газар: Ө.Алтансувдын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: 2016 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэлд “... Ө.Алтансувд эдгээр аппаратыг хэрэглэсэн гэж заагаад өрөөний зүүн урд байрлах цагаан өнгийн тавиур дээр нас барсан хүүхдэд хийсэн тарианууд байгаа гэж заах бөгөөд 5 граммын тариураар аскорбины хүчил тарьсан гэх тариур, үүний дараа адреналин гэх тариа 10 граммын тариураар тарьсан гэх тариур болон тариаг, үүний дараа кокор гэх тариаг 10 граммын тариураар хийсэн гэх бөгөөд дексаметазон гэх тариаг 10 граммын тариураар тарьсан гэх бөгөөд тариа болон тариурыг эд мөрийн баримтаар хураан авав. Үүний дараа Б.Цэндсүрэн гэж өөрийгөө танилцуулсан сувилагч адреналин гэх тариаг 10 граммын тариураар хийсэн гэх ба кордамин гэх тариа 0.1 граммаар 3 граммын тариураар шахаж байгаад больсон гэх тариануудыг хоёр удаа хийсэн, кальц хлорид гэх тариа 20 граммаар шингэлээд 20 граммын тариураар шахаж байгаад больсон гэх тариануудыг тариурын хамт эд мөрийн баримтаар хураан авав. Мөн дээрх сувилагч зифотаксим гэх тариаг өглөө 05 цаг 30 минутын орчим хийсэн...”, 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Эм тарианд үзлэг хийсэн тэмдэглэлд “...10 граммын тариурт юу нь үл мэдэгдэх 3 грамм шар өнгийн шингэн зүйл байна. 25 граммын 2 ширхэг тариурт 21 мл, 14 мл юу нь үл мэдэгдэх цагаан өнгийн шингэн зүйл байна...” гэжээ. Дээрх хэргийн газрын үзлэгээр илэрсэн тариуртай шингэн зүйлс нь эрүүгийн хэргийн хамт хадгалах нөхцөлгүй бөгөөд шинж чанараа амархан алдах, шингэн зүйлс нь асгарах, уурших зэргээр устаж үгүй болж болзошгүй байхад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 86 дугаар зүйлийн 86.3 дахь хэсэгт заасны дагуу бэхжүүлж, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шинжилгээний байгууллагад хадгалуулах ажиллагаа хийгээгүй. Мөн эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоолыг 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 93 дугаар зүйлийг зөрчсөн байна.

Эм зүйч Г.Мөнхбатын 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр гаргасан шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1, 162 дугаар зүйлийн 162.2, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйл, 18 дугаар зүйлд заасан Шинжээчийн дүгнэлтийн агуулгад тусгагдвал зохих зүйлийг тусгаагүй. Мөн шинжилгээнд 10 граммын тариуртай 1.8 грамм өнгөгүй шингэн зүйлийг шинжилгээнд хүргүүлсэн талаар 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн Шинжилгээ хийлгэх тогтоолд бичигджээ. Шинжээч Г.Мөнхбат нь дүгнэлтдээ: “шинжилгээнд ирүүлсэн өнгөгүй шингэн, тариуртай шингэн нь химийн шинжилгээгээр кали болон хлоридын таних урвал өгсөн байна” жич: лабораторийн шинжилгээний хариу, дээж авсан улсын байцаагчийн актыг хавсралтаар хүргүүлэв гэжээ. Гэтэл эмийн хяналтын итгэмжлэгдсэн лабораторын шинжилгээний дүн “дугаар 2016-1085 сүрлэг шар өнгөтэй, нүдэнд харагдахуйц хүрэн бор тунадастай шингэн тариуртай үл мэдэх шингэн нь химийн шинжилгээгээр кали болон хлоридын таних урвал өгч байна” гэжээ. Шинжээчийн дүгнэлтэд бичигдсэн шинжилж буй объектын шинж чанар нь лабораторын шинжилгээний дүнд бичигдсэн объектын шинж чанар нь лабораторын шинжилгээний дүнд бичигдсэн объектын шинж чанартай тохирохгүй байна. Иймд эм зүйч Г.Мөнхбатын 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн байцаан шийтгэх хууль болон Шүүхийн шинжилгээний тухай хуулийг зөрчсөн тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Түүнчлэн шинжээч Г.Мөнхбат нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан шинжээчийн үйл ажиллагаанд хориглосон үйл ажиллагаа явуулсан. Тухайлбал, шинжээч Г.Мөнхбат нь Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгээс кали хлорид, натри хлорид 0.9 хувийг авч шинжилгээ хийсэн. Шинжилгээ хийлгэх тоогтоолын хамт хүргүүлсэн 10 граммын тариуртай 1.8 грамм шингэнд шинжилгээ хийсний дараа тариурыг мөрдөн байцаагчид мэдэгдэлгүйгээр устгасан нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4 “шинжилгээ хийхийн тулд өөрийн санаачлагаар баримт материал цуглуулах”, 15.1.6 “шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдэд мэдэгдэлгүйгээр шинжилгээний объектыг гэмтээх, устгах” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна. Иймд Эмийн хяналтын итгэмжлэгдсэн лабораторын шинжилгээний дүн: 2016-1085 дугаар дүгнэлтэд үндэслэн дахин шинжээч томилж, дүгнэлт гаргуулах боломжтой эсэх,

Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 1291 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...талийгаач нь адреналин, аскорбины хүчил, кокорбоксилаза тариаг 7.5 хувийн калийн хлоридын уусмалаар найруулж судсаар хийсэн нь үхэлд хүргэжээ...” гэх дүгнэлтийг эм зүйч Г.Мөнхбатын 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн дүгнэлтийг үндэслэж гаргасан талаар шинжээч Х.Даариймаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байна. Мөн ЭХЭМҮТ-ийн АЭЭСТ-ийн эрхлэгч, их эмч О.Солонгын дүгнэлт гэх, ЭМЯ-ны Хүүхдийн анагаахын мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүн З.Гэрэлмаагийн гаргасан шинжээчийн дүгнэлтүүд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1, 162 дугаар зүйлийн 162.2, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйл, 18 дугаар зүйлд заасан Шинжээчийн дүгнэлтийн агуулгад тусгагдвал зохих зүйлийг тусгаагүй, хуульд заасан шаардлага хангаагүй байна. Түүнчлэн ЭМЯ-ны Хүүхдийн анагаахын салбар зөвлөлийн З.Гэрэлмаагийн гаргасан шинжээчийн дүгнэлтийн 7 дахь хэсэгт “...хүүхэд эмийн бодисын нөлөөгөөр нас барсан нь тодорхой байна. Гэхдээ адреналин хэт өндөр тунгаар хийснээс шоконд орж нас барсан гэсэн дүгнэлттэй санал нийлэхгүй байна...” гэж шинжээч эмч С.Одончимэгийн дүгнэлтийг үгүйсгэсэн байхад Хэргийн материалаар давтан гаргасан шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн №1291 дугаар бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтэд шинжээч эмч С.Одончимэгийн гаргасан 937 дугаартай дүгнэлтийг 7 дахь хэсэгт “тухайн үед хийгдсэн гэх Адреналин тариаг хэт өндөр тунгаар хийсэн байна” гэх дүгнэлтэд дүгнэлт өгөөгүй орхигдуулсан. Иймд хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн №1291 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт нь дээрх хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй эм зүйч Г.Мөнхбатын гаргасан шинжээчийн дүгнэлтийг үндэслэсэн, мөн урьд гаргасан 937 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй эсэх талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байх тул 1291 дугаартай шинжээчийн дүгнэлтийг эргэлзээ бүхий гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд амь хохирогч А.Ирмүүн нь ямар төрлийн эмийн урвал шокийн улмаас нас барсан болохыг эд эсийн шинжилгээгээр тогтоох боломжтой эсэх, хийгдэж байсан эмчилгээ оношлогоо, сэхээн амьдруулах үйл ажиллагаа зохих стандартын дагуу хийгдсэн эсэхийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч болон эм зүй, эмгэг судлал, хүүхдийн мэргэжлийн салбар зөвлөлийн зэрэг нарийн мэргэшсэн бүрэлдэхүүнтэй шинжээч томилж, дүгнэлт гаргуулах нь зүйтэй байна.

Амь хохирогч А.Ирмүүн нь Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэгт 2016 оны 5 дугаар сарын 8-ны өдөр хэвтэж, эмчлүүлж байхдаа 2016 оны 5 дугаар сарын 14-ний өдөр нас барсан ба яллагдагч Ө.Алтансувд нь тус эмнэлэгт хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэмт хэрэгт холбогдсон байхад Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар иргэний хариуцагчаар татаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ариунтөгсийн нэхэмжлэлийг танилцуулах ажиллагааг хийгээгүй байна. Иймд шүүгчдэгч Ө.Алтансувдад холбогдох 201626030745 дугаартай эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Хан-Уул дүүргийн Прокурорын газарт буцааж, түүнд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорт очтол хэвээр үлдээж шийдвэрлэжээ. 

            Прокурор Г.Мөнхбаяр бичсэн эсэргүүцэлдээ: “... Хэргийн газрын үзлэгээр илэрсэн тариа, тариурыг эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргасан ажиллагаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 93 дугаар зүйлийн заалтыг зөрчсөн гэж шүүх үзэж байгаа боловч хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн хэргийг шийдвэрлэхэд нөлөөлөхгүй юм. Шинжээч эмч Г.Мөнхбат нь дүгнэлт гаргахдаа /захирамжинд зааснаар/ Эрүүгийн байцаан шийтгэх хууль болон Шүүхийн шинжилгээний хууль тогтоомж зөрчсөн гэх боловч, 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 1291 дүгээр дүгнэлт нь яллагдагч Ө.Алтансувдын гэм бурууг тогтооход ач холбогдол бүхий нотлох баримт бөгөөд дахин шинжээч томилж дүгнэлт гаргуулах дээж буюу /объект/ байхгүй болох нь хэрэгт тодорхой тусгагдсан. Хэрэгт цугларсан хохирогч Б.Ариунтөгсийн “...мөрдөн байцаагч залуу Ө.Алтансувд сувилагчаас энэ тариаг хийсэн үү гэж асуухад Ө.Алтансувд хийгээгүй гэхээр нь хурааж авалгүй үлдээсэн юм. Би юмыг яаж мэдэх вэ гээд тарианы нэрийг хартал 7.5 гэсэн тоотой Калихлорид гэсэн тариа байсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.Цэндсүрэнгийн “...би Ө.Алтансувд сувилагчтай ээлж солигдох үед тэргэнцэр дээр натри хлорид байхгүй байсан ба миний урд шөнө нь хэрэглэсэн натри хлорид дуусчихсан байсан. Харин кали хлорид тариа 90 грамм үлдсэн байсныг тэргэнцэрийн шургуулганд хийгээд Ө.Алтансувдад тэргэнцэрээ өгсөн. Би Ө.Алтансувдад тэргэнцэрийг хүлээлгэж өгөхдөө калихлоридыг тэргэнцэрийн шургуулганд далд хийж өгсөн. Кали хлорид тариаг өмнөх өдөр нь 20 цагийн орчим хийсэн учраас өглөө нь би устгаагүй, тарианаас 10 граммыг аваад 90 грамм буюу их хэмжээтэй үлдсэн учраас Ө.Алтансувдын ээлжин дээр калихлорид тариаг хийх шаардлага гарч магадгүй гэж бодоод устгаагүй юм...” гэх мэдүүлэг, гэрч Л.Сайнбаярын “... Нарангэрэл эмч тарианы тэргэнцэр дээр 7.5 проценттой калихлорид тариа байхаар нь авч гараад Ганчимэг эмч бид 3 Цэндсүрэн сувилагчаас 7.5 проценттой калихлорид тариа ямар учиртай тэргэнцэр дээр гараад ирсэн юм бэ гэж асуухад “урд шөнө нь том хүн хүлээн авах дээр ирээд калихлорид хийсэн юм. Гэхдээ ийм жаахан үлдээгүй дээ” гэж хэлэхээр нь бид гурав Ө.Алтансувд сувилагчаас “энэ ямар учиртай юм бэ. Чи тариануудаа энүүгээр найруулаагүй биз дээ, натрихлорид чинь хаана  байна, Цэндсүрэн натрихлорид байхгүй байна гээд гарч гүйгээд шинээр авч ирээ биз дээ” гээд калихлоридыг харуулсан чинь Ө.Алтансувд сувилагч “би сүүлийн тариаг найруулсан байх, натрихлорид цонхон дээр байсан” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч Ч.Мөнгөнтуяагийн “...Энэ үед Ө.Алтансувд сувилагчийн бэлдчихсэн байсан тариаг Нарангэрэл эмч асуутал сувилагч кокор гэж хариулсан. Нарангэрэл эмч наадахаа хийчих гээд миний хүүгийн уян зүүнд кокор тариаг хийгээд, дөнгөж эхний 2-3 граммыг шахаж байхад дахин царай нь хөхрөөд зүрх нь зогсчихсон. Хүүд маань урд өдрүүдэд витамин С тариа, кокор тариануудыг хийж байхад хүндрэл ерөөсөө болоогүй, манай хүү хэвийн байсан. Тэгээд Ө.Алтансувд сувилагчийн найруулаад бэлдчихсэн байсан кокор тариаг 2-3 граммыг шахаж байхад буцаад хүүгийн минь царай хөхрөөд уйлахаа болиод зүрх нь зогссон...” гэх мэдүүлэг, 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын эм, био бэлдмэлийн хяналтын улсын байцаагч Г.Мөнхбатын хийсэн “... шинжилгээнд ирүүлсэн үл мэдэх шингэнийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа, лабораторийн эмийн хяналтын итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлэхэд 2016-1085 дугаар бүхий шинжилгээний дүнгээр кали болон хлоридын таних урвал өгсөн байна...” гэх дүгнэлт, Эмийн хяналтын итгэмжлэгдсэн лабораторын шинжилгээний дүн 2016-1085, гэрч Г.Цэцэгсүрэнгийн “... 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн чанарын албаны хурал дээр А.Ирмүүн нас барсан асуудлаар ярьж, нас барсан шалтгааныг нь тухайн өдөр жижүүрт гарсан эмч, сувилагч нараас асуусан. Кали хлорид тарианы талаар эхлээд яриагүй, хурлын сүүлд тарианы тэргэнцэр дээр эм, тариаг бүгдийг нь цэвэрлэж, дараагийн сувилагчид хүлээлгэн өгсөн талаар асуухад Ө.Алтансувд сувилагч тэргэнцэрийн шургуулганд кали хлорид байсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг болон гэрч Д.Нарангэрэлийн мэдүүлэг болон 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 937 дугаартай Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн дүгнэлтээр “А.Ирмүүний бие цогцост хийгдсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр дотор эрхтнүүдэд үхэлд хүргэх гэмтэл тогтоогдохгүй байна. А.Ирмүүн нь эмийн хүчтэй харшил, урвалын шоконд орж гэнэт нас баржээ. А.Ирмүүн нь анх хэвтэж эмчлүүлсэн онош зөв тавигдсан бөгөөд уушгины хатгалгаа өвчний эмчилгээ зохих ёсоор явагдаж байжээ. А.Ирмүүний биед нас барахын өмнө хийгдсэн эмийн бодист хүчтэй харшил өгч шокийн байдалд орсон шинж илэрч байна...” гэх дүгнэлт, 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 1291 дугаар хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн дүгнэлтээр “Хохирогч нь эмийн хүчтэй харшил, урвалын шоконд орж нас баржээ. Шинжээч эмч С.Одончимэгийн 2016 оны 6 дугаар сарын 21-ний 937 дугаар дүгнэлтэд талийгаач эмийн хүчтэй харшил, урвалын шоконд орж гэнэт нас барсан гэдэгтэй санал нэг байна.

Талийгаач нь адреналин, аскорбины хүчил, кокорбоксилаза тариаг 7.5 хувийн калийн хлоридын уусмалаар найруулж, судсаар хийсэн нь үхэлд хүргэжээ. Шинжээч эмч Т.Амартүвшин, Ж.Ганцэнгэл, Эрүүл мэндийн яамны эм зүй, эм судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүн, эм зүйн ухааны доктор Х.Даариймаагийн дүгнэлт, Шинжээч эмч Ж.Ганцэнгэлийн мэдүүлэг, мөн шинжээч Х.Даариймаа нь шүүхийн хэлэлцүүлэгт “...би хавтаст хэргийн материалтай бүрэн танилцаж дүгнэлтээ гаргасан. Калихлорид, натрихлоридуудыг 100 грамм болон 500 граммын савалгаатай байдаг. Энэ хоёрыг гаднаас нь харахад савалгаа дээрх үсэгний өнгөөрөө ялгаатай. Мэргэжлийн хяналтын олон улсын лаборатороор тариурт байсан шингэнээр шинжилгээ хийлгэхэд кали ёон болон хлори ёон илэрсэн. Тиймээс калихлоридоор тариа найруулсан гэх дүгнэлт гаргасан. Харин натри ёон илрээгүй...” гэх мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдсон атал шүүх дээрх нотлох баримтуудыг хэрхэн үгүйсгэсэн нь ойлгомжгүй, дүгнэлт өгөөгүй байна. Мөн амь хохирогч А.Ирмүүнд хийсэн эмчилгээ, оношлогоо, сэхээн амьдруулах үйл ажиллагаа зохих стандартын дагуу хийгдсэн байна хэмээн шинжээч эмч С.Чулуунсүхийн дүгнэлт /хүүхдийн нярайн карт, өсөлт хөгжилтийн бүртгэлийн дэвтэр, өвчний түүх, эмчилгээ бичсэн хуудас/, мөн О.Солонго, З.Гэрэлмаа нарын дүгнэлт, шинжээч эмч С.Одончимэгийн 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 937 дугаартай дүгнэлт зэргээр хангалттай тогтоогдсон. Гэтэл шүүх ямар үндэслэлээр эмчилгээ, оношлогоо, сэхээн амьдруулах үйл ажиллагаа зохих стандартын дагуу хийгдсэн эсэхэд эргэлзээ төрсөн болох, энэ талаараа тодорхой тайлбарлаагүй, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан нь ойлгомжгүй байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт зааснаар иргэний хариуцагчаар татах тухай хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана гэж заасан байна. Гэтэл шүүх энэ эрхээ хэрэгжүүлэлгүйгээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, хэрэгт авагдсан бусад нотлох баримтад тулгуурлалгүйгээр хэт нэг талыг барьсан нь буруу гэж үзэж байна. Иймд Ө.Алтансувдын үйлдсэн гэмт үйлдэл нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон, мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг бүрэн шалгаж тогтоосон тул Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 09 дүгээр захирамжийг хүчингүй болгож өгнө үү...” гэжээ.

Прокурор Л.Цэндсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хэргийн газрын үзлэгээр хурааж авсан эд зүйлийг гэрэл зургийн аргаар бэхжүүлж авсан ба тэмдэглэл үйлдсэн. Гэтэл шүүх үүнийг шүүхийн шинжилгээний байгууллагад хүргүүлж хадгалуулах ажиллагааг хийгээгүй гэж захирамжинд дурдсан. Гэтэл эдгээр шингэн зүйлсийг шинжилгээний байгууллагад шинжээчийн дүгнэлт гаргуулахаар хүргүүлсэн байдаг. Тийм учраас энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 86 дугаар зүйлд заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм. Мөн мөрдөн байцаагч нь 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр эд мөрийн баримтаар тооцох тогтоол үйлдсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 93 дугаар зүйлд заасан нотлох баримтыг бэхжүүлэх үйл ажиллагааг зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй. Шинжээч Г.Мөнхбатын дүгнэлтэд өнгөгүй шингэн зүйл гэдэг. Гэтэл 2016-1085 дугаартай шинжээчийн дүгнэлтэд сүрлэг шар өнгөтэй, нүдэнд харагдахуйц бор тунадастай шингэн гэсэн байгаа. Шинжээч Г.Мөнхбатын дүгнэлт болон 2016-1085 дугаартай дүгнэлтүүдээр кали болон хлоридын таних урвал өгч байна гэсэн нэгдмэл нэг дүгнэлт гаргасан байна. Анхан шатны шүүхийн нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан захирамжинд Г.Мөнхбатын объектыг өнгөгүй шингэн зүйл гэсэн боловч мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан нотлох баримтууд дээр үл мэдэг шингэн гэсэн байгаа. Мэргэжлийн лобаротари шинжилгээ хийж дүгнэлт гаргасан байгаа. О.Солонго, З.Гэрэлмаа нарын дүгнэлт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн гэж шүүх үзсэн боловч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 159, 160, 162 дугаар зүйлүүдэд зааснаар хэрхэн, яаж зөрчсөн болох нь шүүгчийн захирамжинд тусгагдаагүй. Шинжээч эмч шүүх эмнэлгийн задлан шинжилгээний дүнг үндэслэж адреналин тариаг хэт өндөр тунгаар хийсэн гэж үзсэн гэдэг. Адреналин гэх тариаг талийгаачийг амьд байхад 1 удаа хийсэн. Дараа нь энэ тариаг дахин хийсэн гэдгээ сувилагч, эмч нар бүгд хэлдэг. Гэтэл адреналин гэх тариаг нас барсны дараа хийсэн нь цогцост шингэх үндэслэл болохгүй. Өөрөөр хэлбэл энэ тариа бие махбодид нь шингэхгүй. Ийм учраас хэт өндөр тунгаар тус тариаг хийсэн гэж үзэж болохгүй. Харин задлан шинжилгээний явцад адреналин тариа цогцост шингээгүй учир яг тэр тунгаараа гарч ирнэ. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт зааснаар шүүх бүрэн эрхийнхээ хүрээнд Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийг иргэний хариуцагчаар татах боломжтой. Шинжээчийн 2016-1085 дугаар дүгнэлт, шинжээч Г.Мөнхбатын дүгнэлт, мөн шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 937 дугаар дүгнэлт, 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 1291 дугаартай хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргүүдээр талийгаач нь аскорбины хүчил, кокорбоксилаза, адреналин зэрэг тариаг 7.5 хувийн кали хлоридын уусмалаар найруулж, судсаар хийсэн нь үхэлд хүргэжээ. Мөн ЭМЯ-ны эм зүй, эм судлалын салбар зөвлөлийн гишүүн, Эм зүйн ухааны доктор Х.Даариймаа нь “ натри хлорид, кали хлорид тарианууд нь 500 грамм, 100 граммын савалгаатай байдаг ба гаднаас нь харахад үсэгний өнгөөрөө ялгаатай. Гэхдээ мэргэжлийн хяналтын улсын лабораторид тариурт байсан шингэнээр шинжилгээ хийлгэхэд кали ёон болон хлори ёон илэрсэн. Тиймээс кали хлоридооор тариа найруулжээ гэсэн дүгнэлт гаргасан. Харин натри ёон илрээгүй гэсэн байдаг. Эсэргүүцлээ дэмжиж байна...” гэв.

Шүүгдэгч Ө.Алтансувдын өмгөөлөгч Д.Цэрэнханд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “... Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 09 дүгээр шүүгчийн захирамж үндэслэлтэй гарсан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Тус захирамжинд заагдсан ажиллагаануудыг мөрдөн байцаалтын ажиллагаагаар тогтоох шаардлагатай, шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзсэн нь үндэслэлтэй. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Ө.Алтансувдын гэм буруутай нь хангалттай нотлогдсон гэж үзэх боломжгүй. Яагаад гэвэл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлд нотлох баримтыг заасан байдаг. Шүүгдэгчийн гэм бурууг эцэслэн шийдвэрлэхэд зөвхөн нотлох баримтад үндэслэсэн байх ёстой ба нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны тулгуур асуудал байх ёстой. Хуульд заасан үнэн зөв, бодитой тогтоосон нотлох баримтад тулгуурласан байвал зохино гээд заагаад өгсөн байдаг. Тиймээс өнөөдөр хавтаст хэрэгт цугларсан баримтуудаар энэ хэргийг шийдвэрлэх боломжгүй. Иймд шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ариунтөгс тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “... Прокурорын саналыг дэмжиж байна ...” гэв.

ХЯНАВАЛ:

Шүүгдэгч Ө.Алтансувдад холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 09 дүгээр шүүгчийн захирамж нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “Шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Ө.Алтансувд нь 2016 оны 5 дугаар сарын 4-ний өдөр Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасгийн сувилагчаар ажиллаж байхдаа тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 1 сар, 15 хоногтой, эрэгтэй, А.Ирмүүний эмчилгээний хуудсан дээрх аскорбины хүчил, кокорбоксилаза тариануудыг 0.9 хувийн натрихлоридын уусмалаар найруулж, өвчтөнд тарих ёстой атал 7.5 хувийн калихлоридын уусмалаар найруулан судсаар хийж, Монгол улсын MNS 4621:2008 стандартыг зөрчиж, өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас А.Ирмүүн нь эмийн хүчтэй харшил урвалын шоконд орж гэнэт нас барсан гэмт хэрэгт холбогдсон байх бөгөөд   уг хэрэгт мөрдөн байцаалтын шатанд шалгавал зохих ажиллагаануудыг бүрэн шалгасан байна. 

Харин мөрдөн байцаалтын шатанд Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийг иргэний хариуцагчаар татах ажиллагааг хийгээгүй байх ба Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт “Иргэний хариуцагчаар татах тухай шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана” гэж заасны дагуу шүүхийн шатанд тус эмнэлгийг энэ хэрэгт иргэний хариуцагчаар татах боломжтой.

Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсгийн “...шүүгдэгчийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдана...” гэсэн заалтын дагуу Ө.Алтансувдад холбогдох хэргийг хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокуророос үйлдсэн яллах дүгнэлтийн хүрээнд эрх зүйн дүгнэлт өгч, эцэслэн шийдвэрлэх боломжтой байх тул улсын яллагч Г.Мөнхбаярын бичсэн 2017 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 04 дугаартай эсэргүүцлийг хүлээн авч, хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:          

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 09 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Ө.Алтансувдад холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хянан хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцаасугай.

2. Ө.Алтансувдад авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг шүүхэд очтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Энэ магадлалд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Ш.БАТ-ЭРДЭНЭ

                            ШҮҮГЧИД                                             Д.ГАНСҮХ   

                                                                                          Д.ОЮУНЧУЛУУН